ЗОХИОЛЧ, УТГА ЗОХИОЛ СУДЛААЧ П.БАТХУЯГ

 

Энэ удаагийн “Би номын сантайгаа” буланд зохиолч, Утга зохиол судлаач П.Батхуяг зочноор оролцлоо.

Та номын сандаа хэдэн номтой вэ?
Яг нарийн тоолж байсангүй. Барагцаагаар бодвол 5000 орчим болох болов уу.

Ямар төрлийн номыг голчлон уншдаг вэ?  

Номын сангийн минь 90 гаруй хувь нь уран зохиолын ном. Тэр дундаа гадаадын уран зохиолын орчуулга, орос хэл дээрх уран зохиолын түүвэр ботиуд их бий. Сүүлийн үед англи хэлээр ойр зуур гадарладаг болсон болохоор англи хэлээр хэвлэгдсэн уран зохиолын онол, судалгааны номууд, театр, киноны онолын номуудыг нэлээд уншиж байна.

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?   

Хэдэн жилийн өмнө тэрний энэ номыг уншина, энэ зохиолчийн тийм ном уншина гэж өөртөө зорилго тавиад, уншдаг байлаа. Сонголтоо зорьж хийдэг байсан үеэ бодвол одоо ихэвчлэн санамсаргүй сонгосноо уншдаг болсон. Номын санд ч юм уу эсвэл номын худалдаагаар, бэлгэнд болон бусад шугамаар олж авсан номуудаас л сонгоод байгаа шүү дээ.

Шинэ номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?  

Би чинь бараг л номын мэдээлэл дунд амьдардаг хүн шүү дээ. Эргэн тойронд минь азаар дандаа л номоор хүрээлүүлсэн хүмүүс амьдарч байна. Хүүхдүүдийн ярьдгаар ёстой азны юм байхгүй юу. Найз нөхөд, дүү нар бүгд л ном ярина. Тэднээсээ мэдээлэл авна. Интернет гэж эх сурвалж байна. Бас номоос ном олно. Номын дэлгүүр, номын сан гээд л мэдээлэл хаа очиж хангалттай болжээ.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?   

Яг одоо миний ширээн дээр гурван ном байна.  Яруу найрагч С.Ууганбаярын “Алаг толгодын хууч” нийтлэлийн ном, сэтгүүлч Сүхдорж гуайн “Аян замын тэмдэглэл", мөн “Театр ба шинэ үе” гэдэг цувралын 2016 оны сүүлийн дугаарыг захиалж  авсан маань байна. Эдгээрийг л уншиж байна даа.


 
Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?                       

Зохиолчдын номын сантай адил ихэвчлэн дэлхийн уран зохиолын болоод, монгол хэлт уран зохиолын бүтээлүүдээс миний номын сан бүрддэг. Номын санд маань орчуулгын уран зохиолын хамгийн сайн орчуулагдсан гэж үнэлэгддэг, мөн зохиолчид болоод бусад судлаачдын з ам сайтай байдаг орчуулгын номууд байдаг. Ер нь сайн орчуулгатай номуудыг хуйгаар нь цуглуулъя гэсэн зорилго тавиад байгаа. Магадгүй 1940-өөд оноос хойш монгол хэлнээ орчуулагдсан шилдэг номуудын орчуулга байдгаараа онцлог юм уу даа. Номын санд минь дэлхийн сонгодог яруу найргийн орчуулгын бүтээлүүд бараг 100 хувь цугларсан  гэж хэлбэл учир дутагдалтай, гэхдээ 90 орчим хувь нь бий. Үүгээрээ онцлог байх гэж бодож байна.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?   

Ном бүхэн нандин, ном болгон өөрийн гэсэн дурсамжтай, дурсгалтай, үнэ цэнэтэй байдаг. Дурсгалтай ном гэвэл номын худалдаанаас олж авсан 1839 онд Санкт Петербург хотноо хэвлэгдсэн “Шекспирийн жүжгийн зохиолуудын тухай” хуучны ном бий. Энэ ном магадгүй миний номын сан дахь  хамгийн эртний ном байх. Мөн 1870-аад оны үед Эрхүү орчимд хэвлэгдсэн Библи байдаг. Гэхдээ би энэ Библийг үнэ цэнэтэй ном гэж үзэхээс илүүтэй эртний хуучин ном гэдэг талаас нь цуглуулгадаа авчихсан. Жаахан гайхуулж ярихад орос хэл дээр  хэвлэгдсэн Анатол Франсын бүх ном бий. Эдгээр  номуудыг хайж явж, хаана, хэдэн удаа, яаж  хэвлэгдсэн, ямар хэвлэлийн газраас хэвлэн гаргасан зэргийг зорилготойгоор судалж цуглуулсан юм.


 
Хамгийн сүүлд та ямар ном худалдаж авсан бэ?

Би уржигдар интерном номын дэлгүүрээр орж археологийн түүхийн судалгааны ном худалдаж авсан. Энэ нь 2016 онд гарсан Хүннүгийн түүхтэй холбоотой, археологийн дурсгалуудын зурагт ном юм.

 Танд ном яг юу өгдөг вэ?

Би эрх чөлөөг номоос мэдрэхийг хүсдэг. Хүн төрөлхтний оюун санааны түүхэнд бүтээгдсэн үнэт өв ном гээч зүйлийн төрүүлдэг хамгийн чухал мэдрэмж бол эрх чөлөө. Зохиолч өөрийнхөө эрх чөлөөг мэдрэхийн тулд л номоо бичдэг байх. Тэгэхээр ном бичнэ гэдэг эрх чөлөөтэй хүний ажил байх гэсэн сэтгэгдэл төрдөг. Хэний ч бичсэн номоос сайн, муу, сайхан, муухай гэдэг нийтийн үнэлэмж ямар байх нь хамаагүй тэр номыг уншаад тухайн зохиолчийн оюун санааны эрх чөлөөг мэдрэхийг хамгийн түрүүнд чухалчилдаг.

Би сүүлийн үед хэд хэдэн ном, соёлын хүрээний асуудалд шүүмжлэлтэй хандаад байгаа шүү дээ. Зохиолчид ном уншихгүй байгаа нь маш том эмгэнэл гэж үздэг. Хэвлэсэн номыг зохиогчоос нь нэхэж авах мөртлөө, огт нээж харахгүй байгаад зохиолчид оюун санааны хувьд урагшлахгүй байгаагийн илрэл юм. Тийм учраас би зохиолчдод “Нэхэж авсан бол нээж уншицгаая” гэдэг уриалга гаргасан. Тэр  уриалгын  дагуу энэ жилийн хувьд Монголд гарсан зохиолчдын бүтээлүүдийг нэг бүрчлэн уншиж үзье гэсэн том зорилго тавиад байна. Учир нь би  “2017 он ба Монголын утга зохиол” гэдэг том өгүүлэл бичих санаатай байгаа юм. Тэр үгүүлэлд  Монголын утга зохиолд 2017 онд гарсан бүх номуудад судлаачийн байр суурь, утга зохиолын шүүмжлэгчийнхээ үүднээс  үнэлэлт дүгнэлт, задлал шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэр утгаараа бие даасан өвөрмөц бичлэгтэй ном болох юм. Номоо бичихийн тулд энэ оноос эхлээд надад бэлэглэсэн, би өөрөө сонирхож худалдаж авсан бүтээлүүдийг унших ажилдаа ороод байна.

Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?  

Би залуудаа нэг номыг маш олон дахин уншдаг байсан. Тэр дундаа оросын нисэх онгоцны загвар зохион бүтээгч А.С.Яковлевын “Амьд явахын хүслэн” гэдэг ном миний хүүхэд байхаасаа унших дуртай номын нэг. Энэ номоос би зорилготой байхын утга учрыг мэдэрдэг. "Амьд явахын хүслэн" номонд арван хэдхэн наснаасаа эхлээд өөрийнхөө амьдралын бүх өдөр хоног, цаг хугацааг өөрийн гэсэн онгоцны загвар хийнэ гэсэн хүсэл мөрөөдөлдөө зориулж, амжилтын оргилд хүрсэн хүний тухай өгүүлдэг. Сүүлдээ нэг номыг олон дахин уншихаас илүү энэ номыг яаж бичиж вэ, ямар дүрүүд байна вэ, зохиолч нь юу хэлэхийг хүсээ вэ гэдэгт их үнэ цэнэ өгч уншдаг болсон. Хэдэн жилийн өмнө үйл явдлыг голлож уншдаг байсан бол одоо зарчим маань өөрчлөгдөөд, тэр номын мөн чанарыг, гүн ухаан, үзэл санааны туйлын зорилго нь юу вэ гэдгийг эрж сурвалжилж унших болсон гэх үү дээ. Тэгэхээр нэг номыг олон дахин уншихаа төдийлөн байсан.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар уншихын алийг нь эрхэмлэдэг вэ?  

Номыг цаасаар хэвлэх сонгодог байдал үгүй болно гэж би огт боддоггүй. Хэдийгээр техникийн олон боломжууд гарч байгаа боловч цаасаар хэвлэгдсэн номыг унших мэдрэмжийг электрон хувилбаруудаас хүртэхгүй. Ном унших өөрөө таашаал байх ёстой. Тэрнээс биш зовлон зүдгүүртэй, заавал хийх албатай, "ноос тушаах ёстой" гэдэг шиг ажил байх ёсгүй. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүрхийг дуудаж, түүндээ төвлөрөх нь ном уншихын мөн чанар юм. Цаасан номыг хуудас хуудсаар нь эргүүлж,  дарагдмал тоосны үнэрийг мэдрэн, надаас өмнө уншиж байсан хүний тэмдэглэгээнүүдийг харах, зураас бичлэг хийснийг анзаарах нь илүү таашаалтай гэж боддог.

Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?  

Толстой гэрээсээ оргохдоо Мишель Монтений "Туршилтууд"-ыг , "Евангель судар", "Бурхан багшийн сургаал"-ийг авч гарсан юм гэнэ лээ. Тэгэхээр хувь заяаны эрхээр эзгүй арал руу явах болбол би хамгийн түрүүнд  “Бурхан багшийн сургаал”,  “Бодь мөрийн зэрэг”-ийг авч явна. Тэрний дараагаар Күнз юм уу, эсвэл дорно дахины хэн нэг сэтгэгчийн номыг авч явна. Яагаад "Бурхан багшийн сургаал"-ийг авч явж байгаа юм бэ? Хүн шашин шүтэх нь ойлгомжтой. Гэхдээ би бурхны шашинг хэзээ ч итгэл, сүсэг гэдэг талаас харж байгаагүй юм. Бурхан багшийн сургаалийг амьдрахуй хийгээд оршихуйн мөн чанарт хүрсэн хамгийн бодитой оюун дүгнэлт, суурь үндэслэлтэй, бодол эргэцүүлэл гэж боддог. Дараагаар нь хүн ганцаараа яаж амьдрах вэ гэж бодох тэр агшинд “Бодь мөрийн зэрэг”-ээс амьдрахын зам мөр, ганцаараа амьдрахын утга учрыг ойлгож авах болов уу гээд сонгочихлоо. Дорно дахины сэтгэгчдийн, тухайлбал Күнзийн ч юм уу  номыг сонгоно гэдэг маань зугаатай хэрэг шүү дээ. Амьдралд ганцаараа байгаа юм чинь зугаатай өнгөрүүлэх ёстой биз дээ. Тэр үүднээс би энэ гурван номыг сонгох болов уу гэж бодож байна. Хэрвээ би эзгүй арлаас хүрч ирвэл өөрийнхөө бичсэн номыг л авчирна даа. Мэдээж эзгүй арал дээр ганцаараа суухдаа одоо бичиж байгаагаасаа өөр мэдрэмж, өөр сэрэхүй, өөр зөн билэг, өөр өнцгөөс амьдрал үзэгдэл, байгаль дэлхийг харсан ном бичих байх. Тэр номоо тэвэрч ирнэ дээ. Нөгөө гурван номоо эзгүй арал дээр элстэй бол элсэн дунд нь орхъё гэж бодож байна. (Инээв)


 
Зохиол бичиж эхэлж байгаа залууст таны зөвлөгөө чухал байх. Тэдэнд хамгийн чухал нэг зөвлөгөөг өгөөч гэвэл юуг хэлэх вэ ?  

Би энд тэнд ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бишгүй л ярьж зөвлөдөг. Зохиол бичнэ гэдэг нь хүний амьдралын том эхлэл. Нэгэнт зориглоод эхэлчихсэн бол зориг болоод итгэлдээ үнэнч байгаасай гэж хүсч байна. Чамд өөрөө өөртөө итгэх, эсвэл өөрийнхөө оюун санаа болоод мөн чанарын хэм хэмжээг таньж мэдсэн алхам байгаа учраас зохиол бичихээр зориглосон байх. Тэгээд зориглосон бол зориг итгэл хоёртоо үнэнч байх хэрэгтэй. Зориг, итгэл няцах цаг ирнэ. Няцах цагтаа өөрөө өөрийгөө таньж мэдээд, зогсох цагтаа зогсоорой, боломжгүй гэж бодож байгаа зүйлээ болгохын төлөө битгий хэтэрхий их улайраарай гэж хэлэхийг хүсэж байна. Авьяасгүй гэдгээ таньж мэднэ гэдэг  хүний амьдралд хамгийн хэцүү өдөр, хамгийн хэцүү цаг хугацаа. Тэгэхээр авьяасгүй гэдгээ таньж мэдэн мэдтэлээ тэр үйл хэргээсээ, итгэл найдвараасаа битгий ухраарай. Хэрэв өөрийгөө авьяасгүй хүн байх гэдэг зөн билэг, мэдрэмж өөрт тань төрөх юм бол орхиод, өөр дур сонирхлоо хөөсөн нь дээр байх гэдгийг л зөвлөе.

Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?   

Сүүлийн үед номын ертөнцөд байдаг ойр дотно, дэргэдэх хүмүүсийг үзэж хараад л явна. Гэхдээ Гантогтохын Баттогтох гэдэг залууг тийм залуудаа, ийм хэмжээний ном цуглуулчихсан гэж төсөөлөөгүй. Саяхан телевизээр Баттогтохын номын сангаа танилцуулж байгаа нэвтрүүлгийг  хараад надад бахархах сэтгэл төрсөн. Нэлээд шалгарсан хэмжээний номын сантай юм байна лээ. Гэхдээ зүгээр нэг ном цуглуулдаг орчин цагийн шоучин биш, номоо уншдаг, судалдаг өөрийн  гэсэн үзэл бодолтой, байр суурьтай, түүх соёл уламжлалаа гэсэн сэтгэлтэйг нь олж харсан. Залуу хүмүүсийн үлгэр дууриалал болохоор хүн. Та бүхэн энэ залууг сонгож, өөрийнх нь номын сан болоод, номын ертөнцтэй танилцах юм бол үлгэр дууриалал болохоор дүр бидний дунд ажиллаж, амьдарч байна гэдгийг олж харах болно. 

Сэтгэгдэл хэсэг