СЭТГҮҮЛЧ Б.АЛТАНХУЯГ

 

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаад бид “ Монцамэ” агентлагийн тоймч Б.Алтанхуягийн номын сангаар зочилж, номын тухай яриа өрнүүллээ.

Та номын сандаа хэдэн номтой вэ?
Нарийн тоолж үзээгүй. Гэхдээ сүүлийн үед тоо гаргаж, нэг бүрчлэн бичиж аваад катологжуулах бодолтой байгаа. Үгүй бол мэр сэр алга болчихоод байдаг юм. Ойролцоогоор мянга гаруй ном л байгаа болов уу даа. Арван жилээ төгсөөд МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангид орсноосоо хойш номонд илүү ихээр дурлаж, шимтэн уншдаг болж номын сангаа бий болгосон. Одоо энд байгаагаас арай бага тооны номнууд “Ургах наран”-д эгчийн маань байшинд бас бий.

 Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Сурсан чиглэлтэй маань холбоотой болоод ч тэр үү уран зохиол, шүүмж судлалын номнууд их уншдаг. Сүүлийн үед сэтгүүлзүйн бүтээлийн номнууд түлхүү уншиж байгаа. Номын сангийн маань дийлэнх хувийг сонгодог зохиолын номнууд эзэлдэг. Үлгэрийн цомирлог, шидэт өнгө аястай, детектив, уран зөгнөлт зохиолууд голчлон унших дуртай. Уран зөгнөлт зохиолууд уншихаар яаж ингэж сэтгэж, бичиж байна вэ гэж гайхширч, өөртөө ч итгэмээргүйгээр догдолж орхидог.


 
Унших номын сон-голтоо хэрхэн хийдэг, шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Цахим ертөнцөөс авдаг. Мөн эргэн тойрны минь хүмүүс номтой ойр нөхөрлөдөг, уран зохиол сонирхдог учраас тэднээс мэдээлэл авах нь бий. Сүүлд Д.Галбаатар багш минь “Одоо ч тэгээд бараг хавтсыг нь хараад тус номыг унших уу, болих уу гэдгээ шийддэг болчихож дээ” гэж ярьж билээ. Сонголтын хувьд гэвэл би утга зохиол судлал чиглэлээр дөрвөн жил сурч, багагүй хэмжээнд уран зохиолыг ойлгодог болж, ном зүйн мэдлэгээ жаахан ч атугай тэлсэн болохоор аль нь сайн, аль нь тааруу зохиол вэ гэдгийг мэддэг болсон.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
О.Жаргалсайхан эгчийн орчуулсан “Япон өгүүллэг, тууж”, Н.Алтанхуягийн “Оргил өөд”, Б.Баясгалан эгчийн орчуулсан Моргенштерний “Шөнийн цирк” зэрэг бүтээлүүдийг их ойрхон хугацаанд уншиж дуусгасан. “Япон өгүүллэг, тууж”-д “Коояа уулын гэгээн”, “Хөгшин гэйшагийн таталбар,” “Уулын сарны дууль”, “Нэгэн охины үхэл хүртэл” гээд үнэхээр сайхан тууж өгүүллэгүүд багтсан байна билээ. Кафкагийн зохиолд Замза шавьж болдог шиг Ацүшигийн бичсэн "Уулын сарны дууль" өгүүллэгт Ричёо хэмээх яруу найрагч бар болж хувирдаг. “Оргил өөд” номыг яруу найрагч, сэтгүүлч Я.Баяраа ахын зөвлөснөөр олж авч уншсан. Улс төрчийн хөрөг, амьдралын түүхийг ингэж л бичих ёстой юм байна даа гэж бодсон. Харин “Шөнийн цирк” номын хувьд “Тагтаа” паблишингийн Б.Баясгалан эгчийн орчуулга гэдэг утгаар нь эргэлзэлгүй сонгож, саяхан нэг хүүхдээс худалдаж авсан. Баясаа эгчийн орчуулсан анхны бүрэн хэмжээний роман байх шүү. Их сонирхолтой гоё ном байна лээ. Уншиж дуусаад адал явдалтай аялалд явчихаад ирсэн мэт болсон доо.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Яг одоо П.Лувсанцэрэнгийн “Хаврын шувуу”, Юн Чаны “Зэрлэг хун” намтарчилсан романы хоёрдугаар ботийг уншиж байна. Ер нь сүүлийн үед хятад зохиолчдын бүтээл унших дуртай болоод байгаа. Маш энгийн хэрнээ сэтгэл хөндүүрлэтэл бичдэг. “Хаврын шувуу”-г дахин уншиж байхдаа өмнө нь анзаарч ажиглаж, дүрүүдийг нь хайрлаж уншдаггүй гүйлгээд харчихдаг байснаа ойлгосон. Д.Норов гуайн “Тэжээвэр” бүтээлийн чуулганг сүүлд уншихад хүртэл өмнө зохиолыг нь сайн уншдаггүй нүднийхээ өмнүүр урсгачихдаг байснаа ухаарсан. Гэхдээ ганц уншингуутаа ханачих биш хэд хоног эсвэл хэдэн сарын дараа дахин дахин уншмаар санагддаг номыг л сайн ном гэж хэлнэ. Би тийм л номнуудыг авч номын сандаа тавихыг хичээдэг.

Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Онцолчихмоор содон ном гэвэл ховор доо. Бусдын номын санд байдаг л номууд бий. Хамгийн их хайрладаг ном маань Эдгар Погийн “Алтан цох” туужийн 1958 оны хэвлэл. Энэ л хамгийн ховор нандин эрдэнэ маань юм даа.

 

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Сэтгүүлч Ж.Тэгшжаргал ахын бэлэглэсэн Кафкагийн шилмэл өгүүллэг, туужийн түүвэр англи хэл дээр бий. “Кафкагийн төрөлх нутаг Чех орноос авсан юм шүү. Англи хэлээ сайжруулаад заавал уншаарай” гэж хэлээд өгч билээ. Мөн Эдгар Погийн шилмэл бүтээлийн чуулган, их сайхан ном бий. Тухайн үед мөнгөгүй байж таараад тэр номыг авахсан гэхээс тайван ч сууж чадахгүй болсон шүү. Тэгээд ээж рүү ярьтал “Миний хүү тэгвэл хонхны баяраар бэлэг гэхээр зүйл авахуулаагүй юм чинь наад номоо авахуул даа” гэж хэлэхэд нь “Тэгэе ээ, би өөр зүйл хүсэхгүй” гээд ээжээрээ авахуулж байсан удаатай. Бас Борхесийн “Хоёр хаан хоёр хонгил” ном бий. Арван жилд байхдаа анх удаа Улаанбаатарыг зорьж хайрын шүлгийн “Аморе” наадмаас шагналт байр эзэлчихээд сургуульдаа очиход минь ангийн нэг охин бэлэглэж байсан юм. Анх удаа хүнээс ном бэлгэнд авсан минь Аргентиний суут зохиолчийнх байж билээ.

 

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
“Baabar.mn” сайтийн нийтлэлчдын эмхтгэл “Манай сүгсэлзүүрүүд”, Ц.Уранчимэг “XX зууны өрнөдийн урлаг”, Э.Гомбрих “Урлагийн түүх” зэрэг номыг худалдаж авсан.

Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Яруу найрагч Б.Одгэрэлийн орос хэлнээс түүвэрлэн орчуулсан Эдгар Погийн “Улаан үхлийн баг” өгүүллэгийн түүврийг олон дахин уншсан. По зүгээр нэг детектив зохиолч бус хүн яагаад айдаг, юунд догдолдог вэ гэдэгт хариулт өгөхийг оролддог мэт санагддаг. Дүрийн сэтгэлзүйг өгүүллэг бүртээ голчлон авч үздэг. Тэгээд ч түүний урласан ахуйн бараан дүр зургууд надад гүн сэтгэгдэл төрүүлдэг учраас дахин дахин унших дуртай.

Ном таны хувьд юу вэ?
Би мөнгө хадгалж, хуримтлуулж чаддаггүй ном авчихдаг зуршилтай. Оюутан байхдаа “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж, цалин буух үед автобусны хэдэн төгрөг үлдээгээд бусдаар нь ном авчихдаг байсан тохиолдол цөөнгүй бий. Тиймдээ ч ном миний хувьд бүх зүйл, хамгийн нандин эд хөрөнгө юм даа. Би хэдий аавгүй ч гэлээ аавыгаа дэргэдээ байгаа мэтээр бичиж чадна, сайхан аав нарын тухай түүх уншаад өөрийгөө жаргалтай болгож чадна. Ном миний хувьд ийм л үнэ цэнэтэй зүйл.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Цаасан хэвлэлээр. Яагаад ч юм төхөөрөмжин дотроос ном унших боломжгүй мэт санагддаг. Дээр нь дэлгэц удаан ширтэж суухаар нүд эрээлжлээд байдаг мөртлөө цаасан хэвлэлээр нь хэдэн ч цаг бариад суусан бие чилэхгүй, нүд харанхуйлахгүй шүү дээ.

Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Болдогсон бол өөрт байгаа бүх номоо л авч явахсан. Харин асуулт маань авч явах нэг номыг нэрлэ гэж байгаа болохоор модон урлалын чиглэлийн ном л авч явах байх. Учир нь би эзгүй арал дээр очсон ч амьдрах хэрэгтэй биз дээ, ядаж уншихын тулд. Тиймээс эргэлзээгүй модоор элдэв зүйлс хийх аргачлалтай ном авч явна. Харин номын санд минь одоогоор тийм ном байхгүй. Тэгэхээр Н.Энхбаяр ахын орчуулсан “Орчин үеийн хятадын яруу найраг” номыг л сонгох байх даа. Эзгүй арал дээр ганцаараа тэр номыг уншихад мөр бүхэнд нь илүү ихээр уусч шингэж унших юм шиг санагддаг.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хүсэлтэй залуусын хувьд энэ салбарт ажиллаж буй залуу хүний “дотно” зөвлөгөө сонин байх. Сэтгүүлч, эхлэн бичигчдийн хувьд ном унших нь ямар ач холбогдолтой санагддаг вэ?

Аль ч төрлөөр бичлээ гэсэн хэл найруулга маш чухал санагддаг. Анх сонинд дадлагажигчаар мэдээ, сурвалжлаганд гүйх үедээ их л загнуулдаг байж билээ. Хамгийн гол нь өөрийн гэсэн өнгө аяс, бичлэгийн хэв маягаараа ялгарч гарах хэрэгтэй юм шиг санагддаг. Үгүй бол өмнөх гигантуудын юмыг хуулж суугаагаас ялгаагүй болно. Тиймээс хэл найруулгаа сайжруулахын тулд Л.Хүрэлбаатар гуайн “Дуун утгын яруу зохист”-ийг уншихыг зөвлөмөөр байна. Нөгөөтэйгүүр, Л.Мөнхбаясгалангийн “У.Хүрэлсүхийн төрсөн өдөрт танц гишгэв”, “Намбарын Энхбаярт өгөх зөвлөгөө”, П.Батхуягийн “Эсрэг цаг” эсээ, нийтлэлийг цуврал боть номуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг уншаасай гэж бодож байна. Төгсөөд нэг жил л болж байна л даа. Оюутны эхний хэдэн жилд уран зохиолд илүү дуртай сэтгүүлзүйн салбарыг ойшоодоггүй байсан. Харин Б.Ганчимэг эгчийн “Аав бид хоёр”, Л.Болормаа агсны “Даашинзтай сурвалжлагууд” ном намайг сэтгүүлч болоход нөлөөлж тэдэн шиг мундаг бичээч болохсон гэх хүслийг дотор минь асааж өгч билээ.

Энэ буланд оруулах дараагийн номын хорхойтноор хэнийг нэрлэх вэ?
Нэрлэсэн хүнийг заавал оруулж өгөөрэй Тагтаагийн эгч нар аа. /инээв/ Би Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын номын сангаар зочилж, тэдний үгийг дуулах хүсэлтэй байна. Олон ч залуус надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл хэсэг