СЭТГҮҮЛЧ Ж.ТЭГШЖАРГАЛ

 

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Өмнөх зочин “Тагтаа Паблишинг”-ийн Ерөнхий редактор Уртнасангийн Бямбанямын урилгаар Ub.life  сайтын эрхлэгч, “Балдоржийн шагнал”-т сэтгүүлч, “25” номын зохиогч Жамъян-Очирын Тэгшжаргалыг урьж ном унших хэв дадал, номын сангийнх нь ховор содон бүтээлтэй танилцлаа. 

1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Тоолвол зарим сайн уншигчийн хажууд ичмээр болох байх. Бүгдийг өөрийн сонголтоор нэгбүрчлэн цуглуулсан болохоор наддаа бол болдог юм. Аав маань сайн цуглуулагч байсан ч бидний багад хүмүүс санаатай, санамсаргүй авсаар хэдэн орос номууд нь л үлдсэн. Тийм болохоор аавын номын санг сэргээнэ гэсэн зорилготойгоор эхлээд одоогоор 500-гаад ном л бий байх. 

2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Тэр энэ гэж тухайлдаггүй. Уран зохиол, баримтат уран зохиол илүү голчилдог байх. Сүүлийн үед өөрөө хүний хөрөг ном дээр ажиллаж байгаа болохоор дурсамж, дуртгал, хөрөг чиглэлийн ном их уншиж байгаа. Сэтгүүлзүйн номууд мөн цөөнгүй бий.  

 
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Зохиолчид нь автахаараа түүний номуудыг хөөж, нэхэж унших, унших хэрэгтэй гэж унших, шинэ зохиолч, найрагчдын бүтээлийг туршиж унших, найз нөхөд, сонголт ойролцоо хүмүүсээс сонссон, дуулсанаа олж унших гэхчлэн янз бүрийн аргаар л номын сонголтоо хийнэ дээ. Сардаа нэг номын дэлгүүр орохдоо шинэ номуудыг хэнийх нь ч гэлтгүй сөхөж хараад, дадал болсон ёсоор хавтас, арын хавтас, хамгийн эхний болон сүүлийн өгүүлбэрийг уншаад авах эсэхээ шийддэг. 

4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Номын дэлгүүр, сэтгүүлүүдийн жагсаалт болон санал болгосон нийтлэлүүд, дам сургаар... 

5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Яг одоогоор “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээ, Питер Морроугийн “My Mongolia” дурсамж ном, “Penguin book of Modern Speeches”, “New York Times: Election handbook”, “Best American magazine writing” номуудыг орныхоо хажууд өрсөн байна. Эднийгээ өрчихөөд энд, тэндээс нь нэг нэг өгүүллэг, эсээ “явуулж” байхад таатай. Би хэзээний том, зузаан номд таатай биш богино өгүүллэг, тууж, эсээ унших дуртай.

 
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Би Габриэль Гарсиа Маркесийн номууд болон тэр дундаа “Зуун жилийн ганцаардал” номыг хэл хэлээр нь цуглуулж байгаа. Одоогоор испани, чех, хятад, англи, орос, албани, герман, франц, монгол, итали хэлээрх нь бий. Тэр дундаас 1968 оны испани эхийг нь Урт цагааны хуучин номын худалдаанаас 1000 төгрөгөөр худалдаж авсныгаа “Энэ бол хувь тавилан” гэж өөртөө итгүүлж, улмаар цуглуулгаа эхэлсэн. Бас Г.Лхагвадулам эгчийн бэлэглэсэн XIX зуунд хэвлэгдсан буюу 1895 оны хэвлэл “Select Oration of Marcus Tullius Cicero” ном бий. Энд тэндээс цуглуулсан, бас хүмүүсийн бэлэглэсэн “Time” сэтгүүлийн зуу гаруй дугаар, гайхалтай сайхан, сэтгэл хөдөлгөм “Гоодаль” сэтгүүлийн дугааруудаа бас онцлох дуртай.

 
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Зургаан настайдаа унших сурахад минь эмээгийн бэлэглэсэн “Хөх цэнхэр тэнгэрийн хаяанаа” хэмээх ном. Миний хамгийн анх уншсан ном тэр юм уу даа. Энэ тухай өөрийн “25” гэх эсээний номдоо оруулсан.

8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Ажилд хэрэгтэй гэж бодож “The Penguin book of Modern Speeches” номыг авсан. Дурлаж авсан гэвэл Х.Л.Борхесийн “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ийг авсан. 

9. Ном танд юу өгдөг вэ?
Ном бүхнийг, хорвоо ертөнцийн бүхий л түүхийг, хүний ертөнцийн хамаг л сэтгэл хөдлөлийг надад өгдөг. Яг л өөр өөр хүний дотор ороод гарах шиг, өөр өөр цаг хугацаанд амьдраад ирэх шиг хачин гоё бүхэл мэдрэмж өгдөг. Нэгэн биеэр олон амьдрал “туулна” гэдэг чинь зүйрлэмгүй сайхан таашаал. 

10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Өнөөх л “Зуун жилийн ганцаардал”-аа ярих хэрэг гарах нь дээ. Хамгийн анх найзаасаа төрсөн өдрийн бэлэг болгож аваад дараачийн төрсөн өдөр дөхөхөд нээж ч хараагүй байснаа мэдэж гэмшээд эхлүүлсэн боловч үйл явдал, ураг төрөл дунд нь төөрөөд ер явж өгөөгүй. Бүрэн уншиж дуустлаа 4, 5 удаа эхлүүлээд дундаас нь шантраад буцаж байсан байдаг юм. Номын арын хуудас дээр ургийн мод зурж байгаад байн байнаа түүнээ харж эргэцэн байж уншиж дуусаад урьд нь хэзээ ч авч байгаагүй сонин мэдрэмж анх авч байлаа. Тэр цагаас хойш энэ ном бид хоёрын дунд ямар нэг ид шидийн сэжим үүслээ гэж өөрөө дэврүүлэн бодож, хайрлаж эхэлсэн. Хэл, найруулга маань нэг л болхи болоод ирэхэд энэ номыг шүүрч авдаг. Хааяа бол зүгээр л санасан сэтгэлээр ахин уншина (инээв).

 

11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Мэдээж цаасан хэвлэл. Нэмэлт тайлбар, эргэлзээгүйгээр! 

12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна? 
Өөрийнхөө таашаалыг эртхэн олж аваарай гэж хэлье. Эхлэн уншигч байхад мундаг хүмүүсийн уншдаг номуудыг дагаж унших, ер нь л бусдын таашаалаар явчих гээд байдаг тал бий. Энэ номыг уншаагүй бол чи хүн биш гэж өөрийнхөө таашаалыг эрээ цээргүйгээр тулгах хүмүүс олон гарч ирнэ. Хэн нэгэнд гоё харагдах гэж, эсвэл аль нэг “нийтлэг”-ийн нэг хэсэг болох гэж номыг бүү уншаарай. Жишээ нь, бага байхад “Монте Кристо гүн”, “Усан доогуур 20.000 бээр аялсан нь” энэ тэрийг уншаагүй бол би агаар амьсгалж, ус уух эрхгүй мэт хүмүүс тулган, зөвлөн, ярьдаг байсан. Тэгээд “Усан доогуур 20.000 бээр аялсан нь”-ыг уншаад надад үнэндээ ямар ч гайхамшигтай санагдаагүйгээр үл барам цаг барсан байгаль шинжлэлхийн толь шиг санагдаад дургүй хүрч байж билээ. Тэр цагаас хойш бусдын заавраар ном уншихаа больсон. 

13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
“Зуун жилийн ганцаардал”-аа авч яваад гудиггүй сайхан ганцаардаад хэвтихчнэ дээ. 

14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Тило Вало гэх этгээдийг урья аа. Янзын, зэвүүн номууд гарч ирэх байх. 

Сэтгэгдэл хэсэг