МҮБХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, БӨХ СУДЛААЧ Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн зочин хойморт МҮБХ-НЫ ерөнхий нарийн бичгийн дарга, үндэсний бөхийн улсын гарын даа, бөх судлаач Төмөрбаатарын Түмэндэмбэрэл оролцож байна. 


1.      Та номын сандаа хэдэн номтой вэ?

Сүрхий тоолж байсангүй. Гэхдээ номтой хүний хажууд цөөн, номгүй хүний дэргэд олон номтой.

2.      Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Хэдэн жилийн өмнө утга зохиол, монгол хэл бичиг, монгол судлалын ном их уншдаг байлаа. Гэхдээ анх уншиж сурсан цагаас одоог хүртэл уншсаар байгаа нь үндэсний бөхийн сэдэвт ном юм даа.

3.      Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Шинээр олж авсан номоо уншдаг. Өмнө олсон, авснаа тэр үед нь уншчихдаг учраас гэх үү дээ.

4.      Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Янз бүрээр. Цахимаас, бусдаас гэхчлэн. Зарим үед мэдээгүй байхад өөрөө ирэх нь ч бий.

5.      Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Доктор, бөх судлаач Б.Буяндэлгэрийн “Үндэсний бөх 100 жилд” номыг уншиж байна.

 

6.      Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Ном бүрд онцлог бий. Гэвч өөрийн бодлоор онцлогтойг нэрлэвэл нэрт эрдэмтэн, толь зүйч Я.Цэвэл абугайн “Монголын бөхийн тухай” гэдэг ном юм уу даа.

 

7.      Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Дээр нэрлэсэн номыг ахин хэлнэ дээ. Монгол улсын төрөөс ардын хувьсгалын 30 жилийн ойг ташрамлан эрийн гурван наадмынхаа үүх түүхийг баринтагласан түүхтэй. Үүний нэг нь “Монголын бөхийн тухай” ном юм. Арай хуучных гэдгээрээ юү, авч бэлэглэсэн хүнийг нь санахаар ч юм уу, алдарт багшийн /Ц.Шагдарсүрэн/ маань аав туурвисан болоод ч тэр үү, нандин даа.

8.      Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Улсын арслан Ш.Ванчинхүүгийн бүтээл “Монгол бөхийн зарим мэх” номыг худалдаж авсан. Гэхдээ энэ ном надад тав, зургаа лав бий.

 

9.      Ном танд юу өгдөг вэ?

Хэлэхэд ярвигтай юм. Бүгдийг л өгдөг юм уу даа.

10.  Таны хамгийн олон дахин уншсан ном? Яагаад?

Өөрийнхөө бичсэн номыг их олон уншсан. Бичиж байхдаа, бүрэн бичсэний дараа, өрж байхдаа, өрсөн хойно, хэвлэхийн өмнө хянаж, хэвлэсний хойно давтан давтан уншдаг даа.

 

11.  Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Аль алийг уншдаг. Гэхдээ цаасаар унших нь илүү сайхан санагддаг.

12.  Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?

Би өөрөө залуу учраас хэлэх зөвлөгөө алга. Яах вэ, хэлэхээс өөр аргагүй бол хадгалах, гайхуулах гэж биш унших гэж ном авч байгаарай гэж хэлье.

13.  Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Байнга хардаг хэдэн ном бий. Тэднийгээ л авч явна даа.

14.  Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Их эрдэмтэн Цэвэлийн Шагдарсүрэн багшийгаа л...

Сэтгэгдэл хэсэг