ЯНН МАРТЕЛ: ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАСАН ХҮН Л УРАН БҮТЭЭЛЧ БОЛДОГ

2001 оны үед уран зохиолын үнэнч уншигчдын дундаас ч Янн Мартел хэмээх нэрийг мэддэг хүнийг олоход бэрх байлаа. Гэтэл 2002 онд өнөөх “сураггүй” зохиолчийн хоёр дахь роман Пигийн амьдрал англи хэлт уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал Мэн Бүүкэрийн шагналыг (Man Booker Prize) хүртсэнээр түүний нэрийг дуулаагүй хүн уншигчдын дунд үгүй болсон юм. Бүүкэрийн шагнал л хүртчихвэл алдар хүндийн оргилд гарчихлаа гэсэн үг биш. Гэхдээ л эл шагнал хэнд ч танигдаагүй асан Янн Мартелын романыг хэдэн сая хүний анхааралд аваачсан нь дамжиггүй. Хөлгүй далайд осолдсон хөлөг онгоцноос цор ганцаараа эсэн мэнд үлдэж, аварга том Бенгалийн бартай аврах завин дээр долоон сар амьдарсан хүүгийн сэтгэл хөдөлгөм түүхийг уншсан хэн бүхэн амьдралын утга учрыг дахин эргэцүүлэх нь гарцаагүй. Роман хэвлэгдсэн дариудаа олны анхааралд өртөж, сонгодгуудын эгнээнд багтахын зэрэгцээ зохиолч ч хэвлэлийн нүүр хуудаснаас салахаа байв. Дипломатчийн хүү Янн Мартелын бага нас улс орнуудыг хэрсэн аялал дунд өнгөрчээ. Философичийн мэргэжил эзэмшсэнийхээ дараа зохиолч болох замд шуударч, 1990-ээд онд Хельсинкийн үнэн түүх өгүүллэгийн түүвэр, Мөн чанар хэмээх роман хэвлүүлсэн ч төдийлөн амжилтад хүрээгүй юм.


Та философич болоод ч тэр үү зохиол бичих цоо шинэ философи гаргаж, зохиол хийгээд зохиолч хоёрын дундын ханыг нураагаад зогсохгүй бодит ахуй, уран зөгнөлийг сүлсэн мэт санагдаж байна. Анхнаасаа л ийн төлөвлөж бичсэн үү?

Үгүй шүү, тийм зүйл огт бодоогүй. Би ер нь ухамсартаа захирагддаг хүн биш л дээ. Зохиол бичнэ гэдэг жор харж хоол хийхээс тэс өөр хэрэг.  Хоолыг бол тодорхой орц найрлагыг нь цуглуулаад, тогтсон зааврын дагуу хольж хутган хайрч хуураад болгочихно шүү дээ. Харин зохиол бүтээл туурвихад тийм бэлэн жор байхгүй учраас өөрт тохирох арга барилыг олох хэрэгтэй. Ер нь бичээд л эхэлбэл үг цаанаасаа ундраад байдаг учраас тэгэх боломжгүй гэсэн үг л дээ.

Мэдээж зохиолдоо хөндөх асуудлыг ухамсартайгаар сонгоно. Ном бол өөрийн үзэж туулж, амсаж мэдэрч, сурч мэдсэнээ ухаалгаар зохиомжилсон намтар шүү дээ.  Хельсинкийн үнэн түүх өгүүллэгийн түүврээ гаргахдаа иймэрхүү түүх хүмүүст хэр хүрэх бол гэдгийг л бодож байлаа. Харин Мөн чанар романдаа эрэгтэй, эмэгтэй хүний онцлог ялгааг, Пигийн амьдрал романдаа шашин, итгэл үнэмшил бодит байдалтай хэрхэн холбогдож буйг хөндөхийг зорисон бол Беатрис, Виргил хоёр романдаа еврейчүүдийг хоморголон устгасан асуудлыг авч үзсэн. Эдгээр асуудалд сонирхол татагдсан учраас л сонгон авч, урнаар зохиомжлон “түүх” бүтээсэн хэрэг шүү дээ. Энэ маань надад утга учиртай санагддаг. Тэгээд ч цагийг хөгжилтэй өнгөрүүлэх өөр арга зам бий гэж үү.

Пигийн амьдрал зохиолын үйл явдал үнэн бодит уу, зохиомол уу гэдгийг уншигчид мэдэхгүй байсан нь дээр гэж та хэлсэн байсан. Беатрис, Виргил хоёр романы тухай ч ижил бодолтой байх шиг санагдлаа. Үүний шалтгаан юу юм бэ?

Уншигчдаа бодсон гэх үү дээ... Пи Пателд үнэхээр тийм явдал тохиолдсон уу үгүй юу, тохиолдсон байлаа гэхэд аврах завин дээрээ амьтадтай хамт үлдсэн үү эсвэл хүмүүстэй хамт үлдсэн үү гэдгийг өөрийнхөөрөө дүгнэх боломжийг уншигчдад олгосон хэрэг.

Беатрис, Виргил хоёр зохиолын тухайд арай өөр. Еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг түүхэн талаас нь бус, уран зохиолын үүднээс өгүүлбэл уншигчид хэрхэн хүлээж авах нь надад их сонин санагдсан. Би тэрхүү эмгэнэлт явдлыг тогтсон хандлагад баригдалгүй цоо шинэ нүдээр харах боломжийг хүмүүст олгохыг хүссэн. Тэр тухай бичсэн зохиол бүтээлийн туурвилзүйн хэв маяг хязгаарлагдмал байдгаас үүдээд хүмүүсийн харах өнцөг ч хязгаарлагдмал болчихсон шиг санагддаг. Энэхүү сэдвийг хөндөж буй хүмүүс ихэнхдээ түүхэн өгүүлэл юм уу, дурсамж хэлбэрийг л сонгон бичдэг шүү дээ. Мэдээж болж өнгөрсөн зүйлийг үнэн мөнөөр нь мэдэж авах нь чухал аа. Гэхдээ бага ч атугай уран зохиолын өнгө аяс оруулахад буруудах юмгүй л болов уу. Дайны тухайд гэхэд л сэтгэмжлэн зохиомжилсон бүтээлүүд өч төчнөөн бий. Огт болоогүй зүйлийг болсон мэтээр биччихсэн зохиолууд ч бий. Бид ч тэрхүү зохиолуудыг таатай хүлээж авсаар ирсэн. Харин еврейчүүдийг хоморголон устгасан явдлын талаар өгүүлсэн уран зохиолын ном одоохондоо алга. Тийм болохоор би энэ явдлыг түүхэн талаас нь харуулахын оронд урнаар сэтгэмжлэн бичье гэж бодсон юм.

Пигийн амьдрал-тай харьцуулахад Беатрис, Виргил хоёр тийм ч учир битүүлэг биш. Гэхдээ уншигчдыг гайхшруулах зарим нэг зүйлийг шигтгэж өгөхөө мартаагүй ээ.

Тэгэхээр зохиолч хүн тодорхой хил хязгаарт баригдалгүй бүтээлчээр сэтгэж сурах ёстой байх нь ээ?

Тодорхой төрлөөр дагнаж бичдэг зохиолч бол туурвилзүйн дүрэм журмыг дагахаас өөр аргагүй. Уншигчид ч үүнийг л хүсэн хүлээж байгаа. Харин ямарваа нэг төрөлд баригддаггүй хүнд тийм дүрэм журам байхгүй. Ер нь бол сод бүтээлүүд цөмөөрөө л таахын аргагүй ээдрээтэй байдаг шүү дээ.

Зарим үед ухаж ойлгоход хэцүү байдаг ч гэлээ чухам эл чанар л тэднийг сод бүтээл болгодог. Тодорхой нэг төрлөөр туурвих уу эсвэл ямар ч төрөлд баригдалгүй чөлөөтэй бичих үү гэдгээ шийдэхийн тулд зохиолч хүн дүрэм журмыг дагаж ч бас зөрчиж ч үзэх хэрэгтэй. Тэгж байж чухам аль нь өөрт тохирохыг мэдэж авна. Юуг, яагаад бичиж буйгаа мэддэг зохиолч л сайн бүтээл туурвиж, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Тэгэхээр өөрийгөө ямархуу зохиолч болбол тохирох нь вэ гэдгийг мэдэхийн тулд туршиж үзэх л хэрэгтэй болж байна.

 

Пигийн амьдрал роман тань алдартай болчихлоо. Одоо таны юу бичихийг үй олон уншигч харж, хүлээж байгаа. Танд ямархуу мэдрэмж төрж байна?

Уг нь Пигийн амьдрал-ыг бичихээсээ ч өмнө Беатрис, Виргил хоёр романыхаа санааг олчихоод байлаа. Гэхдээ Пигийн амьдрал роман маань түрүүлж гараад, олонд танигдчихлаа. Романаа бичиж байхдаа би чинь Монтреалд ядруухан л аж төрдөг байлаа шүү дээ. Зохиолоо бичиж дуусахаас өмнө бүтэн жилийг ердөө 6000 доллараар л аргацааж өнгөрүүлсэн. Үндсэндээ нэн ядуу гэх ангилалд орчихоод байсан нь тэр. Тэр үед хүмүүстэй нийлж өрөө хөлсөлдөг байж билээ. Гэхдээ архи, тамхи хэрэглэдэггүй, хөл дүүжлэх унаагүй байсан учраас мөнгө үрэх шаардлага барагтай гарахгүй. Аав ээж хоёр маань ойрхон амьдардаг байсан болохоор хааяадаа тэдэн дээрээ очоод хоол идэж, хувцас хунараа угаачихна. Элбэг хангалуун биш ч хоёр идэж хоосон хонохгүй болоод л байдаг байсан.

Бас ядуугаа мэдэхгүй романыхаа амин сүнс болсон сэдвийг уран зохиолд шимтдэг уншигчдын таашааж үздэггүй амьтны хүрээлэнтэй холбочихсон гээд л бодчих. Манай уншигчид амьтны хүрээлэнг шорон гяндантай л жишиж жигшинэ шүү дээ. Тэр ч бага хэрэг. Бүр канадуудын тоож сонирхдоггүй шашин, итгэл үнэмшлийн асуудлыг түлхүү хөндсөнийг яана.

Товчхондоо би хүний сонирхол татахааргүй зохиол биччихлээ гэж өөрийгөө дүгнэж байв. Гэтэл гайхамшиг тохиосон ч гэх юм уу хуруугаа ч хөдөлгөөгүй байхад л ном маань талх шиг зарагдах нь тэр. Чухамхүү азын тэнгэр намайг ивээсэндээ л миний ном тийм олон хүнд хүрч чадсан болов уу. Бас ч гэж цагаа олсон хэрэг. Номыг маань хариуцсан хэвлэлийн газар сайн ажилласны ач ч бас бий. Дээрээс нь Бүүкэрийн шагнал гардуулах хорооны шүүгчдэд миний ном таалагдсан нь мөн л би азтай байсных. Хэрэв тэдний оронд өөр шүүгч байсан бол тэр шагнал өөр хүнд очих байсан биз. Тэгэхээр ямар нэг байдлаар аз нөлөөлсөн л гэсэн үг.

Одоо дараагийн ном маань өмнөхөөсөө ямархуу болох бол гэж сэтгэлээ чилээх хэрэг алга. Мэдээж Пигийн амьдрал маань уншигчдад ихээр таалагдсанд би баяртай байгаа. Гэхдээ энэ бол надаас шалтгаалсан зүйл биш шүү дээ. Надаас шалтгаалсан нь гэвэл аврах завин дээр бартай хоёулхнаа үлдсэн залуу хүүгийн түүхээр дамжуулан итгэл үнэмшил, бодит байдлыг сүлэн бичиж, амьдралын утга учрыг тайлбарлах гэж оролдсон маань л юм. Өөрөөр хэлбэл, Пигийн амьдрал амжилтад хүрсэнд миний оролцоо байхгүй гэсэн үг. Тийм болохоор Беатрис, Виргил хоёр зохиолоо хүмүүсийн харж, хүлээж буйд нийцүүлж бус, өөрийнхөө дотоод дуу хоолойд захируулж бүтээсэн. Яагаад гэвэл энэ хоёр чинь тэс өөр ном. Зохиолч хүн шинэ ном бичих тоолондоо шинэ сорилттой тулгардаг. Нэгэнт юу бичихээ мэдээд, бичиж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа хүн бол ямар ч сорилт, бэрхшээл тулгарсан тухай бүрт нь шийдээд л явахаас өөр аргагүй. Юу гэх гээд байна вэ гэхээр шинэ ном эхлэхдээ өмнөх номдоо баригдаад байж болохгүй л гэсэн үг.

Үнэндээ бол Беатрис, Виргил хоёр зарагдах уу эсвэл шагнал хүртэх үү гэдэг нь надад огт хамаагүй. Хоморголон устгах явдлын мөн чанарыг таниулахын тулд л би энэ номыг бичсэн... Хүмүүсийн хүлээлтэд нийцэж чадах эсэхийг би хэлж мэдэхгүй. Пигийн амьдрал маань аль хэдийн долоон сая хувь борлогдчихлоо. Эдүгээ ч хүмүүс худалдаж авсаар л байна. Найруулагч Ан Ли үүгээр кино хийж, зохиол маань 41 (мөн байх аа?) хэлээр орчуулагдчихлаа. Ингэж амжилтад хүрнэ гэж би төсөөлөө ч үгүй. Тэгэхээр шинэ номоо түүнтэй харьцуулах нь утгагүй хэрэг л дээ. Яах вэ, Пигийн амьдралыг уншсан хүмүүс Беатрис, Виргил хоёрыг сонирхож авах байх. Гэхдээ энэ хоёр маань газар тэнгэр шиг ялгаатай. Мэдээж Беатрис, Виргил хоёр уншигчдад таалагдвал би баярлана, эс таалагдвал... харамсалтай л даа. Гэхдээ дэлхий эргэдгээрээ эргэсээр байхад итгэл найдвараа алдана гэж юу байх вэ. Дараа дараагийн ном маань хүмүүст таалагдаж л таарна.

Нэгэн зохиолч хэвлэлийн газрын эзэнд уурсаж буйгаар Беатрис, Виргил хоёр эхэлдэг шүү дээ. Таныхаар бол өдгөө ном хэвлэлийн салбар бизнес болоод хувирчихсан болохоор Хэнрид тохиолдож буй бүхэн зохиолчдыг тойрч гардаггүй гэсэн үг болж таарах нь ээ?

Яг тийм. Одоо тийм болчихоод байгаа ч юм биш, анхнаасаа л тийм байсан. Хүн төрөлхтөн роман, жүжиг, шүлэг, уран зургийн арвин их өв сантай болохоор ахиад шинийг бүтээх шаардлагагүй мэт санагдаж болох л доо. Угтаа тийм биш. Харин ч  оюуны өв сангаа улам арвижуулах шаардлагатай.

Эдүгээ бид эд баялгийг тахин шүтэж, аливаа бүхнээс ашиг хонжоо хайдаг айхавтар хэцүү ертөнцөд амьдарч байна. Ийм газраас чинь зугтмаар болно биз дээ. Харин урлагийн ертөнц бол тэр чигээрээ гайхамшиг. Тэнд хөл тавьсан хэнбугай ч бүх зүрх сэтгэлээрээ татагдана. Уран бүтээлч хүн гэдэг эгэл жирийн эмч, хуульч, нягтлан, жолоочоос тэс өөр. Бусад мэргэжлийнхэн хийж буй ажил нь таалагдахгүй бол түүнийгээ хаяад, өөр ажил эрхэлж болж байхад уран бүтээлч хүмүүст тэгэх боломж байдаггүй. Тэд байгаа бүхнээрээ дэнчин тавьж ажилладаг учраас муу бүтээл гаргавал шууд л сүйрнэ. Шүдний эмч нэг эмчлүүлэгчээ уурлуулаад явуулчихлаа гэхэд маргааш нь өөр хүмүүс хүрээд л ирнэ шүү дээ. Харин зохиолч хүн номынхоо талаар нэг л хүнээс таагүй шүүмж сонсоход хийсэн бүхэн нь нуран унана. Бичсэн ном нь уншигчийн сэтгэлд хүрээгүйг мэдэх зохиолч хүнд үнэхээр хэцүү байдаг. Анхлан бичиж буй туршлагагүй зохиолч бүү хэл алдар хүндтэй зохиолчид ч хүнд тусна.

Тэгэхээр хэвлэн нийтлэх салбарыг бизнесийн үүднээс авч үзвэл зохиолчдод халтай л болж таарч байгаа юм. Ном худалдаж авах гэдэг хүмүүсийн анхдагч хэрэгцээ биш. Тэр утгаараа эдийн засаг хямарвал ном хэвлэлийн салбар хамгийн түрүүнд дампуурна гэсэн үг.

Бас нэг асуудал нь хүчтэй нь хүчгүйгээ дардаг зарчим хэвлэлийн салбарт ч үйлчилсээр буй. Нэг жишээ татъя л даа. Нью Йоркоос ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн Алфред Ноф гэж хүн байв. Өөрийнхөө нэрээр нэрлэсэн хэвлэлийн газартай. Мань эр ерөөсөө мөнгөний төлөө ажилладаггүй. Зөвхөн сайн гар бичмэлүүдийг сонгон авч, хэвлэдэг. Дандаа л сор болсон бүтээлүүд хэвлэдэг байсан болохоор их ч алдартай болсон. Тэр хүн баян чинээлэг байгаагүй, энгийн л нэг хэвлэлийн газрын эзэн байсан. Харин одоо бол хар мянган хэвлэлийн газрууд хүч түрэн гарч ирээд удирдах албан тушаалтнууд нь асар их баяжиж байна. Нидэр дээрээ тэд зохиолчдын хөлс хөдөлмөрийг л мөлжиж байна шүү дээ.

Хэвлэлийн зах зээл үнэхээр харгис. Гэхдээ тэглээ гээд зохиолч болох хүсэл мөрөөдлөө хая гэсэн үг биш. Аав ээжтэйгээ ярилцаад энгийн л нэг албан хаагч болохоор шийдсэн байлаа ч гэсэн бичих цаг өөртөө гаргаж байх нь чухал. Амжилтад хүрвэл мэдээж сайхан. Аа харин бүтэлгүйтвэл сэтгэлээр унах хэрэггүй. Ер нь бол зохиолч болох гэж хүсэж мөрөөддөг хүн бодь сэтгэлтэй л байх нь дээр. Хэтэрхий ихийг хүсэн хүлээх хэрэггүй.

Би хорь гараад бичиж эхэлсэн. Тэр үед их сургуулиа дөнгөж төгсөөд амьдралын далайд хөл тавиад байлаа л даа. Хаа нэгтээгээс “Чи хуульч бол” эсвэл “Жолооч бол” гээд хэн нэгэн замыг минь заагаад өгөх юм шиг л санаж явлаа. Гэхдээ хэн ч надад юу хийхийг минь зааж өгөөгүй. Тийм болохоор би цаг нөхцөөхийн тулд бэсрэг өгүүллэгүүд бичиж эхэлсэн.

Их сургуульд үргэлжлүүлэн сурч, зэрэг дэв ахих боломж байсан л даа. Гэвч тэглээ гээд би аз жаргалтай байж чадахгүй нь тодорхой. Тиймээс л хүнд үзүүлэхээс ч ичмээр богино өгүүллэгүүдээ үргэлжлүүлэн бичсээр, аажим аажмаар бичих дөртэй болсон.

Гэхдээ тэр үед мундаг зохиолч болно гэсэн зорилго өөртөө тавьж байгаагүй. Одоо ч хэвээрээ. Бичсэн номыг маань хэн ч тоож уншихгүй бол тэгэх л ёстой байж дээ гэж боддог. Ер нь зохиолч хүн бусад мэргэжлийнхэн шиг ажил төрөлдөө амжилт гаргана гэж төлөвлөх боломжгүй. Энэ бол зөвхөн зохиолчдод ч гэлтгүй бүх уран бүтээлчдэд хамаатай зүйл. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дурласан, түүнгүйгээр амьдарч чадахаа больсон улс л уран бүтээлч болдог юм. Амжилтад хүрэх эсэхээ ч мэдэхгүйгээр тэмүүлж яваа хүмүүс.

Мэдээж уран бүтээлч хүн амжилтад хүрвэл өөртөө улам итгэлтэй болж, өч төчнөөн боломж өмнө нь үүдээ дэлгэх нь дамжиггүй. Гэхдээ өөр хүмүүс гарч ирэхэд өмнө нь нээгдсэн үүд хаагдаж ч болно.

Беатрис, Виргил хоёр дээр Хэнри хөдөлгөөнт ном хийх санаа гаргасныг нь хэвлэлийн газрынх нь эзэн хүлээж авдаггүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө та үүнийг бодит ажил хэрэг болгохоор олон нийтэд ярьдаг байсныг санаж байна. Тэгэхээр уг романы эхлэлийг та өөрт тохиолдсон зүйлээсээ санаа авч бичсэн үү? Таны номыг хэвлэлийн газрууд хэвлэлгүй буцааж байсан удаа бий юу?

Байгаа байгаа. Яг Хэнрид тохиолдсон шиг явдал болоогүй ч тиймэрхүү юм болсон шүү. Хоёр жил гаруй зууралдсан эсээ маань хэвлэлийн газрынханд таалагдаагүй. Тэр эсээгээ романтайгаа хавсаргаж хэвлүүлэх санаатай байсан юм. Гэтэл хэвлэлийн газрынхан энэ хоёрыг хамт хэвлэчихвэл уншигчид романд чинь хөндөгдсөн сэдвийг өөрсдийнхөөрөө дүгнэхийн оронд эсээгээрээ дамжуулан илэрхийлсэн өөрийн чинь үзэл бодолд автчихна. Тэгвэл таны роман хайрцаглагдаад, уншигчид чөлөөтэй эрэгцүүлж чадахгүйд хүрнэ гээд халгаагаагүй. Тухайн үед би үүнийг асуудал гэж харахгүй байсан. Харин одоо бодоход тэдний зөв байсан шиг санагддаг. Гэхдээ би эцэст нь бууж өгсөн л дөө.

Уран бүтээлч хүн өөрийн үзэл бодолд үнэнч байх хэрэгтэй ч шаардлагатай үед буулт хийх ёстой.

Урлаг гэдэг бол уншигч, үзэгч, сонсогч гээд хүн бүрийг холбодог олон нийтийн үйл хэрэг учраас уран бүтээлч хүн өөрийгөө хүндэтгэхийн зэрэгцээ бусдын үзэл бодлыг ч сонсож, аливаад наанатай цаанатай хандах нь зүйтэй.

Тиймээс л би бууж өгсөн хэрэг. Гэхдээ эсээгээ хэвлэчих юмсан гэдэг бодлоо одоо ч сэтгэлдээ тээсээр л явдаг шүү.

Би яг энэ тухай асуух гэж байлаа.

Өнөө үе шиг эдийн засгаас хараат нийгэмд баримтат зохиолууд зарагдах боломж тааруу. Хоморголон устгах явдлын талаар бичсэн эсээ шилдэг борлуулалттай номын жагсаалтад орно гэж саналтгүй учраас л хэвлэлийн газрынхан миний санааг таалаагүй хэрэг.

Өнөөдөр шилдэг борлуулалттай номууд л олон тоогоор хэвлэгдэж, асар их ашиг олж байна. Харин дундаж номууд тэдний сүрэнд дарагдаад л хаягддаг болж дээ.

Беатрис, Виргил хоёроо бичихэд хэр их цаг зарцуулав?

Би өөрөө еврей ч, герман ч хүн биш, ядахнаа зүүн Европт ч төрж өсөөгүй. Тийм болохоор хоморголон устгах явдал миний хувьд харь хөндий сэдэв. Тэрхүү эмгэнэлт явдлыг хөндлөнгийн хүний нүдээр харж бичихэд маш их хугацаа шаардах нь ойлгомжтой.  Надаас өөр хүн бол илүү хурдан бичих байсан биз. Үнэндээ тийм том үйл явдлыг ганц романд багтааж харуулахад бэрх байлаа. Нэг хүний амийг хөнөөсөн явдлын талаар зургаан сая түүх зохиогоод бичиж болох байх, харин зургаан сая хүнийг хоморголон устгасан хэргийг нэг түүхээр харуулна гэдэг амаргүй.

2002 онд Бүүкэрийн шагнал хүртэх үедээ би Берлинийн Фри их сургуульд багшилж байлаа. Эмгэнэлт явдал болсон газар нь амьдарч байгаа хүнд тэр тухай бичихэд орчин нөхцөл нь төгс тохирно биз дээ. Тийм болохоор би зохиолоо бичиж эхлүүлэхээр сэтгэл шулуудаж, судалгаа хийхээр төлөвлөөд байлаа. Гэтэл Бүүкэрийн шагнал хүртсэнээс болоод өнөөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт зохиолоо бичиж хэвлүүлнэ гэдэг бодол санааны мухарт торсоор л байсан. Тэр цагаас хойш тооцвол хэдий бэсрэгхэн ч гэлээ Беатрис, Виргил хоёрыг бичихэд  долоо, найман жил зарцуулжээ.

Та Хэнри шиг олон уншигчдаас захидал хүлээж авсан байх. Обама ерөнхийлөгч хүртэл танд захидал илгээсэн шүү дээ. Уншигчдынхаа захидалд хариу бичдэг үү?

Бичнэ ээ. Харин Обама ерөнхийлөгчид хариу захидал илгээж хараахан амжаагүй л байна. Гэхдээ удахгүй явуулна аа. Би ер нь бүх уншигчдадаа хариу бичдэг.  

Таны сэтгэлийг хамгийн их догдлуулсан захидал нь ямар захидал байв?

Бүгдээрээ л сэтгэл догдлуулдаг. Үнэндээ уншигчдаас захидал хүлээж аваад би их гайхдаг шүү. Зохиолчид номынхоо нүүрэн дээр өөрийнхөө хаягийг бичээд байдаггүй. Гэхдээ л уншигчдын захидал яаж ийгээд хүрээд ирдэг. Би үүнийг Пи тусламж гуйсан зурвас бичээд, лонхонд хийж далайд шиддэгтэй зүйрлэж боддог. Тэдгээр захидлыг хүлээж аваад би маш их урам зориг авдаг.

Бичсэн номыг маань огт танихгүй хүн худалдаж аваад уншдаг гэхээр надад маш сайхан санагдана. Тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ ядахнаа л захидалд нь хариу бичиж илэрхийлэхийг боддог доо.

Та “Стивен Харпер юу уншиж байна вэ?” нэртэй төсөл хэрэгжүүлээд бараг гурван жил өнгөрлөө шүү дээ. Ерөнхий сайд танд хариу бичдэггүйд хүмүүс маш их бухимддаг юм билээ. Та харин бухимддаг уу?

Бухимдах гэхээсээ илүүтэй гайхдаг. Би ерөнхий сайдад 76 ном, 76 захидал илгээсэн ч ганц ч хариу хүлээж аваагүй. Туслахууд нь надад албаны үгтэй таван зурвас илгээсэн. Би тавууланг нь цахим хуудсандаа тавьчихсан байгаа. Тэдгээр зурваст “Хүндэт ноён Мартел таны илгээсэн ном, захидлыг талархан хүлээж авлаа. Таны сайхан сэтгэлд гялайлаа. Гүнээ хүндэтгэв” гээд л нэг нэр тавьчихсан байдаг. Би ерөнхий сайдыг яагаад өөрийн биеэр хариу өгөхгүй байгаад гайхдаг. Магадгүй тэр ахлах сургуульдаа багш нарынхаа шахалтаар уншсанаас өөр уран зохиолын ном дэлгэж хараагүй байх. Үүнээсээ санаа зовж, бас ч гэж ганц хоёр ном нээж харъя гэж боддог ч тэр бодлоо тас нуудаг. Хэрвээ тэр надад “Ноён Мартел, таны хэлж буй түмэн зөв. Надад уншсан ном бараг байхгүй. Угаасаа ном унших сонирхол нэг их төрдөггүй л дээ. Магадгүй амтанд нь орчихоор сонирхолтой ном уншиж байгаагүйтэй холбоотой байх. Үнэнээ хэлэхэд ийм л байна. Дээрээс нь би ерөнхий сайд болохоор  ном унших зав тэр бүр гардаггүйг та юу эс андах вэ. Гэхдээ таны илгээсэн зарим ном их сонирхолтой  юм шиг санагдсан шүү. Завтай болохоороо уншъя гэж бодож байгаа. Хүндэтгэсэн, Стивен Харпер” гээд л биччихсэн бол түүнд ахин дахин яршиг удахгүй байлаа. Ийм захидал хүлээж авчихаад түүнд дахиад дараа болсон бол хүмүүс намайг “Чи чинь яасан нойтон хамуу шиг амьтан бэ. Ерөнхий сайд чамд зав зай муутайгаа хэлж уучлал хүсээд, дараа нь завтай болохоороо уншина гэж хэлээ биз дээ” гээд л зад загнаж орхино шүү дээ.

Гэвч Стивен Харпер надад хариу өгөөгүй. Тэр үг дуугүй байснаараа өөрийгөө улам л ичгэвтэр байдалд оруулж, тэр хэрээр хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаад байгаа юм шүү дээ. Бид чинь урлаг, утга зохиолын талаар ямар ч ойлголтгүй хүнээр удирдуулаад  байгаа юм уу гэсэн асуулт ард иргэдийн дунд гарчихаад байна. Хэрвээ энэ үнэн бол ард иргэд ирээдүйдээ яаж итгэлтэй байж чадах вэ?

Би ерөнхий сайдад нэг удаа Тони Моррисоны “Цэв цэнхэр нүдэт” номыг явуулсан. Тэр номын үйл явдал Стивен Харперын амьдралаас тэс өөр л дөө. Минийхээс ч ялгаагүй өөр. Эрх мэдэлтэй улс төрч хүн иймэрхүү ном уншихгүйгээр яаж бусдын амьдралыг ойлгох юм бэ? Түүн шиг нөлөө бүхий хүмүүс өөрсдөөсөө тэс өөр амьдралтай хүмүүсийн тухай уншиж мэдэлгүйгээр зөвхөн өөрийнхөө хязгаарлагдмал орон зайд байгаад байвал хүнийг бодсон шийдвэр гаргаж чадна гэж үү?

Та Стивен Харперыг ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгснийх нь дараа ч гэсэн ном, захидлаа явуулсаар байх уу?

Та тоглож байна уу? Явуулахгүй ээ. Яалаа гэж явуулах вэ. Үнэндээ би түүний албаа хүлээлгэж өгөх өдрийг тэсэн ядан хүлээж сууна. Түүнд ном, захидал явуулах гэж ямар их ажил ундардгийг та төсөөлөхгүй дээ. Яах вэ, олон сонирхолтой ном байдгийг олж мэдэж, дуртай номуудаа ахин дахин унших гоё л доо.  Гэхдээ л би түүнийг хурдхан шиг дараагийн хүндээ суудлаа тавьж өгөөсэй гэж залбирч сууна. Тэгвэл улс оронд маань төдийгүй надад ч гэсэн амар болох сон.

Та зохиолуудынхаа үйл явдлаас гадна өнгө аясыг гаргахдаа хүртэл жижиг сажиг зүйлийг ч орхигдуулахгүйг хичээдэг юм шиг санагддаг. Энэ тал дээр яагаад тэгж их хичээл зүтгэл гаргадаг юм бэ?

Аль ч салбарынхан, тэр дундаа урлаг, утга зохиолын хүрээнийхэн жижиг сажиг гэлтгүй бүх зүйлийг анхаарч үзэх нь чухал байдаг. Эрдэмтэд жишээ нь ялих шалихгүй юмны араас хөөцөлдөөд байх шаардлагагүй. Жолоо барьж яваа хүн эвдрэл гэмтэлгүй тэрэг унаж яваа гэдгээ л бат мэдэж байвал хөдөлгүүр нь яаж ажилладгийг заавал мэдээд байх албагүй.

Харин урлаг, утга зохиол бол өөр. Амьдралын утга учрыг эргэцүүлж, дүгнэн шинжлэхэд урлаг л хүнд тусална. Бидний сэтгэлийг дүүргэж, амьдралыг хөөр баяртай болгодог зүйл бол яах аргагүй урлаг, утга зохиол. Зарим хүн урлаг, утга зохиол надад ер падгүй гэж хэлдэг ч үнэндээ тийм биш л дээ. Бидний хувцаслаж, хооллож, хэлж ярьж буй бүхэнд урлаг, утга зохиолын нөлөө бий. Урлагийг үл хайхарч ганц ч ном, шүлэг, жүжиг, кино сонирхохгүй байна гэдэг хүн төрөлхтний хийж бүтээсэн эрхэм нандин бүхнийг бахдан хайрлахгүй байгаагийн л илрэл.

Илүү энгийнээр тайлбарлавал урлаг гэдэг хүнийг бодож эрэгцүүлж, өөрчлөлт шинэчлэлтэд уриалан дууддаг зүйл. Хүн юуг ч өөрчилж шинэчлэхгүй, нэгэн хэвийн байдалдаа дасан зохицож амьдарвал аз жаргал гэгчийг мэдрэхгүй шүү дээ.

Миний бодлоор урлаг нэг талаар хүнийг хөгжөөн цэнгүүлдэг атлаа нөгөө талаар уурлуулж хилэгнүүлдэг. Аль аль мэдрэмжийг нь хүн амсаж үзэх хэрэгтэй л дээ. Тэгж байж л нийгэм маань “амьд” байна. Нийгмийн нэг эд эс болохынхоо хувьд зохиолч хүн үүнд хувь нэмрээ оруулах ёстой. Зохиолчдыг би “Хүүе, та энэ талаар бодож эргэцүүлж байв уу? Үүнийг ухаарч ойлгов уу? Ийм мэдрэмж авч байв уу?” гэж хүмүүсээс асууж, тэднийг багахан ч атугай ухааруулж сэхээрүүлэх гэж хичээж явдаг улс юм болов уу гэж ойлгодог.

Иймэрхүү асуулт асуух нь зохиолч хүний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж та үзэж байна уу?

Үнэндээ бол тийм биш л дээ. Юуг, ямар учраас бичихээ зохиолч хүн өөрөө л мэднэ. Уран бүтээлчдийн нэг олзуурхууштай нь тэд эрх чөлөөтэй хүмүүс. Юу хийхийг минь заадаг дарга надад байхгүй. Мэдээж хэвлэлийн газрынхантайгаа ярьж тохирох зүйл гаралгүй л яах вэ. Гэхдээ тэд миний номыг хэвлэдэг л болохоос яаж бичихийг заадаггүй. Зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, бүжигчин хүмүүс бол юу хүссэнээ хийж чаддаг хамгийн эрх чөлөөтэй улс.

Уран бүтээлчид нь эрх чөлөө гэгчийг тултал нь мэдэрдэг болохоор урлаг гэдэг аюултай ч юм шиг. Тэр утгаараа улс төрчдөд ч халтай эд дээ. Уран бүтээлч хүнд хэнийг ч зулгуйдах шаардлага байдаггүй.

Тийм болохоор зохиолчид хэнээс ч айж эмээлгүй шүүмжилж чаддаг. Гэхдээ заавал тэгэх албагүй. Хэрвээ тийм үүрэгтэй байсан бол өнөөх эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадахгүйд хүрнэ. Юу бичих нь тухайн зохиолчийн л эрх юм даа.

Та одоогоор уран бүтээл туурвиж байна уу?

Нэг зохиолын санаа байна аа. Үнэндээ би үүнийг 20 жил дотроо хадгалж яваа юм. Гурван шимпанзегийн тухай роман л даа. Португалд үйл явдал нь өрнөнө. Бидний амьдралд багш гэдэг хүн ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулах зорилготой. Багш гэдгийг ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн багш нараар хязгаарлахгүй. Мэдээж хүн бүрт эрдэм ном зааж өгсөн гайхалтай багш нар бий. Гэхдээ аав ээж, найз нөхдөөс авахуулаад бидэнд зааж чиглүүлж, зөвлөж ярилцан, зөв хүн болж төлөвшихөд нөлөөлсөн хүн бүхэн бидний багш. Эрхэмлэн хүндэлдэг багш нь мөнх бусыг үзүүлэхэд хүн яадаг юм бол? Хайртай багшаа алдах ямар байдаг бол гэдэг асуулт миний сонирхлыг татсан хэрэг.

Энэ намар аялж ирчихээд зохиолын судалгааны ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна даа.

Та хэр удаан аялах вэ?
Хойд Америкаар хоёр сар орчим явна даа. 

Сэтгэгдэл хэсэг