Б.СУВДДУЛАМ: УРАН ЗОХИОЛООС АВСАН ЗҮЙЛ МИНЬ ДЭНДҮҮ ИХ ЭЭ. ОДОО ХАРИН ӨГӨХ СӨН ГЭЖ БОДОЖ БАЙНА.

Паблишинг та бүхэнд чадварлаг орчуулагчдаа цувралаар танилцуулан орчуулгын болон хувийн уран бүтээлийнх нь талаар сонин сайхнаас хуваалцаж байна. Энэ удаад та бүхэнд танилцуулах орчуулагч бол Батсайханы Сувддулам. Тэрээр 1990 онд Говь-Алтай аймагт төржээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2011 онд Англи-Орос хэлний багш мэргэжлээр төгссөн. 
Б.Сувддулам Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, Канадын зохиолч Янн Мартелийн "Пигийн амьдрал" роман, Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь" туужийн орчуулгаараа утга зохиолын шилдгийг шалгаруулах "Алтан өд" шагналтан болсон юм. Мөн Нобелын шагналт зохиолч Орхан Памукийн намтар, дурсамжийн "Истанбул: Дурсамж ба хот" номыг орчуулан уншигчдадаа хүргэсэн билээ. 


1.     Орчуулсан номынхоо талаар товчхон танилцуулаач?  Юу нь хамгийн их таалагдсан бэ?

Одоогоор Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал”, Францын зохиолч Франсуаза Саганы “Сайн уу, гуниг минь”, Туркийн зохиолч, Нобелын шагналт Орхан Памукийн “Истанбул: дурсамж ба хот” гэсэн гурван номыг орчуулаад байна.

“Пигийн амьдрал” бол англи хэлт уран зохиолын хамгийн нэр хүндтэй Мэн бүүкэрийн шагналыг эзэндээ авчирсан ном. Хөлгүй далайд осолдсон хөлөг онгоцноос цор ганцаараа эсэн мэнд үлдэж аварга том Бенгалийн бартай аврах завин дээр долоон сар амьдарсан хүүгийн сэтгэл хөдөлгөм түүхээр дамжуулж оршихуйн мөн чанар, амьдралын утга учир, итгэл үнэмшлийн талаар ул суурьтай эрэгцүүлэх боломжийг уншигчдад олгосон бүтээл гэж хэлж болно. Надад хамгийн их таалагдсан нь Пигээр дамжуулан илэрхийлж буй итгэл үнэмшлийн талаарх зохиолчийн үзэл баримтлал. Би өөрөө төдийлөн шүтлэггүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Тийм болохоор нэг тал руу хэт туйлширч, аль нэг шашныг бусдаас нь дөвийлгөөгүй нь сэтгэлд гойд нийцсэн. Бас зохиолын харилцан ярианууд нь үнэхээр донжтой, егөөтэй, уншууртай. Орчуулахад маш урамтай байсан. Ёстой л жаргаж орчуулсан даа. Өөр нэг зүйлийг дурдалгүй өнгөрвөл алдас болох байх. Янн Мартел зохиолынхоо тайллыг уншигчдад үлдээсэн нь маш оновчтой шийдэл болсон шиг санагддаг. Пи Пател бодит хүн үү эсвэл зохиомол дүр үү, аврах завин дээр амьтадтай үлдсэн үү эсвэл хүмүүстэй үлдсэн үү гэх мэт асуултыг хариултгүй үлдээснээр уншигчид өөрийнхөөрөө чөлөөт сэтгэх боломжийг олгосон. Ингэснээр “Пигийн амьдрал” жирийн л нэг “survival story”-уудаас товойж гарсан гэж болно.

“Сайн уу гуниг минь” бэсрэг романы тухайд католик шашны уламжлал, дэг жаяг хүчтэй ноёрхож асан Европын нийгмийг илэн далангүй, эрс шулуун бичлэгийн хэв маягаараа доргиосон зохиол. Дээрээс нь зохиолч нь дөнгөж 18 настай бүсгүй байснаараа жинхэнэ шуугиан тарьж чадсан. Гол дүрийн баатрыг гол төлөв өөгүй сайн хүнээр төлөөлүүлж харуулдаг уламжлалт хэв маягийг эвдэж, зүгээр л сайнтай муутай хүн гэдэг талаас нь харуулсан нь маш их таалагдсан. Тэр ч утгаараа уншигчдад, ялангуяа дотоод зөрчилдөөн ихтэй, өөрийгөө эрж хайж яваа залуу хүмүүст сэтгэл зүрх рүүгээ өнгийж, сайн муугаа эрэгцүүлэх боломж олгосон юм шиг санагддаг. Уншигчдын сэтгэгдлийг харахад ч эл байдал илт анзаарагддаг шүү.

“Истанбул: дурсамж ба хот” бол Нобелын шагналт Орхан Памукийн бичсэн дурдатгал ном. Намтар, дурдатгалын номуудыг харахаар (ялангуяа манайхны) ихэнхдээ л сайн сайхнаа бичсэн байх нь элбэг. Харин энэ номын зохиогч өөрийн намтраар дамжуулан төрөлх хотынхоо, цаашлаад улс үндэстнийхээ түүхийг сайнтай муутай нь шударгаар илчилснээрээ онцлог. Ер нь намтар бичлэгийн төрөлд үлгэр загвар болохоор шидээвэр бүтээл гэж хэлж болно. Мөр болгоноос нь төрөлх хотоо гэсэн амь халуун сэтгэл, уран бүтээлч хүний зовнил мэдрэгддэг. Орхан Памук бол Истанбулын “унаган” хүүхэд. Уугуул хотоо арван хуруу шигээ л мэднэ. Гэсэн атлаа дурдатгалаа харь хүний нүдээр харж бичсэн. Үүнд л түүний бүтээлийн үнэ цэн оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр нэг хайрцагт ороод гацчихаагүй, хайрцаг доторхыг нэгд нэгэнгүй мэдэх атлаа хайрцгаа гаднаас нь ч харсан болохоор тэр хайрцгийг хэн хүнээс илүү үнэн бодитоор тодорхойлж чадсан гэсэн үг. Тиймдээ ч хайрцагнаас гарах учиргүй зүйлсийг дэлгэн харуулж, тэгснээрээ нутаг нэгтнүүддээ ад шоо үзэгддэг ч дэлхийн уншигчдын талархлыг хүлээж чадсан. Үнэн хэрэгтээ Истанбулыг, Турк орныг доромжлон гутаасан гэж чичлүүлдэг Орхан Памукийн ачаар л дэлхий дахин түүний эх орныг илүү сонирхож, хүн ардыг нь илүү ойлгодог болсон гэж бодохоор үнэхээр егөөтэй шүү.

2.     Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, эсвэл сонирхолтой зүйлээсээ хуваалцаач?

“Пигийн амьдрал”, “Сайн уу гуниг минь” хоёрыг орчуулахад тийм ч их хүндрэл тохиогоогүй санагдана. Угаасаа ч энгийн хүүрнэл хэлбэртэй, орчуулахад төвөггүй зохиолууд л даа. Яг төвлөрч сууснаа тооцвол “Пигийн амьдрал”-ыг сар хагасын хугацаанд, “Сайн уу гуниг минь”-ийг бол арав хоногт л орчуулсан.

 

Харин “Истанбул:дурсамж ба хот”-ыг орчуулахад тийм амар байсан гэж хэлэхгүй. Орхан Памукийн хэл найруулга өөрөө бас тийм ч амархан барж идэх зүйл биш л дээ. Маш урт, нийлмэл өгүүлбэрүүдээр, адармаатай бичнэ. Гэхдээ яг түүнийг нь бариад буулгаж чадвал үнэхээр гоё. Урсаад л байна. Орчуулахад нэг талаар хүнд ч гэсэн нөгөө талаараа маш сонирхолтой, орчуулагчийн ур чадварыг сорьсон, тэр хэрээрээ улам сайжрах боломж олгодог зохиолч гэж хардаг. Орчуулгын явцад тохиолдсон хөгтэй ч гэх үү, сургамжтай ч гэх үү нэг зүйлийг хуваалцъя.  Би ер нь орчуулж байгаа зохиолынхоо уур амьсгалд гүн орчих гээд байдаг талтай. “Истанбул: дурсамж ба хот”-ыг орчуулж байхад яагаад ч юм гэрээсээ гармааргүй, хэнтэй ч уулзмааргүй санагдаад байсан. Тэгээд хоёр сар утсаа унтраагаад, фэйсбүүкээ хаагаад гэртээ бүгчихсэн. Түүгээр зогсохгүй өнөөх Орхан шигээ шөнийн амьдралтай болж хувирсан гээд л бод. Шөнөжингөө суучхаад, гэрийнхэн ажил, сургуульдаа явж байхад зөрөөд орондоо орж өдөржингөө унтана. Өвөл байсан нь ч нөлөөлсөн л дөө. Ингэж усанд хаясан чулуу шиг алга болсны хүчинд номоо санаандаа тултал орчуулж чадсан ч их олон хүний санааг зовоосон байсандаа дараа нь их гэмшсэн. Уг нь би ингээд хэсэг алга боллоо шүү гэж хэлж болох байсан ч тэгвэл яг тэр нэг гоё мэдрэмжээ амсаж чадахгүй юм шиг санагдаад байсан юм л даа. 

3.     Яагаад уран зохиолын ном орчуулах болсон бэ?

Би бүр багаасаа л ном уншаад цалин авдаг ажилтай болох сон гэж мөрөөддөг байлаа. Гэвч тийм зоргоороо юм гэж хаа байх вэ. Амьдрахын тулд бусдын адил их сургуульд сурч, ажиллах шаардлагатай болсон нь мэдээж. Гэсэн ч энэ миний амьдрах ёстой зам биш гэсэн бодол салдаггүй байлаа. Харин 2015 онд мөрөөдөлдөө ойртох боломж тохиож “Монсудар” хэвлэлийн газарт англи хэлний  редактораар ажиллах болсон.  Хуучин ажлынхаасаа хоёр дахин бага цалингаар ажиллаж байсан ч үнэхээр дуртай зүйлээ хийж байсан болохоор маш их хичээж зүтгэдэг байлаа. “Монсудар”-т  жил зургаан сар ажиллахдаа 2 ном (уран зохиолын бус) хамтран орчуулж, 20-иод ном ариутган шүүсэн байдаг юм. Үнэхээр ч их туршлага хуримтлуулсан. Гэсэн ч миний дотор бие даан уран зохиолын ном орчуулах хүсэл минь байсаар л байлаа. Тэр хүсэл минь 2017 оны хавар “Тагтаа” хэвлэлийн газраас залуу уран бүтээлчдээ дэмжин зарласан уралдаанд орчуулгаа илгээснээр биелсэн билээ. Одоо бол би мөрөөдлөөрөө амьдарч явна аа. Уншигч нь байсан газрынхаа орчуулагч нь болж , холоос харж, хүндэлж явдаг байсан хүмүүстэйгээ нэг дор ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг шүү.

4.     Уран зохиолын орчуулга бусад төрлийн орчуулгаас юугаараа онцлог вэ?

Мэдрэмж шаарддагаараа онцлог болов уу. Бусад төрлийн орчуулга хийхэд хоёр хэлээ, сэдвээ маш сайн мэддэг байхад л хангалттай бол уран зохиолын орчуулгад дээрх зүйлсээс гадна мэдрэмж зайлшгүй хэрэгтэй байдаг. Тухайн зохиолынхоо уур амьсгалыг маш сайн мэдэрч орчуулаагүй үед хүчилсэн, модон орчуулга болчихдог. Орчуулагч хүн эх зохиолоор дамжин илэрч байгаа мэдрэмжийг алдалгүйгээр тэр чигт нь буулгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эх зохиолын инээд хөөр, уй гуниг, эрэгцүүлэл бүхэн яг л тэр чигээрээ орчуулгын бүтээлд туссан байх ёстой. Түүнээс биш инээдтэй зүйлийг уйтгартай болгоод, гунигтай зүйлийг хөгтэй болгоод, эсвэл ямар ч мэдрэмжгүй нэгэн хэвийн болгочхож болохгүй. Үүгээрээ л утга зохиолын орчуулга бусад орчуулгаас ялгаатай.

5.     Хамгийн дуртай зохиолчийнхоо тухай хуваалцаач? Яагаад энэ зохиолчид дуртай вэ?

Хэцүү асуулт байна. Дуртай зохиолч маш олон бий. Гэхдээ намайг уран зохиолд дурлахад хамгийн их нөлөөлсөн нэг хүнийг нэрлэе. Чадраабалын Лодойдамба. Би энэ хүний нэрэмжит Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын II сургуулийг төгссөн. Өглөө бүр сургуулийнхаа хаалгаар ороход Лодойдамба гуайн дөлгөөхөн инээмсэглэл, “Амьдрал бол тоос хөдөлгөж амьд явахын нэр биш. Амьдрал бол өөрийн болоод бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр” гэсэн үг угтдаг байлаа. Анх хоёрдугаар ангийн сурах бичгээсээ “Шаргачин” өгүүллэгийг нь уншаад өнчрөн үлдэж байгаа янзагыг өрөвдөж нүдээ хавдтал уйлснаас эхлээд л энэ хүний зохиолд, ер номд дурлах эхлэл тавигдсан гэж болно. Ерөөлөөр ч гэх үү манай гэрт Лодойдамба гуайн “Бүрэн түүвэр”, Г.Ганбат гэсэн автортай “Монголын сонгодог зохиолч” гэсэн цэнхэр хавтастай амьдрал, уран бүтээлийнх нь тухай маш сайхан бичсэн намтар ном байж билээ. “Бүрэн түүвэр”-т нь “Тунгалаг Тамир”-аас бусад бүх зохиол нь байдаг юм. “Алтайд” роман, “Гарын таван хуруу”, “Энэ хүүхнүүд үү”, “Дусал нулимс юу гэж шивнэсэн бол?” жүжгийн зохиолууд нь хүртэл бий. Есхөн настай охины тэвэрт багтахааргүй зузаан ном л доо.
“Тунгалаг Тамир”-ыг харин тавдугаар ангидаа уншсан. Түүнээс хойш хоёр гурван ч удаа давтан уншсан байх шүү. Монгол хэлээрээ хэд гурван өгүүлбэр холбож бичдэг болоход минь энэ хүний энгүүн атлаа яруу тансаг хэл их нөлөөлсөн гэж боддог. Бас намтар номыг нь уншаад хувь хүн нь ч үнэхээр хүний хайлан байжээ гэж бодож улам хайрлаж хүндэтгэх болсон. Энэ хүний зохиолуудаас би хүний мөс, хүнлэг халуун сэтгэлийг хамгийн их мэдэрдэг дээ.  

 

6.     Хамгийн дуртай зохиол? Яагаад энэ зохиолд дуртай вэ?

Дуртай зохиол гэхээсээ илүүтэй дуртай номынхоо тухай ярья. Монтэний “Сонгомол эсээнүүд”. Хэзээ ч сөхөж харсан уйддаггүй. Унших тоолонд нэг шинэ зүйл эрэгцүүлэхэд хүрдэг. Энэ ном миний амьдралын хамгийн хүнд үед хань болж, бэрхшээл гунигаа даван туулахад тус болж байсан. Тийм ч учраас үнэхээр их нандигнадаг. Ялангуяа "Уй гашуудлын тухайд" гэдэг эсээ нь. Тэнд Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизын эрхэнд ороод байхдаа охиныг нь боол болгож, хүүг нь цаазлахад уйлж гашуудаагүй хэрнээ шадар албатуудаа туугдан явахыг хараад орь дуу тавьсан тухай өгүүлдэг. Камбиз түүнээс охин, хүү хоёрынхоо золгүй хувь тавиланг жишим ч үгүй хүлээж авсан атлаа шадар албатуудынхаа зовлонг зүрхэндээ тийм гүнзгий тусгаж авсных нь учрыг асуухад тэрбээр “Сүүлчийн энэ харуусал бол нулимс болон илрэхүйц байснаас л тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх боломжгүй юм” гэж хариулдаг. Уй гашуудлын тухай энэ мэт олон гайхалтай жишээ эл эсээнд бий. Би тэр үед өөрийгөө их зовж байна гэж бодож байсан юм л даа. Яах аргагүй л зовлонтой, үхчихмээр үе байсан нь үнэн. Гэвч үүнийг уншаад надад учирсан уй гуниг дааж давахын аргагүй зовлон биш, ердөө нулимс болгоод гаргаж чадах тийм л зүйл юм байна гэдгийг ухаарч, сэтгэлээ хөнгөлж чадсан. Энэ ном амьдралд минь хэрэг болсон иймэрхүү жишээ зөндөө бий.  Дээрээс нь Г.Аюурзана гуай үнэхээр яруу сайхан орчуулсан болохоор уншихад ч их урамтай байдаг даа.

7.     Уран зохиол чамд юу өгдөг вэ?

Хүүхэд байхад уран зохиол надад амьдрах итгэл өгдөг байлаа. Миний хүүхэд нас тийм ч аз жаргалтай өнгөрөөгүй л дээ. Санахыг ч хүсдэггүй хүнд хэцүү өдрүүдэд минь өчүүхэн ч атугай гэрэл гэгээ тусгадаг байсан зүйл бол ном, тэр дундаа уран зохиол. Уран зохиолын ачаар л би өөрийн доторх үнэт эрдэнэс шиг чанаруудыг хар бараан дурсамжуудаасаа аварч үлдэж чадсан. Уран зохиолын ачаар л би гэгээн тунгалаг мөрөөдлөө, гэрэлт ирээдүй бий гэсэн итгэлээ алдаагүй. Уран зохиолын ачаар л би сайн хүн болж өсөж, сайн хүмүүстэй учирч, сайн сайхан амьдарч яваа. Авсан зүйл минь дэндүү их ээ. Одоо харин өгөх сөн гэж бодож байна. Сайн сайхан бүтээл үлдээх. Энэ л миний өгч чадах зүйл. Үүний л төлөө хичээж явна, хичээсээр ч байх болно оо.

8.     Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаач?

Урт настай, удаан жаргалтай нэг ном орчуулж байна аа. Орчуулахад сонирхолгүй ч юм уу эсвэл ярвигтай зүйл ер үгүй. Харин ч маш сонирхолтой, орчуулахад урамтай ном. Гэсэн атлаа л өмнөх номууд шиг хурдтай явахгүй байна. Би юм бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдэгт итгэдэг. Магадгүй энэ номын туулах хугацаа ийм л юм байлгүй. Номын баяраас өмнө орчуулж дүүргэе гээд нэг хэсэг шахуу суух гэсэн чинь орчуулга маань санаанд хүрэхээ больчихсон. Өмнө нь өдөрт ганц хоёр хуудсаар мэрээд явж байхад санаандаа тултал буулгаж чадаад байсан л даа. Би ер нь аливаа зүйлийг өөрийнхөө сэтгэлд зуун хувь нийцтэл хийж байж л санаа амардаг сайн ч гэх үү саар ч гэх үү зантай хүн юм билээ. Тийм болохоор зугуухан л явж байна. Ирээдүйд харин Виржиниа Вүүлфийн зохиолуудаас орчуулах хүсэлтэй явдаг.  Ялангуяа “Давалгаа”-г нь. Орчуулагчийн хувьд намайг нэг шат ахиулна гэдэгт итгэлтэй байна. Өөр орчуулахыг хүссэн ном зөндөө байна аа.  Гэхдээ тэр болгоныг хэлээд яах вэ. Тухай бүрдээ мэдэгдвэл зүгээр байх.
Орчуулгаас өөр нэг ажил гэвэл ханьтайгаа, гэр бүлээрээ найзалдаг хоёр сайхан найзтайгаа хамтраад Монгол орныхоо 21 аймгийг, сум тус бүрийнх нь үүх түүх, үзэсгэлэнт газар, эрхэм алдартнуудтай нь танилцуулах үлгэр, танин мэдэхүйн цуврал ном бүтээж байна. Бид Булган аймагт амьдардаг болохоор эхний цувралаараа тус аймгийг танилцуулна. Номын маань ажил ерөнхийдөө жигдэрсэн. Одоо эх бэлтгэл, хэвлэлийн ажил л үлдээд байна даа.    

Сэтгэгдэл хэсэг