ЭЛИФ ШАФАК: СЕРВАНТЕСЫГ ЗОВООЖ АСАН ӨВӨГ ДЭЭДЭСТЭЭ (ОСМАНЧУУДАД) ҮНЭХЭЭР УУР ХҮРЧ БИЛЭЭ.

 

Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн, тун удахгүй уншигч таны гар дээр очих гэж буй "Хайрын дөчин дүрэм" романы зохиолч Элиф Шафакийг уран бүтээлчийнх нь хувиар уншигчдадаа илүү ойр танилцуулах үүднээс бид Британийн The Times Literary Supplement цахим хуудасны "Хорин асуулт" буланд өгсөн ярилцлагыг нь хүргэж байна.  


 

1.      Би бичсэн ч болоосой гэж боддог зохиол танд байдаг уу?

Байлгүй яах вэ. Бүр нэгээр ч тогтохгүй шүү. Гэхдээ “Кихот ноён” шиг дотор загатнуулсан нь ховор байх. Лепантогийн дэргэдэх тулаанд Сервантес хүнд шархдаж зүүн гараа тайруулсан тухай уншаад тунчиг балмагдсанаа тод санадаг. Тэгэхэд би 12 настай байсан юм. Хамгийн түрүүнд “Ямар азаар над шиг солгой байгаагүй юм бэ” гэж бодсон. Бас нэг нууц задлахад Сервантесыг зовоож асан өвөг дээдэстээ (османчуудад) үнэхээр уур хүрч билээ.

2.      Хорин таван жилийн дараа уран зохиолын ертөнц хэр өөрчлөгдсөн байх бол?

Турк, Нигери, Египет, Пакистан, Мексик зэрэг ороо бусгаа улс орны зохиолчид улс төртэй хутгалдана гэдэг амаргүй. Өрнийн зохиолчид ийм зовлонг тэр бүр мэдэхгүй л дээ. Гэхдээ ирээдүйд тэд ч бас бидэн шиг дарамт шахалт, хавчлага гадуурхлаас зугтаж чадахгүйд хүрэх вий. Өөрийн эрх ашгийн төлөө ард олныг турхирдаг популистууд, үндсэрхэг үзлийг хэт дэврээгсэд, шашнаар далайлгагсад, ондоо үзэл санааг үл тэвчигсэд, өөр улс үндэстнийг дорд үзэгсдийн хийрхэлд уран зохиол яаж хариу баривал зохилтой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Дэлхий ертөнц даамай хурдтай өөрчлөгдөж, хүн төрөлхтөн, тэр дундаа эмэгтэйчүүд үндсэн эрхээ эдэлж чадахгүйд хүрч, өрнө, дорно гэсэн “талцал” улам газар авч байгаа учраас улс төрийн сэдвээр бичих зайлшгүй шаардлага зохиолчдод тулгарах вий.

3.      Орчин үеийн зохиолчдоос хэн нь 100 жилийн дараа ч уншигдсаар байх бол?

Харин л дээ. Яг таг хэлэх боломжгүй зүйл шүү дээ. Гэхдээ эдүгээ утга зохиолын ертөнцөд нэрээ дуурсгаж, уншигчдын хүндлэлийг аль хэдийн хүлээчихсэн зохиолчид 100 жилийн дараа ч тэр хэвээрээ л байх болов уу.

4.      Таны бодлоор хангалттай үнэлэгдэж чадахгүй байгаа ямар зохиол (зохиолч) байна?

Тийм зохиол олон шүү. Хамгийн тод жишээ гэвэл Крис Барнардын “Бунду” байна. Африк хэлээр бичигдсэн эл гайхалтай зохиолыг уншигчид төдийлөн анзаарахгүй байх шиг. Хавьер Серкасын “Саламисын цэргүүд” гэж лут зохиолыг мэддэг хүн ховор юм билээ. Саяхныг хүртэл Ханс Фалладаг мэддэг улс хуруу дарам цөөхөн байлаа шүү дээ.

5.      Тэгвэл хэр хэмжээнээсээ илүү үнэлэгдэж буй зохиол (зохиолч) байна уу?

“Мао Зэдуний сургаалууд”. Өрнөдийнхөн “Бяцхан улаан ном” гэдгээр нь сайн мэднэ. Хэдэн зуун саяар нь хэвлэж, зохион байгуулалттайгаар тараадаг. Тэр хоцрогдсон сургаалуудаа хүчээр уншуулаад зогсохгүй цээжлүүлдэг гээд л бод.

 

6.      Хэрвээ танд хүссэн газар, цаг хугацаандаа очиж зохиол бүтээл туурвих боломж олдсон бол хаана, хэдийд очих байсан бэ?

Би готик зохиол унших дуртай л даа. Тийм болохоор 19 –р зууны дунд үеийн Англи юм уу Бостонд амьдарч готик зохиол бичих байсан. 19 –р зууны сүүл үеийн Орос ч байж болох юм. Гэхдээ эмэгтэй зохиолчдод энэ цаг үе л хамгийн ээлтэй нь болов уу... 

7.      Өнгөрсөн хугацаанд бүтээж туурвисан зохиолуудаасаа засаж янзлах боломж олдвол алийг нь засах вэ?

Алийг нь ч засахгүй. Харин бичиж хэвлүүлээгүй зүйлсээ засах байсан. Өөртөө итгэлгүй зангаасаа болоод бичилгүй хойш нь тавьчихсан зүйлс өчнөөн бий. 

8.      Зохиолын баатруудаас хамгийн дургүйгээ нэрлээч?

“Хамгийн дургүй” гэж ямар утгаар хэлж буйгаас тань хамаарна. Хэчнээн дургүй хүргэм ч гэсэн бишрэхгүй байхын аргагүй болтол бичигдсэн эсрэг дүрүүд олон бий. “Живаго эмч” –ийн Паша Антиповын дүр байна. Улам л хоржоонтой, эзэрхүү, дээрэнгүй, хэрцгий болсоор эцэстээ өөрийгөө үгүй хийж дуусахыг нь унших өр өвдөм байдаг.

  

9.      Өөрийн тань уншаагүй хамгийн алдартай зохиол/үзээгүй хамгийн алдартай жүжиг, кино/сонсоогүй хамгийн алдартай цомог юу вэ? 

Айн Рэндийн зохиолууд. “Атлантын нуруу тэнийв”, “Эх сурвалж” хоёрын аль алийг нь “уншсан” л даа. Гэхдээ үнэнийг хэлэхэд хэтэрхий уйтгартай санагдсан болохоор хуудас хуудсаар нь алгасчихдаг байсан. Жүжгийн тухайд эх зохиолыг нь уншсан боловч театрт очиж үзээгүй олон гайхалтай бүтээл бий. Тухайлбал Хэнрик Ибсений “Хүүхэлдэйн байшин” байна. Харин киноны хувьд би Жим Жармушийг шүтэн биширдэг. Түүний найруулсан ихэнх киног хэд хэд давтаж үзсэн шүү. Уг нь бүх бүтээлийг нь мэднэ гэж ам бардам хэлмээр байгаа ч хамгийн сүүлд найруулсан хоёр киног нь хараахан үзэж амжаагүй явна. Бас Мартин Скорсезе, Харви Кэйтэл хоёрт хоёуланд нь дуртай хэрнээ “Нарийн гудамж” –ийг нь үзээгүй л байна.

 

 10.  Таны нууц авьяас юу вэ?

Амттай Сангриа хийж чадна шүү.


Блиц асуултууд:

11.  Жорж Элиот уу, Томас Элиот уу?

Томас Элиот.


12.  Модернизм уу, постмодернизм уу?

Постмодернизм.

13.  Жэйн Остин уу Шарлотта Бронтэ юу?

Шарлотта Бронтэ. 

14.  Камю юу, Сартр уу?

Камю.

 

15.  Прүст үү, Жойс уу?

Прүст.

16.  Кнаусгор уу, Фэррантэ юу?

Кнаусгорыг оюун ухаандаа, Фэррантэг зүрх сэтгэлдээ хайрладаг аа.

17.  Жак Дэррида юу, Жудит Батлэр уу?

Хоёулаа. Делёзийг бас нэмчихье.

18.  Гамлет уу, Зуны шөнийн зүүд үү?

Зуны шөнийн зүүд.

19.  Брэм Стокэр уу, Мэри Шэлли юу?

Мэри Шэлли.

20.  Трэйси Эмин үү, Жэф Күүнс үү?

Гарцаагүй Трэйси Эмин.


ОРЧУУЛСАН Б. СУВДДУЛАМ

Сэтгэгдэл хэсэг