ЧИНАГИЙН ГАЛСАН: БИ ӨДӨР БҮР ГУРВАН ГЕРМАН ҮГ СУРДАГ

 

Чинагийн Галсан нь монголын нүүдэлчин ахуй дунд өссөн бөгөөд өдгөө герман хэлт зохиолч юм. Энэхүү ярилцлагад бид Монгол-Герман орны талаар хөөрөлдөх болно.


“Zeit” сэтгүүл: Ноён Чинаг, та бол монголд төдийгүй германд алдартай магадгүй цорын ганц хүн.  Та жил бүр олон сарыг хоёр улсын хооронд зорчин өнгөрүүлдэг. Тэгэхдээ энэ хооронд нэг улсад очоод, нөгөө улсаас санагалздаг зүйл тань юу вэ?

Ч.Галсан: Монгол байхдаа би эмх цэгц, цаг барилтыг илүүтэй үгүйлдэг.  Монгол хүнтэй уулзахад их найрсаг, асуудалд нааштай хандах мөртлөө дараа нь ярьсан тохирсноо мартаж орхих нь түгээмэл.

“Zeit” сэтгүүл: Тэгвэл эсрэгээрээ таны германд байхдаа монголоос үгүйлдэг зүйл?

Ч.Галсан: Агаар, өргөн уудам тал - “хоосон”. Учир нь германд барилга, байшин зайгүй сүндэрлэхийн зэрэгцээ түүн дотроо дүүрэн тавилга. Ханаар нь ч дүүрэн зураг. Харин монголчуудын хувьд гоо сайхан гэх ойлголт нь “хоосон” юм. Монголчууд ахуйд хандахдаа ч гэрээ эд хогшилоор дүүргэхийг эрмэлздэггүй. Тэнд л гараа алдлаад монголын тал нутаг мэт саруул уужмыг мэдэрч болно.

“Zeit” сэтгүүл: Та номдоо нүүдэлчдийн амьдралын сайхнаас өгсүүлээд хатуу ширүүнийг ч өгүүлдэг. Мөн таны хувьд Берлин шиг том хотод тохь тухыг мэдрэх гэдэг нь юу вэ?

 Ч.Галсан: Германд ирмэгцээ би эхлээд үргэлж Берлинийг зорьдог. Энэ хотын агаараас амьсгалах бүртээ баяртай байдаг. Берлин миний хувьд гайхалтай хот. Би хотын оршин суугч гэхээсээ илүү уран бүтээлч хүн. Оршин суугчид бол тогтвор суурьшил хэрэгтэй. Харин уран бүтээлчийн хувьд үргэлжийн нүүдэл дунд амьдрах хэрэгтэй болно. Байнгын хөдөлгөөн дунд амьдрах  надад төвөгтэй санагддаггүй ч нас явах тусам өөр болох шинжтэй. 

“Zeit” сэтгүүл: Хоёр орны нийслэлийг харьцуулахад танд юу анзаарагддаг вэ?

Ч.Галсан: Улаанбаатар, Берлин ялгаагүй бужигнаж, оволзсон хот. Заримдаа би замын цагдаа болохыг хүсдэг. Берлины замын хөдөлгөөний эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд шүү дээ.

“Zeit” сэтгүүл: Берлинд “Little Mongolia” гэчихмээр газар бий юу?

Ч.Галсан: Берлины нэгэн цэцэрлэгт хүрээлэнд хэд хэдэн монгол гэр барьсан байдаг. Харамсалтай нь цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг мартжээ. Тэнд олон монголчуудтай уулзаж болно. Хэрэв үнэхээр сайн монгол хоолтой газар хайж буй бол Борнхольмер дахь “Чингис хаан” зоогийн газрыг санал болгож байна.

“Zeit” сэтгүүл: Та германд байхдаа германыг монгол дахь гэр шигээ мэдрэхийн тулд тухайлбал та юу хийдэг вэ?

 Ч.Галсан: Өдөр бүр бие, сэтгэлээ дадлагажуулах хэрэгтэй. Жишээ нь: би өдөр бүр гурван шинэ герман үг сурдаг.

 

ГЕРМАН ХЭЛНЭЭС ОРЧУУЛСАН: Б. ЗОЛЗАЯА 

Сэтгэгдэл хэсэг