Я.БАЯРАА: ЖАНР ХЭМЭЭГЧ ТУСГААР УЛСЫН ТУХАЙД

Тагтаа хэвлэлийн газар МҮОНРТ-ийн Р3 радио фм-тэй хамтран хүргэдэг "Үлдэх үг" утга зохиолын подкастынхаа энэ дугаарт бид СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Ядамсүрэнгийн Баярааг урьж сүүлийн үеийн уран бүтээлүүд, урлаг, уран зохиолын тухай халуун яриа өрнүүллээ. Я.Баяраа "Нэг урлаг", “Цөн”, “Таслал” , "Бороонд норсон Чехов" зэрэг яруу найргийн номуудын зохиогч. Түүний “Таслал” ном 2016 оны утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хүртэж байсан. Мөнхүү тэрбээр Театрын урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн муза" наадмын шилдэг жүжгийн зохиолчийн шагналыг 2018 онд "Цагаан толбо" моно жүжгээрээ, 2022 онд Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романыг жүжгийн зохиол болгон хөрвүүлсэн бүтээлээрээ тус тус хүртэж байсан билээ. 



Борооны хэлмэр

Гунихыг би мэдэхгүй
Тийм үгийг сэтгэлээс минь эрэвч олохгүй
Найдвар тасрахыг харин мэднэ
Навчис шарлахад дарсны дон хөдлөх нь 
Бугын дуудлага лугаа байгалийн зөн
Байгалийн зан...
Өөр рүүгээ өнгийвөл гуниг төрнө гэнэ үү?
Өө, түүн шиг ший янгууны үг үгүй ээ
Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр!
Үүр лүүгээ өнгийсөн шувуунд 
Үнэгэнд идүүлсэн өндөгний нь хальс үзэгдэх шиг
Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг
Үүл нь үгүй атлаа бүрхэг өглөө шиг
Үхээд удсан андынхаа гэрийн дэргэдүүр өнгөрөх шиг
Үзэн ядмаар үйлдэл шүү...
Үнэн тийм танин ядмаар хол биш ээ
Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ
Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад
Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ
Энэ л хангалттай.

Сэтгэгдэл хэсэг