УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: ПҮРЭВСҮРЭНГИЙН БАТТОГТОХ

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Орчуулгын төрөлд дээр дурдсанчлан 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 6 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан орчуулагчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн орчуулагчдаас шилдэг ЗУРГААД багтсан дараагийн хүн бол Пүрэвсүрэнгийн Баттогтох: Тэрбээр Английн нэн шинэ үеийн утга зохиолын төлөөлөгч Сара Халлын "Цааш түүний сүнс" өгүүллэгийг англи хэлнээс орчуулсан юм. 


ЦААШ ТҮҮНИЙ СҮНС
(Англи хэлнээс орчуулсан П.Баттогтох) 

Түүнийг сэрэхэд зүүнээс хүчтэй салхи нүдэж байв. Тэр талын цонх хэдий салхины хаалттай ч шуурганы догшин цамнаанд хүч мөхөстөж, хүрээнээсээ салчих шахам хөвхөлзөн, тар нярхийж, цэцэрлэг дэх сараалжны хорчийж атираатсан төмөр хавтас  хадаасныхаа тавыг мулт татаад, хийсэн одох нь үү гэлтэй чихран савчина. Хүүгэн архирах салхины аясанд биетэй бүхэн савлан хавиралдаж, эсвэл эх биенээсээ тас татагдаж, ёолон гинших шиг авиалаад, хийсэн арилж байлаа. Арван хоёрдугаар сарын 23-ны өглөө ингэж эхэллээ. Өглөө ... гэтэл харанхуй. Тэнгэр газар нийлүүлсэн их шуурга цагаан гэгээг хаачихав уу, эсвэл үүр хараахан цайгаагүй байна уу? Тэр хөнжилдөө шургаад хөдөлгөөнгүй хэвтэхэд хөл нь гутал дотроо даарч, хүйтэн агаараар амьсгалснаас болж цээж нь барилдан, бачуурч байв. Гал хэдийнэ унтарчээ. Мод л юм хойно яндан улайстал хэсэг дүрэлзээд л дуусаа биз. Үгүй бол хэт хүчтэй салхинд үлээгдээд унтарчихсан ч байж мэднэ. Модны галыг шөнийн туршид барина гэдэг амаргүй хэрэг л дээ. Нүүрс байсан бол хавьгүй дээр сэн, илчтэй, тэсвэртэй. Гэвч энд бол нүдний гэм, оллоо гэхэд тээж ирэхэд хүнд.

“Босъё доо” гэж бодсон ч тэр хөнжлөө нүүрэн дээгүүрээ татаад, улам цааш шургав. Хэрэв босохгүй бол эндээ үхнэ гэдгээ мэдэж байлаа. Байшин дотор үлдсэн хүмүүс дандаа л гай зовлонд унадаг байсан. Хэн ч тэдэнд туслахаар ирж байсангүй. “Хуй салхины хий – гарт өртөн, хэсэгхэн хог шиг шидэгдэж, хувцас хунараа тайчуулаад, эцэст нь хаа нэг газар тогтон, салхи хөлөглөсөн их элс хүүрэн дээр чинь манхлан овоорч байхыг хэн хүсэх вэ дээ? Тиймээс өчүүхэн ч атугай нөмөрлөчих халхавч руу мөлхсөн нь өлзийтэй” гэдгийг хүмүүс ухаарсных биз ээ.

Ямар нэгэн хатуу зүйл байшинг түжигнүүлэн мөргөөд, занар чулуун дээвэр дээгүүр өнхрөн, хийсч арилав. Далайн түрлэг ирж явна уу гэмээр сүртэй чимээ дээгүүр хүүгэж, дээд тэнгэр сарнин үймэж байлаа. Өчнөөн жилийн туршид юу ч саад болж чадаагүй усны эргүүлэг одоо, чиглэлээ өөрчлөн урсах, задарч, гадагш тэлэн шавхуурдах дээрээ тулжээ. Салхины түрэмгийлэл гэж энэ. Хүмүүс агаарт ч юм уу, уулын оргилд байдаг “Салхины эзэн” гэгчийг бий болгосонд гайхах юм алга. Хэдийгээр үүнийг хүлцэнгүйгээр хүлээн авдаг ч заримдаа тэр хүчний өөдөөс дэмий уурсан хашгирахад түүний туниагүй дуу ташин оддог билээ. Дандаа тэгдэггүй ч гэлээ энэ нь ер тус болж байсан удаагүй. Салхи зүүнээс эргэхэд, тэсч үлдээд байсан олон олон байшингийн дээвэр хуурч, хана нь бүхлээрээ ханаран унасан нь байшин дотор удаан байж болохгүйн бас нэг шалтгаан байлаа. Нуралтаас болгоомжилж, сэрэмжтэй л байх хэрэгтэй. Тэр хажуугаараа эргээд, бие нь заралзсанаас чичрүүлэв. Хэвтэж байгаа буйдан нь чийг дааж, дэрлэсэн дэр нь шингэн зуурмаг шиг үнэртэнэ. Тэр энд бараг унтдаггүй л дээ, гэвч одоо өөрийнх нь өрөөнд Элена байгаа учраас өөр арга байсангүй. Дахиад л нэг томоохон юм байшингийн хажуугаар нисэн өнгөрөхдөө шувуун дээвэр мөргөж, зомгол болтлоо бут үсрэв. Тэр зүүдэнд нь нөлөөлсөн дуу чимээнд ч унтаж чаддаг мөртлөө энэ шөнө нойр нь хулжиж, салхины чиглэл өөрчлөгдөх, хүч нэмэгдэхийг шөнөжингөө чагнан хэвтжээ. Модод амгаланаа тэнгэрт тэмүүлэн цоройж, агаар өөртөө уусаад замхарчихсан мэт санагдах тийм тогтуун сайхан өдөр хамгийн сүүлд хэзээ тохиосныг ч тэр мартжээ. Тийм намуухан цаг үе яг л хүүхэд насны дурсамж шиг, хадлангийн болц гүйцсэн 8-р сарын сүр жавхлан шиг, эсвэл Зул сарын өвөө шиг санагддаг сан.

Урьд шөнө тэр таагүй муухай зүүд зүүдлэн, их л тухгүй унтжээ. Зүүдэнд нь дайн, сүргээрээ үргэж хуйларсан амьтад, бүр Элена амь үрэгдэх нь ч үзэгдэж. Шөнийг ингэж өнгөрөөсний дараа орноосоо босох ер нь хэцүү л дээ. Бусад цагт бол тэр салхитай өдөрт бараг дуртай гэхэд ч болно доо. Байшингуудын хооронд татсан олсон дээр гарч, тэндээсээ үсрэхэд салхи цувыг нь дэвүүрдэн, түүнийг нэлээд хэдэн алхам газар хий үзэгдэл шиг нисгэж чаддаг. Түүнийг энэ хот дахь цөөхөн хүний дунд үлдээх нэг хөшүүрэг нь энэ нислэг байв.

“Босъё доо” гэж тэр дахиад л бодов. Тэгээд босоход үнэхээр хэцүү байсан тул анхаарлаа өөр зүйлд хандуулахаар одосын тухай бодлоо. Асар том биетэй, хар хүрэн одосыг сэтгэлдээ зураглалаа. Данхайсан толгой, хүндийг өргөгч тамирчных шиг булчинлаг том дал, мөр, шувтан бөгс, толгойд нь байнгалаад бэхэлчихсэн мэт харагдах, жижигхэн, ээтэн эвэр.

Өндийн, хөнжлөө ярж.., тэгээд босов. Буйдангийн хажууд нэг бамбар байсныг авч, асаалаа. Даарснаас болоод тэр хөгшин, хөшүүн болчихсон мэт санагдана. Биеэ халааж, үе мөчөө тэнийлгэхээр доороо эргэлдэн явж, хөл гараа далайцтайхан хөдөлгөж, хэд хэдэн удаа үсэрч дэвхрээдэхэв. Өрөөний буланд байх авсаархан хийн зуухыг  бамбарнаасаа гал авалцуулан асааж, ус буцалган, хар цай чанаж уулаа.

Бамбараа авч, бүсгүйн унтаж байгаа өрөө рүү явлаа. Өрөө дулаахан байна. Бүсгүй харанхуйд дургүй учир дэргэдээ жижигхэн чийдэн асаалттай орхиод, унтжээ. Өрөөн дэх гал улбартан, ассаар л байв. Амьсгалах чимээгээр нь түүнийг унтаж байгааг таамаглаж болохоор аж. Бүсгүй хажуу талаараа хэвтсэн бөгөөд цамцных нь цаана их гэдэс түхийнэ. Залуу шалан дээр унасан хөгжлийг нь авч, эргүүлэн хучихад тэр хөдөлсөнгүй. Хэдийгээр нүд нь зовхио гүрвэлзүүлэн түргэн түргэн хөдлөх авч өөрөө их л амгалан, тайван байх шиг санагдав. Өрөө байшингийн нөмөр талд учраас энд арай л нам гүм байна. Салхи исгэрэн сүүгэх нь сонсогдовч агаарын урсгал цааш алслан одож байлаа. Өчүүхэн, үртэслэг хөө яндангаар унан, гал руу орж, зуухнаас гадагш оч үсэргэнэ. Тэр нойрсож буй Эленаг ажиглав. Үсээ түүнийх шиг богиносгон тайруулсан ч буржгар, хараараа ялгаатай аж. Аниагүй үедээ түүний нүд туйлын үзэсгэлэнтэй – шар, шар ногооноор солонгорсон өнгөтэй. Тэр бүсгүйн хажуугаар хэвтээд, мөрөөр нь тэвэрч байгаагаар төсөөлөв. Зарим үед түүнийг шалгахаар орж ирэхэд бүсгүй сэрээд, түүн рүү хардаг боловч ихэнхдээ зүгээр л шалгах гэж ч юм уу, цай, хоолыг нь, эсвэл гал сэргээх мод өгөх гэж ирж байгааг нь мэддэг байв. Гэвч заримдаа санаа зовсон шинжтэй харагддаг нь хүүхдээ гарчих вий гэж бодсоных гэдгийг залуу таамагладаг. Тэр өөрөө ч бас тийм зүйл болох вий гэж айдаг. Тэр амьдралын ухаантай хүн гэсэндээ эмчилгээний сэдэвтэй ном олж ирсэн боловч өдийг хүртэл хуудсанд нь салхи оруулаагүй л байгаа юм.

Элена ойролцоогоор гучаас, гучин тав орчим настай л болов уу даа, Англи хэлний багш, их дуугай, гэхдээ хоол авчрах болгонд талархал илэрхийлдэг эелдэг бүсгүй. Тэр хариуд нь “зүгээр дээ” гэж хэлэхдээ “хатагтай” гэдэг үгийг бараг л нэмчих шахна. Аз болоход түүнд их хэмжээгээр байсан улаан лоолийн сүмстэй, сардин загасанд дуртай байж таарчээ. Бүсгүй өөрт нь болоод, хэвлий дэх хүүхдэд нь юу тохиолдсон тухай огт хэлдэггүй, гэвч залуу таамагладаг. Тэр бүсгүйг католик шашны орхигдсон сүмээс олсон юм. Тэнд хоёр эрэгтэй хүний цогцос байсныг нүүрнийх нь бүтээлгийг татаж харвал үхээд удаагүй мэт харагджээ. Элена  уйлаа ч үгүй, залбираа ч үгүй, гоёмсог цонхны хажуу дахь дугуйрсан цоорхой руу ширтээд л зогсож байж.

Тэр бүсгүйд тагтай төмөр аяганд хийсэн цай, сардин загас үлдээгээд өрөө рүүгээ буцав. Ямар ч шаардлагагүйгээр өдөр бүр хийдэг улигт шалгалтаа хийгээд буцаж байгаа нь энэ. Шаардлагагүй гэдгийг нь мэддэг ч түүнийг ингэж шалгасныхаа дараа өөрөө тайтгарал мэдэрдэг болохоор ийн өдөр бүр давтана. 

Хийн түлшний лонх, алаг тууз, хоол хүнс, хувцас хунар, өвчин намдаах эм, зай хураагуур, хутга, олс... Амьдарч л байгаа хүнд бол наад захын хэрэгцээ болдог хэдэн арван нэр төрлийн зүйлсийг төмөр лаазнуудад овоолж орхисон бол зарим үед аар саархан мэт санагддаг ч бусад үед үнэ цэнэтэй мэт бодогддог, арай нарийн нандин юмсаа хийсэн бас нэг хайрцаг бий. Түүн дотор ээжийнх нь, мөн сургуулийн хөлбөмбөгийн багийн өмсгөлтэй жаахан дүүгийнх нь гэрэл зураг, одоо бол хэрэгцээгүй зүйл болж хувирсан өөрийнх нь иргэний үнэмлэх, Эленад зориулан цуглуулж байгаа жүжгийн хэдэн хуудас байна. Элена ном унших их дуртай боловч энд түүнд уншчихмаар ном сэтгүүл тийм ч элбэг биш. Тиймээс залуу сүүлийн нэг, хоёр сар энэ жүжгийг олж бүрдүүлэхээр чармайж явна. Санаснаас ч хэцүү даалгавар санж. Мөн ч олон ном устгагдлаа даа. Нэг удаа барилгууд хөмөрч унахад тэнд байсан цаасны төрөлтэй бүхэн норж, ялзарч, бэх нь баалсан. Заримдаа ганц догол мөр ч юм уу, дан мөрөнд л итгэл найдвараа даатгах хэрэг ч гарна.

Эрхэм дотно хүмүүс минь намайг дарлаж, эсхүл албан хэргийг минь бүдүүлгээр нурааж орхидог, гэвч тэд ийм олхиогүй үйлийнхээ ул мөрийг цагаан будгаар далдалж орхидог байсан. Хааяа тэд биднийг дарвуулт хөлөгт суун далайн гүн рүү хэдэн бээрт, өөрсдийн бэлтгэсэн өмхөрсөн завины шалдан тураг руу очихыг шаарддаг байлаа . . .

Хотын номын сан анхны хүчтэй шуурганаар нураад уначихсан. Гайхах юмгүй л дээ, жараад оны үед баригдсан, хотын захиргааны барилгын нэг хэсэг байсан юм чинь. “Барилга хичнээн хуучин байх тусмаа л төчнөөн бат бөх байх болж. Хүмүүс барилгын ажилдаа их мууджээ, эсвэл залхуу болж” гэж тэр бодно. Тэр гялалзуур, түргэн хөдөлгөөнтэй учраас гадуур явахдаа аюул ослоос мултарч гарахдаа гаргууд. Учиргүй аймхай амьтан гэвэл бас биш, гэхдээ л тиймэрхүү осолд хэзээ ч өртөж байсангүй. Үүргэвчээ авч, яг л багласан шүхэр шиг биедээ чангахан уяж, салхи хүүдийлэхээс сэргийлэн, ханцуй, шуумагаа даруулан гар, хөлөө ороогоод, аврах олсоо шалгаад, агаараар нисэн ирэх аюулаас сэрэмжлэн цаг ямагт ийш тийш хараачлан явна. Ямар ч үед “аюулгүй” гэж бардаж, сэрэмж алддаггүй зантай.

Тэр өрж хураасан, улаан салмон загаснаас нэгийг авч, задлаад, хүйтнээр нь идэхэд, шарх, сорви болсон хэл нь дарвигнан чимчигнэнэ. Магадгүй араас нь жимс идэх хэрэгтэй байх, гэвч байгаа багахан жимсээ Эленад өгсөн нь дээр гэж үзэв. Өвлийн улиралд өглөө оройдоо бага боловч хоол идэх нь чухал. Тэр энд дөрөв дэх өвлийнхөө нүүрийг үзэж байна. Өнгөрсөн жил ганцаараа байсан учраас Зул сарын баярыг тийм ч сайхан тэмдэглээгүй, харин Эленаг олж ирснээр бүх зүйл арай л дээр болсон, Зул сар ч бас тийм л байх болов уу. Тэр лаазны ёроолд үлдсэн хальс, нитгэлхэнийг хумсаараа чимхэн авч идээд, дотор бялууруулсан тосыг нь хүртэл уучихав. Бага зэрэг загасны мах амтагддагийг эс тооцвол тос нь арилаагүй лаазанд гурилан дамплинг хийхэд тохиромжтой байдаг тул лаазаа ч хаясангүй. Өөр нэг нүд бүлтийлгэм бэлэг нь, тэр зул сарын зоогоо төлөвлөчихсөн байж. Түүнд ганцаараа идчихэд дэндүү хайран санагдаад, хоёр жил хав дарсан, утсан гургуулийн мах, улаан үхрийн нүд, чанамал төмс, жинхэнэ Зул сарын амтат цэлцэгнүүр байж. Тэд энэ бүхнийг халаагаад болох нь тэр. Хоёр нэр төрлийн хоол л гэсэн үг. Тэр ч байтугай түүнд цэлцэгнүүрээ даруулах, жижигхэн шилтэй виски ч байна гээч!

Тэр байшингийн ар тал руу очин, салхины хаалтан завсраар шагайж, нүдгүй шуургатай тэмцэн наашлах үүрийн гэгээг олж үзэв. Гэгээ орох гэдэг нь ихэнхдээ шуурга намжих гэсэн утгыг давхар илтгэдэг сэн, өнөөдөр бол үгүй аж. Энэ өглөөний гэгээ хүчилсэн, бүүдгэр, шар туяа байлаа. Уранхай тасархай даавуу, модны холтос, залтас, өөрчлөгдөн хувирч, юу нь мэдэгдэхгүй болсон юмс салхины хурдаар нисэн өнгөрсөөр л байна. Тэр зарим үед ингэж хийсэн тараагдах юмс газар дээр хангалттай үлдсээр байгаад алмайрч, зарим үед эдгээр хог хаядлуудтай адил сая сая гутал, шаахай, лонх, сав, цаасан хайрцаг дэлхийг тойроод тасралтгүй эргэлдэн нисч байдаг болов уу гэж гайхна. Зузаан зузаан үүлс тэртээ дээгүүр хурдлан нүүж, тэнгэрийн хаяан дахь салхины эргүүлэгт ховх сорогдон, оргүй хоосонд уусан замхарна. Хүчтэй салхинд ташсан шамарга нүдэнд харагдахгүй шахам шуургална. Ийм өдөр гадагш гарна гэдэг яавч зөв шийдвэр биш. Түүний дагах зарчим бол “Ерээс илүү хэрэггүй” гэх юм уу “ер байхад л хангалттай”.  Гэвч тэр сүүлийн хэдэн хуудсыг хайж олохыг хэтэрхий ихээр хүсчээ. Өрөөндөө эргэн ирж, гадагш гарахад бэлтгэлээ. Усны хамгаалалттай, нүсэр хүнд өмд, хүрмээ өмсч, ус, салхины хамгаалалттай нүдний шилээ цэвэрлэж, зүүв. Хүрэмнийхээ юүдэнг өмсөөд, дэгээг нь ахиулан, чангалж уялаа. Тэгээд хүзүүгээ, ханцуйгаа, шагайгаа, өвдөгөө, тохойгоо ороов. Бээлийгээ өмссөн ч, хэрвээ ахиж ном олбол түүнийг тайлж авна гэж тооцоолоод, бугуйндаа бэхэлж уясангүй. Номын хуудсыг эргүүлэх, шаардлагатай бол урж авахад түүний гар хуруу түргэн шалмаг хөдөлж байх хэрэгтэй. Ингэснээр тэр өрөөсөн бээлийгээ юм уу, хоёуланг ч салхинд алдаж мэднэ, гэвч тэр энэ эрсдлийг өөртөө үүрэхээр шийджээ. Ингэж хувцасласны дараа тэр бараг л бин битүүлэгдчихсэн мэт санагдахад, “яг л шумбагч шиг.., шуурганд шумбагч” гэж бодов. Гэхдээ л ингэж болгоомжлох нь цагаа олоогүй баатарлаг явдал, их зоригоос дээр дээ. Дуулга өмссөн нь түүнийг хэт болхи, нүсэр болгох шиг санагдаад, нэг л таарамжгүй байв. Үүргэвчиндээ хүндрүүлэгч болгож нэгэн улаан чулууг хийлээ. Тэр мухар сүсэгтэн биш учраас үүнийг азын чулуу гэж бодох дургүй, гэвч битүүхэндээ аз авчирч мэднэ хэмээн горьддог. Өндгөн хэлбэртэй, ягаан, цагаанаар судалтсан, сургуулийн геологийн лабораторид байдаг асан энэ чулууг хожим нь тэр нурангин дундаас олжээ. Энэ хүндрүүлэгчийг үүргэвчнийхээ ёроолд хийчихэд, аялалынхаа явцад олоод, авч ирэхийг хүссэн аливаа зүйлд хангалттай зай үлддэг юм. Ямар нэг нарийн, нандин юм олбол ороож, боох нийлэг баглаа ч түүнд бий. Тэр гоёмсог эд болон мөнгөнд шунаг ч гэсэн юу хэрэгтэй, юу хэрэггүйг ялгаж, салгахдаа гарамгай, тиймээс ашиггүй зүйл авч ирнэ гэж бараг л үгүй.  Ээж нь үргэлж л “Түүний төрсөн өдрийг тэмдэглэхэд амар байдаг юм. Хүүхэд гэхэд олон тоглоом, эд хэрэглэл хүсдэггүй” гэж хошигнодог сон. Хөөрхий, ээж нь томуугийн цар тахлаар өөд болсон юм. Жаахан дүү нь ч бас.

*******

Байшингаас гарах хоёр хаалга бий. Нэг нь хойд, нөгөө нь баруун талд. Тэр баруун хаалган дээр ирж зогсоод, сурсан зангаараа одос үхрээ бодов. Тэгээд хаалгыг нээж, агаарын таталтыг мэдэрмэгцээ бүр өргөн нээгээд, аваарын хаалганы арын сул зай руу шурган орлоо. Аваарын хаалга дотогшоо онгойх ба аль ч талаасаа түгжигдэх боломжтой. Тэр замган түгжээг мулталж, нүүр амгүй балбах салхины өөдөөс биеэ хүчлэн зүтгэсээр, гадна талд хөлөө бат гишгэж аваад, хаалгаа хаав. Байшингийн аль ч талд ялгаагүй, салхи галзуу араатан шиг авирлаж, хог новш юухныг ч хийсгэн авчирч, хийсгэн арилгаж, ер нь буулгачих л гээд байна. Энэ сүрт үзэгдлийн дунд түүний байшин л ажиггүй, бат орших мэт санагдана. Хаа очиж энэ сайн сонголт болсон, хотын захын нам дор байрлалд, намхан боловч суурь томтой, том гадна хаалга, цонхны хаалттай, дан тагз. Тэр өөрөө үүнийг усны далан барьдаг сайн чанарын материал ашиглан, бага зэрэг өөрчилсөн юм. Цэцэрлэг дэх сараалж нь харагдаж байгаагаасаа илүү найдвартай. Энэ түүний амьдарч байгаа тавь дахь байшин. Эхнийх нь түүний ээжийнх, гучаад оны дунд үед баригдсан, цагаан байшин байсан. Гудамжныхаа бусад байшингуудын л адил сүрэл шиг л амархан нурж унасан даа. Тоосгон хана бат бөх гэдгийг түүний амьдарсан хоёр ч байшин батлан харуулсаан, гэвч тааз өндөр,  цонх том болохоор салхинд сүйдэхдээ амархан байдаг юм билээ, дээврийг нь хуу татаад л хаячихна. Энэ тагзанд орохын өмнө, Крэйг гэдэг хүнтэй, захын ойролцоох нэг эхүүн үнэр ханхийсэн хамгамжийн агуулахад хэсэг амьдарсан. Энэ бол хамгийн аймшигтай, аргаа барсан, яг л хархных шиг хогийн амьдрал байсан даа. Крэйг түүнээс хамаагүй ахмад мөртлөө амьдралаа төлөвлөх ухаанаар дутмаг нэгэн байв. Тэр боломж гармагц Крэйгийг өрөвдөх ч үгүй орхиод нүүсэн юм. Тэр цагт гэрэлт цамхаг л амьдрахад хамгийн сайн сонголт болох байлаа, дугуй хэлбэртэй, хаданд гүн суулгагдсан, салхи шуурганы цохилтонд тэсвэртэй. Гэвч далайн түрлэг аймшигтай их байсан болохоор эрэгт хүрч болоогүй юм. Дээрх бүхэн тохиохоос өмнө тэр нэг мэдээний хэсгийг үзээд, тийм аймшигтай, цамнасан давалгаа байдагт итгэж чадахгүй байжээ. Шөнө нь тэр давалгаа нутгийн гүн рүү ороод ирж хэмээн хар дарж.

Тэр хот дундуур явах чиглэлээ төлөвлөөд, задгай чөлөөг чиглэн, байшингийн хана дагуу бага багаар урагшиллаа. Аюулгүй аялахын тулд болж л байвал гудамжны баруун талаар явахыг хичээнэ. Гэвч энэ нь унанги, нурангийн ямар ч аюул тохиохгүй гэсэн үг бас биш ээ. Урьд нэгэнтээ тэр нуранги хананаас зугтах гэж байгаад хүчтэй салхинд хийсэн, хатуу хана, овоорсон нуранги руу шидүүлж, хүзүү, бугуйгаа гэмтээж байсан удаатай. Тэр барилгуудын дуу чимээг чагнаж үзээд, зөвхөн эрсдэл багатай мэт санагдсан руу нь л зориглож орох хэрэгтэй. Викториа[1] - гийн үеийн томоохон байшигууд одоо ч байгаа, мөн хайсан зүйл нь байх хамгийн магадлалтай Алтан Гурвалжин руу тэр явахаар шийдэв. Байшингийн буланд сөгдөн сууж, хүзүү, мөрний булчингаа хөвчлөн чангалаад, толгойгоо ил гарган шуурганы байдлыг тандлаа. Салхины хүч маш их байв. Аюул тарихуйц томоохон биет ирж байгаа эсэхийг шалгаж хараад, доош хэвтэн мөлхөж эхэллээ. Хэдий доогуур мөлхөнө, хатуу зүйл нам цохиулах эсвэл хурц ирмэгтэй зүйлд толгойгоо хяргуулах магадлал төдий чинээ багасна. Байшингийн өмнөх цэцэрлэг нэгэн цагт ямархан байлаа даа, харин одоо өвс ногоо нь халцраад, зам татчихаж. Газрын хэвгий, шорооны далагнал түүнийг улам хурдан өнхрүүлж, салхи ар нуруунаас нь түлхэн, урагш гулсуулна. Улам доош навтайн хэвтээд, фермийн байшин, хамгийн эхний олс руу чиглэн, яг л гүрвэл шиг мөлхөж байлаа. Тэр зам гудсын нөхцөл байдалд тохируулан газар ахих өөр өөр арга барилтай. Зарим үед хэдэн бээр газар мөлхөнө, заримдаа сармагчин шиг бөхийн хярж, хөл дээрээ алхана, хэрэв салхи үе үе намдсанаа, гэнэт хуйлран дэгдэж байвал тэр тоолонгоор ухасхийн гүйнэ, заримдаа салхинд толгойгоо ил гаргаад, чигээрээ алхах нь дээр санагдана, зарим нөхцөлд салхи руу нуруугаа харуулан, хойш налж, өсгийгөө газарт шигтгэн явах нь хамгийн сайн арга болно.

Үхтлээ айж, бас сэргэн баясч явсаар түүний хүч тамир нь аль хэдийнэ барагджээ. Дээш босох гэж оролдох бүрт хилэнт шуурга түүнийг бөхийлгөн дарна, тиймээс энэ хүчирхийллээс зугтан зайлсхийхийн эрхэнд нам суусаар явна. Тэр барилгуудын хооронд татсан олсноос зуурч авав. Хэдэн хоногийн өмнө энэ барилгуудыг шалгасан учир олсны үзүүр тайларчихаагүй гэдэгт бүрэн итгэж, овоохон хүчтэй угзарлаа. Яг одоо өөрөө барьж байгаа болон өөр олон олсыг дахин чангалсан болохоороо ийм итгэлтэй байгаа хэрэг л дээ. Фермийн барилгаас өнгөрөөд, аюултай, задгай талбайд ирэв. Цаг агаар үргэлж дургүй хүргэм байдаг болохоор нь энэ газрыг “Хафф[2]” гээд нэрлэчихэж. Энд томоохон морин тойруулга байснаа ашгүй хот байгуулагдахад хаяа дүүрэг нь болж, гудамж зам, барилга байгууламж баригдсан юм. Бас нэгэн цагт энд гайхалтай моддын төгөл байсан, чинар, царс, эвэр мод гээд л. Томоохон гудамж замууд тэднээр тусгаарлагдаж, хаварт ургамал тэднээс тоос хүртэж, намарт хүмүүс тэдний навчийг түлдэг байсан. Одоо унаад, үхээд бараг л дуусч байна даа. Мөн эндээс их хэмжээний түлээний модыг ачаад л явчихсан байдаг. Тэр аваад явж байгаа хүнийг нь ерөөсөө олж хардаггүй байв. Нэг сарын хугацаанд энд харсан хүний тоо бараг гарын таван хуруунд багтах байх шүү. Хааяа л нэг цэргийн, хуягласан, том машин давхин өнгөрч харагдана. Гэвч цонхыг нь төмөр тороор хаачихсан тэр машинаас цэргүүд толгойгоо ч цухуйлгадаггүй. Өрнөдөд илүү амар, амгалан байх болов уу, тэнд илүү нийгэмшил, халамж хамгаалал байх болов уу гэж найдаад маш олон хүн тийшээ явчихсан. Харин тэр үүнд яасан ч итгэхгүй, хэзээ ч эндээс явахыг хүсч байсангүй.

Тэр Хаффт хүрмэгцээ арай л бодлоо өөрчлөөд буцчихсангүй. Салхиар дэгдсэн шороо түнэрлэсэн их үүл болоод, толгой дээгүүр нь нүүгэлтэж, хэдхэн хором тутамд л ямар нэг юм тачигнан, дэрвэн хийсч, харван унаж, газарт ойн, дахин хөөрч байлаа. Тогтуун өдөр бол тэр том төмөр цар авчирч түүн дээрээ суугаад, “чарга” – ныхаа хүрдыг сааруулахаар өсгийгөөрөө газар тулж, тэнцвэрээ хангахаар биеэ займчин, энэ талбайд гулгадаг сан. Өнөөдөр бол тоглож наадахдаа манатай, хүзүүгээ хугалчихаагүй яваа нь зол болж байна. Үүнийг туулан гарна гэдэг салхитай тулалдаж, сэгсрэгчинд орсон бөмбөлөг шиг тал тал тийш шидэгдэн үсчих зүйлсийн нэг болж, бусадтай мөргөлдөхийг зөвшөөрсөнтэй утга нэг хэрэг. Энэ чөлөө их өргөн учраас олс хүрэхгүй, тиймээс тэр бэхэлгээгүйгээр явах ёстой болно. Салхи намжих төлөв ер алга тул ганц хоёр хоромд бэлтгээд, фермийн хананаас хөндийрч, эсрэг зүгт мөлхлөө. Эрчээ сулруулахгүйн тулд дөрвөн мөчөө аль болох түргэн хөдөлгөхийг хичээвч, шуурга түүнээс илүү хүчтэй байлаа. Хэдхэн мөчийн дотор салхи түүнийг дийлж, бөгсөн биеийг нь хөндийрүүлснээ тэр чигт нь аваад шидчихэв. Үүргэвчин дэх улаан чулуу ар нуруу руу нь хүчтэй савахыг мэдрэв. Эхлээд хөл дээрээ гулссанаа, толгойгоо тугдайлган унаж, тэгээд хажуугаараа өнхөрч, нэг мэдэх нь ээ өвдөг нь ч тэр дээр явах шиг. Хамаг яс нь үйрч, яйрч байх шиг санагдав. Энхэл донхолтай, хатуу газар ясны нь заадлуудыг салтал сэгсчинэ. Гараа доош тавиад, ханцуйгаар нь дүүрэн хог байгааг мэдрэв. Шагайнд нь ямар нэг хурц үзүүртэй зүйл зоогдож, маш их өвдөж байлаа.

-       Новш ... новш, новш, новш.

Өөрийгөө жаахан тайтгаруулж, бодол ухаанаа цэгцэлсний дараа, шагайндаа зоогдсон зүйлийг ч авалгүй цааш явлаа. Өөр хийж чадах юу ч байсангүй. Одоо ч тэр урагш түрэгдсээр л байна. Хамаг  чадлаараа газарт улдан гишгэж, зогсохыг хичээсээр байтал хуучин морин тойргуулганы дэргэд бараг л ирчихэв. Салхи дахин хүчтэй үлээхэд тэр урагш тонгорцоглон унаж, мөр, өвдгөө үзүүртэй чулуунд цохиод, хэсэг манаран, алмайран хэвтлээ. Эргэн тойронд нь шороо шажигнан бууж, агаараас шороо амтагдаад, амьсгалахад ч хэцүү болж ирэв.

Тэр толгойгоо хажуу тийш эргүүлэн шүлсээ нулимав. Нүдээ нээхэд шилнийх нь өрөөсөн шагайвар цуурчихсан, харах чигийг нь хэрчиж байв. Одоохондоо тэр дажгүй л байна, гэвч хөдлөх хэрэгтэй тул тусгаарлагч ханыг даган мөлхөв. Өвдөг нь яая гэтэл янгинана. Мөрт нь тааралдсан хамгийн эхний завсраар шурган орлоо. Өндийн босч, хурц ирмэгтэй цахиур налан зогсоод, нүдний шилээ авч, цэвэрлэн, бээлийгээ тайлж, дотор нь орсон хог шороог гаргав.

“Дүүрчихсэн тэнэг.., үйлс нь хазайсан амьтан” гэж дотроо өөрийгөө зүхэж байлаа. Тэр амьдрахыг гэнэт маш ихээр хүсэв, энэ хүсэл түүний оюун санааг нь сэргээв, энэ мөчид түүнд урьд өмнө мэдрээгүй бодитой мэдрэмж төрөв. Амьдрах хүсэл нь түүнийг дахин сэргээлээ.

Тусгаарлагч ханыг 12 фитийн зузаантай барьсныг үзэхэд үүнд нэлээд нухацтай хандсан нь илт. Түүнийг бага байхад ханын зарим хэсгийг сэргээн засварлаж байсныг санадаг.

Хотын зүг харвал жинхэнэ сүйрэл тохиогоод өнгөрч байна. Байшингуудын дээвэр, дээд давхрууд нурж унаад, ард нь тавьсан машинуудыг хэмх цохичихож. Хүчтэй шуурга зүг бүрт даалууны эффект үүсгэн нурааж, үйрмэг болсон тоосго, чулуу, зомгол болсон модыг тал тал тийш нь цацлан шидэлнэ. Тэр доош бөхийн, замаа нягталж хараад, хазганан гэлдрэв. Алтан гурвалжин хүртэл нэг бээрийн зай байна. Гадуур нэг ч хүн үл харагдана. Аюулгүй замаа даган явсаар аваарын олсонд хүрч, нэг гараараа олсноос татаж, нөгөөгөө давуулан барих маягаар өөрийгөө урагш хүчлэн чирнэ. Хагарсан шилний шагайвраар харахад урд нь нэг хачин аалзархуу амьтан байх шиг харагдаад байлаа. Гэвч тэр шилээ авсангүй, үнэндээ бол нүдээ бүр сохлохыг хүссэнгүй. Уй төрүүлэм нуранги, балгасан дундаас тэр гайхалтай, сонин зүйлийг олж харлаа. Амьтан! Энд амьтан их ховор л доо. Эндхийн тэнгэрт шувуу нисч үзэгдэнэ ээ л үгүй, бүр өвчтэй, шархтай цахлай ч үгүй шүү. Харх бол олж харж болно оо, газар доор амьдарч л байгаа. Муур, нохой цөөн бий. Дандаа л өлсөж, гуринхалсан, золбин амьтад. Идэх хоол олдохгүй, өсөн төлжиж байгаа юу ч байхгүй, ангуучлах амьтан ч ховор болохоор арга ч үгүй биз. “Хүмүүсийн амьдрах тэмцэл ч муудаж дээ. Гэхдээ тэд ядах нь ээ лааз онгойлгогчоо ашигласаар байгаа юм даа” гэсэн бодол толгойд нь үргэлж орж ирнэ. Хоёр жилийн өмнө тэр энд нэг буга олж харжээ. Зургаан салаа эвэртэй, улаавтар буга яг түүний өмнө, хөлбөмбөгийн талбай дээр зогсож байж. Тэр яг л ой дотроо байгаа юм шиг маш тайван, огт үргэж, зугтах шинжгүй зогсож байлаа. Үргэлж л тэнд зогсож байсан юм шиг, ойдоо тайван зогсож байхад нь ойр тойрных нь модод нэг нэгээр цөөрсөөр ой бүхлээрээ алга болоод, түүнийг халхлах юу ч үлдээгүй юм шиг зогссоор л байжээ.

Тэр бас аймшигтай зүйл ч олж үзэв. Салхинд хийссэн шилэн хавтанд нэг хүн цохигдон, голоороо тасраад, гэдэс дотор нь цувчихсан хэвтэнэ. Хагархай толгойгоор нь түүнийг Крэйг мөн болохыг таньжээ. Сайн сайхан зүйлс ой санаанд үлдэж, эргэн дурсагдаж, хөөр баярын шалтгаан болдог. Эленад тэдгээр хуудсыг олж өгөх, хамтдаа Зул сарыг дурсамжтай сайхан тэмдэглэх гэж хичээхийн цаад утга нь үүнд буй.

Тэр шуурганы өөдөөс хүчлэн зүтгэж, хот дундуур урагшиллаа. Аль чадахаараа л нөмөр бараадан, хийсэх мод, нурах чулуудаас сэрэмжлэн явна. Цаашид хөл дээрээ тогтоход ч бэрх болсон тул төв танхимын хажуугийн модны хожуул дээр хэвтээд түр амсхийлаа. Түүнийг Викториа дүүрэгт хүрч ирэхэд овоорсон нурангинуудын нэгнээс нь утаа уугиж байлаа. Тэр болгоомжтойгоор дээшлэн хүрч харвал зүгээр л нэг гишүү мод шатаж байна, цахилгааны үсэрсэн очноос ч юм уу, үрэлтээс авалцсан гал биз. Дотогш ороход хамгийн тохиромжтой байшингууд одоо хоёр эгнээний цаана байна. Заримынх нь зөвхөн дээвэр нь цоорсон, яндан нь цөмөрч орсон, ихэнхийнх нь цонх салж унасан бий. Хэрэв ялуу нь дээрээс уначихааргүй шиг харагдвал тийш орж болно л гэсэн үг.

Тэр эзэнгүй гэдгийг нь баттай мэдэхийн тулд эхлээд гаднаас нь дууддаг. Энэ ч тийм мундаг ёс суртахуун биш л дээ, гэхдээ бас айхтар тонуул, дээрэм ч гэж тооцогдохгүй байх. Хүмүүсийн хаяад явчихсан зүйлсийг л авч, дахин ашиглаж байгаа хэрэг шүү дээ. Тэр өмнө нь хоол хүнс, зай хураагуур, чухал хэрэгцээтэй юухан, хээхэн эргүүлдэн, энэ байшингуудын зарим руу нь орж байсаан. Тэдэн дунд эмч, хуульчид амьдарч байсан болов уу гэмээр (өөрөө тэгж төсөөлсөн) гайхалтай сайхан байшингууд байх аж. Тэдгээрт ширмэн пийшин, будсан чулуун хавтан, бүр жаахан толбо суучихсан саран хэлбэртэй шилэн чимэглэл хүртэл хаалганы дээр өлгөөтэй байсан гээч! Хана нь дотогшоо чийг нэвчээд, хаг, мөөгөнцөр ургачихсан байлаа. Тэр доод давхрын өрөөнүүдийг хоёронтоо нэгжиж шалгах боловч хэтэрхий аюултай гэж үзээд дээд давхар луу болж л үзвэл огт гарахгүйг хичээнэ. Салхи өрөө рүү хүүгэн үлээж, нойтон хөшигнүүдийг дэрвүүлэн, хууларсан обойг сэрчигнүүлнэ. Зунгаг болтлоо норсон цаас, ялзарсан хавтас тавиур дээр овоорч, нойтон цаасны эхүүн үнэр ханхийж байлаа. Тэр хог новш, хагарсан шил, эвдэрсэн тавилган дундуур алхаж, цаасан овоолгыг ухан, замд тээглэснийг авч хажуу тийш шидэлнэ. “Ямар нэг онцгой зүйл байх ёстой, аягүй бол ус нэвтэрдэггүй, нийлэг баглаатай ч байж мэднэ, бүрэн бүтэн л байж таарна”. Хайж байгаа хуудаснуудынхаа тухай ийн мөрөөднө. Гэвч Библид өгүүлсэнчлэн эхлээд хайж олох хэрэгтэй, тэдгээр хуудас дэндүү нимгэн, хэврэг шүү дээ. Тэр сургуульд байхдаа, уран зохиолын хичээл дээр энэ жүжгийг үзсэн. Өөрийн хүсэл, таашаалаар биш, хичээлийн шаардлагаар. Гэхдээ үүний нэлээд хэсгийг нь эргэн санаж чадна. Түүний тайлж унших хэрэгтэй байгаа

Өгөр намгийн хэрээ өдөөрөө ээжийг минь сөргөх шиг, хилэнцэт нулимсан дусал хоёулан дээр чинь унах болно. Өрнө умраас хүчит салхи та хоёрыг үлээнэ . . . ” гэсэн хэсгийг ч бас. Аягүй бол Элена үүнийг хүүхдүүдэд зааж байсан даа. Үүнийг дахин уншвал оюун санаа нь сэргэж, өөр зүйлийн тухай бодож эхлэхэд нь тустай байж мэдэх юм шүү. Хүүхдээ асрах зуураа үүнийг уншиж болно шүү дээ. Оюун санаанд нь үлдсэн сайхан зүйлсийг эргэн дурсаж ч болох юм.

Түүнд хэрэгтэй зүйл гэвэл сүүлийн хоёр бүлэг. Бусад хэсгийг тэр бүгдийг олоод, хуудсуудыг хатаан, үзэгдэл бүрээр нь ялгаад, чадахынхаа хэрээр л зөв дараалалд оруулаад тавьчихсан буй. Баахан салангид хуудас Зул сарын сэтгэл татам бэлэг болж чадахгүй тул наах цавуугаа ч бэлдчихсэн байгаа. Арав, арван нэгэн байшинг ийн нэгжсэний дараа итгэл найдвараа алдаж, гэгээ тасарчихаж байна уу хэмээн санаа зовниж эхэллээ. Хэрэв ямар нэг далдын хүч л нөлөөлөхгүй бол салхи ойрдоо намжихгүй нь илт болов. Ойролцоохон нь хоёр ч удаа тас няс бууж ямар нэг юм яйран унах нь сонстож, улам түгшээв. Тэр байшингуудыг орхиж, Алтан гурвалжинг зүглэлээ. Тэртээ цаана нэг том байшин байв. Дээр, доор хоёр тагттай, дөрвөн талаараа хэрмэн ханаар хүрээлэгдсэн, магадгүй том санваартны гэр байсан байх. Дээврийн нэг хэсэг нь хуураад унасан харагдана. Хэрэм хананы хаалга хэдийгээр цоожтой боловч хүрээтэйгээ хамт, сууринаасаа хөндийрчихсөн байх тул тэр завсраар нь шурган оров. Цэцэрлэгт ургамлын ваар, гүц, бумбанууд байх боловч бүгд хагарч бутарсан, харин нэг жижигхэн жимсний мод л үл ажран зогссоор, доод мөчрүүдээс нь хүнд хар бөмбөлөгүүд бөнжийлдөн унжиж харагдлаа. Тэр доод давхрын цонхоор дамжин, үүдэн хэсэг рүү орлоо. Арын том өрөөнд өмнө нь нэг удаа орж байснаа санаж, хайсан зүйлээ эндээс олохоо ч таамаглав. “Зоригтой бол золтой” гэж урамшин бодлоо. Түрүүчийн удаа ирэхэд хана нь улаан өнгөтэй байсан бол одоо бараантаад, хатсан цусархуу, хүрэн болсон байна. Задгай зууханд дутуу шатсан нүүрс, мод, яндангийн тоосгоны хэлтэрхий, утасны бүрээсний тасархай зэрэг юмс овоорчээ. Сандал дээр нэг хүн, ХҮҮР, сууж байв. Зовхи нь агшаад, хойшоо татчихсан, толгойдоо хэдэн туг үстэй, шарлаж, таталдсан арьсныхаа цаанаас яс нь ёрдойчихсон байх аж. Хөнжлөө мөрөөрөө ороосон байж. Харин эвгүй, муухай үнэр ороогүй байв. Тэр цогцсыг ойроос харсангүй номын тавиур луу эргэлээ. Хатуу хавтастай номууд хэдэн эгнээгээр өрөөтэй байна. Тэр зарим номны арын хэсэгт бичигдсэн гарчгийг харж зогсвол Уильям Шекспирийн бүтээлийн цоморлиг байгаа харагдлаа. Бага зэрэг хөгцөрч, толботсон ч уншиж болхуйц юм аа. Тэр бээлийгээ тайлаад, номыг болгоомжтой нээв. Хуудаснууд нь захаасаа нороод, наалдчихсан учраас эргүүлэхэд бага зэрэг урагдаж байлаа. Гэхдээ салаад уначихаар хэмжээнд бол  бас биш. Төгсгөлийн хуудсанд хүртэл аяархан эргүүллээ.

Би бүхнийг уламжлан дамжуулах болно, намуун тэнгисүүд, хүчит салхи минь андгайлья, алсын алс дахь сүр жавхлант хойгт чинь хүрэхээр аяны замдаа яаран гарлаа[3].

 Тэр баясгалантайяа инээмсэглээд, үүргэвчнээсээ нийлэг баглаа, алчуур гарган, номоо ороогоод, нэг жижиг тасалгаа руу нь хийв. Үүргэвчээ буцаан үүрч, мөрөвчийг нь цээжээрээ оруулан, чангалж уяад, бээлийгээ өмслөө. Өөр хэрэгцээтэй зүйл хайж олоход энэ байшин зохимжтой боловч тэр ч илүү ихийг хүссэнгүй, хүнд ачаатай бол хотыг, тэр тусмаа Хаффыг туулан, гэртээ очиход ч хэцүү болох байлаа. Мөн тэр Эленаг үүнээс удаан хугацаагаар ганцаар байлгахыг хүссэнгүй, ганцаараа байхдаа төрчихөж магадгүй гэж санаа нь зовнижээ. Зул сарын дараа эргэн ирж, байшинг сайтар нэгжиж болох шүү дээ.

Үхсэн хүний дээрх хаалгыг хаагаад гарах замдаа тэр хагарч, тоосонд дарагдсан толин хананд өөрийнхөө тусгалыг харав. Юүдэн түүний толгойг ороон, чангахан татагджээ. Тэр чихгүй, харь гарагийн хүнийх шиг бүлтийсэн нүдтэй, хүзүүг нь ороосон төмөрлөг тууз нь нэг тийм саарал хайрс шиг харагдана. Түүний нүүр нь харахын эцэсгүй муухай бөгөөд хэрчээс, зураасаар битүү бүрхэгдсэн байв. Шархалж, идээлсэн хэлээ гаргалаа. “Би ч лав хүн байхаасаа өнгөрчээ дээ. Буг чөтгөр болсон бололтой, энэ газар намайг ингэчихэв үү дээ” гэж тэр бодлоо. Юмыг яаж мэдэх вэ. Гэхдээ түүнд хүнд байдаг мэдрэмж төрж байв. Хүн юу мэдэрдгийг санаж, өвдөг нь өвдөж, лааз онгойлгогчийг ашиглахаа мэдэж, Зул сарын баяр тэмдэглэхийг хүссэн хэвээрээ байлаа. Тэр толийг орхин цааш эргэж, цонхоор буцаж гарав. Цасан шуурга нүдсээр л.


[1] Хатан хаан Викториа. 1837 – 1901 оны хооронд Нэгдсэн вант улсын хаан ширээнд заларсан. Түүнийг төр барьсан жилүүд Британийн хөгжил цэцэглэлтийн алтан үе байсан гэж үздэг.

[2] Huff – бага зэрэг дургүйцэл, эгдүүцлийг илэрхийлнэ. 16 – р зууны сүүлчээс үүдэлтэй, салхины хүчтэй үлээх чимээг дуурайсан авиа.

[3] Эшлэлүүд (ташуу шрифтээр бичсэн) нь Уильям Шекспирийн “Шуурга” жүжгийн хэсгүүд.

Сэтгэгдэл хэсэг