УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: Г.СҮРЭН

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Орчуулгын төрөлд Англи, Орос, Хятад, Солонгос, Герман, Түрк, Япон, Франц хэлээс орчуулдаг 30 орчуулагч бүтээл ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, орчуулгуудыг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Шилдэг орчуулагчдын нэгээр шалгарсан удаах орчуулагч бол Ганбаатарын Сүрэн. Тэрээр 1996 онд  төрсөн. "Эх дэлхий радио 107"-д хөтлөгч, "Цогц Хөгжлийн Үндэсний төв"-д төслийн менежерээр тус тус ажилладаг. Г.Сүрэн Чех, Францын алдарт зохиолч Милан Кундерагийн  "Өршөөл эрэгч" өгүүллэгийг англи хэлнээс хөрвүүлэн бидэнд ирүүлсэн байна.


ӨРШӨӨЛ ЭРЭГЧ

Милан Кундера


Алений хүйсийн эргэцүүлэл

 Зургаан сарын өглөө эртийн наран үүлэн цоорхойгоор цухуйх үест Ален хэмээгч залуу Парисын гудмаар алхаж явлаа. Өмдөө шуумаглан тэлээлж оготор цамц хэдэрсэн охид хүүхнүүд зөрөн өнгөрөхөд хүйсний нүх нь эрхгүй харц булаана. Бүсгүй хүний дур булаах увидас гуя ташаа, өгзөг цээжиндээ байхаа болиод биеийнх нь тэхий голын жижигхэн хүй нүхэнд шунгасан мэт санагдахуй түүний сэтгэл бүр ч хөвсөлзөн үймж орхив.

  Хүйсний эргэцүүлэл цааш хөвөрч, хэрэвзээ эрчүүд (эсвэл эрин үе нь) бүсгүй хүний дур булаах гол увидсыг гуя ташаандаа байдаг хэмээвээс урин дуудсан шинж байдлыг нь хэрхэн тодорхойлох тухай бодолд хөтөллөө. Уужуухан гуя ташааг урт алсхан замтай (урт байх тусмаа дур татдаг) зүйрлэж шүү хэмээн мань эр өөртөө хариулав. Яг тийм, ойртол дотнослын үеэр бүсгүйчүүлийн урт гуя ташаа тэднийг хүршгүй нууцлаг харагдуулдагт л бий хэмээн амандаа шивнэв.

  Хэрэвзээ эрчүүд (эсвэл эрин үе нь) бүсгүй хүний дур булаах гол увидсыг өгзөгөндөө байдаг хэмээвээс янаг тачаангуй шинжийг нь хэрхэн тодорхойлох билээ? Сүнслэг, адгууслаг энэ оготорхон зам алив бүхэн хос байхдаа илүү догдлом байдаг тэр л ёсоор бүтээгдэж шүү дээ.

  Хэрэвзээ эрчүүд (эсвэл эрин үе нь) бүсгүй хүний дур булаах гол увидсыг энгэр цээжиндээ байдаг хэмээвээс янаг тачаангуй шинж байдлыг нь мөн хэрхэн өгүүлэх үү? Ариун дагшин, эгээ л гэгээн Мария Есүсийг хөхүүлэх шиг бүсгүйчүүлийн энэхүү язгуур чанар харчуулыг өмнөө хялбархаан сөхрүүлнэ.

  Гэвч эрчүүд (эсвэл эрин үе нь) бүсгүй хүний биеийн төв голд нь, хүйнд нь дур булаах увидас нь нуугддаг гэвээс үүнийг хэн хэрхэн тайлбарлах болж байна?

  Амтат бодолдоо автан алхахад ер ядрахгүй бөгөөд хүйснээс үүдэн бага ахуй цагтаа ээжийгээ сүүлийн удаа харсан эрт холын дурсамжаа сэдрээн санахаас аргагүйд хүрэв.

  Арван нас хүрдэг зун нь хэдэн жил ажиг сураггүй байсан ээж нь анх зочлон иржээ. Хүү аавтайгаа зусландаа гарч усан сан, цэцэрлэгээр зугаалдаг байв. Хоолой боом бүгчим агаар эргэн тойрон бүрхжээ. Ален нэг хоёр цаг сэлсэн үү, үгүй юу гэдгээ өдгөө санахгүй, ээжтэйгээ юу ярьж, хэрхсэнээ ч таг мартжээ. Ой санамж нь баларч одоод зөвхөн эх нь дотуур өмднийх нь дээгүүр цухуйсан хүйн нүхийг нь л жигтэй ширтэж байсныг нэхэн санав. Гэдэс нь одоо ч тэр харцыг мэдрэх шиг татвалзах аж.

  Ээжийнх нь уруул мишээсэн мэт (хайр ба зэвүүцлийг хольж сүлсэн инээмсэглэл) харагдах ч учир битүүлэг тэр төрхөөс нь энэрэл хайр жигшил зэвүүцлийн аль нэгийг ялгаж харж чадсангүй. Бүсгүй сандлаасаа босолгүйгээр хүү рүүгээ бөхийж хүйсэнд нь долоовор хуруугаараа хүрэх аядсанаа яаран босч үнсээд (үнэхээр үнссэн үү үгүй юу баттай хэлж чадахгүй) явчхав. Тэгээд ээжийгээ ахин хэзээ ч хараагүй.

 

Бүсгүй машинаасаа буусан нь

  Нэгэн жижиг тэрэг эргийн замаар давхиж байлаа. Хотын захаас голын эрэг хүртэлх энэ хэсэгт байшин барилга, явган хүмүүс хаа нэг л үзэгдэх бөгөөд өглөөний сэрүүн агаар зэврүүн хотыг бүр ч өлбөгөр дорой харагдуулна. Машин зам хажуулдан зогсоход цэл залуухан, үзэсгэлэнт бүсгүй бууж ирэв. Тэр хаалгаа түгжилгүй ухаан санаа нь балартсан хүн шиг түлхчээ аядах агаад өнөө үед ийм хойрго үйлдэлд эргүү хулгайч ч итгэхгүй нь лав.

  Гэвч бүсгүйн төрх эргүүтэж будилсан бус харин ч эсрэгээрээ тун ч зоримог харагдах нь хачирхалтай. Хүслээ бүрэн мэдэрсэн хүсэл зориг. Хэдэн зуун яард* туулан, гол гүүрийг гатлан, хориотой бүсийг нэвтлэн эрэгт ирсэн хүсэл зориг. Зам зуур хэдэнтээ эргэж харсан нь араас нь хүн ирэх байх хэмээн горьдсондоо бус хэн ч өөрийг нь мөшгөөгүйг нягталсан хэрэг байлаа. Гүүрийн голд зогтуссан нь ч эргэлзсэндээ бус анхаарлаа илүү хурцлан төвлөрүүлсэнд юм. Одоо тэр хорсол жигшлээсээ түр ч атугай зугтах бус яг өөдөөс нь халз нүүрэлдэн зогсож буй.

  Бүсгүй хашлага даван гүнзгий ус руу огло харайхад усны хатуу гадарга хүчтэй цохиж, тэсхим хүйтэнд мэдээ алдах дөхсөн ч удалгүй сайн сэлэгч ухамсаргүйгээр амиа авардагчлан толгой нь эрхгүй өөд мацан, үхэж далдрах зорилгыг нь үл ойшоон амь тэмцэж байв. Тэгэх тоолон эзэн нь толгойгоо булхан усанд шаана. Тэртээх эргээс хүн орилох сонстжээ. Түүнийг харсан бололтой. Үхнэ гэдэг тийм ч амаргүй бөгөөд үхэхийн төлөө хар толгойтойгоо ярих бус үл таних хэн нэг этгээдтэй тэмцэхийн нэр аж. Одоо үхлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй болох нь. 

 

Тэр хөнөөчихлөө

  Хашхирсан зүгээс хэн нэгэн нааш цовхчин айсуй. Энэ зуур бүсгүй уушиг зүрхээ усаар дүүргэн усны ёроол руу ойчих болоод цовхрогч этгээд нааш сэлэн ирэхийн аль нь түргэнийг тооцоолж амжив. Бие нь цүлхийж сулбайн, живдэгтээ тулбал хялбархаан гэгч нь аврагчийнхаа олз болох бус уу. Түүнийг эрэгт хүргэн хиймэл амьсгаа хийж, аврагч баг цагдаа сэргийлэх дуудаж байгаа нь төсөөлөгдөх нь аврал бус доромжлол мэт ой гутжээ.

“Боль! Болиоч!” хэмээн өнөөх эр хашхична.

 Бодит байдал огт өөрөөр өрнөв. Живж үхэхийн оронд бүсгүй уснаас өндийн гарч гүнзгий амьсгаа авахад аврагч нь хэдийнээ өмнө нь ирчхэж. Зурагт хуудсууд дээр байж л байдаг од болохын хүслээр дүүрэн өсвөр насны хөвгүүн аж. “Болиоч, боль!” хэмээн бүсгүй өөд мацан тэврэх гэхэд нь саахь бүсгүй зугтаж түвдэлгүй хариу зууран чангааж өөрийг нь ус руу булхуулж орхив. Өөр үг мэддэггүй аятай өнөөх нь “Болиоч!” хэмээн эцсийн удаа тэмцэлдэн хэлээд ахин үг дуугарах сөхөө олдсонгүй. Бүсгүй ч дээрээс нь дарсаар уушгийг нь усаар нэг сайн дүүргэхэд хөөрхий эрийн хөдлөх нь саарч эхлэлээ. Тэр хэвээр нь, хөдөлж гуйвахаа больтол нь хэсэг барьж байгаад ёроол уруу тавимагцаа болж тохиосон бүхний гайт сүүдрээс бултах мэт эрэг рүү эргэн мацав.

  Бүсгүй үхэх зорилгоо мартчихав уу? Юухан тохиочихов? Үхэлд нь саад болсон нэгнийг хөнөөчихсөн атлаа өөрөө үхлээсээ буцчихав уу? Одоо эрх чөлөөтэй болсон ч яагаад үхэхгүй гэж?

  Амьдрал санамсаргүйгээр сэхчихэж буйд гайхаж цочирдсоноос үхэлдээ ч анхаарах хүчгүй тамирдчихав уу гэлтэй чичирч салганасаар авч, гэнэтхэн тэнхээ орж ухаан жолоогүй сэлсээр машин руугаа эргэн ирэв.

 

Бүсгүй гэртээ харьсан нь

  Бүсгүй ус туучин, хөлийг нь ороох голын голдрил аажмаар багасахыг мэдэрлээ. Тэгэх зуураа шавран дунд гутлаа унагачихсан ч хайх тэнхээ үлдээгүй тул хөл нүцгэнээр зам дагуух эрэг рүү мацлаа.

 Хорвоо ертөнц түүнд тийм ч найрсаг хандсангүй. Машины түлхүүрээ гээчхэж. Зүрх нь түгшүүрлэхийг мэдэрлээ. Халаасгүй банзал өмсжээ.

  Үхэх гэж байгаа хүн юмаа гээхэд санаа зовно гэж үү. Машинаасаа буухад түүнийг хүлээх ирээдүй гэгч үлдээгүй шиг нуух зүйл ч байсангүй. Гэтэл одоо, гэнэтхэн л тэр байдаг бүхнээ нуух хэрэгтэй болчхов. Ул мөргүй арилах ёстой гэхээс бүр ч түгшээд явчхав. Түлхүүр хааччихав? Яаж гэртээ харих уу?

  Машиндаа хүрээд хаалгаа таттал жигтэй нь онгойчхов. Зоолттой түлхүүр өөдөөс нь ширтэнэ. Хүрдний ард суугаад нүцгэн хөлөө гишгүүр давуулан хаялаа. Чичирсээр. Одоо бол даарсандаа чичрэх аж. Цамц, бошинз нь шалбайтлаа нороод голын усанд заваартаж гүйцжээ. Жолоогоо мушгилаа. 

  Өдгөө түүнийг амьдрал руу түлхсэн нэгэн живээд үхчихсэн атал бүрэлгэхийг хүссэн нь хэвлийд нь бүрэлдсээр. Амиа егүүтгэх бодол ор мөргүй арилжээ. Залуу эр үхсэн ч ураг бүрэлдсээр буйг мэдрэхүй, юу хийснийг нь хүмүүс мэдчих вий гэхээс юу ч хийхээс буцахааргүй болов. Чичирсээр, эргэн ухаан ороод угтах ирээдүйгээ бодохул хэрхэн хэнд ч харагдалгүйгээр машинаас гарч, нойтон хувцсаа сольж, манаачийн цонхыг өнгөрөх вэ? гэх мэтэд санаа зовж эхлэв ээ. 

  Бодолд автан алхагч Ален мөрөн дээгүүр нь хэн нэгэн зандрангуйгаар “Замаа хараач, эргүү минь!” гэхийг сонслоо.

Дэргэдүүр нь нэг эмэгтэй мөрлөн зөрөөд, том том харайлган одохыг сая анзаарав.

“Өршөөгөөрэй” хэмээн (дорой дуугаар) араас нь царай алдахад,

 “Муу новш!” гэж харааснаа (овоо чанга дуутай юм) эргээд явчхав. 

 

Өршөөл эрэгчид

  Урландаа ганцаар хоёронтоо хоноход ч мөрөнд нь хөндүүрлэхийг мэдрээд гудманд мөргөлдсөн саахь эм зориудаар ийн үйлдсэнийг ухааран баахан зүхэв. Араас нь “Эргүү” гэх чахарсан хоолой, өөрийнхөө царай алдсаныг, тэгээд угтуулан ирсэн “муу новш” гэх үгсийг саналаа. Ахиад л ямар ч үнэ цэнэгүй өршөөл гуйж дээ. Яагаад ингэж өөрийн мэдэлгүй өршөөл гуйчихдаг байна? Эл явдал гэнэ гэнэ санагдаад байсан тул хэн нэгэнтэй ярьюу хэмээн Парисаас явсан найз бүсгүй Маделейн рүүгээ харилцуур цохитол утас нь унтарчихсан байв. Тиймээс Чарльзын дугаарыг цохиод түдсэн ч үгүй найзынхаа хоолойг сонсоод өршөөл эрснээс ч эс юм болж, түгдчин ээрэв. “Өршөөгөөрэй. Надад хэцүү байна. Ярих гээд”

“Цагаа оллоо шүү. Би ч сайнгүй л байна. Чи яагаа вэ?”

“Өөртөө уур хүрээд. Яагаад юм бүхэнд гэмшээд байдаг юм бол доо?”

“Сүртэй гэдэг нь.”

“Гэмших эс гэмших нь л гол асуудал байх. Амьдрал угаасаа л тэр чигээрээ тэмцэл юм хойно. Бид бүгд л мэднэ. Нийгэм соёлжсон эсэхээс үл хамааран иймэрхүү тэмцэл хэрхэн өрнөдөг гээч? Хүмүүс нэгнээ улаан нүүрэн дээр нь дайрч доромжилж чаддаггүйгээс нэг нэгнээ буруутган, өөрсдийг нь гэмшүүлэх гэж хичээцгээдэг юм. Хэн нь нөгөөхөө илүү их гэмшүүлж чадна тэр нь хожиж, өөрийнхөө гэм бурууг хүлээсэн нь хожигдоно. Гудманд бодолдоо төөрөн алхаж явлаа гэхэд нэг охин гарч ирээд л дэргэдүүр чинь зөрөхдөө баруун зүүн алинаар ч биш орчлонд цор ганцаар мэт чанх өөдөөс чинь мөрлөх гэнэ. Тэгээд та хоёр тэмцэлдэнэ. Хэн нь нөгөөх рүүгээ илүү чанга орилж хэн нь өршөөл гуйхдаа л гол нь бий, тийм үү? Хэнийх нь хохь болоод, хэн нь хохируулаад байна вэ? гэвэл яс юмандаа хоёулаа. Гэтэл ихэнх хүмүүс ухамсаргүйгээр, хар аандаа би л хохирсон, тэр л хохироосон гээд бусдыг буруутгадаг. Харин чамд ийм зүйл тохиовол яах бол? Уучлал гуйх уу? Буруутгах уу?

“Лавтайяа өршөөл эрнэ.”

“Тэгэхээр, хөөрхий анд минь чи ч мөн гуйгч бүлэгт хамаарч байна. Чи өршөөл гуйснаараа бусдыг тайтгаруулахыг хүсч байгаа.”

“Гарцаагүй.”

“Тийм болохоор л чиний буруу. Уучлал гуйж буй хүн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Өөрийн гэмийг хүлээж буй хүн нөгөө хүнээ өөрийг нь буруутган давшлахыг хүлцэж буй хэрэг юм. Анх өршөөл эрснээрээ л ийм зайлшгүй үр дагаврыг авчирч буй.”

“Тийм юм байна. Уучлал гуйх хэрэггүй. Хүн бүхэн өршөөл гуйгаад байвал энэ ертөнц чинь утгагүй, гаргалгаагүй, хэтийдсэн болчихно. Бас бид өршөөл гуйснаараа өөр өөрсдийгөө доош хийдэг...”

Ален ахин утсаа шүүрч Маделейн рүү залгасан ч горьдлого таслах мэт дуудсаар. Урланд нь зураг гэхээр зүйл бараг үгүй бөгөөд залуухан эмэгтэйн хөрөг байх нь ээж нь ажээ. Иймэрхүү тэвдсэн үедээ залуу эр хананд өлгөсөн эл зурганд сатаарах дуртай.

 Зөөлөн даруу эцэг нь хэзээ ч эхийг нь буруутгаж байгаагүй бөгөөд түүний хаширлан хэлснээр эх нь Аленийг төрснөөс хэдхэн сарын дараа тэднийг орхин явжээ. Тийм зөөлөн даруу нэгнийг эмэгтэй хүн яаж орхиж болдог, бас яг л тийм зөөлөн даруу нэгэн болох (тийм болохоо ухамсарлаж байсан) хүүхдээ орхиж явж болохыг жаал хүү ухаж даанч ойлгосонгүй.

“Тэр хаана байгаа вэ?” хэмээн ааваасаа асуусан удаатай.

“Америкийн хаа нэгтээ.”

“Хаа нэгтээ гэж юу гэсэн үг вэ?”

“Яг хаягийг нь мэдэхгүй.”

“Гэхдээ танд хэлэх үүрэгтэй биз дээ?”

“Тэр ямар ч үүрэггүй ээ.”

“Би яах болж байна? Яажшуухан байгааг минь мэдэхийг хүсдэггүй гэж үү? Өөрийнх нь тухай бодлыг ч уу?”

Нэг л өдөр, аав нь бууж өгөв.

“Шалаад байвал хэлье. Тэр чамайг төрүүлэхийг хүсээгүй. Тэр чамайг энд байлгахыг хүсээгүй, ойлгов уу? Тэр чамаас юу ч хүсээгүй.”

Ингэж хэлсэн ч эцэг нь хатуу хахир хүн байсангүй ээ. Хэдий хашир боловч энэ дэлхийд ирэхээс нь өмнөх золих гэсэн эмэгтэйн тухай бодлоо нууж чадсангүй бололтой.

Алений ээжтэйгээ уулзсан сүүлийн учралыг бид эчнээ мэднэ. Аравтай байсан хүү эцэг нь өнгөрөхөд арван зургаа хүрч байв. Эцгийнхээ оршуулгын дараахан гэр бүлийн цомгоос ээжийнхээ зургийг урж аваад жаазлан өлгөсөн юм. Аавынх нь зураг яагаад байхгүйг би мэдэхгүй. Шударга бус гэж үү? Эргэлзээгүй. Урлангийнх нь хананд түүний цаг үргэлж ярилцдаг ээжийнх л ганц зураг бий.

 

Гэмшигчийн хорвоод мэндэлсэн түүх

“Та яагаад үр хөндүүлээгүй юм? Тэр хориглосон уу?”

Өлгөөтэй зураг өөдөөс нь “Чи үүнийг хэзээ ч мэдэхгүй. Миний тухай бүх төсөөлөл чинь зохиомол. Гэсэн хэдий ч би хэчнээн хайртай. Намайг аврагчийгаа хөнөөсөн этгээд болгосон ч хамаагүй. Ален, цааш нь өгүүлээч. Би сонсъё.”

Тэгээд Ален аавыгаа ээжийнх нь дээр гаран хурьцаж буйгаар төсөөллөө. Ээж нь “Эмээ уугаагүй, болгоомжтой байгаарай!” гэж сануулахад аав нь тайтгаруулж байх юм. Тэгээд л ээж нь хардаж сэрдэлгүй эхэлчхэж. Гэтэл өөдөөс нь ширтээ төрх улайрч бадайран байж ядахыг хараад “Үгүй ээ, хэрэггүй, би хүсэхгүй байна” хэмээн эгдүүцсэн ч залуу эр улайран дайрч бүх биеэрээ бүсгүйг хоргоон татаж, шунал тачаалаас үүдэн сохорсон тэр хүйтэн төрх тэмцлийг нь ойлгож сэхэхээс нэгэнтээ оройтсон байв. Тэмцэлд ялагдсан гэхээс бүсгүйн шунал хүсэл нь зэвүүцэл болон, зэвүүцэл нь хэрцгийлэл мэт юүлэгдэнэ.

Эцэг эхийнхээ хурьцлын тухай бодох нь Аленд гойд содон байсангүй. Бодол нь түүнийг хэдийнээ ховсдож, хүн бүхэн эгшин зуурын үр хөврөлийнхөө хуулбар мэт санагджээ.

  Тэр толины өмнө зогсоод, өөрийг нь төрүүлсэн хоёр өөр зэвүүцлийг өөрөөсөө хайх мэт шалгаав. Зөөлөн боловч хүчтэй эрийн байж ядсан зэвүүцэл, үзэн ядсан эмэгтэйн дорой боловч бардам зэвүүцэл түүнд сүлэлджээ.

Давхацсан нийлсэн ийм хоёр зэвүүцлийн үр нь өршөөл эрэгч л байж таарна гэж тэр бодлоо. Аав шигээ зөөлөн даруу, ухаалаг байлаа ч ээжийнхээ бодсон шиг тэмцэгч нэгэн л байж таарна. Зөөлөн даруу хэрнээ тэмцэгч байна гэдэг бол насан туршдаа өршөөл гуйж амьдрахуйц эвлэршгүй утгагүй балай логик. Тэр ханан тушаах царайг хараад, тэр дорой бүсгүйг, даашинзаас нь дуслах усыг, машиндаа орохыг, манаачийн үүдээр гэтэн гарахыг нь, тэгээд шатаар өгсөх нүцгэн хөлийг нь, гэртээ ороод өнөөх тэмцэлдээн биеэс нь гарахыг хүлцэн хүлээхийг олж харав. Тэгээд хэдэн сарын дараа эцэг хүүг орхин явахыг нь ч мөн.

 

Евагийн мод

Ален урлангийнхаа шатан дээр хана налан суухад толгой нь үл ялиг бөгтийн харагдана. Зүүрмэглэв үү гэлтэй эмэгтэй хүний хоолойгоор сэрлээ. 

“Надад хэлсэн болон төсөөлөн бүтээж буй бүхэн чинь сайхан юм. Нэмэх зүйл үгүй ч магад хүйсний тухай байж болох юм. Чамд л гэхэд хамгийн анхны хүйсгүй хүн сахиусан тэнгэр байсан гэдэг. Ева- Анхны эмэгтэй хүн. Тэр Их эзний дур хүсэлгүй хэвлийгээс төрсөн бөгөөд хүйгүй эмэгтэйн гадна бэлгээс анхны хүйн оосор бий болжээ. Хэрэв Библид итгэвээс жижигхэн эр, эм хүмүүсийн өөр бусад хүй оосрууд ч түүнээс нь бүтээгдэн гарч таарна. Эрчүүдийнх нь биеэс үргэлжлэл гарахгүй, огт хэрэгцээгүй боловч эмэгтэйчүүдийнх нь биеэс өөр нэгэн эр эмийн хүй сүлбээлэн холбогдсоор тэнгэр өөд тулсан тоо томшгүй биесээс бүрдэх аварга том мод бий болсон хэмээн төсөөлнө үү. Тоймгүй өндөр мод ердөө нэг л бяцхан эмэгтэйн бэлгэ эрхтнээс үндэслэсэн байх юм гэнэ. Анхны бөгөөд хүйсгүй төрсөн эмэгтэй- Ева.

“Жирэмсэн байхдаа би өөрийгөө тэр модны нэгэн хэсэг болоод аль нэг хүйнээс нь зүүгдэн унжиж, миний биеэс оосор үүсэн, чамайг хоосон дунд хөвж буйгаар төсөөлдөг байлаа. Тэгээд хүйгүй эмэгтэйн хоолойг цавчин хөнөөж буйгаа ч шимтэн харна. Хоолой нь зүсэгдээд бие нь салбарч унахын даваан дээр үндэс тулгуургүй болсон аварга мод найган хөдөлж, нуран унахад тоолж барамгүй хүн-мөчрөөр ширүүн бороо орно.

  Би хүний үүх түүхийг эцэслэхийг байтугай ямар ч ирээдүйд гар дүрэхийг хүсээгүй бөгөөд гагцхүү хүн төрөлтөн ирээдүй болон өнгөрсөн, эхлэл болон төгсгөл, оршихуйн бүхий хугацаа төөрөг, дурсамж дурдатгал болоод Нерогоос* Напелион, Будда Есүстэйгээ хамт бүр мөсөн үгүйрээсэй л хэмээн хүссэн юм. Өөрт нь тохиох өчүүхэн төдий баяр жаргал үгүй ер бусын хурьцлынх нь төлөө л бидний шүтэн биширч, насаараа үйл лайгаа эдлэх ёстой анхны хүйсгүй мулгуу эмэгтэйн төгсгөлийн төлөө.

Ээжийнх нь хоолой сулран, Ален хана налан ахин зүүрмэглэв.

 

Моторт дугуйн диалог

Маргааш өглөө нь арван нэгэн цагт Ален Рэмон, Салибан гэх хоёр найзтайгаа уулзахаар Люксенбургийн цэцэрлэгийн ойролцоох музейг зорьжээ. Урлангаасаа гарахаас өмнө ээжийнхээ зураг руу очин салах ёс хийв. Тэгээд гудманд гаран байрнаасаа холгүйхэн тавьсан моторт дугуй руугаа алхлаа.

Түүнийг дугуй тийшээ алхахад бие нь нуруу руугаа түлхэгдэх шиг жигтэй мэдрэмж төржээ. Маделейн дэргэд нь ирээд зөөлөн илэх шиг. Бүсгүйнхээ энэрлийг мэдрэх шиг санагдсанд хий бодлоо няцаан хөдөлгүүрээ эрсхэн асаалаа.

Гэнэтхэн дэргэдээс нь “Би илүү ихийг ярьмаар байна” гэхийг сонслоо.

Маделейн биш, эхийнх нь хоолой болохыг тэр ухаж ойлгов.

Зам хойргохон урагшилж “Юу ч бүү андуу сэтгээсэй. Илүү ихийг ярихсан!” гэхийг ч мөн сонслоо.

  Ален тоормослон зогсжээ. Гарц гарман дээрх явгачуул түүн рүү уцаарлан заналтай дохицгооно.

“Би хүнийг хүсч гуйгаагүй байхад нь хорвоо ертөнцөд авчрахыг аймшигтай гэж үргэлж боддог байсан.”

“Мэднээ!” хэмээн Ален өгүүлэв.

“Эргэн тойрноо хар л даа. Энэ бүх хүмүүсээс хэн нь ч өөрийнхөө хүслээр энд ирээгүй. Хамгийн зэвүүн балиар үнэн гэгч чинь энэ. Балиар бас энгийн болохоор л бид үүнийг сонсож, анхаарахаа байчихсан.”

Ален хэсэг зуур ачааны тэрэг болоод машинууд дэргэдүүр нь зөрөхийг хүлээн зам дээр зогсов.

“Хүний эрхийн тухай яриа бүгд залхмаар. Чиний оршихуй хэний ч эрх биш. Тэр эрхийн төлөө тэмцэгчид чинь өөрөө өөрийнхөө сонголтоор үхэхийг чинь ч зөвшөөрөхгүй.”

Уулзварын дохио улааныг заажээ. Тэр зогслоо. Хоёр талын зам дагуух хүмүүс бүгд эсрэг талын зам өөд алхаж байв.

Тэгэхэд ээж нь “Тэднийг хараач! Энэ хүмүүсийн дор хаяж тал нь үзэшгүй муухай. Үзэшгүй муухай байна гэдэг ч мөн хүний эрх үү? Хүн харах аргагүй царайтай энэ амьдралыг туулахад юухан тохиохыг чи мэдэх үү? Амсхийх ч чөлөө олдохгүй гэм. Хүн хүйсээ сонгох уу? Үгүй. Нүдний өнгө, ямар дэлхийд, ямар улсад, ямар эхийн хүү болох нь хэнд ч падлийгүй. Хүний хөндөж ярьдаг эрх гэгчид үнэндээ ямар ч утга байхгүй атал яахин сайн сайхан тунхаглал гаргах билээ!”

Ален одоо жолооныхоо ард сууна. Ээжийнх нь хоолой зөөлрөн зөөлөрсөөр “Чи энд байгаа нь миний л сул доройгийнх. Өршөөгөөрэй.” гэв.

Ален чимээгүй азнаснаа “Юунд гэмшнэм? Намайг төрүүлэхгүй байх нь яав гэсэндээ юү? Хамт байж чадаагүйдээ юү? Аль нь байсан дордсон нь юу юм бэ?” гэж асуулаа.

“Магад чиний зөв. Тэгэхээр би давхар өршөөл эрж байна” гэхэд Ален “Би л өршөөл эрэх цор ганц хүн нь. Би таны амьдралд үхээрийн зулбасга болж ирсэн” гэв.

“Өршөөл эрэхээ больж үз. Миний яаж амьдарсныг чи мэдэх юм уу, бяцхан мулгуу минь! Мулгуугаар чинь дуудаж болно биз дээ. Уцаарлах хэрэггүй, мулгуу минь. Чи бол мулгуу амьтан. Чиний ийм мулгуу болсон нь хувь заяаны шоглоом. Хөх инээд хүргэм хөөрхийлөлтэй заяа тохиол!”

Ален Люксембургийн гадаа унаагаа зогсоогоод “Эсэргүүцэлгүй өршөөлийг минь хүлээн ав” гэлээ. “Би бол өршөөл эрэгч. Тэр та хоёр намайг ингэж бүтээсэн. Тэглээ ч би бол баяртайгаар өршөөл эрэгч. Та бид хоёр нэгнээсээ өршөөл эрэхэд би сайн сайхныг мэдэрдэг. Нэгнээсээ өршөөл эрэх хэчнээн гайхалтай сайхан бэ?”

Ингээд тэд музей өөд алхацгаав. ♦

 

*Яард - 0.9 метртэй тэнцэх хэмжээний газар

*Неро - Эртний Ромын анхны эзэн хаадын нэг

Сэтгэгдэл хэсэг