УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: Т.ОСОРМАА

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Орчуулгын төрөлд Англи, Орос, Хятад, Солонгос, Герман, Түрк, Япон, Франц хэлээс орчуулдаг 30 орчуулагч бүтээл ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, орчуулгуудыг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Шилдэг орчуулагчдын нэгээр шалгарсан удаах орчуулагч бол Т.Осормаа. Тэрээр 2000 онд Говь-Алтай аймагт төржээ. Одоогоор Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод суралцаж байна. Т.Осормаа бидэнд Оросын их зохиолч Антон Павлович Чеховын "Өштнүүд" өгүүллэгийг орос хэлнээс орчуулан ирүүлсэн юм.


ӨШТНҮҮД

Антон Павлович Чехов

     Есдүгээр сарын нэгэн үдшийн арван цагт нутгийн захиргааны эмч Кириловынд сахуу өвчнөөр түүний цор ганц хүү, зургаан настай Андрей амьсгал хураажээ. Эмчийн эхнэр цөхрөлийн аянганд ниргүүлж, амьгүй үрийнхээ орны өмнө өвдөг сөхрөн унахтай зэрэгцэн үүдний тасалгаанд хонх хангиналаа.

   Сахуун улмаас гэрийн бүх зарц, үйлчлэгчдийг гадагш илгээсэн байв. Кирилов хүрэмгүй мөн өмссөн хантаазныхаа товчийг сул орхисон байх бөгөөд карболын хүчилд түлэгдсэн гар, нойт даасан нүүрээ арчилгүйгээр өөрөө хаалга нээхээр алхав. Үүдний өрөөнд харанхуй боловч, орж ирсэн хүний дундаж өндөртэйг, хүзүүндээ цагаан алчуур зүүснийг, том атлаа шохой шиг цонхигор царайтайг нь ялгаж болохоор байв. Түүний царай энэ харанхуй өрөөнд улам гэрэл нэмэх мэт санагдам тийм цонхигор байлаа.

— Эмч гэртээ байна уу? — гэж орж ирсэн хүн түргэн асуув.

— Би энд байна. Танд ямар хэрэг гарав?   — гэж Кирилов хариулав.

— Аа, та эмч үү? Баяртай байна! — хэмээн орж ирсэн хүн баярлан, гэрэлгүй харанхуйд эмчийн гарыг хайн түгдчиж, эцэст нь олов бололтой өөрийнхөө гарт чанга гэгч нь атгав. — Үнэхээр... ямар их баяртай байна гээч! Та бид танил улсууд...  Абогин, би зун Гнучевынд тантай уулзсан завшаантай билээ. Үнэхээр баяртай байна, ингэж дайралдах гэж... Бурханыг бодож, одоо надтай хамт явахаас бүү татгалзаарай...  Миний эхнэр ноцтой өвдчихлөө... Би тэрэгтэй яваа...

   Орж ирсэн хүн хэт цочирдсон янзтай байгааг дуу хоолой болон хөдөлгөөнөөс нь анзаарч болохоор байлаа. Тэрээр гал түймэр эсвэл галзуу нохойноос л айсан мэт давчидсан амьсгалаа арай ядан барьж, чичэрхийлсэн хоолойгоор түргэн ярина. Түүний ярианаас хүүхдийн зориггүй ч гэмээр басхүү хуурмаг биш, угтаа чин зүрхнийх мэт нэгэн зүйл дуулдаад байв. Айсан мөн гайхсан хүний л адил тэр үгсээ тасалдуулан богино өгүүлбэрээр ярьж, хэрэг явдалд хамааралгүй илүүц үгс олныг хэлэв.  

— Тантай тааралдахгүй нь гэж айлаа — хэмээн тэр үргэлжлүүлэв. — Тань руу ирэх зуур туйлдаа хүртэл шаналлаа...  Хувцсаа өмсөөрэй, явъя та минь, бурханы минь аврал гэж...  Ийм юм болоод оо. Та танина даа, өнөөх Папчинский Александр Семенович манайд ирлээ... Бид ч яриасч, цай уухаар болоод сууцгаав. Гэтэл гэнэт л эхнэр маань бархиран, зүрхээ дараад сандал налаад унаад өгсөн. Бид эхнэрийг ор луу нь  аваачаад... би жацын спиртээр арчиж, архи виски цацаж үзсэн ч... амьгүй мэт хэвтэнэ. Аневризм* байх вий гэж айна... Явъя та минь... Түүний минь эцэг аневризмын улмаас нас барсан болохоор...

   Кирилов сонслоо, дугарсангүй,  яг л оросоор ойлгохгүй байгаа мэт.

  Абогин дахин Папчинский болон эхнэрийнхээ эцгийн тухай дурдахад, бас дахин гэрэлгүй харанхуйд гарыг нь хайхад, эмч толгойгоо сэгсчээд, хайхрамжгүйгээр үг бүрээ зөөн...

— Өршөөгөөрэй, би явж чадахгүй... Таван минутын өмнө... миний хүү нас барчихлаа... — гэв ээ.

— Тийм гэж үү? — гэж Абогин хойш алхан шивнэв. — Бурхан минь, би ёстой цагаа олсонгүй яа! Гайхмаар золгүй өдөр... гайхмаар! Ингэж ч давхцах гэж... яасан тоглоомтой юм!

   Абогин хаалганы бариулаас зуураад, бодлогошрон толгойгоо гудайлгав. Харваас юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байгаа нь илт: Бүрмөсөн явах уу эсвэл үргэлжлүүлэн эмчийг гуйх уу. Тэгээд:

— Сонсооч дээ! — гэж Кириловыг ханцуйгаас нь чангаан ийнхүү чин сэтгэлээс хэллээ. — Би таны байдлыг сайн ойлгож байна! Ийм цаг үед таны анхаарал халамжийг хомсолж байгаадаа би ичиж байна, бурхан ч харж байгаа. Гэвч би өөр яах юм бэ? Та шүүн тунгаа л  даа, би хэн рүү явах ёстой юм? Таниас өөр эмч энэ хавьд байхгүй шүү дээ. Бурханыг бодож, явцгаая! Өөрийн амины төлөө гуйгаагүй... Өвчтэй хүн нь би биш!

  Нам гүм боллоо. Кирилов эргээд Абогин руу нуруугаа харуулж хэсэг зогссоноо, алгуурхнаар үүдний өрөөнөөс танхим руу гарлаа. Танхимд байрлах асаагаагүй дэнлүүний саглагар бүрхүүлийг засч,  ширээн дээр байх зузаан номыг сөхөж харахаас авахуулаад, энэ зуур, тэр юуны тухай ч бодсонгүй, хүсэл ч тэр, зорилго ч тэр түүнд алга байв аа. Энэ бүхнээс бас түүний гуйвсан, сулбагар алхаанаас үзэхэд, магадгүй тэр үүдний өрөөнд гадны хүн зогсож байгааг аль хэдийнээ мартаа биз ээ. Танхимын анир чимээгүй бас харуй бүрий түүний ухаангүй мэлэрснийг улам нэмсэн бололтой. Танхимаас өөрийн ажлын өрөө рүүгээ явахдаа Кирилов баруун хөлөө жирийн үеийнхээс илүү өндөрт өргөн алхаж, хаалганы хүрээг гараараа тэмтэчнэ. Энэ агшинд түүний биеэс бүхэлд нь нэг тийм тээнэгэлзэл мэдрэгдэнэ, яг л энэ хүн харь хүний гэрт ороод ирж эсвэл амьдралдаа анх удаа согттолоо уучихаад одоо л тээнэгэлзэнгүйгээр энэ шинэ мэдрэмжинд биеэ тушаах мэт.  Ажлын өрөөний нэг хананы дагуу номтой шүүгээг дамжин карбол болон эфирийн хүчлийн бачим бөгөөд хүнд үнэртэй хамт гэрлийн өргөн зурвас зурайна. Гэрэл нь харин ажлын өрөөнөөс унтлагын өрөө рүү чиглэх үл ялиг нээгдсэн хаалганаас тусна... Эмч ширээний өмнөх буйдан дээр суугаад, гэрэл туссан номнууд руугаа нойрмог нүдээр  минутын турш харав. Дараа нь суудлаасаа өндийгөөд унтлагын өрөө лүү явлаа.

   Энд, унтлагын өрөөнд амьгүй амгалан ноёрхоно. Бүх л зүйл саяхан дайраад өнгөрсөн хуй салхи, ядрал зүдрэлийнх нь тухай өчүүхэн хэсгийг ч үлдээлгүй уран сайхнаар өгүүлж, тэгээд бүх зүйл амсхийсэн мэт ээ. Элсэн цаг,  шилэн савнууд, хайрцагнууд дунд байх түшлэггүй сандал дээрх жижигхэн гэрэл болон шургуулгатай жижиг шүүгээн дээр байрлах том дэнлүү өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Цонхны дэргэдэх орон дээр жаалхүү нүд нь нээлттэй басхүү гайхширсан царайтай хэвтэнэ. Хүү хөдөлсөнгүй, түүний цэлийн нээгдсэн нүд хором тутамд гавлын ясруугаа улам шигдэн орж байлаа. Эх нь хүүгийнхээ цээжин биен дээр гараа тавиад орных нь даавуунд нүүрээ нуучихсан өвдөг сөхрөн сууж байв. Хүүгийн адилаар эх нь бас хөдөлсөнгүй, гэвч түүний гар бас бөхийсөн биед амьд байна гэчихмээр ямархан хөдөлгөөн мэдрэгдэнэ вэ! Тэрээр туйлдсан биед нь зовж олдсон тайван, тухтай байрлалаа алдахгүй гэсэн мэт ор луу бүхий л бие цогцсоороо хүчтэй бас шуналтайгаар улам наалдана. Хөнжил, алчуур, төмпөн, шалан дээрх шавхай, хаа сайгүй тарсан бийр, халбага, кальцийн хүчилтэй цагаан шил, бүгчим бөгөөд хүнд агаар - энэ бүхэн замхран, амар тайванд ууссан мэт болжээ.   

   Эмч эхнэрийхээ дэргэд очиж зогсчихоод, өмднийхөө халаасанд гараа хийж, толгойгоо хажуу тийш нь гилжийлгэн хүү рүүгээ ширтэв. Түүний царай хайхрамжгүй байдлыг илтгэх ч, сахал дээр нь гялалзах дуслаар энэ хүн саяхан уйлжээ гэдэг нь илт байв.

   Үхлийн тухай ярихад бодогддог тэр жигшим айдас унтлагын өрөөнөө үгүй байлаа. Бүх нийтийг хамарсан татран өвчинд, эхийн  байрлалд, эмчийн хайнгадуу төрхөнд зүрхийг уяруулах, татан чангаах нэгэн зүйл, чухам хүний уй гашууны тэр л нарийн нандин, онож үл чадам гоо сайхан оршино. Бидний ойлгож басхүү тодорхойлон бичихэд хараахан суралцаагүй энэ зүйлийг зөвхөн хөгжим л дамжуулж чадах мэт санагдана. Дүнсгэр аниргүйд гоо сайхан мэдрэгдэнэ. Кирилов болон түүний эхнэр чив чимээгүй байв, тэд уйлсангүй нь магадгүй энэ хүнд гарзаас гадна өөрсдийн байгаа байдлын уяралыг ухаарсан мэт. Нэгэн цагт тэднийг залуу нас нь орхисон шиг одоо энэ хүүтэй хамт өөрийн хүүхэдтэй байх эрх нь аанай л тэднийг үүрд орхиж байна! Эмч 44 настай ч, буурал сууж хэдий нь өвгөн шиг харагдана. Түүний өнгө гундсан, өвчтэй эхнэр 35-тай. Андрей тэднийхээ цор ганц байгаад зогсохгүй, сүүлийн хүүхэд байжээ. Эхнэрээсээ ялгаатай нь эмч сэтгэл өвдөх үедээ дороо тогтож чаддаггүй хүмүүсийн тоонд багтах ажээ. Эхнэрийнхээ дэргэд таван минут хэртэй зогсчихоод, тэр баруун хөлөө өндөр өргөн унтлагын өрөөнөөс гарч, хагасыг нь буйдан эзэлсэн жижиг өрөөг өнгөрөөд тэндээсээ гал тогоо руу оров. Тогоочийн эд зүйлс болон пийшингийн дэргэд хэсэг тээнэгэлзэж зогссоноо жижигхэн хаалгаар бөхийсгөөд үүдний өрөө лүү гарлаа.

   Тэнд ахин өнөөх цагаан хүзүүний алчуур бас цонхигор царайг харах нь тэр.

— Ингэж нэг юм! — гээд хаалганы бариулаас барингаа Абогин санаа алдав. — Явцгаая, тэгэх үү!

   Эмч татвалзаад түүн лүү харан гэнэт саналаа...

— Сонсооч, би явж болохгүй гэж таньд хэлсэн дээ! — гэж тэр сая сэрээд хэлэв. — Яасан сонин юм!

— Эмч ээ, би хөшөө баримал биш, би таны байдлыг сайн ойлгож байна... харамсалтай байна! — гэж Абогин гараа хүзүүний алчууртаа ойртуулан аргадсан хоолойгоор хэлэв. — Гэвч би өөрийнхөө төлөө гуйж байгаа биш... эхнэр минь үхэж байна шүү дээ!  Хэрвээ та тэрний орилох дууг сонсож, царайг нь харсан бол миний цөхрөлтгүй ятгалгыг ойлгох байсан даа! Бурхан минь гэж, би таныг хувцаслахаар явлаа л гэж бодсон! Эмч ээ, цаг урсаж байна!  Явъя, таниас гуйж байна!

— Би явж чадахгүй! — гэж Кирилов үг бүрээ салган хэлээд танхим руу алхвал Абогин түүний араас очоод ханцуйнаас нь тас зуурав.

 — Таньд уй гашуу тохиож, би ойлгож байна, гэвч би таныг шүд эмчлэхээр, шинжээч хийлгэхээр дуудаагүй шүү дээ. Харин хүний алтан амь авруулахаар залж байна! — тэр үгээгүй гуйлгачин шиг үргэлжүүлэн гуйсаар байв. — Хүний амь ямар ч хувийн уй гашуугаас эрхэм дээгүүрт шүү дээ! Тэгвэл би эр зориг, гавьяа зүтгэлийг шаардаж байна! Хүнлэг сэтгэлийн нэрийн өмнөөс гуйж байна!

— Хүнлэг сэтгэл ий? Зоос хоёр талтай шүү! — гэж Кирилов цухалдан хэлэв. — Таны яриад буй тэр хүнлэг сэтгэлийн чинь нэрийн өмнөөс намайг авч явахгүй байхыг гуйя. Яасан сонин юм, үнэхээр сонин! Би арай л гэж хөл дээрээ зогсож байна, харин та хүнлэг сэтгэлээр намайг сүрдүүлэх гэж! Одоо би ямар ч хэрэгцээгүй... юу гэж, яаж ч байсан хаашаа ч явахгүй, тэгээд ч эхнэрээ хэнд гэж орхих юм? Үгүй, үгүй...

   Кирилов гараа савчаад, гэдрэг ухарлаа.  

— Бас битгий ингэж гуйгаач дээ! — хэмээн тэр хэлээд цочирдсон байдалтай үргэлжлүүлнэ. — Намайг өршөөгөөрэй... XIII хуулийн дагуу би заавал явах ёстой. Таньд намайг зах заамнаас минь татаад явах эрх бий...  Болгооно уу, чирээд яв, гэвч... би ямар ч ашиггүй... Бүр ярих ч чадалгүй байна... Өршөөгөөрэй...

— Эмч та надтай дэмий л ийм өнгөөр ярьж байна даа! — гээд Абогин эмчийн ханцуйнаас ахин зууран хэлэв. — Тэр XIII хууль чинь ч яамай. Таны дур чөлөөнд харшлах эрх надад байхгүй. Хүсвэл явна уу, хүсэхгүй бол тэр биз. Гэвч би таны дур чөлөөнд хандсан хэрэг биш, харин сэтгэл мэдрэхүйд хандсан юм. Залуухан эмэгтэй хүн үхэж байна. Сая хүү тань нас барсан гэж та ярьж байна, тийм байтал та биш бол өөр хэн миний гай зовлонг ойлгох юм бэ?  

   Абогины хоолой сэтгэлийн түгшүүрээс болж чичирхийлж байв. Энэ л чичрэлд, энэ л  хоолойн өнгөнд, үгэнд байхаас ч илүүгээр үнэмшүүлэх чадал сонсогдоно. Абогин чин зүрхнээсээ ярина, гэхдээ ямар ч зүйл ярьсан цаанаа л хуурмаг, сэтгэлгүй, бүр нөхцөл байдалдаа тохирхооргүй уран гоё ярьж буй нь эмчийн гэрийн уур амьсгалыг эсвэл хаа нэгтээ үхэж буй эмэгтэйг бүр басамжлаад байгаа мэт. Абогин ч үүнийгээ мэдэрсэн, тийм ч болохоор буруу ойлгогдохоос айж, хэрвээ үгээр шийдэж чадахгүй бол ядаж хоолойнхоо өнгө авиаг чин үнэнээр нь, бүхий л чадлаа зориулан  эерүү, зөөлөн байлгах гэж хичээнэ. Ер нь бол үг хэл ямар сайхан утга, гүн агуулгатай байлаа ч тоомжиргүй суугаа хүнд л нөлөөлдөг, харин тэр хэт жаргалтай эсвэл золгүй хүний хэрэгцээг ер хангадаггүй, учир нь жаргал хийгээд  зовлонгийн туйлыг гүн аниргүй л илэрхийлдэг юм. Дурлалт амрагууд чимээгүй байхдаа бие биенээ хэзээнээс ч илүүтэй сайн ойлгодог. Булшин дээр цуурайтах, сэтгэл оргилуулсан халуун яриа хөндлөнгийн хүнийг уяруулах ч, тэр дор хэвтэх хүний үр хүүхэд, бэлэвсэн эхнэрт ялимгүй атлаа хүйтэн санагддаг.

   Кирилов чимээгүй зогсоно. Абогин эмчид ногдох үүрэг, тэдний өндөр хувь ерөөл, амиа өргөн зүтгэх учир жанцан мэтийг дахин ярихад, Кирилов их л баргар царайгаар ийн асуув.

— Хол явах уу?

—Долоо найман бээр хавьцаа. Эмч ээ, миний морьд үнэхээр хурдан! Таныг тэнд очоод ийшээ эргэн ирэхэд нэг л цаг хангалттай. Ердөө нэг цаг!

   Сүүлийн үг нь, эмч хүний оноол тавилан, хүнлэг сэтгэл, юу юунаас илүүтэйгээр Кириловд хүчтэй нөлөөлөв. Тэр бодоод, санаа алдан хэллээ.

— За, явцгаая!

   Тэр яаруу агаад жигд алхаагаар ажлын өрөө рүүгээ алхаж, хэсэг хугацааны дараа урт нимгэн хүрэмтэй эргэн ирэв. Баярласан гэж жигтэйхэн Абогин түүний хажууд гутлаа чирэн шожиг шожиг алхаж, гадуур хүрмээ өмсөхөд нь туслаад гэрээс хамт гарцгаалаа.

   Гадаа хашаанд харанхуй байвч үүдний өрөөнөөс илүү гэрэлтэй юм. Харуйд эмчийн  урт нарийн сахал, бүргэдийнх шиг монхор хамар, өндөр бөгтгөрдүү бие нь тод үзэгдэнэ. Мөн Абогины цонхигор царайнаас гадна том толгой, зулайг нь арай ядан халхлах оюутны жижигхэн малгай нь харагдана. Хүзүүний алчуур нь ардаа урт үсэнд далдлагдаад, зөвхөн урд талдаа л цагаарах аж.

— Итгээрэй, таны уужим сэтгэлийг би заавал санах болно! Бид шалавхан давхиад хүрчихнэ. Лука, чи минь аль байдгаараа бушуухан яваарай! Шалавлаарай! — хэмээн эмчийг тэрэг рүү суулгангаа Абогин бувтнана.

   Хөтөч хурдан давхиуллаа. Эхлээд эмнэлгийн хашааны дагуу байрлах үзэмж муутай барилгууд  эгнэн жирэлзэж үргэлжлэнэ, хаа сайгүй тас харанхуй, зөвхөн хашааны гүнд айлын цонхноос тод гэрэл үүдний цэцэрлэгийг  нэвтрэн тусч, бас эмнэлгийн барилгын дээд гурван цонх гадаах бүрэнхийгээс ялгаран цайвалзаж үзэгдэнэ.  Морин тэрэг яв явсаар тас харанхуй руу орчихов. Мөөгний чийг үнэртэж, моддын шивнээ сонсогдож байлаа. Тэрэгний хүрдний чимээнд сэрсэн хэрээнүүд навчин дээгүүр үймэлдэн хөдөлж, эмчийн хүү үхсэн, Абогины эхнэр өвчтэйг мэдсэн мэт гомдол, түгшүүрт дуу хадаана. Өөр нэгэн моддын төрөл бут хальт үзэгдэж, бараан том сүүдэр туссан дүнсгэр цөөрөм гялсхийгээд, тэрэг жигдхэн гөлгөр тал газраар өнхөрлөө. Хэрээний гуаглах нь ард бүдэг сонсогдож, удалгүй бүрмөсөн намжив.

   Кирилов, Абогин хоёр бараг бүх замын турш чимээгүй явав. Ганц удаа л Абогин хүндээр санаа алдаж, ийн бувтнажээ:

— Тарчлаантай юм аа! Ойр дотны хүмүүсээ алдах дээрээ тулахад л хэзээ ч хайрлаж байгаагүйгээрээ хайрлах юм.

   Тэрэг голыг чимээгүйхэн гатлахад, Кирилов усны цалгианд цочсон мэт гэнэт л зогтусаад, суудал дээрээ тогтон ядаж эхлэв. Тэгснээ:  

— Сонсооч дээ, намайг явуулаач! Би дараа танайд ирье. Ядаж эхнэр лүүгээ бага эмч илгээх минь. Тэр минь ганцаараа байгаа шүү дээ! — гэж гунигтайгаар хэлэв.

   Абогин дугарсангүй. Чулуунд цохигдож, сэгсрэгдэх морин тэрэг эргийн элсийг өнгөрч, цааш зүтгэлээ. Кирилов уй гунигтаа хөрвөөж, өөрийнхөө эргэн тойрныг харав. Оддын бүдэг гэрлийг нэвтлэн ардаас зам бас далд орох эргийн унжаа уд харагдана. Баруунтаа тэнгэр шиг тэгш бөгөөд хязгааргүй тал газар цэлийж, тэр аяарх хүлэрт намагт сүүмгэр оч ноцно. Зүүнтээ замтай зэрэгцэн жижиг бут сөөгнөөс болж саглайж харагдах гүвээ толгод тэнийнэ. Толгодын дээр  мананд үл мэдэг нөмрүүлж, өөрийг нь явчих вий хэмээн сахих мэт жижигхэн үүлсээр бүхий л талаасаа хүрээлүүлсэн, том улаан хавирган сар хөдөлгөөнгүй мэлтийнэ.

   Байгаль эхээс найдваргүй бас өвдөлттэй нэгэн зүйл мэдрэгдэнэ: харанхуй өрөөнд ганцаар суугаад,  өнгөрсний талаар санагалзахгүйг хичээн унаж буй эмэгтэйн адилаар, газар дэлхий ч, хавар болон зуны тухай дурсамжиндаа шаналж, зугтаж боломгүй өвлийг номой хүлээнэ. Хаашаа ч харсан байгаль хүйтэн атлаа харанхуй, хязгааргүй гүн ангал шиг санагдаж, Кирилов ч тэр, Абогин ч тэр, хавирган улаан сар ч тэр тэндээс гарч чадахгүй мэт...

   Тэрэг зорилгодоо ойртох тусам Абогин улам л тэвчээр алдраад байв. Тэр суудал дээрээ займчиж, үсэрч, хөтөчийн мөрөн дээгүүр урагшаа өнгийн харна. Эцэст нь нэг юм тэрэг судалтай зотноор сайхан гэгч нь бүрсэн үүдэн шатны дэргэд зогслоо. Абогин хоёр давхрын гэрэлтэй цонх руу харахад амьсгал нь хэрхэн чичэрхийлж байгаа нь сонсогдоно.

— Хэрвээ ямар нэгэн юм болвол... би давж гарч чадахгүй — гэж тэр санаа зовонгуй гараа үрж, эмчтэй хамт үүдний өрөө лүү орлоо. Тэгснээ — Үймээн шуугиан сонсогдохгүй байх чинь, одоохондоо эсэн мэнд байгаа бололтой, — хэмээн чимээ чагнангаа нэмж хэллээ.

   Үүдний өрөөнд нэг ч хоолой, нэг ч алхаа сонсогдохгүй, тод гэрлийг эс тооцвол гэр бүхэлдээ унтаж буй мэт байх аж.  Өнөөг хүртэл харанхуйд байсан эмч, Абогин хоёр одоо л бие биесээ сайн харж чадахаар боллоо. Эмч өндөр бөгөөд бөгтгөрдүү, хааш яаш хувцасласан үзэмжгүй царайтай хүн байв. Негрийнх** шиг зузаан уруул, монхор хамар, гөлөрсөн хайхрамжгүй харц нь ямар нэгэн таагүй, эелдэг биш, хурц ширүүн байдлыг илэрхийлнэ. Түүний самнаагүй үс, хүнхэр чамархай, цагаас өмнө буурал суусан живэр сахал, сахлыг нь нэвт гэрэлтэх эрүү, цонхигор сааралдуу арьсны өнгө, болхи байдал зэрэг нь амссан  хатуу ширүүн, гачигдал, азгүйтэл, хүмүүс болон амьдралаас эхтэй зовлонг нь мэдрүүлэх ажгуу. Эмчийн хайш яайш байдлыг хараад энэ хүн эхнэртэй.., хүүхдийнхээ төлөө уйлсан гэдэгт итгэмээргүй. Харин Абогин тэс өөр нэгнийг дүрслэх ажээ.  Том  толгойтой, тодорхой бөгөөд зөөлөн нүүрний төрхтэй,  сүүлийн загварын чиг хандлагаар донжтой хувцасласан, бадриун атлаа буурьтай шаргал үст залуу. Түүний цэх шулуухан бие, нягт сайн товчилсон нимгэн хүрэм, өтгөн урт үс, зүс царайнаас нь эрхэмсэг ч гэмээр арслан шиг ч гэмээр зүйл мэдрэгдэнэ. Учир нь Абогин эрүүгээ өргөн, цээжээ түхийлгэн алхангаа, аятайхан баргил хоолойгоор ярьж байв. Мөн хүзүүний ороолтоо авч, толгойн үсээ янзлах маягт нь тийм нарийн бараг л эмэгтэй хүний гэмээр уран сайхан нэвт илэрнэ. Цонхигор царай, хувцсаа тайлангаа хүүхдийнх шиг айдсаар шат өөд харах нь ч тэрний биеийн сүрийг дарсангүй, галбираас нь нэвт ханхлах шийдэмгий зан, эрүүл чийрэг, элбэг хангалуун байдлыг нь ч хомсолсонгүй.

— Хэн ч алга, юу ч сонсогдохгүй байна! — гэж шатаар өгсөнгөө тэр хэлэв. — Үймж шуугих л юм алга!

   Абогин  үүдний өрөөгөөр дамжин цагаан бүрээстэй таазнаас зүүсэн цэцгэн дэнлүү бас хар өнгийн төгөлдөр хуур бараантсан том тамхим руу эмчийг дагуулан ороод, тэндээсээ хоёул тааламжтай, сүүмгэр ягаан гэрэлтэй жижиг хэрнээ тухтай сайхан зочны өрөө лүү орлоо.

— За эмч ээ, энд сууж байгаарай, — гэж Абогин хэлэв. — Би одоохон... Очиж харчихаад танд дуулгая.

   Кирилов ганцаараа үлдэв. Зочны өрөөний хээнцэр байдал, тааламжтай бүүдгэр, танихгүй айлд адал явдал эрэлхийлсэн мэт ингээд сууж байгаа нь ч тэрнийг уяраасангүй бололтой. Тэр буйдан дээр суугаад, карболын хүчилд эргэн тойронгүй түлэгдсэн гараа ширтэнэ. Тод улаан өнгийн бүрхүүл, морин хийлийн хайрцаг хальт үзэгдэж, цаг чаг чаг дуугарах тал руу харвал Абогин шиг бадируун бас цатгалан чихмэл чоныг тэр олж анзаарлаа.

   Чив чимээгүй байлаа... Хаа нэгтээ холоос хажуу өрөөнд хэн нэгэн чангаар “а” гэх нь дуулдав. Шилэн хаалга шаргилаа, биш ээ шүүгээ байх, дахиад л нам гүм боллоо. Таван минут хүлээгээд Кирилов гараа эргүүлж тойруулж харахаа болин Абогины орсон хаалга руу харцаа чиглүүлэв.

   Тэр хаалганы босгон дээр Абогин зогсож байх ч, саяны гараад явсан хүн биш байлаа. Цатгалан төрх, уран сайхан нь тэрнээс хулжиж, нүүр царай, гар бас биеийн байрлал нь айдас ч биш, бие махбодын зовлонт өвдөлт ч биш, ой гутам зүйлээр эвдлэгдэж, хэмхлэгджээ. Хамар, уруул, сахал, ер хамаг юм нь нүүрнээсээ салж тасрах гэж хичээх мэт эв хавгүй хөдөлнө. Харин нүд нь яг л зовиурласандаа инээх мэт...

   Абогин зочны өрөөний гол руу хүндээр том алхаж очин, бөхийж, гаслаад, зангидсан нударгаа сэгсчив.

Тэгснээ — Мэхэлчихлээ! —  гэж хүчтэй, хоолойгоо шахан орилов. — Мэхлэчихлээ! Явчихлаа! Өвдчихлөө гэж... зөвхөн салбадай Папчинскийтай зугтахын тулд намайг эмчийн араас илгээж! Бурхан минь!

   Абогин эмчийн зүгт хүндээр алхаад, өөрийн зөөлөн цагаан гараа нүүр лүү нь сунгаж нударга зангидан сэгсчээд үргэлжлүүлэн бархирна.

— Явчихлаа!! Мэхлэчихлээ! Юуны төлөө энэ худал хуурмаг?! Бурхан минь гэж! Бурхан минь! Юуны төлөө энэ бузар булхай илбэ, энэ чөтгөр, могойн тоглоом? Би түүнд юу хийсэн гэж? Явчихаж!

   Нүднээс нь нулимс садрав. Тэр нэг хөл дээрээ эргээд зочны өрөөгөөр алхаж эхлэв. Хөл нь зохицоогүй харагдах нарийн донжтой өмдөндөө, богино хүрмэндээ, том толгой өтгөн урт үстэйгээ одоо л арслантай тун ч адилхан харагдана. Эмчийн хайхрамжгүй царайнд сониуч зан гэгэлзлээ. Тэр өндийгөөд, Абогиныг хойно урдгүй харна.

— Зөвшөөрнө үү, өвчтөн хаана байгаа юм бэ дээ? — гэж тэр асуув.

— Өвчтөн! Өвчтөн! — гэж инээж, уйлж, нөгөө л нударгаа сэгсэчсээр Абогин орилов. —Тэр өвчтөн биш, харин ч хараал идсэн амьтан! Бузар явдалтан! Жигшүүрт хэрэг, Сатан ч үүнээс илүү жигшим зүйлийг бодож олж чадахгүй! Энэ салбадай, дүйрэн алиалагч, альфонстой зугтахын тулд намайг явуулж! Ээ бурхан минь, ингэж байхаар тэр үхсэн нь дээр байж! Би тэсвэрлэж чадахгүй нь! Би давж чадахгүй!

   Эмч биеэ тэнийлгэв. Нүд нь нулимсаар бүрхэгдэн цавчилж эхэллээ. Живэр эрүү нь  баруун, зүүн тийш хөдөлнө.

Тэгээд — Болгооно уу, яаж тэр билээ? — гэж ийш тийш гайхан харангаа асууна. — Хүү минь нас барж, эхнэр минь уй гашуудалд ганцаархнаа гэртээ... гурван шөнө унтаагүй би өөрөө арай гэж л хөл дээрээ зогсож байхад... тэгээд юу гэж? Намайг нэг хачин олиггүй жүжигт тоглуулж, хуурмаг зүйлд дүр гаргуулахыг завдах гэж! Үгүй ээ... ойлгохгүй байна!

   Абогин тас атгасан гараа дэлгэн, үнгэгдсэн зурвас шал руу чулуудаад дээр нь няцлахыг тэсгэлгүй хүсэх шавж харсан адил гишгэчив.

— Би ч бас хараагүй... ойлгоогүй! — гэж байдгаар нь зангидсан нөгөө гараа нүүрнийхээ ойролцоо давшлуулан, эвэрхий дээрээ гишгүүлсэн мэт царайгаар, зуусан шүднийхээ завсраар ярина. — Би тэр мууг өдөр болгон ирдгийг анзаараагүй, өнөөдөр сүйх тэрэгтэй ирсэнг нь ч мэдсэнгүй. Сүйх тэргээр яах гэж? Би бас л харсангүй! Мулгуу!

— Үгүй ээ.. Ойлгосонгүй! — гэж эмч ахиад л бувтнав. — Энэ чинь бие хүнийг доромжилж, хүний зовлонгоор элэг доог хийж буй хэрэг! Энэ бол юу ч юм... боломжгүй зүйл... амьдралдаа анх удаа учирч байна!

   Өөрийг нь хүндээр басамжилсанг сая л ойлгох болсон эмч гайхширсан төрхтэй гараа дэлгэж мөрөө хавчаад, тамирдан буйдан руу унаад өгөв.

— За яахав, өөрийг минь хайрлахаа болилоо, өрөөл нэгнийг хайрлах боллоо — тэрийг нь ч бурхан өршөөг, гэвч яах гэж энэ мэхлэлт, яах гэж энэ өөдгүй, урвагчийн заль мэх гаргасан юм бол? — хэмээн Абогин уйланд дугаран ярина. — Юунд? Бас Юуны төлөө? Би чамд юу хийсэн юм бэ? Эмч ээ, сонсооч дээ, — гээд тэр Кирилов руу дөхөн их л дотночлон хэлэв. — Та миний золгүй байдлын санамсаргүй гэрч, тийм болохоор би таниас үнэнийг нуухгүй. Энэ эмэгтэйг би хайрласан гэж тангараглаж байна. Би боол шиг сүсэглэн хайрласан! Түүний төлөө би бүхнээ золиослосон: төрөл садантайгаа муудалцсан, хөгжим бас ажил албаа орхисон, эгч бас ээжийнхээ төлөө ч уучилж огт чадахгүй зүйлийг тэрнийг гэж уучилсан...  Нэг ч удаа түүн рүү сэжиглэн харж байсангүй... ямар ч шалтаг гаргаж байгаагүй! Юуны төлөө энэ худал хуурмаг? Би хайр нэхэхгүй, гэвч юуны төлөө энэ жигшим мэхлэлт? Хайргүй юм бол, тэгээд шуудхан хэл л дээ, шударгаар, тэр тусмаа энэ талаарх миний үзэл санааг мэдэж байж...

    Абогин нулимстай нүдээр, бүх л биеээрээ дагжин чичирч, эмчийн өмнө өөрийн зүрхний үгсээ чин сэтгэлээс асгаруулав. Тэрээр хоёр гараа зүрхэндээ тэвэрч, дотночлон ярьж, өчүүхэн ч тээнэгэлзэлгүйгээр гэр бүлийнхээ нууцыг дэлгэв. Энэ нууцууд эцэст нь ингэж цээжнээс нь гадагш гарсанд бүр баярлах мэт болов. Ийм байдлаар цаг яриад, өөрийн сэтгэлээ уудалсан бол гарцаагүй, тэр илүү дээрдэх байлаа. Хэн мэдэх юм, хэрвээ эмч түүнийг дуустал нь сонсоод, нөхөр ёсоор өрөвдсөн бол, хүний л ёсоор, хэрэггүй тэнэглэл гаргалгүйгээр уй гунигтайгаа эсэргүүцэлгүйгээр эвлэрэх ч байсан юм бил үү... Гэхдээ хэрэг явдал өөрөөр тохиолоо. Абогины ярих зуур, басамжлагдсан эмч илтэд өөрчлөгдлөө. Царайн дахь хайнга байдал, гайхшрал нь бага багаар эгдүү зэвүү, гашуун гомдол, уур хилэнгийн илэрхийлэлд зай тавьж өгөх нь тэр. Нүүрний төрх нь улам хурц, ширүүн бөгөөд бүр тааламжгүй болов. Абогин эмчийн нүдэнд сайхан гэхдээ гэлэнмаа шиг яруу бус хүйтэн царайтай залуу эмэгтэйн хөргийг дөхүүлээд, тэр царай өөд ширтэж байгаад, энэ царай худал өгүүлэх чадвартай эсэхийг асуув. Энэ үед эмч гэнэт үсэрч босоод, нүд нь гялсхийж, үг бүрээ тун бүдүүлгээр  тодорхой хэллээ:

— Юунд та энэ бүгдийг надад ярина вэ? Би сонсохыг хүсэхгүй байна! Сонсох хүсэл алга! — гэж тэр орилоод ширээ шаав. — Таны олиггүй нууцууд надад хэрэггүй, чөтгөр аваасай, тэр нууцуудыг чинь! Надад энэ арчаагүй зүйлсээ ярьж бүү зүрхэл! Эсвэл намайг хангалтгүй доромжилсон гэж та бодож байна уу? Эсвэл би эцэс төгсгөлгүй доромжилж болох зарц шиг байна уу?      

   Абогин гэдрэг алхаад, Кирилов руу гайхсан харцаар ширтлээ.

— Юунд та намайг ийшээ авчрав? гэж эмч салхаа сөрвөгнүүлэн хэлэв. — Хэрвээ ихэрхүү маягаар гэрлээд, эцэст нь энд уянгын жүжиг тавьж байгаа юм бол, би ямар хамаатай юм? Таны янаг амрагийн холбоотой нийтлэг зүйл надад юу билээ?  Намайг тайван орхи!  Буянтай нударган баячуудын тогоонд өөрийгөө зориул, хүнлэг үзэл санаагаараа баярх, (эмч морин хийлийн хайрцаг руу хялайн харж) контрабас,*** үлээвэр хөгжмөө тогло, тэгээд таргал яг агталсан тахиа шиг, гэхдээ бие хүнийг элэг доог хийж бүү зүрхэл! Хэрвээ хүндэтгэж чадахгүй юм бол, ядаж өөрийн анхаарлаасаа ангижруул!  

— Болгооно уу, энэ бүхэн тань юу гэсэн утгатай юм бэ? — гэж Абогин улайн асуув.

— Хүмүүстэй ийм маягаар тоглох нь ичгүүртэй бас дорд хэрэг! Би эмч хүн, та эмч нарыг, ер нь л сүрчиг үнэртдэггүй жирийн ажилчдыг өөрийхөө зарц, моветон**** гэж тооцож байна. За яахав, тэг л дээ, гэвч хэн ч таньд зовж буй хүнийг хуурамч зугаа болгох эрх өгөөгүй шүү!

— Яаж та ингэж ярьж зүрхэлнэ вэ? — гэж Абогин сулхан дуугаар асуулаа. Энэ удаа уур хилэнгээс болж түүний нүүр ахин хүрэнтэнэ.  

— Үгүй ээ, надад уй гашуу тохиосонг мэдсээр байж, та жигшим зүйлсийг сонсгохоор намайг энд авчирч яаж зүрхлэв? — гэж эмч орилоод ахин ширээ шаав. — Өрөөлийн гай зовлонгоор тохуу хийх эрхийг хэн таньд өгсөн юм?

— Та солиороо юу! — гэж Абогин хашгирав. — Танд уужим сэтгэл гэж алга! Би өөрөө гүнээ аз жаргалгүй байна. Бас... бас...

— Аз жаргалгүй.!? — гэж эмч хорсолтойгоор жуумалзав. — Энэ үгийг бүү хөнд, таньд хамааралгүй үг. Өрийн баримтнаас мөнгө олдоггүй анхиагүй амьтад өөрсдийгөө бас азгүйчүүд гэж нэрлэдэг юм. Илүү жиндээ дийлдэх агталсан тахиа адилхан л азгүй. Өчүүхэн хүмүүс!

— Өршөөлт ноён минь, та хэтэрч байна! — хэмээн Абогин гангинав. — Ийм үгсийн төлөө... цохидог юм! Ойлгож байна уу?

   Абогин яаран хажуу халаасаа уудалж, хэтэвчээ гаргаад, хоёр дэвсгэрт ширээ рүү шидчихэв.

— Энэ таны айлчлалд! — хэмээн Абогин хамрын нүхээ сарталзуулан хэлэв. — Ингээд таньд төллөө!

— Надад мөнгө санал болгож бүү зүрхэл! — гэж эмч хашгираад, дэвсгэртүүдийг ширээнээс шал руу арчин унагаалаа. — Доромжлолын төлөөсөнд мөнгө өгдөггүй юм!

   Абогин, эмч хоёр нүүр нүүрээ харан зогсоно. Уур хилэндээ нэг нэгнийхээ өөдөөс хүртэх эрхгүй доромжлолыг үргэлжлүүлэн цацсаар. Амьдралдаа нэг ч удаа, бүр дэмий солиоролд ч, тэд энэ хэрийн шударга бус, хэрцгий, байж боломгүй зүйлсийг хэлж үзээгүй санагдана. Хоёулангаас нь азгүйчүүдийн аминч үзэл хүчтэй мэдрэгдэнэ. Нэг нэгнээ ойлгох чадваргүй тэнэгүүдийг бодоход азгүйчүүд бага зэргийн амиа бодсон, муу санаатай, шударга бус бас хэрцгий.  Хүмүүсийг гай зовлон нэгтгэдэггүй, харин салгадаг. Бүр адил маягийн уй гашуутай хүмүүс илүү ойр байх биз гэсэн газарт ч хүртэл бүх юмаар хангалуун газартай харьцуулахад гай зовлон л хамгийн шударга бус, хэрцгий байдал үүсгэдэг мэт санагдана.

— Болгооно уу, намайг гэр лүү минь явуул! — гэж эмч амьсгаадан хэлэв.

   Абогин огцом гэгч нь хонхдов. Түүний дуудлагад хэн ч хүрч ирсэнгүйд, дахин нэг удаа цохиод хонхоо ууртайгаар шал руу шидчихэв. Хонх ширдэгэнд бүдэг цохигдож, хөөрхийлмөөр дуу гарган унах нь тэр. Яах аргагүй үхлийн өмнөх гаслал. Зарц хүрч ирлээ.

— Та нар хаана нуугдаж байсан юм, чөтгөр  аваасай та нарыг! — гэж эзэн нь нударгаа зангидан тэрэн лүү дайрлаа. — Чи сая хаана байв? Яв, энэ ноёнтонд тэрэг гаргаж өгөөд, надад сүйх тэрэг хөллө гэж очоод хэл! —  гэснээ зарцыг явахаар эргэхэд  Зогс! — гэж ахин орилов. — Маргааш болоход ганц ч урвагч энэ гэрт үлдэх ёсгүй шүү! Бүгд тонил! Шинийг хөлслөх болно! Зэвүү хүргэм амьтад!

   Тэрэгсийг хүлээх зуураа Абогин эмч хоёр дуугарсангүй. Абогины цатгалан төрх, гойд яруу сайхан нь эргээд ирж. Тэр зочны өрөөгөөр эрхэмсгээр толгойгоо сэгсрэн алхаж, ямар нэгэн зүйл сэтгээд буй нь илт байлаа. Түүний уур хилэн хараахан хөрөөгүй ч, өөрийн дайснаа анзаарахгүй буй мэт дүр үзүүлнэ... Харин эмч нэг гараараа ширээний өнцгөөс түшин, зөвхөн уй гашуу, азгүй хувь заяа л өмнөө цатгалан байдал, яруу сайхныг харвал гаргаж мэдэх муухай, ичгүүргүй, гүн хорсол жигшлээр Абогин руу ширтэнэ.

    Хэсэг хугацаа өнгөрсний дараа эмч тэргэнд суугаад явлаа. Түүний нүд одоо ч гэсэн хорсолтойгоор цоргисоор. Гадаа харанхуй  байлаа, тийм нэг, цагийн өмнөхөөс ч өтгөн харанхуй байлаа. Улаан хавирган сар аль хэдийнээ толгодын цаагуур оржээ. Түүнийг сахиж байсан хар толбот үүлс оддын дэргэд жагсаж харагдана. Улаан гэрэлтэй сүйх тэрэг замаар түчигнэж эхлээд, эмчийг гүйцлээ. Абогин эсэргүүцэхээр, тэнэг зүйлс хийхээр явж байгаа нь энэ...

    Бүх л замын туршид эмч эхнэрийнхээ тухай ч, Андрейн тухай ч бодсонгүй. Харин тэр Абогины тухай, дөнгөж саяын орхисон гэрт амьдардаг хүмүүсийн тухай бодож байв. Түүний бодол санаа шударга бус, хүнлэг бус, машид харгис байлаа. Тэр Абогиныг ч, эхнэрийг нь ч, Папчинскийг ч дотроо шүүн сүүмгэр ягаан гэрлэн дунд амьдардаг, сүрчиг үнэртүүлсэн хүмүүсийг шүүмжилж, бүх л замын турш үзэн ядаж, бүр зүрхээ өвдтөл жигшин зэвүүцэв. Тэгээд түүний ухаанд энэ хүмүүсийн талаарх бат үнэмшил бүрэлдэв.

Цаг хугацаа өнгөрнө, Кириловын уй гашуу өнгөрнө, гэхдээ хүний сэтгэлийн цэнэд хүрэхгүй, шударга бус энэ үнэмшил элж өнгөрөхгүй, булш хүртэл нь эмчийн ухаанд үүрд хоногших болно.  

 

*Судасны (голдуу артер) ханан дахь цусны бөглөрөл
**Орос хэлэнд энэ үг нь өнгөт арьстнуудыг нэрлэдэг бөгөөд ямар нэгэн доромжилсон утга агуулга огтоос илэрхийлдэггүй билээ.  
***Ахмад хийл.  2м орчим өндөртэй чахдаст хөгжим.
****Франц хэлнээс гаралтай үг. Тухайн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй ёс бус ааш зан, аяг байдал, үйлдэлийг илэрхийлдэг.    

Сэтгэгдэл хэсэг