УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: Х.АЯАУГҮЛЬ

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Орчуулгын төрөлд Англи, Орос, Хятад, Солонгос, Герман, Түрк, Япон, Франц хэлээс орчуулдаг 30 орчуулагч бүтээл ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, орчуулгуудыг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно.


Шилдэг орчуулагчдын нэгээр шалгарсан удаах орчуулагч бол Хуанбайн Аяаугүль. 1992 онд төрсөн. Тэрээр ШУТИС-ийн Хэлний Боловсролын Сургуулийг техникийн англи хэлний орчуулагч мэргэжлээр 2013 онд төгссөн. Одоо Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Штуттгарт хотын Их Сургуульд IT чиглэлээр суралцаж байна. Аяаугүль бидэнд Германы зохиолч Вольфганг Борхертын "Хархнууд ч гэсэн шөнө унтдаг юм шүү дээ" хэмээх өгүүллэгийг герман хэлнээс орчуулан ирүүлсэн юм.


ХАРХНУУД Ч ГЭСЭН ШӨНӨ УНТДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ

Вольфганг Борхерт

Барилгын нуранги дунд ганцаар торойн үлдсэн ханан дахь цонхны хоосон хүрээгээр үдшийн нар хөх улаан туяагаа цацруулна. Яндангийн эвдэрч хэмхэрсэн хэсгүүдийн голд тоос шороо босох аж. Нэгэн жаал нүдээ аниад газар сууж байв. Гэнэт улам харанхуй болох мэт хүүд санагдлаа. Хэн нэгэн хажууд нь ирчихээд чимээгүй зогсох ч шиг. Жаалхүү “Өнөөдүүл намайг олчихлоо гэж үү!” хэмээн тэрхэн зуур бодон нүдээ үл ялиг нээхдээ өмнөө зогсох хүний яс арьс болсон хоёр хөлийг нь харж амжлаа. Хоёр хөлийнх нь хоорондох зайгаар орчин тойрныг чөлөөтэй харж болохоор тийм майга хүн аж. Хүү зүрх гарган нүдээ гялс нээгээд тэр хүний өмдний гуя хэсгийг бушуухан хараадхав, настайвтар эрэгтэй хүн зогсож байгаа бололтой дог оо. Тэр хүн гартаа тонгорог, сагс барьсан байх агаад гар нь шороо тоос болсон харагдана.

“Чи арай энд унтах гээгүй биз дээ?” гэж асуугаад хүүгийн өрвийсөн үсийг тогтон ажиглав. Юрген түүний хөлийн хоорондох зайгаар нар луу хараад “Үгүй ээ, унтахгүй. Гэхдээ энд үлдэж манах ёстой!” гэв. Өнөөх эр толгой дохиод, “Аан тэгээд л энэ том чулуу хэрэг болоо юу?” гэж асуулаа.

“Тийм ээ” хэмээн Юрген эрэмгий гэгч нь хариулаад нөгөөх чулуугаа атгав.

“Юу хамгаалж байгаа юм бэ дээ, тэгээд?”

“Тэрийг хэлж чадахгүй ээ!” гээд хүү чулуугаа бүр чанга атгалаа.

“Бодвол мөнгө төгрөг л манаж байгаа биз?” гээд сайх эр сагсаа газар тавин, тонгорогоо өмднийхөө шуумганд хэдэнтээ арчив.

“Үгүй шүү, мөнгө бол огтоос биш. Тэс өөр юм хамгаалж байна!” гэж хүү эгдүүцэнгүй хариулав.

“Юу юм бэ тэгээд, хэлээч дээ?”

“Тэрийг хэлж чадахгүй нь. Огт өөр зүйл гээд л ойлго!”

“Тийм бол яах вэ, битгий хэл. Би ч гэсэн сагсан дотор минь юу байгааг хэлэхгүй юм чинь!” гээд мань эр сагсаа үл ялиг өшиглөөд, тонгорогоо эвхэв.

“Аая, сагсан дотор чинь юу байгааг би бараг л мэдэж байна шүү. Молтогчин туулайн тэжээл л биз!” хэмээн Юрген мөчөөгөө өгөхгүй хариулав.

“Хөөх, яаж мэдэв ээ?” гэж сайх эр гайхшираад “Ямар сэргэлэн золиг вэ, чи чинь. Ингэхэд хэдэн настай билээ?” гэж асуулаа.

“Есөн настай”.

“Аан, есөн настай юм бий вий. Тийм бол гурвыг есөөр үржүүлж чадах нь ээ? Хэд болох вэ?”

“Мэдээж” гэж хүү хариулаад, бодолхийлэх зуураа “Харин ч нэг амархан шүү” гээд “Гурван ес хэд вэ? гэсэн үү?" хэмээн лавлаж, сая нэг “Хорин долоо... Асуухад чинь шууд мэдэж байсан юм,” гэв.

Тэгэхэд нь мань эр “Зөв зөв, сайн байна. Манайд яг ийм тооны молтогчин туулай бий дээ” гэлээ.

Юрген гайхаж алмайрснаас өөрийн эрхгүй амаа ангайж  “Хорин долоон молтогчин туулай ий?” хэмээн лавлав.

“Чи туулайнуудыг маань харж болно шүү. Ихэнх нь цурав нялхаараа байгаа. Очиж хармаар байна уу?”

“Чадахгүй ээ. Эндээ манаж үлдэх ёстой!” гэж Юрген өөртөө итгэлгүйхэн бувтналаа.

“Эндээс хором ч холдохгүй хамгаалах юм уу? Шөнө ч бас уу?”

“Шөнө ч бас манана. Байнга. Хором ч холдохгүй хамгаална”.  Жаалхүү өнөөх эрийн майга хөлөөс дээш гүйлгэн хараад “Хагас сайнаас хойш манаж байна” гэж шивнэх шахуу хэлэв.

“Пээ, тэгээд гэртээ харихгүй юм уу? Цай ундаа уух хэрэгтэй шүү дээ”.

Юрген нэг чулуу дээш өргөн доор нь нуусан тал талхаа харуулав. Бас хажууд нь нимгэн төмөр хайрцаг ч байна.

“Чи тамхи татдаг юм уу? Гаанс байгаа юм уу, тэгээд?”.

Хүү чулуугаа чанга атган нэлээд уцаарлангуй янзтай “Ороож татдаг. Гаансанд дургүй!” гэлээ.

“Харамсалтай л юм” гээд өнөөх эр сагс руугаа тонгойн “Молтогчин туулайнуудыг маань очиж үзэж болох л байлаа. Даа ялангуяа эр туулайнуудыг нь. Нэгийг сонгоод авч болох ч юм билүү. Даанч чи ямар эндээс холдох биш” гэв.

“Тийм ээ, холдож болохгүй” хэмээн хүү гунигтай хариуллаа.

Тэр сагсаа гартаа аваад явахаар завдан “За за, үлдэхээс өөр аргагүй бол яалтай билээ, харамсалтай яа!” гээд цааш эргэтэл хүү “Ам алдахгүй гэж амлавал яах вэ, хэлье!” хэмээн санд мэнд ам өчиг аваад “Хархнуудаас болж л би энд байгаа юм” гэж үнэнээ өчив.

“Хархнуудаас болоод оо?”

“Тийм ээ, хархнууд сэг зэмээр хооллодог гэсэн. Бас нас барсан хүмүүсийн цогцсыг ч иддэг гэнэ лээ”.

“Хэн тэгж байна?”

“Манай багш”.

“Тэгээд хархнуудыг манах гээд энд хонож байгаа хэрэг үү?”

Хүү “Яалаа гэж хархнуудыг манах вэ дээ!” гэснээ нам дуугаар “Дүү маань энд байгаа юм, тээр доор хэвтэж байгаа!” гээд байшингийн хананы нуранга руу модон саваагаар заав. Тэгснээ “Манай гэрийг тэсрэх бөмбөг дэлбэлчихсэн. Гэнэт л зоорины гэрэл тасарсан. Дүү маань алга болчихсон. Бид нэрээр нь зөндөө дуудсан даа. Надаас хамаагүй жаахан хүүхэд. Дөнгөж дөрөв хүрсэн. Энэ дор л үлдсэн байх ёстой. Дүү минь хэтэрхий жаахнаараа байсан юм” гэж ярилаа.

Нөгөө хүн хүүгийн өрвийсөн үс рүү харан хэсэг зогссоноо “Тийм байж, гэхдээ танай багш хархнууд шөнө унтдаг гэдгийг та нарт хэлээгүй юм уу даа?” гэж асуув.

“Хэлээгүй!” гэж хүү шивнэхдээ нээрэн л ядарч сульдсанаа мэдрэв. “Багш тэгж хэлээгүй”.

“Хмм, иймхэн юм мэдэхгүй байх гэж. Хархнууд ч гэсэн шөнө унтдаг юм шүү дээ. Гэгээ тасарч харанхуй болоход тэд ч бас унтана, чи ч гэсэн гэртээ харьж амарч болно шүү дээ”.

Юрген саваа модоороо нурангийг ухаж жижигхэн жижигхэн хонхорхой гаргалаа. Тэгснээ “Зөндөө олон жижигхэн орнууд засчихлаа, бүгдээрээ ор шүү” гэлээ.

Үүнийг сонссон эрийн хөл чичрэх шиг болж, хүүд хандан “Юу гээч, би шалавхан яваад молтогчин туулайнуудаа хооллочихоод ирье. Тэгээд бүрий унахтай зэрэгцээд чамайг ирж авамз. Эсвэл нэг бүжингээ аваад ирэх үү? Ямар санаа байна?” гэж асуулаа.

Юрген түрүүчийн адил нүхнүүд ухсаар сууна. “Зөндөө олон бяцхан молтогчин туулайнууд. Цагаан, саарал, сараал цагаан өнгөтэй” хэмээн амандаа бувтнана.

Тэгснээ “Шөнө болохоор хархнууд нээрээ унтдаг үгүйг мэдэхгүй юм аа” гээд өнөөх эрийн майга хөл рүү харав. Харин мань эр жаал хүүг орхиод, шавар хананы нуранги даван цаашаа гудам руу орж явчихлаа. Явуут зуураа “Мэдээж унталгүй яахав дээ. Танай багш энийг мэдэхгүй бол багш байгаад хэрэг байхгүй ээ” гэж хариулахад хүү босоод түүний араас “Танай туулайнуудаас нэгийг авч болох уу? Цагааныг авч болох уу?” хэмээн хашгиран асуулаа.

“Очоод үзье ээ, харин чи намайг буцаж иртэл хүлээж байна шүү” гэж өнөөх эр холдчихсон гэлгүй хашхиран хариулав. “Гэхдээ дараа нь хоёулаа танайх руу хамтдаа явна шүү. Аавд чинь молтогчин туулайнд үүр яаж барихыг хэлж өгнө. Хэлж өгөхгүй бол тун горьгүй”.

“За, би хүлээж байя. Харанхуй болтол тэртэй тэргүй энд манах ёстой. Баараггүй хүлээгээд байж байна!” гээд жаалхүү хариу хашхирав. Бас “Манайд банз байгаа, туулайндаа үүр хийж болно” гэж хашхирлаа.

Мань эр хүүгийн хэлснийг сонсож чадахааргүй хол явчихсан байв. Жаргаж буй нарны зүг майга хөлт эр жирийлгэж байлаа. Хүү түүний хөлийн завсраар жаргаж буй нарны улаан туяаг харж болохоор тийм л майга хөлтэй эр байв. Сэтгэл нь хөдөлж догдолсноос тэр эр сагсаа ийш тийш савчуулан гүйнэ. Сагсан дотроо молтогчин туулайнуудынхаа хүнсийг хийсэн байгаа. Туулайнууддаа өгөхөөр авч яваа өвс тэжээл нь барилгын нурангины тоос шороонд дарагдан бага зэрэг саарал өнгөтэй болсон байв.

Сэтгэгдэл хэсэг