ИСТАНБУЛ: ДУРСАМЖ БА ХОТ

Канадын зохиолч Маргарет Этвүүд нэгэнтээ “Түрэгүүд түүний зохиолуудыг унших биш, идэж уудаг юм” гэж хэлсэн удаатай. Түүний гэдэг нь Туркийн зохиолч, орчин цагийн утга зохиолын өвөрмөц дуу хоолой Орхан Памукийг хэлсэн хэрэг. Харин тэр өөрөө олон нугачаа саадыг давж өнөөг хүрсэн Турк орон, түүхийн урт удаан хугацаанд хар бараан хувцасныхаа дотоодод шаналал зовууриа нууж ирсэн ард түмэн, гуниглуу, дүнсгэр байдлаараа барууныхны сонирхлыг соронздон татсан төрөлх хотынхоо уур амьсгал, булан тохой бүрээс нь ханхлах уй гунигийг “залгилж” өсжээ.

Түүнийг зохиолч болгосон зүйл ердөө л энэ. “Истанбул: дурсамж ба хот” дурсамжийн бүтээлдээ тэр Турк орныг, турк хүмүүсийг, туркийн түүхийг өөрийнхөө амьдралын мөчлөгтэй холбон, уран яруу, егөөтэй, үнэн бодит, сонирхолтой өгүүлсэн байна. Хоёр ертөнцийн заагт оршдогоороо ч, түүхийн жим огтлолцож явснаараа ч тэр Туркийн орчин цагийн нэрт зохиолчийн баримтат бүтээл монгол уншигчдад тун ч сонирхолтой байх болов уу. Орхан Памукийн энэхүү ном “баримтат бичлэг”-ийг урагш нэг алхуулсан хэмээсэн шүүмжлэгчдийн үг ч дэгс биш болохыг ухаарах буй за.

Номын хэсгээс:

“... Хуучирч муудсан орон сууцны барилгууд, хаягдаж орхигдоод будаг нь халцарч, хана туурга нь нурж унасан модон байшингуудыг харах тоолон өөрийн эрхгүй живж орхидог уй гунигтаа ч хайртай. Ийм дүр зургийг, ийм бүүдгэр орчныг би Истанбулаас өөр хаана ч үзээгүй л явна. Өвлийн үдэш харанхуйд аажуухан уусах хотын гудамжаар өөд уруугаа холхих үй олныг харахад эгээ л ахан дүүс шиг сэтгэлд дотно санагдах агаад шөнийн харанхуй бидний аж төрөл, амьдардаг гудамж талбай, ер бидэнд хамаатай юм бүхнийг халхлан нуух тэр л үест дулаахан гэртээ, унтлагынхаа өрөөнд, зөөлөн хөнжилдөө шургачихсан хэвтэж буй аятай амар амгаланг мэдэрч, барагдаж дууссан эд баялаг, баатарлаг түүхээ дурсан санагалзах сөхөөтэй болно. Үдшийн бүрий гудамжны ёлтгор гэрлүүдийг үл тоох мэт орчин тойрныг тэр чигт нь нөмрөн авахуйд би ядаж л шөнийн цагаар бид барууныхны нүднээс далд амар жимэр байж, ядуу зүдүү хот минь харь хүний өөнтөгч харцнаас халхлагдах юм даа хэмээн сэтгэж өөрийгөө тайтгаруулдаг билээ...”


Хэвлэгдсэн он 2018
ISBN 9789997882387