FIREBIRD: АМЬДРАХ САЙХАН

Номын нэр: Амьдрахуй
Зохиолч: Үй Хуа

Олигтой уужуу амьсгаа авах ч чөлөөгүй бор хоног, шар өдрүүдийн дундуур түрхэн амсхийж, багахан порцтой боловч час хийсэн амттай тунчиг өвөрмөц хоол идэж таашаах мэт мэдрэмжийг эл ном надад амтлуулав. Өөртөө албаар зовлон тохож, эморох дуртай хүн шиг Дорнын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг хамгаас түрүүнд шүүрч авдаг зуршлаараа дэлгүүрийн лангуун дээр Үй Хуатай анх учирсан нь энэ. Хятадын дунд үеийн алдарт зохиолчтой танилцахын сацуу энэ номыг орчуулсан Монгол орчуулагчтай давхар танилцаж, түүний үгийн уран, найруулгын бядыг бахдан уншсаар дуусгасан билээ.


“...Ийм нэгэн өвгөний өмнө суугаад арван хэдэн жилийн өмнө өөд болсон ханийх нь тухай сонсоход цээжин цаана зовлонт үгс хөвөлзөх нь хөх өвс салхинд гуядуулах мэт хөндүүртэй... ”

Энэ мэт уншигчийнхаа сэтгэлзүйг яг таг мэдэрсэн оновчтой, уран яруу орчуулга нь энэ номын үнэ цэнийг улам ч нэмсэн шиг санагдав. Тэрэн дээр зохиолчийн ахуйг дүрслэсэн нь 5D кино үзэж буй мэт сэтгэлд тод буухыг яана. Чансаатай бүтээлийг чанартай орчуулсан номны утга агуулга тархинд эргэлдэж гацаад байлгүй төвөггүйхэн уншигдаж, зүрх сэтгэл рүү аанай л гулсах мэт уусан ороод, хэдэн өдрөөр сэтгэлд хүлхэгдсээр ой тоонд орхигдолгүй үлддэг билээ.


Өмнөх уншигчдын ганц нэг сэтгэгдлүүдийг ажиж байхад уншихад хөндүүр ном, уйлсан дуулсан гэх мэтээр бичсэн харагдана лээ. Нээрээ л уг бүтээлийг хөх өвс салхинд гуядуулах мэт хөндүүртэй унших боловч түүний ард “амьдрах сайхааан...” хэмээн уртаар нэг санаа алдаад, хажууд байгаа хайртай хүмүүсийнхээ, хамт буй мөч бүрийнхээ үнэ цэнийг ухаарах гоёхон мэдрэмжээр хөглөгдөх буй за.

Бид аз жаргалд хичнээн өндөр шалгуур тавьдаг юм бэ? Намхан нуруутай атлаа тэртээ өндөрт байх тавцанд хүрэх гэж гараа сунгах жаахан хүүхэд шиг хамаг чадлаа шавхаад зүтгээд л байдаг, гэвч эцэст нь жинхэнэ ёсоор амьдарсан эсэхээ ч мэдэхээ байдаг биш гэж үү. Магадгүй амьдрал бол зовлон. Гэхдээ бид хэрхэн жаргалтайгаар зовох ухаанаа олчихвол амьдрал амттай гэдэгт би итгэдэг.

“...Хүмүүн бид нэг насны амьдралдаа өчнөөн зүйл үзэж туулсны эцэст боловсорч гүйцээд газар унасан лийр адил болж үлддэг ажээ...”

Хүн гэгч давахгүй даваагаа долоо давж, явахгүй замаа яалт ч үгүй гэтэлж, зовлон зүдгүүр, баяр жаргалыг хослуулан амсаж эдлэх тусмаа сая нэг жинхэнэ ёсны хүн болж, боловсорч гүйцдэг аж. Гэвч өөрийнхөө хэмжээнд боловсорч гүйцсэний эцэст цаг хугацааны буулганд өртөж, хорвоог орхих гашуун хувьтай байдаг нь харамсмаар ч яг л энэ шалтгааны улмаас амьдарч буй мөч бүрээ хайрлах ёстой билээ.

“...Хүн амьдралдаа хүнд бэрх зовлон зүдгүүр туулах тусмаа үхлийн өмнө өөртөө хүндэтгэлтэй байдгийг Жиа Жэн тэр үед ойлгосон болов уу...”

“Үхлийн өмнө өөртөө хүндэтгэлтэй байх” гэдэг яасан сайхан утга вэ. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарч болдоггүй хорвоотой хэр чадлаараа үзэлцэж, хэзээ ч бууж өгөөгүйнхээ төлөө, хэзээ ямагт зогсолтгүй урагшилсаар л байсныхаа төлөө үхлийн өмнө нүүр бардам, толгой өндөр зогсоно гэдэг хамгийн сайхан төгсгөлүүдийн нэг биш гэж үү?

“...Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй чи амьдрах л хэрэгтэй...”

Энэ номыг уншиж дуусаад Үй Хуагийн энэ үгтэй санал нийлэхгүйгээр хавтсыг нь хаах бөх зүрхтэй уншигч үгүй биз ээ. Тийм ээ, туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй бид амьдрах л хэрэгтэй!

"FIREBIRD" хуудас 

Сэтгэгдэл хэсэг