W. SOMERSET MAUGHAM: АЗ ЖАРГАЛТАЙ ЭР

Зохиолч: W. Somerset Maugham
Орчуулсан: Г.Жаргалзаяа

“Аз жаргалтай эр”

      Бусдын амьдралыг чиглүүлж, төвхнүүлнэ гэдэг чинь эрсдэлтэй эд шүү дээ. Өөрсдийн үзэл бодол,зан араншин, ёс суртахууны хэм хэмжээг бусдад тулгахад бэлэн байдаг шинэчлэгч нэртэй нөхдүүд болон улс төрчид яаж тийм өөртөө итгэлтэй байдаг нь ихэнхдээ л миний гайхшралыг бардаг юм. Гэтэл би зөвлөгөө өгөх мэтийн наад захын юмнаас ч цэрвэж явдаг билээ л. Нөгөө хүнээ өөр шигээ л бүрэн мэддэггүй бол яаж түүнд хэрхэн аяглах, ямар байх хэрэгтэйг зөвлөх болж байна аа!  Би чинь өөрийгөө барагтай мэдэхгүй хүн шүү дээ. Тийм атал бусад хүмүүсийн талаар юугаа мэдэх вэ дээ. Бурхан ч хэлээд өгнө биз.

Наад зах нь хөршүүд өөрсдийн маань талаар юу гэж боддог, яадаг ийдгийг нь гадарлах төдийхнөөс хэтрэхгүй. Хүмүүн бид чинь ерөөс өөрсдийн бүтээсэн цамхагт хоригдох хоригдлууд шүү дээ. Тэгээд бусад хүн төрөлхтөн хэмээх хоригдлуудтайгаа өнөөх өөрсдийн цамхаг дотроосоо л харьцана. Амьдрал гэдэг хэн нэгний дааж явж чадах зүйл боловч, ихэнх тохиолдолд нэгэнт алдаа гаргавал буцаад засаж залруулж болохгүй гэдгийг, ер тэгээд тухайн хүн яажшуухан аж төрөх, амьдралаа хэрхэн авч явахыг чалчиж байдаг би ч хэн билээ. Өдөр бүр ижилхэн байдаг тойрог шиг миний амьдрал нэгэнт өнгөрсөн. Гэсэн ч энэ амьдрал яльгүй төвөгтэй ажил гэдгийг хангалттай ойлгосон нь л үнэн юм даг. Хөрш залуудаа цаашид юу хийх хэрэгтэй талаар нь заах дээрээ хүртэл ятгагдаж, сэнхрэх дөхөөгүй байлаа. Гэвч тохиолдлоор, хэдэн төөрөлдсөн, юу хийхээ мэдэхгүй залуустай таарч, тэдний өмнө ээдрээтэй зам угтаж байна гэж үзсэний үндсэн дээр, дуртай дургүй хувь заяаг нь чиглүүлэхээс өөр аргагүйд хүрсэн билээ. Ингээд маш олон хүмүүс надаас өөрсдийн амьдралд юу хийх хэрэгтэй вэ гээд асуухаар сүүлдээ би өөрийгөө хувь заяаны хар нөмрөгөнд ороогдсон мэтээр хардаг байв.

Гэхдээ сүүлийн нэг тохиолд би өөрийгөө боломжийн зөвлөгөө өгчээ гэдгээ мэдсэн юм.

Тухайн үед би залуу ч байж, Лондон хотод Викториа өртөөний ойролцоох, байдаг л нэг даруухан сууцанд амьдардаг байлаа. Тэр өдөр нилээн үдээс хойш, хангалттай сайн ажилласан тухайгаа бодож суутал хаалганы хонх дуугарав. Би огтоос танихгүй хүндээ хаалгаа нээж өглөө. Залуу миний нэрийг асуугаад би ч түүнд хэн болохоо хэллээ. Тэгээд тэр орж болох эсэхийг асуув.

-          Мэдээж бололгүй яахав.

Түүнийг зочныхоо өрөөнд оруулан суулгаад, тамхилахыг санал болгоход малгайгайгаа авалгүйгээр тамхиа асаахад нь хүндрэлтэй байгаа харагдана. Түүнийг тамхиа амжилттай асааж дууссаны дараа би малгайг нь сандал дээр тавьж болох уу гэж асуутал тэрбээр өөрөө малгайгаа шалмагхан гэгч нь авч тавилаа. Харин энэ зуураа борооны шүхрээ унагачихав.

-          “Огтоос танихгүй хүн гэрт чинь орж ирээд иймэрхүү янзтай уулзаж байгаад таныг дургүйцэхгүй гэж найдья даа” гэж хэлээд “Намайг Стефэн гэдэг. Би эмч мэргэжилтэй” гэв.  Таныг эмнэлгийн үзлэгт хамрагддаг гэж бодож байна.

-          Тийм ээ, гэхдээ би тэнд ажилдаггүй.

 

-          Тэгэлгүй яахав ээ, саяхан би таны Испаны тухай бичсэн номыг уншсан юм л даа. Тэгээд танаас хэд гурван юм асуух санаатай зорьж ирсэн юм.

 

-          Энэ тийм ч сайн ном болоогүй л байх даа.

 

-          Испаны талаар нилээдгүй мэдэх танаас өөр хүнийг би танихгүй юм. Тэгээд магадгүй таныг надад бага сага юм хэлж өгөхдөө дургүйцэхгүй байх гэж бодсон юм л даа.

 

-          Би үнэхээр баяртай байх болно шүү.

Тэрээр хэсэг зуур дуугаа хураагаад, ямар нэгэн юмыг алмайран гөлөрсөн хэвээр малгайгаа аван нэг гартаа бариад, нөгөө гараараа илж байлаа. Энэ үйлдэл нь түүнийг энэ хүртэл авчирсан өнөөх зүйлээ ярихад итгэл, зориг өгөөд байна уу гэж би тааж байв.

-          “Танихгүй гадны хүнтэй иймэрхүү зүйл ярилцах нь тийм ч хачин жигтэй хэрэг биш биз дээ.” гэж хэлэхдээ тэр нэг л гэмшсэн байдалтай инээвхийлж суулаа. “Би таньд өөрийнхөө амьдралыг тоочихгүй ээ.”

Хүмүүсийг ийм янзаар яриагаа эхлэнгүүт л би тэдний ярих гэж байгаа зүйлийг гарцаагүй мэдчихдэг юм. Би дургүйцдэггүй ээ, харин ч энэ нь таалагдах тал бий.

-          Би хоёр нагац дээрээ бага насааа өнгөрөөсөн. Тэндээс өөр хаана ч байж, юу ч хийж үзээгүй. Гэрлээд зургаан жил болж байгаа ч хүүхэд алга даа. Би Комбервел эмнэлэгт ажилладаг. Гэхдээ цаашид энэнтэй зууралдаж тэвчишгүй нь бололтой.

Түүний энэ богинохон өгүүлбэрт часхийсэн , сэтгэл татсан ямар нэгэн юм байсан юм. Анхандаа түүнийг зэрвэсхэн харахаас хэтрээгүй боловч одоо бол ондоо, сониучирхсан нүдээр ширтэж байна. Тэрээр гуч эргэм настай намхан, бахимдуу биетэй, дугуй улаан царайтай, гэрэлтсэн хар нүдтэй залуу байв. Сумных шиг хэлбэртэй толгойтой ба хар үсээ халимаг болгон засчээ. Энэ уулзалтанд цэнхэр хослол өмссөн нь сайн хэрэг боловч өдөр тутам хувцаслахад тийм ч тохиромжтой эд биш. Өвдөг нь ил гарсан, халаас нь хайш яаш овойж томбойжээ.

-          Та эмнэлгийн ажилтнуудын юу хийх ёстой, ямар үүрэгтэйг мэднэ байх. Өдөр болгон хоорондоо өвчсөн мэт ижилхэн шүү дээ. Тэгээд үлдсэн амьдралынхаа турш хүлээж суух бүх зүйл маань ердөө л энэ.  Та үүнийг үнэ цэнэтэй гэж бодож байна уу?

-          Энэ чинь л амьжиргаагаа залгуулах эх үүсвэр биш гэж үү.

-          Тиймээ, мөнгө ч тун дажгүй эд л дээ.

-          -Юуны тулд над дээр ирснийг чинь би яг сайн ойлгохгүй байна л даа.

 

-          Өө тийм л дээ, Испанид Англи эмч амьдрах боломж хэр байдаг бол гэдгийг асуух гэсэн юм.

 

 

-          Яагаад заавал Испани гэж?

-          Мэдэхгүй юм даа. Зүгээр л Испани надад таалагддаг юм.

-          Испанийг Кармен шиг биш гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-          Гэхдээ тэнд чинь туяаран гийх наран, сайн чанарын дарс, уушиглах агаар гээд өөрийн өнгө аяс бий биз дээ. За даа шуудхан хэлэх гэснээ хэлж орхие. Санамсаргүйгээр би Севиль хотноо Англи эмч байдаггүй гэдгийг олоод сонсчихсон юм л даа. Тэгээд тэнд амь зуух хэд гурван цаас олж чадах болов уу? Лавтай биш юмны төлөө сайн ажлаа орхих нь мунхаг, солиотой хэрэг үү? Та юу гэж бодож байна?

-          Эхнэр чинь энэ талаар ямаршуухан бодолтой байгааг асуусан уу?

-          Тэр үүнд нааштайгаар хандаж байгаа.

-          Бас ч гэж, яггүй аз туршсан хэрэг шүү дээ.

-          Мэдэж байгаа, гэвч таныг үзээд алд гэвэл би үүнийг хийнэ. Харин таныг эндээ үлд гэвэл энэ байгаа газартаа л үлдэх болно оо.

Түүнийг надруу өнөөх хар, гэрэлтсэн нүдээрээ шийдэмгийгээр харахад, сая би энийг тэр залуу жинхнээсээ хэлжээ гэдгийг ойлгосон юм. Би хэсэг зуур бодолхийлээд “ Чиний бүхий л ирээдүй энэнээс шалтгаална. Чи мөнгө төгрөг, эд баялгийг чухалчлахгүй, амь зуулгаа залгуулах төдий нь л хангалттай гэж үзэж байвал тэгээд л яв. Чи гайхалтай сайхан амьдрах болно.” гэсэн юм. Өнөөх залуу ч гарч одлоо. Би энэ тухай ганц, хоёр өдөр л бодсон юм даг. Тэгээд л мартчихсан санагдана. Мөнөөх явдал ч миний ой санамж, тархи толгойноос бүр мөсөн арчигдчихсан.

Олон жилийн хойно, дор хаяж 15 жил өнгөрөө байх нэг удаа би Севильд байхдаа дотор муухайрч, бие тавгүйрхээд буудлын хаалгачаас энэ хавьд Англи эмч байдаг эсэхийг асуусан юм. Тэгээд түүнээс хаягыг нь аваад такси барин Англи эмчийн гэрийнх нь урд хүргүүлэв. Байшингаас нэгэн бүдүүн эр гарч ирж харагдав. Намайг олж хараад хэсэг зогсознож байснаа “ Та надтай уулзахаар ирээ юу? Би Англи эмч байна” гэлээ.

Түүнд энд ирсэн шалтгаанаа тайлбарлаад, байшинруу нь орохоор явлаа. Гаднаа цэцэрлэгтэй, жирийн л нэг Испани байшинд амьдардаг ба бидний чиглэж яваа үзлэгийн өрөө нь битүү бичиг баримт, ном, эмнэлгийн багаж хэрэгсэл зэргээр дүүрсэн байх аж. Дотор нь амархан муухайрдаг хүнд бол өрөөний доторхыг хараад л огиудас хүрмээр санагдав.

Намайг үзэж дуусахад нь хэдийг төлөх ёстойгоо асуутал тэр толгой сэгсрээд инээвхийлснээ: 

-          Та төлбөр төлөх шаардлагагүй дээ.

-          Яагаад тэр билээ. Үнэгүй юм гэж байдаг юм уу?

-          Та намайг огтоос санахгүй байна гэж үү дээ. Таны надад хэлсэн зүйлийн ачаар одоо би энд байна. Миний амьдралыг бүхэлдээ өөрчилж өгсөн хүн бол та шүү дээ. Би Стефен байна.

Надад ядахдаа залуугийн юуны талаар яриад байгаа төсөөлөл ч байсангүй. Тэр надад бидний юуны тухай ярилцаж байсан, өөрөө юу ярьж байсан гээд нилээдгүй их юм ярьж багагүй олон давтсаны эцэст уг явдлын талаар бүдэг бадаг төсөөлөл орж ирсэн юм.

-          “Би тантай ахиж уулзахгүй, миний төлөө хийсэн бүхэнд тань талархах боломж олдохгүй юм болов уу гэж эмээж байсан юм.”

-          Тэгэхээр энэ таны хувьд амжилт байх нь ээ.

Түүнийг одоо харахад тэр залуу нилээн махалсан төдийгүй толгой нь халзан болжээ. Харин нүд нь гал цогтойгоор гялалзаж, цулцгар улаан нүүр нь үнэхээрийн эелдэг, ялдам төрхийг цогцлоох аж. Өмссөн хувцас нь туйлын навсгар, нойроосон ба харваас Испани оёдолчны хийцтэй, духдуйлсан малгай нь Испани эрчүүлийн өмсдөг өргөн хүрээтэй бүрх байв. Намайг өөрийг нь ажиглаж байгааг хараад яг л сайн чанарын дарс мэддэг шүү гэсэн нүдээр надруу харж байлаа. Тэр замхарсан, замаа алдсан юм шиг харагдавч бүхэлдээ энэрэнгүй төрхтэй болжээ. Магадгүй тэр таны мухар олгойг авч чадна гэдэгт та эргэлзэж байж болох ч түүнээс илүү аятайхан хүнтэй хундага дарс шимж сууна хэмээн төсөөлж чадахгүй байх.

-          Та хүнтэй гэрлэчихсэн бил үү гэж би асуулаа.

-          Тийм ээ, эхнэрт маань Испанид байх таалагдаагүй болохоор Камбервеллрүү буцсан. Тэр маань тэндээ байхдаа л гэртээ байгаа юм шиг байдаг байх.

-          Өө, тийм байжээ. Харамсалтай юм.

-          Түүний хар нүдэнд зугаа цэнгэлд согтуурхсан харц гялалзах агаад Залуу Силенусын1 амтат дарсанд умбан, ташуурсан төрх ч нуугдаад байна уу гэмээр.

-          “Амьдрал гэдэг тэр чигээрээ нөхөн төлөөсөөр дүүрэн юм.”  гэж бувтнав.

Ид залуу насан дээрээ биш боловч өөртөө итгэлтэй, тачаангуй, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйг хаалганы дэргэд ирэхэд түүний амнаас бараг үг гарсангүй. Эмэгтэй түүнтэй Испаниар ярьж байсан ба түүнийг энэ гэрийн эзэгтэй гэдгийг би осолгүй ойлгосон билээ.

Намайг үдэж өгөхөөр хаалган дээр зогсохдоо тэрбээр:

- “Тэр үед, сүүлийн удаа та надад хэрвээ би энд ирвэл амь зуух төдий л мөнгө олно. Гэхдээ сайхан амьдрах болно гэж хэлсэн шүү дээ. Тийм ээ, таны зөв байсан гэдгийг дуулгах гэсэн юм. Би дорвитой орлогогүй, даржиндуу амьдарч байгаа. Ер цаашид ч ингэж л амьдрах болов уу, гэхдээ бурхнаар андгайлж би аз жаргалтай амьдарч байна. Би энэ ертөнцийн ямар ч хаан байсан өөрийн амьдралыг түүнийхээр солихгүй.” гэж хэлсэн юм даа.

*Силенус1- Эртний Грекийн дарсны бурхан

Сэтгэгдэл хэсэг