НАЦҮМЭ СООСЭКИ "ЗҮҮДНИЙ АРВАН ШӨНӨ" 6 ДАХЬ ШӨНӨ - ӨГҮҮЛЛЭГ

“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний ЗУРГАА дахь шөнийг хүргэж байна.


ЗУРГАА ДАХЬ ШӨНӨ

Ийм зүүд зүүдлэвэй. Үнкэй (Камакүрагийн үе (1185-1333 он)-ийн урлаач, орч) Гококү (1) хийдийн хаалган сахиус (2) бүтээж байна гэж шуугилдах сургаар салхилангаа явж үзэхүл надаас урьдаж хөл ихтэй, бас болоогүй цуурцгааж байв даа.

Хийдийн төв хаалганы урд арваад алхмын цаана томоо гэгч нарс мод байх агаад түүний эх бие ташираараа дааман хаалганы вааран дээврийг хааж, тэртээ цэнхэр тэнгэр хүртэл сунайх мэт авай. Ногоохон нарс шунхан улаан хаалга өнгө сүлэлдээд гайхалтай харагдана. Түүний дээр нарс модны байрлал юутай аятайхан. Хаалганы зүүн үзүүрийг халхлуужин хэмээн налуу хазайж, дээр нь гарчих шахам өргөөш тэлэн, дээвэр хүртэл цоройсон нь яагаад ч юм хуучны хэв маяг гэлтэй. Камакүрагийн үе юм уу даа гэж бодогдоно. Гэтэл харж буй этгээд цөм надтай адил Мэйжигийн хүмүүс байдаг. Тэр дундаа хүн хөсөгчид хамгийн олон нь бололтой. Хүн хүлээж цөхөн зогсож буйгаас зайлахгүй. “ Овоо том эд байхчив ээ ”. “ Хүн сийлэхээс л амаргүй ажил байх аа даа” гэлцэнэ. Тийм юм даа гэж бодохуй дор “ Хөөх хаалган сахиус байх чинь”. Одоо хүртэл бас сахиус сийлдэг байх нь ээ, аа тийм байх нь . Би гэдэг хүн сахиусыг бүгд л эрт дээр үеийнх гэж боддог байлаа шүү дээ гэх эр ч байв. “ Үгүй ер мөн хүчтэй янзтай харагдаж байна шүү. Юу ч гэмээр юм бэ дээ. Дээр үеэс хэн хүчтэй вэ гэвэл сахиусаас илүү хүчтэй хүн гэж байхгүй дээ гэлцдэгсэн. Ямар ч байсан Ямато Такэномигото3 -гоос ч хүчтэй гэдэг” гэж хөөрөх эр ч бас байлаа. Тэр эр хормойгоо шууж, толгой нүцгэн харагдана. Номгүй цөлх эр харагдав.

Үнкэй шохоорхон байгаа хүмүүсийн үг яриаг ер тоосон шинжгүй цүүц балтаа хөдөлгөж харагдана. Ер эргэж ч харахгүй. Өндөрт авираад сахиусны нүүрэн хэсгийг хичээнгүйлэн ухаж байв. Үнкэй толгойдоо жижигхэн, шувуун богтогорхуу зүйл өмсч, хөнгөн өмсгөл сүоо ч юм уу юм өмсч том хормойг нь нуруун дээрээ шуужээ. Энэхүү байдал төрх нь яалт ч үгүй хуучны хоцрогдсон маягтай юм. Шуугилдан шаагилдах хэрэгт дурлагсадтай ер дүйцэмгүй шинжтэй. Би яахаараа одоо болтол Үнкэй амьд мэнд байдаг байна даа гэж бодлоо. Естой гайхалтай хэрэг байна шүү гэж бодох зуураа яах аргагүй хараад л зогсож байвай. Харин Үнкэй гайхалтай ч гэх юм уу, жигтэй ч гэх юм уу ер мэдэрсэн шинжгүй хичээнгүйлэн сийлж байх ажээ. Гэдрэг хараад энэхүү байр байдлыг ажиглан байсан залуухан хархүү над рүү эргэн харж “ Ёстой л Үнкэй байна даа. Нүдэнд нь бид торох юм алга. Тэнгэрийн доорхи баатар эр гэвэл сахиус бидэн хоёр гэсэн аятай. Ярих юм алга даа" гэж ирээд л магтаж гарлаа. Би энэ үгийг сонин юм гэж бодов. Тэгээд эргэн залуу хархүү рүү хартал тэр дороо залгуулаад “ Тэр цүүц мүүцээ хэрэглэж байгааг нь хараач гэм. Гаргууд эзэмшиж “гэв.

Үнкэй одоо сахиусны өргөн хөмсөгийг ямх хэртээ өндөртэйгээр хөндлөн сийлж, цүүцний шүдийг босоо хэвтээ болгон эсбөгөөс ташуулсхийн дээрээс нь алхаа байлгаж буулгаж байв. Хатуу модыг нэг нэгээр зорж хэгзлэхүй зузаан үртэс алхан дуунтай авцалдаад үсрэв үү гэж бодтол сартайж хилэнтсэн хамрын үзүүр яах ийхийн зуурт ургаад ирлээ. Түүний хутга хайнга ч юм шиг дэнэмгий ч юм шиг хөдлөнө. Тийн атал өчүүхэн төдий ч эргэлзээ нь үгүй харагдана. “Үгүй ер хааш яашхан цүүцдээд санасанаараа хөмсөг хамар хийдэг байна шүү” гэж би нэлээд талархангүй ганцаар ярих мэт өгүүллээ. Гэтэл нөгөө залуу хархүү “Юу гэнээ? Хөмсөг хамарыг цүүцдээд хийж байгаа юм биш ээ. Яг ийм хамар хөмсөг модон дотор шигдээстэй байсныг цүүц балтны хүчээр ухаад гаргаж байгаа юм. Газраас чулууг ухаж гаргаж байгаатай эгээ л нэг, ёстой маргаан алга даа” гэлээ.

Би тэр мөчид анх удаа сийлбэр гэгч чухам ийм эд байх нь гэж бодсон билээ. Тэгвэл хэнбугай ч чадах л юм байна гэж санав. Тэгээд гэнэт би ч гэсэн сахиус сийлдэг хэрэг хэмээн сонирхож зогсохоо болиод гэрийн зүг хурдан хурдан явж одвоо.

Багажны хайрцагнаас цүүц алх авч хойшоо гараад харахул түрүүхэн шуурганаар унасан царс модыг түлшинд зэхэн тайрсан гарт эвтэй мод зөндөө хураалгаастай байв даа. Би хамгийн томоос нь шилж байгаад шүлэнгитэй нь аргагүй сийлж эхлээд хартал азгүйтэж сахиус ер үзэгдсэнгүй. Дараагийнх нь ч золгүйтээд ухаж гаргаж чадсангүй. Гурав дахьд нь ч сахиус байсангүй. Би хураалгаастай тайрдасыг нэг захаас нь ухаж төнхөж үзээд алинд нь ч сахиус нуугдаж байхыг харсангүй ээ. Ерөөс Мэйжийн модонд сахиус байдаггүйг баттай мэдэв. Тийн сацуу Үнкэй өнөөдөр хүртэл амьд байгаагийн учир жанцанг ойлгох шиг болж иржээ.


1. Гококү хийд- 1681 онд 5 дахь Шёогүн Токүгава Цүнаёши (1646-1709) төрсөн эх Кэйшёоины хүсэлтээр байгуулсан гэдэг.

2. Хаалган сахиус- Төвд Монголын Буддын шашинд хийдийн үүдэнд сахиус болгож чулуун арслангаас эхлээд 4 Махранз хүртэл байдаг ба Японы Буддын шашны нэг урсгал болох Шингоншюүд хийдийн үүдэнд 2 сахиус залдаг ажээ. Санскирит хэлээр Vajradhara(Базардар).

3. Ямато Такэрү номигото- 3-4-р зууны дунд үеийн язгууртан, Японы 12 дахь Хаан Кэйкоо хааны хүү

ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН

Сэтгэгдэл хэсэг