Ц.ГОНЧИГ: НЭГЭН ГОЛЫН ДӨРВӨН УЛИРАЛ

НЭГЭН ГОЛЫН ДӨРВӨН УЛИРАЛ

/Цэнхэр эрвээхий романд зориулав/

1.

Цэнхэр гунигийн голын намрын шар өдрийг ямар гэж санана!!!. Гэрээсээ сургууль руу гарахад аль хэдийн л манарсан шар тоос сууринг бүхэлд нь бөмбийлгөн бүтээчихсэн байдагсан. Зусангаа эль хуль байж лууль, шарилжинд баригдсан гудамжийг жижиг, том олон хөлнүүд нийлэн туучаад л босгоод ирдэг байж билээ. Бүх хүүхдүүд бүсэлхийнээсээ доош ижилхэн шар өнгөтэй. Ангиар дүүрэн царвангийн үнэр, хамар цоргино.Их завсарлагаанаар сургуулийн үүдэнд бүх ангиуд жагсаад дасгал хийхэд охидын гэзгэн дээр улаан, хөх, цагаан голдуу цэцгийн дэлбээнүүд найгаад л байгаа юм шиг санагддаг байж билээ. Одоо бодоход угаасаа л тийм цэцэгнүүд охидын гэзгэн дээр нь ургаад огт анзаарагдамгүйгээр хагдран хийсдэг байж дээ.Тийм намраар манай ангид багийн төвийн сургуулиас хэл ээдэрмээр нэртэй нэг хүүхэд шилжиж ирсэн юм. Үг хэл ч гэж сонин жигтэй ярина. Биеийн тамирийн хичээл дээр сагсан бөмбөг тоглож байхдаа -Наад Цэлмэгээ сайн хамгаалаарай тун ч “мэргэн” хүүхэд шүү гэж орилсоноос болоод “мэргэн” хоч авсанаа удалгүй –Өө Энтэргэлээ чиний цүнхний “сэнж” тасарчихаж гэж хэлсэнээсээ болж өнөөх хочоо “сэнж”-ээр солиулаад авч билээ.Үзсэн киногоо давсалж ярих гэж ч тоймгүй. Өмдөө хүйснээсээ дээш татах зуураа доод уруулуу сөхөж үсээ дээш нь үлээгээд ярихаар нь бүгд л түүнд автан тус тусдаа нэгэн дүрд ороод хэсэгтээ Карибын тэнгисд эсвэл Шанхайн үд дундад очин жингүйддэг байж билээ.Нэг удаа бид тийн хийсгэлэнд автаад “Оддын дайн”-д оролцож жидай баатруудын дунд оройлон тэмцэж явтал өнөөх маань гэнэт таг болчихож билээ. Цааш нь тэгээд яах вэ? Яриад байгаарай гэхэд –Тэгээд л “гэрэл бөхчихсөн” гэж хэлэхэд нь бид сансар огторгуйн уудамд нэгэн хөлөг дээр гацчих шиг л болж билээ. Одоо бодоход угаасаа л бид хөлөг дээрээ гацчихсан байж. Хичнээн ч удсан юм мэдэхгүй. Арай гэж гэртээ харьцгаахад гэрийнхэн –Хаачаад ирэв? гэхэд нь –Хаачаачгүй... гэдэг алдарт хариултаа хэлцгээсэн юм.Багш нарын намрын сорилгоор бүсийн сургуулийн багш нар манай ангид нээлттэй хичээл ээлжлэн орж байлаа. Монгол хэлний Мягмаа багш “хэлц үг” гэсэн сэдвээр хичээл заахдаа –Хүүхдүүдээ яг цагтаа ирээд хийх юмаа жин тан хийчихээд явдаг хүнийг хүмүүс юу гэж тодорхойлдог бэ? гэсэн асуултанд нь зориг гаргаад босчих хүүхэд олдоогүйд Мягмаа багш жаахан барьц алдаж эхлэв. Удаж удаж өнөөх төвөгтэй нэрт маань гараа өргөлөө. –“Хэнхэг хүн” гэж хэлээд суучихав. Зүй нь “Яс хүн” гэж хэлэх ёстой байсан юм билээ л дээ. Багийн төвөөс ирсэн хэл ээдэрмээр нэртэй ангийн хүүхэд маань өөртөө хоч тогтоодоггүй нэгэн байсан бол харин Монгол хэлний Мягмаа багшаас “Хэнхэг” гэдэг хоч тэтгэвэрт гартал нь лав салаагүй л юмдаг.

2

Цэнхэр гунигийн голын өвлийн жаврыг ямар гэж санана!!!. Гэрээсээ сургууль руу гарахад хашааны хаалга харагдахгүй дүн цагаан манан. Эсгий гутал, үстэй дээлтэй, малгайныхаа чихийг буулгаад эрүүгээрээ бүчилчихсэн, гагц нүдээ л ил гаргаад нүүрээ битүү багалчихсан хүүхдүүд тал бүрээс сургуульдаа явдагсан. Үүдэн хойморын зайд ойртон үзэгдэж тааралдахгүй л бол эргэн тойронд сонсдох хүүхдүүдийн яриа, хөлийн чимээн дундаас хэн, хэн явааг нь багцаалдсаар хичээлдээ очно.Ангид орж ирсэн хүүхдүүдийн сормуус нь цантаад нүд бүр дээр нь нэжгээд цагаан эрвээхий суучихаад далиа дэвээд л байх шиг санагддаг байж билээ. Одоо бодоход угаасаа л дүүрэн цагаан эрвээхий ангид цуглаад нүдэн дээрээс минь үзэгдэхгүйгээр нисэн оддог байсан ажээ.Заримдаа чанх хойноос яав гэмээр жигтэйхэн их цасан шуурга тавина. Суурингийнхан гахай тахианы байр гэж нэрлэсэн зайдуу газраас шуурга сөрөн 10б-гийн 4 хүүхэд цүнхээ өмнөө бамбайлан цагийн зүү 1, 2-ын тооны тэхий голд заах шиг 45 градус бөхийн зүтгэсээр сургуулиа тэмцэн ирдэг байж билээ. Ангийхан нь төдийгүй багш нар түүгээр ч үл барам суурин даяараа л тэр дөрвийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг үлгэр домог шиг л ярьдагсан.Танхимын хойно байрлуулсан хоёр зуугийн боошигоор хийсэн том зуухыг ангиараа боржиго шиг тойрч суугаад цүнхнээсээ үзгээ гаргаж амандаа хийгээд хөлдсөн бэхийг нь гэсгээхээс тэр өдрийн хичээл эхэлдэг байлаа. Удалгүй бидний уруул дээр цэв цэнхэр эрвээхий суучихаад далиа дэвээд л байх шиг санагддаг байж билээ. Одоо бодоход бидэнтэй хамт цэнхэр эрвээхий ангиар дүүрэн цуглаад уруулан дээр минь үзэгдэхгүйгээр уусан шингэдэг байсан нь тэр ажээ.Өнгөрсөн мянганы нэгэн мянга есөн зуун ерэн тавдугаар оны өвөл манай суурингийн сургуулийн хувьд тун хүндхэн болж билээ. Золтой л гал алдчихаагүй байх. Шуудан холбооны шугам хаана ч юм гэмтээд ертөнцөөс тусгаарлагдчихав. Хүний ухаанаар бүтсэн унаа тэрэг байтугай хүчтэн, жигүүртэн ч туулж барамгүй нэл цагаан цасан дунд ингээд мартагдсан хүмүүс болов бид.Сурах бичгүүд нь хэвлэгдээгүй ч юмуу? Эсвэл цаснаас өмнө ирж амжаагүй ч юм уу? таг чиг. Угаасаа яам нь ийм сургууль байдгийг, засаг төр нь ийм суурин байдагийг мартаад байсан цаг. Сургуулийн багш нар бор хүрэн самбарын өмнө шохойтойгоо бургисаар царай зүс ч үгүй, тайлбарлаж ярих хоолой ч үгүй аг чиг болж сөөнгөрөв. Ийн байтал сургуулийн бүх багшийн шохой нь дуусжээ.Багш нарын дунд нэг сүрхий хурал болсон юм гэдэг. Шохойноос болоод сургалтын үйл ажиллагаа зогсохдоо тулаад байсан үед тэр хурал дээр нэг багш нь мэргэн санаа гаргажээ.Энэ нь тусгайлан шилэн хоргонд залж захирлын өрөөний голд байрлуулан үе үеийн сургуулийн удирдлагуудад өв дамжин ирсэн өндрөөрөө 2-р ангийн хүүхэд босож зогссоны дайны хэмжээтэй ертөнцийн их багшийн цул шохойн /цээж/ барималтай холбоотой байлаа.Удтал маргасан хурал тарж маргааш нь ангийн багш мөнөөх баримлийн өрөөсөн нүдийг атгасаар ирээд галд хийчихэж билээ. Сайтар шатсан шохой самбарт чахрахгүй гүйх нь хичнээн урамтай сайхан.Түүгээр “Сур сур бас дахин сур” В.И.Ленин гэж бичхэд багшийн гарын салаагаар өнөөх үгийг хэлсэн гэгдэх хүний өрөөсөн нүд биднийг огтхон ч цавчилгүйгээр бүхэлд нь ширтэж байлаа. Одоо хүртэл тэр нүд намайг овоо хараанаасаа салгахгүй дагаад л байгаа нь мэдрэгддэг л юм.

3.

Цэнхэр гунигийн голын хавар яаж эхэлдэг гэж санана!!!. Хөх цэцгийн хөндий даган урсах цэнхэр гунигийн гол хавар болохоор бүхнийг үймрүүлэгчийн шид орчих шиг л санагддаг юм. Хашигдаад байсан олон эрвээхийс, нуга дэнж бүрээр нь тарчихдаг шиг. Хичнээн ч охид, хөвгүүд усанд явах, хичээлээ унших нэрийдлээр энэ гол дээр очиж урсгалд нь баяр гунигаа юүлсэн гэхэв.Сургуулийн өмнө ургасан том улиасанд шинэ ногоон өнгө татсанаар хавар эхэлдэг байв. Олон шаргал эрвээхий мөнөөх улиаснаас нисэн одсоны хойно хамгийн дээд мөчиртөө шувууны үүртэй тэр мод яг л зарлалын самбар шиг болчихдог байж билээ. Нүцгэрсэн улиасыг өвөлжингөө бид нүүр хийх газаргүй болтол нь тойрч ширтдэгсэн.Үйсийг нь хурц зүйлээр гүн зорж байгаад “Г+А=LOVEРХЭЛ”, “ЯТОЛ”, “НАСААРАА БИД НЭГ АНГИЙХАН” “ТӨГСӨЛТ-2004 10А”, “САНАНДАА 1992г”, “247” “5А МАНД 5Б СӨНӨ”, “МӨНГӨН ХОНХНЫ БАЯР” “БЧХ” бүр хамгийн дор нь “ҮСЭГЛЭЛИЙН БАЯР." гэж үзгээр нарийхан сийлж бичээд цэг хатгахдаа үзэгнийхээ хошуугаа салгаж чадахгүй тэр чигт нь үлдээгээд явсантай ч таарч л байлаа. Үүний зэрэгцээ “БОНДГОР” “БӨӨС” “ШҮТЭЭН” гэсэн гаргац муутай, утга балархай олон үгстэй ч учирна.Эрт үед энэ модны дэргэд заан, сармагчин, туулай, тагтаа дөрөв хэн нь том болохоо үзэж маргаан мэтгэлцэээн өрнүүлсэн, нэг удаа хуньдан ангир, хон хэрээ, ууль гурав цэнхэр эрвээхийний хамт дээд мөчир дэхь үүрэнд намаржсанаас эхлээд энэ сургуулийн жиг хачин бүхий л үүх түүх, элдэв адармаатай үйл явдлын гэрч энэ мод болсон билээ.Цэнхэр гунигийн голын хавар хамгийн түрүүнд энэ модонд ирж уусаад бүхнийг далдлан нуух гэсэн мэт наагуур нь ногоон хөшиг татаж орхидогсон.Тэр нэг хавар хотоос шилжиж ирсэн Цэлмэг гэдэг хүү сурагчийн нэг өдөр хэмээх арга хэмжээ төвийн сургуулиудад байдаг тухай дуулгасанаар манай ангийхан тэрхүү өдөрлөгийг сургууль дээрээ зохион байгуулах болсон юм. Багш нар бидэнд хувилааад бид харин багш нарын дүрд орох нь тэр арга хэмжээний гол дүрэм нь байлаа.Өдөрлөг болох өглөө нь томдсон пижаак, холхиндог банжаанктай эрэгтэй багш нар, гарт нь тогтохгүй мөнгөн бугуйвч, гархин ээмэг сэлттэй, нүүрээ ур дүйгүй будчихсан эмэгтэй багш нар сургуулийн кордордоор хөлхөлдөж харин сурагчийн ширээнд жижигдсэн формтой хөвгүүд, охид багтаж ядан сууцгааж хичээл эхэлсэн юм.Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаад 3-р цагийн их завсарлагаанаар хэрэг бишдэв. Сургуулийн захиралын бинзен олгохоор цохсон бичгийн тамгыг нь буруу харуулаад дарчихсан байхыг суурингийн шатахуун түгээгч гайхан зогсож байх агшинд багш нарын цайны газарт багадсан хувцастай өнөөх хүүхдүүдийг орж ирэхэд нь багш нь нар нь хөөж туугаад хавьтуулсангүй.Үүний зэрэгцээ сурагч хүнд байж боломжгүй нэгэн зөрчил ахлах ангийн сурагч Гочоо гаргасаныг биеийн тамирийн багш Жижигээ илрүүлсэн юм. Зөрчил гаргасан итгээд бүгдийн хажууд сургуулийн өмнөх сандал дээр тухлаж суугаад хайрцагтай тамхинаасаа бүдүүн гэгч ороогоод татаж суусан байна.Сурагчид жагсаж дасгалаа хийж дууссаны дараа тэдний өмнө ахлах ангийн сурагч Гочоог сургуулийн довжоон дээр гаргаж хайрцагтай дүнсэн тамхи, том шүдэнз, сонингийн цаасыг нь өргүүлж зогсоож байгаад багш нар тал бүрээс нь баахан донгодов.Багш нар ууртай бүгд саналаа хэлцгээж ахиж ийм зөрчил гаргасан хүүхдийг сургуулиас хөөх тухай хүртэл санал гаргаж байхад Гочоо ч тэр, ахлах ангийн багадсан хувцастай хүүхдүүд ч тэр нулимсаа гартал инээж билээ.Ид шидийн өдөр дуусаж маргааш нь бүгд хэвийн байдалдаа шилжив. Багш нар өчигдөрийн хоолныхоо тооцоог цайны газартай нийлж мөнгөө тушаацгаав. Жижигээ Гочоо багштай хулгас хийгээд зөрөхөд багш шавийнхаа толгойг илж инээмсэглээд багш нь тамхинаас бүр мөсөн гарсан гэж хэлжээ.

4

Цэнхэр гунигийн гол зундаа хичнээн хоосон гэж санана!!!. Сургууль амарчихсан. Тийм гол байх ч үгүй. Байвал өөр нэртэй л урсдаг байх.


Ц.Гончиг.2020-10-28Мөрөн

Сэтгэгдэл хэсэг