2023 онд уран зохиолын ертөнцөд болсон 8 том үйл явдал

8. Эдгар Аллен По Евровижн дууны тэмцээнд гялалзав

Энэ жилийн Евровижн дууны тэмцээн ширүүхэн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн ч миний хувьд тайзан дээрх дуучдаас Эдгар Аллен Погийн дүр байдлыг онцолсон “Who the Hell is Edgar?” дууг дуулсны сацуу “Ганц бие бүсгүйчүүдээс”-ээс хойш хамгийн дуртай бүжгийн хамтлаг минь байсаар ирсэн Теяа, Салена нар тун ч их таалагдлаа.

Та сонсоод үзээрэй л дээ. По По По По По По По По По По гэж тасралтгүй дуулахыг нь сонсохгүй байж чадах эсэхээ харахгүй юү. 

Элиза Смит тусгай хөтөлбөрийн редактор, Lit Hub

7. Бүүкерийн шагналын сүүлийн шатанд үлдсэн бүх зохиолчид Пол нэртэй байлаа

Үнэндээ сүүлийн шатанд тунаж үлдсэн зохиолчдын тал нь гэе. Гэхдээ л жагсаалтад маш олон Пол нэртэй хүмүүс байлаа. Гайхалтай нь тэдний нэг нь энэ шагналыг хүртлээ шүү дээ. (Энэ жил номын хорхойтнууд ч ийн мөрийцсөн) Пол Линчийн тухай дэлгэрэнгүй нийтлэлийг манайхаас уншаарай.

Эмили Темпл ахлах редактор, Lit hub


 

6. Шүүх эмнэлгийн шинэ магадалгаагаар Пабло Нерудаг хордуулсан болохыг тогтоожээ.

Бид бүхний дуртай хайрын шүлгүүдийг бичсэн Нобелийн шагналт, Чилийн яруу найрагч Пабло Неруда 1973 оны 9-р сарын 23-нд түрүү булчирхайн хорт хавдраар нас барсан нь Пиночет АНУ-ын дэмжлэгтэйгээр цэргийн эргэлт хийж Нерудагийн анд нөхөр Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн засгийн газрыг түлхэн унагаснаас хоёр долоо хоногийн дараа сэжигтэйгээр тохиосон билээ.

Түүнийг улс төрийн шалтгаанаар хөнөөсөн гэх цуу яриа гарсаар байдагт гайхах зүйлгүй. Энэ жил буюу найрагчийг нас барснаас тавин жилийн дараа шүүх эмнэлгийн шинжээчид Нерудаг хордуулсан, үгүй юм аа гэхэд биеэс нь клосридий ботулиум хорт бодис илэрснийг тогтоожээ.

“Тухайн үед түүний биеэс хорт бодис илрэх ямар ч шалтгаан байгаагүй гэдгийг бид одоо л мэдэж байна...” хэмээн Нерудагийн ач хүү Родольфо Рейес Испанийн Эфе агентлагт ярьжээ."Энэ чухам юу гэсэн үг болж таарах вэ? Неруда 1973 онд улс төрийнхний оролцоотой нас барсан гэсэн үг.... 


5. Лидия Дэвисийн шинэ ном зөвхөн инди номын дэлгүүрүүдэд зарагдана

Лидия Дэвисийн шинэ ном гарна гэдэг хэзээд тэмдэглүүштэй явдал байдаг. Гэхдээ энэ удаагийн түүвэр нь зүгээр ч нэг ном биш ажээ. Номоо Амазон сайт дээр байршуулахгүй байлаа ч шуугиулж чадах эсэхээ харах нэг ёсны туршилт гэж болно. Лидия Дэвис шинэ номоо зөвхөн бие даасан номын дэлгүүрүүд, Bookshop.org сайтаар дамжуулан худалдаалж байгаа ажээ.

Ингэснээр ном нь доогуур үнэлгээтэй болох ч бай үнэ хүндтэй туршилт болох вий. Түүнчлэн түүвэр бүхэлдээ уншигчдын таашаалд нийцэхээр сайн болжээ.

Зарим өгүүллэгүүд нь гарчгаасаа төдийлөн урт биш, ихэнх нь аль нэг талаараа уламжлалт бичлэгийн хэв маягаас гажуу энэ түүврийг яруу найргийн түүвэр шиг долоо хоногийн турш үдэш бүр нэг өгүүллэг уншиж сөхөж, хаасаар дууссан хойно нь ахин дахин эргүүлж, тойруулж суумаар санагдсан. 

Хувь нэмрээ оруулсандаа харамсах юмгүй үнэ цэнтэй туршилт, сайн ч ном юм.


4. Грантагийн нийтэлсэн Британийн шилдэг залуу зохиолчдын шинэ жагсаалтад бүх эрэгтэй зохиолчид гонсойгоогүй биз ээ…

Гранта сэтгүүл 1983 оноос хойш арван жилд нэг удаа ирээдүйд анхаарал татах шинэ залуу зохиолчдыг тодруулах болсон. Эдгээр цаг үеэсээ түрүүлсэн үгийн урлагийн инжаануудыг “Британийн шилдэг залуу зохиолчид” гэж нэрийдэх болсон төдийгүй жагсаалтад багтсан зохиолчдын дийлэнх нь үгийн урлагт зам мөрөө бага ч болов татуулсан билээ. Энэхүү жагсаалтыг Мартин Амис, Салман Рушди, Иан МакЭван, Казүо Ишигүро, Пэт Баркер нар эхлүүлсэн бол хоёр дахь арван жилд Жанетт Уинтерсон, Бен Окри, Ханиф Курейши нар нэрлэгдсэн. Харин 2003 онд Зади Смит, Дэвид Митчелл, Рэйчел Каск, Хари Кунзру нарыг нэрлэсэн нь тун дажгүй. Тэгэхээр жагсаалт энэ хэвээр үргэлжлэх нь зүйн хэрэг биз? Гэхдээ болж өгөхгүй л байна!

 2023 оны дөрөвдүгээр сард зарласан хамгийн сүүлийн жагсаалтад ердөө дөрөвхөн эрэгтэй Британи эрэгтэй зохиолч багтсанаар “New Statesman” сэтгүүлийн Вилл Лёд “Эрэгтэй хүүрнэлчид яагаад догь байхаа болив? гэх нийтлэл бичсэн нь сүүлийн хэдэн жил олон ч хүний нойрыг хулжаасан асуулт билээ. Тэр бидэнд тонж тодорхой хариу өгөөгүй ч хөндсөн сэдвээ дүгнэн бичихдээ догь ч биш, сэтгэл татам ч биш, хэн ч түүний тухай бүдүүлэг үг унагахаас санаа зовдоггүй, хөөрхий хөгшин Жон Грийнийг цусгүй алж орхисон юм.

Энэ бүхэн гарцаагүй эрэгтэй зохиолчдын уран зохиолд эзлэх байр суурь ганхсантай холбоотой. Эрчүүдийн бичсэн зохиол унж дорой байгаа нь хэвлэлийн газрынхны фенимист хуйвалдаан эсвэл хүүрнэл зохиол уналтад орсны нотолгоо огт биш. Бодит байдал тун энгийн.

Хэрэв тэд утга зохиолын ертөнцийг эзэгнэж, Грантагийн жагсаалтад багтаж чадахгүй юм бол эзэгнэж ноёрхох өөр газар хайх хэрэгтэй болох нь дээ. Тэр нь Ангараг, Метаверс ертөнц эсвэл бүр орхигдсон алтны хот ч байх юм бил үү. Гагцхүү цаг хугацаа л харуулах нь.


3. Жон Фоссе Нобелийн утга зохиолын шагнал хүртлээ

Арван жилийн дараа Ладброксийн таамагт дээгүүр бичигдэж, фьордын ойролцоо алхаж явахдаа Шведийн академиас дуудлага хүлээн авснаар 2023 он эцэстээ 64 настай Норвегийн зохиолч Жон Фоссегийн жил боллоо.

Англи хэлт орнуудын уншигчид түүнийг Дамион Сеарлсийн тун ч гарамгай орчуулсан "Септологи" хэмээх нэг өгүүлбэр, долоон бүлэг, 672 хуудас бүхий ахуй болоод сүнслэг байдлыг хослуулсан дом шившлэгийн романаар нь сайн мэднэ.  Гаднын бусад орнуудад жүжгийн зохиолоороо нэн алдартай зохиолч Жон Фоссе 1000 гаруй бүтээл туурвижээ.

Фоссе зохиол бүтээлээ Норвегийн нутгийн аялгууны хэл болох Нюнорск хэлээр туурвидаг. Нюнорск хэл Дани хэлний бичгийн дүрэмд суурилсан Норвегийн хүн амын дийлэнх нь хэрэглэдэг Бокмал хэлээс ялгаатай аж. Энэ хэлийг Норвегийн 5.4 сая хүний 10-15 хувь нь буюу ойролцоогоор 800,000 хүн албан ёсны хэлээр ашигладаг. Хэдэн арван жилийн дараа 2023 онд Нобелийн утга зохиолын шагналыг зонхилох хэлээр бичдэг зохиолч авсангүй.

Нобелийн шагнал Фоссегийн энэ амьдралдаа авч болох хамгийн том утга зохиолын шагнал болов уу. Гэвч “дараа нь” үүнээс ч аугаа зүйл түүнийг хүлээж байж мэдэх юм.

Жон Фоссе 2012 онд архинаас гарч, католик шашин шүтэж эхлэхэд Ватикан ямархан нэг зүйл дохиолох мэт "ариун бурхны өгөөмөр адислал" хүсэн залбирсан захидлыг Ромын Пап түүнд илгээсэн билээ.


2. Винни Пухын эрх олон нийтэд нээлттэй болсноор айдас дагуулав

Аливаа бүтээлийн оюуны өмч олон нийтийн эзэмшилд шилжсэн даруйд уран бүтээлчийнх нь хамгийн дэврүүн хүслээс ч давуулж, мушгин гуйвуулдаг гэдгийг бүгд мэдэх болжээ.

Мартагдаж, хаягдсан Пух, Пиглет нар Кристофер Робин хүүг эзгүйд харгис, хэрцгий амьтад болж олон жилийн дараа түүнийг найз охин, найзуудынх нь хамт ангуучлах алуурчид болж хувирсан “Цус ба зөгийн бал” киноны зөвхөн трейлерийг нь үзээд л зохиолч А.А.Милн яах байсныг төсөөлөхөд бэрх.

Хачин сонсогдож байгаа биз? Гэвч бас нэлээд зугаатай юм аа. B movie буюу бага төсөвтэй кинонуудын тун нь таарсан тэнэглэл оюуны өмчөөр шинэ содон бүтээл хийхийн оронд нэг л нүхэндээ буцаж унасаар байдаг улам сунжруу, уйтгартай болж буй урт хугацааны франчайз бүтээлүүдтэй эсрэгцэж байгаа юм.

Фен-зохиолын хөгжлийг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөхийн хэрээр хэдийнээ олон түмэнд хүрсэн бүтээлүүд дээр дөрөөлж шинэлэг, дэврүүн санаагаа хэрэгжүүлэхэд уран бүтээлчдэд дэмжлэг болж буй нь баярлууштай хэрэг.

 “Blood and Honey” киноны найруулагч бидний хүүхэд насны  сайн мэдэх дүрүүд болох “Зуун Акр Мод”-ны баатрууд болон Бэмби, Питер Пэн нарыг оролцуулсан аймшгийн бүтээл хийх сонирхолтойгоо хэлсэн. Ийм төрлийн бүтээлүүд санаснаас ч хол явж мэднэ. Шерлок Холмс Дракулатай тулалдаж болоод байхад Иа-Иа илжиг гавлын ясан сэнтийд заларч, хорвоо дэлхийд хоромхон зуур харанхуй нөмөрч яагаад болохгүй гэж?


 

1. Ном унших ер нь догь болж байна уу даа?

Хэрэв та энэ жагсаалтыг уншиж байгаа бол ном уншдаг хүн догь гэдгийг мэддэг, хүүхэд байхдаа Левар Бертоны ингэж хэлэхийг ч сонссон байж тун магадгүй.

Өнгөрөгч 2023 он ном соёлын арга хэмжээний нөлөөгөөр унших хэчнээн янзтай сайхан гэдгийг дахин баталсан жил байлаа.

Лос Анжелесийн нийтийн зогсоолуудад поп-ап уншлага зохион байгуулж,  "Literary It Girls” хамгийн онцгой номын нээлтүүд зохион байгуулж, “Look Book” Кэтрин Лэйсигийн номын нээлтийн арга хэмжээнд оролцогчдын зургийг дарж, уншигчид хамгийн хайртай өөд болсон зохиолчийнхоо нэрийг бичүүлж малгай авч байлаа.

Жүжигчин Крис Пайн очсон хот болгондоо тор дүүрэн номтой харагдана лээ.

Танд сануулахад хүмүүс гар утсаа хойш тавьж, арын халаасандаа оцон шувууны логотой номтой явж, жаахан хатгахад л уншиж буй зохиолынхоо хэсгээс чангаар унших нь 2024 оны гол чиг хандлага болж мэдэх юм.



Орчуулсан: Б.Дэлгэрмаа
 Эх сурвалж: https://lithub.com/

Сэтгэгдэл хэсэг