Стивен Кингийн тухай арван баримт: Зохиолч өөрийгөө азаар алдар нэрд хүрсэн гэж боддог байв

Өөрийн нэрээр 49 роман, Ричард Бахман, Жон Свитен гэсэн нэрээр долоон роман, таван баримтат бүтээл, 200 гаруй богино өгүүллэг бичиж хэвлүүлсэн Америкийн зохиолч Стивен Кингийн “Бичихүй” намтар, дурсамжийн номыг “Тагтаа” хэвлэлийн газар тун удахгүй уншигчдынхаа өмнө дэлгэн тавих гэж байна.

Аймшгийн зохиолын хаан гэгддэг зохиолч Стивен Эдвин Кинг 1947 оны есдүгээр сарын 21-нд Америкийн Мэйн мужийн Портланд хотод төрсөн. Зохиолч улс тунхагласны баяр, төрсөн өдрөөсөө бусад бүх өдөр бичдэг гэж ярьдаг ч үнэндээ өдөр бүхэн бичдэг аж. Бүхий л амьдралаа бичиж, туурвихад зориулж ирсэн өдгөө 75 настай зохиолч Стивен Кинг бага балчир ахуйдаа хүнд хүчир амьдрал туулж, зохиолчийн гараагаа даруухан эхэлсэн ч тэр бүхнээс өндийж алдарт зохиолч болон гялалзсан билээ.

 “Бичихүй” номд түүний балчир хүү байхаасаа зурагтай цуврал номд дурлаж, дуурайлган бичиж, үгийн урлагт татагдан орсон замнал, анхны зохиол бүтээлээ хэвлүүлэх хүртлээ туулсан эгэл бор амьдрал, архи, мансууруулах бодист донтож, эцэст нь хэрхэн эрүүл саруул амьдралдаа эргэн ирсэн тухай, бичих гээч нь чухам ямар үйл хэрэг болох, зохиолч хүн “багажийн хайрцаг”-таа гарын доорх ямар “багажууд”  цуглуулж, алийг нь хэрхэн хэрэглэх зэрэг олон зүйлийн тухай өгүүлсэн нь уншигчдад болоод урлан бүтээхүйн хүслээр дүүрэн залуу уран бүтээлчид, зохиолчид, хэн бүхэнд урам зориг, хичээл болох буй заа.

Зохиолчийн тухай арван баримтыг хүргэж байна.



Балчир хүү байхад нь аав нь орхин явжээ

Стивен Кингийн аав Доналд Эдвин Кинг хүүгээ хоёрхон настай байхад гэр бүлээ орхиж Кинг өргөмөл ах Давид болон ээжтэйгээ үлдсэн юм. Түүнийс хойш ээж нь санхүүгийн гачаалд орж, хүүхдүүдээ өсгөхөд бэрх болж аав, ээжийхээ амьдардаг Мэйн муж руу буцжээ.


Стивен Кинг найзыгаа галт тэргэнд дайруулахыг нүдээр харсан гэдэг 

Хэдийгээр энэ явдлыг зохиолч өөрөө санадаггүй ч найз нь нүдэн дээр нь галт тэргэнд дайруулсан гэдэг. Нэгэн өдөр найзтайгаа тоглохоор яваад цочролд орчихсон, хар цагаан дуугүй буцаж ирсэн гэж гэрийнхэн нь ярьдаг. Энэ эмгэнэлт явдал түүнийг аймшгийн зохиолч болоход нөлөөлсөн гэж олон хүн ярьдаг ч Кинг өөрөө огтхон ч  санадаггүй энэ дурсамж аймшгийн зохиол бичиж эхлэсэнтэй нь хамаагүй гэж няцаадаг.


Кэрри зохиолынхоо анхны нооргийг хогийн саванд хаясан нь

“Кэрри” романыхаа эхний гурван хуудсыг биччихээд дунд сургуулийн охины тухай бичиж чадахгүй юм шиг санагдахаар нь хогийн саванд хаячихаж л дээ. Гэсэн ч эхнэр Табита нь зохиолын эхлэлийг хогийн савнаас олж аваад эмэгтэй хүний зүгээс мэддэг бүхнээрээ туслана гэж урам зориг өгчээ. Кинг эхнэрийнхээ зөвлөгөөг сонсож гуравхан хуудас зохиолоо роман болгосон юм. “Doubleday” хэвлэлийн уг газар зохиолыг хэвлэсний дараа “The New American Library” 400 мянган ам.доллараар эрхийг нь худалдан авчээ. “Кэрри” бол Стивен Кингийг зохиолчийн замналд хөтөлсөн бүтээл юм. 


Стивен Кинг архи, мансууруулах бодист донтож байв

1970-аад онд архины хамааралтай болж, төд удалгүй бүр ч дордож мансууруулах бодист донтсон юм. Зохиолч энэ үедээ “Кэрри”, “Ит” зэрэг романуудаа бичсэн байдаг. 1980-аад оны сүүлээр албадан эмчилгээнд явсныхаа дараа архи, мансууруулах бодисноос бүрмөсөн татгалзаж, тэр цагаас хойш өдийг хүртэл эрүүл саруул ухаанаар бичиж туурвин амьдарч байна.


Зохиолч өөрийгөө азаар алдар нэрд хүрсэн гэж боддог байв

Өөрийгөө азаар алдар нэр олсон гэж боддог байсан Стивен Кинг Ричард Бахман нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлэхээр шийджээ. Гэсэн ч зохиомол нэрээр бичсэн номууд нь уншигчдад хүрч, амжилт олсоор байв. Яван, явсаар энэ хоёр зохиолчийн бичлэгийн хэв маяг гайхмаар адил байгааг хүмүүс анзаарч нууц нэрээр бичиж байсан нь ил болсон юм.

 

Стивен Кинг, Майкл Жексон нар хамтран кино бүтээж байв

1996 онд аймшгийн зохиолын хаан, Попын хаан хоёр хамтран "Сүнс" нэртэй богино хэмжээний аймшгийн кино бүтээж байв. Энэ хачирхалтай киног YouTube сувгаар 14 сая гаруй хүн үзсэн байдаг. Кинонд Майкл Жексон сүнстэй шилтгээний эзний дүрээр гарч, хотын захирагч түүнийг хотоос хөөж явуулахаар шилтгээнд ирдэг аж.


1999 онд автомашины осолд орсон нь

Машинд дайрууж, хөлөө хэд хэд хугалж, баруун уушиг нь бяцарч, хуйх нь ярагдаж, сүүж нь хугарч, маш их бэртэл авсан Кинг бичихээ болих бодолтой байлаа. Гэсэн ч уйгагүй хичээл зүтгэлээрээ эргэн ирж “The Dark Tower” цувралаа дуусгаж, “11/22/63”зэрэг номуудаа бичсэн юм.



Түүний аав зохиолч байжээ

Стивен Кинг аавынхаа талаар огт мэдэхгүй. Хэдийгээр аав нь зохиол бүтээлүүдээ хэвлүүлж, зарж борлуулж байгаагүй ч нэлээд олон зохиолынхоо гар бичмэлийг хадгалж байсан тухай ээж нь ярьж байв.


Стивен Кинг булш ухагч хийдэг байв

Аймшгийн зохиолын хаан булшны нүх ухах ажил хийдэг байлаа. Амралтын өдрүүдээр, шөнийн цагаар ийн хөлсний ажил хийж байхдаа “Өсвөр насандаа булш ухагч байсан нь” зохиолынхоо санааг олжээ. Энэ зохиол нь 1965 онд “Комикс рэвью”- д хэвлэгдсэн түүний анхны өгүүллэг юм.


Стивен Кинг нэгэнтээ чиргүүл дотор амьдарч байв

Стивен Кинг эхнэртэйгээ гэр бүл болсныхоо дараа Мэйн мужийн Бангор хотын захад чиргүүл дотор амьдарч байв.

Хэмпдений академид ажилд орсон ч угаалгын газарт ээлжийн ажил хийхийнхээ сацуу өдөрт заавал хоёр мянга орчим үг бичдэг байжээ.


Эх сурвалж bookanalysis.com
Орчуулсан Б.Дэлгэрмаа

Сэтгэгдэл хэсэг