ШИНЭХЭН НОБЕЛЬТОНЫ ШҮЛГҮҮДЭЭС

Нобелийн Утга зохиолын шагналыг 2020 онд гардах эрхэм оюунтнаар "Хувь хүний оршихуйг хүн төрөлхтний нийтлэг мөн чанарын үүднээс нээн илэрхийлсэн, шударгуу үнэн, давтагдашгүй өвөрмөц найраг туурвисны учир" Америкийн Нэгдсэн Улсын яруу найрагч Луйза Клүк нэрлэгдлээ. Эдүгээ 77 настай яруу найрагч маань АНУ-ын Үндэсний Номын Шагнал, Пулицерийн шагнал зэрэг олон шагнал хэдий нь хүртсэн, нэгдсэн улсын нэр хүндтэй туурвилчдын нэг юм. Йэлийн их сургуульд утга зохиолын профессорын албатай Луйза Клүк 1962 онд "Ууган" нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш өдгөөг хүртэл яруу найргийн 12 түүвэр, эсээ, тэмдэглэлийн олон арван ном туурвижээ. Шинэхэн Нобельтны шүлгүүдийг Тагтаа Хэвлэлийн Газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн орчуулгаар хүргэж байна.  

Шөнө дунд

Ярь даа надад, шаналант зүрх минь.
Ямар гээчийн тэнэглэл өөртөө зохиогоод
Ууттай хогны дэргэд энэ харанхуй гараажинд
Уйлж суугаа чинь энэ билээ?

Хоолны дараах аяга таваг л чамд хамаатай болохоос
Хог гаргаж хаях нь чиний ажил биш шүү дээ.
Аанай л хүүхэд насных шигээ
Аяглаж байгаа чинь энэ үү.
Хатуу чанга зан чинь хаа байна, сав л хийвэл
Хаалгаа саваад бүгчихдэг чинь юу болов?

Хагарсан цонхны шилийг туниагүйхэн дэлсэх
Хугасхан энэ сарны туяа.., зуны шөнө
Энхрий.
Боловсорч гүйцсэн газрын аяс сэрчигнээд
Бодохоос цаанаа л…
Яруу.

Эрэл болж дуудахад нь энд таг чиг суух нь
Эр нөхөртэйгөө учраа олох арга чинь үү.
Энэлж шаналахаараа хүний зүрх эсвэл
Ингэж тунимар аяддаг юм уу.
Хэнтэй ч биш зөвхөн ууттай хогтой л
Хэсэгхэн зуур хамт баймаар санагдаа юу?

Чиний оронд байсан бол би цагийг урагшлуулж
Чин үнэнг сайтар тунгаах байсан.
Арван таван жилийн дараа гэхэд ханийн чинь
Адгаж тэвдсэн хоолой цуцаад
Амжиж чи л хариулахгүй бол
Өөр хэн нэгэн өмнөөс чинь
Өрсөж түүнд хариу дугарвал яанам бэ дээ.


Цас

Арван хоёрдугаар сарын сүүлээр сэн,
Аав бид хоёр цирк үзэхээр
Нью-Йорк явж байлаа.
Исгэрэх салхины өөдөөс
Аавынхаа мөрөн дээр
Хийсч явахад минь
Цагаахан цаасны цуулдасууд
Төмөр замаар нэг
Нисэж үзэгдэнэ.
Харцнаасаа далдхан намайг тэгэж
Үүрч явах нь амар байж л дээ, аавд.
Харин би аавынхаа байнга хардаг ертөнцтэй
Халз тулгарсандаа нүд салгалгүй ширтэж явав.
Ёроолгүй хоосонг нь тэгж анх танихад
Орой дээрх цас газар уналгүй
Бид хоёрыг тойроод эргэлдээд л байж билээ.


Бэлэвсэн эхнэрүүд

Муу ээж минь нагац эгчтэй хөзөр тоглож сууна.
Муур хулганадах гээч, гэр бүлийн зугаа
Манай эмээгийн охиддоо зааж өгсөн тоглоом.

Халууны оргил сар, гэрээс цухуйлтгүй бүгчим.
Харваас нагац эгчийн од гүйсэн бололтой
Хамаг л сайн хөзрийг нь хамчихсан сууна.

Ээж маань харин анхаарал нь төвлөрч өгөхгүй
Эргэцэж баахан мунгинасан хүн харагдана.
Энэ зунаас өөрийнхөө оронд дасах гэж
Их л тухгүйрхэж яваа болохоор аргагүй ээ.

Түрүү зун аавын маань хажуугаар
Шалан дээр зулдаг болохдоо ч ингээгүй юм.
Түргэлэн айсуй үхлээ хүлээх аавд минь таацуулж
Газраар ор зассан нь тэр байсан юм.

Будилж суугааг нь далимдуулж нагац минь харин
Бодох ч сөхөө өгөхгүй угсруулан хожно.
Өсөхөөс сурсан зан нь л тэр л дээ.
Өөдөөс нь хэдий чинээ сайн тэмцэлдэнэ, тэр хэрээрээ
Өрсөлдөгчөө доромжлолоос хэлтрүүлж, хүндэлж буйн шинж.

Гартаа тав таван мод барьж, зүүн талдаа багц хөзөр тавьжээ.
Гадаах халуунаас нуугдаж ийм л өдрүүдээр
Сэрүүн гэртээ бүгэх шиг сайхан юм үгүй.
Ганцаараа хөзөр эргүүлж суух эсвэл өөр зугаа эрэхийн оронд
Ганц дүүтэйгээ муур хулганадаж суух шиг аятай юм үгүй.

Олон юм үзсэн, холыг хардаг хүн гэсэндээ эмээ минь
Охидоо энэ орчлонгийн жамд  бэлдээд амжжээ.
Одоо тэдэнд хоёр бие нь, бас хөзөр байна.
Ондоо хүмүүсээс нөмөр эрэхийн хэрэг ч алга.

Үдийн турш тоглоом үргэлжилж, нар л хөдөлсөнгүй.
Зуны ногоог үжиртэл нь төөнөж, дээрээс цононо.
Ээжид маань л тэгж санагдсан ч байж болно, ашгүй
Энд хүрээд нэг юм өндөрлөлөө.

Хөөрхий, нагац маань ингэж амьдраад удсан хүн,
Хөзөрт гаргуун байх нь тэгэхээр аргагүй.
Гар дахь хөзрүүд нь уурших шиг л алга болно
Ганц зорилго тань, хүссэн юм тань энэ биш үү.

Эцсийн эцэст алдах юмгүй хүн л
Эгнэгт хождог нь жам шүү дээ.


Орчуулсан Б.Баясгалан

Сэтгэгдэл хэсэг