ХАРАНХУЙН НУУЦУУД

Жумпа Лахири
(1967)

Пулитцерийн шагналт, бенгал гаралтай Америкийн зохиолч

Гэрийнх нь цахилгааныг тав хоног орой бүр найман цагаас эхлэн цагийн хугацаатай таслах тухай бичиг тэдэнд иржээ. Сануулгад энэ нь ердөө түр зуурын хэрэг, түрүүчийн шуурганаар цахилгааны утас тасарсан тул засварчид цаг агаар тогтонги байгаа дээр доголдлыг засах хэрэгтэй болсныг тайлбарлаж. Цахилгааны хязгаарлалтад гудамжны ердөө нэг хэсэг буюу эзэд нь автобусны буудалд алхаад хүрчих зайд байдаг байшингууд багтсан байна. Энд Шоба, Шукумар хоёр гурван жил амьдарчээ. 

Бичгийг уншаад Шоба Шукумарт гэхээсээ өөртөө илүү санаа тавьж “Анхааруулдаг нь сайн болж” гэж бодонгоо бичиг цаасаар дүүрэн арьсан цүнхээ мөрнөөсөө мултлан гал тогоо орох замдаа үүдний өрөөнд чулуудчихав. Хар хөх цув, сул саарал өмд, бэлтгэлийн цагаан гуталтай, 33-тай Шоба өөрт нь хэзээ ч ийм болохгүй дээ гэсэн бодол төрүүлдэг асан тийм л төрлийн эмэгтэйчүүдийн нэг шиг харагдана.  

Тэр, бэлтгэлээсээ иржээ. Цангисан өнгөтэй уруулын будаг нь уруулынх нь дээхнэ туяарч, сормуусны будаг нь доод зовхинд нь буусан харагдана. Шукумар эхнэрээ хараад хааяахан л иймэрхүү харагддагсан гэж бодлоо. Үдэшлэг юм уу багахан цайллагын дараа эсвэл энгэрт нь хурдхан наалдахыг хүсэхдээ л нүүрээ цэвэрлэхээс залхууран өглөө нь иймэрхүү төрхтэй сэрдэгсэн. Шоба гаднаас барьж ирсэн хэдэн дугтуйг ширээн дээр анзааргагүй шидэв. Өнөөх сануулгын хуудаснаас харцаа салгалгүйгээр “Иймэрхүү юмыг өдөр хиймээр юм” гэхэд нь Шукумар “Намайг байхад гэж үү?” хэмээн лавлалаа. Шобаг тэр дор хариу хэлээгүйд Шукумар зуухан дээр буцлах хонины махтай карри дээр шилэн таг ирмэгдүүлэн тавиад эргэв. Тэр, нэгдүгээр сараас хойш гэртээ ажиллаж, Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбар дахь сүүлийн үеийн өөрчлөлт, шинэчлэлийн талаарх судалгаагаар зэрэг горилохоор тайлан бичиж байгаа. 

-Хэзээ засаж эхлэх гэнэ?
-Гуравдугаар сарын 19-нөөс. Өнөөдөр 19 бил үү? 

Шоба хөргөгчний хажуугийн хананд өлгөсөн хуанли руу дөхөв. Хуанлийг эс тооцвол Уилльям Моррисын зурагтай ханын цаастай хана нь цулгай аж. Шоба ханын цаасыг анх удаа харж байгаа мэт удаан гэгч нь шинжээд гэнэтхэн яах гэж хана руу дөхсөнөө санав бололтой, хуанли тийш харцаа шилжүүлэв. Тэр хуанлийг нэг танил нь Зул сарын бэлэг болгон явуулжээ. Гэхдээ тэр жил Шоба, Шукумар хоёр Зул сар тэмдэглээгүй юм. 

“Өнөөдөр эхлэх юм байна” гэж Шоба хэлээд “Ингэхэд чи дараагийн баасан гаригт шүдний эмч дээр очих юм байна шүү” гэж нөхөртөө санууллаа. Шукумар шүдээ хэлээрээ тэмтрэв. Шүдээ угаахаа мартчихаж. Гэхдээ анх удаагаа ч биш юм. Өмнөх өдөр нь, бүр түүний урьд өдөр ч гэрээс гараагүйгээ санав. Шобаг гэртээ тогтохоо больж илүү цагаар ажиллан өмнөхөөсөө ч ихийг амжуулж байхад Шукумар гэртээ бүгж, шуудан шалгаж, ойр зуурын хүнс цуглуулахаар ч гарахаа больжээ. 

Зургаан сарын өмнө Шобаг гурван долоо хоногийн дараа амаржина хэмээн ажлаасаа чөлөөлөгдөхөд Шукумар Балтиморт шинжлэх ухааны чуулганд оролцохоор явжээ. Явах албагүй гэж Шукумар учирласан ч Шоба чухал хүмүүстэй холбоо тогтооход тустай, ядаж л ирэх жил шинэ ажилтай болоход нь нэмэр болно гэсээр явуулж. Балтимор дахь зочид буудлынх нь утасны дугаар болон нислэгийн дугаар, хуваарь зэргийн хуулбарыг авчихсан гэж нөхрөө ятгасан Шоба гэнэтийн юм тохиолдвол найз Жиллианагаараа эмнэлэгт хүргүүлэхээ хүртэл тооцсон байлаа. Тэр өглөө нисэх буудал хүрэх такси гэрийнх нь үүднээс хөдлөхөд Шоба гэрийн даашинзтайгаа, гар далласаар үлдсэнсэн. Хэдийгээр өөрийг нь ядрааж байгаадаа гэмээр том харагдаж байсан ч цүндгэр гэдэс нь үргэлж л биеийнх нь нэг хэсэг байсан мэт их л эвлэгхэнээр нөгөө гараа гэдсэн дээрээ тавьчихсан байсан…

Инээдэмтэй нь, Шукумар тэр үеийг, Шобаг сүүлийн удаа жирэмсэн харсан тэр мөчийг дурсах бүртээ өнөөх хөлсний тэргийг, улаан, хөх бичигтэй буудлын том машиныг хамгийн тод санадаг. Өөрсдийнх нь машинтай харьцуулахад их том байж билээ. Шукумар 180 см өндөр, халаасандаа багтааж яддаг том гартай ч хөлсний тэрэгний арын суудалд өөрийгөө одой болчихсон юм шиг л санаж явсан. Такси Биконы гудамжаар хурдлахад тэрээр нэг л өдөр хүүхдүүдээ авч явах, хөгжмийн хичээл, шүдний эмчид хүргэж өгөх жижиг автобусархуу гэр бүлийн иймэрхүү машин авах хэрэгтэй болно доо гэж бодож билээ. Тэрхэн зуур, өөрийгөө жолоо барьж байгаагаар, Шобаг хүүхдүүддээ ундаа өгөхөөр арын суудал руу эргэж байгаагаар төсөөлсөн. Эцэг болно гэх бодол, дээр нь 35-тайдаа оюутан хэвээр байгаа нь Шукумарыг их удаан зовоожээ. Харин модод хүртэл навчистаа түүртэх нь мэдрэгдсэн намар эртийн тэр өглөө л мань эр эцэг болно гэсэн төсөөллөө анх удаа сэтгэл хангалуунаар хүлээж авсан юм.

Хамтрагчдынх нь нэг түүнийг өөр хоорондоо огтоос ялгаагүй хурлын олон өрөөний нэгнээс олж, өөдөс цаас сарвайжээ. Цаасан дээр ердөө утасны дугаар байсан ч Шукумар эмнэлгээс ярьсныг шууд л ойлгож. Харин Бостонд эргээд ирэхэд нь бүх зүйл болоод өнгөрсөн байв. Хүүхэд нь амьгүй төржээ. Шоба эмнэлгийн захын жигүүр дэх жижиг өрөөнд хэвтэж байлаа. Эцэг эх болохоор зэхэж буй залуу хосуудад зориулсан хөтөлбөрийн үеэр тэдний орж үзээгүй тэр өрөө дэндүү жижиг байсныг, орны хажууд арай л гэж зогсож байснаа Шукумар санав. Шобад яаралтай кесарево хагалгаа хийх шаардлагатай байсан ч хангалттай хугацаа байгаагүй гэнэ. "Ийм явдал болдог" гэж эмчийг тайлбарлахад Шукумар ойлгож буйгаа илтгэн ердөө мэргэжлийн барилаар инээмсэглэхчээ аядахад Шобаг хэдэн долоо хоногийн дараа гэхэд хөл дээрээ босчихно, дахиад хүүхэдтэй болохгүй нь гэж сэтгэлээр унах хэрэггүй гэж эмч түүнийг тайтгаруулжээ.  

Сүүлийн үед Шукумарыг сэрэхэд Шоба хэдийнэ явчихдаг болж. Нүдээ нээгээд тэр, эхнэрийнхээ дэрэн дээр үлдсэн урт, хар үсийг л харна. Босохоосоо өмнө орондоо хэсэг хөрвөөхдөө Шукумар Шобаг хотын төв дэх ажлын өрөөндөө ажил хэрэгч хувцастайгаар, гурав дахь аяга кофегоо хэдийнэ уучихаад хэдэн арван хуудаснаас хэвлэлийн алдаа хайж суугаагаар төсөөлнө. Олон өнгөөр тэмдэглэсэн алдаа тодорхойлогч тэмдгүүдийг Шоба нөхөртөө тайлбарлаж өгч байсан юм. Зэрэг горилсон бүтээл нь бэлэн болохоор алдааг нь тийн засаж өгнө гэж тэр амлаж билээ. Шукумар өөрийнх нь сул дорой, зайлсхийгч араншингаас тэс ондоо эхнэрийнхээ нямбай, хичээнгүй занг хэдийнээс биширсэн. Харин өөрөө аливаа зүйлийн нарийн ширийнийг алмайрч харсаар хоцордог, бүхнийг цоо шинэ үзэгдэл мэт хүлээж авдаг, барагтайхан сурлагатан байснаа санав. Өнгөрсөн есдүгээр сар хүртэл тэрээр шаргуу биш ч их л оролдлоготойгоор бүтээлийн ажилдаа зүтгэж, сэдэв бүрийг жижиг шар цаасан дээр тэмдэглэн тун ч завгүй байсан. Харин сүүлийн үед уйдталаа орондоо хэвтэж, Шобагийн дутуу хааж орхисон хувцасны шүүгээний хаалганы завсраар харагдах хэдэн ноосон хүрэм, тансар хилэн өмдөө гойд юм бодолгүйгээр дэмий л ширтдэг болжээ. Шукумар одоо хичээлийн шинэ улиралд багшлахдаа алийг нь өмсөх вэ гэж хослолуудаа сонжих шаардлагагүй болсон. Хүүхэд нь эндсэний дараа багшлах үүргээсээ татгалзахад оройтсон байсан ч эрхлэгч нь хуваариа зохицуулж, Шукумарыг хаврын семестерээс чөлөөлсөн аж. “Үргэлжлүүлээд зун сайхан амар, дараагийн есдүгээр сар гэхэд чи сэргэчихнэ” гэж эрхлэгч нь хэлжээ. 

Гэтэл одоо түүнийг сэргээх юу ч алга. Шоба тэр хоёр унтлагын гурван өрөөтэй байшиндаа нэгэнтэйгээ таарахгүй байхад бараг л мэргэшиж, нэг давхарт шөнийг хамт өнгөрүүлэхгүйн тулд хэн хэн нь хичээх болжээ. Шукумар эхнэрээ олон өнгийн харандаа, тэвхийсэн зузаан хавтас бариад буйдан дээр хэдэн цагаар суудаг амралтын өдрүүдийг ч өмнөх шигээ хүлээхээ больсноо, Шобаг нүд рүү нь хараад инээмсэглээгүй дэндүү удсан тухай бас унтахаасаа өмнө хоёр биедээ эрхэлдэг байснаа, өөрийнх нь нэрийг яаж дууддагийг ч мартаж эхэлснээ бодно. Анхандаа тэр энэ бүхнийг түр зуурынх л гэж бодож байв. Цагийн эрхээр юмс мартагдаж, Шобатайгаа юуг ч ямар ч аргаар даваад л гарна гэдэгт тэр итгэж байлаа. Эхнэр нь ердөө 33 настай, эрч хүчтэй бас хэдийнэ тэнхэрсэн. Гэсэн ч тайтгараагүй. Шукумарыг биеэ дааж ядан орноосоо босон доош бууж, гүцэнд Шобагийн үлдээсэн жаахан кофег хоосон аяганы дэргэд чимээгүйхэн ууж суухад хэдийнэ үдийн цайны цаг болчихдог болжээ.

Шукумар алгандаа хураасан сонгины хальсыг хонины махны хальс, булчирхайтай хогийн сав руу унагав. Ус гоожуулж хутга, гамбанзаа зайлаад сонгино, сармисын үнэрийг дарах гэж хурууны өндгөө нимбэгний хальсанд үрлээ. Энэ аргыг Шоба түүнд зааж өгчээ. Цаг долоо хагас болчихож. Гадагш хартал тэнгэр тос даасан давирхайт бөөн хар юм л үзэгдэнэ. Замын хажууд хунгар цас харагдах ч малгай, бээлий өмсөлгүйгээр гадуур алхахад даарахааргүй болжээ. Сүүлийн шуурганаар бараг метр цас унасан тул хүмүүс цасыг нь цэвэрлэсэн нарийхан жимээр бүтэн долоо хоног явжээ. Шукумарын хувьд ч зам дээр унасан их цас долоо хоног гэрээсээ гараагүйнх нь нэг шалтаг байв. Харин одоо замын голын цасгүй жим өргөсөж, цас хайлснаас үлдсэн шалбааг хашлага дээр тунажээ. 

“Хоол найман цагаас нааш болохгүй. Хоёулаа харанхуйд л хооллох нь дээ” гэж Шукумар хэлэв. Шоба лаа асаахыг санал болгоод сүүлийн хэдэн өдөр толгойноосоо бараг л салгаагүй хавчаараа авч, үсээ задгайлснаа бэлтгэлийн гутлаа үдээсийг нь ч тайлалгүйгээр хөлнөөсөө сугалав. “Шүршүүрт ороодохъё. Удахгүй ээ” гээд тэр дээш өгслөө. Шукумар эхнэрийнхээ цүнх, гутлыг хөргөгчний хажуу руу тавив. Шоба өмнө нь ийм байгаагүй ээ. Хүрмээ өлгүүрт, гутлаа шүүгээнд тавьдаг, бүх төлбөрөө хугацаанд нь төлдөг байсан. Харин одоо тэр гэртээ зочид буудалд байгаа мэт л байх болж. Зочны өрөөний хөх, хүрэн алагласан турк ширдэгний ирмэг шаргал даавуун гадаргатай түшлэгтэй сандлын хөлд сөхөгдсөн нь ч түүнийг эгдүүцүүлэхээ больжээ. Байшингийн арын саравчин дахь даавуун гадартай буйдан дээр хөшиг нэхнэ хэмээн эхнэрийнх нь цуглуулсан сүлжмэлийн утастай цагаан уут тоосонд дарагдан хэвтэнэ.

Шобаг шүршүүрт орсон хойгуур Шукумар доод давхрын угаалгын өрөө орж, угаалтуурын хажуудах жижиг хайрцгаас шинэ сойз гарган шүдээ угаав. Сойзны ширүүн үс буйлыг нь өвтгөж, Шукумар цустай шүлсээ угаалтуур луу нулимлаа. Шоба илүү сойз хэрэгтэй гэсээр их дэлгүүрийн хямдралаар тэр сойзыг авчээ. Гэрт нь тухалсан зочин орой амраад явъя гэж гэнэт шийдвэл хэрэг болно гэж тооцож, төмөр хайрцганд зориуд хадгалсан нь тэр аж. Шоба үргэлж л ихийг сэдэж, төлөвлөдөгсөн. Гэнэтийн сайн, муу юунд ч бэлэн байхыг хичээдэг тийм л хүн тул аливаад тооцоотой хандана. Өөрт нь таалагдсан бошинз юм уу цүнх таарвал заавал хоёрыг авна. Цалингийнхаа нэмэгдлийг тусдаа дансанд хадгална. Гэвч тэр зан нь Шукумарт огт түвэгтэй санагддаггүй байлаа. Аавыг нь өөд болоход ээж нь сэтгэлээр унаж, бүхнээ орхин хүүгээ өссөн гэрээс нь холдуулж, Калькутта руу буцсан тул Шукумар хар нялхаасаа л бүгдийг ганцаараа зохицуулжээ. Тиймээс Шобаг өөр байсанд, ихэд хичээнгүй, нямбай зантайд талархдаг байв. Шобагийн тооцоотой, урьдаас бүхнийг хардаг чадвар түүнийг бишрүүлдэг байлаа. 

Шобаг дэлгүүр яваад ирсний дараа галтогооны шүүгээ чидун, эрдэнэшишийн тос тэргүүтнээр дүүрдэгсэн. Энэтхэг, итали гээд ямар ч хоол хийсэн бүгдийг бэлэн байлгах гэж тэр. Бүх төрөл, өнгө, хэлбэрийн паста, урт басмати будаа, “Хеймаркет”-ийн мусульман худалдаачнаас авсан, гялгар уутанд нямбай гэгч нь боож бөндийлгөсөн хурга, ямааны мах гээд байхгүй юм байдаггүй байв. Бямба гариг бүр эхнэр нь тавиур дээрх элдэв амтлагчаас хольсон шинэлэг амттай хоол хийдгийг ч Шукумар аяндаа мэддэг болжээ. Эхнэрээ хүнсний дэлгүүрийн урт цуваанд шахцалдан байж зотон даавуун уутандаа хоол хүнс нэмж авахыг Шукумар итгэж ядан хардагсан. Тийн тэмцэлдэхдээ Шоба огт түүрдэхгүй. Гэдэс нь тогоо шиг том байхад ч гайхмаар дайчин байж билээ. Шоба нуруулаг, өргөн мөр, таазтай. Эх баригч эмч нар түүнийг хүүхэд төрүүлэхэд яг тохирсон биетэй гэсэнсэн. Нэг удаа эмнэлгийн үзлэгээс буцахдаа хүнсээ базааж, харих замдаа, Чарльзын гудамжаар уруудангаа хэр их хоол хүнс авснаа ярилцаж байснаа Шукумар санав. 

Шобагийн авсан хүнс илүүдэх нь үгүй. Найзууд нь ирэхэд Шоба хөлдөөж, нөөцөлсөн элдэв хүнсээ хугас өдрийн турш бэлтгэн байж хоол хийсэн мэт сайхан зоог хийдэгсэн. Хийсэн ямар ч хоол нь байдаг л нэг энгийн зүйл шиг хэзээ ч харагддаггүйг, амралтын өдрүүдээр урьдчилан бэлтгэж, тусгайлан бэлтгэсэн сүмс, амтлагчид хэдэн хоног дарж хачирласан мэт харагддагийг Шоба өөрөө ч сайн мэднэ. Пирамид хэлбэрт оруулан саванд нь овоолж хадгалсан нунтаг амтлагчуудыг ач, зээ нар нь хүртэл амтална гэж тэр ярьдаг байв. Харин одоо тэр бүхэн ч дуусчээ. Шукумар одоо гэрийнхээ хүнсийг цуглуулах болж, хоёр хүний хоол хийгээд сурчихаж. Эхнэрийнхээ цуглуулсан элдэв жор бүхий номноос түүнийхээ нэгэнтээ өнгийн харандаагаар тэмдэглэж байсан орц, зааврын дагуу хоол бэлтгэдэг болжээ. Шукумар зааврын дагуу хоёр халбага үсүүний үр, улаан мэшил хоолондоо нэмлээ. Номын бүх жоронд тэмдэглэгээ байх. Шобагийн тэмдэглэснээр тэд дөрөвдүгээр сарын 2-нд амтат гоньдтой цэцэгт байцаа, нэгдүгээр сарын 14-нд самраар хачирласан тахианы мах иджээ. Шукумар гэвч санахгүй нь. Одоо энэ бүхэн нэгэнт хамаагүй болж. Түүнд хоол хийх нь таалагдах болсон учраас тэр л дээ. Хоол хийх нь түүнд бүтээлч мэдрэмж төрүүлдэг ганц зүйл болжээ. Тэр л хоол хийхгүй бол Шоба оройн хоолондоо эрдэнэшишийн хатаамал л иднэ гэдгийг Шукумар мэдэх болж. 

Гэрэл тасарсан тул тэд өнөө орой хамтдаа хооллоно. Хэдэн сарын турш тэд хоолны савнаас өөрсдөдөө үйлчилсэн бөгөөд Шукумар ажлынхаа өрөөнд хоолоо хөртөл сууж хөрсөн хойно нь нэг амьсгаагаар иддэг болсон бол Шоба зочдын өрөөнд зурагт үзэнгээ юм уу зузаан хавтастай бичвэрүүдээс алдаа эрэнгээ хоолоо иддэг болоод удаж байна. Зарим орой Шоба нөхөр дээрээ очно. Хөлийн чимээ гарахыг сонсмогцоо Шукумар уншиж байсан номоо хойш тавьж, юу ч юм бичиж эхэлнэ. Эхнэр нь мөрөн дээр нь гараа тавьж, компьютерийн хөхөлбий туяанд нүүр лүү нь эгцлэн хараад “Битгий их суугаарай” гэж хэлчихээд ор луугаа зүглэнэ. Энэ бол Шоба өөрийг нь зорьж ирдэг ганц мөч атал Шукумар чухам энэ мөчөөс л эмээдэг болжээ. Учир нь тэр, эхнэрээ биеэ албадаж байгааг мэднэ. 

Өнгөрсөн зун ханыг нь бүрээ, бөмбөр тоглох туулайнууд болон цуварсан галуудаар хүрээлэн чимэглэж байсан өрөөг Шоба тойруулан харлаа. Наймдугаар сарын сүүл гэхэд цонхон дор нь интоорын өнгөт хүүхдийн ор, живх солих бүдэг ногоон хүрээтэй ширээ, бүүвэйлэгч сандал, шоотой дэвсгэр байсансан. Тэр бүхнийг Шукумар Шобаг эмнэлгээс гарахын өмнөхөн үгүй хийж галуу, туулайнуудыг хусаж арилгажээ. Яагаад ч юм, энэ өрөө Шобаг эмзэглүүлдэг шигээ Шукумарыг тавгүйтүүлдэггүй. Тэгээд л номын санд тусгай өрөө гаргуулан ажиллаж байснаа нэгдүгээр сард больсныхоо дараа Шукумар энд бичгийн ширээгээ оруулжээ. Нэг талаар тухтай, нөгөө талаар Шоба энд орж ирэх дургүй учраас. 

Шукумар галтогоо руу буцаж, шургуулгануудыг онгичиж гарлаа. Тэр, Шобагийн Калькуттын захаас авсан хайч, өндөг зуурагч, хутгагч, нүдүүр дундаас лаа эрсэн ч зайгүй гар чийдэн, төрсөн өдрийн бялууны хэдэн жижиг лаа л олов. Шоба өнгөрсөн тавдугаар сард нөхөртөө зориулж төрсөн өдрийн үдэшлэг зохиосон бөгөөд одоо хэнтэй нь ч уулзахаа  больсон найзууд, найзуудын найзууд нийлсэн 120 орчим хүн гэрт нь иржээ. Лонхтой усан үзмийн дарс угаалгын онгоцонд мөсөн дунд овоорч, таван сартай хөл хүнд Шоба мартинийн хундаганаас гаатай дарс шимж суусан. Бас хөөсөн чихэр, тосоор зуурсан ванильтай зайрмаг хийсэн. Тэгээд оройжин Шукумарын урт хуруунаас атган зочдын дундуур алхсан. 

Харин есдүгээр сараас хойш тэднийд ирэх ганц хүн нь Шобагийн ээж болжээ. Аризонад амьдардаг тэр, Шобаг эмнэлгээс гарснаас хойш бүтэн хоёр сар энд амьдарсан юм. Орой бүр хоол хийж, дэлгүүрээс хүнс цуглуулж, хувцас хунарыг нь угааж цэгцэлнэ. Ихэд сүсэгтэй тэрээр охиныхоо гэрт багахан мөргөлийн булан бий болгож, зочдын өрөөний буйдангийн хажуудах ширээн дээр нил ягаан дүртэй бурхдын хөрөг, хилэн цэцгийн хэлхээ тавиад эрүүл саруул зээ хүүхэд хүсэж өдөрт хоёр ч залбирдагсан. Хүргэндээ тэр элгэмсэг бусаар эелдэг хандана. Цамцыг нь их дэлгүүрт ажиллаж байхдаа сурсан аргаараа эвхэх бөгөөд өвлийн хүрэмнийх нь унасан товчийг бэхэлж, хул бор ороолт нэхэж өгөх ч тэр бүхнийг чин сэтгэлээсээ Шукумарыг баярлуулах гэсэндээ бус ердөө л хүргэнийхээ мартсан зүйлийг сануулах аятай хийнэ. Хүргэнтэйгээ тэр охиныхоо тухай огт ярихгүй. Эндсэн хүүхдийнхээ тухай Шукумарыг нэгэнтээ ам нээхэд Шобагийн ээж нэхмэлийн зүүнээс харцаа салгаж, хүргэнийхээ нүд рүү эгцлэн харснаа “Чи байгаагүй биз дээ” хэмээсэн билээ. 

Гэрт нь лаа байгаагүйд, Шобаг иймэрхүү энгийн зүйлд ч бэлтгэлтэй байхаа больсонд Шукумар дэмий л гайхна. Тэрээр төрсөн өдрийн лаануудыг угаалтуурын харалдаах цонхны тавцан дээр байх савтай мөлхөө ургамлын хүрэн шороонд зоож орхив. Угаалтуураас хэдхэн хуруу зайд байх атлаа хөөрхий ургамал хатаж хорчийсон гэж жигтэйхэн. Лааг эгц зоохын тулд шороог жаахан чийглэх хэрэг гарлаа. Чингээд галтогооны ширээн дээрх овоорсон шуудан, уншиж амжаагүй номын сангийн номуудыг зайчлан байж хачин суурьтай бяцхан лаануудаа тавив. Энэ ширээн дээрх анхны зоогоо Шукумар тодхон санадаг. Гэрлэсэндээ хөөрч баярласан, одоо л нэг хамт амьдрах нь гэж догдолсон, бие биедээ хүрч тэмүүлсэн, хоол идэхээсээ илүү амраглах гэж яарсан хос байж билээ, тэд. Ширээн дээр тэр, Лакнауд амьдардаг авга ахынхаа хуримаар нь бэлэглэсэн тавгийн суурь болох хоёр хатгамал дэвсгэр тавьж, зочдод хэрэглэдэг асан хоолны таваг, дарсны хоёр хундага гаргалаа. Тэгээд таван хошуу хэлбэртэй, цагаан судалтай мөлхөө ургамлыг тойруулан хатгасан арван жижиг лаа бүхий цэцгийн савыг голд нь байрлуулж, дижитал цагтай радиогоо асаан жазз суваг дээр тааруулав.

Галтогоонд орж ирмэгцээ Шоба “Юу хийгээв?” гэж асуулаа. Толгойгоо зузаан цагаан алчуураар ороосон байснаа алчуураа сандлын түшлэг дээр хаян нойтон, хар үсээ задгайлах тэрээр зуух руу дөхөхдөө нүүр лүү нь унжсан үсийг урт хуруугаараа арагшлуулав. Шоба нэлмэгэр сул өмд, нимгэн цамц, хуучирсан ноосон халаадаа өмсчээ. Хэвлий нь урьдынх шигээ болж, бэлхүүс нь нарийн харагдана. 

Найман цаг болох дөхөж байна. Шукумар агшаасан будааг ширээн дээр тавиад, урьд оройн мэшилийг халаахаар шарга шүүгээнд хийгээд цагийг нь тохирууллаа. Хайруулын тавагны шилэн таг руу өнгийснөө Шоба “Хонины махтай карри хийгээ юү?” гэж лавласан ч Шукумар хонины махыг дуугүйхэн гаргаад хэрчиж, ястай том хэсгийг нь халбагаар хатгаж үзсэнээ “Болчихож” гэлээ. Шарах шүүгээний дохио дуугарах агшинд гэрэл унтарч, хөгжим зогсоход “Яг цагаа оллоо” гэж Шоба дуу алдав. “Бялууны лаанаас өөр юм алга” хэмээхдээ Шукумар цэцгийн савыг гэрэлтүүлж хайрцаг шүдэнз, үлдсэн лаануудыг тавагныхаа дэргэд тавив. Шоба хариуд нь “Зүгээр дээ” гэснээ дарсны хундаганы гоолиг хөлийг илэнгээ “Харин ч гоё байна” гээд инээмсэглэлээ.

Бүдийсэн гэрэлд Шобаг хэрхэн хөлөө нугалж суугаад, нэг өвдөг нь ширээний дээгүүр харагдаж байгааг Шукумар төсөөлөн бодов. Лаа эрж байхдаа тэр хоосон байх гэж санасан ундааны сагснаас лонх дарс олсноо өвдөгнийхөө завсар хавчуулаад, суудал дээрээ эргэж дарс онгойлгогч авлаа. Дарс асгачих вий гэхдээ хундагаа өвөр дээрээ тавьж байгаад дарсаа хундагалав. Хооллох зуураа Шукумар байсхийгээд л хэдэн жижиг лаа нэмж асаана. 

“Энэтхэгт байгаа юм шиг байна шүү” гэж Шоба ам нээв. “Заримдаа бүр хэдэн цагаар цахилгаан тасардагсан. Нэг удаа хүүхдийн будааны ёслолд оролцож байтал гэрэл унтарчихаж билээ. Тэр муу жаахан амьтан уйлаад л байсан. Хөөрхий, бүгчимдсэн байх л даа”.

Хүүхдээ огт уйлаагүй байх даа гэж Шукумар бодов. Зочдын нэрсийн жагсаалт гаргачихсан байсан ч, хүү байсан бол зургаа, охин байсан бол долоон сартайд нь гурван ахынх нь хэн нь түрүүлж хүүхдэд нь будаа амсуулах ёсыг үйлдэх тухай хүртэл Шоба бодож байсан ч хүүхэд нь тийм найр хийх хувьгүй байжээ. 

“Халууцаж байна уу?” гэж Шукумар эхнэрээсээ асуув. Түүнийг гэрэлтэгч цэцгийн савыг ширээний нөгөө булан руу, ном шуудан сэлт овоорсон зүг рүү түлхэхэд тэд бие биеэ бүр ч олж харахааргүй болов. Шукумарт гэнэтхэн дээд давхар руу гарч, компьютерийнхоо өмнө суухсан гэсэн хүсэл төржээ.

Шобаг “Халууцаагүй ээ. Амттай хоол болж” гээд тавгаа сэрээгээрээ тоншиход Шукумар хундагыг нь дүүргэв. Эхнэр нь эелдэгээр талархлаа. Тэд өмнө нь ийм байгаагүйсэн. Гэтэл одоо Шукумар эхнэрийнхээ сонирхлыг татах юм олж хэлэх гэж ядан, харцыг нь яаж тавгаас нь салгах тухай бодож суух. Эхнэрээ яаж хөгжөөх вэ гэж боддог нь ч цөөрчээ. Нам гүм байдлыг ч тэсэж тэсвэрлэдэг болж.  

“Эмээгийнд гэрэлгүй болсон үед бид юу ч юм ярих ёстой болдогсон” гэж Шоба яриагаа үргэлжлүүлэв. Царай нь харагдах төдий байгаа ч Шукумар түүнийг холын юм харж буй мэт нүдээ онийлгон байгааг мэдэж байв. Шоба үргэлж тэгдэг юм. 

-Жишээ нь юу?

-Юу ч байж болно. Шүлэг, онигоо, ямар нэгэн сонирхолтой баримт. Манай хамаатнууд надаар дандаа америк найзуудын маань нэрийг хэлүүлдэгсэн. Яагаад тэгдэг байсан юм, бүү мэд. Авга эгч маань нэг удаа Тусонд бага сургуульд хамт сурдаг байсан дөрвөн найз охины маань нэрийг хэлүүлж билээ. Хэн гэдэг охид байсныг одоо ч мартаж дээ.  

Шукумар Энэтхэгт Шоба шиг удаан байгаагүй. Нью Хемпширт суурьшсан эцэг эх нь түүнгүйгээр нутаг буцдаг байв. Анх нярай байхдаа Энэтхэгт очоод цусан суулга тусаж, үхэх шахсан нь эцгийнх нь зүрхэнд орж хүүгээ Конкорд дахь авга, нагац нарт нь үлдээх болжээ. Өсвөр насандаа усан спортын зусланд амарч, мөхөөлдөс эргүүлэхийг Калькуттад өнгөрөөх зунаас илүүд үзэх болж. Харин аавыгаа өөд болсны дараа буюу коллеж төгсөх жилээ л Энэтхэгийг сонирхон, түүхийг нь ном сэтгүүлээс уншиж эхэлжээ. Одоо л тэр, Энэтхэгтэй холбоотой багын дурсамжгүйдээ харамсаж байна. 

Шобагийн нүд сэргэж гэнэтхэн “Тэгж тоглоё” гэв.
-Юу?
-Харанхуйд бие биедээ юм ярьж өгье.
-Юу ярих юм бэ? Би онигоо мэдэхгүй шүү дээ.
-Үгүй ээ, онигоо хэрэггүй.
Шоба хэсэг дуугаа хурааснаа “Өмнө нь бие биедээ хэлж байгаагүй зүйлсээ ярьцгаая” гэв.
-Ахлах сургуульд, халамцахаараа тэгж тоглодог байсан юм байна.
-Ингэх үү, тэгэх үү-г яриад байна уу? Тэр биш ээ. Яахав, би эхэлье л дээ. 
Шоба дарснаас балгаад нууцаа дэлгэв. 

-Байранд чинь очсон эхний өдрөө чамайг нөгөө өрөөнд байхад би утасны дэвтрийг чинь үзэж, чамайг миний нэрийг хаахна бичсэн бол гэж хайж байсан. Хоёулаа танилцаад хоёр долоо л хонож байсан байх.

-Би хаана байсан юм бэ?

-Ээжтэйгээ утсаар ярьж байсан юм. Тэгээд удаан ярих нь гэж бодоод миний нэрийг сонины булан дээрээс “дэвшүүлсэн” болов уу гэдгийг мэдмээр санагдаад. 

-Нэр чинь тэгээд байсан уу?
-Байгаагүй ээ. Гэхдээ л би чамтай уулзахаа болиогүй. Одоо чиний ээлж. 

Шукумарын санаанд орж ирэх юм байсангүй. Гэтэл Шоба сүүлийн хэдэн сард байгаагүйгээрээ түүнийг анхаарч өөдөөс нь цоо ширтэнэ. Түүнд хэлээгүй үлдсэн юу байгаа билээ? Дөрвөн жилийн тэртээх, Кембрижийн хурлын танхимд хэсэг бенгал найрагчид оролцсон уулзалтын үеэр тохиосон анхны учралаа Шукумар дурсав. Тэд эвхдэг модон сандал дээр, зэргэлдээ сууж таарчээ. Уйдаж, уран сайхны үг хэллэгийг тайлах сонирхолгүй болсон Шукумар шүлэг бүрийн дараа санаа алдан бодлогошрох, толгой дохих олноос залхан сонины булан дээрх хотуудын цаг агаарын мэдээ харж суужээ. Өчигдөр Сингапурт 32, Стокольмд 10 хэм... Тэгээд санаандгүй зүүн тийш хартал хавтасныхаа ар дээр хүнсний жагсаалт бичих хажууд суугаа эмэгтэй нь хөөрхөн бүсгүй байлаа.

Хэлэх юм олмогцоо Шукумар “За” гээд ярьж эхлэв. 

-Хоёулаа анх португал ресторанд оройн хоол идсэн дээ. Тэгэхэд би зөөгчид нь цайны мөнгө өгөхөө мартчихсан юм. Тэгээд маргааш өглөө нь буцаж очоод нэрийг нь мэдэж, менежерт нь мөнгө үлдээгээд явсан.

-Цайны мөнгөний төлөө Сомерсвилл хүртэл явсан гэж үү?
-Таксигаар явсан юм аа.
-Яахаараа мөнгө өгөхөө мартдаг байна аа?

Бяцхан лаанууд асаад дуусав. Хэдий харанхуй ч Шукумарт эхнэрийнх нь царай тодхон төсөөлөгдөнө. Том алаг нүд, болсон үзэм шиг уруул, хоёр настайдаа сандлаас унаснаас олсон эрүүн дээрх таслал шиг сорви нь гээд бүгд. Өдрөөс өдөрт эхнэрийнх нь гоо үзэсгэлэн үгүй болж байгаа нь Шукумарт мэдрэгддэг. Илүүц санагддаг байсан будаг шунх одоо Шобад хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ дүр төрхийг нь засахад биш, ердөө л ямар нэгэн байдлаар өөрийг нь тодорхойлоход. 

-Зоогийн дараа чамтай гэрлэж магадгүй нь гэсэн хачин бодол зурсхийсэн. Тэгээд л жаахан үймэрсэн биз.

Хоёр дахь үдэш Шоба эрт ирлээ. Өмнөх оройн хонины махны үлдэгдлийг Шукумар халааж, долоон цаг гэхэд хооллохоор зэхэв. Тэрээр өдөр нь гадагш гарч, булангийн дэлгүүрээс боодол лаа, гар чийдэнгийн зай авчээ. Шукумар лянхуа цэцгийн хэлбэртэй гуулин лааны тавиур дээр лаануудаа суурилуулж бэлтгэсэн ч гэрэл тасрахаас өмнө зэсэн туяат чийдэнгийн дор хооллож амжив. Хоолоо идэж дуусаад Шоба тавгаа Шукумарынх дээр давхарлан угаалтуур луу зүглэсэнд Шукумар гайхаж “Орхичихгүй юу даа” гэвэл Шоба угаалгын хөөсөнцөр дээр шингэн саван дусаангаа “Угаачихсан нь дээр ээ. Одоохон найм болох нь” гэв. 

 Шукумар зүрхний цохилтоо түргэсэхийг мэдэрчээ. Тэр, өдөржин цахилгаан тасрахыг хүлээж, Шобагийн урьд орой хэлсэн зүйлийг бодсон юм. Анх танилцаж байх үеийн шийдэмгий атлаа сандрангуй Шобаг эргэн санах сайхан байлаа. Угаалтуурын өмнө зэрэгцэн зогсох тэдний дүр цонхны шилэн дээр тусах нь анх удаа толины өмнө зэрэгцэж зогсож байх үеийнх шиг нь Шукумарыг ичингүйрүүлнэ. Сүүлд хэзээ хамт зургаа авахуулснаа тэр санаж ядна. Хамтдаа үдэшлэгт оролцохоо больж, хаашаа ч явахаа болиод удаж байгаа билээ. Зургийн аппаратынх нь хальсанд байшингийнхаа арын талбайд авахуулсан Шобагийн хөл хүнд үеийн зураг одоо ч бий. 

Аяга тавгаа угааж дуусаад тэд галтогооны тавиурын хоёр талд зогсон, алчуурын хоёр талд гараа арчив. Яг найман цагт байшинг харанхуй нөмөрлөө. Шукумар лаа асаан хурц, эгц дөлийг нь хэсэг зуур ажиглав. 

“Гадаа суух уу? Сэрүү буугаагүй байх” гэж Шоба хэллээ. Тэд нэг нэг лаа аваад довжоон дээр суув. Хайлмагтсан цас энд тэндгүй байхад гадаа суух нь нэг л хачин. Гэхдээ олон хүн гэрээсээ гарч, салхилж байгаа харагдана. Гар чийдэн барьсан хөршүүд нь зөрж өнгөрөв.

“Номын дэлгүүрт очиж интернэт орохоос” гэж мөнгөлөг үстэй эр Шоба, Шукумар хоёрт хандлаа. Тэрээр цув өмссөн туранхай эхнэртэйгээ явах бөгөөд нохой хөтөлжээ. Тэд Брэдфордынхон агаад хүүхдээ алдсанд нь харамсаж буйгаа илтгэх ил захидлыг Шоба, Шукумар хоёрын шуудангийн хайрцагт өнгөрсөн есдүгээр сард орхисон байв. “Гэрэлтэй байгаа гэж дуулсан” гэж ноён Брэдфорд нэмж хэлэв. “Үгүй бол яаж интернэт орох вэ” гэж Шукумарыг хариу хэлэхэд хатагтай Брэдфорд инээмсэглэн нөхрөө сугадангаа “Хамт явах уу?” гэж асуув. Шоба, Шукумар хоёр бараг зэрэг шахам “Үгүй дээ, баярлалаа” гэв. Эхнэрээ өөртэй нь адилхан үг хэлсэнд Шукумар гайхжээ.  

 Шоба өөрт нь юу хэлэх бол гэхээс өөр бодогдох юм Шукумарт байсангүй. Боломжит бүх л таагүй нууцыг тэр дотроо ургуулан боджээ. Өөр хүнтэй уулздаг байсан, 35-тай нөхрөө одоо ч оюутан байгаад ичдэг, ээжийнхээ адил өөрийг нь Балтимор руу явсанд буруутгадаг гэж хэлэх вий гэхээс түүний яс хавталзана. Гэхдээ энэ бүхэн худал гэдгийг тэр сайн мэднэ. Өөрийнх нь адил Шоба хэзээд үнэнч байсны дээр өөрт нь итгэдэг. Тэр л Шукумарыг Балтимор явахыг  ятгасан. Ер нь тэдэнд бие биедээ хэлээгүй юу байх билээ? Шобаг унтахдаа гараа атгадгийг, хар дарахаараа бие нь татганадгийг, перс тарваснаас илүү амтат гуад дуртайг Шукумар мэднэ. Эмнэлгээс эргэж ирэнгүүтээ ном, цэцгийн сав, ханын зураг, ширээн дээрх гэрэл зураг, галтогооны хананд өлгөөтэй сав суулгыг авч шидлэн, өрөөнөөс өрөө дамжин ухаангүй мэт эргэлдсэнээ өөрийнхөө тарааж хаясан зүйлсийг хараад гэнэт учиргүй их уйлсныг ч мэднэ. 

“Ээжийг чинь манайд хоносон нэг орой би ажилтай гээд шөнө ирсэн дээ” гэж Шоба ам нээв. “Тэгэхэд би Жиллиантай гадуур гарч, мартини уусан”.

Шукумар эхнэрийнхээ шулуун хамар, эр хүнийх шиг шөвгөрдүү эрүүг ширтэв. Тэр үдшийг тэрээр сайн санаж байлаа. Хоёрхон хичээлийг хэд дахин заасандаа ядарч, Шобаг эртхэн ирээсэй гэж хүлээж ядан ээжтэйгээ хооллож суусан. Аав нь нас барснаас 12 жилийн дараа л ээж нь тэднийд олон хоногоор зочилж хүү, бэр хоёртойгоо нөхрийнхөө хойтхийг засаж, буян үйлдэхээр хоёр долоо хоногийн хугацаатай ирж билээ. Орой бүр аавынх нь дуртай хоолыг хийх ээж нь хоолоо ч идэлгүй гуниглан сууж, Шобаг өөрийг нь тайтгаруулах гэж оролдох бүрт нүдэнд нь нулимс дүүрээд ирдэгсэн. “Сэтгэл хөдөлмөөр юм” гэж тэр үед Шоба нөхөртөө хэлж байсан. Гэтэл одоо кино үзсэнийхээ дараа ордог байсан нил ягаан судалтай буйдантай бааранд зөөгчөөс чидун жимс асуун, Жиллианаас тамхи нэхэж суугаа Шоба Шукумарт төсөөлөгдөв. Түүний хэрхэн гомдол мэдүүлж, Жиллиан хадмуудын түвэг дарааны тухай ямаршуухан байр байдалтай ярьсан нь ч нүдэнд нь харагдана. Жиллиан Шобаг эмнэлэгт хүргэж өгсөн билээ. “Одоо чиний ээлж” гэж хэлээд Шоба Шукумарын бодлыг таслачихав.

Гудамны адгаас өрөмдөх чимээ, цахилгаанчдын орилолдох нь сонсогдоно. Шукумар зэргэлдээ байшингуудыг ажиглав. Нэг цонхонд нь лааны сүүмгэр гэрэл үзэгдэх байшингийн яндангаас утаа суунаглана. 

“Би коллежид байхдаа дорно дахин судлалын шалгалтад хажуудах хүнээсээ хуулж байсан. Сүүлийн семестерийн сүүлийн шалгалт байсан юм. Аав нас бараад хэдэн сар л болж байсан байх. Миний хажууд солиотой гэмээр нэг америк залуу сууж байлаа. Урду, санскрит хэл мэддэг байсан юм. Жишээ татсан шад нь газаль (уянгын урду шүлэг орч.) мөн эсэхийг таних ёстой байсан юм л даа. Тэгсэн санадаггүй. Тэгээд тэр залуугийн бичсэнийг сэм хараад хуулчихсан”. 

15 жилийн өмнө болсон явдлаа эхнэртээ хэлсэндээ Шукумарын санаа яагаад ч юм амарчээ. Шоба түүн рүү эргэж, нүд рүү нь биш гэрийн шаахай шиг өмссөөр арыг нь хавтгай болгочихсон арьсан гутал руу нь харав. Хэлсэн зүйл нь дургүйг нь хүргэчихэв үү гэж Шукумарыг бодмогц Шоба бодлыг нь таасан мэт гарт нь хүрээд “Яагаад тэгснээ хэлэх албагүй шүү дээ” гэв.

 Тэр хоёр гэрэл астал, есөн цаг хүртэл гадаа суужээ. Гудамжны энд тэнд хүмүүс шаагилдаж, айлуудын зурагт асах нь дуулдлаа. Харьж яваа Брэдфордынхон мөхөөлдөс идэн Шоба, Шукумар хоёр луу даллав. Тэд ч хариу даллалаа. Шукумар Шобад гараа атгуулсан чигтээ гэртээ орохоор эргэв. 

Илүү юу ч ярилгүйгээр тэдний харилцаа нүглээ наманчлах бяцхан тоглоом, бие биеэ гомдоосон, нэгнийхээ болон өөрсдийнхөө урмыг хугалсан гэмт үйлдлүүдийнх нь өчил болжээ. Дараа өдөр нь Шукумар юу ярихаа хэдэн цагаар бодов. Шобагийн захиалдаг байсан загварын сэтгүүлээс хүүхний зураг урж аваад долоо хоног номынхоо завсар хадгалснаа, хуримынх нь гурван жилийн ойгоор эхнэрийнхээ бэлэглэсэн ноолууран хантаазыг Филинийн бааранд бэлэн мөнгөөр арилжчихаад дөнгөж үд өнгөрч байхад зочид буудлын бааранд ганцаараа мал болтлоо ууснаа хэлэх үгүйдээ эргэлзэж ядан байв. Хуримынх нь анхны ойгоор Шоба зөвхөн түүнд зориулж арван төрлийн хоол хийсэн юм. Харин хантааз түүнийг гонсойлгожээ. Шарзанд хөлчүүрхэн суухдаа тэрээр баартендерт “Манай эхнэр хуримынхаа ойгоор надад ноолууран хантааз өгсөн” хэмээн гомдоллож байв. Баартендер хариуд нь “Гэрлэсэн юм чинь аргагүй шүү дээ. Өөр яана гэж бодоов?” гэж асуусансан.

Харин хүүхний зургийн тухайд яагаад тэгснээ тэр одоо ч ойлгодоггүй. Лав л Шоба шиг хөөрхөн хүүхэн байгаагүй юмдаг. Гялалзсан даашинз өмссөн, уйтгартай төрх, эр хүнийх шиг хөлтэй тэр хүүхэн хоёр гараа дээш өргөн, толгойгоо балбах гэж байгаа юм шиг бугуйгаараа чихэндээ хүрсэн байсан. Шилэн оймсны сурталчилгаа байсан санагдана. Шобагийн гэдэс тэгэхэд их том болчихсон, Шукумар түүнд хүрэхээс нэг л жийрхдэг болоод байв. Тэр, эхнэрээ сэтгүүл уншиж суухад хажууд нь хэвтэж байхдаа хүүхний зургийг харжээ. Харин хэд хоногийн дараа сэтгүүл хогийн саванд байхыг хараад өнөөх зургийг нямбай гэгч нь урж авсан юм. Тэгээд долоо хоногийн турш өдөр бүр сэм харсан. Хачин хүүхнийг гэнэтхэн хармаар болох ч ердөө л хормын дараа жигшдэг байв. Энэ нь эхнэрээсээ урвахад хамгийн ойр очсон үйлдэл нь юм.  

Шукумар ноолууран хантаазны тухай гурав дахь орой, зургийн тухай дөрөв дэх орой Шобад ярив. Яриаг нь сонсохдоо Шоба юу ч хэлээгүй бөгөөд эгдүүцэж, зэмлэсэнгүй. Харин ч тайван хүлээж авч, өмнөх шигээ гарт нь хүрчээ. Гурав дахь орой Шоба тэр хоёрын хамтдаа оролцсон нэгэн лекцийн дараа Шукумарыг эрүүн дээрээ хоолны үйрмэгтэй байхад нь хэлэлгүйгээр даргатай нь яриулаад байснаа, дөрөв дэх орой Шукумарын амьдралдаа хэвлүүлсэн ганц шүлэг болох Ютагийн уран зохиолын сэтгүүлд нийтлэгдсэн шүлэгт хэзээ ч дуртай байгаагүйгээ хэлэв. Шобатай танилцаад удаагүй байхдаа Шукумар тэр шүлгийг бичжээ. Харин Шобад дэндүү нялуун санагдсан гэнэ. 

Байшин харанхуй болоход ямар нэгэн ер бусын хүч тэднийг дахин хооронд нь яриулж байлаа. Гурав дахь орой хоолны дараа тэд буйдан дээр зэрэгцэн сууж, харанхуй болмогц Шукумар Шобаг духан дээр нь үнсэв. Хэдий харанхуй байсан ч Шукумар нүдээ аньсан бөгөөд Шобаг ч бас нүдээ аньсныг мэдэж байлаа. Харин дөрөв дэх орой хамтдаа дээш өгсөж, шатны сүүлийн гишгүүр дээр зэрэг шахам гарахаа хоёул амьсгаа даран мэдэрч, мартах шахсан хайрын шаналгаат ажлыг цөхрөлөө тайлах мэт хийжээ. Шоба дуугүйхэн мэгшиж, нөхрийнхөө нэрийг шивнэн харанхуйд хөмсгийг нь тэмтэрсэн бол Шукумар эхнэрээ энхрийлж байхдаа дахиад аль нууцаа дэлгэх тухайгаа бодож, догдолж байв. Доод давхарт гэрэл асахад тэд хэдийнэ унтжээ. 

Тав дахь өдрийн өглөө Шукумар гэмтлийг хугацаанаас нь өмнө зассан тухай цахилгааны компаниас ирсэн бичгийг уншаад гонсойж орхив. Уг нь Шобад сам хорхойтой хоол хийж өгнө гэж бодсон байж. Харин дэлгүүрт ороод хоол хийх хүсэлгүй болж, гэрэл унтрахгүй юм чинь бүх зүйл урьдын хэвэндээ орно гэхээс нэг л хөндүүртэй болчихов. Дэлгүүрийн сам хорхой гэж сааралтсан нарийхан юм байсан ч, лаазтай наргилын сүү нь тоосонд дарагдсан, дээр нь үнэтэй байсан ч зөгийн лаван лаа, хоёр лонх дарстай хамт авч орхив. 

Шоба долоо хагаст гэртээ ирлээ. Түүнийг сануулга хуудсыг уншихыг хараад Шукумар “Ингээд бид хоёрын тоглоом дууслаа” гэв. Харин Шоба түүн рүү эргэж “Хүсвэл лаа асааж болно шүү дээ” гэлээ. Тэрээр бэлтгэлдээ яваагүй бөгөөд цувныхаа дотуур хүрэм өмсчээ. Оо энгэсгээ саяхан сэргээсэн нь илэрхий. Түүнийг хувцсаа солихоор явсан хойгуур Шукумар өөртөө дарс хундагалаад Шобагийн дуртай Телониус Монкийн цомгийг тоглуулав. 

Шобаг бууж ирмэгц тэд лааны гэрэлд чимээгүйхэн хооллолоо. Шоба нөхөртөө талархсангүй, магтаалын үг ч хэлсэнгүй. Хэн хэнийг нь тавгүйтүүлсэн нам гүм байдал сам хорхой дуусахтай хамт үгүй болж, хоёр дахь лонх дарсыг Шукумар задлав. Лаа асаж дуустал тэд суугаад л байлаа. Шобаг суудлаа засан сандлаа урагшлуулахад л Шукумар түүнийг юм хэлэх нь хэмээн амьсгаа дарав. Гэтэл Шоба бөхийсхийн лааг үлээчихээд босож гэрэл асааснаа буцаад суучихав. 

“Асааж яах нь вэ?” гэж Шукумарыг асуухад Шоба хоосон тавгаа түлхэж, гараа ширээн дээр тавиад “Ийм юмыг царайг чинь харж байгаад хэлмээр байна” гэв ээ. Шукумар зүрхээ хүчтэй дэлсэхийг мэдэрчээ. Жирэмсэн болсноо хэлсэн өдөр Шоба яг ингэж хэлээд сагсанбөмбөгийн тоглолт үзэж байхад нь зурагт унтраасан билээ. Тэр үед Шукумар юунд ч бэлэн биш байсан. Харин одоо бол үгүй. Түүнийг дахиад жирэмсэн гэж битгий хэлээсэй л гэж хүсэж байв. Баярлаж байгаа мэт дүр эсгэж тэр чадахгүй.

“Би байр хайж байгаад олсон” гэж Шоба яриагаа эхлэхдээ Шукумарын зүүн мөрийг давуулан ямар нэгэн холын юм харж байгаа мэт нүдээ онийлголоо. Энэ бүхэн хэний ч буруу биш, хэн хэн нь хангалттай их юм үзсэн, ганцаараа байх хугацаа хэрэгтэй, боломжийн мөнгө хураасан, олсон байр нь Биконы гудамжинд байдаг болохоор ажил руугаа алхчихна гэх зэргээр Шоба дээр дээрээс нь давхардуулан ярив. Тэрээр түрүүхэн, гэртээ ирэхийнхээ өмнө түрээсийн гэрээнд гарын үсэг зуржээ. 

Шоба Шукумар луу эгцэлж харж чадахгүй далдирна. Хэлэх үгээ бэлдсэн нь харваас илт. Энэ бүх хугацаанд Шоба байр хайж, байрны эзнээс халаалт, усны даралт нь хэр сайн талаар асууж зогссон гэхээс, сүүлийн хэдэн өдөр өөрөөс нь тусдаа амьдрахаар зэхэж байсан гэхээс Шукумарын ой гутав. Өнгөрсөн дөрвөн орой тэр чухам үүнийг л хэлэх гэж оролдож байж. Өнөөх тоглоомынх нь учир ердөө энэ байж!

Шукумарын үгээ хэлэх ээлж ирэв. Шобад хэзээ ч хэлэхгүй хэмээн өөртөө андгайлсан, өнгөрсөн зургаан сарын хугацаанд бодол санаанаасаа арчих гэж зүдэрсэн нэг нууц түүнд байлаа. Хэт авианы дуран авайд харуулахаасаа өмнө Шоба эмчээс хүүхдийнх нь хүйсийг хэлэхгүй байхыг хүсчээ. Шукумар ч мэдэх гэж шамдаагүй бөгөөд амаржихдаа л мэдэхийг хүссэн эхнэрийнхээ хүслийг хүндэтгэсэн юм. Харин болж өнгөрсөн зүйлийн тухай ярьсан цөөн хэдэн тохиолдолд Шоба хүүхдийнхээ хүйсийг мэдэлгүй өнгөрсөндөө баярладаг хэмээн нэг бус хэлжээ. Анхнаасаа мэдэхийг хүсээгүйдээ, үл мэдэхүйн хүчинд бага ч атугай тайвширдагтаа тэр сэтгэл хангалуун байдаг. Шукумарт ч гэсэн хүүхэд нь үл таних нэгэн хэвээр үлдсэн гэдэгт Шоба итгэлтэй байдаг нь мэдрэгддэг. Нөхрөө Балтимороос дэндүү оройтож ирсэн, бүх зүйл болоод өнгөрсөн хойно, өөрийг нь эмнэлгийн орон дээр хэвтэж байхад ирсэн гэж Шоба боддог. Гэвч тийм биш ажээ. Шукумар хүүхдээ харж амжсан, чандарлахаас нь өмнө элгэндээ наасан. Амьгүй хүүхдээ харах тэнхэл байгаагүй ч эмч тайтгарахад нь нэмэртэй гэсээр тэврүүлжээ. Шоба унтаж байж. Хүүхдийг нь угааж өлгийдсөн байсан агаад нүд нь амгалан гэгч нь аниатай байсан. “Хүү байсан юм. Арьс нь улаавтар, үс нь хар байсан. Хоёр килограммаас илүү байсан байх шүү. Чи унтахдаа гараа яаж атгадаг билээ, гараа яг тэгж атгасан байсан” гэж Шукумар хоолой зангируулан хэллээ.  

Сая нэг нөхөр лүүгээ эгцлэн харахад нь Шобагийн царайд уй гуниг тодров. Шукумар шалгалтдаа булхайцаж, сэтгүүлээс хүүхний зураг урж, бэлэглэсэн хантаазыг нь зарчихаад согтотлоо уусан. Гэхдээ энэ бүхнээс илүү амьдрал гээч юмыг ердөө өөрийнх нь дотор л мэдэрсэн хүүгээ тэр эмнэлгийн харанхуй өрөөнд тэвэрч сууж шүү дээ! Сувилагч ирж хүүхдийг нь аваад явах хүртэл тэр хүйтэн хонгилд суусан бөгөөд энэ тухай Шобад хэзээ ч хэлэхгүй, мэдэхийг хүсээгүй цор ганц нууцыг нь задалж түүнийхээ сэтгэлийг зовоохгүй гэж өөртөө амлажээ. 

Шукумар босоод тавгаа Шобагийнх дээр тавин угаалтуур луу зүглэлээ. Харин ус гоожуулахын оронд цонхоор гадагш ширтэв. Гадаа тогтуун дулаахан агаад Брэдфордынхон сугадалцан алхана. Гэнэт гэрэл унтрахад тэр эргэж харав. Шоба унтраалга дарчихаж. Түүнийг эргэж ширээнээ суухад Шукумар хажууд нь ирэв. Тэгээд нэгэнт нууц биш байхаа больсон зүйлсийг бодон зэрэгцэж суугаад уйллаа.

(Өгүүллэгийн эх нэр "Түр зуурын хэрэг явдал" гэсэн утгатай ч уншигчдад илүү ойрыг бодож "Харанхуйн нууцууд" хэмээн монголчиллоо.)

Орчуулсан Ганбатын Лхагвадулам

Сэтгэгдэл хэсэг