ОРЧИН ҮЕИЙН ӨВӨР МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ

Хорьдугаар зууны сүүлийн арван,  энэ зууны эхний арванд төрсөн хоёр өөр цаг үеийн төлөөлөл, Өвөр Монголын яруу найргийн орчин цагийн дуу хоолойтой танилцана уу!  Өвөр Монголын өөртөө засах орны Ордос нутгийн энэ хоёр яруу найрагчаас та бүхэн Өвөр Монголын яруу найргийн сэтгэлгээ, хэл найруулга өнгө аясын өөрчлөлтийг ажиглах байх гэж найдаж байна

Дашрамд дуулгахад, энэ хоёр яруу найрагчийн "Адилхан өвчин", "Хэл хүрэхгүй газар" номууд кирилл үсгээр хэвлэгдэн гарахаар бэлтгэгдээд байна.


Ботгонбуйлаан (1981 онд төрсөн) Ордос нутагтай.

Гуниг минь хавраас эхлэнэ

Хэнз ногоо цухуйхаар үхлийн тухай эмзэглэнэ
Эвхэрч байгаагийн минь гуниг тэр
Хадуурын төлөө л ургана өвс минь
Хангай говь чинь бас ганцаархан үлдэнэ

Хараацай шувуу ирэхээр нутгийн төлөө эмзэглэнэ
Уймарч байгаагийн минь гуниг тэр
Буцахын төлөө л ирнэ шувуу минь
Буурал тал чинь бас эзгүйхэн үлднэ орчлон минь

Хайл урсаж ирэхээр хаврын төлөө эмзэглэнэ
Амилж төрөж байгаагийн минь гуниг тэр
Салахын төлөө л ирнэ хавар минь
Сайхан уулсын тэргүүн бууралтанхан үлдэнэ замбуулин минь
2011.02.26

Аравдугаар сар 

Би зовлонгийн төлөө амьд явдаг
Найз минь чи юуны төлөө амьд явдаг бэ
Би уймархан жаахан сэтгэлийн төлөө амьд явдаг
Анд минь чи юуны төлөө амьд явдаг бэ
Би хүнд дасахаас айгаад байдаг
Хагацаад салаад уйлаад зүрх өвдчихжээ         

Багадаа тоглож өссөн манхан толгод минь
Намайг танихгүй хагацчихжээ
Аравдугаар сард гэзэг минь ямар их унаж вэ

Ордос гэж миний нутагсан
Манхан боролжин цайдам үргэлжилсэн эх оронсон
Нутгаа орхиод гарахдаа хүү нь уйлсан ч үгүй
Аюул зовлон бүхнээс намайг хамгаалсаар
Өөрөө хөөрхий мангаст залгигдчихжээ              

Намайг аргадаж үлгэр хэлсэн тавхан настай охины инээдээс
Би арга алдарсан зовлонг мэдэрдэг
Миний нутагт одоо байна гэж асуух хүнээс би
Өөрийгөө байна гэж хэлж чадахгүй уйлдаг

Эцгийн булшийг хаана байна гэж эрж яваа шүлэгч
Юуны төлөө амьд яваа вэ анд минь
Аравдугаар сард ганцаардал минь хуучиржээ

2011.10.25

Орой намрын өвсөн дунд хэвтээд

Намар болоод амрагхан минь шувууд буцлаа
хайртай гэдэг үгийг өвс шивнэж чадалгүй гансарч 
буржгар хэдэн хүү шиг нь үрээ газарт унагалаа 
Нулимс шиг харагдана ханихан минь 
Нууж л уйлж байгаадаа өвс минь ээ 

Орой намрын өвсөн дунд хэвтээд чамайг санавал 
Өвс ийм л хөөрхий буй 
Нар бас хэтэрхий гунигтай зангирч 
Уулан цаагуур далдлаад 
Хаа нэгтээ мэлхий солгой хоолойгоор дуулах нь 
Хүний үр шиг эмзэгхэн буй 

Ай хө уйлан дуулан сэмрэх хүний заяа 
Орой намрын өвс шиг гунигтай буй 

Сэтгэл минь хуучин сүм шиг

Сэтгэл минь хуучин сүм шиг амар амгалангынхаа
Би нүдээ үүлэн цаагуур аньчихсан
Оддын тухай боджээ суудаг
Ханьхан минь чиний заяаны одыг эрээд олчихсон
Тийм сайхан гэрэл нүднээс минь очлон бутраад дуун алдмаар догдолсон

Оёдолгүй тэнгэрийн зүүн хаяагаар л байж байв
Тийм танилхан од намайг дуудсан шиг 
Хуучин сүм шиг сэтгэлээс минь хөхөө донгодож
Би нүдээ үүлэн цаагуур алгуурхан нээв

Би нүдээ үүлэн цаагуур дахиад л аньчихсан
Өөрийнхөө заяаны одыг эрэж 
Алдрай минь чиний заяаны одтой холбоё гэсэн юм
Цэнхэр тэнгэрийн зүүн хаяагаар л
Хялгасаар холбосон одтой байхсан
Тийм балчирхан мөрөөдөлд намайг дуудсан шиг
Хуучин сүм шиг сэтгэлээс минь зүгийн хонх дуугарч
Би нүдээ үүлэн цаагуур алгуурхан нээв

Сүмийн үүдэн дээр
Айл гэр болж хоёр хүүхэд тогложээ байв
Би харсаар харсаар
Хялгасаар холбосон
Хоёулангийн од газар дээр наадаж байна гэж дуун алдсан

Сэтгэл минь хуучин сүм шиг амар амгалангынхаа
Би санах тусам үүлэн цаагуур нүдээ аньчихсан байдаг

Өргөндалай (Ордос нутагтай)

Зусаалын үдэш

Намуухан үдшийн зусаал
Нарны алтан биетэй
Нэгхэн уулаар хилэлж
Нимгэн эгшинүүдийн ергөөнд
Олон сар од аччихсан
Сараа өргөж сэрнэ.

Тогоотой сүүнд
Үдшийн гэгээ хөвж
Тулганы галд
Өнгөрөх бүрий хоргодоно.
1988. 02. 23

Хайрын зүүдэн нутаг

Төрсөн ботгондоо ингэ буйлна 
Тэнэсэн хүүдээ ээж минь гансарна
Тэнгэрийн хаяанд саран өнчирнө
Тэлмэн жороо салхи, гүйдэл дундаа хийснэ

Өндөгөө харамнах цахлай, өнгөрөх үүлэнд жиргэнэ
Үрээ санах ижий минь үдшийн тэнгэрт залбирна
Өдрийн нарны далдад цэцгийн дэлбээ нулимсарна
Үүрээ сахисан болжмор бургасны мөчир дээр зүүрмэглэнэ.

Сультай өндөр манхад хайрын зүүдэнд намхарна
Сургын холдоо бүрд минь ижийн мэлмий шиг мэлтэрнэ
Сайхан бор бүсгүй бүүвэйн дуу аялна...
Саарьтай өвдгөөрөө мөлхөж, ээждээ хүү нь очино...
1997. 9. 13 Хөх хот.

Хадлангийн шөнө

Өрмөн шаргал сарны туяа
Хадуурын ир дээр чичирч
Өрөөлтэй морины мундаан дээр
Хатаасан ээрэм шиг хяруу унана.

Налагар зуны ногоохон сөлийг
Навчныхан халуунаар овоолцгоосон болохоор
Өег тавтай өвөлжиндөө гэж
Өөртөө би итгэлтэй хэлж,
Өрц цээжинд минь халуу боргино
Үдшийн чигт гөлөрч сууна

Цаашилж  одох цагийн эрхээр
Цантай гөлөм дэрийж байхад
Дэрлэсэн эмээлийн ганзаганы сураар
Дэлгэр зун минь исгэрч холдоход
Өөрий минь чанасан цай давс сулдсан шиг бодогдож
Үүр цайхыг яаран хүлээж, билүүгээ би тэмтэрнэ.

Асаж мандах нарнаас нь урьтаж
Аргалын галаа хөгжөөхөөс
Энхрий навчсын үнэрт цээж онгойж
Алжаал юу минь мартагдаж, нойр хулжнаа.

Зулгарсан цэцгийн дэлбээнээс тос шүүрч
Зуны нарны сүүлчийн бүрийгээр шувууд ягааралдаж
Хадлангий урд шөнө хангай сэрүүн байна
Хадсан өвсний бухал золгом элбэг байна.
1997. 8. 25

Монгол бичгээс хөрвүүлсэн  Мө. Батбаяр

Сэтгэгдэл хэсэг