ОРОХ ЦАС ОРЧЛОНГИЙН НАЛУУГ ДАГАНА

 

1.      ЯВЛАА

Зүүрмэглэх үдшээр хазаарын амгай дуугараад

Зүс морьдын үүрсээ ойрхон сонсогдоод

Зүүд нойронд Алтан-Овоо минь дуудаад

Зүрх ер амрахгүй боллоо, би явлаа...

 

Сэрүүлэгнээсээ өмнө сэрчихлээ, хүсэл сэтгэл гэгч цагаа тулахаар гүн нойрноос ч эзнээ татаад босгоод ирдэг хүчтэн ажээ. Хөшгөө нээлээ, тэнгэр савслаганаасаа хяраалах нь өрхөө татаж буй мэт болоод эртэч айлын дэнгийн гэрэл цонхон дээрээ шаргалтах нь эрх шар муур нь гарч ирж суусан ч шиг эсхүл энэ дулалзуур шарангуй гэрэл зэргэлдээх цонхнуудаа дуудан өнгийж байх шиг жиг сонин бодол төрүүлнэ. Камер, power bank-аа “уяад” хонуулчихаж,  заа яахав дүүрэн цэнэглэгдсэн л бол болоо, хол замд хэрэгтэй. Ээлжийн оймс, оо сойз, алчуур, цэнэглэгч, уулзах хүмүүсийнхээ гарын алга дээш харуулах хуна гээд гурван ширхэг “Өртөөн дээр хэлэгддэг үгс” цүнхэлчихлээ, өөр юу хэрэг болоо аж.  Залгууруудаа салгасан, цонхоо хаасан, түлхүүрээ авсан, мартсан санасан юм байхгүй байх аа, эргээд нэг бодъё, алга шиг байна, заа гарлаа зам минь өлзийтэй байг. Сэтгэл уяраам мөч шүү, аянд гарах. Сэрүүлэг маань дуугарч байна. 

 

Гэгээ орсоор, орж байгаа нь нүднээ илт. Ягуу ягуухнаар гэгээ орж байна гэдэг яг тийм хурдаар цаг хугацаа урсаж байна аа л гэсэн үг. Цагаахан үүрийн гэгээг харж байгаа бол цаг хугацааг харж байгаагийн нэр. Одоо удахгүй нар мандаж, илч гэрлээ орчлонгийн юм бүхэнд цаг хугацаа шиг шингээнэ. CU орж түргэхэн шиг өлөө дарчихаад, багшийнх руу явлаа. Очиход жин тан болоод хүлээж байж, цай амсаад гарлаа. Тэдний үүднээс такси бариад Баянзүрхийн товчоо руу хөдлөхөд цаг 07:30-ийг зааж байв.

-Амжих байгаа

-Амжина, амжина...

Амь мөлч л амжиж ирлээ. Хүмүүс суудлаа эзэлчихэж, автобус сайн халаагүй тул хүйтэн гэж жигтэйхэн. Бид 15, 16 тоот суудалд суулаа.  Унаа маань төд удалгүй ургах нарыг угтасхийн дорно зүгийг зорилоо. Автобусанд танилцсан эхний хүн Дорнод аймгийн Чойбалсан сумын суугуул, Матадын уугуул өвгөжөөр насны эр байв. 1976 онд Зүүнбаянд цэргийн алба хаахад, онжавууд нь бүгд шахуу Эрдэнэт рүү явцгаасан бол мань эр хөл муутай ижий ааваа асарюу хэмээж нутагтаан буцжээ. Тэр л цагаас хойш нэгэн насныхаа амьдралыг сум сууриныхаа хөгжил дэвшилд зориулж нярав, нягтлан зэрэг алба хашжээ. Нас явж байгаагийнх уу. Гуч, дөчин жил амьдарсан сум нутгаа гэхээсээ төрсөн нутгаа л ам нээсэн дээр гэх шиг дурсана. “Манай нутаг чинь нөгөө То Ван үхрийн арьсан чинээ газар авъя гэж тохирчихоод үхрийн арьсаа цулбуурлан зүсээд түүгээрээ хэмжиж авсан нутаг шүү дээ" гэнэ. “Манай сангийн далай нуурын домог чинь бас л То Вантай холбоотой. То Ван манжуудтай мянган тэрэг давсаар, мянган тугал сольё гэж тохиролцсон юм гэнэ лээ. Цаадуул нь цалгардсаар жилийн дараа давсаа ачаад ирэхээр нь өө манай тугалнууд бяруу болсон. Та нар наадхаа ачаад явдагсан уу, асгаад явдагсан уу. Бидэнд лав хэрэггүй гэж. Тэгээд мянган тэрэг давсаа тэнд асгаж орхисон нь одоогийн Сангийн далайн давс үүссэн юм гэнэ лээ” гэж хуучилна. “Манай Хатиганууд чинь бие биенээ бараалсан гурван Хан уулын дунд суудаг байсан юм гэнэ лээ” гэж хуучилна. Тэгснээ хажуу дахь хоёр өвгөнтэйгөө хошуу холбохоороо нутаг нь хятадуудаар дүүрсээн гэж ам уралдуулахуй “Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай” гэсэн То вангийн гэрээс толгой түнших шиг болно. “Авгын цагаан уул”-ыг дуулж суусан олон олон Өвөрмонгол анд нөхдийн нулимстай нүд нүднээ бүрэлзэнэ. Хичнээн олон хүний нулимсыг барж бидэнд олдсон уул ус юм болоо хөөрхий...

Автобус халуун гэж нөхцөлгүй, нилчигнэсэн бүгнэм агаар цухал огсолзуулна. Би урагшаа жолоочийн хажуу суудалд очиж суулаа. Унааны маань зурагт гарахгүй, хөгжим ч явахгүй болсон нь надад зол санагдаж байв. Өнөөгийн хүмүүс бидэнд юу ч үзэж харалгүй, сонсолгүй, уншилгүй, утас маажилгүй зүв зүгээр бодол болоод явах цаг олдохоон байжээ. Бид “бодох цаггүй” болсон байнам. Ашгүй энд унааны нэгээхэн чөлөөнд тэр цаг надад олдож байгаад сэтгэл өег. Зорчигчид нам гүм, “хар хурр, хур хорр” хурхирах “хүүс хүүс” жигдхэн сүйхлэх, жаахан хүүхдийн яраглан унтах түмэн янзын чимээн дунд хэн нэгэн ...цас ... тал... ...мэнэн... гэсэн үгсийг амандаа давтах дуу чихнээ торно. Энэ бол ямархан нэг шүлэг бодолдоо бичин яваа багшийн  дуу байвай. “Бодохын цэцэгт чөлөө” түүнд ч бас мөн олджээ. Тэр чөлөөнд эрх дураараа янзага шиг тонгочиж явах шиг жаргал юусан билээ.

Харанхуй боллоо. Өвлийн өдөр хүмүүний амьдрал шиг богинохон, шөнө нь харин хүмүүний хүсэл шиг тайвуухан ажээ. Унааны минь гэрэл харанхуйг түрж урагшилна. Тэнгэрт дэлгэр улаан сар бас огторгуйн түнэр харанхуйг мөн түрж нүүнэ. Одод түгжээ. Өвлийн энэ илчгүй цагаан од надад цонхны цанг хайлуулж дарсан хурууны өндөгний ором шиг харагдана. Энэ оддоор дурандан гадагш шагайвчилбаас огторгуйн цаанах ертөнцийг үзэж болмоор оо. Тэнгэр хэмээгч цантай цонхон дээр гаргасан хурууны ором буюу од мичид түүгээр харвал бас нэгэн ийм тэнгэр байх авай. Тэр тэнгэрийн цаана бас нэг тэнгэр түүний цаана бас нэг тэнгэр баймаараа.  Ерөөс ертөнц гэдэг олон арван тэнгэрсийн хооронд байдаг ч юм шигээ.

Дорнод аймгийн гэрэлтүүлэг туяарч, дотор суугаа хүмүүс өндөлзөж эхлэв.

 

2. ЦАСАНЧИМЭГ

Цамцныхаа энгэрийг задгайлж түлээний мод хагалжээ байхад

Цаад наадын учрыг эргэцүүлж хойд урьдыг санааширмуй

Цас орохын өмнө сэтгэл хэмээх байгаль нь хясан бөмбөрөөд

Цасанчимэг охиноо санахуйд цавьдар огторгуйн ангир шувууны дуутай

 Дорнод аймгийн төвд үдлээд хоол хош эргүүлж байх зуур Нямсүрэн агсны том охин Цасанчимэг эгч бид хоёрын суудлыг бичүүлж ирлээ. Аяга цай оочлох чөлөөнд хэдэн үг солиод бид “Баянтүмэн” тасгийн Эрээнцав орох галт тэргэндээ суухаар хөдөллөө. Цасанчимэг эгч хамт явах гэсэн боловч ажлын зав чөлөө таарсангүй тул үлдэж, бид хоёр замаа хөөлөө. Дорнодоос Эрээнцав руу даваа, пүрэв гарагийн орой галт тэрэг явдаг болохоор жижиг тэрэг тэр бүр яваад байхгүй. Хэрэв энэ оройны суудлаас хоцорвол  ахиад гурван хоног хүлээх магад тул бид түдсэнгүйгээр унаагаа сэлгэн хөлөглөлөө. Цасанчимэг эгч ээждээ дайсан хайрцагтай илгээмжээс шинэ жимснийх ч гэмээр, шинэхэн цасных ч гэмээр анхилуун үнэр түгнэ. Бодлоо ятган бодохуй сайхан сэтгэлийн үнэр ийм байдаг болов уу гэмээрээ. Бид сууж, унаа маань хөдөллөө. Замын эгнээ эгнээ гэрлийн шонгууд даган даган үдлээ. Харанхуйн дунд цайлзан хоцрох замын гэрлүүд Цасанчимэг эгчийн гар даллаж байх шиг үзэгдэнэ. Араас дагаж явснаа хүлээхгүй болохоор нь туньж хошуугаа унжуулаад зогсчихдог жаахан охин шиг туниагүй цагаан гэрлүүдийг, араас нь харанхуй ирж аргадан тэврээд замхарлаа. Эрээнцав орох галт тэрэг урамдах буга шиг л бүрээдэн бүрээдэн хотыг орхиж их найрагчийн нутаг руу довтолгож гарав.

Д.Нямсүрэн гуайн амьдрал Баянтүмэн тасгийн Эрээнцав өртөөтэй салшгүй холбоотой. Эхлээд “Хавирга” өртөөнд хэдэн жил ажиллажээ. Хүлээж байгаа хүний үр Дарьгангын жаахан Хандмаагаа Киевээс төгсөөд ирэхийг угтаж Дорнод аймагт шилжин очиж номын агуулахад Хандмаагаа бараадаж ажилд оржээ. Гурван том агуулах дүүрэн тоосонд дарагдсан ном тоолж бүртгэх уг ажилд долоо хоног л ажиллаж тэвчсэн юмдаг уу даа. Тэгээд Эрээнцав руу очжээ. Энэ галт тэргээр, энэ замаар их найрагч хичнээн удаа орчоо бол. Яг одоо миний ширтэж байгаа бодол тунарсан нүд шиг энэ цонхоор, энэ л сар, оддыг бараалан юу бодож яваа бол.

Он он жилийн дараа

Одод хэвээрээ гялалзана.

Он он жилийн хойно

Харин би байхгүй байна.   

Энэ шүлгээ үзэглэн явсан юм болов уу? тэртээд жарвалзах одод их найрагчийн ширтэж байсан од тэр хэвээрээ гялалзаж байгаа нь энэ үү? мөн үү? Найрагч маань харин нээрэн л байхгүй байна, тийм үү?

 

Галт тэргэнд яваа улс бидний хэт нутаг, хэрэг зоргийг мэдээд “Найрагчийнд очих гэж яваа улс” гэж хөл хөөр болцгоож, очих айл, тосох хүн, юухан хээхэнд маань санаа тавина. Уран бүтээлээрээ хүлээсэн хүндлэл, олсон хайр гэдэг мөнх цагийн настай юм даа. Нэг уран бүтээлчид хайртай хүмүүс нэгнээ ч мөн хайрлах юм даа.

 

3. ЭРЭЭНЦАВ

 Намайг эзгүйд нөхөд минь ирээд явжээ

Намрын навчис, өвлийн цас хашааг минь даржээ

Ахиад хавар ирээд зун болоход

Алтан тэрлэгтэй охид шиг ногоо ургажээ.

Байхад, буй болох шинэ юм бүхэн хуучин санагдана

Байхгүйд, хуучин юм бүхэн хурц тодооор харагдана

Юутай сайхан цас орсныг гэрийнхээ гадаа ирээд мэднэ

Юу гэж удав даа хэмээн нэгэн хоёр бас санаашрахуй...


Үүрээр Эрээнцав өртөөнд ирлээ. Хандмаа эгч тосох байсныг бид хоёр хар үүрээр айл амьтан үүртүүлээд юүхэв гэж бодоод өглөө болтол өөрсдөө амиа аргацаахаар шийдчихээд буух гээд будилж байтал эгээ найрагчийг өвччихсөн төрхтэй шоволзсон навтгар хөх ах орж ирэхтэй таарлаа. Лавтай л найрагчийн ураг садан, үр удам гэж бодож зогстол яг бодлоор болжээ, том хүү нь байж. Биднийг, хэдүйн танил болсон галт тэрэгний ажилтан эгч уламжилж өглөө. Цасанчимэг эгчийн дайсан илгээмжийг ижийд тань явуулсан гэдгийг хэлж гардуулж өгөөд бид хоёр урьдаар Батжаргал гэж буудал ажиллуулдаг айл байдаг гэнэ, тийш очих тухайгаа учирласаар бид гурав өртөөний айлуудын зүг үнэгэн харанхуй дундуур цас манаруулан туучиж явлаа. Хоёр ес дундаа орчихсон хүйтээр холын тал нутгийн үүрээр гэхэд хаа очиж дулаахан. “Хувцсаа сайн дулаалж буугаарай,  Эрээнцав хүйтэн шүү” гэж Цасаа эгч захиад байсан нь санаанд үес үес тодорч “дулаан хувцаслаарай” гэсэн тэр үг нь өөрөө дулаан хувцас юм шиг, жавраас намайг халхалж байх шиг санагдаж байв.  Галт тэрэгтэй өглөө болоод тэр үү, өртөөний айлууд хэдүйн босцгоосон бололтой орчлонгийн захад буй “од мэт дан цагаан” байшингуудын яндангаас баглиун цагаан утаа суналзаж бүүр түүр үүр харанхуйн зайцаар хүний орчлонгоос зүүднүүд буцаж байна уу гэмээр сэмрэн сүлрэн шингэнэ. Төдхөн бид гурав төмөр ногоон даамантай хашааны үүдэнд ирж Наранбаатар ах илгээмжийг өгөхөөр орж бид хоёр үлдлээ. Хажуу хашаанаас  хүдэр дуутай нохой хуцаж, найрагчийн гэрийн цонхоор нагал шаргал гэрэл тунарч,  шонгийн модны утас жин жин цохилохуйяа мөрөн дээр цас унана. Наранбаатар ах гарч ирээд биднийг дагуулж нөгөө буудалтай айлынх руу зүглэлээ. 

 

 

4. МОНГОЛЫН ХАМГИЙН ЗҮҮН ХОЙТ ТАЛЫН АЙЛ


Хөдөө минь

Хөдөө минь

Хөдөөнөөсөө би явахгүй

...Орчлонгийн зайд

Од мэт орших

Орон сууцны дан байшингаа ч

Орхиж чадахгүй.

  Энэ айл Батжаргалынх. Монгол орны хилийн шугам эдний араар хэдхэн алхмын зайтай өнгөрч түүний цаагуур Оросын хил, тэгээд цаана нь өвөр байгалийн Соловъёвск тосгон оршино. “Манайхан чинь Соловъёвскийн тахиан дуунаар сэрцгээдэг улс даа” Батжаргал ах ингэж хуучилна.  Одоо бол тэндээс нохдын дуу цуурайтаж  Эрээнцавын ноход дуу авалцан хуцаж хойшоо шогшино. “Манайхны нохойнууд байн байн хойшоо даваад алга болчихно. Заримдаа бүр хэдэн өдрөөр тэнэж яваад эргэж ирнэ шүү дээ” бас ингэж хуучилна. Ам нээвүүт л “манайх” гэсэн үг урьдаар унах нь чухам л насан турхруу хил дээр сууж, эх орноо хамгаалж яваа эр хүнд, эзэн хүнд баймаажин сая зохирох үг шиг санагдана. Энэ хилийн доторх алив юм бүхэн энэ хүний хувьд хүний, минийх гэх ялгамжгүй  “манайх” гэсэн  цулд багтаж энэ хүний нүдэнд эх орных нь юу чиг нэгэн эм тамгатай үзэгддэг юмсан уу. Ийм л мянга мянган хүмүүс бидний амар амгаланг бүтээлцэж, энэ хүмүүсийн амь амьдрал бидний жаргалын төлөө өрнөдгийг тунгаахуй хүмүүний орчлонд шүтэн барилдаагүй зүйлс нэгээхэн ч үгүйг ухаарна. Батжаргал ах бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан нутгийн хүн. Энд хилийн заставт 28 жил ажиллаад амралтандаа гарсан дэд хурандаа, бас зэгсэн шүлэгч агаад Д. Нямсүрэн агсныг багш хэмээн дотночилно. Анхлан дунд сургуульд Физикийн багшийн туслахаас ажил амьдралын гараагаа эхэлсэн түүний уран зохиол, яруу найрагтай холбогдсон түүх их сонин. Наяад оны сүүлээр юмдаг уу даа. Хотод ирсэн байгаад хэдэн шүлгээ О.Дашбалбар гуайд үзүүлэхээр МЗЭ-ийг зорьж очоод үүдэнд нь хүлээж байтал Дашбалбар гуай гараад ирлээ гэнэ шүү. Тосож очоод л Дорнодоос ирсэн гээд л учир байдлаа хэлж, тэгсэн “Нямсүрэн гэж хүн таних уу?” л гэж “танихгүй ээ” л гээтэхсэн чинь “тэндээс ирчихээд тийм агуу найрагчийг мэддэггүй хүнтэй би юугаа ярихав” гэж ширэв татчихаад яваад өгч. Мань хүн ёстой л амаараа алгадуулсан шиг болоод халуу дүүгээд л хоцорч. Тэгсхийгээд Эрээнцав руугаа буцжээ. Чингэвч  нөгөө агуу найрагчийг нь олж уулзаагүй яваад л байж яваад л байж. Тэгж байтал залуусын дунд яруу найргийн наадам боллоо гэнэ шүү. Тэнд нөхөр шүлгээ уншчихаад буугаад иртэл сумын улаан булангийн хойд хавиас хэдэн залуу дуудлаа гэнэ. Яваад очтол гар барин танилцаж, сайхан шүлгүүд уншлаа, хэдүүлээ нэг тийшээ явна аа л болцгоож, тэгээд очсон айл нь Нямсүрэн гуайнх байгаад тэгж нөгөө агуу найрагчтай зүс мэдэлцэх болжээ. Тэр цагаас хойш сүслэн дагаж, шүлэг зохиолоо уншилцаж улам улмаа сүж болсоор багш шавь болцгоожээ. Биднийг ийн хуучилж байтал өглөө болж эдний гэрийн хүн “нутагтай минь сайхан танилцаад ав” гэсээр ажилдаа гарлаа. Хүргэн нь хүргэж өгөхөөр араас нь дагалаа. Барилддаг байрын биерхүү шар залуу бол амралтаараа ирээд буй охин Биндэрьяагийн нөхөр буюу. Хүү Даш-Очир нь хоёр ой өнгөрч яваа, хойтон сэвлэгээ үргээлгэх сөөсгөр цагаан хүү эдний байшинг ёстой ч нэг жиргүүлж байна. Дугуйгаа ч унаж хурдлах юм, тэгснээ ширээн доогуур ч орох юм, нэг мэдэхнээ нүцгэн шахуу гарахаар гүйх юм, ахиад нэг харахнээ гаднаас бээрчихсэн хөв хөх амьтан орж ирж байх шиг, бөгс өндийвөл байшинг нь буулгаад барих шинжийн хөдөлгөөнтэй.   Бид гурав хүүрнэлдсээр суутал нар мандах дөхсөн тул шалавлан гарлаа.  Багш, Баагий ах хоёр миний өмнөхөн дүнгэр дүнгэр хүүнэлдэх ч  чухам юу ярьж буй нь гутлын доорх цасны чимээтэй сүлэлдээд тэр гэх тэмдэггүй. Цасны чихар чихар чимээ надад нэгийг хэлж хоёрыг бодогдуулна. Хичнээн үг, өгүүлбэр зарцуулж, хичнээн эрүүний шөл уун донгодуулж байж ирэх байсан бодрол ухаарлыг энэ цасны чимээ надад чухамлана вэ. Үг хүчтэй ч зүүн Эрээнцавыг хучсан шинэхэн цасны нарцах анир надад үг өгүүлшгүйг өгүүлнэ. Бид гурав Баагий ахынхаас зуугаад метрийн баруунтаа байх хос овоон дээр ирлээ. “Хилийн 52 дугаар овоо, 1700 хэдэн оны үед барьсан гэдэг байх шүү” гэнгүүт Монголын хойд хилийг тогтоосон “Буурын гэрээ” санаанд бууж тэр гэрээгээр тодорхойлсон 87 хос овооны 52 дахь юм байна гэдгийг мэдлээ. 51 дахь овоог “Муу гэзэг толгойн овоо” гэх агаад нэрний учир нь: хил тогтоож эхлээд үймээн дүйвээн газар авч байх цаг гэнэ лээ. Уртаа тав гэзэгтэй нэгэн занги хойноос хүн зоноо нэгтгэн ерөөс Монгол нутагтаа л амжиж оръё хэмээн тэмцэж ордгийн даваан дээр яг хил дээр баригдаж толгойгоо авахуулжээ. Толгойг нь авсан газар нь орхижээ. Зангийн урт хар гэзэг олон жил тэнд сэгсийн хийсэж байснаас цэрвэсэн хүмүүс тус овоог тийн нэрлэсэн гэдэг. Ийн хууч сонсож зогстол нар мандлаа, Эрээнцавд. Эх орны минь хамгийн нам дор газарт эхний нар мандаж байлаа.  Холхи Алтайд хоёр цагийн дараа, төв нийслэлд минь цагийн дараа ургах нарыг эх орны минь зүүн хязгаар энд ийнхүү хормойгоо дэвсэн, хотойн мэхийн угтан авч байна. Монгол орон минь алтан нарныхаа өөдөөс уулаа өргөлгүй, усаа цалгиулалгүй, талаа эсгий шигээ дэвсэн тосон авдаг юм байна. Энэ нутгийн хүн зон ч  өөртөө нар мэлтийлгэн “хундагалж” буй хөх нуурын энэ хотгороосоо ялгаагүй элгэмсүү зочломтгой ард түмэн ажээ. Ямар сайндаа л өнөө өглөө үүрийн таван жингээр яваад ороход эднийх цай даргиулаад хүлээж суух вэ дээ. Бид гурав гэртээн эглээ. Ингэсхийгээд сумын төв орж найрагчийн хөшөө, нэрэмжит сургуулиар нь орчихоод зорьсон айлдаа очно.

 

5. МАРТМААРГҮЙ ӨДӨР ӨӨ ГЭЖ...

Магнай дээр тэнгэр будангуйрна

Маргааш үүрээр цас орсон байхнээ

Манай хэдэн хүүхэд гэрээсээ гарахгүй

Мартсан тоглоомоороо өдөржин наадлаа

“Та нарыг нааш гардаг өдөр энд цас ороод, хувьтай хүмүүс юм даа, ирье л гэж ирж дээ, ирье гэсэн хүмүүс л өвлөөр ирдэг юм даа, Золбаяраас хойш ингэж өвлөөр зорьж ирсэн хүн байхгүй шүү, та хоёр боллоо” гэсээр Хандмаа эгч үүдэн дээрээ угтлаа. Гал дээр бууз тавьчихсан, шинэхэн цай дөнгөж юүлээд, өрмөн шаргал өрөм таваглаад хүлээж байжээ. Хариг ийм цагаар шинэхэн өрөм амсана гэдэг ёстой л амны хишиг авай.

Ай найрагчийн гэргий, Дарьгангын жаахан Хандмаа эгч минь. Түрүүхэн л эднийх рүү хөдлөхөд хөөрч гийгээд байсан сэтгэл хүнд хар эсгий татаад хуччих шиг, эсгийний ноос эмзэг энэ сэтгэлийг минь хатгаад байх шиг эмзэгхэн хайр төрнө. Хараад суумаар, хамт өнжиж яримаар, хажууд нь хэд хономоор, өнжмөл тариа шиг хөх гэзгийг нь өвөр дээрээ суулгаад самнаж өгмөөр, өвгөнийх нь шүлгээс өөрт нь уншиж өгмөөр, Эрээнцавын хоршоогоор дагуулж алхмаар, шинэ дээлийн өнгө сонгомоор,  эмээ шиг минь санагдах ай сайхан эгч минь

Намраар надтай үлддэг жаахан болжмор шиг энэ хундагатай архийг

Найрагчийн гэргийд эхэлж жиргүүлэн барья.  Гэж уншаад идээгээ баримаар ч шиг ер яах ийхээ үл мэднэм би. Хажуу айлын нохой хуцна. Өглөөний хүдэр дуут мөндөг шүү. Энэ айл Төмөрхуяг гуайнх гэнэ. Яагаав нөгөө

Цаг гэрт цохих нь тод болоод тунгалаг

Цавьдар морь янцгаахад салхи цангинах нь тунгалаг

Цаанаас наашаа буриад малгайн орой шоволзоод

Цагаан гуайн хүү Төмөрхуяг үнэг сугсалзуулан ирнэ.  Гэдэг шүлэг найрагчид байдаг даа, тэр Төмөрхуяг гуай юм байна. Найрагчтай дотно сайхан нөхөрлөж явсан анч хүн гэнэ шүү. Нэгэн удаа найрагч, Төмөрхуяг ах бас нэг найзын хамт анд явж гэнэ. Найрагч ан ав гэх биш хүнс ч гаргахаасаа цээрлэдэг хүн байсан гэдэг. Яахав, зүгээр л нөгөө хоёртоо бараа болж явж л дээ. Тэгсэн цаад хоёр мунгинуу золиг нь сумаа гээчихэж гэнэ ээ.  Тэгээд л  үгээн барж харамсан шогширч өгчээ. Түүнээс үүдэн бичсэн нэгэн шүлэг найрагчид мөн бий.

Хонгор найз минь

Хоргосох хэрэггүй ээ

Хойд уул

Юу ч гэх юм билээ

Хормойгоороо дүүрэн

Тарвагыг минь авчихаад

Хоёр хар толгой

Хуншгүй загналаа ч гэх юм бил үү?

Хорин сумаа гээчихлээ гэж

Хонгор нөхөр минь

Гаслах хэрэггүй гэж эхлэдэг “Хойд хөх уул” нэрт шүлэгт буй хойд хөх уул Эрээнцаваас баруун хойд чигтээ байх хөх уул. Өнөөдөр хөө татаад дүрээ нуугаад бидэнд харагдаагүй билээ. Араараа дүүрэн модтой уул юм гэнэ лээ. Айлууд хүүхдээ төрүүлж алдаж байсан, алмастай ч гэсэн дам яриа энд яригддаг ийм нэг уул байна аа, Эрээнцавд. Ингээд яривал хөршөөсөө эхлээд л энэ нутгийн  ширхэг өвс нь ч найрагчийн шүлэг бүтээл юм даа гэж энэхэн мөчид бодогдвой.

Хандмаа эгч "Болд-Эрдэнэ, Со ламтан, Ган-Очир, эднүүс та нар шиг л жоохон залуучууд ирж байлаа даа, манайд" гэж хуучилна. Надад:

Үгүйлэн санах миний лам Содномнамжил

Улаан намрын өвснөө явж зохьюу

Улаан өвстэй намрын Эрээнцав

Үгүйлж ирэх миний ламтанд зохьюу

Үзэсгэлэнт нь миний ламын үзэсгэлэн болой  гэсэн бадаг нь харвана.

Хандмаа эгч "Энэ жил цас багатай байна өө, манай хашаатай чацуу ороод, хүүхдүүд маань нааш цааш давж тоглодог байлаа шүү дээ" гэж хуучилна. Надад:

Эрээнцавд, миний гэрийн хойт хашаагаар дүүрэн их цас хунгаралдагсан

Тэнгэрээс ирсэн тэр том, том цасан цагаан морьдыг

Тэнд, Хөхдэй мэргэн хүү минь

Хөх нуурынхаа хүүхдүүдтэй унан давхилддагсан... гэх шүлэг нь санагдана. Би ч бас энд тэр тэнгэрийн цасан цагаан морьдын нуруунд гарч үзье гэж ирсэн билээ. Гэвч хараахан хашаагаар дүүрэн цас алга аа. Гэвч хотыг бодвол хар туруун цастай, бүл багатай айлд бол амны ус өгөөд байхаар л юм. Орох цас орчлонгийн налууг дагадаг юмсан уу? Монголын хаана ч ороогүй цас хамгийн нам дор Хөх нуурын энэ хотгорт л орж.

Бид найрагчийн урлан руу орлоо. Дарьгангын агь ганга сэнхийж тэрхэн зуур ариусгах шиг болно. Надад бол найрагчийн шүлэг л үнэртэж байна уу даа гэж бодогдоно.  Их найрагчийн хэрэглэж асан бичгийн машин, бийр бэх, бүс малгай, гаанс сүүлд татаж байсан улаан хайрцагтай прима тамхи, сууж шүлэг тэрлэдэг асан хонины нэхий дэвсээтэй модон сандал.  Тэр нэхий тийм гэхийн аргагүй зөөлөн ээнэг басхүү хацраа нааж цурхирмаар мэдрэмж өгнө. Ширээн дээр алгын чинээ хусны үйснээ бичсэн шүлгүүд, үсэглэвээс "Өргөн талд үнэг шогшино үснийх нь сайханд нүгэл шогшино" гэсэн нямбай гэгчийн мөрүүд, доор нь мутрын тэмдэг, он сар. Чанх дээрх хананд оонын эвэр шиг сэрийх алтан харгана, харганы дундаас мөн л модны үйсэн дээр дурайлгасан алдарт "Амитаба" шүлгийн мөрүүд гэрэлтэнэ. Билигт найрагч Ж.Болд-Эрдэнэ гурван сар амьдрахдаа хээг нь тодруулж шинэтгэсэн хоёр хүрэн авдар, тэр авдрын нүүрэн дээрээс нэрийг нь үл мэдэх цэцгийн нүд ширтэнэ. 

Би найрагчийн бичгийн машинд хүрэхүй бүлээ оргиж байлаа. Хэдэн үсэг цохиж үзэв, үнэхээр сайхан юмаа. Яг энэ бичгийн машины өмнө зогсохоор цонхны цаана идэрхэн мод сүглийнэ. Энэ мод их сонин түүхтэй. Цасанчимэг эгч “Намайг оюутан болоод хот руу сургуульд явсан хойно гурван дүү маань үлгэрээс сэдэл авч нэг нэг мод тарьсан юм гэнэ лээ. Тэр гурваас ургасан нь тэр мод. Зуны цагт ойр хавьд нь зүлэг ногоороод бид сүүдэрт  нь хэвтэж өнждөг дөө” гэж хуучилсан билээ. Найрагчийн урлан дотроо цүүцтэй цагаан хаалгатай. Түгжчихээд л суудаг байсан гэнэ лээ. Өрөөг нь цэвэрлэх үүрэгтэйгээр Цасаа эгч л ордог түүнээс наана хэн ч ордоггүй байсан гэж дурслаа.

 Шүлэг бичиж суухад

Хаалга онголзуулж болохгүй

Шүлэг гэдэг шувуу

Үүдээр гараад нисчихнэ  учир иймийн тулд буюу.

Шүлгээр нь л мэдэх найрагчийнхаа гэрт ирэх юутай ч зүйрлэмгүй сайхан, зүйрлэвээс ямархан нэгэн шүтээн сүмд орсон шиг л байлаа. Ёстой л мартсан тоглоомоороо өдөржин тоглож эднийд өнжмөөр өдөр байв шүү.  Гэвч унааны эрхээр багш бид хоёр энэ оройны суудлаар буцахаас өөр аргагүй болж Хандмаа эгчийг өмөлзүүлэн мэлтэлзүүлэн үлдээх болохнээ.

Батжаргал ах бид хоёрыг авч найрагчийн газраар очиход Хандмаа эгч явахаас татгалзсан тул буцахдаа авахаар боллоо. Газар нь сумын төвөөс холгүйхэн ажээ. Эгчийг авах гээд буцаж ирэхэд хэдүйн хувцаслаад хашааныхаа үүдэнд хүүхэд шиг л хүлээгээд зогсож байж. Бид дөрөв нэгдээд Монголын хамгийн зүүн хойд талын айл руугаа явлаа. Тэнд очиж цай хоол эргүүлж, цаад наад учрыг дуулж суутал суух цаг ч боллоо. Ингээд мордлоо.  Түдэж удаагүйн харуусал төрсөн гэр, төрөлх сууринаасаа явж байгаагаас ялгаагүй гол зурж Хандмаа эгчийн нулимс гүйлгэнэсэн хоёр нүд надад хэлж завдаагүйг хэлж, дурсаж амжаагүйг дурсаж, өгүүлж зүрхлээгүйг өгүүлсээр бүрээдэн буухирах галт тэрэгний савчуулах салхинд санчигных нь үс мөнгөрсөн намисаар торойж хоцорлоо. 

...Хэн нэгэн ирээд явах сайхан

Хэрэг болгож надаас гал байна уу гэж асуух сайхан

Ертөнцийг аргадах хийгээд бусдыг бодох сайхан

Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах сайхан...

  Галт тэрэг энэ нутгийг сайн хараад ав дүү минь гэх шиг аажуухан урагшилна. Хөх нуурын мөсөн  дуулга гилбээнтэж хэсэг шувуу түүний дээгүүр хилийн зүгт жиргэн жиргэн одно. Буцах замын бодол очих үеийнхээс хүнд байдаг ажээ. Би Баянтүмэн орох галт тэрэгний цонхоор Эрээнцаваа дагуулан ширтэн ширтэн, холдон холдож байлаа. 

Мө.Батбаяр

Сэтгэгдэл хэсэг