СҮҮДРИЙНХЭЭ ХҮЙТНИЙГ БУСДАД ТҮГЭЭХГҮЙ ХҮН

 

Ширээн дээр шүлгийн арван ном, цаана нь байшингийн нүд цонх, цаана нь байгалийн нүд далай.  Энэ далай туульд дүрсэлдэгчлэн өглөө оройдоо өөдөө, сөрүү хоёр урсгалтай. Өнөө өглөө цаанаасаа наашаа урсаж байна, тэмдэг нь түүн дээр огсолзон хөхөрдөж буй дөтлөн яваа олон хөлөг онгоц шиг цагаан хөөс давалгаа. Энэ давалгааны эхэнд ширээн дээрх шүлгийн арван номын эзэн, давлагаа шингэх намуухан энэ эрэгт нь үүнийг мутарлан би сууж, нэг далайн хоёр эргээс бид ууж байна. Би зуухандаа мод чихэж асаачхаад, улаан суулга тохойвчлоод усанд явлаа. Гадна адагших намрын сэрүүтэй. Ариг усны амьсгалах зоо нуруу болсон мяралзах мянга мянган давлагаадын дээгүүр тэртээд модон хүй арлын орой бүдэг бадагтах нь холхид суугаа яруу найрагч ахын дүр тодрох мэтү. Намайг далай руу алхалж явтал тэвшээ буулгасан, цэнхэр толгойтой ЗИЛ-130 говьд гүйж яваа хонин гүрвэл гэлтэй толгойгоо дэнхийлгэсээр усны хөвөөгөөр урагшаа довтолгохуй, түүнээс үргэсэн хэдэн улаан хошуут салхитай тэнгэрт удаан тогтож чадалгүй буцаад бууж байв. Далайн зогсоолын модон тавцан дээр би гараад, ирэх давлагааг анаж байгаад утгаж авлаа. Хаа холоос эрэг рүү тэмүүлж ирсэн энэ ус мөн л өнөөх шүлэгч ахын холхиос бичсэн шүлгүүд шиг тунгаая гээд ч буртаггүй аригхан авай. Шүлэг ариг ахул уншигч хүмүүн бээр өөрийгөө тольдож чадах аюу. Шүлэг булингарт аваас түүнээс булингар л харагдмуй. Би ус аваад эглээ, хойноос хүйтэн нойтон салхи дэлсэж хормой минь гэрийн зүг дэрвэнэ. Яндангаас хойд уулын модонд хүрч цацаг сагсуурга болмоор цагаан цэнхэр утаа суунаглана. Гал ассан бололтой.

Тийм ээ, гал чихэж хийсэн модны доороос даагаад сайхан асаж байна. Үгсийг даагаад доороос нь илтэд тодроод ирдэг онгод билиг гэгч энэ гал лугаа зохирно. Үгэндээ дарагдсан авьяас билиг гэгч, гал нь аргал түлээндээ дарагдаж унтарсан зуух шиг зэвхий дааж, үнс манарсан байдаг. Тийм шүлэг эзнээ ч, уншигчийг ч манарах үнс шиг зухалдуулдаг. Модны гал үнэртэж байгаа модон байшин сайхаан. Модон байшин гэснээс миний дурсаж буй энэ найрагчийн хэлсэн үг санаанд орчихлоо.

-Танай энд ч байшинг бол модоор зодож босгодог юм байна даа

-Харин тийм, ёстой ч зоддог шүү. Гэхдээ ахад нь арай л харгис санагдаад байдаг юм. Би бол зуун модоор босгож байгаа байшинг тавин модоор босгож болж байвал тавиар нь л босгохыг бодно. Тавин мод нь байгальдаа үлдэг л дээ. Бид ямар дотор нь мөнх амьдрах гэж байгаа биш. Тэгэхээр энэ модоор зодох гэдэг ч... гээд тамхи шившиж нэг сороод яруу найрагч Ц.Гончиг ахын хашаанд  буй поошигны дээрх тогтоол усны захад унтраагаад зогсож байсан тэр хүн бол яруу найрагч Пүрэвжалын Майнбаяр билээ.

Анх би энэ хүнийг яагаад юм бүү мэд, Америкт ч юм уу амьдардаг гээд ойлгочихсон байж билээ. Хот хүрээ, элдэв найр наадамд харагдаж үзэгддэггүй болохоор тэгсэн үү? Яасан бүү мэд. Ямар чиг л тэгж боддог байсан нь үнэн юм даг. Дараа нь дэлгүүрт “Өвсний шувуу” номтой нь таарч мэргэлээд нээтэл,

“Энэ хорвоод би өширхөж үзээгүй

Эргэлзэх үедээ ч өрөвдөн шимширдэг

Сүүлчийн өдөр минь байсан ч

Сүүдрийнхээ хүйтнийг бусдад түгээхгүй” гэсэн бадаг бүхий шүлэг таарсан нь америкт ч юм уу байдаг хүн гэдгээс дараа буусан энэ хүний талаарх хоёр дахь төсөөлөл байлаа. Үхэл хүнийг хорвоогоос, амьдралаас , амь амьдралыг дагасан элдэв ажил хариуцлага, элдэв хууль дүрэм, ёс суртахуунаас мөөрнөөс нь үхрийг чөлөөлөх мэт сулладаг байж болно. Гэвч үхлээрээ энэ бүхнээс ангижирна гэдэг дэндүү гутамшигт, дорой хүний явдал мэт. Сүүлчийн өдөр нь байсан ч өөртөө тавьсан тангараг, өөртөө тогтоосон суртахуун, хүмүүжлээ хадгалсаар сүүдрийнхээ хүйтнийг хүнгүй талдаа дагуулж явах нь, сүүдэрт нь хүйтэн буй гэдгийг өөрөө мэдэж байх нь чухамхүү эрхэм хүмүүний зам буй за. Тэр өдөр энэ номыг авчих юмсан гэж мөн их хүсэж билээ, мөнгөгүй байж билээ. Зогсож байгаад уншиж дуусгаж билээ. Ийм сайхан шүлгийн номыг энд нь уншиж дуусгачхаад хээв нэг гараад явж байгаадаа өөртөө дур гутаж билээ, яруу найрагчийнх нь өмнө гэмтэй мэт сэтгэгдэл төрж байж билээ.

Дараа нь би “Сая жилийн намар” нэртэй номыг нь хуучин номын худалдаанаас авсан. Өнөөх “Өвсний шувуу” -гаас дөрвөн жилийн өмнөх ном. Гэвч яг л өнөөх ахын шүлэг мөн. Үл ялиг тэрс шүлгүүд анзаарагдсан. Энэ хоёр номоос бусдынх нь барааг нь хараагүй хэдэн он улирлаа. Сургууль соёлд нааш цааш явлаа. Май ах шүлгээ бичсээр л байлаа. Жил бүр шахуу л шинэ номоо гаргасан сураг ирсээр байлаа. Нэг л мэдхэд арав гаран ном гарчихсан байлаа. Атаач хүний сэтгэлд бол атаархмаар их тоо. Тоо бол яахав дээ гол нь... гэж тэд сагсалзана. Тэд тэгж сагсалзахыг бид мэднэ. Харин миний хувьд баярламаар л олон сайхан бүтээлүүд санагддаг. Яруу найргаар энэ олон жил  ингэж жигд туурвих хүндхэн ажил шиг бодогддог. Яруу найраг, амьдрал хоёр харшилддаг гэж олон сонсож байв. Тэгдэг ч байх, бас үгүй ч байх. Ямар үед үгүй вэ гэхээр, бичсэн шигээ амьдрах эсвэл амьдарсан шигээ бичиж байгаа цагт үгүй байх боломжтой гэж боддог. Туулснаасаа өөр бичиж, туурвиснаасаа өөрөөр амьдарч байгаа цагт харш байж мэдэх юм, гэхдээ би сайн мэдэхгүй юм. П.Майнбаяр ахын хувьд надад шүлэг шигээ хүн, хүн шигээ шүлэгтэй санагддаг. Май ахын шүлгүүдийг уншихаар энэ л тивийн 33 орны нэгээхэн орон болох замбативд амьдарч яваа ерийн л нэг өчүүхэн амьтан гэдгээ мэдэрдэг. Зүгээр л яагаад би унших дуртайгаа хэлье. Миний л анзаарснаар манай яруу найраг маш хүн төвтэй, би төвтэй болсон. Хэний ч шүлгийн номыг сөхсөн ердөө л гол дүрд нь ХҮН. Энэ бичсэн шиг томоос том ХҮН. Хүний дурлал хайр, шаналал, хүний үхэл хагацал, харуусал, хүний атаа жөтөө шүлгээр бас шүлгийн номоор дүүрэн. Дэлхий ч өөрөө тийм хүн төвтэй болчихлоо. Яруу найраг хүний л оршихуйн юмсаар хог чихсэн тааран шуудай шиг дүүрчихлээ. Юун тэр хуучин цөөрөм, мэлхий үсрэх, юун тэр ханьсах хүн үгүй сарыг хань татаж гагц өөртөө дарс хундагалах. Ёстой тийм юм байхгүй. Яруу найргийн ном руу өнгий, яг л дүн шөнөөр ямархан нэг баар сав, уушийн газрын үүд татах шиг цухалдам их хүний чимээ шуугианаар дүүрсэн санагдах болно. Яруу найраг маш зүдэргээнтэй болсон, маш их зовлон тоочимхой болсон.  Нэг нь нэгнээсээ өрсөж нэгэндээ өөрийнхөө тухай ярих гэж дөрөлдөх хүмүүс шиг санагдах болсон. Өөрийгөө л ярих гэж орилдог согтуу хүн шиг болсон. Маш олон долоон үгтэй болсон. Уншиж байгаа хүнийгээ маш их ядраадаг болсон. Уншигчийг бамбай хийж уур, гутралаа тэнд гаргадаг болж дээ гэж надад санагдах болсон. Надад л тэгж санагдаж байгаа юм шүү, надад л... Буруу зөвийг нь би мэдэхгүй, би шүүхгүй. Зүгээр л тийм санагдах болсон. Хот суурьшлын нөлөө ч байх. Олон л хүчин зүйл оролцдог байх. Тийм л их орилоон, дөрөлдөөн дөжгөлдөөнөөс зайлж тэрэлж рүү гараад явж байх шиг мэдрэмж өгдөг нь Майнбаяр ахын шүлгүүд. Чив чимээгүй газар оччихсон, чих дүнгэнээд л хэвтэж байх мэт ямар ч хүн байхгүй шүлгүүд. Хэний ч гомдол цурхирал, уйлаан майлаан дотроос нь сонсогдохгүй. Тэнд харин нэрсний бут цэнхэртэж, цаана нь шувуу хөдөлж, бухалдсан өвс тэртээд өвгөн хүн шиг бөртийж, ус урсаж, галууны өд бас дээр нь урсана. Өөр хэн ч байхгүй. Яруу найрагч ч, уншигч ч тэр байгалийн өчүүхэн нэг хэсэг нь. Жимс, жигүүртэн, живэртэнтэй яг эн тэнцүү нэгэн. Хүн болж төрснөөрөө юугаараа ч тэд нараас илүү биш гэдгээ мэдэрнэ. Хүн төрөлд төрсөн нь  байгалийг эрхшээх амьтныг алах, модыг огтлох, уулыг ухах ямар ч давуу эрхтэй гэсэн үг биш гэдгийг шүлгээс нь ойлгоно. Манан дотор бугын тугалын л адил төөрч яваа амьтны үр гэдгээ бас ойлгодог. Нам гүм, тасралтгүй урсах нам гүн. Манан шиг ирээд бүчээд авдаг нам гүмийг мэпэрнэ. Уул руу алхмаар болно. Хэн ч танихгүй газар хэнд ч хэрэггүй хүн болж явмаар санагддаг. Гэтэл биднийг нийгэм маань хэрэгтэй хүн байх, мэдлэгтэй хүн байх, мөнгөтэй, ажилтай, орлоготой, сайхан сэтгэлтэй, ном уншдаг, амьд хөгжим сонсдог, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, машинтай, байртай, хүн байхыг шаардаж ядраадаг. Майнбаяр ахын яруу найргаас надад хүртдэг үнэт зүйл юу вэ? Гэвэл би ийм л зүйл хэлж чадах байна. Товчхондоо хотын үймээн шуугиан ажлын ачаалал, замын түгжрэл, стрессээс дайжиж зун наадмын дараа бид хөвсгөл рүү цувдаг шиг хүн төвтэй, хүн шуугилдсан яруу найргийн нөгөө талд нь яруу найрагч Майнбаяр ахын шүлгүүд юм байна гэж би ойлгосон. Хотоос холдож хөвсгөлийн хөвөөнд очсон шиг шүлгүүд. Мартсан орхисон зүйлээ эргэн очиж олж авах шиг шүлгүүд. Газар үнэрлээд  орхисон, мартсан, холдсон нутаг ус, төрөлх зүйлсээ олох гээд гүйж яваа агт сайн морь мэт шүлгүүд гэж би хувьдаа боддог. Хувьдаа л боддог.

Хүний тухай хүнээс сонсох дуртай бол Май ахын тухай найз нөхдөөс нь, ах нараас нь, яруу найрагч дүү нараас нь, том Ж.Оргил, О.Элбэгтөгс, Ц.Гончиг ахаас сонсож болно. Би анх удаа яруу найрагч хүн, яруу найрагч хүндээ тийм их хайртай байж болдгийг харсан нь Май ахыг гэх дүү нар, найз нөхдийн нь сэтгэл байсан юм. Энэ атгаг цаг үед, ээ мөн сонин санагдаж билээ.

Сүүлд Май ахтай уулзлаа. Яруу найрагч Ц.Гончиг ах гурвуул  “Хамаг Монгол” төслийн дууны клип дээр дуучин Жавхлан, Халимагийн дуучин, Өвөр Монголын дуучин Баясгалан агсан нар уулын оройд бамбар барьчихсан тал талаас уулздаг шиг бид гурав Хөвсгөлийн “Бишрэлт” зочид буудлын өмнө гурван талаас уулзаж Ц. Гончиг ахынх руу явлаа.

“Мөрөнгийн тэнгэр малгайлсан цастайд

Миний жижигхэн байшин

Мөсөн чихэр шиг харагдаад

Зуухандаа гал нэмж

Ном тэвэрч суугаад

Зуун зуун жил ингэж

Нам гүм амьдармаар”  гэдэг шүлэгт буй байшин руу нь явлаа даа, хөөрхий. Очлоо. Гончиг ах өвөлжин дарсан зэвгээ өөрийн гараар шарж, би идлээ. Загас болох хооронд Май ах Гончиг ахын гитараар хэд хэдэн дуу дарлаа. Миний бах тав ханаж байдаг гэж жигтэйхэн. Ядаргаа тайлагдах шиг л болж нүд нээгдэж, урам сэргэж байдаг гэж, ээ дээ. Гитар ч хөглөгдлөө. Май ах ч дагаж хөглөгдлөө. “Би яах вэ, бага сага оролдно оо...” гэж байсан хүн чинь -за дуугаа захиал, ямар дуу гэчихсэн татаж цохиж байх. Го найрагчийн

“Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л дээврээс хавар дуслах...“ гэж бичсэн тэр дээвэр доор Гончиг ахын гэргий Май ах бид дөрөв дуулж суусан тэр үдийн ярууханыг зүйрлэх юм гэвэл тэр үдийн яруухан л байх даа. Өөрөөсөө өөр зүйрлэгдэх юмгүй яруухан гэдэг гоо үзэсгэлэн биз ээ. Го ах урд зүгийн идээ амсууллаа. Гурвуул гарлаа. Май ахынх руу очих юм болов. Зохиолч Ц.Ганболд ахыг дуудаад дөрвүүл гол дээр очих шинжтэй болоод явчихлаа. Би 4 цагийн шууданд сууна гээд ярьчихсан байдаг, дөрвүүлээ нэгдэж ч амжаагүй байдаг. Хоргодонгуй, хоновол ч хоночихъё гэж бодоостой. Май ахынд очлоо. Бас л цай цүй, хоол хош боллоо. Замд явах хүнд сайн гэж нэрмэл шар тос хийж халаагаад амсууллаа. -Ээ, чи дээл авдаггүй. Хннн ахынхаа нэг дээл аваад яв л гэж байна. Ээ чи ирэх гэж байгаагаа дуулгадаггүй хачин хүнээ, буудал муудал авч байхаар шууд л яриад хүрээд ирдэггүй, үгүй ээ мөн л гэж байна.

Гончиг ах болохоор

-Нэг талаасаа айлд дараа болохгүй гэж бодож байгаа ч, нөгөө талаасаа хүн хүнээсээ холдож хүйтэрч байгаагийн л шинж шүү гэж шургалан, үг хаяж байна. Би буудалд бууснаараа буруудах шинжтэй дэг ээ. Хол замд явна, хоол хийлгээрэй л гэнэ, хэрэгтэй юм юу байна л гэнэ. Танил нөхөд рүүгээ тосоод ав гэж ярих уу л гэнэ. Явахаас нь өмнө ахиад сайхан шөл хийж өгнө өө л гэнэ. Гэртээ ч ирчихсэн юм шиг. Юу билээ ч гэж бодох шиг. Ийм халуут өөриймсөг сэтгэлээс хол удаан явснаа анзаарлаа. “Хүний ганц хүү байх хэцүү, хүчирхэг байхгүй бол нурна” гэж өөрийгөө тэнхрүүлж явдаг. Ах дүү нараа наана цаана гээд байдаггүй хажиг зожиг, орж гардаггүй, очиж золгодоггүй над мэт хүнд тэр бүр тохиогоод байдаггүй халуун дулаан орчин. Өөрөө би өөрийгөө л тусгаарлаад ганцаардуулаад байснаа эндээс ойлголоо. Ах дүү айл амьтнаараа орж гарч байя, гэдэс чанан шуугилдаж, гэр дүүрэн бужигнаж байя гэж бодож суув. Өрөөлөөс хайж явсан буруу өөрт байх шиг ичмээр юм гэж хаа байхав.

Бид гурав Ц.Ганболд ахыг авахаар явлаа. Ажлынх нь үүдэнд очлоо. Май ах ороод, дуудаад гаргаад ирлээ. Дөрвүүл Май ахын зуны байшинг зорин жигүүртэн шиг л жиргүүллээ. Тэргэл сар мандмал мэт тийм л саруулхан хашаа еэ. Манай Май ахын сэрүүн лаврин даа гэж Гончиг ах хөхөрнө. Нээрэн л сэрүүн лаврин ажээ. Дөрвүүл тойрч суулаа. Элдвийн л юм ярилаа. Ганболд ахтай сайхан танилцлаа. Уртыг дуу сайхан дуулдаг хүн ажээ. Гончиг ах зүүнээс “Дэлтэй ээ цэнхээр” хэмээн тасхийлгэхэд энтээгээс Ганболд ах “Эрдэнэ засгийн унагыг” жороолуулна. Май ах таван утастай гээд тоохгүй байсан гитараа хананаасаа буулгаж ирээд их Явуугийн шүлэг агуу Баттөмөрийн аялгуу “Би хаана төрөө вэ?”-г хөгжимдөж би түрж хоршив. Хэсэг суугаад гүцээ суллахаар гадаалав. Мөрөнгийн тэнгэрт үүлс толгойлон нүүж,  Дэлгэрмөрөний дээгүүр Эрчмийн нуруу мөнхийг сануулан дүмбэртэнэ. Амьдрал мөнх бус, авч үлдэж чадсан агшин мөнх гэж Майнбаяр ах хэлэх дуртай билээ. Авч үлдэж мөнхжүүлвээс зохих агшин гэвэл энэ л үдэш байв. Тэр гурав орлоо. Би явах жолооч руугаа залгалаа утас нь дуудсангүй. Ашгүй ашгүй гэж бодоод өнөө гурвынхаа араас орлоо. Өндөр шилийн дээгүүр будан татаж байлаа.

Хөвчийн цагаалжид, живэртэнт тавьсан

Майн утаа цэнхэрлэнэ

Май ахын татах гитарын утас

Түүний цаана дин дин цохилно.

 

Мө.Батбаяр.

Сэтгэгдэл хэсэг