МӨ. БАТБАЯР: НАМРЫН ГАНЬ

 

НАМРЫН ГАНЬ

/бодрол/

Орой намрын хөдөө. Олон шарга адуу дэргүүлэн ирэх шиг хонгор бараатай. Тэр бараа тээр хол тэнгэрийн хаяанаас, тээр гүн өвсний үндсээс  шаргалтан шаргалтсаар наашлан наашилсаар ирж намрын хөдөө нагал шаргал өнгөнд умбах нь улаан ангир галууд усанд шумбах шиг ээ.

 

Хөдөө намар эзгүй. Хүүхдүүд сургуульдаа, шувууд халуун дулаандаа буцна. Тоонолжин хамхуул  салхинд туугдан одоод тал минь тэгээд хээгүй болно. Хээгүй талаар, хээгүй  даавуун дээлтэй ганц морьтон цогиулах нь чиний миний хээгүй аав аа. Хэнд юунд зорьж явааг нь бодохуй, мэдэхгүй. Намрын хөдөө ийм алсын бараатай мөнхүү алсад яваа тэр морьтоны хүлгийн янцгаан шиг алс анирхан чимээтэй. Энэ бараа, энэ анир энэ газрыг н цохилох зүрх, амьд байгаагийн гэрч гэмээр ээ.  Элэм жилэм энэ хязгаарт малчид л ингэж хааш ч эс одоод хос багана болж хөдөөгөө тулж үлдээд нэгнийдээ бууж мордох завгүй нүүдэлчин иргэншлийн сүүлчийн ачааг хөтөлж зүтгүүлж буй нь энэ. Энэ хүмүүс үгүй бол хөдөө минь тулах баганагүйдэж шуурганд цохиулсан гэр шиг дотогшоо хөмөрч нурна. Тэгэхээр бидний орж завилах далай цагаан өргөө үгүйрнэ.


 

Ганц морьтон малд шогшуулна, ганц хүн аргал түүнэ. Ганц ганц аргаар аргал овоолсоор ташуур алдам хүйтэн өвлийг гэсгээж хавартай золгох их илч дулааныг үүцэлж нөөнөнө. Тэр илчэнд гараа ээвэл хотод суугаа бид ч дулаацаж болмоор тийм их илч ээ.  Ганц, хоёр  тэмээ усанд ирнэ, ганц хоёр балгаад ганихарч алсыг ширтэнэ. Хэзээ ч ирэхгүй арван хоёр салаа эвэрт бугаа харуулдаж хүлээнэ. Хүнд бас тийм хэзээ ч ирэхгүй үр хүүхэд байдаг гэж бодохоор гань төрнө. Нүд халууцаж нулимс түрнэ. Ганц эр ховоо татаж  ганцаараа жаран ухаа үхрээ усална. Хормой шууж, ханцуй шамлаж шаламгайлах эр ганц хүний хөлс, үхэр сүргийг ундуулна уу? бас эс мэднэ. Ганц улаан нар тэр бүхнийг тольдон зэсэрч, өнчин цалин сар агаар тэнгэртээ дэнлүүрч агсана. Харин хаана ч байхгүй олон од мичид мал сүргийн тоонд ханьсах мэт түгнэ. Аяа, намрын хонгор салхи тэр оддыг зүлгэж исгэрнэ. Одод улам ч мөнгөрсөж огторгуй өвөлших тутмаа маргадшина. Манай нутгийн маргад тэнгэрт гэвч нисэх шувууд үгүй ХООСОООН. Харуй бүрийд харин ёр дуудаж хашааны хөх модон дээр ууль сууж дуугарна. Гэртээ бөгтөлцөх ганц хүн амандаа “ус буцалгаж уулийн толгой чанаад завгүй байна” гэж дом шившинэ.  Эхээ дуудаж тугал сөөнгө мөөрөх нь харанхуйн дунд хэн нэгэн хэт цахих шиг гэгээ татна. Тэр тугалын мөөрөөнөөс тэнгэрийн тэр шувуу үргэж одно. Харуй бүрийд бас хар хэрээ хагсаж хашхичин гэртээ ганцаар бөгтөлцөгч өнөөх эх хүн “есөн цагаан өндөг гаргаж өг” гэж шивших нь үр хүүхэд нэхэх мэт болоод үнэхээр өнөөх хэрээ есөн цагаан өндөх гаргаж өгөх юм шиг үнэмшилнэ төрнө.  Эндхийн хүмүүс ингэж ан амьтан, араатан жигүүртэнтэй харилцана, ярилцана.

 

Оройтож ирсэн үнээ царгилтан мөөрнө. Амгалан анивчиж асан одод цочоод хуйларчихав уу? гэлтэй сүүн зам дээрээ бөөгнөнө. Сүүм зам дээр л шаваарсан цагаан одод байгаад тэнгэрийн хормой нь одон үгүй эзгүй харанхуй байх нь хотын гэрлийг харах шиг харанхуй хаяа нь харин хөдөөг санагдуулна. Тэнгэрийн харанхуй хаяа шиг хүнгүй эль хуль энэ хөдөөд би хүнээс өөр амьтны тавиланг өрөвдөж үзнэ. Эхээр нь өвөл тогоо тослох тугалын жамыг санаж нулимс унагана. Эхгүй тугал эхээ хайж, ижлээсээ тасарч хэдэн өдөр гэр эргэж мөөрч явдгийг гэртээ сонсож суугаа эх хүний энгэрийн товч өөрөө тас тусаж мөөм нь ивэлмээр тийм ганьтай мөөрөө хөдөө нутгийн айл бүрийн гадаа хэдэн өдөр шөнө үргэлжилдэгийг би мэднэ. Айлын хүмүүс тэр тугал бүрийн өмнө гэмээ ухаарсан мэт үг дуу цөөхөн дор бүрнээ дуугүйхэн аж төрнө. Гэртээ дуугүй дүмбийж суухад нь цожтол мөөрөх тугалыг хөөж тууж чаддаггүйг нь бас мэднэ. Эхээ нэхсэн үрийн энэлэнтэй дуунд энэ нутгийн хүмүүс юу бодож аж төрдөг бол гэхээс халширна. Түүнээс наагуур эхээ үгүйлсэн тугал юунд найдаж яваа бол гэж бодно.  Бодохуйн халуун гал алга түлчих шиг халширам. Үрийнх нь халуун нулимс шингэсэн үнээний халуун хавирга огтолж өегшиж дулаацаж суудаг өөрсдийнхөө тавиланг бас бодно. Хот руу ачигдаж байгаа үнээний тарган махыг харах бүрт дотроос нь тугал мөөрөх сонсогдох шиг.  Тэр тугал эхээ мартдаг болов уу? мартдаг бол яасхийж мартдаг бол гэсэн бодол төрнө. Эхийг нь юу орлохоор эвий тэр үр тайтгардаг бол. Өвлийн өглөө бөмбийтөл чичрээд зогсож байдгийг нь би мэднэ. Үхэр үхэр рүү нөмөр хайсан харцаар хардгийг нь бас мэднэ. Зөлөөн дуутай үнээ мөөрхөөр сортосхийж өөдөөс нь нэг хоёр алхалдагийг нь ч мэднэ соотон чих нь тэгсхийгээд бууж солби солби гишгэлдэгийг нь ч бас мэднэ. Сэлмэн эвэртэй гуна дөнө шарууд сэжиж, мөргөж өвтгөдөгийг нь бас мэднэ. Сүвээгээ цоо мөргүүлээд мөөрч чадахгүй үгдэрч хэсэг явдгийг нь бас мэднэ. Өнчин амьтныг өөлж шоглох амьтан мундах биш дээ. Өөлхий дөө, өөлхий. Нулимс ивэлнэ. Нулимс шиг халуун сүү, нулимс шиг ингэж эвлээд цутгадаг байсан байх даа. Өөлхий дөө, өөлхий. Туруунд нь домбон мөс хөлдөж өвлийн гурван сар туж дааруулна. Мөсөн дөрвөн туруутай давахад мөн ч олон хоногоо доо, эвий.  Тэгээд тураг сайхан бяруу болоод хавартай золгоно гэхээр тохмын чинээ нар уйтай сэтгэлд тусаж уужрах шиг болно. Тугалын давж туулсан бэрх хэцүү зовлон заазлуулсан эхээ мартахад тусалдаг байх нь ээ гэсэн ухаарал одоо ирнэ. Галыг галаар унтраадаг шиг, зовлонг зовлонгоор мартдаг байх нь ээ.  Ай намрын хөдөөгөөс би  амьтны үрд нулимс унагаж сурна.  

 

Сэтгэгдэл хэсэг