МӨ. БАТБАЯР: ЭХЛЭЛҮҮД

Санаанаас гардаггүй сайхан эхэлдэг зохиолууд байдаг. Хааяа надад зөвхөн ийм эхлэлд нь болж цаашаа уншиж "хутгалдсан" зохиолуудаа бодохоор яг л уушийн газраас шөнө дунд учиргүй сэтгэл хөөрсөн амьтас гарч ирээд тэр хөөрөлдөө автахдаа тэр чигээрээ согтуу найзынхаа машинд чихээд хотоос гараад явчихаж байгаатай адилтгаж болом тэгээд хэзээ хойно Налайх ч юм уу, Багануур ч юм уу өнгөрч яваад гэнэтхэн сэхээ авч юунд уриалаад юу хийгээд явчихсанаа эргэцүүлж эхлээд дор бүрнээ дуугүй болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Хааяа бас энэ эхлэлүүд биднийг хуурч ой руу дагуулж ороод хутгалж алах гэж байгаа хүн шиг санагдах үе ч бий. Гэхдээ бүгд л түүнд итгэн дагаж зохиол хэмээх ширэнгэн ой руу ордог.  Хааяа бас юунд ч юм итгээд дотор нь юу байгаа нь үл мэдэгдэх зохиол хэмээх уут руу гараа дэндүү гүн шургуулчихсан юм шиг санагддаг.  Ингээд би энэхүү давалгааг өөрөөсөө эхэлж санаа сэтгэлд хадны хаг шиг алаглан наалдсан байдаг эхлэлүүдээс хуваалцахаар шийдлээ. Энэхүү буухиаг цааш дамжуулж өртөөчлөөрэй хэмээн МОНЦАМЭ агентлагийн нийтлэлч, яруу найрагч Б. Алтанхуяг таныг  "дуудаж" байна.  Давалгаалах дүрэм маш энгийн та хамгийн багадаа таван зохиолын эхлэл дурдахад л болно. 


1. 

Зохиолч: Гүр. Нямдорж

Зохиол: "Хар өвгөд" роман



Агуу их хүн унтаж байгаад сэрэх шиг мөнхөд байсаар байсан, хойшид ч байх хуультай тэргэл саран мандав. Түүний мөнгөн туяа Чулуунтолбо хотын дээгүүр зүүдний бороо шиг чимээгүйхэн асгарахад, их нам гүмийн дунд хот нойрсож байлаа. 


2. 

Зохиолч: Фолкнер

Зохиол: "Өвгөд" тууж



Анхандаа юу ч байсангүй. Гагцхүү голд ормоор хүйтэн шиврээ бороо, тэгээд арваннэгдүгээр сарын хуучдаархи манантай өглөө, тэр л бүдэгхэн өглөөг нэвт цуурайтах, отооны газар өөд айсуй нохдын дуу л сонстоно.

3.

Зохиолч: Сү Тун

Зохиол: Эрэг

Хүмүүсийн амьдрал газар дээр, байшин дотор өнгөрдөг атал аав бид хоёрынх завин дээр. Энэ бол арван гурван жилийн өмнө аавын хийсэн сонголт. Тэрбээр ус мөрөнг сонгосноор би газар шороонд баяртай гэсэн юм.

4.

Зохиолч: Габриель Гарсия Маркес

Зохиол: "Тахлын үеийн дурлал" роман

Гашуун бүйлсний үнэр түүнд золгүй хайрын хувь тавиланг үргэлж санагдуулдаг байлаа.

5.

Зохиолч: Д. Энхболд

Зохиол: "Шар хөвийн зэрэглээ" өгүүллэг

Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бємбєгнєтєл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сvрлэг том ат суль vмхлэх зуураа сvv гашлам чичрvvлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зvггvй мэгшин уйлмаар, аль эсвэл хємхийгєє зуугаад дусал нулимс ч унагалгvй барайчихмаар нэг л хачин болоод явчихав.

6.

Зохиолч: Б. Золбаяр

Зохиол: "Бүтэн" өгүүллэг



Бүтэн улаан наран шингэж ,тал цагаан саран мандсан өвлийн дунд сарын орой.Гүйлгэн жиргээ салхинд халтар үнэгэн лоовуузын сахлаг сор умран аясарч, унасан морины зоо бөмбийтөл цантжээ.

Сэтгэгдэл хэсэг