МӨ. БАТБАЯР: ИЙМ НЭГЭН БҮРХЭГ ӨДӨР

Тэнгэр бүрхсэн зүгээсээ түрүүлж гийнэ, сэтгэл гунисан хэсгээсээ эхэлж баяр төрнө. Гуниг сийрэх алга дарам сиймхийгээр, унтраалгүй орхиод гарсан лаа шиг урьдын өөдрөг бодол, амьдралд итгэх итгэл гэрэлтээд ирнэ.  Хэзээд ийм байсан, цаашид ч ийм байх сэтгэлийн хоосон тэнгэрт хэрээ ч гуаглана, гангар хунгийн сүрэг ч ганганана. Өнөө бол өнийн хөх огторгуйд борооны үзүүр цайрна. Өндөр тэнгэр хойноосоо харлаж, огторгуй орчлонг харахгүй гэж нүүр буруулсан мэт наагуураа зузаан үүлэн гивлүүр зүүжээ. Ялгамж үгүй надад ч мөн орчлонд шилээ харуулаад ор сураггүй зугтаамаар ийм нэгэн бүрхэг өдөр хүссэн ч эс хүссэн ч эрхгүй ирнэ. 

Ийм өдөр ээждээ очмоор болдог. Замдаа аль сайхан дурсамжуудаа нэхэн санаж сэмхэн нулимс унагаж явмаар. Нэг их зовлонд унасан хүн шиг, нэг их жаргалдаа ташуурсан хүн шиг, нэг их нүгэлдээ баригдсан хүн шиг, нэг их буяндаа сагасан хүн шиг, нэг л болж өгөхгүй оргиод ээж рүүгээ явах. Ижийнхээ тухай аль сайхан дурсамжаа санахаар нулимс тийн цийлнэ. Сайхан дурсамж л хожим нулимс бардаг. Сайхан дурсамжинд холгуулж явахын зовлон их ээ. Сайхныг тээж явах, сайхан чигээр нь зүрхнийхээ угт уяж явахын тулд зарах ур ухаан хүний хүчийг барна. П.Ганбат агсны "Цэцгийн зун шиг ээж"-г өөртөө дуулмаар "Энгэрээ нэвтэртэл санаад байна даа, ижий минь дээ. Эргээд урсдаг нулимс гэж үгүй шүү дээ, ээж минь дээ" гээд цанхиртмаар. Залгуулаад "Ачит ээж таныгаа санан зүүдэлж явна. Алс холын нутгаас очиж амжихгүй л байна даа. Санаснаар биш дээ хорвоо..." гээд зангирмаар. Сайхан ээждээ ерөөл бодмоор. Хамт намаржин суумаар. Хадлан татаж өгмөөр. 

Ийм өдөр бас эмээгээ дагуулж Ганданг гороолмоор болдог. Эмээдээ нас буян гуйж, хөтлөөд алхмаар, эмээгийн дээлний хорол хээнээ ганц нэг бороо дусахыг хармаар. Амирлангуй дүрт, алтан шаргал лагшинт бурханд бараалхаж, агшин зуурхан ч гэлээ энэрэх нигүүлсэх сэтгэлийг өөртөө төрүүлэх. Аль эсвэл ганцаараа очиж гантиг чулуун сандал дээр арц хүжсийн үнэрт суугаад намуухан алхаатай хуврага хүнийг дагуулан харж сүсэг төрүүлмээр болдог. Гэвч эмээгүй болсонтойгоо эрхгүй эвлэрнэ. Тэр хүн хэрхэн амьдарсан, ямар итгэл тээж явсан, тэгээд эцэстээ юунд хүрсэн. Амьдралаа хэр сэтгэл хангалуун үдсэн. Юунд хоргодсон бол гэхээс гуниг хөндөнө. Тэгээд би 

"Гуниг, гуниг хөндөнө.

Гутлан дээр дусах нулимс, дээвэр тогших бороо гуниг хөндөнө.

Гуутай зураг, зулын бадам гуниг хөндөнө.

Гурван өдрийн буйлсны дэлбэ гуниг хөндөнө.

Ардын дуу гуниг хөндөнө

Аавгүй аавууд, ээжгүй ээжүүд гуниг хөндөнө.

Ардаа үлдээх үр хүүхдүүд гуниг хөндөнө.

Амьсгал отголох, амьдрал эхлэх

Аль аль нь гуниг хөндөнө."  хэмээн бичнэ. 



Ийм өдөр заримдаа замд гармаар болно.  Тэрэгний бүхээгт суугаад энэ хотыг орхимоор, жолооч ах пар пар хийсэн хоолойгоор зовлон, жаргалаа хээв нэг өгүүлэхийг сонсож яг энэ хүн шиг гуниггүй, гүдэс шулуухан амьдарч үзмээр. Тэр хүн тэгээд тэр замын турш ам хуурайгүй амьдралаа надад дэлгэх, аавынхаа тухай ярианыхаа дундуур тамхи асаах, тэгээд нэг хэсэг замаа сүүмийтэл ширтээд л дуугүй яваад байх тэр амгаланг үзмээр санагдана.



Ийм өдөр бас өндөр уулан дээр гарч өдөржин юм бодож суумаар. Хүнд ярьвал хэн нь ч ялгаагүй “тэнэг утгагүй юм яриад гэж зэмлэх” энэ амьдралаа орхих тухайгаа зөвхөн ганцаараа эргэцүүлж “Гэгээн алсад одох юм сан” гэж өөртөө хэлээд гингэнтэл санаа алдмаар, гэртээ харьмааргүй, ажилдаа  очмооргүй ингээд л суугаад баймаар байдаг. Намрын налгар найран дээр буусан гундуу хээр морьтой, гандуу ямбуун  дээлтэй холын эрэлчин шиг амьдрал гэгч энэ зон түмний найранд түүнээс ялгаагүй амьтан суугаагаа ойлгодог. Аяны дуугараа барих болоход тэр хүн ардын сайхан дууг, айраг цалгитал цангинуулчихаад мордоод явчих шиг би ч бас тийм эрмэгхэнээр нэгэн дуу аялгуулчихаад хорвоогийн найрыг орхиод, үргэлжлэлийг нь морин дээрээ исгэрсээр мордоод явах хуна гэж хөмхий зуудаг. Хүний найранд буусан холын эрэлчин бид хоёр хэн хэнээсээ ялгаагүй санагдана. Тийм болохоор би өнөөдөр өндөр уулан дээр гарч өдөржин юм бодож суумар болдог. Хүний амьдрал миний амьдрал, миний амьдрал хүний амьдрал юм хойно хүндэтгэж барих аяга сархадыг хүлээнэ. 

 

Ийм өдөр бас надад “Ингээд л амьдардаг байх нь ээ” гэж бодогддог. Дуунд уярч, хорвоогийн явдалд баясаж хүнд хэлэгдэж, нохойд хуцагдаж, хүндтэй алдар, хөрөнгө мөнгөнд бусдын адил шунан дурлаж, цалин цавуу, сайхан амьдрах юм сан гэх бодол, саваагүйтэж таван мэдрэхүйнхээ таашаалыг даган ташуурахдаа тамхи татаж, шарз хүртэж, охин хүүхний охь шимийг үгүйлж, амттан өнгөтнөөс аль сайхнаа арилжаалж, хайрлах сэтгэл, харын сэтгэл зэрэгцэн төрж, алуурчин болмоор адын зориг гэнэтхэн ургаж “арай би...” хэмээн өөрийгөө зэмлэж, хүнд хань болж, хүнээр хань хийж, нөхөр болж, эцэг болж, өвөө болж заа даа ингээд л амьдардаг байх нь ээ гэсэн бодол ийм бүрхэг өдөр л ихэнхдээ төрнө.


Ийм өдөр Б.Шарав, Н.Жанцанноров, З.Хангалыг сонсож Халтарын Билигжаргалын дууг дуулж, С.Дашдооров, П.Баярсайхан, Д.Энхболд, Гүр.Нямдорж, Д.Нямсүрэн, Д.Баттогтох, Буянзаяа, Галсансүх, Аюур, Өлзий ах эгч нараа уншмаар болдог. Сайхан сайханг боддог. Нөхдөөсөө дуудлага хүлээж тэсгэлгүй нэгэн рүү нь утас цохиж, Золбаяр, Майнбаяр ахтай утсаар удаан ярьмаар, зорьж очиж нэгэн хоёр сэржимдэх уяруу бодол төрдөг. Ийм нэгэн бүрхэг өдөр бусдаас нь ялгаж надад өгсөн бурханы бэлэг шиг цаанаа л анги, ээжийн элгэн хамбаар хийж өгсөн хувцас шиг байдаг. Адарсүрэнг сонсож алтай хангайн уулсаа бодож, хуруундаа өлгөөд явмаар хулсан ташуур үгүйлэгдэнэ. Сэтгэлийн эгшиг бүүр гүнээсээ аясхан хөг орж тээр жилийн учрал руугаа эргэн очмоор тэр л огтлолцол дээрээ удаан зогсмоор байдаг.

 

Тэнгэр онгойсон талаараа үүлс бүрхдэг шиг сэтгэл сэргэсэн хэсгээрээ эргэж гуниг хурна. Тиймээс, тэвэрч аваад уйлмаар зүйл орчлонд дэндүү олон.

Сэтгэгдэл хэсэг