МӨ. БАТБАЯР: БУУГААД, БОРОО ӨНГӨРҮҮЛЭЭД МОРДООРОЙ

 

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан

Хөдөө цайдам борооших сайхан

Анирхан ахуйд цэцэг дохих сайхан

Аадрын өмнөх байдал сайхан.  |Д.Нямсүрэн "Дөрвөн цаг" шүлгээс|


Бороо. Борооны дараах бүүдгэр ахуй. Чийгний үнэр. Ногооны үнэр. Нойт даасан эсгийний үнэр. Гэрийн эсгий дээвэр туурга нойт даасан нь норж буй бус ноцох гэж байх шиг ноцож асаад өөрийгөө хатаах гэж байх шиг санагдана. Хүний сэтгэл бас норох, даарах тусмаа доторх халуун илчээ гадагшлуулаад байдаг нь бөхөө иддэг тэмээ, таргаа иддэг адуу гэлтэй. Тэгдэгтээ тэсэж үлддэг шиг, тэгдэг тулдаа тэсгим бүхнийг давдаг шиг санагдана. Шүтэн барилдаж, зохирон оршихуйн утга гэгч энэ аюу. 

Борооноор аян чинь дуусаагүй. Морин дээрээ шогшуулсаар байвал даа, дээлийн чинь хормой дагаж борооны ус гутлын чинь түрий рүү орно. Дээл чинь улам хүндэрч, улам жиндүүлнэ. Унаа морь чинь борооны усаа тургилан уур манан савсуулж, хөтөл өөдөө мацна. Уул толгод хүдэн буданд умбаад урдах зам харагдахгүй болоод ирвэл та бушуухан айл бараадсан нь дээр. Хүдэн манангүй зүс цагаан бороо нэгэн хэмээр асгарч байсан ч та ер нь айл бараад.

Бороотой өдөр та манай нутагт очвол өрхөө бүтээсэн бөмбөн цагаан гэрүүдийг харах болно. Хөгнөтэй хурга шиг цайрна гэж Хөөдөө ахын зүйрлэсэн тэр гэрүүд шүү дээ. Тэр гэрүүд мөөгний мананд ургасан шиг, унасан шиг харагдана. Хэнийд нь ч хамаагүй буугаад бороо өнгөрөөгөөд гараарай. Морины уяа эзгүй, аргал хучаатай, ааруулын сөр бүтээгээтэй, ачаа бараагаа бас цагаан цаас, борооны илүү цув сэлтээр тулмайдаж хулдаад хучлагынхаа үзүүрийг томхон чулуудаар жимбийтэл дарсан байгааг та харна. Гэрийн гаднах байдал иймэрхүү жин тан. Элэм жилэм, эзэн нь эрэлд явсан шиг эсхүл гэрээрээ сумын төв орохоор явсан айл шиг. Гэвч та буугаад орох хэрэгтэй. Таны барааг айлын эхнэр гарч ирж харчихаад өрхөө татаж чийг даасан аргал түлээгээ асаах гэж мунгинаад утаа май болох магад. Таны чимээнээр айлын эхнэр дээлээ нөмгөлсөөр гарч ирснээ энгэрээ хумхигээд шалавхан буцаад орж магад, үгүй ч байж магад, гэхдээ л та яваад орох хэрэгтэй. Уяан дээр нь буухаас урьтаж нохойгүй ч байсан нохой хорь оо гэж дуу өгөх хэрэгтэй. Хүдэрхэн нохойгоор ар гэр, авгай хүүхдээ мануулдаг айл гэж бий, эр гэж бий. Хүндлэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Хүн малын бараа алс зэлүүд ийм нутагт хүнд нохойноос өөр итгэх хань олддоггүй юм. Хүн хүнтэйгээ гэхээс илүү морь нохойтой хамт олон зуун жилийг энэ нутагт туулсан байдаг юм. Зуны бороотой өдөр нойр сайхан хүрч, нозоороод байдаг. Тийм болохоор айлын эхнэрүүд ийм өдөр сүү сааль, идээ цагааны ажлаа хойш тавиад ийм өдөр өрхөө бүтээж аваад, хүүхдээ дэхүүлээд унтдаг. Гэхдээ та яваад орох хэрэгтэй, айлын эхнэр сандран босож энгэр заамаа хумхийн ялдар тантай мэнд мэдэж байж суухаа олж ядна. Том хоёр нь аавынхаа илүү дээлэнд ороод хоймроороо унтаж байх вий. Өөрсдөө ч унтая гэж унтаагүй байх, бороонд гутал хувцас битгий норго унтацгаа гэж зандраад л унтуулсан байх. Отгон нь ижийнхээ халуун өвөрт хоргодон яраглан сэрэх вий. Айлын эзэгтэй хүүхдүүдээ дуудаж сэрээгээд аргал, түлээхэнд нэгийг гаргаж, нөгөөг нь наадуулаа хамж гэж шавдуулна. Хүн ирэхэд гэгээн цагаан өдрөөр унтаж байсандаа гэмшисхийх айлын эзэгтэйн тэрхүү нандинг та хайрлаарай. Зөвхөн шөнө л унтдаг гэж хэзээнээсээ итгэсэн мэт амсхийх завгүй “хавирч” байж л амь зуудаг малчдын хувьд өдрөөр ийн өрхөө бүтээж аваад унтах нь ёс алдсан хэрэгт орно. Зуны бороотой өдөр зуухны гал үзэгдэхгүй хөх бух шувуу шиг жаахан хөх дөл зууханд сэрвэлзээд дааж асахгүй даанч хэцүү байдаг. Айлын эхнэр түүндээ машид тэвдэж, таны өмнө галаа ноцоож чадахгүй гал алдан суугаадаа санаа зовно. Тэгж зуухдаа “юу юугүй шаагиад би ч хэдэн хүүхэдтэйгээ бажига алдлаа.” Хэмээн гэмээ цайруулах мэт өгүүлнэ. Тэгж хэлээд чийг зуусан аргалаа цогшуулан үлээсээр асаана. Утаанд нүд нь хорсож нулимс урсана. Айлын эзэгтэй нулимсаа буруу харж байгаад таниас нууж арчина. Чийг үнэртсэн гэрийн баруунд суугаа таны руу төмөр цагаан тавагтай ааруул, боорцог нийлсэн идээг шатрын хөлгөөр өндөрлөн тавьж түлхээд шинэ цай чанахаар тогоо тавина. Бороотой өдөр шинэ гал асаах, шинэ цай чанах шиг сайхан нь үгүй. Чийгний шим, галын илчээр амилан галын дөрөлж, бахуйны хөндий, гэрийн дотор хаяагаар шинэ ногоо ургаж байгааг та ажин суугаарай. Галын үнэрээр гэрийн багана эргээд хар шоргоолж гүйлдэхийг хараарай. Дулаан илч мэдэрсэн болжморууд мөн яндан бараадаж бээвийлдэх, зарим нь цамархайгаар орж ирж хэд эргэлдээд гарахыг хараарай. Шоргоолжнууд ааруул ээзгий, боов шоовхоны үйрмэгийг зарим нь зөөж, зарим нь хайж нааш цааш гүйлдэх нь танд эдний хэдэн хүүхдээс өөрцгүй санагдана даа. Аргалын илч шоргоолж байтугай олон амьтдыг ийн сэрээнэ.  Малчид ингэж цэцэг ногоо, шавж хорхой, амьтан адгуустай эе зохицон аж төрнө. Малчны хүүхдүүд ингэж, цэцэг ногоотой, болжмор шувуудтай хамт даарч, хамт дулаацаж өснө. Ааш ялдам айлын эзэгтэйн ёлгон цагаан тогоонд цай тэр дороо бурхийж бурам улаан цай танд барина даа. Өчигдөр орой хөөрүүлсэн сүүний өрөв тавагтай идээнийхээ хажуугаар таны руу түлхэх нь ижийгээ ороох хүүхэд шиг нь харагдах вий. Саяхан өрмийн самардаж авсан сүүгээр сүлсэн цайнаас таанын амт гарна.  Таныг халуун цай оочилж суух зуур эхнэр нь энэхэн тэрхэнийг өгүүлж, хүүхдүүд нь таны ардуур урдуур гүйлдэж, зарим нь магад таниар оньсого таалган шулганаж магад. Тэрхэн зуур ээж нь хүн тухтай хүүнэлдүүл гарч тэр үхэр, тугалаа хар гэж зэмлэх аядах магад. Хаяагаар тавьсан олон хувинтай сүү, оруулсан эмээл, чийг даасан сурны үнэр, чөдөр ногт цахандаа аргалын галд дулаацан зүүдлэх мэт чив чимээгүй байх ахуй.

 Борооны дараа гадаа гараад харахаар саахалт айл нь ойртоод буучихсан шиг харагддаг гэхдээ та түүнийг анзаарахгүй, тэд л мэднэ. Тэгэвч та бороо зогсоцнож тэнгэр гийхээр гараад хараарай. Хойд ууланд хоньтойгоо яваа хүний барааг олж үзээрэй. Манангийн захаас зэлрүүгээ тоглон ирэх улаан манхан тугалнуудыг хараарай. Борооноор уруудаж ирсэн хоёр бортой адуу зүүн энгэрийн хаданд шоож зогсоог хараарай.  Айлын хүүхдүүдээс хэний адуу гэдгийг асуугаарай, тэд мэднэ. Аргалын хучлагаа авах мөчийг алдалгүй хараарай. Хучлага дор хорогдсон хараацай сүрхийн нисэхийг ажаарай. Аргалын хучлага цаасан дээр тогтсон ус үдийн наранд олон нуурын мандал шиг гялайх тохиолыг тогтож хараарай. Борооны дараа алсын цэнхэр уулс руу дуран тавиарай. Нар ээсэн энгэр ногоон туяа татаж, ямархан айлын гэр тэнд цахир хад шиг торойж буйг олж хараарай. Ялгаагүй бас л нэг ийм айл уулын мухарт ганц гэрээрээ зусаж байгаа. Ямархан амьдрал туулж яажшуухан аж төрж айл гэр болж яваа хүмүүс болдоо гээд энэрч бодоорой. Энэ амьдрал нэг хүнтэй нэгхэн удаа зөрж өнгөрөөд ахиж хэзээ тааралгүй төгсдөг тийм богинохон шүү. Чамд харь танихгүй айлын хүмүүсийг хайрлан бодох завшаан олдож байгаа нь энэ шүү. Үлдсэн насандаа чи энэ айлын барааг харахгүй, ерөөлөө үлдээ.

Ийш тийш дуран тавиад ингээд зогсож байтал чинь энэ гэрийн хүн хойд ууланд хонио тогтоочихоод буугаад ирнэ. Энэ хооронд айлын эзэгтэй гэртээ оруулсан байсан бандтай ааруулаа гаргаж наранд тавиад нэг боцоо оройхондоо чанахаас өнөөдөр энэ тэнгэр гал түлүүлсэнгүй гэж танд ч юм уу өөртөө ч юм уу хэлнэ. Иймэрхүү энгийн яриа сонсонгоо гэр түшээд дуран тавиад хэсэг зогсох сайхан шүү. Хониндоо явсан хүн иртэл тогтож хүлээ. Манай нутагт, хойгуур нь буугаад явсан хүмүүст дургүй байдаг юм. Манай нутгийн эрчүүл ихэнхдээ шөрмөслөг туранхайвтар хүрэн улаан царайтай хүмүүс байдаг юм. Ирэхэд нь эхнэр нь хөл алдахыг хараад та энэ хүн уртын жинд яваад ирсэн шиг танд санагдана. Үгүй дээ, өглөөхөн л малдаа гарсан юм. Гэвч ингэж хүндлэх ёстой юм.  Бороонд цохиулав уу? Даарав уу? Норсон уу? Мал нь тогтов уу? Зүүн айлын мал хаах ьн явна. Миний хүүхдүүд гараарай, малынхаа барааг хараарай гэж уулгамчлахуй нөхөр нь гэж хүн бүгдэд нь

-өө гайгүй гайгүй, заа яахав яахав гэж нэг өнгөөр бараг нэг үгээр шахуу хариулаад норсон дээлээ тайлж галд аль ойрхон ханын толгойноос өлгөж магад. Бүснийхээ ормоор хуурай хүрэн дээл хананд өлгөгдөөд хормойн сэжүүрээсээ хатаж эхлэх шиг энэ гэрийн хүн та хоёр зугуу зугуухан яриа дэлгэсээр харгүй сайхнаар сэтгэлээ нээлцэх вий.

Айлд бороо өнгөрүүлээд мордох сайхан байдаг. Өнгөрсөн борооны үзүүр энүүхэн гануун дээр цайрч байхад мордох сайхан ч өнжөөд явмаар айл гэж байдаг. Сайхан айл, сайхан хүмүүстэй нутаг гэдэг сайхан болдог Салж явахдаа бодно бодмоор сайхнаас сайхны хооронд аж төрж явахад жаргал ирдэг.  

МӨ. БАТБАЯР 

Сэтгэгдэл хэсэг