Стивен Кинг: Бичих гэдэг хамгийн сайхан ажил

"Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л үйлийг тултал нь хий: их унш, их бич. Энэ хоёрыг тойрч гарах дөт зам гэж үгүй гэдгийг би ойлгосон" хэмээн Америкийн зохиолч Стивен Кинг “Бичихүйн тухай” туурвилчийн дурсамжийн номдоо бичжээ. “Тагтаа” хэвлэлийн газар энэхүү номыг тун саяхан уншигчдынхаа өмнө дэлгэн тавьсны учир "Paris Review" сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна. Тус ярилцлага “Тагтаа рэвью” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн. 

Аймшгийн зохиолын хаан гэгддэг зохиолч Стивен Эдвин Кинг 1947 оны есдүгээр сарын 21-нд Америкийн Мэйн мужийн Портланд хотод мэндэлжээ. Тэрээр 1967 онд “Шилэн шал” нэртэй өгүүллэгээ сэтгүүлд анхлан хэвлүүлж, уран бүтээлийн гараагаа албан ёсоор эхлүүлж байв. Кинг 1971 оноос Хэмптен хотын ахлах сургуульд хэл-уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн агаад багшлах хугацаандаа оройн цагаар болон амралтын өдрүүдээр зохиолоо бичдэг байжээ.1973 оны хавар Doubleday хэвлэлийн газар “Кэрри” романыг нь хэвлэснээр Кингийн нэр уран зохиолын ертөнцөд цуурайлах болов. Тэр цагаас хойш “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс” зэрэг 60 гаруй ном хэвлэсэн нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлсээр байна. Кинг 2003 онд Америкийн уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ АНУ-ын Үндэсний номын сангийн медаль, 2014 онд Үндэсний урлагийн медаль, 2018 онд Америкийн утга зохиолын PEN шагнал тус тус хүртжээ.

Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай номын зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантны өлмий бат оршиг!” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.

Бүхий л амьдралаа бичиж, туурвихад зориулж ирсэн, өдгөө 75 настай зохиолч 60 гаруй роман бичиж хэвлүүлснээс ихэнх нь дэлгэцийн бүтээл болсны дотор бид бүгдийн сайн мэдэх “It”, “Гялбаа”, “Керри”, “Шоушенкаас оргосон нь”  зэрэг олон кино бий. Энэхүү ном уншигчдад болоод урлан бүтээхүйн хүслээр дүүрэн залуу уран бүтээлчид, зохиолчид, хэн бүхэнд урам зориг, хичээл болох буй заа.

 

СУРВАЛЖЛАГЧ: Та хэдэн настайгаасаа зохиол бичиж эхэлсэн бэ?

СТИВЕН КИНГ: Итгэнэ үү, байна уу  өөрөө мэд. Би 6, 7 настайгаасаа бичиж эхэлсэн. Зүгээр л янз бүрийн комикс харж байгаад өөрийнхөө хувилбарыг зохиох маягтай. Гүйлсэн булчирхайн үрэвслээсээ болоод сургуульдаа ч явахаа байж, орондоо хэвтэж байх үедээ цаг нөгчөөх гэж тийм юм хийдэг байж л дээ. Бас бичиж эхлэхэд минь кино их нөлөөлсөн. Би кинонд ухаангүй дуртай хүүхэд байлаа. Ээж минь намайг Радио Сити Мюзик Холл руу дагуулж яваад “Бэмби” гэж хүүхэлдэйн кино үзүүлж билээ. Тэр кинон дээр гардаг байгалийн зураглал, ойн их түймэр зэрэг нь намайг үнэхээр алмайруулсан. Түүнээс ч болсон уу, бичиж эхлэхдээ зөвхөн дүрслэлд л хамаг анхаарлаа хандуулдаг байв. Тухайн үед миний мэддэг зүйл ердөө л тэр байлаа шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Томчуудын уншдаг зохиолуудыг хэдийнээс уншиж эхлэв дээ?

КИНГ: Мэйн рүү буцаж нүүснийхээ дараахнаас гэхээр 1959 оны үеэс юм уу даа. Насаар арван хоёртой л байсан санагдана. Тэр үед би манай гэрээс ганцхан гудамжны дээд талд байдаг сургуулийнхаа ганц том өрөөтэй дотуур байранд байдаг байлаа. Жаалууд бүгдээрээ нэг өрөөнд байрлана. Гаднаа жорлонтой. Хачин өмхий эд дээ. Манай хотод нэг ч номын сан байдаггүй байв. Гэхдээ долоо хоногт нэг удаа явуулын номын сан нэртэй ачааны битүү тэрэг ирнэ. Тэндээс нэг удаад гурван ном авч болох бөгөөд ямар ном авч байгааг чинь тоож шалгадаггүй болохоор заавал хүүхдийн ном авах шаардлагагүй. Тэр хүртэл би чинь Нэнси Дрю, Hardy Boys мэтийн юм л уншдаг байлаа шүү дээ. Тэндээс миний анх авсан ном нь Эд МакБэйний гэмт хэргийн романууд. Уншсан анхны боть дээр маань цагдаагийн хэдэн офицер нэг эмэгтэйг байцаахаар нийтийн орон сууцны шатаар өгссөөр очтол цаад хүүхэн нь дотуур сарафантайгаа зогсож байдаг юм. Өнөөх цагдаа нар түүнээс халаад ч болохнээ нөмрөхийг хүсэхэд хүүхэн хоёр гараараа хөхөө даран шахаж улам түмбийлгэснээ “Нүдэн дээр чинь үү, офицер оо!” гэж хэлдэг юм. Би ч ёстой алмайрч гүйцсэн шүү. Гэхдээ тийм зүйл тохиолдож болно, амьдралд байж болох л зүйл гэж би бодсон. Түүгээр л миний Hardy Boys, багачуудын үлгэрийн түүх төгссөн дөө. Ямар байсныг нь та төсөөлж байгаа биз дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Гэвч та алдартай зохиолуудаас эхэлж уншаагүй бололтой.

КИНГ: Тэр зохиолуудыг нь би мэдэхгүй, хэн ч надад хэлж өгдөггүй байлаа шүү дээ. Тиймдээ ч таарсан бүгдийг л уншсан. Нэг долоо хоног “Зэрлэгүүдийн дуудлага”-ыг, дараа нь “Чоно загас”-ыг, түүний дараагаас Грейс Металиусын романыг уншина. Бүр дараа нь “Үслэг саарал хүрэмтэй эр”-ийг уншина. Гарт юу таарч, санаанд юу орж ирнэ тэр бүхнийгээ л уншдаг байлаа шүү дээ. “Чоно загас”-ыг уншиж байхдаа би тэр бол Нищегийн үзэл санааны эсрэг Жек Лондоны шүүмж байсан гэдгийг мэдээгүй,  “МакТиг”-ийг уншиж байхдаа Фрэнк Норрис тэр зохиолоороо “Дэглэмийнхээ дарангуйлалд үргэлж балбуулсан бидэнд цоролзоод гараад ирэх өчүүхэн ч боломж үгүй” гэж хэлсэн гэдгийг, сайх ном өөрөө жинхэнэ натурализмын үлгэр болсон бичвэр гэдгийг ч анзаарч уншаагүй. Гэхдээ би тэднийг арай өөр түвшинд ойлгож хүртсэн л дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Зохиол бүтээлдээ ашигладаг эх сурвалж гэвэл амьдралын туршлагаас өөр юу нэрлэж чадах вэ?

КИНГ: Тухайн байдлаас шалтгаалаад өөр өөр л дөө. Хэдэн жилийн өмнө би Жон Толандын “Диллинжерийн өдрүүд” номын аудио хувилбарыг сонсож суулаа л даа. Тэр номд өгүүлэгдэх түүхүүдийн нэгэнд Жон Диллинжер найз Хомер Ван Метер, Жак Хамилтон нартайгаа шоронгоос зугтдаг юм. Гэвч Миссисипи мөрнийг гатлах үеэрээ Жак Хамилтон нь цагдаагийн офицерт ар нуруунаасаа буудуулаад үхчихдэг. Тэгээд л баахан үйл явдал өрнөдөг ч Толанд тэр бүхнээ нэг их сайн гүйцэтгэж чадаагүй. Тэр үхлийн дараа надад Толандын надад юу өгүүлэх нь ч, яг үнэн баримт нь чухам юу байсан нь ч сонин биш байсан. Тэр залуус шоронгоос хууль бусаар оргосон ч Америкийн адал явдалт үлгэр домгийн нутаг дэвсгэр лүү жинхэнэ хууль ёсоор нэвтрэн орж ирж буй нь тэр юм шүү дээ. Тийм залуусаар би өөрийн гэсэн зохиолыг амилуулах учиртай. Тэгээд л би “Жак Хамилтоны үхэл” нэрт зохиолоо бичсэн юм даа.

Заримдаа би кино ч ашигладаг. “Харанхуй цамхаг” нэрт долоон цувралын маань нэг болох “Каллагийн чононууд” зохиолдоо би Куросавагийн “Долоон самурай” киног өөрийнхөөрөө ахин шинэчлэхээр шийдсэн. Үндсэн түүхийг нь өөрчлөхгүй л дээ.  Тосгоны тариачид хамаг ургацыг нь тонохоор ирдэг дээрэмчдээс тариа буудайг нь хамгаалж өгөхийг нэгэн зэвсэгт бүлэглэлийнхнээс гуйна. Гэвч би зохиолд багахан өөрчлөлт хийхийг хүссэн. Миний хувилбарт бол дээрэмчид тариа будаа дээрэмдэхийн оронд хүүхдүүдийг нь хулгайлна.

СУРВАЛЖЛАГЧ: Та аль зохиолоо цаг хугацаанд тэсэж үлдэнэ гэж боддог вэ?

КИНГ: Энэ ч шоо хаяж шийдэх хэрэг дээ. Тавин жилийн дотор хэн хамгийн алдартай зохиолч болж дөнгөхийг ямар ч хүн хэлж чадахгүй шүү дээ. Уран зохиолын үнэ цэнийн хувьд ч хэн нь чухам тэнцэж үлдэхийг таахад хэцүү. Хэрвээ зуун жилийн дараа хүмүүс миний номуудаас  алийг нь худалдаж авсаар байх бол гэдгийг таах хэрэгтэй болбол би юун түрүүнд “The Stand” /Зогсолт/, “Гялбаа” хоёроо нэрлэнэ. Бас “Салемын хувь тавилан”-гаа нэрлэнэ. Учир нь хүмүүс цус сорогчийн элдэв адал явдалд эртнээс дуртай. Миний энэ зохиолын суурь нь ч цус сорогчийн сонгодог түүхээс улбаатай юм.

СУРВАЛЖЛАГЧ: Бичсэн зохиолуудаа эргэж харахдаа ямар нэг байдлаар дотор нь ангилж ялгадаг уу?

КИНГ: Миний зохиолуудыг хоёр хэсэгт ангилж болно. “Зогсолт”, “Цөхрөл”, “Харанхуй цамхаг” зэрэг нь илүү гадагшаа чиглэсэн зохиолууд. “Тэжээвэр амьтдын оршуулгын газар”, “Уй зовлон”, “Гялбаа”, “Долорес Клэйборн” зэрэг зохиол бол илүү дотогшоо бүтээлүүд. Уншигчид маань ихэнхдээ л гадна талын юмсыг илүү дөвийлгөсөн зохиолуудад дурладаг. Магадгүй ирээдүйд илүү дотогшоо чиглэсэн зүйлс уншдаг болж мэднэ. Нэг дор хоёуланг нь сонирхдог уншигч гэж ер байхгүй дээ.


 

СУРВАЛЖЛАГЧ: Найруулагч Стэнли Кубрик таны “Гялбаа” зохиолыг кино болгосон. Киноны талаар та ямархуу бодолтой байдаг вэ?

КИНГ: Хэтэрхий хүйтэн. Ямар ч сэтгэл хөдлөлгүй. Вендигийн дүрд тоглосон жүжигчин Шелли Дювалл байна... Зүгээр л нэг орилж хашхирсан амьтан. Тэр гэр бүлд түүний хэрэг гэж ерөөсөө ч байхгүй юм шиг. Кубрикт Жэк Николсонд “Дугуйн дээрх чөтгөрүүд ба махиусан тэнгэрүүд”, “Тайван аянчин” гээд өчнөөн олон кинонд гарчихсан мотоцикл унасан гажиг амьтны дүрээс нь арай өөр дүр оноочих чадал хүрээгүй л юм байх даа. Кубрик ёстой галзуу амьтан. Би лав түүний хийсэн киног үзээд ой гутсан.

СУРВАЛЖЛАГЧ: Та түүнтэй кино зохиолоо гаргахад нь хамтарч ажилласан уу?

КИНГ: Үгүй. “Гялбаа” романыг дэлгэцийн зохиол болгосон маань тэр киноноос хойш нэг телевизийн цувралын зохиол болсон л доо. Гэхдээ Кубрик миний тэр бичвэрийг киногоо хийхээсээ өмнө ядаж ганц ч удаа болохноо сөхөж хараагүй биз. Тэр зохиолыг маань ямаршуухан юм болгож өөрчлөхөө өөрөө маш сайн мэдэж байсан болохоор зохиолч Дайана Жонсоныг хөлслөөд өөрийнхөө хүссэн бүхнийг бичүүлсэн байгаа юм. Тэгээд л өнөөхөө хуулаад кино болгочихгүй юу. Тэр нь надад огт таалагдаагүй.

Яахав, үзээд суухад зураг авалтынх нь гял цал байдал нүд булаана л даа. Би бол түүнийг нь дотроо ямар ч хөдөлгүүр, эд ангигүй гял цал Кадиллак л гэж хэлнэ. Тийм зүйлийг уран баримал шиг гаднаас нь харж шагшрахаас өөр юунд ч хэрэглэж болдоггүй юм. Тэр кино уг нь чамд түүх өгүүлэх ёстой шүү дээ. Тэр бүх утгагүй юмсыг эс тооцвол Кубрикийн хийсэн ганц өөрчлөлт нь төгсгөлдөө бий. Миний роман дээр Жак Торранс хүүдээ хайртай гэж хэлчхээд зочид буудалтайгаа хамт дэлбэрчихдэг юм. Харин Кубрикийн кинонд тэр зүгээр л хөлдөөд үхчих нь тэр.

СУРВАЛЖЛАГЧ: Та ном бүрийнхээ өмнөтгөлд юм уу хаах үгэнд уншигчдаасаа номын талаарх санал сэтгэгдлээ ирүүлэхийг хүссэн байдаг. Яагаад тэгдэг юм бэ?

КИНГ: Уншигчид юу бодож байгаа нь надад үргэлж сонин байдаг. Тэгээд ч миний уншигчид тухайн зохиолынхоо оролцогч байхыг хүснэ шүү дээ. Уншигчид маань намайг өөрсдийнх нь саналын дагуу зохиолоо засаж өөрчлөхгүй гэдгийг мэднэ. Би бол “Бичсэн зохиол минь энэ байна... Харин энд та нарын саналаа хэлэх орон зай байна. Намайг зохиолоо яаж төгсгөвөл дээр гэж та бодсон бэ?” гэж л асуудаг хүн.

СУРВАЛЖЛАГЧ: Эхний гар бичмэлээ гараас гаргачихсаныхаа дараа юу хийдэг вэ?

КИНГ: Ямар ч зохиолын араас ядаж зургаан долоо хоног амсхийсэн дээр л дээ. Гэвч би тэр бүр тэгж ямбалж чадахгүй юм. “Гар утас”-ыг бичихдээ лав тэгж чадаагүй. Хэвлэн нийтлэгчид маань миний хоёр зохиол оччихоод байлаа л даа.  Нэг нь “Лисейгийн түүх”, нөгөө нь “Гар утас”. “Лисейгийн түүх” дээр би онцгойлон маш удаан хугацаагаар ажилласан. Харин “Гар утас”-ыг одоо цаасан дээр буух цаг минь боллоо гэж өөрөө хашхиртал нь маш удаан хугацаагаар тархиндаа боловсруулж явсан. Нэгэнт үүн дээрээ тулчихвал үг дуугүй дагах юм уу зөнгөөр нь гаргах хэрэгтэй. Тиймдээ ч “Гар утас” миний хувьд төлөвлөөгүй жирэмслэлт шиг л зүйл болсон доо.

СУРВАЛЖЛАГЧ: Өөрийнхөө нэр алдарт баригдаж буй мэт мэдрэмж танд төрж байв уу?

КИНГ: Хэрэв та надаас “Нэг юман дотор гацчихаад хүссэн зүг рүүгээ явж чадахгүй үе байдаг уу?” гэж асууж байгаа бол “Огтхон ч үгүй” гэж хариулах байна. Зарим хүн надад аймшгийн зохиолын мастер, новшийн юмс бичихдээ гаргуун эр, учир нь олдохгүй зүйлс эрээчигч гэх мэт элдвийн л шошго зүүдэг. Гэхдээ би өөрийнхөө чухам юу хийдгийг тодорхойлох гэж оролдох ч юм уу, тэдний зүүж өгсөн элдэв шошгын талаар гомдоллож ийш тийш захидал шидэж суудаггүй. Тийм юмны араас хөөцөлдөх нь хий агаарт зогсчхоод өөрийн бус өнгөөр дуу гаргах гэж оролдохтой л адил шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Таныг би чамгүй сайн ном цуглуулагч гэдгийг мэднэ.

КИНГ: Би тийм ч мундаг цуглуулагч биш л дээ. Надад Фолкнер, Драйзер нарын гарын үсэгтэй арав, хорин ном бий. Бас надад Карсон МакКюллерын “Алтан мэлмий дэх тусгал” бий. Би Карсонд маш их дуртай. Гэрт бол хуучны номууд хэдэн зуугаараа бий. Бас тавиад оны үеийн номууд их байгаа. Учир нь надад тэр үеийн номуудын хавтасны шийдэл их таалагддаг юм. Бас жараад оны үеийн нэлээд их порнограф бий. Ихэвчлэн Дональд Уэстлейк, Лауренс Блок нарын бичсэн порнографуудыг л цуглуулдаг байж дээ. Тиймэрхүү зүйлс харж суух нь зүгээр л хөгжилтэй байдаг юм.

СУРВАЛЖЛАГЧ: Та шинэ зохиолчдод сайхан үгс хэлэх, үе тэнгийнхнийхээ нэрийг зохиол бүтээлдээ дурдах гэх мэтээр бусад зохиолчдоо дэмжих гэж өөрийнхөө замаас үргэлж гажиж байдаг юм шиг ээ. Тэр олон зохиолчдын бүтээл танд үнэхээр таалагдсан болоод тэгдэг хэрэг үү?

KИНГ: Би сайн ном уншихаараа үнэхээр баярладаг. Бас номын зах зээл гэж хэчнээн жижигхэн зүйл болохыг мэднэ. Мань мэт бол зүгээр л гайхалтай хувь заяанд унасан улс. Тэр хувь заяагаа бусдадаа ч бас хүртээмээр байна шүү дээ. Би чинь богино өгүүллэгүүдээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн хүн. Түүнийгээ сэтгүүлүүдэд худалдаад л анх хөл дээрээ зогсохтойгоо болж байв. Ном бол өгүүллэг, өгүүлэл сэлтийг бодоход илүү даацтай зах зээл л дээ. Тиймдээ ч хаана юу байгааг хамгийн сайн мэдэхийн хувьд энэ нь ийм, тэр нь тийм гэдгийг зохиолч нөхдөдөө ч, уншигчдадаа ч хэлж өгч байх хэрэгтэй шүү дээ. .

СУРВАЛЖЛАГЧ: Та өөрийнхөө богино өгүүллэгүүдийг хэзээд нь бичдэг хүн бэ?

КИНГ: Ихэнхдээ л романуудынхаа зай завсраар бичдэг дээ. “Лисей”, “Гар утас” хоёроо бичиж дуусгасныхаа дараа хамаг бүхнээ шавхчихсан юм шиг хоосорчихсон. Ахиад нэг роман эхлэх гэсэн боловч үнэхээр чадал хүрэхгүй байхаар нь ганц хоёр өгүүллэг бичлээ. Дараа нь Америкийн шилдэг өгүүллэгийн түүврийг эмхэтгэх гэж арав, хорь, гуч, дөч, зуу зуугаар нь өгүүллэг уншлаа. Тэгж байж л арайхийж нэг шинэ роман эхлэх хүчтэй болов шүү дээ. Би нэг бүтээл дээр сууж байхдаа дараа нь бичих өөр нэг бүтээлээ толгойдоо давхар бясалгаж байдаг. Гэвч тэрийгээ өмнөхийнхөө хажуугаар оруулаад бичээд эхэлж чадахгүй шүү дээ. Яг л гудамжинд зөрөлдөх хүүхнүүдийг харахгүй гэж байдгаараа хичээх саяхан гэрлэсэн залуу шиг.

СУРВАЛЖЛАГЧ: Та зохиолуудаа зарж борлуулах гэж маш олон арга хэрэгжүүлж байсан хүн. Цувралаар гаргах, интернэт ном болгох, шинэ номынхоо төгсгөлд дараа гаргах номоосоо эшилж оруулах гээд л. Хэрэгжүүлэхээр бодсон илүү далайцтай арга үлдсэн үү?

КИНГ: Үгүй дээ. Би ердөө л хоёр бодисыг холиод дундаас нь юу гарахыг харах гэж суугаа жаалхүүгийн аашаар л ингэчихвэл яах бол, тэгчихвэл яах бол хэмээн сониучирхаж суугаа хүн. Интернэтээр зохиолоо түгээх нь хэвлэн нийтлэгчдэд хандаж “Харж байна уу? Надад заавал та нараар дамжуулж зохиолуудаа гаргах шаардлага алга” гэж хэлэх хамгийн сайхан арга ч байж болох юм. Бас аливааг шинэ соргогоор нь хадгалахад миний тэр зан их хэрэг болдог.

СУРВАЛЖЛАГЧ: Зохиол бүтээлээрээ мөнгө олох нь таны хувьд амин зуулгаа залгуулах хэрэгцээнээс өөр түвшинд очсон байх гэж тааварлаж байна. Эсвэл мөнгө танд одоо ч чухал хэвээрээ юу?

КИНГ: Миний бодлоор хүн хөдөлмөрөө үнэлүүлдэг байх учиртай. Өглөө бүр би сэрүүлгийн дуугаар сэрж, хөлийн дасгалаа хийснийхээ дараа компьютероо асаагаад зохиолоо бичиж эхэлдэг. Үд дунд болоход хамаг нуруу нугас хөшөөд, маш их ядарсан байдаг шүү дээ. Би өмнөхийн адилаар, эсвээс өмнөхөөсөө ч илүү шаргуу хөдөлмөрлөж байгаа болохоор хөдөлмөрөө тэр хэрээрээ үнэлүүлэхийг хүснэ.

СУРВАЛЖЛАГЧ: Бичиж туурвих нь нэг төрлийн донтолт мөн болов уу?

КИНГ: Би мөн гэж бодож байна. Бичиж байгаа юм маань олигтой болохгүй байлаа ч түүнийг бичихээ л больчихвол нэг л тавгүйрхээд, зүгээр сууж болдоггүй юм шүү дээ. Бичих гэдэг бол хамгийн сайхан  ажил. Гарын дороос сайхан юм гараад байвал гайхалтай, сулхан юм гараад байвал, яахав болж л байна гэж хэлнэ дээ. Аль ч тохиолдолд зохиол бичих бол цаг нөгчөөх хамгийн сайхан ажил.

СУРВАЛЖЛАГЧ: Та АА цуглаандаа /Архинд донтогсдын/ явдаг хэвээр үү?

КИНГ: Явж байгаа. Хэвийн амьдралдаа орох гэж хичээж л байна шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Тэр цуглааны шашны талыг нь та яаж хүлээж авч байна даа?

КИНГ: Тэрийг нь би огтхон ч тоохгүй дээ. Хүмүүс нь надад итгэл төрөхгүй байвал зүгээр л итгэж буй мэт дүр үзүүлэхэд болно. Тэгж байтал аяндаа итгэл төрнө гэдэг юм.  Ийм асуудал над шиг олон хүнд тулгардаг ч тэд цуглаанаа орхидоггүй. Тиймээс ч би өглөө бүр өвдөг сөхрөн суугаад “Бурхан минь, архи, мансууруулах бодисын талаар бодол, хүсэл бүрийг минь үлдэн хөөгөөч” гэж залбирдаг. Бас орой нь ахиад л өвдөг сөхрөөд “Намайг архи, мансууруулах бодисоос хамгаалсанд тань баярлалаа” гэж хэлдэг.

Энэ тухай яриа сөхөгдөх бүрд би хүмүүст Жон Уотерсийн эм хүний дүрд хувиран тоглодог Дивайн гэгчтэй хамтарч хийсэн “Ягаахан фламингонууд” хэмээх нэртэй киног ярьж өгдөг юм. Тэр кинонд Дивайн замын хажууд байсан нохойн жогорхойг идэж байгаа нэг хэсэг гардаг. Хүмүүс найруулагч Уотерсоос энэ хэсгийнх нь талаар дандаа асуудаг байж л дээ. Эцэст нь мань эр тэсвэр алдаад “Сонсож бай. Тэр чинь ердөө л нэг муу жогорхой байсан ч гэсэн Дивайныг од болгож чадсан жогорхой юм шүү” гэсэн гэдэг. Миний хувьд ч гэсэн бурхан тэнгэрийн тухай тэр бүх яриа нь ердөө л нэг нохойн жогорхой төдий юм шүү дээ. Харин архинд донтолтын эсрэг тэр цуглааны анагаах хүчинд л итгэчих аваас элдэв мансууруулах зүйлсэд донтохоо больчих боломжтой.


 

СУРВАЛЖЛАГЧ: Одоо та The New Yorker – т байнга юм бичдэг, Үндэсний номын шагнал болон олон улсын нэр хүнд бүхий олон шагналаар шагнагдсан, нөлөө бүхий зохиолч болжээ. Залуухан зохиолч байснаасаа илүү хариуцлагатай түвшинд биеэ авч явах хэрэгтэй болсон нь дамжиггүй. Уран бүтээлийн ажлаас одоо ч хүчтэй урам зориг авсан хэвээр байна уу?

КИНГ: Олон зүйл өөрчлөгдөж дээ. Юу юу болж өнгөрснийг мэдэж байна уу? Хэрвээ чамд жаахан ч болов авьяас заяагаад түүнийгээ чинээнд нь тултал хөгжүүлэхийг хүсэж юу ч тохиолдсон ухралгүйгээр зүтгэчихвэл та ажилдаа өөрийн эрхгүй хариуцлагатай хандаад ирнэ. Чиний зохиолыг уншиж өссөн хүмүүс уран бүтээлийн чинь нэгээхэн хэсэг болчихно. Тэд ч бас чамайг туулж өнгөрсөн зам замналынхаа нэгээхэн хэсэг мэтээр үзэх болно. Мартин Льювин миний “Зогсолт” романы тухай The New York Times –т бичихдээ “Энэ роман бол муу ёрын хүчнийхэнд тахал шиг л хүчтэй үйлчлэх эд” гээд “Яг л “Рөүзмэригийн хүүхэд” гэсэн үг” гэж билээ. Түүнийг нь уншаад би “Бурхан минь. Би энэ залуугаар ийм үг хэлүүлэх гэж л энэ номоо гурван жил нухлаа шүү дээ” хэмээн дуу алдаж байв. Би ямархуу байр суурьтай зохиолч вэ? гэдэгтээ үргэлж анхаарал хандуулдаг. Юу хийж байгаагаа маш сайн мэдэж байдаг болохоор хүмүүс  намайг та өмнөхөөсөө сайжирчээ гэж хэлбэл тийм ч таатай санагддаггүй.

Одоо би жар гарч явна. Магадгүй надад ахиад жаахан эрчтэйхэн ажиллачих арав эсвэл арван таван жил үлдсэн байх. Тиймээс ч би өөрөөсөө “Уг нь надад хангалттай цаг байна. Энэ хугацаанд амжаад илүү дээр юм бичиж чадах болов уу?” гэж асуудаг.  Одоо надад мөнгө хэрэггүй. Бас зохиолоос минь сэдэвлэсэн киноныхоо тоог ч нэмэх хэрэг алга. Элдэв кино зохиол бичих ч хэрэг алга. Ахиад нэг ийм данхайсан байшин худалдаж авах ч хэрэггүй. Харин “Лисэйгийн түүх”-ээс сайн ганц роман л бичихийг хүсэж байна. Гэхдээ чадах эсэхээ мэдэх юм алга. Тэнгэр минь, өөрийгөө давтчихгүй юм шүү л гэж бодох юм. Гэхдээ элдэв хогийн юмс ч бичмээргүй байна. Зүгээр л ажлаа үргэлжлүүлмээр байна. Хамаг бүхнээ шавхчихсан гэдэг яриаг үгүйсгэмээр байна шүү дээ.


Орчуулсан Б.Баясгалан


 


 

Сэтгэгдэл хэсэг