Өнөөдөр Яг энэ цаг мөчид уран бүтээлч байх тухай ярина. Энэ тухай ярихаар ихэнх хүний уур цухал хөдөлж, сөргөх л гээд байдаг юм. “Урлагаар талхны мөнгөө олох биш. Сургуульд сурах хэрэгтэй, ажилд орох хэрэгтэй. Хүүхдүүдээ дамжаанд явуулах ёстой. Толгой өөд татах завгүй ажиллаж байна. Урлаг, уран сайхан гээд явж байх цаг алга.” гэж боддог. Энэ цаг мөчид уран бүтээлч байхад саад хийх зуу зуун шалтгаан бидэнд олдоно. Тэр бүх шалтгаан гэнэт л толгойд чинь харван орж ирдэггүй гэж үү?
Бид чухам яагаад гэж уран бүтээлч байх ёстойгоо сайн мэдэхгүй. Гэсэн атлаа уран бүтээлч байж чадахгүй өчнөөн шалтгаан мэднэ. Хүмүүс яагаад урлагтай холбогдох санаа сэдлээ шуудхан үгүйсгэдэг юм бол. Магадгүй та урлаг бол цолгорсон авьяас билигтэй нэгэнд эсвэл мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн хүмүүст зориулсан зүйл гэж боддог байх. Та бүхний зарим нь өөрийгөө урлаг гээч зүйлээс харь хөндий гэж бодож яваа. Тийм ч байж магадгүй. Гэхдээ би л лав тэгэж бодохгүй байна. Бид төрөхдөө л уран бүтээлч байдаг. Хэрэв та хүүхэдтэй бол миний юу хэлээд байгааг ойлгоно. Бараг хүүхэд бүр урлаг бүтээж чаддаг. Тэд ханан дээр өнгийн шохойгоор зурж, зурагтаар гарч буй Сон Дан Бигийн бүжгийг дуурайж бүжиглэдэг. Гэхдээ тэр бүжиг Сон Да Бигийнх биш өөрийнх нь бүжиг болж хувирдаг юм. Эв хавгүй ч хамаагүй бүжиглэж, хүмүүсийг дуул гэж шахна. Тэр бүхнээ бүхэл өдөржин давтан үзүүлдэг юм хойно аав ээж нь л тэвчиж үзэх байх л даа. Үнэнийг хэлэхэд хүүхдүүдтэй хамт байхдаа хүмүүс жаахан ядраад байдаг. Хүүхдүүд заримдаа ганц хүний жүжиг тоглоно. Тоглож наадаж байгаа нь л ганц хүний жүжиг шүү дээ.
Зарим хүүхдүүд жаахан том болохоороо худлаа ярьж эхэлдэг. Хүүхдийнхээ анх хэзээ худлаа ярьсныг аав ээжүүд сайн санаж байдаг даа. Тэгээд бүр гайхаш нь барагдаж, “Гууль нь цухуйж байна уу даа” гэж ээж нь хэлнэ. Дотроо “Энэ хүүхэд яагаад аавыгаа өвчсөн мэт дуурайчихав?” гэж бодохыг яана. “Ямар л хүн болох гээд байна даа?” гэж хүүхдээ зэмлэнэ. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Хүүхэд худал хэлж эхэлсэн мөчөөсөө үлгэр, түүх өгүүлж буй нь тэр шүү дээ. Огт үзэж, хараагүй зүйлсийнхээ тухай ярьж гарна. Энэ бол гайхамшигт мөч шүү. Аав, ээжүүд минь ээ, үүнийг харин ч тэмдэглэх хэрэгтэй. “Хүү маань ингээд худлаа ярьж эхэллээ шүү дээ.” гэж баярлаж, найр наадмын дайтай тэмдэглэх нь.
“Ээжээ, яасан гээч! Би сая гэр лүү ирж яваад харь гарагийн хүнтэй таарлаа.” Жирийн нэг ээж бол “Утгагүй юм ярихаа боль,” гэж хэлэх вий. Харин уран сэтгэмжтэй, догь аав, ээж бол “Тийм үү? Харийн хүн хараа юу? Ямаршуу царай төрхтэй юм бэ дээ? Үг сольж амжив уу? Яг хаана таарав? Аан, дэлгүүрийн урд таараа юу?” гэнэ. Хэрэв та хүүхэдтэйгээ энэ мэтээр ярилцвал эхлүүлсэн яриагаа үргэлжлүүлж баяжуулна. Төд удалгүй тэндээс түүх амилаад ирнэ. Хүүхдийн зохиосон түүх л дээ. Гэхдээ нэг өгүүлбэрээс нөгөө өгүүлбэрийн хооронд бодож сэтгэнэ гэдэг мэргэжлийн зохиолч миний хийдгийг л хийж буй хэрэг. Мөн чанарын хувьд ялгаа байхгүй. Ролан Барт нэг удаа Густав Флоберийн зохиолуудын тухай ярихдаа, “Флобер роман бичээгүй. Нэг өгүүлбэрийг дараагийн өгүүлбэртэй холбосон юм. Өгүүлбэр хоорондын сэтгэл татам холбоосууд нь түүний зохиолын мөн чанар” гэсэн юм. Нээрээ ч тийм шүү, ялангуяа роман бичнэ гэдэг нэг өгүүлбэр бичээд эхний өгүүлбэрийнхээ утгыг хөсөрдүүлэлгүй дараагийн өгүүлбэрээ бичихийг л хэлээд байгаа юм. Хооронд нь холбох ажлаа үргэлжлүүлээд л явна даа.
Энэ өгүүлбэрийг харцгаая: “Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр.” Энэ бол Франц Кафкагийн “Хувирал” туужийн эхлэл. Маш үнэмшилгүй, үндэслэлгүй өгүүлбэр. Гэтэл үүнийгээ зөвтгөж, цааш нь залах хэрэгтэй. Кафкагийн уг зохиол орчин үеийн уран зохиолын шидээвэр бүтээл. Кафка зохиолоо аавдаа уншиуулаагүй л дээ. Тэр хоёр таагүй харилцаатай байлаа. Бичмээр байгаагаа л бичсэн нь энэ. Хэрэв аавдаа харуулсан бол “Хүү минь чи явж, явж бүрмөсөн будилж гүйцжээ” гэх байсан биз. Гэхдээ урлаг угаасаа үл ялиг солиотой байхын нэр шүү дээ. Дараа дараагийн өгүүлбэрээ зөвтгөн, баталж, хүүхдүүдийн ярьдаг бүхнээс нэг их ялгаагүй зүйлсийг өгүүлэх болно. Дөнгөж худал ярьж эхэлж байгаа хүүхэд үлгэр түүх хүүрнэх эхний алхамаа хийж буй нь тэр. Хүүхдүүд урлаг бүтээхдээ ядарч цуцахыг мэдэхгүй хөөр баяртай байдаг. Хэд хоногийн өмнө би Жэжү арал дээр явж байлаа. Далайн эрэг дээр байсан хүүхдүүдийн ихэнх нь усаар тоглож байв. Зарим нь элсэн дээр тоглож байлаа. Уулс, далай тэнгис, за тэнгис нь арай юу юм. Нохой, хүн гэх мэт янз бүрийн зүйлс элсээр хийж байв. Гэтэл аав, ээжүүд “Давалгаа бүгдийг нь хамаад л явчихна шүү дээ.” гэх нь дуулдана. Шулуухан хэлбэл, энэ чинь хэнд ч хэрэггүй. Ийм юм хийх хэрэггүй л гэж байгаа нь тэр. Гэвч хүүхдүүдэд юу ч гэж хэлсэн хамаагүй. Тухайн цаг мөчдөө хөгжилдөж, элсэн дээр тоглосоор л байх аж. Хүний үгэнд ороод тоглож байгаа юм биш. Дарга нь ч юм уу, эсвэл өөр хэн нэгэн ингэ тэг гэж хэлээгүй. Зүгээр л тоглож буй нь тэр.
Таныг хүүхэд байхдаа эгэл жир бүхнээс хөөр баяр мэдэрдэг байсан гэдэгт итгэлтэй байна. Оюутнуудаа хамгийн жаргалтай үеийнхээ тухай бич гэхээр ихэнх нь хүүхэд ахуй цагтаа мэдэрч туулсан урлагтай ямар нэг сэжмээр холбоотой дурсамжаа бичдэг юм. Анх удаа төгөлдөр хуур тоглож сурснаа, найзтайгаа тоглож байснаа, нийлж алиалж явсан тухайгаа бичнэ. Хуучин камераар анхныхаа кино зургийг авч байсан үеэ дурсдаг юм. Сайхан цаг мөчүүд гарцаагүй байсан л байж таараа. Мөнөөхөн урлаг л таныг жаргалтай болгож байсан нь тэр. Яагаад гэвэл энэ чинь ажил төрөл биш. Ажил таныг жаргалтай болгодог уу? Ихэнхдээ л хэцүүхэн биз. “Ажил гэдэг чинь хүний мөн чанарын эсрэг зүйл. Ажил биднийг ядраадаг нь үүний бат нотолгоо.” гэж Францын зохиолч Мишель Турнер хэлжээ. Буруу биш байх аа. Ажил хөдөлмөр гэдэг бидний уг чанарт хамаатай сан бол юунд ингэтлээ ядрах билээ.Тоглож байхдаа ядрахыг мэддэггүй. Шөнөжингөө тоглосон ч чадна аа даа. Хэрэв шөнөжин ажиллавал илүү цагийн хөлс авна. Ажиллана гэдэг ядарч, залхмаар байдаг хойно. Гэтэл хүүхдүүд зугаацаж тоглонгоо л урлаг бүтээчихдэг. Зарж худалдах гэж зураг зурдаггүй. Орон гэртээ талхны мөнгө олж ирэх гэж төгөлдөр хуур тоглодоггүй. Яах вэ, энэ бүхнийг зайлшгүй хийдэг хүүхдүүд бий. Гэр бүлээ тэжээхийн тулд Европыг тойрон аялан тоглолт хийдэг байсан Вольфганг Амадей Моцарт нэг жишээ нь.
Харамсалтай нь, өнөөх хөгжилтэй зугаатай урлаг гэгч нь дуусах цаг ирдэг. Хичээл номдоо шамдаж, гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Балет, төгөлдөр хуурын дугуйланд явсан ч тэр бүхэн зугаатай санагдахаа больчихдог. Хийх ёстой, уралдаан тэмцээн болоод явчхаар яаж ч хөгжилтэй байх билээ. Бага сургуульд орчихоод ханан дээрээ зураад л байвал ээждээ зэмлүүлнэ. Нас чинь яваад байхад уран бүтээлч шиг аягласаар байвал үгүй ээ, мөн их дарамт мэдэрнэ. Хүмүүс үг, үйлдлийг чинь шүүж, аятай тохитой байгаач гэж хэлнэ.
Би наймдугаар ангид байхдаа Кёнбоккун ордонд нэг зургийн уралдаанд оролцсон юм. Чадлаараа л хичээж зурлаа. Багш хойгуур урдуур холхиж байснаа “Чи юу хийгээд байна аа?” гэж асуув. “Хичээгээд, зургаа зурж байна.” гэж би хэллээ. “Яагаад ганцхан хар өнгөөр будаад байгаа юм бэ?” Би зургийн дэвтэр дээрээ чинхүү мэрийн зурж байв. “Түнэр харанхуй шөнө мөчир дээр хэрээ сууж байгаа юм аа.” гэж тайлбарлалаа. Тэгтэл багш, “Сайн байна, Ионгха, чи зурахдаа сайн биш байж болох ч үлгэр түүх хүүрнэх дориун авьяастай юм” гэв ээ. Зүгээр л тэгэж хэлээсэй гэж би дотроо хүссэн байх. Үнэндээ “Наашаа гараад ир, муу золиг минь.” гэж багш хэлсэн. “Наашаа хурдан гараад ир чи.” гэж ирээд л. Кёнхоерү ч юм уу, газар ус зурах ёстой байсан байх. Даанч би зургаа тэр чигт нь хараар будаж суулаа. Багш намайг шоовдорлож, гадуурхсан. Тэнд их олон охид байсан юм. Ичиж гомдсон гэж жигтэйхэн. Юу ч хэлж тайлбарлаад ер сонсоогүй. Учиргүй их шүүмжлүүлснээ л санаж байна. Хэрэв сайн багш сан бол миний өмнө нь хэлсэнчлэн, “Ионгха чи зурахдаа муу байж болно оо, гэвч үлгэр, түүх өгүүлэх төрөлхийн авьяастай юм.” гээд хэлчихсэн бол намайг урмаар тэтгэх байлаа. Гэвч тийм багш даанч ховор л доо. Өсөж том болоод их сургуульд орсон хойноо би Европын олон галерейгаар явж үзэхдээ үнэхээр шударга бус юм гэж бодсон. Намайг Кёнбоккун ордонд анхны зургаа амандаа зуучихаад нүд үзүүрлэгдэж зогсоход тийм бүтээлүүд Базел хотын галерейн хананд өлгөөтөй байжээ. Зарим бүтээлүүд ханын цаас шиг л харагдаж байлаа. Орчин үеийн урлаг. Тэр бүтээлүүд минийх шиг хөөрхийлөлтэй, доголон хувь заяа туулах шаардлагагүй байсныг хожим ойлгосон. Ихэнх нь нэр ус ч үгүй, гарчиг сэлтгүй байлаа. Ямартай ч хорьдугаар зууны контемпрари урлаг бол ямар нэг хачирхалтай зүйл бүтээж, хоосон зайг утга учир, тайллаар дүүргэх байжээ. Миний зурсантай эгээ адил юм даа.
Гэхдээ миний зураг түүхий байсан нь дамжиггүй. Тэгэхээр алдартай бүтээлээр жишээ авцгаая. Пикассогийн бүтээл. Дугуйны эмээл дээр бариул наачихаад “Бухын толгой” гэж байгаа юм. Үнэмшилтэй сонсогдож байгаа биз? Бас суултуурыг буруу тийш харуулж тавиад “Усан оргилуур” гэж нэрлэжээ. Дюшаны бүтээл. Аливаа бүтээлийн тайлбар хийгээд хачирхмаар бүтээлийн дунд орших хоосон зайг өгүүлэх түүхээр дүүргэж болно. Энэ чинь л орчин үеийн урлаг гэдэг нь юм байна. “Би харж буйгаа биш бодож байгаагаа зурдаг” гэж Пикассо хэлж л дээ. Тэр үед Пикассогийн энэ үгийг мэддэг байсан ч бол зургийн багштай дориухан маргаж чадах байлаа. Бидний дотор оршдог бяцхан уран бүтээлчид урлан бүтээхэд хориг саад хийдэг хүмүүсийг сөрж ч амжилгүй амь тавиад хашигдаж, түгжигддэг нь харамсалтай. Цоожлуулсан бяцхан уран бүтээлчид чухам хаачдаг юм бол, мэдрэмж үгүй болдог болов уу? Бүтээх хүсэл тэмүүлэл алс тэртээ, өр мөргүй одчихдоггүй юм билээ. Илэрхийлэхийг хүсдэг хэвээр.
Бүтээлч хүсэл бөхөж, өнөө урлаглаг мэдрэмж нь хар бараанаар илэрч гардаг. Караокед хэн нэгэн “She’s gone” ч юм уу “Hotel California” дуулж, гитар тоглож буй мэт аяглаж байдаг шүү дээ. Ихэнхдээ чихэнд чийртэй сонсогдоно оо. Зарим нь клубт очиж бүжиглэнэ. Түүх хүүрнэх хүсэл тээж явдаг хүмүүс шөнөжин цахим орчноор хэсэж элдэв сэтгэгдэл бичнэ. Бичиж, туурвих авьяас нь хар бараанаар илэрч буй хэрэг. Заримдаа аавууд легогоор тоглож, хуванцар робот угсарч суухдаа хүүхдээсээ илүү хөөрцөглөж харагддаг. “Битгий хүрээрэй, аав нь хийгээд өгье.” гэнэ. Хүүхдийнх нь сонирхол хэдийн буураад, өөр юм хийгээд явчихсан хойно аав ганцаараа цайз бариад л суугаад байна. Чухам энэ чинь л бидний доторх уран бүтээлч чанар харьчихаагүй, нуугдчихсан явааг харуулаад байгаа юм. Даанч голцуу сөргөөр, атаархлаар ч юм уу илэрнэ. “Би зурагтаар гарвал догь оо” гэдэг дуу байдаг даа. Зурагтын сувгуудаар нэгэн цагт бидний хийхийг хүсдэг байсныг хийж, хүрч чадаагүйд хүрчихсэн хүмүүс гараад байдаг. Бүжиглэнэ, жүжиглэнэ, дуулна. Тэгэх тусмаа олны бишрэл, хүндлэлийг хүлээнэ. Тэгээд л хор шар хөдөлж эхэлдэг байх. Бүгд удирдлага барьсан дарангуйлагч болон хувирч, үзэж харж буй юмаа шүүж эхэлнэ. “Жүжиглэж чадахгүй байна. Ингэж дуулна гэж юу байх вэ дээ. Ая дангаа олохгүй л байна даа.” гэх мэтээр торох юмгүй хэлнэ. Атаархаж байгаа нь тэр. Гэхдээ чөтгөрийн муу санаатайдаа биш юм шүү. Бидний дотор өнөөх бяцхан уран бүтээлчид нуугдсаар л байгаа нь тэр.
Тэгээд одоо яах вэ байз? Яг одоо л өөрсдийн урлагийг бүтээж эхлэх хэрэгтэй. Энэ мөчид, зурагтаа унтрааж, интернэтээ салгаад ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Миний багшилдаг сургуульд жүжиглэх ур чадварын хичээл ордог юм. Энэ хичээлээр оюутан нэг бүр жүжигт оролцдог. Жүжигчнээр сурдаг байлаа гээд заавал жүжиглэх албагүй л дээ. Жүжгийн зохиол бичиж болно, гэх мэт. Зохиолчид ч тайзны ажилд оролцож болно. Оюутнууд эхэндээ жүжиглэж чадах үгүйдээ эргэлздэг л юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа их л зугаатай байгаа харагддаг. Жүжигт оролцон тоглож буй хүн зүдэрч байхыг би ер үзээгүй. Сургуульд, цэрэгт, тэр ч байтугай сэтгэцийн эмнэлэгт хүмүүсийг нэг л удаа жүжиглүүлэх гээд үзээд алдвал дуртай л байдаг. Жүжиглэж байхдаа чин сэтгэлээсээ баярлаж, хөгжилдөж байгаа олон хүнийг би армид байхдаа харсан.
Бичих ур чадварын хичээл дээр оюутнууддаа нэг тусгай даалгавар өгдөг юм. Манай ангид энд сууж байгаа та нар шиг бичих ур чадвараар мэргэшээгүй олон оюутан байдаг. Хөгжмийн чиглэлээр сурдаг оюутнууд өөрсдийгөө бичиж чадахгүй гэж боддог. Хоосон цаас бас маш энгийн сэдэв өгнө. Хүүхэд ахуйд чинь тохиосон хамгийн азгүй явдлынхаа тухай бич. Гэхдээ нэг нөхцөлтэй. Яг л галзуу солиотой юм шиг, юманд хөөгдөж буй мэт тасралтгүй бичих ёстой шүү! Би “За бичээд байгаарай!” гэж үүгээр түүгээр холхингоо оюутнууддаа ташуур өгнө. Тэд маань ч галзуурсан аятай нэг юм уу, хоёр цаг бичнэ. Ердөө эхний таван минутад юу бичихээ бодно. Удаан азнаж бичих юм бол есөн шидийн бодол толгойд эргэлдээд байдаг учир солиотой юм шиг бич гэдэг юм. Урлагийг үгүйсгэгч мөнөөхөн чөтгөр сэм гэтэж л байгаа. Тэр чөтгөр чамд бичиж чадахгүй байх зуу зуун шалтгаан шивнэнэ. “Хүмүүсийн элэг доог болох нь ээ. Маруухан л юм бичиж байна даа! Юу гээчийн өгүүлбэр вэ. Бичгийн хэв чинь авах юм алга аа.” гээд л... Харин чи чөтгөрт гүйцэгдэлгүй хар хурдаараа гүйх хэрэгтэй. Нэг оюутан чанх урд минь суугаад харандаагаар 40–60 минут галзуу юм шиг бичсэн. Маш сайн бичвэр байж билээ. Оюутнууд маань нэг талаар хяналтгүй болчихож байгаа юм. 30-40 минут өнгөрсний дараа юу бичиж байгаагаа ч мэдэхгүй бичсээр л байдаг. Яг тийм үед л өнөөх өөнтөгч чөтгөр ор мөргүй замхардаг. Чухам яагаад уран бүтээлч байж чадахгүй вэ гэдгийг сануулах зуу зуун шалтгаанаас илүү урлан бүтээх чадах ганцхан шалтгаан байх хэрэгтэй. Ганцхан шалтгаан байхад л уран бүтээлч болж чадна. Зүрх сэтгэл дэхь өнөөх чөтгөрөө унтуулаад урлагаа бүтээж эхлэхэд дайснууд тойргийн гадна үлддэг. Ихэнхдээ л аав, ээжүүд маань “дайсан” болж бидэнтэй нүүрэлдэх вий. Заримдаа хань ижлийн дүрээр ирэх нь ч бий. Бүтээлч байхад чинь саад тотгор болохоор түрхэн зуур зүсээ хувиргаж ирсэн нь тэр. ”Жүжиглэх гээд үзээд алдъя.” гэж хэлэх үед эсвэл “Итали дуу сурмаар байна.” гэхэд чинь “Жүжиглэх ий? Яах гэж тэр вэ?” гэх шидэт асуултаа асууж мэднэ. Гэвч “яах гэж?, юуны тулд” хэмээх асуултууд урлагт хамаагүй. Урлаг бидний зүрх сэтгэлийг ундаалж, баяр жаргал мэдрүүлнэ. Сэтгэлээ уудлахад дэм болж, архи дарс, мансууруулах бодисгүйгээр аз жаргалтай амьдрах итгэл өгнө. Нойтон хамуу шиг ийм асуултыг сөрөх зориг зүрхтэй байх учиртай. “Яах вэ дээ, зүгээр л хөгжилдөх гэсэн юм” гэж хариул. Юу ч болсон хүссэнээ хийх л болно.
Ирээдүйд хүн бүр олон талаар баялаг уудам дотоод ертөнцтэй, уран бүтээлч байгаасай гэж би хүсдэг. Нэг удаа Нью-Йоркт такси бариад арын суудалд суулаа. Урдах дэлгэцээр жүжиг гарч байх юм. Би жолоочоос “Энэ юу гараад байна?” гэж асуулаа. Жолооч “Миний танилцуулга байгаа юм аа” гэв. “Та юу хийдэг хүн бэ?” гэж асуутал “Би жүжигчин” гэж хариулав. Тэр хүн таксины жолооч бас жүжигчин ажээ. “Та ямар дүр бүтээдэг вэ?” гэж би асуув. “Лир Вангийн дүрд тоглодог” гэж бахархалтай нь аргагүй хариуллаа. Лир Ван. “Чухам хэн байхыг минь хэн надад заана гэж?” Би ийм л дэлхий ертөнцийг мөрөөддөг. Өдөр нь гольфчин, шөнө нь зохиолч байж болно. Аль эсвэл таксины жолооч атлаа жүжигчин, санхүүч атлаа зураач байж болно. Нууцлаг эсвэл нүднээ ил өөрийн урлагийг бүтээж, үзүүлж чадна.
1990 онд модерн бүжгийн мастер Марта Грэм Солонгост ирсэн юм. Тэр агуу уран бүтээлч ерэн насандаа Кимпо нисэх онгоцны буудалд газардахад сурвалжлагч, “Яавал тан шиг бүжигчин болох вэ? Залуу бүжигчдэд юу гэж зөвлөх вэ?” гэж асуужээ. “Зүгээр л хийж үз” Ердөө л энэ гурван үгийг хэлчихээд нисэх буудлаас гараад явчихсан. Тэгэхээр бид яах ёстой вэ? Яг одоо, шуудхан л уран бүтээлч байя. Гэхдээ яаж? Зүгээр л хийж үз!
Баярлалаа.
Зохиолч Ким Ионгха
Орчуулагч Базаррагчаагийн Дэлгэрмаа





1
2
3
Сэтгэгдэл хэсэг