"Би зохиолууддаа хайрын тухай бичдэг. Гэхдээ хайр сэтгэлийн тухай биш. Бид бусадтай харилцахдаа өөрийгөө хэр зэрэг олж харж ойлгодог, өөрийгөө хэр их хайрлаж болох тухай өгүүлэхийг хүсдэг юм."
Зохиолчоос яриа авах амаргүй байлаа. Илэн далангүй олон зохиолчтой уулзаж байсан ч Сун Вон Пёнг даанч шулуун шударга ажээ. Зохиол бүтээлүүд, кинонууддаа хэдийн шингээсэн тул амьдрал дээрээ үг өгүүлбэрээ гоёчлох огтоос хэрэггүй мэт. Шулуун шударга атлаа хахир яхир биш. “Ингэж хэлэх хэрэггүй байх л даа” хэмээн үе үе хэлэх ч бодол санаагаа нуухын хэрэггүй гэж боддог нь илт. Кино урлагаас уран бүтээлчийн гараагаа эхэлснээс хойш 19 жилийн дараа анхны бүрэн хэмжээний киногоо найруулсан ч цар тахлын улмаас нээлт нь ахин дахин хойшлогдоод байсан тэр үед зохиолчтой уулзахдаа сэтгэл санаа нь нэлээд тавгүй байгаа болов уу гэж таамаглаж байсан ч маш тайван байв. Эелдэг агаад илэн далангүй зан чанараараа онцгой зохиолч билээ.
Зохиолч болоод зохиолын дүрүүдийг ялгаж салгах нь
Би одоогоор гурав дахь романаа бичиж байна. Анх “Нэгэн хайрын түүх” нэрээр хоёр сар тутмын сэтгүүлд нийтэлж байсан юм. “Бүйлс”-ийг уншсан хүмүүст өнгө аяс нь нэлээд өөр, шинэлэг санагдсан байх. Тайван уур амьсгалтай зохиол бичихийг хүссэн юм. Цаг улирлын аясыг дагаж хоёр сар тутамд хэвлэгдэх үл ялиг удаан хэмнэлтэй, гуравдугаар биеэс хүүрнэх зохиол бичих тун сонирхолтой санагдсан. “Бүйлс”, “Counterattacks at Thirty” зохиолуудаа үйл явдал ихтэй, нэлээд эрчтэй өрнөдөг гэж боддог. Харин “Prism” зохиолоороо хүмүүний дотоод сэтгэлд юу өрнөж буйг уншигчдад нээн харуулах гэж зорьсон болохоор удаан хэмнэлтэй, нарийн торгон мэдрэмжээр бичье гэж бодсон. Ер нь шинэ зүйл туршиж үзэх хүсэл дүүрэн байсан.
Цувралаар нийтлэхэд уншигчдаас хэр их сэтгэгдэл ирж байв?
Нэг их сэтгэгдэл ирээгүй. Хоёр сар тутамд гардаг болохоор бичээгүй үедээ би өөрөө ч мартах шахдаг байсан. Өмнө нь цувралаар зохиолоо нийтэлж байсан зохиолчид ч бас уншигчдаас төдийлөн сэтгэгдэл ирж байгаагүй гэж олонтоо ярихыг сонссон болохоор угаасаа л ийм байдаг гэж бодсон. Би ч өөрөө цувралаар бичихдээ тийм итгэлтэй байгаагүй л дээ. Нэг мөр бичээд дуусгахыг илүүд үздэг. Гэхдээ эргээд бодоход үнэтэй туршлага болжээ. Дүрүүд нь хоёр залуу, хоёр бүсгүй. Дөрвөн хүний хайрын түүхийг өгүүлсэн юм. Хувь хүний амьдрал, тэдний харилцаа хэрхэн сүлжилдэж буйг өгүүлэх хэдий ч хурц эргэлт бараг гарахгүй. Харин уншигчдыг дүр нэг бүрийн дотоод ертөнц рүү өнгийгөөсэй гэж хүссэн. Төгсгөлд нь дүр бүр хэрхэн өсөж өөрчлөгдсөнийг харуулахыг зорьж буй. Хайраар дамжуулж хүмүүс хэрхэн улам ойртдогийг харуулахыг хүссэн. Бодит амьдрал дээр тийм ч дотно болохгүй байж мэдэх хүмүүс л дээ. Бүгд өөр өөрийн сул талтай, гэхдээ илүү их таньж мэдэх тусам бүр ч их урмыг тань хугалж мэдэхээр...
Таны зохиолын дүрүүд эргэн тойронд байдаг нийтлэг дүр төрх юм шиг санагдаж мэдэх юм.
Тэгж санагдаж магадгүй ч зохиолууддаа таньж мэддэг хүмүүсийнхээ тухай бичдэггүй. Өөрийнхөө амьдралыг ч бас бичдэггүй. Миний гол зарчим ийм юм. Амьдралд тохиосон үйл явдал, хүмүүсээс санаа сэдэл авах явдал мэдээж бий л дээ. Гэхдээ хүмүүсийн нас, хүйс, төрх байдлыг өөрчилж бичдэг. Дүрийнхээ өнцгөөс бодоод үзэхээр бодит байдлаас огт өөр, бие даасан цоо шинэ дүр урган гардаг. Дүр бүрээ онцлогтой байлгахыг зорьж, эсрэгцэл гаргаж бичихийг хичээдэг. “Бүйлс”-ийн Юнжэ, Гон хоёр шиг. Гол дүрүүд бага багаар өсөж хөгжих нь хайр бүтэх, бүтэхгүй байх эсэхээс том өгүүлэмж болов уу.
“Prism” зохиолынхоо дүрүүдтэй бодит амьдрал дээр уулзвал ойр дотно болж чадах уу?
Сайн хэлж мэдэхгүй юм. Би дүрээ бүдэг бадаг төсөөлж, цааш хөгжүүлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таньж мэдэхгүй хүмүүс болдог. Миний дуртай, дургүй зүйлс, эргэн тойрныхоо хүмүүстэй хэрхэн харилцдагаас огт өөр ангид тусдаа болж хувирдаг. Бүтээсэн дүрүүдээ эргээд харахаар амьдрал дээр таарвал нийцтэй байх эсэхдээ эргэлздэг юм. Бичих үйл явц гэдэг зохиолч, дүрүүдийн хоорондын нийцтэй байдлаас тусдаа зүйл болов уу. Зохиолчийн үүрэг бол олон янзын хүмүүсийн тухай бичиж, өрөөл бусдын өнцгөөс ертөнцийг харж, ойлгохыг хичээх явдал гэж боддог. Хориод насны сүүл их тогтворгүй, донсолгоотой үе шиг санагддаг. Гуч хүрэхээрээ олон зүйлтэй эвлэрч эхэлдэг бол, хориод нас шувтрах үест амьдралд тохиох олон боломжууд аажмаар хумигдаж, түгшүүр мэдэрдэг дээ. Ийм эгзэгтэй үедээ гэнэдэж алддаг, тодорхойгүй зүйлсийн дунд төөрөлддөг ч өөрийнхөө тухай эргэцүүлж, өсөж хөгжихийг эрмэлздэг залуусын тухай энэ зохиолдоо бичихийг хүссэн юм.
Үнэхээр хүсвэл би чадна гэж боддог
Та тэр болгон уулзалт, арга хэмжээнд оролцдоггүй шүү дээ. Уншигчидтайгаа зөвхөн бүтээлээрээ холбогдохыг хүсдэг үү?
Тийм ээ, гагцхүү зохиол бүтээлүүдээрээ холбогдохыг хүсдэг. Би хүмүүстэй уулзах дуртай л даа. Гэхдээ илтгэл тавих, уулзалтад оролцох нь нийгмийн харилцаанд орох дуртай эсэхтэй маань холбоогүй. Би уг нь илтгэл тавих, тайзан дээр гарахдаа сандарч мэгддэггүй. Зохиолууд маань анх хэвлэгдэж байх үед арга хэмжээнд оролцдог байсан. Одоо бол цөөхөн байлгахыг хичээдэг. Номууд маань дангаараа хангалттай их зүйл өгүүлж чадна гэж боддог юм. Бичихдээ төвлөрснөөр урт удаан хугацаанд бүтээн туурвих хүч өгдөг. Ном бичнэ гэдэг хүнээс их эрч хүч шаардсан ажил. Тэр эрч хүчээ хэдэн тийш нь тараачихвал бичиж чадалгүй дуусчхаж мэднэ.
“Өдрийн цагаар ганцаараа байх цаг их чухал” гэж өмнө нь ярьж байсан даа. Хүүхдээ өсгөж буй ээжүүд үүнтэй санал нийлэх байх. Та “Бүйлс”-ийг охиноо жаахан байхад бичсэн. Ихэвчлэн хэзээ бичих цаг гардаг вэ?
Өдөр шөнө ялгалгүй бичдэг. Анх 1999 онд залуу зохиолчдын уралдаанд бүтээлээ илгээснээс хойш уншигчдад танигдах хүртэл нэлээд удсан. Охиноо төрүүлсэн тэр жил би ер нь их бичсэн. Хүсвэл хэзээд бичиж чадна гэж боддог ч бичих хүсэл үргэлж төрөөд байдаггүй юм. /инээв/
Тэр мэдрэмжийг ойлгож байна. Ярилцлага хийх сонирхолтой ч дараа нь түүнийг буулгаж, нийтлэх хааяа хэцүү санагддаг.
Үнэндээ би өдөр бүр бичдэггүй. Зохиол бичнэ гэдэг миний хувьд ажил. Ажлаа дууссаны дараа сайхан санагддаг ч эхлэх хэзээд амаргүй байдаг. Романыхаа төлөвлөгөөг гаргахад ганцаараа байх цаг хэрэгтэй ч нооргоо бол аль ч үед биччихнэ. Охин маань хажууд тоглож, дуулж байсан ч бичдэг. Өмнө нь хүүхдээсээ эрт сэрээд тухгүй байсан ч бичдэг байсан. Ганцаараа суугаад бичих сайхан л даа. Гэхдээ заримдаа залхуурчхаад байдаг юм. (инээв)
“Бүйлс”-ийг бичихэд ээж болсон тань их нөлөөлсөн гэсэн. Охин тань одоо бага сургуульд орлоо. Юу бодогдож байна? Эх хүний хувьд өөрчлөгдсөн үү?
Хэдэн жилийн өмнө уран зохиолын багш нар, аав ээжүүдтэй уулзахад “Хүүхэд өсгөнө гэдэг өөрсдөө ч бас өсөж хөгжих үйл явц” гэж хэлж байсан нь сэтгэлд үлджээ. Би ч бас ингэж мэдэрдэг. Аав, ээж болсноор өмнө нь мэддэггүй, анзаардаггүй байсан олон зүйлээ шинээр олж хардаг. Эх хүний хувьд өссөн гэж хэлж болж эсэхээ мэдэхгүй ч зохиолчийн амьдрал минь илүү баялаг, олон өнгөтэй болсон.
Анхны бүрэн хэмжээний киногоо бүтээсэн сэтгэгдлийг тань сонсмоор байна.
Кино хийх үйл явц маш удаан үргэлжилсэн. Зураг авалтын талбайд байх төсөөлснөөс минь хэцүү байсан. Гайхалтай жүжигчид, баг хамт олонтой ажилласан ч хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой тул зуу гаруй хүнтэй харилцаж, ойлголцоно гэдэг амаргүй байлаа. Маш хурдтай ажиллаг болохоор явцын дунд эрч хүч шавхагддаг. Киногоо дуусгаж чадсандаа маш их баярлаж, хүмүүст талархсан. Дуусгаад их тайвширсан даа.
“Бүйлс” ч бас анхны нооргоосоо хойш нэлээд удаж байж хэвлэгдсэн. Японы номын худалдаачдын нэрэмжит шагналаас эхлээд олон шагнал хүртэж, өнөөг хүртэл уншигчдын хайрыг хүлээсээр байна. Энэ ном амжилтад хүрсэнд та их баярласан байх?
Тэгэлгүй яах вэ. Үнэхээр сайхан байсан. Гэхдээ хэвлэгдсэн даруйдаа бол тийм ч их яригдаагүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чихэнд чимэгтэй сайхан мэдээ ирэх болсон. Өдөр тутмын амьдрал минь нэг их өөрчлөгдөөгүй. Намайг төлөөлөх бүтээлтэй болсондоо хамгаас их баярласан.

Кино найруулагч, зохиолч гэсэн хоёр ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
Кино сувгуудын ярилцлагаас зайлсхийх бараг боломжгүй тул кино найруулагчийнхаа хувиар нийтэд ил гарах нь олонтоо. Гэхдээ бичиж туурвисан ажлууд маань жин дарна. Кино хийх асар их хүчин чармайлт шаарддаг ч маш сонирхолтой, автуулдаг ажил. Хамгийн хэцүү нь ганцаараа хийх боломжгүй. Харин роман бичнэ гэдэг уран бүтээлч хүний хувьд өөртөө улам ойртох үйл явц.
Та багаасаа зохиолч болохыг мөрөөддөг байсан уу?
Бага сургуульд байхдаа зохиолч болохыг хүсдэг байсан. Бас зар сурталчилгааны зохиол бичихийг хүсдэг байлаа. Бичнэ гэдэг урт удаан хугацаанд дотроо хадгалж ирсэн цор ганц хүсэл мөрөөдөл минь байсан. Ахлах сургуульд байхдаа л аль нэг компанид ажиллахгүй, эрх дураараа дуртай юмаа хийхийг хүсдэг байсан. Гэсэн ч хэзээ ч уран зохиолын чиглэлээр сурах талаар бодож байгаагүй. Тухайн үедээ бичихийг хаа нэгтэйгээс сурахыг хүсээгүй байх. Их сургуульд социологийн чиглэлээр суралцсан маань гэр бүлийн уур амьсгалтай холбоотой байж мэднэ. Ер нь хүмүүнлэгийн ухааны чиглэл рүү л татагдаж байсан.
Та яагаад бичдэг вэ?
Миний хувьд бичих бол мэргэжил. Бидний зарим нь зайлшгүй шаардлагаар мэргэжлээ сонгодог. Гэвч өчнөөн олон боломжуудаас эцэст нь хийж буй ажил маань бидний зан чанар, хэтийн зорилготой ямар нэг байдлаар нийцэж давхацдаг. Олон жил бичиж, удаа дараа бүтэлгүйтсэн ч бичихээ хэзээ ч болиогүй. Чин зүрхнээсээ хийхийг хүсдэг, надад хамгийн тохирох ажил бичих болохоор л тэр байх. Гэхдээ л ажил учраас хийхийг хүсэхгүй үе ч бий. Ямар ч ажил амаргүй шүү дээ. Гэхдээ шагнал мэт, цалин буух өдөр шиг сайхан мэдрэмж ч авна. Миний ажил ч ялгаагүй. Бичиж байхад хааяа таагүй санагдах ч дууссан хойно асар их сэтгэл ханамж, баяр баясгалан мэдэрдэг. Миний хувьд “цалин буух өдөр” нь бүтээлээ дуусгасан өдөр юм даа. (инээв) Тэр л мэдрэмжийг ахин дахин мэдрэхийн тулд бичсээр байна.
Та кино шүүмж, кино зохиол, роман зэрэг олон төрлөөр бичдэг. Юуг чухалчилдаг вэ?
Маш оновчтой, яс тас өгүүлбэр бичихийг хүсдэг. Гэхдээ яг таг дүрмийн дагуу, толь бичиг барьсан алдаагүй өгүүлбэр гэсэн утгаар биш. Өгүүлэх түүх, дүрдээ тохирсон өвөрмөц атлаа, нарийн торгон, оновчтой өгүүлбэр бичихийг хүсдэг. Өвөрмөц атлаа тун ойлгомжтой. Ингэж бодохоор зөрчилтэй мэт санагдаж мэднэ. Гэхдээ хослуулж чадвал үр дүн нь уран гоёмсог атлаа тонж тодорхой болно. Өдөр тутмын амьдралдаа ч энэ зарчмаа чухалчлахыг хичээдэг. Гэхдээ чухалчилна гэдэг бүрэн төгс хэрэгжүүлдэг гэсэн үг биш. Чиг баримжаа, зорилго гэж хардаг.
Урт хугацаанд роман бичихэд хамгийн чухал нь юу вэ?
Тэсвэр хатуужил хамгаас чухал гэлцдэг ч би тэгж боддоггүй. Учир нь би олон цагаар нэг газраа сууж бичдэг хүн биш. Таван минут тутамд босож, өөр юм аялуулж явдаг болохоор өдөр тутам үр бүтээлтэй ажилладаг сахилга баттай зохиолч ч биш. Нас дээр гарсан ч бичсээр байхын тулд эрүүл мэнд, тэсвэр хатуужил хамгаас чухал. Гэхдээ ямар ч ажил мэргэжилтэй хүнд энэ бүхэн хамаатай. Хэрэв заавал чухал зүйл нэрлэ гэвэл, ертөнцийг ажиглах чадвар, хүмүүсийг шүүж шүүмжлэхгүйгээр харах, хэрэгтэй үедээ төвлөрөх... гэж бодож байна.
Таны дараагийн бүтээл өгүүллэгийн түүвэр байх уу?
Энэ оны сүүлээр үлгэр бичихээр төлөвлөж байна. Үлгэр надад хамгийн их баяр жаргал өгдөг бичвэрийн төрөл. Үлгэр бичих үед хүүхэд байхдаа мэдэрч асан бичихийн жаргал, гэгээн, гэнэн сэтгэлээ хадгалж яваа мэт санагддаг. Нас ахих тусам хүүхдийн уран зохиолд хайртай болж байна. Нэлээд хэдэн өгүүллэг цуглахаар түүврээ гаргана. Өвөрмөц зан чанартай, эрэгтэй гол дүртэй роман бичихээр төлөвлөж байна. Бас аз жаргалын тухай эсээ бичихийг хүсэж байгаа.
Аз жаргалын тухай?
Би ер нь “Аз жаргал гэж юу юм бол?” гэж байнга боддог. Хүн бүрийн эрж хайдаг энэ ойлголтыг илүү гүнзгий судалж, яг юу байж болохыг янз бүрийн сэдэв, ойлголтуудаар түлхүүрдэж задлахыг үргэлж хүсдэг.
Та өөдрөг хүн үү?
Өөрийгөө өөдрөг гэж боддог ч гомдоллож үглэдэг тал ч бий. Залуу явахад заримдаа ямар ч шалтгаангүй өөрийгөө гутранги хүн мэт харагдуулмаар үе ч байдаг даа. Би яг таг өөдрөг хүн биш, гутранги ч биш. Хорвоо ертөнц улам дордож байна гэж хүмүүс их ярьдаг ч би тэгж боддоггүй. Бид хэцүү үеийг туулж байгаа нь үнэн. Гэхдээ түүхэндээ үүнээс ч хэцүүг туулсан. Би амьдралыг ерөнхийд нь ингэж хардаг байх.
Та хэзээ хамгийн жаргалтай байдаг вэ?
Үнэнийг хэлэхэд юу ч хийхгүй суух үед сайхан байдаг. Ялангуяа ажлаа дуусгасны дараах тайван мөчүүд. Үр дүнгээ үзчихсэн дахиж юм хийх шаардлагагүй тэр үедээ жаргалтай байдаг. Өдөр дунд аяга кофе уух шиг жаргал хаа байх вэ. (инээв) Тийм мөчүүдийн төлөө ажилладаг юм шиг санагддаг. Бас амттай хоол идэхдээ асар их талархал, баяр баясал мэдэрдэг.
Та 2020 онд YES24 сайтын уншигчдын санал асуулгаар “Ирээдүйд Солонгосын уран зохиолыг тодорхойлох шилдэг залуу зохиолч”-оор шалгарсан. Шууд уншигчдын саналд тулгуурласан шагнал учраас баярласан байх?
Сүүлийн үед шинэ бүтээл гаргаагүй удсан болохоор өөрийгөө нэр дэвшинэ гэж бодоогүй. Үнэхээр их гайхсан. Гүнээ талархаж байна. Өсвөр насныхан, номын дэлгүүрийн ажилтнууд, уншигчдын дэмжлэгээр авсан шагнал онцгой, утга учиртай санагддаг. Илүү их хичээж ажиллах урам зориг төрж, хариуцлагаа ухамсарлаж байна. Талархлын хамт, хэн бүхнийг тэвчээртэй байж, зорилго өөдөө алгуур урагшилсаар санасан зорьсондоо хүрэхийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Yes24
Орчуулагч: Базаррагчаагийн Дэлгэрмаа






1
2
3
Сэтгэгдэл хэсэг