Ласло Краснахоркай: Хүмүүн гэгч гайхамшигт оршихуй чи яг хэн юм бэ?

Хүндэт хатагтай, ноёд танаа 

2025 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртэхдээ би та бүхэнд итгэл найдварын тухай ярихаар зэхэж байсан ч итгэл найдвар минь нэгэнтээ бүр мөсөн бөхсөн тул сахиусан тэнгэрүүдийн тухай ярихаар энд зогсож байна. 

I.                

Би нааш цааш холхин сахиусан тэнгэрүүдийн тухай бодож байна, энэ цаг мөчид ч үүгээр түүгээр холхисоор, хэдийгээр би энд зогсоод чанга яригчаар ярьж байгаа ч нүдэндээ бүү итгэ, би энд алга, үнэндээ нэг булангаас нөгөө булан руу алхаж, эхэлсэн цэг рүү гээ эргэж буцаж, тийм ээ би сахиусан тэнгэрүүдийн тухай л бодож байна, тэднийг цоо шинэ сахиусан тэнгэрүүд гэдгийг л баттай яа хэлж чадна, тэдэнд далавч байхгүй, хэрэв зээ нуруунаас нь хоёр далавч цухуйж байх аваас ингэтлээ эргэцүүлэн бодохын хэрэг юу сан билээ, аварга том хоёр далавчаа нөмрөгөөсөө давуулж байдгаар нь дэлгэсэн тэдний өмсгөл зүүсгэлийг тэнгэрийн оёдолчид ямархан нууцлаг шидээр урладаг байсан юм бол, далавч нь гарцаагүй биет бус оршихуйнх нь гадна талд байх учиртай атал хэрхэн хаана байрлуулдаг байсан хэрэг вэ, биегүй оршихуйг нь зөөлнөөр хулдаж, далавчийг нь ч хамт бүрхэх шидтэй тэнгэрлэг сайхан нөмрөгийнх нь гадна талд дэлгэн тогтоодог байсан юм болов уу? бүр эсрэгээрээ, хэрэв далавч биеэс нь тусдаа цухуйхгүй бол мөнөөхөн тэнгэрлэг нөмрөг өвч биеийг нь далавчтай нь хамтад нь хэрхэн төгс халхалдаг байна аа? хөөрхий Боттичелли, Леонардо, Микеланжело хөөрхий Жотто, Фра Анжелико нар минь! гэвч одоо хамаагүй болжээ, энэ асуултууд эртний сахиусан тэнгэрүүдийн хамт эгнэгт замхарсан ажгуу, миний ярьж буй сахиусан тэнгэрүүд бол цоо шинэ сахиусан тэнгэрүүд, энэ бүхнийг би өрөөндөө нааш цааш холхиж ахуйдаа тунгаан бодож буй юм, таны харж байгаачлан энэ жилийн нобелийн утга зохиолын шагналын эзэн болсныг минь нийтэд зарлаж, яг одоо би индэр дээр зогсож байгаа ч анх итгэл найдварын тухай ярихыг хүссэн ч энэ тухай ярихгүй, харин сахиусан тэнгэрүүдийн тухай ярих болно, тархи толгойд минь аль хэдийн бүдэг бадаг дүрслэлүүд тодорч эхлээд байна, миний өрөө тийм ч том биш, доош дээш явдаг шатны хэсгийг нь хасаад дөрөв дөрвийн хэмжээтэй цамхаг хэлбэрийн ажлын өрөөндөө бясалгах мэт сууж ахуйд минь та бүхэн уран нарийн хийцтэй, гантиг цагаан цамхаг төсөөлүүзэй, хямд төсөр норвегийн царс модон банзаар барьсан нэг давхар байшингийн минь баруун буланд байх энэ ажлын хэсгийг байшингийн бусад хэсгээс өндөрлөж барьсан мэт харагддаг ч чухамдаа байшин маань толгодын оройд, налуу газар баригдсан хэрэг, газар нь тэр чигтээ хөндий рүү уруудсан хэвгий агаад зоорины давхраас босоо өргөтгөл барьж бүх зай завсарт нь ая эвийг нь олж номуудаа хураахыг хүссэн маань хэсэг хугацааны дараа хойшлуулах аргагүй ажил болж өнөөх өргөтгөл дээш сүндэрлэсээр байшинг тэр чигт нь дарж байх шиг харагддаг болсон, гэвч би итгэл найдварын тухай ярих гэж байснаа болиод гагцхүү сахиусан тэнгэрүүдийн тухай ярих гэж байгаа шүү дээ, дундад зуун, сэргэн мандалтын үеийн урлагт тоо томшгүй олон удаа дүрслэгдэж, хэн бүхний мэддэг, тэр нэгэн гарцаагүй мэндлэх учиртай хүн энэ ертөнцөд төрөх болногэх бурхны мэдээ занги авчирдаг асан далавчтай сахиусан тэнгэрүүд, хуучин сахиусан тэнгэрүүдийн тухай ярих гээгүй юм шүү, сахиусан тэнгэрүүдтэй холбоотой эх сурвалж, олдвороос үзэхүл тэд бүх мэдээгээ амаар дамжуулж асан, гэхдээ 9, 10-р зууны үеийн сахиусан тэнгэрүүдийг харахул хуйлмал урт цаасаа долгиотуулан дэлгээд мэдээ зангиа уншдаг байснаас үзвэл үг өгүүлбэрт ч бас асар их ач холбогдол өгдөг байсан агаад өөр бусад даалгавруудаа биелүүлэхдээ ч тодруулбал дээд тэнгэрт сонгогдсон нэгэнд дамжуулах учиртай үгсээ гэрэлд нууж, чихэнд шивнэн хүргэдэг байсны учир тэднийг чухам ямраар ч дүрсэлснээс үл хамааран сахиусан тэнгэрүүдийг дамжуулж буй мэдээнээс нь салгаж ойлгохын аргагүй, тодруулбал тэд өөрсдөө хүмүүний хүсэл залбиралд үл захирагдах мэдээ, захиас болж, шороо тоосондоо хутгалдан тэнүүлчилж, урьдаас таахын аргагүй зовлонд төөрөн яваа бидэнд Дээд оршихуй (хэчнээн сайхан цаг үе байв даа!) тэднийг илгээж, мэдээ дамжуулдаг байсан ч би энд, одоо та бүхний өмнө нааш цааш холхиод энэ тухай ярих гээгүй юм, та бүхний мэдэж байгаачлан хямдхан норвеги банзаар барьсан, халаалтгүй шахам, газрын хэвгийгээс болж цамхаг мэт боссон ажлын өрөөндөө хуучин сахиусан тэнгэрүүдийн тухай ярихгүй, хэдийгээр дундад зууны үе, орчин цагийн эхэн үеийн суутнуудын ачаар бидний дотор одоо ч амьдарч буй Жоттогоос эхлэлтэй тэр бүх бүтээлүүдэд дүрслэгдсэн эртний сахиусан тэнгэрүүд, “сэтгэл булаам”, “сүр жавхлант”, “сэтгэлд дотно” гэх мэт тодотголуудаараа одоо ч бидний сэтгэлийг хөдөлгөж чаддаг ч олон зууны туршид тэнгэр бурхан оршин байдгийг таамаглах боломжийг бидэнд өгсөн цор ганц оршихуй, түүнчлэн орчлон ертөнцийн бүтцийг ойлгуулж, чиглэл гэх ойлголтыг өгч, зүг чиг байгаа газарт орон зай бий, хоёр цэгийн хоорондох зай, цаг хугацаа ч бас оршино гэдэгт итгүүлж, олон зууны турш, тэр ч бүү хэл хэдэн мянган жилийн турш бүтээгдсэн хэмээн итгэдэг энэхүү хязгааргүй орчилд тэдний ачаар дээд, доод ертөнц байдагт баттай яа итгэх болсон ч гэлээ би тэдгээр эртний сахиусан тэнгэрүүдийн тухай ярихыг хүссэндээ нэг булангаас нөгөө булан руу алхаж, эхэлсэн цэг рүү гээ эргэж буцаж, энд тэндгүй холхиод байгаа юм биш ээ, эртний сахиусан тэнгэрүүд аль хэдийн үгүй болж одоо зөвхөн шинэ сахиусан тэнгэрүүд л оршин буй учир энд та бүхний өмнө зогсож байхдаа тэдний тухай бодож нэг булангаас нөгөө булан руу алхаж, эхэлсэн цэг рүү гээ эргэж буцаж, энд тэндгүй холхихгүй, учир нь би аль хэдийн хэлсэн…


 

 бидний сахиусан тэнгэрүүд бол шинэ сахиусан тэнгэрүүд 

 далавчаа гээсний учир өвч биеийг нь хулдсан сайхан нөмрөг нь ч үгүй болж, эгэл жир хувцас хунартай бидний дунд алхаж яваа тэд яг хэд хэчнээн байгааг мэдэхгүй ч барим тавим барагцаалбаас тоо нь хэвээрээ гэнэ, эртний сахиусан тэнгэрүүдтэй эгээ адил гэнэ сэрэггүй явахад л гэнэт энд тэндээс гарч ирдэг хэвээр гэнэ, хэрэв тэд өөрсдөө хүсвэл, юу тээж ирснээ биднээс нуухгүй бол тэднийг таних амархан гэнэ, шороо тоосон дундаа бэдчин тэнүүчилж яваа биднийхээс өөр алхаа, өөр хэмнэл, өөр хөг эгшиглүүлэн оршихуйд маань дөхөн ирдэг учир танихад амархан гэж байгаа юм, гэвч бид тэднийг хаа нэгтэйгээс, дээд тэнгэрээс ирсэн гэдэгт төдийлөн итгэлтэй байж чадахгүй л болов уу, учир нь бүр тэр “дээр” гэдэг нь эртний сахиусан тэнгэрүүдтэй хамт оршихоо байсан мэт санагддаг болж, одоо гагцхүү энэ дэлхийн Элон Маскуудын галзуу солиотой бүтээн байгуулалтууд л орон зай, цаг хугацааг эзэгнэж, энэ хорвоо өнө мөнхийн ХАА НЭГТЭЭХ газар болж хувираад, энэ яриаг сонсож суугаа таны өмнө нэгэн өтөл насны эр нобелийн шагнал гардан авахдаа юу гээд байгаа нь үл мэдэгдэх өөрийн хэлээрээ ярьж, басхүү өнөөх халаалтгүй ажлын өрөөндөө, норвегийн царс модон банзнуудынхаа дунд нэгэн хэмнэлээр алхаж буй мэт санагдах вий, ийнхүү нааш цааш холхих зуураа би шинэ төрлийн сахиусан тэнгэрүүдийн тухай бодоход ч өөр хэмнэл, өөр алхам хэрэгтэй гэдгийг илтгэх мэт алхаагаа түргэсгэж, хурдан хурдан алхаж байхдаа тэд зөвхөн далавчаа гээгээд зогсохгүй бидэнд хүргэх мэдээ занги ч үгүй болсныг ухаарч, эгэл жир хувцастайгаа, хүсэхгүй бол бидэнд танигдахгүй ч хэрэв зээ танигдахыг хүсвэл хэн нэгнийг сонгож, дөхөн ирэх тэрхэн агшинд харалган нүд нээгдэж, хатуурсан зүрх зөөлөрч, сахиусан тэнгэр байна шүү дээ, хэмээн гайхаж балмагдан дуу алдах ч яг өмнө чинь зогсож буй тэд хэлэх дамжуулах юу ч үгүй, хуйлмал цаасан дээрх бичээс, чихэнд шивнэх гэрэлт үгсийн аль нь ч үгүй, үг дуугүйхэн зогсоод бидэн рүү ширтээд өөр лүү нь мөн ширтээсэй хэмээн хүснэ, 

 харин бид өөрсдөө

 тэдэнд ямар нэг мэдээ дамжуулж болох ч харамсалтай нь бас хэлэх зүйл алга, тэдний асуусан харцыг тосож эрт дээр цагт асуулт гэдэг зүйл оршин байхад тэднээс олж сонссон тэр л хариултуудаа хэлж болох авч одоо энд асуулт ч хариулт ч аль аль нь алга, тэгэхээр үүнийг ямар учрал гэх вэ, чухам юу гээч тэнгэр, газрын явдал вэ, бид бие биеэ үг дуугүй ширтэнэ, тэд энэ бүхнээс ямар нэг зүйл ойлгож байж болох ч юу болоод буйг бид огт ойлгохгүй, хэлгүй хүн дүлий хүнд, дүлий хүн хэлгүй хүнд хандах шиг юу ч ярилцаж чадахгүй, бурханлаг оршихуйн тухай дурсаад ч хэрэггүй биз, гэвч энэ бүхэн ганцаардмал, ядарч туйлдсан, гуньсан, мэдрэмтгий хүн бүрд нэгэн бодол төрүүлнэ, хэрэв би өөрийгөө та бүхний нэгт тооцож болох бол надад ч мөн нэгэн бодол төрнө, би энд зогсоод ярьж буй хэдий ч хэдийнээ та нарт хэлсэнчлэн өөдгүй муу халаалттай хямд царсан байшингийнхаа босоо өргөтгөлд ажлын өрөөндөө нэгэн зүйлийг ухаарч байна, анхдагч, ариун утгаар сахиусан тэнгэрүүд үүрд дуугаа хурааснаараа сахиусан тэнгэр байхаа больж, золиос болсныг ойлгож, үргэлж биедээ авч явдаг, одоо ч надад яваа чагнуураа гаргаж ирээд, ажлын өрөөндөө нааш цааш алхлангаа та бүхний цээжин дээр зөөлөн тавиад чагнахад хувь тавилангийн дуун сонстож, тэрхүү хувь тавилан өөд би өөрөө алхаж орж буй мэт санагдах эгшинд цочирдом нуран уналтын мөч тохиож, сахиусан тэнгэрүүдийн аймшигт, сэтгэл шимшрэм түүх дуулдаж, далавчгүй, мэдээ зангигүй болсон тэд бидний төлөө биш, харин биднээс болж, хүн нэг бүрээс болж золиослогдож, гагцхүү дайн дажин, байгаль, хүн хоорондын дайн дажныг харж, зэр зэвсэг, тамлал, сүйрэл бол зөвхөн нэг тал нь, жингийн туухайн нөгөө талд ч бас үл үзэгдэх дайн дажин өрнөн буйг мэдэрч авай, ердөө ганц олиггүй муу үг, бодлогогүй, шударга бус, ёс суртахуунгүй ганцхан үйлдэл сахиусан тэнгэрүүдийг хиртээн шархлуулна, учир нь тэнд ийм бусармаг зүйлсээс ангид оршихуй, энэ бүхнээс өөрсдийгөө хамгаалж үл чадна, дарлал, нүгэл хилэнц, өршөөлгүй харгис бүхнийг сөрж үл чадах эмзэг, цэвэр ариун, гэм зэмгүй тэднийг ганцхан үг, үйлдлээр шархлуулж болох ч мянган сайхан үгээр эдгээн илаарьшуулж үл хүчирнэ, юугаар ч эдгээж үл чадна...

 

II.

Сахиусан тэнгэрүүдийн тухай ярьж ханасан тул хүн төрөлхтний сүр хүчний тухай яръя.

Хүмүүн гэгч гайхамшигт оршихуй чи яг хэн юм бэ? Чи дугуй зохион бүтээж, галтай болж, хамтарч, нэгдэж амьдрах нь амьд үлдэх цор ганц арга гэдгийг ухаарч, энэ хорвоог эрхшээхийг хүсэж, амьтны мах идэж, оюун тархи чинь хөгжиж, асар ухаантай болж, ихэд нарийн арга ухаанаараа өөрсдийн мэт өмчилсөн энэ хорвоо ертөнцөд хэмжээ хязгаартай ч гэлээ эрх мэдлийг атгаж, ойлгосон, олж нээсэн бүхний чинь зарим нь худал хуурмаг гэдгийг хожмоо ухаарсан ч тэр бүх ололт нээлтүүд хувьсан өөрчлөгдөхөд чинь тусалж, үсрэнгүй хөгжин урагшилж, улам олуулаа болж, сүрэглэн амьдарч, нийгэм гэгчийг бүтээж, соёл иргэншил үүсгэж, устаж мөхөхгүй байх гайхамшигт олон нээлт хийж, хоёр хөл дээрээ бат зогсож, чулуугаар багаж зэвсэг хийж, түүнийгээ ашиглаж сураад дараа нь галтай болж, бичнээс ялгарах өчүүхэн анатомийн онцлог болох төвөнх, тагнайнхаа хоорондох зайны ачаар хэл яриа чинь хөгжиж, хуучин гэрээний гээгдсэн хэсгүүдэд итгэж гэмээн тэнгэр бурхантай зэрэгцэн суугаад түүний чамд харуулсан бүхэнд нэр оноож, бичиг үсгийг зохиож, хэдийн философи сэтгэлгээнд хүрч, үйл явдлуудыг нь хооронд нь холбон ойлгож байснаа тэр бүхнээ шашны итгэл үнэмшлээсээ ялгаж салгах болж, туршлагаасаа үүдэж цаг хугацаа гэх ойлголтыг бий болгож, унаа тэрэг, завь зохион бүтээж, хүний хөл хүрээгүй газар усаар тэнүүчилж, тонож дээрэмдэж чадах бүхнээ авч, хүч чадал, нөөц бололцоогоо ойлгож, нэгэн цагт хүрч болшгүй хэмээн сэтгэж асан гариг эрхсүүдээ зураглан тэмдэглэж, нарыг бурхан, оддыг хувь төөргийн луужин хэмээн үзэхээ больж, хүйсийн чиг баримжааг тогтоож бас өөрчилж, хожуу ч гэлээ тэгтлээ оройтоогүй дээр хайр, мэдрэмж, энэрэл нинж гэх ойлголттой болж, эрдэм мэдлэг олж авах шаталсан аргуудыг нээж, тэр ч бүү хэл жигүүртэн шувуудыг ардаа орхин сансар огторгуйд нисэж, саран дээр хөл тавьж, дэлхийг тэр чигт нь өчнөөн удаа үнсэн товрог болтол сүйтгэж чадах зэр зэвсэг бүтээж, шинжлэх ухааны ололт амжилтаараа өнөөдөр, энэ одоо цагаасаа хальж, маргааш руу, өнө ирээдүй рүү тэмүүлж, хадны сүг зургаас “Сүүлчийн оройн зоог”, шидлэг хэмнэл цохилгоос Бах хүртэл урлагийг бүтээн туурвиж, түүхэн хөгжил дэвшлийнхээ явцад эцэст нь юунд ч итгэхээ больж, төсөөлөн бодох чадварыг үгүй хийсэн өөрийнхөө зохион бүтээсэн үй олон төхөөрөмжийн уршгаар гагцхүү богино хугацааны ой санамжтай үлдэж, мэдлэг, гоо үзэсгэлэн, өгөөмөр сэтгэл, ёс суртахууны хэм хэмжүүрээсээ нүүр буруулж, чамайг живүүлэх намагт хөлөө дүрэхэд бэлэн болж, гэхдээ одоо ингээд зогсож үз, бүү хөдөл, ангараг руу явах гээ юу? лаг шавар чамайг залгиж орхино шүү, хүн төрөлхтний түүх, хөгжил дэвшлийн зам амьсгаа даран бахдан биширмээр, гэвч харамсалтай нь тэр бүхнийг дахин давтах боломжгүй. 

III.

Хүн төрөлхтний сүр хүчийг ярьж дуусаад үймээн самуун, бослого тэмцлийн тухай ярья.

Энэ тухай би “The World Goes On” номдоо цухас бичсэн ч сэтгэлд хүрээгүй тул дахин сийрүүлэх гэж үзье. Би 1990-д эхээр, чийглэг, бүгчим нэгэн үдэд Берлиний метроны буудалд унаа хүлээж зогслоо. Метро хонгил руу орж, аяллаа үргэлжлүүлэхийн өмнөхөн, жолооч метрогоо бүхэлд нь харж, зорчигчид бууж суух хөдөлгөөнийг хянах зориулалттай том толь, дохионы гэрлүүд буудал бүрд суурилуулсан байдаг. Галт тэрэг яг тогтсон цэг дээр зогсох ёстой. Зорчигчид бууж, сууж дуусмагц улаан гэрэл ногоон болж, хөдөлгөөн үргэлжилнэ. Би Ruhleben орох унаа хүлээж зогсов. Осол аваараас сэргийлж, дүрэм журам мөрдөхийг сануулсан самбараас гадна дохионы баганаас эхлэн хонгилын ам хүртэл тод шар зурвас татсан байдаг. Тавцан цааш хэдэн метр үргэлжилдэг ч зорчигч ямар ч тохиолдолд тэр шугамыг давж болохгүй агаад ийм хориотой бүс буудал бүрд бий. Тэнд ямар ч хүн, ямар ч зорчигч хэрхэвч хөл тавих ёсгүй.

Би Кройцбергийн чиглэлээс метро ирэхийг хүлээж зогсохдоо тэр хориотой бүсэд хүн байгааг гэнэт олж харав. Нуруу нь байдгаараа бөгтийсөн орон гэргүй тэр эр хүмүүс рүү үл ялиг жишүүлдээд, өрөвдөж хайрлахыг гуйх мэт харцаар ширтэж байснаа метроны зам руу шээж эхлэв. Дусал дуслаар гарч буй шээсийг нь харвал өвдөж, зовж буй нь илхэн. Юу болоод буйг ойлгож эхлэхтэй минь зэрэгцэн нам гүмхэн энэ үдийг эвдсэн эл явдлыг хүмүүс ч бас анзаарав бололтой шааг шууг болж, дүрэм журмын дагуу нэвтэрч үл болох шар зурвасаас мөнөөх эрийг холдуулж, энэ явдлыг даруй таслан зогсоох ёстой хэмээн нэгэн дуугаар зэвүүцэж эхлэх шиг уур амьсгал бүчээд ирэв. Хэрэв тэр хүн хийж байсан “ажлаа” дуусгаад хүмүүсийн дунд уусаж, шатаар дээш өгсөөд арилж өгсөн бол ямар ч асуудал гарахгүй байв. Даанч тэр дууссангүй, дуусгах гээд чадаагүй ч байж мэднэ. Эсрэг талын тавцан дээр гэнэтхэн нэг цагдаа гарч ирээд нөгөө хүнтэй харц тулж, даруйхан болихыг шаардаж, чанга дуугаар хашхирсан нь асуудлыг улам хурцатгав. Тодруулах үүднээс давтан хэлэхэд эсрэг чигт явж буй хоёр метроны зам арав гаруй метрийн зайтай, метр хэрийн гүн байдаг. Хэрэв зорчигч явах чиглэлээ өөрчилж нөгөө тал руу гарах бол тавцангийн төгсгөлд байх шатаар дээш өгсөж, хонгилоор дамжин шатаар бууж хүрнэ үү гэхээс галт тэрэгний зам руу шуудхан үсэрч буугаад хоёр замын хооронд байх арван метр зайг хөндлөн туулах боломжгүй. Шар зурвасыг давахаас ч илүү амь насанд аюултай хэрэг. Хэний ч мэдэх ийм зүйлийг ингэж нарийн тайлбарлаж буй минь учиртай. Ууртай цагдаа нэр төр, байр сууриа хадгална уу, эрх мэдэл, энэрэнгүй зангаа гаргана уу, ер яадаг ч бай шатаар явахаас өөр аргагүй. Тодруулбал, шат руу гүйж дээш гараад хонгилоор явсаар бидний зогсож буй тавцан руу бууж ирнэ. Энэ тогтсон журмыг цагдаа сэргийлэх, ер хэн бэ гуай ч дагаж мөрдөнө. Уг нь тэр орон гэргүй эрийг харсан даруйдаа дэмий хэдэнтээ хашхирсан ч өнөөх нь огт тоосонгүй. Бидэн рүү жишүүлдэн, өвдөж шархирч буй нь илт зовлонт харцаар ширтсэн хэвээр, шээс нь зам дээр дуссаар байв. Цагдааг хүн гэж тоогоогүй нь дүрэм журам, хууль цаазад харш, эрүүл ухаанд багтамгүй, зүйргүй их доромжлол мэт.  “Тэр хүн зүгээр л дүлий дүмбэ царайлсан нь ёстой галзуурмаар байсан” гэж цагдаа хэлэх байсан даа. Мөнөөх эр мэдээж цагдаа ирэхийг тооцоолсон биз. Гэвч өвдөлт зовуурьтай тэр үйлээ байгалиар нь тэр хүчээр ч тэр хурдхан дуусгаж чадахгүй. Цагдаа ч түүнээс хавьгүй хурдан байхаа мэдэж байсан биз. Шатаар өгсөж, хонгилоор яваад бидний зогсож буй тавцан руу бууж ирээд өөрийг нь барьж авахаар хар хурдаараа гүйж буй цагдааг харсан эр ёо ёох уншин байж асар их хүч гарган шээсээ таслаад хамгийн ойрын шатаар дээш гарч зуларч алга болохоор хүмүүсийн зогсож буй зүг рүү сажлав.

Энэ бол айдас төрүүлэм уралдаан байв. Орон гэргүй эрийн хамаг бие салганан чичирч, хөл, хөлийг нь удирдах учиртай тархи нь ч саатсан мэт явж ядан буйг харахад үнэндээ ингэж зугтаад юунд ч хүргэхгүйг нь илтгэх мэт тавцан дээр зогсож асан хэн бүхэн дуугаа хураав. Эсрэг талд цагдаа метр метрээр урагшилж, харин манай талд буй эр сантиметр сантиметрээр сажлахдаа гар нь савчиж, бие нь салганан явахад тэр хоёрын дунд буй хөндлөн гарах боломжгүй арван метр зай цагдаад саад тотгор, шийтгэл мэт байсан бол манай талд харин түр саатал, учир шалтгааны уялдаагүй боловч найдвар, тодруулбал энэ орон гэргүй эр ямар нэгэн аргаар удахгүй ирэх ял шийтгэлээс мултарч магадгүй гэх өчүүхэн зөрүүд найдвар төрүүлж байв. Цагдаагийн байр сууринаас харвал тэр өөрөө буй биеэрээ хууль дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрсөн сайн”-ыг төлөөлж буй тул дүрэм журам зөрчигч нь муухэмээн нэрлэгдэхээс өөр аргагүй нэгэн болж байна.

Цагдаа хэдийгээр сайн-ыг төлөөлж байгаа ч яг энэ мөчид хүчин мөхөс байх агаад метр, сантиметрээр өрсөлдөж буй хүнлэг бус, доогтой энэ тэмцээнийг ажиглаж зогсоход санамсар мэдэмсэр минь гэнэт хурцлагдаж, тэр мөчдөө гацаж орхив. Тэд хоёр биеэ олж харсан мөч ухаан санаанд минь гацчихав. “Сайн” цагдаа хориотой бүсэд шээж зогсоо эрийг харж, харин “муу” эрийн аз нь харьж цагдаа өөрийг нь харж буйг мэдсэн тэр мөч. Тэдний хооронд арван метр байх агаад цагдаа гүйж эхлэхээсээ өмнө бороохойгоо атган хэсэг зогтусаад хамаг биеэ хумин доош үсрэхэд бэлэн зогсох агшиндаа, “энэ зам дээгүүр хөндлөн гүйж гараад арван метрийг товчлоод хүрчихье” гэсэн бодол зурсхийсэн байж мэдэх, харин нөгөө талд арван метрээр хамгаалуулан зогсоо хөөрхий хөгшин эр ямар ч найдваргүй болсноо мэдрэн салганаж зогссон юм. Уурласан цагдаа бороохойгоо далайн тэнүүлч эрийн араас нэхэж, тодруулбал “сайн” нь тэнүүлчний дүрд хувилсан “муу”-гийн араас хөөж байгаа нь зүгээр л нэг хүн барьж авах гээд байгаа хэрэг биш харин “сайн” нь ухамсартайгаар “муу”-г устгах гэж давшиж буй мэт санагдана. Эсрэг талын тавцан дээр яаран гүйх цагдаа, метр метрээр урагшлах түүний хурдан шалмаг байдал, манай талын тавцан дээр ёолон чичирсээр сантиметр сантиметрээр арай ядан урагшлах тамир тэнхээгүй эрийн дүр зураг тэрхэн агшиндаа үлдэж өдгөөг хүртэл ой тойнд минь хадаатай явна. Тэр эрийн биед шээсний дусал хэд үлдсэнийг хэн мэдэх билээ,  

 гэвч энэ арван метрийн зайнаас болж 

 “сайн” нь “муу”-гаа хэзээ ч гүйцэж чадахгүй, энэ зай хэзээ ч гүүрээр холбогдохгүй, магад метро зам руу шуугин орж ирэх үест цагдаа мань эрийг гүйцээд шүүрээд авч мэдэх ч юуны хамаа байх вэ, миний нүдээр тэр зай өнө мөнхөд арилшгүй саад хэвээр үлдсэн агаад “сайн” гэгч нь салганан тэмцэлдэх “муу”-гаа хэзээ ч үл барих төдийгүй тэдний дунд итгэл найдварын өчүүхэн гэгээ үгүй мэт, утгагүй хоосон санагдана. Суусан метро маань Ruhleben рүү хурдалсан ч мөнөөхөн дүр зураг санаанаас гарахгүй явсаар. Орон гэргүй тэр эр шиг гадуурхагдаж, ад үзэгдсэн бүх хүмүүс нэг л өдөр босож тэмцвэл яах вэ, хэрхэн босож тэмцэх бол гэсэн бодол толгойд минь харван орж ирлээ. Цус асгаруулсан үймээн самуун дэгдэж, өршөөлгүйгээр бие биеэ хүйс тэмтэрч мэднэ гэж бодсон ч бодол минь замхрав. Учир нь миний төсөөлж байгаа шиг тийм зүйл болохгүй, бидний мэддэг бослого тэмцлээс огт өөр, нэг нь нэгнийхээ эсрэг биш, харин бүхний эсрэг бүхэлдээ, хүн нэг бүрд хамаатай, хорвоо ертөнцийг бүхэлд нь донсолгох бослого тэмцэл болно.

Хатагтай, ноёд оо, аливаа бослого тэмцэл бүхэн “бүхэл”-тэйгээ холбоотой байдаг. Би та бүхний өмнө зогсож байгаа ч ажлын өрөөндөө алхаа минь удааширч Берлиний тэр нэгэн аялал гялсхийн үзэгдэж байна. Метроны буудлууд нэг нэгээрээ жирэлзэн өнгөрөх хэдий ч би хаана ч буухгүй, учир нь надад буух буудал үгүй, тэр цагаас хойш метронд суусан хэвээр тасралтгүй үргэлжлэх хонгилоор давхисаар, жирэлзэн өнгөрөх буудлуудыг ажиж явахдаа бүхнийг эргэцүүлэн бодсоор, бослого тэмцэл, хүн төрөлхтний сүр хүч, сахиусан тэнгэрүүд, магад итгэл найдварын тухай, ер бүх зүйлийн тухай хэлж ярьсан мэт санагдаж авай. 

Унгарын зохиолч, нобелийн утга зохиолын шагналт Ласло Краснахоркай

Орчуулсан: Базаррагчаагийн Дэлгэрмаа

© THE NOBEL FOUNDATION 2025


 

 

 

 


Сэтгэгдэл хэсэг