Д.Урианхай: Миний амьдралд цаг хугацаа гэж байхгүй болсон

Уншигч та бүхнийг зохиолч, сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхайтай уулзуулж байна. Тэрбээр анхны номоо тэртээ 1972 онд “Хүн танаа” нэртэйгээр хэвлүүлснээс хойш өдийг хүртэл утга зохиолын бүхий л төрлөөр туурвиж, дан уран зохиол гэлтгүй философийн сэтгэмжүүдээс бүрэлдсэн хэд хэдэн бүтээлийг уншигчдынхаа гар дээр талбисан билээ. Их бичээч маань “Монголын ард түмэн ядуу амьдарч байгаа цагт би Төрөөс шагнал авахгүй ээ” гэж нэгэнтээ хэлсний учир түүний өндөр нэрийн өмнө залагдах эрхтэй гуншин, тодотгол одоог хүртэл гарч ирж зүрхлээгүй байх ажгуу. Тиймээс томоор тодотгож, гоёор зарлахыг хойш тавьж, бүтээл туурвилын их ажлынх нь завсраар даруухан хөөрөлдсөнөө толилуулмуй.

Жич: Ярилцлагыг буулгахдаа Д.Урианхай абугайн өөрийн баримталдаг бичгийн дүрмийг хүндэтгэн дагасан болно.


Сэтгүүлч: Өнгөрсөн жил уншигчдын гарт барьсан “Хоёр сайхан хань минь Монголын үзэсгэлэн гоогийн жин үд” номынхоо тухайд та юу хэлэхсэн бол?

Урианхай: Энэ ном минь эгшиг үсэггүй, нулимстай шүлгүүдийн ном! Тэгэхдээ, дандаа гутранга, уйланхай шүлгүүд биш, Бурхан болсон хоёр ханиараа амьдрал минь дутаж, тэр хоёроо үгүйлж уйлсан халуун гунигт сэтгэлийн үертэй, их хүнлэг эмзэглэлийн сайхан шүлгүүд байгаа! Хүмүүс бид хүний хорвоод цугларч ирээд, цуварч буцдаг. Эхнэр, нөхөр хоёр нэг өдөр, нэг цагт тэврэлдэж суугаад хоёулаа хамт үхчихгүй, нэг нь явж, нэг нь үлдэнэ. Ээж, үр хоёр ч адил, нэг нь түрүүлж, нэг нь хоцроно. 

Хайртай хүнээсээ хагацахын цагт хүний сэтгэл эдэлдэг зовлонгийн тухай л, сэтгэлийн нь нулимстай, цустай тарчлааныг нь тэр номондоо илэн далангүй өгүүлсэн юм. Тэгэхдээ, хань ижилээ алдсан хүмүүсийн эмгэнэл, гасланг сэдрээх гээгүй. Харин, үхсэнээсээ үлдсэн хүний нь сэтгэл санаа ингэж харанхуйлдаг юм байна гэдгийг хүмүүсдээ мэдрүүлэх, хайр гэдэг юм хүмүүс бидэнд зөвхөн амьдад маана л хамгийн хэрэгтэй байдаг, тиймээс нэг нэгнээ амьдад нь л хайраар цатгаж жаргааж чадахгүй, хайраа хождуулж үлдвэл сүүлд нь өөрөө их гэмшиж айхтар зовдог, гэмшлийн гэсгээлд их тамлагддаг юм байна шүү! гэдгийг мөчидхөн ч бол ойлгуулах ойлголтын оч үсэргэхийг л хүссэн юм. 

Асуусны чинь далимд, энд нэг үг нэмээд хэлэхэд, ер нь хүний амьдралд өнгөрсөн жаргалын нь мөр их тод үлддэг, өнгөрсөн жаргалын нь салхины үнэр л хамгийн сайхан үнэр байдаг байхаа ч магадгүй шүү!

-Та хагацлын тухай их бичих юмаа. Үүнийг олон удаа даван туулсан нь ч таны бүтээлүүдэд багагүй нөлөөлсөн санагддаг?

-Мөн ч олон хүнийг уулын энгэрт аваачиж заллаа даа. Одоо дууссан байхаа, хайрхан! Хагацал их хүнд, гашуун! Тэгэхдээ, маш ихийг бодогдуулж үлдээдэг. Энэ олон хагацлын ард би нэг үнэнд хүрлээ гэж бодоод байдаг юм. Хүн болбол ерөөсөө хүнийг хайрлаж мэддэггүй, амьд байхад нь хүн хүнээ хайрлаж чаддаггүй юм байна. Үхсэн хойно нь л тэр хүн амьдралд нь ямар их хэрэгтэй байсныг ойлгомогцоо өөрийн нь амьдрал тэр хүнээрээ аймшигтай дутагдаж байгааг мэдэрч тэр хүнээ бүрэн бүтэн хайрлаж байгаагүйдээ сэтгэлээ химлүүлдэг юм байна. Тэгээд өнгөрсөн алдаандаа үхтэлээ гэмшдэг. Энэ гэмшил бол ухамсарын айдас! Гэмшил бас их хүчтэй халуун харамсал байдаг. Хүн хүнээ хайрлаж мэдэхгүй амьдарч байсандаа, амьдарч байгаадаа гэмшин голоо таслах гээд л байдаг нь хагацалын хэцүү нь юм. Уг нь би их уян зөөлөн, амархан, түргэн хайлдаг сэтгэлтэй, дандаа хүний үгээр л, аяар л амьдардаг юм. Гэвч энэ хайр биш юм байна. Хайр бол их хэцүү, ариун дээд юм байна. Ариун учир Хайр, Үнэн хоёр жинхэнэ мөн чанартаа яг ямар юм байдагыг нь хүн төрөлхтөн бид ойлгож чадахгүй, мэдэж ч, мэдэрч ч чадахгүй амьдраад байгаа юм шиг санагддаг боллоо. 

-Нийгмийн үйл явдал, цаг үеийн шуугианаас тусгаарлагдах болсон тань хэдий үеэс эхлэлтэй вэ?

-Гол нь дүлий болсон! Чихний аппаратгүй л бол юу ч сонсохоо болиод өрөө, ширээндээ л даяанчлахаас өөр аргагүйд хүрсэн. Дүлийрэх үйл явц илрэх болсон нь сүүлийн хориод жил үргэлжилж байна. Гэхдээ, нийгмийн харилцаа, цаг үеийн шуугианаас тусгаар амьдрахыг зөв амьдрал биш гэж ойлгож байгаа! Гагцхүү ахуй бие минь ийм болгочихлоо. Тэгээд хүний амьдрал, нийгмийн хөгжил, орчлон ертөнцийн орших зүй тогтол, амьдрал, үхлийн мөн чанар гээд элдэв асуудлуудаар толгой цээж рүү орсон бодол, эрэгцүүлэл, философи сэтгэмжүүдээ өөрийнхөө эзэмшсэн монгол хэлээрээ нийгэмдээ цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх хэрэгцээ үүссэнээс өрөөндөө бүгэх, ширээний “буг” болж өрвийн суух хэрэгтэй болчихсон. Сүүлийн олон жилд энэ зорилгоо л хэлтлэх гэж амьдрахаас өөр хэрэгтэй чухал юм амьдралд минь байхгүй болоод энэ тэр эд өлгийн зүйлсийн хэрэгцээ жилээс жилд багассаар өрөөнөөс гарах, ширээнээс ховхрох цаггүй тийшээгээ хэвийчихлээ. Тэгээд нэг айхтар хэцүү нь амьдралд минь цаг хугацаа байхгүй болчихлоо.

-Ганцаардлын тухайд та юу хэлэх вэ. Энэ нь зохиолчийн гол өдөөгч мөн үү?

-Хэн нэг хүн сэтгэлгээний, оюун санааны гэгээрлийн түвшинээр хэчнээн өндөрт тасрах тусмаа нийгэмд төчнөөн их ганцаардана. Хамт суугаад мэтгэлдэх, үгийг нь ойлгох хүн байхгүй, хамт суугаад уйлах хүн олдохгүй. Тэгэхээр ганцаардал гэдэг зөвхөн маш өндөр дотоод ертөнцийн оргилд хүрсэн хүмүүсийн л амьдралд байдаг орь үзэгдэл. Харин олон нийтэд байхгүй. Энэ үзэгдэл зохиолчийг зохиолч, яруу найрагчийг яруу найрагч, уран бүтээлчийг уран бүтээлч болгодог хамгийн анхдагч нөхцөл нь юм. Олон дунд дандаа хөхрөөд л, шуугилдаад л байдаг төдийгүй үргэлж жаргалтай байдаг хүн уран бүтээлч болохгүй. Үргэлж хүн бүхний хүслэнт зочин байдаг хүн зохиолч болохгүй. Ганцаарддаг, гунигладаг, уйлдаг, энэ амьдралыг чин сэтгэлээсээ хайрлаж бас үзэн ядаж чаддаг, тэгээд шалтгаант нөхцөлийг нь бодоод галзуурах эгшинд тэр хүн уран бүтээлч болно. Хэвийн амьдралтай, эрүүл саруул сэтгэлгээтэй хүн хэчнээн авьяастай байгаад ч том уран бүтээлч болж чадахгүй! Авьяасын талаар А.Камюгийн “Гурван шүлэг, эсхүл гучин хуудас юм их сайхан бичихийг авьяас гэхгүй ээ. Гурван ном, гурван зуун хуудас юм маш сайн бичихийг авьяас гэнэ” хэмээсэнтэй би санал нийлдэг. Тэгэхээр авьяас болбол уран бүтээлийн гол юм биш. 

 -Та эцгийн хайрыг хэр гүн гүнзгий мэдэрч өссөн бэ?

-Аав минь намайг их хатуу “захиргаадаж” өсгөсөн. Загнадаггүй, зоддоггүй ч “айлгадаг аав” байсан. Гэрийн ажилд ч, хурга, ишиг, тугал, бяруунд ч зардаг, бага унтуулдаг, хар үүрээр орноос босгодог, их орой унтуулдаг, айл хэсүүлдэггүй, хүүхдүүдтэй тоглуулдаггүй, “Хал нь гаднаа, Хайр нь дотроо!” гэдэг “Монгол сурган хүмүүжүүлэх ухаан”-ы арга, философитой хүн байсан. Товчдоо, аав минь ийм хүн! Одоогийн улс төрийн хэллэгээр бол “диктатор”!

Аав “Баян айлын унага, тугал эрх, ядуу айлын хүүхэд, нохой эрх!” гээд намайг тоглуулдаггүй байсан болохоор би хүүхэд насгүй өссөн гэхэд ч бараг болох юм. Намайг гурван настайд аав, ээж минь салаад аав намайг өөртөө авсан, би ижийгээ их санадаг байсан, одоо ч ижийгээ санаад их уйлдаг. Сургуульд ороод, зуны амралт эхлэхэд, “Ээждээ очиж золго!” гээд гурав хоногийн чөлөө өгөөд явуулдаг, “айл хэсэж сурчихна, хүүхдүүдтэй ноцолдож сурчихна!” гээд гураваас илүү хоног явуулдаггүй, тэгээд “Гурав хоногийн чөлөө” дуусмагц ээж ч уйлаад, би ч уйлаад мориндоо морддог байлаа. Аав минь намайг хатуу гараар хүн болгосон арга нь Өвөө ааваас минь өвлөгдсөн “Хүмүүжлийн дэг сургууль”-ийн уламжлал байсан байх. Өвөө аав минь “Хувьсгалын эсэргүүн”-ий хэргээр 1938 онд буудуулсан, 1992 онд цагаатгагдсан. Өвөө аав минь том зайран бөө хүн, “Богд Хаант Монгол улс”-ын үед Хятадын хар цэрэгтэй байлдаж Мээрэн цолоор шагнагдаад, дараа нь Бароны цэрэгт дайчлагдаж “Улаан цэрэг”-тэй Хараа голд байлдаад ялагдаж явсан. 

1938 онд буудуулахаасаа өмнө 1932 онд бас баривчлагдаж гэрээсээ “Ногоон малгайтан”-уудад туугдаад гарахдаа Хүүдээ (Миний аавд!) “За, Дамдинсүрээн, энэ засаг нүдтэй бол би буцаад ирнэ, хэрэв буцаж ирэхгүй бол чи энэ засагын төлөө нэг их соосогоноод байх хэрэггүй шүү!” (Аав минь Сумын нэг багийн дарга байсан!) гэж хэлээд гарсан гэдэг юм. Аав минь Өвөөгийн эмгэнэлт хувь заяаны нөлөөлөлөөр хатуу яс зан чанартай, ширүүн дориун үгтэй хүн болчихсон байх, надад, “Хүн гурил шиг байвал тос шиг бай, хутга шиг байвал жад шиг бай!” гэж сургадаг байсан. Харин би, яагаад ч юм, шал эсрэг хүн болчихсон!(инээв).

Аав намайг хүүхэд байхад минь ч, том болчихсон хойно минь ч миний дур зорго, сонирхол, хүслийг ямагт өөрийнхөө гарт атгаж хүмүүжүүлсэн болохоор би гаднаа хүнээс хулгамтгай, аймхай, үгэнд дуулгавартай оромтгой, бүрэг, дорой номтгойдуу хүн болчихсон ч цаанаа бол их “дотогшоо”, цээжин дотроо, бодол дотроо зэгсэн зөрүүд, нэг тийм “тэмцэгч” чанартай “этгээд” болоод төлөвшчихсөн юм шиг билээ. Ер нь гүн рүүгээ, ерөнхийдөө, амар амгалан “анир гүм”-тэй ч үе үе асар гэнэн, тэнэг “Тэсрэлт”-тэй, дотооддоо зөрчилтэй хүн! Өөрт минь учир нь олдохгүй “Хачин юм”-тай хүн гэхэд болно. Би өөртөө таалагддаггүй! Гэхдээ өөрөөсөө өөр байж чаддаггүй! Ер нь хүн өөрөөсөө өөр байж чадахгүй, чадах хүн байхгүй!  

-Та залуугийнхаа өгүүллэгүүдийг ахин бичиж, эхнийх нь “Хуучин дүрүүдийн шинэ дээл” нэртэйгээр өнгөрсөн намар уншигчдад хүрсэн. Залуугийн өгүүллэгүүдээ яагаад ахин бичих болов?

-Тэр үеийн би бусад залуу зохиолчидоосоо ур чадварын хувьд дутуу, сэтгэлгээ, мэдлэг нимгэн байлаа шүү дээ. Туршлагагүй, гэхдээ их зоригтой дайрч байсан. Юм бичээгүй үедээ ч элдэв юм боддог, орчин үе, ахуй, өөрсдийнхөө оюун санааны хөгжлийн түвшин, түүхэндээ хүртэл нэлээн шүүмжлэлтэй ханддаг байлаа. Тэгэхдээ эх орноо, ард түмнээ элгэн халуун сэтгэлээр хайрладаг юм. Миний бүх биеэр нэвчсэн ганцхан том судас байгаа нь хайр юм. Хүн өөрийнхөө их хайртай юмнаас өө сэв олж харахдаа гярхай байдаг юм байна. Би зохиолч болно гэсэн зорилготой байсан учраас залуудаа Үндэснийхээ утга зохиолыг маш нарийн уншаад байлаа. Үүгээр ч барахгүй орос хэл сурч, дэлхийн соёл иргэншлийн зах зухаас чамгүй уншсан юм. Утга зохиол, философи, шинжлэх ухааны анхан шатны ойлголтууд, дэлхийн том эрдэмтдийн зохиол, бүтээлийг дэс дараатай, өөртөө тавьсан зорилготойгоор хуу уншдаг байлаа. 

Манай утга зохиол бол сайхан утга зохиол байна гэдгийг би мэдэрсэн. Тэгэхдээ сэтгэлгээний уран зохиол биш байна гэдгийг ч олж харсан юм. “Манай утга зохиол дүрслэлийн, аж байдлын уран зохиол юм байна, монгол ахуй, бодит амьдралыг их сайхан уянгалсан, уран гоё дүрсэлсэн, магтсан юм байна, тэгэхдээ дэлхийн утга зохиолын онолын ойлголтод хүрэхгүй байна аа” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Улмаар Монголынхоо утга зохиолыг үндсээр нь өөрчлөхсөн гэдэг зорилготой болсон. Магтаалын, давхар давхар тодотголтой, давхар давхар дүрслэгээтэй, чимэгнүүдтэй утга зохиолыг сэтгэлгээний утга зохиол болгох, философижуулах шаардлага үгүйлэгдэж байгааг анзаарсан л даа. Миний хамгийн түрүүнд хийсэн алхам бол яруу найраг. Монголын яруу найргийг уншихад сайхан л санагдана, гэлээ ч философи байхгүй, хэлбэрийн хувьд хайрцагтай байлаа шүү дээ, тэгэхэд. Энэ нь надад дууриах чиг, зам биш санагдсан, үүнийг эвдэх хэрэгтэй гэж үзсэн. Ингээд “Бид-дотоод шаталтын хөдөлгүүр”,  “Эх орны тухай бодол”, “Ажлын газар”, “Улсын минь төлөвлөгөө” гэхчлэн ер хайрцаглагдаагүй, цэвэр сэтгэлгээний шүлэг, найраглалууд бичих болов. Хүмүүс шүүмжилсэн, тэгэхдээ яах вэ, яруу найргийн мөн чанарын гол судас болсон ур чадварын хувьд дутагдалтай байсан нь үнэн юм. Гэлээ ч эдгээр бүтээлүүд маань Монголын яруу найрагт шинэвтэр үзэгдэл байсан. Уламжлалт яруу найргийг бүхэлд нь өөрчилсөн юм. Тийм ч учраас Монголын яруу найрагт “газар хөдлөлт” шахуу юм болоод бүтэн хоёр жил энэ шүлгүүдийн минь талаар маргалдсан. 

“Захиа” гэдэг нэг мөр шүлгийг маань одоо ч гэсэн залуус та нар уншдаг л юм байна лээ. Түүнийг чинь МЗЭ-ийн бүгд хурлаар авч хэлэлцээд “Ийм доголон шүлгэнцэрийг Монголын цэцэг цэврүү шиг яруу найрагт оруулахгүй. Энэ Урианхай гэгч залуу хөрөнгөтний, барууны уран зохиолын хог новшийг нь Монголын яруу найргийн диваажин руу чирч оруулж ирэх гэж байна” гээд л шүүмжилж байсан. Ер нь хуучин нийгмийн үед социалист реализмаас өөр арга барилаар уран бүтээл туурвихыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. 

“Хуучин дүрүүдийн шинэ дээл” номд багтсан өгүүллэгүүд маань ч гэсэн ийм л цаг үед бичигдсэн юм. Тэдэнд минь уран зохиол болчих үр байгаа, харин ур чадварын хувьд нарийвчлах, сайжруулах шаардлагатай байсан. Тэгээд ч эдгээр өгүүллэгүүд маань “Монголын уран зохиолын дээжис” 108 ботид багтаж хоёр ч удаа хэвлэгдсэн л дээ. Ингэхээр тэднийг ахин бичихгүй бол “Монголын уран зохиолын дээж”-д багтсан өгүүллэгүүд нүүр улайлгах юм байж хэрхэвч боломгүй санагдаад, залуугийн алдаагаа цагаалах зорилго тавьж ахин шинээр бичсэн. Эдгээр өгүүллэг дэх драм, эмгэнэлүүд бүгд одоо сэтгэлзүйжсэн байгаа. Монголын хамгийн сайхан өгүүллэгүүд чинь уянгын өгүүллэгүүд юм, харин сэтгэлзүйнх биш. Д.Батбаярын өгүүллэгүүдээс сэтгэлзүйн гэж нэрийдэхээр үр соёонууд тэмтрэгддэг, тэгэхдээ шуудхан сэтгэлзүйн өгүүллэг гэхээсээ уянгын, ахуй амьдралын, аж байдлын талдаа юм. 

-Д.Норов абугайнх сэтгэлзүйн өгүүллэгт багтахгүй юу?

-Д.Норовын өгүүллэгүүд болбол сэтгэлзүйн тавилуудтай ч уран зохиол хэтэрхий натурал байж болохгүй, урлаг биш болчихно. Уг нь хөхөөн дуу ч хөгжмийн зохиолд орох ёстой, мэлхийн вааглаа ч орох ёстой. Гэтэл хөхөө донгодож байгааг ч тэр, мэлхий вааглаж байгааг ч тэр шуудхан хуулж авчраад түүнийгээ нотлоод тоглуулбал энэ чинь хөгжмийн урлаг болохгүй шүү дээ. Урлаг болбол натурал үнэн биш. Амьдрал бол сайхан юм ч бас биш. Түүнээс философи утгатайг нь, хүн хоолойгоо яаран огтолчихгүй хоргодоод байгаа тэр үндсүүдийг нь харж, түүнийг урлагжуулж тавьж гэмээнэ сая амьдрал урлаг болно шүү дээ. 

 -Монголын орчин цагийн уран зохиолд юу дутагдаж байна гэж та боддог вэ?

-Манай утга зохиолд мөнхийн дутагдаж байгаа ганц дутагдал бол сэтгэлгээ юм. Одоо ч гэсэн сэтгэлгээ дутагдсаар л байна. С.Эрдэнэ гуай үүнийг олж хараад өөрөө үлгэр жишээ үзүүлье гэж бодоод “Амьдралын тойрог” гэж зохиол бичсэн. Гэвч энэ нь том бүтээл болж чадаагүй. Тэгэхдээ С.Эрдэнэ гуай энэ номоороо Монголын утга зохиолыг сэтгэлгээний болгох туршицыг хийсэн шүү!

Түүнчлэн шинэчлэл гэдгийг манай туурвилчид ташаа ойлгож байна. Шинэчлэл гэдэг үг, хэллэгийг өөрчлөхийг биш, харин сэтгэлгээг шинэчлэхийг хэлнэ. Амьдралыг юу гэж үзэж байгаа үзэл бодол, сэтгэлгээнд өөрчлөлт хийж, шинээр амьдрал руу харах хэрэгтэй. Амьдрал гэдэг бол хэн, юу гэж бодож байгаа яг л тэр мөн. Өөрөө юу ойлгосон, ямар дүгнэлт хийж байгаа юм, түүнийгээ асар халуун нулимстай, дотуураа цус алдаж байгаа юм шиг л дотоод ертөнцийнхөө давлагааны долгион дээр хэлэх ёстой байтал тэр халуун дутмаг байгаа нь их ажиглагддаг. Энэ бол дадаизм гэгч рүү хэт халтирч байгаагийн балаг юм.

Шинэ арга барил эзэмшихийн сацуу сэтгэлгээгээ гүнзгийлэх “зовлон” эдлэх нь их чухал! Сэтгэлгээ гэхээр л дандаа философи яриад байж болохгүй шүү дээ. Уран зохиол чинь философи биш. Мэдлэгээр, ухаанаар, боловсролоор шүлэг бичвэл тэр яруу найраг болохгүй. Яруу найрагч гэдэг философич биш, эрдэмтэн биш, ухаантан ч биш, харин сэтгэгч байх нь чухал. Яруу найраг бол үнэний индэр биш, харин үнэнийг нэвт шувт харсан оюун билиг, зөн сэрэхүй, мэдрэмжийн л жимс юм. 

Яруу найраг бүтээнэ гэдэг цээжинд салхи хөдөлж байгаа, тэр салхины чимээг л мэдэрч үг болгож байгаа явдал юм. Шүлэг ухамсрын, ухааных байж болохгүй. Пушкин найздаа бичсэн захидалдаа “Найз минь ээ, чиний шүлэг хэтэрхий ухаантай юмаа. Яруу найраг гэдэг чинь тэнэгдүү байх ёстой юм шүү дээ” гэсэн байдаг. Үг, хэллэгийн хэрэг нь цэц булаалдахад бус амьдралаас шинэ шинэ утга санаа нээж улаалахад, хэлбэр, дүрслэлийн эрэлийн хэрэг нь харахад гоё, сониндоо бус сэтгэлгээний өндөрлөгийн эрчимийг илэрхийлэхэд хүч хавсарахад орших юм. Алив бүтээлд юуны өмнө зохиолчийн сэтгэлгээний эрлийн үр дүн, өөрийн нь далд төрх төлөв, “гарын үсэг” нь нууцлаастай байдаг. 

-Ардын аман зохиолоос бид яруу найрагтаа аль уламжлалыг нь авч, шингээх ёстой вэ?

-Аман зохиолоос болбол үгийн цэцийг авах хэрэгтэй. Тэгэхдээ дан үгийн цэцээр дулдуйдвал яруу найраг болохгүй. Аман зохиолд амьдралын үнэнийг хэлсэн философи сэтгэлгээ их шүү! Монгол ардын дуу “Сүнжидмаа”-д л гэхэд:

<<Хамбаны чинь хээ элэгдэнэ 
Ханилсан нөхөр чинь хэрэг болно
Хар сайхан үсийг чинь цайгаад ирэхийн цагт
Хаалга үүдээ нээгээд өгсөн ч
Харж үзэх хүнгүй болно. 

Үйтэн хуарын чинь хээ элэгдэнэ
Үеийн чинь нөхөр хэрэг болно
Үүдэн хоёр шүдийг чинь унаад ирэхийн цагт
Үүд хаалгаа дэлгээд өгсөн ч
Үзэж харах хүнгүй болно>> хэмээсэн мөрүүд бий.

Энгийн атлаа мартагдахын аргагүй. Энэ сургаалын шүлэг биш, харин жинхэнэ яруу найраг. Сэтгэлгээ хөгжихөөр үг нэхэгдээд байдаг. Түүнийг хаанаас олох вэ гэвэл өөрийнхөө үндэсний хэлний үгийн сангаас л эрнэ. Ийм тохиолдолд аман зохиол, хуучны уран зохиол, үлгэр, домог, туульсыг зай завсаргүй нэгжихээс аргагүй!

“Цонхон дээр суусан ялаа” дууны үгийг бодоод тунгаа даа!

<<Цонхон дээр суусан ялаа нь болбол
Цочоод нисэх нь амархан байдаг юм.
Цохлоод ирсэн үйлийн үрийг
Цохиод буцааж болдоггүй юм.

Орон дээр суусан ялаа нь болбол
Ойгоод нисэх нь амархан байдаг юм.
Олоод ирсэн үйлийн үрийг
Орхиод явж болдоггүй юм!>> Дуулав уу, тэр?

<<Дэрлээд ирсэн үйлийн үрийг
Дэлсээд буцааж болдогггүй!>>

<<Олоод ирсэн үйлийн үрийг 
Орхиод явж болдоггүй!>>

Ямар үнэн үгтэй, ямар уужуу дүүжүү сэтгэж байна? “Үйлийн үр”-ийн учир нөлөө, орчлонгийн барилдлагын хүч, Хүний “үйлийн үр” хувь заяанд яаж наалддаг тухай нуль Буддын философи яригдаж байна шүү дээ. 

“Цомбон туурайтай хүрэн”-д,

<<Оонийн хоёр эврийг 
Ороолдуулж барьж чадахгүй,
Орчлон хорвоогийн жамыг
Огоорч мартаж болдоггүй!>> гэж байна!

Бидний ярьдаг, бичдэг, шинжлэх ухааны хуурай үгээр лекц уншдаг үгсээс ямар хол, тойруу үг, утгаар тийм гүн ойлголтыг илэрхийлж чадаж байна аа? Нэг дуунд, дууныхаа нэрийг яг одоо би санахгүй бойцроод байна,

<<Огторгуй тэнгэрийн холыг ээ,
Орох борооны нь хурданыг ээ>> гэсэн үг байдаг. Хүн хийгээд юмсын оршихуй, Орчлон хоёрын харилцаа, таталцал, нэгдэл, зөрчил, орон зай, цаг хугацааны харьцааны тухайд бараг л өнөөх А.Эйнштейны “Харьцангуйн онол” шахуу юм сануулаад орхичихож!

А.Эйнштейн еврей хүн, айхтар хөгжсөн хийсвэр сэтгэлгээтэй эрдэмтэн, магадгүй, энэ дууны үгийг санаандгүй хаа нэгтээгээс олж сонсоод онолынхоо санааг олсон ч байж мэднэ (хөхрөв).

-Бүтээл туурвих үед тань сэтгэлээр унах мэдрэмж төрдөг үү?

-Зөвхөн бүтээл туурвих үед биш, ерөөсөө амьдралын бүхий л хугацаанд сэтгэлээр унах мэдрэмжтэй олонтоо нүүр тулдаг. Хүнд гурван ч амьдрал байгаа юм. Физиологи, биологийн хуульд захирагдаж байгаа бие махбодын амьдрал гэж бий. Хажуугаар нь шахцалдан зэрэгцдэг оюун санааны амьдрал гэж бие махбодын амьдралтай нэгдмэл хэр нь ээ бас тусгаар ахуйтай амьдрал байна. Гурав дахь нь, сэтгэлийн амьдрал! Бие махбодын хийгээд оюун санааны амьдрал бол нэг л удаа үхнэ. Сэтгэлийн амьдрал аймаар аймаар олон удаагийн үхэлтэй! Энэ амьдрал өдөрт хэд үхэж, хэд сэхдэг амьдрал! Уран бүтээлч, зохиолч, сэтгэдэг хүмүүсийн хамгийн зовлонтой нь энэ! Тэдний сэтгэл нь үхдэг. Тэгэхдээ сэтгэлийн үхэл их бурханлаг чанартай үхэл байдаг.

-Та бүтээлээ бичсэний хойно ямар мэдрэмжтэй үлддэг вэ?

-Бичиж байхдаа жигтэйхэн их хөөрөөд л, уйлаад л байна. Бичсэн хойноо өөртөө асар их эргэлздэг юм, үнэндээ миний өөртөө итгэх итгэл маань маш сул. 

-Саяхан “Агнистийн гэгээ”-г уншихад “Жинхэнэ яруу найраг бясалгалаас төрдөг. Өөрөөр хэлбэл, яруу найргийг зохиодог юм биш, түүнтэй учирдаг юм” хэмээсэн үг тааралдсан. Тэгтэл манай хотын хамгийн тууштай бясалгагч хүн бол та шүү дээ?

-Би ч өөрийгөө тэгж бодохгүй байна даа. Миний хувьд, ширээнд суухдаа бүтээлийн Бурхадын зүрхэн тарнийг уншдаг юм. Бурхадын хөрөг дүрийг хараад залбираад л, сэтгэлээ ханзлаад л суухад их сайхан байдаг. 

Сэтгэл жиргээд л, цээжээр салхи сэр сэр салхилаад байх шиг мэдрэмж төрдөг. Сэтгэл гэдэг өвс байдаг юм уу, ямар ч юм байдаг юм мэдэхгүй, цээжин дотуур салхи татахад намрын хялганы толгой ганхах шиг, шувуу ч жиргэх шиг санагддаг. Баригдашгүй ч гэсэн ийм агшныг барьж аваад л, зууралдаад л суудаг шүү дээ. Энэ одоо бясалгал мөн ч юм уу, биш ч юм уу, хөөрхий. 

-Та утга зохиол оролдож байгаа залуучуудад хандан юу хэлэхсэн бол?

-Шүлэг өөрөө л бичигдэж, өөрөө л бүтсэн болбол энэ шүлэг! Шүлэг яаж бүтэж байгаа гэдгийг би мэдэхгүй юм. Миний зохиол, бүтээлийг яг ч би бичиж байгаа биш юм байна гэж боддог. Одоо намайг дөрвөн мөрт шүлэг зохиогоод аль гэвэл би юу ч хэлж чадахгүй. Миний дотор янз бүрийн насны олон Урианхай байгаа бололтой, тэд л миний өмнөөс бичээд байх шиг байдаг. Тэгэхээр өөр дотроо ялгаатай олон хий “Би”-г төрүүлээсэй гэж хэлвэл яадаг бол? (инээв). Түүнээс бус өөрөө бичвэл тэр шүлэг, зохиол болохгүй тийшээ хандана байх шүү!  

-Та юуны төлөөнөө зохиол бичдэг юм бэ?

-Амьхандаа хүнд тус болох л гэж бичиж байгаа юм. Уншигчийг амьдралын тухай бодоход нь, сэтгэлээ ариусгахад нь, асрах, нигүүлсэхүйн бодь чанарт хүрэхэд нь, бурханшихад нь тус болж магадгүй гэсэн сэтгэлээр л ном бичиж байгаа хэрэг. Зохиол бичих ажил зохиолчийг багагүй зовоодог гэдгийг бүгд эрхбиш гадарлах биз ээ. Зохиолчид агуу зовлон, асар том алдаа дунд л амьдарч байдаг. Сэтгэл минь ийм зүйлд зовоод байна аа, ийм юмнаас болоод би харамсаад, гутраад, уйлаад байна аа, амьдрал надад ингэж харагдаад байна аа, ингэж бодоод байна аа, энэ зөв үү, буруу юу гэхчлэн дандаа л уншигчидаасаа асууж, үгийг нь хүлээж үлддэг. Өөр ямар ч зорилго байхгүй. Ном бичлээ гээд миний гэх өмчтэй болчихдогсон болбол би чинь өдийд юм юмтай л байхсан. Өдгөө надад миний гэх өмч хэдэн ном, өмссөн хувцас, тэтгэвэрийн хэдээс минь өөр юу ч байхгүй!

-Зохиолч гэхээр хамгийн түрүүнд юу санаанд тань буудаг вэ?

-Энэ бол хариуцлага шүү. Бас айдас! Энэ хорвоо чинь мартдаг хорвоо. Толстой, Шекспирийн хэмжээнд л хүрч бичиж чадахгүй бол мартагдана гэж л бодох хэрэгтэй. Зохиолч гэхээр өөрийнхөө амьдралын тусыг мартуулахгүйн төлөө хамгийн хүчтэй тэмцэгч л гэж бодож байна. 

-Бидний амьдран буй цаг үеийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Ороо бусгаа, “Цэлмэг”, “Бүрхэг” шинж чанартай л цаг үе юм. Ард иргэдийн олонхи амьдрах эрхтэйгээсээ илүү үхэх эрхтэй! Үхэх эрх нь илүү бодитой, илүү хэрэгждэг! Дэлхий даяараа нийгмийн ардчилал их сиймхий үзэгдэл юм. Сиймхийгээс нь болоод өмч, хөрөнгийн ялгааны хэмжээ энгийн математик тоо боддог аргаар бодож гаргахын аргагүй болсон. Жижигхэн эдийн засагтай, улс төрийн хэрүүл, зодоонтой, гэрийн буйрын чинээ л тойрогтой зах зээлтэй Монголд маань гэхэд л ард иргэдийн олонхи, цөөнхийн хоорондох бодит амьдралын ялгаа, зааг “Номхон далай”-н гүнээс гүн байх! Энэ хоёр давхарагын аль аль нь улс төрийн эрх чөлөөгөөр дэлхийд дээгүүр жагсах байх, эдийн засгийн ардчилал, эрх чөлөөний хувьд гэвэл, харин их хуурамч, К.Марксын үгийг ашиглавал, “Коммунизмын “Хий үзэгдэл” Европоор тэнэж явна!” гэдэг шиг зах зээлийн харилцааны “ид шидэт” элбэг хангалуун жаргалын эрх чөлөө Монголоор “Хий үзэгдэл мэт л “тэнэж явна”! Хүн бүр хувийн өмч хөрөнгөтэй болж баяжих, хөгжих тэгш эрхтэй, боломж бололцоо нээлттэй гэдэг ойлголт, номлол, сурталчилгаа нь хавтгайрсан зах зээлийн шудрага харилцааны “зөв”, “ардчилсан мөн чанартай” нь “хий үзэгдэл”-д хувирч бодитжисон, манай нийгмийн амьдралд зөвхөн “Мөнгөний эрх чөлөө”-ний эрх чөлөө л ноёлж “Ногоон гэрэл”-ээр хурдалж байх шиг байна даа. Хүн амын 30 гаруй хувийг эзэлж байгаа “Улныхан”-ы хувьд бол “Нийгмийн халамж”-аар л амь зуух нөхцөлд боогдмол байгаа үнэн рүү шагайгаад бодит байдалыг харчихад микроскоп хэрэггүй л байна. Далимд хэлэхэд, “Нийгмийн халамж” гэдэг ойлголт ч, нэр томъёо ч хөрөнгөжсөн цөөнхийн сэтгэхүйг хамгаалагч рыцарь улс төрчдөөс дандаа үзэн ядсан үг сонсдог. 

Дэлхийд нийгмийн хөгжил хурдсаж, товчлогдож байгаа ч бид энэ үйл явцын гадна нь биш гэхэд дотор нь биш, сүүдрийн нь үзүүрээс чирэгдсэн байдалтай урагшилж байх шиг байна даа гэсэн бодолтой л сууж байна. Гэхдээ би ямар мэргэжлийн судлаач биш, зүгээр л, нүдээрээ харсан, биеэрээ мэдэрсэнээ буюу “Нийгмийн амьдрал” гэгч Үнэн, Худалын “худаг”-аас өдөржин ажигласнаа уран зохиолын арга хальт хульт ашиглан нийгмийнхээ оюун санааны хөгжлийн урсгалд нийлүүлдэг сайн дурын “Идэвхтэн бичигч” шүү дээ.

-Сонирхоход, Та өнгөрсөн онд хамгийн сүүлд ямар шүлэг бичив?

-12-р сарын 20-нд бичсэн ийм шүлэг байна:

Олон намар.., олон хавар...

Зүрх минь их өвдөж байна!
Өвдөх нь улам айлган их зовоож байна!


Аргагүй дээ!..
Навчис унахыг олон намар харж
                                         уйллаа,

Нахиа цухуйхыг ч олон хавар харж       
                                         уйллаа,

Хайртай шувууд минь ирэх нь
Жилээс жилд цөөрөхийг харж,
Олон хавар уйллаа,

Хараад айдас хургам “далавчтан”-ууд
                                 нисэлдэн үлдэх нь
Жилээс жилд олширохыг ч харж,
Олон намар уйллаа!..

Цээжин хөндийдөө өнчин ганцаар зүрх минь ээ,
Өвдөх чинь зөв өө, аргагүй,
Өвдөлтийн дорви чинь ч хөндүүрээ нэмж
Өдөр, шөнөгүй зовоож эхэлсэн чинь ч зөв өө,
                                                       аргагүй,

Өвгөн биеийн минь хаа нэгтээ,
Өчнөөн жил үнэнч цохилж байгаагаа
Өвдөж мэдүүлсэнд чинь,
Харин их баярлалаа!..

Уулга алдам өвдөлтийн чинь
“Улаан цус”-тай хашгираанаас
Урьд нь зүүдлээгүй нэг “нууц”-ыг
Ашгүй мэдлээ:

Бурхан хаа нэгтээ,
Аанай л өвдөж байгаа юм байна!

Бас л чам шиг, 
Чамтай хамт,

Бас л над шиг,
Надтай хамт!..

                             2025.12.20-21.   
                “Хүн-чулуу”-ны хонхор.

 

Ярилцсан: Уранзаяагийн Чинзориг.

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Чөлөөт сэтгүүлч. 

Гэрэл зургуудыг: Tulgaa Skizz

Сэтгэгдэл хэсэг

Сэтгэгдэл үлдээх