Д.Нандин: Хаа ч явсан номын сангаа сэтгэлдээ багтаадаг...

 
Намайг Дулмаагийн Нандинцэцэг гэдэг. Сэтгүүлч хөтлөгч мэргэжилтэй. БНСУ-д гэр бүлийн хамт амьдардаг.
 
1.Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг байдаг шүү дээ. Та хэдийнээс өөрийн номын сантай болсон бэ? Танайх номын сандаа хэдэн номтой вэ?
Сургуульд орохоос өмнө ээж нэг жижиг цонхтой бор шүүгээг "Нандиа чиний номын сан" гээд оноож өгснөөс хойш өөрийн гэсэн номын сантай болжээ. Улаанбаатар хотод оюутан болоод өрөө хөлсөлж, айл айлаар хэсэж амьдрахдаа "малгай тавивал манайх" гэдэг шиг хэдэн номоо өрж тавиад хажууд нь ганц чихмэл тоглоомоо суулгаад "номын сан" -тай болчихдог байлаа. Гадаадад ирээд ч мөн ялгаагүй. Ер нь хаа ч явсан "номын сан"-гаа сэтгэлдээ багтааж, тээгээд явчихдаг хүн юм уу даа. Миний номын санд ойролцоогоор гурван зуу гаруй ном байх шиг. Уншсан номоо багахан үнэлээд зарах, бэлэглэх тохиолдол их. Их ном цуглуулж дарагдмааргүй байгаа юм үнэндээ. Гэтэл хааяа гоё номын сан хараад би ч гэсэн ийм том номын сантай болж чадна даа гэх шунал төрнө. Уг нь ном номын тавиурт тоосонд дарагдах биш хөдөлгөөнтэй байх ёстой юм шиг санагддаг.  
 
 
2.Анх уншихад дурлуулсан ном болон мөн амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?
Манай үеийнхэн бараг нэг л ном нэрлээд байдаг даа. Өнөөх "Монте Кристо гүн" хэхэ. Ямартай ч энэ номын ачаар номын амтанд орсон. Түүнээс хойш бие дааж уншсан номууд "Керри эгч, өсвөр насандаа алгебрын зузаан дэвтрийнхээ доор нууж уншсан "Дөлгөөн Дон" гурван дэвтэр роман байна. Одоо нэг уншиж үзвэл ямар байх бол гэж хааяа боддог. Тэгээд л олны мэдэх "Манан будан", "Хар цас", Л. Ванган гуайн жүжгийн түүврүүд, Д. Намдаг гуайн түүвэр зохиолууд, Чингиз Айтматовын "Цаазын тавцан" гээд ер нь манай үеийнхэн бүгд л төстэй номууд уншсан байдаг даа. Ямартай ч наяад онынхон аналог, дижитал аль аль үеийг нь үзэж яваа азтай ч юм шиг хүмүүс. Номонд дурлахад цаг үеийн нөлөө яах аргагүй байсан. Дээр нь манайх гэж тоггүй, зурагтгүй айл байлаа. Ёстой л хүжийн гэрэлд биш ч галаа түлээд хажууд нь халуу шатаад уншиж өслөө гэхэд хилсдэхгүй. 
 
3.Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Мэдээж уран зохиол. Би бага насаа ээж дүүтэйгээ өнгөрүүлсэн. Аавын орон зай их үгүйлэгддэг байсан. Тиймээс тэр хоосон орон зай, нөмөр нөөлгийг номоор нөхдөг байснаа хожим ойлгосон. Одоо бол уран зохиол зүгээр л миний дотно найз шиг санагддаг. Хэзээ ч ганцаарддаггүй шалтгаан минь уран зохиол их уншдагаас ч байж мэднэ. 
 
 
4.Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Зохиолчдыг сүсэлж, шүтэж амьдардаг хүнд их олон зохиолч байх юм. Дарма Батбаяр, яруу найрагч Л.Өлзийтөгс эгч, Орхан Памук, Херман Хессе, Хан Ган, мөн Япон зохиолчид миний сэтгэл зүрхийг их татдаг даа. 
  
5.Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Монгол явах бүрдээ номын дэлгүүрт нэг өдрийг өнгөрүүлж, ачаа тээшээ номоор дүүргэж ирээд сэтгэл ханадаг байж. Одоо арай өөр сонголттой болсон. Яг хүссэн номоо судалж, захих, эсвэл өөртэй минь ижил төрлийн сонирхолтой номын садан найз нөхдийнхөө номын тэмдэглэлийг уншаад сонгох тохиолдол их. Голдуу инстаграм хуудсанд идэвхтэй байдаг монгол, солонгос уншигчдын номын тэмдэглэлээс сэтгэл татсаныг нь захиалж уншдаг. Он гарснаас хойш гэнэт уншсан номоо эргэж унших, тухайн үед уншаад сэтгэл хөдөлгөсөн бүтээлээ, эсвэл сайн ойлгоогүй юм шиг санагдсан номуудаа дахин унших хөдөлгөөн өөртөө өрнүүлчхээд явж байна.
6.Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй ном?
Хамгийн сүүлд зургаан жилийн өмнө дөнгөж амаржсаныхаа дараа уншсан "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-гаа уншлаа. Энэ удаад мөн отгон хүүгээ төрүүлээд хоёр насных нь ойн дээр уншчихав уу даа. Гэтэл надад маш сонин үйл явц ажиглагдлаа. Анх уншихдаа Терезаг өрөвдөж, Томасын тоомжиргүй, хувиа хичээсэн ч юм шиг хэт чөлөөтэй байдлыг үзэн ядаад байсан. Хаа нэг зарим үйлдлийг нь ойлгох ч дэндүү дураараа, хамт амьдарч байж, улаан цагаан араар нь тавиад арай л дэндүү санагдаж байсан. Харин сая унштал бүүр өнөө Томасын тал руу хамаагүй хэлбийгээд, Терезаг сонгож, мэс засал хийдэг алтан гараараа хөдөө жолоо мушгиад явж байхад нь өөрийн эрхгүй ойлгож, өрөвдөн уйллаа. Хүний амьдралын сонголт гэдэг тухайн нийгэм цаг үе, сэтгэлийн шарх, өвдөлт туулсан бүхнийх нь тусгал юм уу даа. Тереза бол хэн нэгнээр өрөвдүүлж хажуудаа эр хүнийг уяж чаддаг бас л гал хүүхээн! Бас ярих юм гэвэл зохиолын орчуулга. Тэгшзаяа яаж ийм сайхан хөрвүүлээ вэ. Анх уншихдаа анзаараагүй үг өгүүлбэрээ бишрэн бишрэн уншлаа. Орчуулагч болох хүсэлтэй бол эх монгол хэлэндээ гаргуун болох, ийм сайхан орчуулгын бүтээлүүдийг унш бас дахин дахин унш л гэмээр санагдсан даа.
 
7.Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Миний үзэл бодолд нөлөөлсөн, одоо ч үе үе уншдаг Францын экзистенциалист философич, зохиолч Симон Дө Боварын "Second sex" буюу "Дайвар хүйстэн" ном. Эмэгтэйчүүд ямар хүнд бэрх үе, золиос, харгислалыг давж энд хүрсэн юм бэ гэж анх удаа нухацтай бодож, ойлгож билээ. Энэ номыг үе үе гаргаж уншихаар өөрт байгаа эрх чөлөө, боломжууддаа талархаж, хийж бүтээж буй бүхнээ гонгинолгүй хийгээд өг дөө! гэж өөртөө сануулдаг юм. Зуу гаруйхан жилийн өмнө бид юун ном бичих, нөхрөө ч өөрөө сонгох боломжгүй, эд хөрөнгө өмчлөх бүү хэл сонгууль өгөх эрхгүй байлаа шүү дээ.  Бас надад байдаг хамгийн зузаан ном болох 1000 гаруй хуудастай "Creative Perspective" номоо онцолъё! Солонгосын алдарт соёлын сэтгэл судлаач профессор Kim Jong Woon-ы номын хэлэлцүүлэгт очоод сугалаанд хожиж авсан цэвэр азын ном. 100 гаруй хүнээс надад таарсан онцгой аз. "Монгол хүнтэй анх удаа уулзлаа. Чи миний энэ данхрыг дааж авч явж чадах юм уу? Бас яг унших уу?" гэж хошигноод бэлэглэсэн дээ. Цаг нь болохоор уншина аа.
 
8.Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Мураками "Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үг", мөн Фрида Макфаден "Гэрийн үйлчлэгч" номыг солонгос хэл дээр уншсан. Ойрд ийм сэтгэлзүйн триллер уншаагүй сонирхолтой байсан шүү.
9.Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Одоогоор нэг номыг хоёроос дээш уншиж бараг үзээгүй. Гэхдээ гурван удаа уншсан хоёр ном байгаа юм байна. "Бяцхан хунтайж"-г шинэ оноо угтаад уншсан. Миний амьдралын ном юм. Б.Бат-Уянга зохиолчийн "Хатгалын тэмдэглэл" гэх цомхон ном дотроо яг нэг жилийг багтаасан гэмээр нэг туужаар эхлээд хөдөөгийн амьдралын талаарх тэмдэглэл эссэ, зарим саруудыг шүлгээр илэрхийлсэн нь содон. Голдуу хүүхдээ хөхүүлэнгээ л тухтай унших зав гарах юмаа. Энэ номыг ёстой гурван удаа уншчихлаа шүү. 
 
10.Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?
Цаасан хэвлэл он цаг өнгөрсөн ч онцгой хэвээр байх биз ээ. 
11.Номоос санал болгох эшлэл?
Антуан де Сент Экзюпери "Бяцхан хунтайж" номын эшлэл үргэлж санаанд явж байдаг. 
"Ихэнх зүйлс харагддаг шигээ байдаггүй. Хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг" гэх энэ эшлэл амьдралд янз бүрийн юм тохиолдох, хэн нэгнийг буруу зөрүү ойлгохоос сэргийлдэг юм шиг санагддаг. За яах вэ, энэ биш байхаа, илүү чухал юм нь удахгүй тодрох биз ээ гэж аливаад хүлээцтэй хандах сэдэл болдог. Бас багадаа уншсан нэг шашны тухай номоос "эс өгснийг бүү ав" энэ үгийн ачаар хэн нэгнээс юм харах, үйл явцаас үр дүн горилох, ямар нэг юмаа алдахад хайран санагдаж араас нь удаан харуусахгүй байхад их тус нэмэр болдог доо. Бүр өдөр тутам хэрэг болдог юм.
 
12.Ном уншсанаар танд ямар дадал, сайн тал эсвэл муу тал бий болсон бэ? 
Багадаа дэндүү хөөрүү хөвсөргөн ном зохиол, кино үзээд (нэг өнцгөөс харуулсан) зөвхөн хайр байхад л болно, ядуу байх нь бараг урлаг ч гэх юм уу сонин юм суучихсан байснаа гадаадад амьдраад анзаарсан. Ядуу тарчиг амьдрал, галзуу хайр дурлал зөвхөн номдоо, кинондоо л үзэсгэлэнтэй гэж нэг багш маань хэлж билээ. Амьдраад үзсэн тэр яг үнэн шүү. Галзуу хайр дурлал буцалсан хоёр хүн ойролцоогоор хоёр гурван жилийн дараа нэг мэдэхэд л боов талхны үртэс хөглөрсөн гэртээ жижигхэн лего гишгэж ёолон цөмцгөнөсөөр бушуухан унтаж амрахын түүс болсон ядарсан аав ээж болчихсон л явж байна. 
 
13.Номын соёлыг дагаад өвөрмөц номын сан, гоё номын цуглуулга, номтой холбоотой декор, эсвэл жижиг хэрэглэл өөрөө хийх, номын тэмдэглэл хөтлөх, сошиал хуудас хөтлөх гэх мэт олон сонирхол мөн нэмэгддэг. Өөрийн тань хувьд? 
Миний хувьд дээрх бүгд байх шиг байна. Нас нэлээд яваад ховор гоё номын цуглуулгатай болсон байна гэж боддог. Дунд сургуульд байхаасаа номын тэмдэглэл хөтлөх дадалтай болсон. Номын соёлыг түгээсэн Фб, инстаграм хуудас идэвхтэй хөтлөөд арав гаруй жил боллоо. Бас уншсан номынхоо зургийг гоозүйтэй авсан анхны уншигч гэж номын садан нөхөд магтдаг юм. Цаг завтай үедээ номын клубийн уншигчидтай хамтарч уншсан номоо хэлэлцэх бас дуртай.  Номтой холбоотой декор аксессуар маш их сонирхоно. Ном уншина гэдэг сайхан үйл хэрэг, дадал боловч над шиг ойрхон төрсөн олон хүүхэдтэй ээжид бэрхшээл гарна. Дандаа тонгойж унших, бичих, зэргээр хүзүүгээ нугдайлгаж сууснаас болж мөр хүзүү өвдөх, хуян хөөрөх зэргээс болоод ном уншихаас зүрхшээх үе бий. Сүүлийн үед удаан сууж ном уншихдаа ном тогтоогч гэж сайхан юм ашиглах болсноор зөв сууж, удаан төвлөрч чаддаг болсондоо баяртай байна. Дээр нь би мэргэжлийн ном, судалгааны ажил уншиж хичээл хийх үедээ энэ ном тогтоогчдоо залбирах нь холгүй явна даа.
   
14.Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Талд нь оруулаад явуулж амжаагүй байгаа "Кармазовын хөвгүүд"-ээ авч явна аа! Хоёр гурван ном гэвэл мэдээж Орхан Памук, Милан Кундерагын номууд сонгоно доо.
 
Танд баярлалаа.
    


Сэтгэгдэл хэсэг

Сэтгэгдэл үлдээх