ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС #15: ХАГАЦАХЫН ТӨЛӨӨ, ХАРУУСАЖ СУРАХЫН ТӨЛӨӨ ЧАМТАЙ УЧИРЧЭЭ

 

Ингээд л би тахалтай оюутнуудын дунд орж ирсэн юм. Цүнхээ үүрээд, хуучин хувцасаа баглаад, Баттогтох багшаас гуйсан хайрцагтай номоо тэврээд... Яг үнэндээ миний өвдөнө үү, үхнэ үү танд хамаагүй л дээ. Үхлийн тухайд гэвэл үнэхээр үхэхийг сарын өмнөхөн л хүсээд байсан чинь цагаа тулахаар ахиад жаахан амьдармаар л санагдсан юм билээ л дээ. Өчнөөн удаа амиа хорлох гэж үзсэн. Өвчин намдаах эм, нойрны эмтэй холиод залгиж ч үзсэн... Үхээгүй. Үхэж чадаагүй. Ороолтоороо өөрийгөө боомилно гэж санаад, тагтан дээрээ гарахдаа огт хоосон, ажин түжин шөнөөр доод айлын охин тамхилах гэж зогсохдоо бүрлээч унжсан тагтыг үзээд жигшинэ, зэрэмдэг болно гэж бодсон (тэр охин ариухан). Тэгээд хүрз аваад хаашаа ч хамаагүй алхах гэтэл тэвэртээ хоол бариад ээж ороод ирсэн.


Хараал мэт амьдралд амьд явна гэдэг хазаж тасалсан хэлээ зажилж зажилж залгиад хаана ч хамаагүй ээ хүний төрөл зүйлгүй газар л харанхуй нүхэнд шургаад удаанаар арьсаа өвчихийг хэлдэг юмуу? Чамдаа зүсүүлсэн сэтгэлийн хагархай дотор час халуунаараа амьдарч чадаагүй хүн нэг л өдөр амиа тэвчсэн байна гэж итгэдэг... Гээд л нээрээ л үхэх юм шиг байсан чинь үхэх шинжгүй шүү. Гэхдээ би Лу Сюнь, Мишима хоёрынхоо номоос хэд хэдийг орчуулаад гаргачихвал тэр үед хорогдох юмгүй жинхнээсээ үхэх болно оо. Угаас эмэгтэй хүн хүүхэд гаргаж, хүнтэй гэрлэх ёстой ч биш дээ.

Харин өнөө өглөө сэртэл ганц нэг цас хаялаад, навч хийсэлдээд Дэлгэрмаа эгчийн “Зүрхэнд агч Намур” зүрхэн дотуур лугшин буцлах өглөө аж. Намар... Навч... Гуниг... Гутрал... Нойтон цонх... Нойргүй шөнө... Урсаад л байгаа өдөр хоногууд... Сүүлдээ яг яагаад энэ бүх худал хуурмаг, агуу их тачаалтнууд, энэ олон чөтгөрийн хүмүүс шавхруу идээд ч хамаагүй ийм хуурмагаар амьдрах гэж зүтгэдгийг ойлгох ч юм алга. Би ч бас будда мэт ариун хүн биш л дээ. Муу хүн ч биш. Сайн хүн бол бүр биш. Амьд явахдаа ахиухан дурлах юм шүү гэж боддог байсан ч ахиухан биш цөөхөн удаа бас ийм утгагүй дурлах тухай бодож байсангүй. Та бид хоёр дэндүү өөр төрлийн хүмүүс. Бараг өөр гаригийнх гэмээр. “Н” багшийн даалгаврыг хийх гэж яваад тийм гоё зурдаг, ийм хөөрхөн ахтай таарч билээ. Нэг л удаа уулзсан, нэг л удаа харсан нэг жилийн өмнөх намрын цээжин дээр асгарсан навчсын намиа минь дээ.

Энэ бүхэн ер намрын л буруу.


Хэрвээ намар биш байсан бол би хайрлахгүй, халуун харцанд автахгүй байсан юм. “Мэдэхгүй ээ, чамд хайртай гэж хэлсэн минь миний л хийж чадах хамгийн том алдаа шиг санагдаад...” гэж Ако ах нэгэнтээ бичсэн байдаг шүү дээ. Зүгээр ухаангүй хайрлаад дараа нь цагийн эрхээр мартдаг шиг. Хэсэгтээ л ухаан алдмаар байна. Өөр хүнд татагдах эсвэл гэрлэсэн ч болно. Би хайрласаар л байх болно. Энэ миний асуудал.

"Чи борооноор уулзана шүү" гэж хэлчхээд явснаас хойш одоо хүртэл бороо асгарсаар байна... Анх удаа л архи амсаж, дараа нь цурхиран шаналж, даарч цөхөрч, хоосон хүйтэндээ живж, дотогшоо нулимсаа залгилавч энэ бүх этгээд дурлалынхаа ард шалбархай зүрх, хоолой зурсан уйтай хоцровч цархиран буй цээжнээ чамаас өөр нь л багтдаггүй юм.

Хагацахын төлөө, харуусаж сурахын төлөө хүү минь чамтай учирчээ.


Эргээд дурсахад сайхан мөч үлдээгүй ч энэ жижигхэн цээжинд хэзээ нар мандах билээ дээ. Таны надад өгсөн чихрийг хадгалсаар л байгаа. Танд хайртай байхаа больчихвол идчихнэ. Тэгээд цаасан дээр нь шүлэг бичнэ...

Сэтгэгдэл хэсэг