ДУРТАЙ ШҮЛЭГ | Г. ЗУЛБААТАР

 

Оюутан ахуй цагаасаа найзлаж нөхөрлөж явсан хүмүүсээс надад үлдсэн нэгэн зүйл бол яруу найраг юм. Утга зохиолын ангийн найзуудаас шүлэг сонсож, шүлгийн ном авч уншсаар аажимдаа өөрөө нэг жижиг хар дэвтэр нээж таалагдсан шүлэг, шад мөрүүдээ тэмдэглэж авах болсон юм. Тэр дэвтэрт ч үлдсэн миний цээжинд үлдсэн шүлгүүд гэвэл

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч цас орсоор л
 байна... гэж эхлэдэг яруу найрагч Ц. Доржсэмбийн “Цас бороо” гэдэг шүлэг байна. Мөн Т.Содномнамжил найрагчийн

...Араас чинь харан суухад уяралтай бодол төрдөг
Амрагхан минь дээ, чамайгаа би бурхны дүрээр хардаг.
 гэж төгсдөг шүлэг бий. Хүслээ давж хайрласан хүний сэтгэлээс л гарах ариун хайрын шүлэг гэж санадаг даа.

 Мөн найз У. Бямбанямын “Анир гүм” хэмээх анхны номд буй

Гараас минь хөтөлж, нүд рүү минь ширтдэггүй ч
Ганцаардалдаа би чамаас ч илүү хайртай.
Үнэний хана мөргөн гэдрэг савж унахад минь
Үхлээс авардаг хүйтэн зочин минь
Янаглал, хайрыг чи зугуухан мартуулж
Ямар ч байсан намайг хүн хэвээр үлдээсэн. хэмээх шүлэг сэтгэлд тод үлджээ. Заа хамгийн сүүлд уншсан, таалагдсан шүлэг гэвэл Мө. Батбаярын “Өртөөн дээр хэлэгддэг үгс” номд “МАРТЫН 8” гэх шүлэг монгол ахуй, нүүдэлчдийн хайр сэтгэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлсэн шүү.

МАРТЫН 8

 

Хавар бүрийн энэ өдөр ээж дүү бидэн
Хуухалсан толгой чанаж аавыг хүлээдэг
Хавар бүрийн энэ өдөр аав
Хониноос ирж өгөхгүй удаад байдаг.

Хавар бүрийн энэ өдөр ихэнх дээ л
Хавсарга тавьж улаагаар эргэж өнждөг
Нүдгүй  шуурган дундаас аав минь
Нэг л мэдэхэд уяан дээрээ бууж байдаг

Хавар бүрийн энэ өдөр ээж дүү бидэн
Хоолоо гаргаж аавыг угтдаг
Цээл өврөөсөө аав минь
Цэцгийн түрүүч шиг цэнхэр ишиг гаргаж ижийд бариад инээмсэглэдэг


Хумхын цагаан тоосонд дарагдсан нүүрнээс нь
Хоёр нүд,  бас шүднүүд нь цайлзаж байдаг сан

Хаваржингаа л аав  ингэж орой бү,  хэд хэдээр нь
Халуун амьт "цэцэгсийг" ижийд зөөдөг

Дэнжигэр тэр амьтдыг ижий минь харин
Дээлийнхээ хормойг дэвсэж байгаад амлуулдаг даа
Хайрыг эр хүн түгээж, эмэгтэй нь амилуулдагыг
Хар багаасаа л би ийн мэдэрч өссөнсөн


Хавар бүрийн энэ өдрийн орой
Халуун ам бүлээрээ бид толгой шийр иддэг
Манай хотонд яргуйн түрүүч шиг цэнхэр ишиг
Мартын наймны нар луу майлж байдагсан.

Антропологич Г. Зулбаатар

Сэтгэгдэл хэсэг