Б.БАЗАРСҮРЭН | ДУРТАЙ ШҮЛЭГ

 

Ѳчигдѳр эгч минь амаржсан учраас
Ѳнѳѳдѳр би
Ѳѳд болсон гурван хүнээ дурсмаар байна.

Эхлээд эмээ минь ѳѳд болсон.
Эмнэлэгт эцсийн удаа орохуй
Хүндээр амьсгаадан унтах нь
Хүний биш миний амьсгал шиг санагдсан.
Халуун гарыг нь үнсчихээд сэрээлгүйгээр
Хаа хол явахдаа
Богд уулыг хамт гороолж, шүүдэр гишгүүлж
Босгоод ирнэ дээ гэж том санасан.
Хагацахын цагт
Харамсахын хэцүүг тэгж үзсэн.
Хуурай мээмээ сүү ортол үнгүүлсэн
Хуучин Дѳрвѳд дуу эмэг минь.

Араас нь залуухан нагац минь явсан.
Аавгүй надад агаан минь
Ам алгадсан даруулга байсан
Их сургуулийн тѳлбѳр, идэш бэлдчихээд
Инээд алдсаар үлдсэн наймдугаар сарын хүнээ
Хѳвсийн бударсан ѳдѳр нэгдүгээр эмнэлгийн мооргоос
Хѳрсѳн биеийг нь ѳргѳж нутгийн унаанд хэвтүүлсэн
Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг
Хэнгэнтэл сайхан уйлж ч чадаагүй.

Сүүлд том нагац минь одсон
Шуудай тѳмс мѳрлѳѳд таван шарын товчоон дээр
Сурсан зангаараа халамцуухан дѳхүүлж ѳгсѳн.
Цацрал эгч эвийлж, үнсэж, турсныг минь гайхах зуур
Цаана нь дуугүй л тамхиа сорж зогссон ахаан
Гэмтэлийн сэхээнд гавалаа цѳмлүүлчихсэн хэвтэхэд
Гэмтэн шиг л үүдэнд нь ѳвдѳг нугалаагүй хоносон.

Ѳчигдѳр эгч минь хүү тѳрүүлсэн учраас
Ѳнѳѳдѳр би тэднийгээ дурсаж байгаа юм.
Үйлийн үрээр ѳвѳрт минь эргээд унасан бол
Үгүйдээ л гүйцээж хайрлах хүсэл байна.
Үнэндээ арай бодит нь
Бүгд л амьдралд хайртай инээж байсан шиг
Бүрий нѳмрѳѳд цайхад би ч бас
Байх уу, үгүй юу?
Ураг дундаасаа арай гялайж үзэг шүүрснийх
Умарталгүй сануулж явах хүсэл байна.


Тө. Бямбасүрэнгийн энэ шүлгийг анх сонсоод уйлчихаж билээ. Дэргэд суусан найз минь үг хэлэлгүйгээр тэвэрч тайтгаруулсан. Хөгшин ижийгээн санаж багтарч явсан намайг энэ шүлэг эмнэсэн. Энэ л учир “Дуртай” шүлгийхээ эхэнд нэрлэе!

Сүүлийн үед “Өртөөн дээр хэлэгддэг үгс”-ийг туж ноолж байгаа. Дамаан “Хоньчны цуурын дуу” хэмээх бүлэг. Энд нүүдэлчин түмний өдөр тутмын энгийн амьдрал юм шиг атлаа оршихуйн мөн чанарыг таниулсан олон сайхан шүлэг бий. Өдөр ирэх тусам ахуйгаасаа алсарч буй бид найзаа болгомоор ном доо.


Хүсэл мартагдсан хойноо биелэх шиг

Хүний ертөнцөөс буснисан хойноо санагдах

Хүндэт ах таныхаа амрыг эрье,

Сайхан хаваржиж байна уу?

Манайхан цөм сайн, малаа маллацгаагаад л

Дөрвөн цагийн хүрдэнд нүүж

Дуу аялсхийн, ханаа дугуйлцгаагаад л ...

Та харж л суугаа байлгүй.

Хүүхдүүд тань том болцгоосоон

Гурав нь гэрлэж үрээ тэвэрсэн, та мэдээ л байлгүй...

Цагаан сараар манайд золгож ирсэн шүү.

Нүдээр тань инээцгээсэн улс л даалуудаж, даалуудаж явсан.

Хажууд нь би удаан сууж хамт наадаж чадаагүй.

Түлээ, түлш гэсхийн байн байн гарч

Тэгээд аргал авч суухдаа жаахан жаахан уйлсан.

Таныг өнгөрдөг тэр жилийн намар

Танай хоёртой хамт би сургуульд орсон доо

Тэгэхэд ээж надад:

"Тэр хоёрынхоо дэргэд аав гэж битгий яриарай хүү минь гэж захисан.

"Би яриагүй ээ...

Буцаагаад босгоод ирэх юм шиг л тайтгаруулж явсан.

Тээр жилийн намар ам минь гэмтэхэд

Амгайгаар нь домнож эдгээсэн

Товруу мөнгөн хазаараар том хүү тань

Наадам болгоноор л гоёж яваа харагддаг юм.

Надад бол гангараа гэхээсээ

Агтны толгойд хүнддэсхийсэн

Аавгүй эр хүний гуниг л үзэгддэг юм.

Үүгээр өөр сонин юмгүй дээ,

Эмээ, өвөө бас Хоролоо эгч маань өөд болсон. Т

а нар уулзаа л байлгүй...

Ирж, очиж байхгүй юу даа..

Удаах нь Дашийн Оюунчимэг эгчийн “Очирт уулын бичиглэл” яруу найргийн түүвэрт ийм нэгэн шүлэг байдаг юм. Миний л мэдэхийн хамгийн зузаан түүвэр байх шүү. Яагаад дуртайгаа мэдэхгүй зүгээр л дуртай.


Чиний сэтгэл хүрдэггүй тэр хүнийг
Чамд дандаа гомдоллон усан нүдэлдэг тэр хүнийг
"Чи надад хайртай юу?" улиглан гуйдаг тэр хүнийг
Би таньдаг ч байж болох юм

Эрх гөлөг шиг энгэрт чинь асахдаа хайрладаг ч юм уу, мэдэхгүй.
Эргэж харалгүй өнцөг тойртол чинь харуулддаг ч юм уу, мэдэхгүй.
"Эцсийн удаа" нулимстай эргэх нь нээрэн ч байдаг уу, мэдэхгүй.
Энхрий янаг чинь байгаагүйнхээ төлөө баярладаг ч юм уу, мэдэхгүй.

Харин би
Ганцыг л мэднэ
Хөөрхий тэр чиний өмнө
Өөрөөсөө илүү байх гэж
Өчнөөн их мэрийснийг л
Мэднэ.

Б.Базарсүрэн

Сэтгэгдэл хэсэг