ДУРТАЙ ШҮЛЭГ: МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ С. БАТЗОРИГ

 

Энэ намар хамгийн их уншсан, гудамж талбайгаар явахдаа амандаа үргэлж хэлж явсан шүлэг бол яруу найрагч С.Начин “ХАВАР БОЛЖ БАЙДАГ” хэмээх шүлэг. Ер бадрангуй болоод нэн эршүүд шүлэг шиг санагддаг. Заримдаа хайрын өмнө очоод эр эмгүй л нялцайж орхидог. Харин энэ шүлэг тийм биш.

Эгэн одож буй миний гуниг ганцаардлыг анагаагч

Энэ чанагуух ертөнцөд яаж бүтээгдсэнээ өөрөө ч олж үзээгүй

Өр зүрхнээ энэрлийн илч гэрлийг цацруулагч минь... гээд цаашлахад мөн ч сайхан даа.

Дараагийн нэрлэх шүлэг бол “Тунгалаг тэнгэрийн дор”. Үгүй нээрэн үнэнхүү тунгалаг шүлэг гэж үүнийг хэлнэ байх. Арлааны Эрдэнэ-Очир агсаны шүлгүүд бүгд л сайхан. Сайхны дундаас энэ шүлэг бүр ч сайхан. Амьдралд гуниг зовлон бишгүй л бий байлгүй.  Үүнийгээ хойш нь тавиад эл шүлгийг уншина уу.

Санчиг үсэнд чинь гар чичрэн догдолсон минь бодогдоод

Саран цээжинд хоёр мөнгөн туулай эрхлэн дэгдсэн нь харагдаад

Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд

Сайхан юм аа энэ үдшийн тунгалаг тэнгэр дор

 

Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад

Болжморын нойтон далв хур бутарган ниссэн нь үзэгдээд

Бодлын чавхдас хөг орж, тэнгэрийн цэнхэрлэгт ая нийлсэн нь сонсогдоод

Бодохын зуур л уярч энэ үдшийн тунгалаг тэнгэр дор

 

Үсний чинь гогцоонд борооны дусал ээмэг шиг тогтсон нь гялалзаад

Үгний чинь тунгалагт сэтгэл цэлмэж санаа алдсан минь давтагдаад

Үүлэн сэвлэг намьсан тэр үдэш энэ үдэштэй найрсаад

Үнэмшимгүй юм аа энэ орчлонгийн  тунгалаг тэнгэр дор.

Тэр мэт гуниг зовлон дундаас энэ мэт гэгээн саруул нь өнө мөнх орших хувь тавилантай.

Ц.ДЭЛГЭРМАА. Дуртай биш хайртай яруу найрагч минь. Яруу найрагч Начингийн шүлгийг эршүүд гэсэн бол энэ яруу найрагчийн шүлэг жинхэнэ "эмэгтэйлэг". Гуниглуун уйтгарт өнгө аяс нь итгэмээргүй хүчирхэг . Өөр өчнөөн сайхан сайхан шүлгүүдийг нь хүмүүс сайн мэднэ дээ.

Жаргал хөөж яваад

Зовж билээ

Жаварт алгадуулсан хацраа дараад

Инээж билээ

Инээхэд нулимс урсдаг бил үү гээд

Гайхаж билээ

Энэ амьдралын амт нь сөс шиг хэмээснийг

Итгэж билээ.

“Дэлхийн сонгомол яруу найраг” антологиос энэ шүлгийн төгсгөл санаанд хадаатай байдаг юм.

Робэрт Хаас: "АЗ ЖАРГАЛ"

Өчигдөр өглөө горхи дагаад хоёр улаан үнэг

өнгөрсөн бороонд цохигдон унасан сүүлийн цөөвтөр алимыг

үмхлэн гүйхийг нь бид хөлөрсөн цонхоор харсан-

үнэгнүүд ногоон нүдээрээ бидний зүг

эгээ л амьд сэргэгийн бэлгэдэл мэт тийм удаан харж харж

эргээд л алимаа хайн одсон-

түүний учир бичнэм,

Өнөө өглөө хайртай бүсгүй минь

ахуйн дарамтаас хөндийрч сэтгэлээ зугаацуулахаар

үзэг, шар дэвтэр хоёроо бариад тагт руу гарахад,

би хот руу очоод кафед сууж цай уунгаа

бичих зүйлсээ цэгцлэхээр машинаа асаалаа-

гэрэлтсэн хязгааргүй мөрөөдөл мэт манан

мяралзсан тэнгисийн булангаар хөглөрч,

ноднин бас энд өвөлжсөн

умрын хунгийн багашаархан сүрэг

нойтон ширгэн дээр тонголзоцгооход нь

цасан цагаан биетэй, тас хар нүдтэй энэ шувуудыг

"цангинагч хунгууд" гэж нэрлэдгийг би саналаа-

түүний учир бичнэм,

Ширээн дээрх цайнаас уур савсан,

шинэхэн хуудсыг нь сөхсөн тэмдэглэлийн дэвтэр

ширгэшгүй үнэн үгс бичих доройхон цэнхэр хүслээс ө

өр юу ч үгүй хоосон,

тэгээд ийнхүү бичнэм:

-Үүрээр сэрчихээд орон дотроо

үнсэлцэн хэвтэхүй бидний аниатай зовхи

сарьсан багваахай шиг чичрэх

энэ арванхоёрдугаар сарын

шамрагатай хүйтэн өдөр бол аз жаргал билээ!

1996.

Орчуулсан: Г.Аюурзана"ДЭЛХИЙН СОНГОМОЛ ЯРУУ НАЙРАГ" номоос.  Ер нь энэ 11-ээр сарын “хөөрхөн жавартай” өдрүүд ч аз жаргал даа.

Сэтгэгдэл хэсэг