ТРУМЕН КАПОТЕ: БИЧНЭ ГЭДЭГ ГЭРЭЛ СҮҮДРИЙН ТУСГАЛЫН ХУУЛЬ. ЯГ Л УРАН ЗУРАГ, ХӨГЖИМ ШИГ.

ТРУМЕН КАПОТЕ: Арав, арван нэгэн настайгаасаа. Мобильд амьдарч байсан үе л дээ.

Бямба гариг бүрт хот руу орж  шүдний эмчид үзүүлэх далимаараа Мобиль Пресс Регистр сонины дэргэдэх Ургах Наран клубт явдаг байлаа. Тус сонин хүүхдэд зориулсан бүтэн нүүртэй. Тэр нүүр нь буддаг зураг, элдэв мэдээлэл, хүүхдүүдийн өөрсдийнх нь бичвэрээс бүрдэнэ. Тэднийхээс бяцхан уншигчиддаа зориулж Бямба гариг бүрт үнэгүй Кока Кола, амтат ундаатай цугларалт зохиодог байлаа. Бас зохион бичлэгийн уралдаан зарлаад шагналд нь нохой, одой морь өгдөг байсан юм. Би яг алийг нь авах гэж хүсч байснаа мартчихаж. Ямар ч байсан тэр шагналыг нь хожихсон гэж хорхойсч байсансан. Тэгээд л байр байдал нь таалагддаггүй хөршүүдийнхээ тухай “Хөгшин ноён Завгүй хүн” гэсэн нэртэй юм бичээд өнөөх уралдаанд нь явуулчихав аа. Бичсэн зүйлийн маань эхний хэсэг Бямба гаригийн нэг дугаарт нийтлэгдсэн ч удаах хэсэг нь огт нийтлэгдээгүй юм. Намайг орон нутгийнхныхаа хувийн амьдралыг зохион бичлэгээр дэлгэлээ гэж хэн нэг нь хар авч л дээ. Тэгээд л би гэдэг хүн байнд ч үгүй банзанд ч үгүй хоцорсон доо.

СУРВАЛЖЛАГЧ: Тэр үед та ирээдүйд зохиолч хүн болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

КАПОТЕ: Зохиолч болохыг хүсч буйгаа мэдэж байсан. Гэвч арван таван нас хүртэлээ өөрийгөө зохиолч болж чадна гэдэгт тэгтлээ итгэлтэй байгаагүй. Учир нь арван тав хүрээд би өөрийн бичвэрүүдээ тун ч даруу бус зангаар томоохон хэвлэлүүд, утга зохиолын улирал тутмын сэтгүүлүүдэд илгээдэг болсон л доо. Зохиолоо хэвлүүлэх анхны зөвшөөрлөө яаж авч байснаа ямар ч зохиолч мартахгүй. Би бол арван долоон насныхаа нэгэн сайхан өдөр өглөөний ганц л шуудангаар өөрийн зохиолоо хэвлүүлэх нэг дэх, хоёр дахь, гурав дахь зөвшөөрлөө зэрэг авч байсан хүн. Үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр гэж тэр байлаа шүү дээ!

СУРВАЛЖЛАГЧ: Анх чухам ямаршуу юмс бичиж байв аа?

КАПОТЕ: Өгүүллэг. Хамгийн их найдлага тавьдаг зохиолууд маань уран зохиолын энэ төрөлд эргэлдсэн хэвээр байна. Сайн судлаад үзэхээр хүүрнэл зохиолын аль ч төрлөөс хамгийн хэцүү, ур дүй шаардсан төрөл нь өгүүллэг юм шиг санагддаг. Надад буй бичвэрийн зохион байгуулалт, туурвилзүйн арга маяг бүхэн чухам энэ л талбар дээрх туршлагаас маань үүдэлтэй болов уу.

СУРВАЛЖЛАГЧ: Бичвэрийн зохион байгуулалт гэж яг юуг хэлж байгаа юм бэ?

КАПОТЕ: Байгаа материалаа сэтгэл хөдлөлийн үүднээс ч, уран зохиолын найруулгын үүднээс ч гартаа оруулж авахыг хэлж буй юм. Ямар ч сайхан түүх байлаа гээд өгүүлбэрээ буруу хэмнэлээр өрөөд эхлэвэл тэгээд л сүйрнэ. Ялангуяа зохиолынхоо төгсгөлд тийм алдаа гаргавал уу. Догол мөр, цэг таслал авахдаа гаргасан алдаа ч зохиолын хэмнэлийг эвдчихдэг. Хэнри Жэймс бол цэг таслалын мастер шүү дээ. Хэмингуэй бол догол мөрийн хэмнэлийг тааруулахдаа хамгийн гарамгай хүн. Бас сайтар чагнавал Виржиния Вүүлфэд муу өгүүлбэр ганц ч байхгүй. Ярьж хэлж байгаа зүйлсээ би өөрөө бүрэн дүүрэн эзэмшчихсэн хүн биш л дээ. Зүгээр л тэдэн шиг хийгүй бичихийг хичээж байна.

СУРВАЛЖЛАГЧ: Таныхаар өгүүллэг бичиг арга барилд хэрхэн суралцах вэ?

КАПОТЕ: Нэгэнт л бүх түүх өөрийн гэсэн бичлэгийн арга маягийг шаарддаг болохоор бүгдийг нь 2*2=4 гэсэн зарчмаар ерөнхийлчихөж болохгүй. Өгүүлэн буй түүхдээ яг тохирсон хэлбэрийг олох нь хамгийн зөв арга юм уу даа. Ер нь зохиолчийг жинхэнэ зохиолч мөн эсэхийг шалгах гол шалгуур бол зохиолыг нь уншсаны дараа таньд тэр түүхийг өөрөөр өрнүүлж болмоор санагдаж байгаа эсэх, эсвэл тэр зохиол таны бүх төсөөллийн нүдийг харанхуйлаад өөрийнхөөрөө хүлээн зөвшөөрөгдөж чадаж байгаа эсэх, эс бол уншигчийн төсөөлөл хамгийн төгс агаад эцсийн хувилбар шиг санагдах эсэх юм. Уг нь жүрж бол жүрж шүү дээ. Байгалиас түүнийг өөр ямраар ч төсөөлөгдөшгүй төгс бүтээсэн байдаг. Чухам тэгэж л бичих ёстой юм.

СУРВАЛЖЛАГЧ: Туурвилзүйн чадвараа сайжруулах аргууд гэж бий юу?

КАПОТЕ: Хөдөлмөрлөх л хэрэгтэй дээ. Миний мэдэх ганц арга тэр л байна. Бичнэ гэдэг гэрэл сүүдрийн тусгалын хууль шүү дээ. Яг л уран зураг, хөгжим шиг. Таньд түүнийг мэдрэх төрөлхийн мэдрэмж бий бол асуудалгүй. Үгүй бол суралцах л хэрэгтэй. Манай хамгийн эмх цэгцгүй нөхөр Жойс хүртэл цагаа тулахаар хэнийг ч дагуулахгүй гарамгай урлаач шүү дээ. Тэр Дублинчуудыг бичиж чадсан учраас л Уллисыг бичсэн. Өгүүллэгийг хурууны дасгал төдий ойлгодог зохиолчид хэтэрхий их байх юм. Үнэндээ тэгэж боддог нөхдүүд зөвхөн хурууныхаа л дасгалыг хийж байгаагаас өөрцгүй.

СУРВАЛЖЛАГЧ: Бага залуудаа бичиж байсан зохиолууддаа та одоо бичиж байгаа зохиолууд шигээ дуртай юу?

КАПОТЕ: Тийм ээ. Жишээ нь өнгөрсөн жил би өөрийнхөө найман жилийн өмнө хэвлэгдсэн “Өөр дуу хоолойнууд, Өөр өрөөнүүд” номыг анх удаагаа бүрнээр нь тэс хөндлөнгийн нүдээр уншлаа л даа. Тэгэж хар элгийн  хүний нүдээр уншаад үзэхэд тэр номыг бичсэн хүн одоогийн надтай тун бага юмаараа адилхан санагдсан. Бидний сэтгэлгээ, бидний зан араншин тэг чигтээ өөр. Жаахан болхи бичлэгтэйг нь эс тооцвол энэ номны дотоод хүч, оргилсон эрчим нь гайхалтай. Чухам энэ романаа огт бичихгүй ч байж болох байсан үедээ барьж авч бичсэндээ хичнээн олзуурхсан гээ.

СУРВАЛЖЛАГЧ: Таны хамгийн сайн болсон ном зохиолууд амьдралын тань хамгийн амгалан тайван үед бүтээгдсэн үү, эсвэл сэтгэл санааны нилээд донсолгоотой, дарамттай үед тань бичигдсэн үү?

КАПОТЕ: Мансууруулах бодисын нөлөөллийг тоолдоггүй юм эс бол амьдралдаа тийм амар амгаланг мэдэрч байсан мөч бараг үгүй бололтой. Нээрээ би Сицильд өндөр уулын орой дээрх нэгэн сайхан байшинд хоёр жил амьдарсан юм байна шүү. Тэндэхийн хичнээн амар амгаланг бурхан мэднэ дээ. Тэнд би “The Grass Harp”-аа бичсэн. Гэвч цаг хугацаанд баригдахын бага ч болохнээ дарамт ажлыг маань овоо урагш нь чангаадаг гэдгийг хэлэх хэрэгтэй.

СУРВАЛЖЛАГЧ: Танд хамгийн их нөлөөлсөн зохиолчид хэн бэ?

КАПОТЕ: Хэдийгээр зарим шүүмжлэгч миний эхэн үеийн зохиолуудыг Фолкнер, Юдора Вэлти, МакКюллерс нарын өмнө өртэй гэцгээдэг ч би уран зохиолын шууд нөлөөлөлд хэзээ ч тэгтэлээ ач холбогдол өгч байгаагүй гэдгээ баттай хэлэх байна. Яахав, би дээрх гурван зохиолчийг үнэхээр хүндэлдэг нь үнэн л дээ. Бас Кэтрин Энн Портерийн ч үнэнч бишрэгч. Багадаа бусад хүүхдийн л адил Эдгар По, Чарльз Дикенс, Роберт Стивенсонд дуртай байлаа. Дурсамжийнхаа гүнд бол би тэдэнд одоо ч дуртай. Гэхдээ байнга унших номын жагсаалтаас маань тэд хэдийнээ гарсан. Одоо миний байнга сөхөж хардаг, огт уйддаггүй зохиолчид бол Флоберт, Жэйн Остин, Э.М.Форстер, Гө Де Моппассан, Рильке, Прүст, Бернард Шоу, Вилла Катер.., ингээд л үргэлжлүүлээд байвал дуусахгүй учраас Жэймс Эгрийгээр өндөрлөе дөө. Эгрий үнэхээр гайхалтай зохиолч шүү. Эгрийгийн зохиолууд  кино урлагийн хөгжилд их нөлөөлсөн. Залуу зохиолчдын ихэнхи нь киноны дүрслэл, зохион байгуулалтын арга техникээс суралцдаг гэж бий боддог.

СУРВАЛЖЛАГЧ: Та кино зохиол бичдэг байх аа? Ер нь кино зохиол бичих ямар вэ?

КАПОТЕ: Зугаатай ажил шүү. Ядаж л “Чөтгөрийг болгоод өг” гэдэг киногоо бичихэд маш их хөгжилтэй байсан санагдаж байна. Энэ кинон дээр би найруулагч Жон Хюстонтай хамтарч ажилласан л даа. Зураг авалт нь Италид болсон юм. Зарим хэсгийг нь зураг авалтын яг өмнө газар дээр нь бичих нь энүүхэнд. Жүжигчид нь сандралдаад л, заримдаа Хюстон өөрөө ч юу болоод буйг ойлгож ядсан амьтан зогсож байх шиг харагддагсан.

Гэвч яг үнэндээ зохиолч хүн найруулагчтайгаа туйлын нягт ойлголцож итгэлцэж чадахгүй бол.., эс бөгөөс өөрөө найруулагч болохгүй бол киногоор өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлнэ гэдэг бүтэхгүй л дээ. Гэхдээ киноныхоо зураглал бүрийг зураад өгчихсөн юм шиг бичдэг зохиолч бас байна. Зохиолч нь киногоо ганцаараа шахуу босгочихож байгаа юм. Тийм хүнийг киноны суутан гэхгүй ч яах вэ дээ. Ийм жишээнд би сэтгэл татам, бүрэг даруухан тариачин эр Заваттиниг онцолж хэлмээр байна. Харааны ямар өндөр мэдрэмжтэй хүн гээч! Италийн хамгийн сайн кинонуудын наян хувь нь Чезаре Заваттинигийн зохиолоор бүтсэн юм шүү дээ. Жишээ нь Витторио Де Сикагийн бараг бүх кино түүний зохиол. Де Сика бол тун сэтгэл татам, авъяаслаг, хашир туршлагатай хүн. Тэгсэн мөртлөө кинон дээр гараад ирэхээрээ ердөө л Заваттинигийн цагаан хоолой болж хувирдаг. Сикагийн кинонуудын ард яах аргагүй Заваттини л зогсож байгаа. Киноных нь бүхий л өнгө аяс, төлөв төрх, чимхлүүр ажиллагаанууд Заваттинигийн өөрийнх нь зохиол дээр дурайтал заагаатай байж байдаг юм чинь, аргагүй биз дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Бичих зуршлыг тань сонирхож болох уу? Гараар бичдэг үү эсвэл бичгийн машин ашигладаг уу?

КАПОТЕ: Би ч ёстой хэвтэрийн зохиолч доо. Нэг гартаа тамхи, нөгөө гартаа аяга кофе барьчихаад орон дээр юм уу буйдан дээр сунайж хэвтэхээс нааш толгойд юм орж ирнэ гэж байхгүй шүү. Кофе шимж, тамхи уугуйлж хэвтэх гэж заяагдсан хүн шиг. Үдийн халуунд эхлээд өтгөн кофе ууж байснаа дараа нь гаатай цай, тэгээд дарс, ахиад мартини гээд л яваад өгдөг хүн шүү дээ, би чинь. Бичгийн машин ашиглаж дадаагүй ээ. Анхнаасаа л хэрэглэж сураагүй юм. Эхний нооргоо харандаагаар гаргадаг. Дараа нь ахиад харандаагаар бүрэн засвар хийнэ.  Ялангуяа би өөрийгөө нилээд хэв маягтай зохиолч гэж боддогийн хувьд цэг таслалыг хаана яаж байршуулах вэ гэж эргэцсээр хамаг цагаа үрдэг юм. Тиймэрхүү зүйлд хэт санаа зовох, алтан цагаа зарцуулах нь эргээд байдаг тэвчээрийг маань барсан хэрэг болдог.

СУРВАЛЖЛАГЧ: Та зохиолчдыг өөрийн гэсэн хэв маягтай, хэв маяггүй гэж ялгадаг бололтой юм. Таныхаар чухам хэнийг нь хэв маягтай, хэнийг нь хэв маяггүй гэж нэрлэх вэ?

КАПОТЕ: Хэв маяг гэж юу юм бэ? Зэнгийн Коанд асуудагчлан “Нэгэн мутраар алга таших дуун гэж юу вэ?” Хэн ч үүнийг мэдэхгүй. Хэв маяг гэдэг бол тухайн зохиолын агуулгатай хамаатахаасаа илүүтэй зохиолчийнх нь өөрийн мэдрэмжийн толь юм даа. Зохиолч бүр ямар нэг түвшинд өөрийн гэсэн хэв маягтай байдаг. Рональд Фирбанк байна. Бурхан түүнийг өршөөг. Түүнд хэв маягаас өөр юм бараг үгүй, тэрийгээ ч сайн ухамсарладаг хүн байсан юм. Гэхдээ өөрийн гэсэн хэв маягийг бий болгоно гэдэг тийм ч амар эд биш. Жишээ нь Драйзер өөрийн гэсэн хэв маягтай хүн, гэхдээ л Dio buono! /Италиар “Ээ, бурхан минь!/ Бас Евгений О’Нейл байна. Хэзээний гайхалтай Фолкнер ч байна.  Эд нар надад бүгдээрээ хүчтэй боловч сөрөг хэв маягтай зохиолчид шиг санагддаг. Өөрөөр хэлбэл зохиолч уншигч хоёрын холбоог бариад байж чадахгүй ч өөрийнхөөрөө оршоод байдаг тийм нэг хэв маягийн ялгуугсан баатрууд юм уу даа. Дээр нь бас ямар ч хэв маяггүй хэв маяг гэж байна. Үнэхээр хэцүү, үнэхээр бишрэм, тэр чинээгээрээ алдартай хэв маяг юм даа. Энэ хэв маягийн эзэд нь Грэм Грин, Сомерсет Моэм, Торнтон Уайлдер, Жон Хэрси, Вилла Катер, Жэймс Тёрбер, Поль Сартр, Ж.П.Маркуанд гээд л цааш үргэлжилнэ. Бид агуулга яриагүйг мартаж болохгүй шүү.  Бас өөрийн гэсэн ямар ч хэв маяггүй малууд байна. Тэд бол зохиолч биш. Зүгээр л бичгийн машинаар үсэг өрөгчид. Хөлс нь дусалсан үсэг өрөөчид ямар ч нүдгүй, чихгүй эрээчвэрүүдээрээ үнэт сайхан цаасыг үрж байгаа хэрэг.

СУРВАЛЖЛАГЧ: Та Рональд Фирбанкийг хэв маягаас өөр юм бараг үгүй хүн гэлээ. Ганцхан хэв маяг нь тухайн зохиолчийг агуу зохиолч болгож чадах уу?

КАПОТЕ: Маргаантай ч хэв маяг нь дангаараа зохиолчоо авч явна гэж болохгүй. Гэхдээ үүний ач холбогдолыг үгүйсгэж ч болохгүй. Жишээ нь Прүстийг өөрийн гэсэн хэв маягаас нь салгаад хаячихвал юу үлдэх вэ? Америк зохиолчид хэв маягийн араас тэгтлээ хөөцөлдөж байгаагүй.  Гэвч энэ чиглэлд шилдэгүүдийн зарим нь Америкчууд. Хауторн бидэнд тун сайхан эхлэл тавьж өгсөн. Хэмингвэйн сүүлийн гучин жилийн бичлэгийн хэв маяг дэлхий дахины зохиолчдын бичлэгийн хэв маягт хэнээс ч илүү нөлөөлсөөр байна шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Зохиолч хүн бичлэгийн хэв маягт суралцаж болох уу?

КАПОТЕ:  Үгүй ээ. Хэв маяг гэдэг ухамсартайгаар бүрэлддэг зүйл биш. Үнэндээ хэв маяг гэдэг та өөрөө юм шүү дээ. Ямар ч зохиолд зохиолчийнх нь хувь чанар нэн тод тусгалаа олсон байх нь олон. Зохиогчийн хувь чанар гэдэг дэлхий ертөнц рүү чиглэсэн түүний үг, үйлдэл юм. Тиймдээ ч зохиолч хүний хувь чанар нь зохиолынхоо дүртэй адилаар уншигчтайгаа өөрийн холбоог тогтоож байх ёстой. Хэрэв хувь чанар нь тодорхойгүй, саармаг, зөвхөн уран зохиолын хүрээндээ л эргэцсэн ядмаг байх аваас ça ne va pas /Францаар “Олигтой юм болохгүй дээ”. Фолкнер, МасКюллерс нар бол зохиолоороо дамжуулж өөрсдийнхөө хувь ертөнцийг маш сайн гаргаж өгдөг хүмүүс.

СУРВАЛЖЛАГЧ: Таны зохиолууд Францад маш өргөнөөр уншигддаг нь сонирхолтой юм шүү. Ер нь хэв маяг орчуулагдах уу?

КАПОТЕ: Яагаад болохгүй гэж. Зохиолч орчуулагч хоёр бол уран бүтээлийн ихрүүд шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ Би таныг зохиолоо ид бичиж байхад тань тасалдуулчихав уу даа?

КАПОТЕ: Нэг зохиолынхоо хоёр дахь засвар дээр сууж байна. Гурав дахь удаагаа засахдаа шар цаасан дээр бичдэг юм. Онцгой төрлийн шар цаас гэх үү дээ. Надад зохиолоо засварлахдаа орноосоо өндийх ч шаардлага гардаггүй. Цаасаа өвдөг дээрээ тавьж байгаад л бичиж өгнө шүү дээ. Минутанд хэдэн зуун үг бичиж чадна. Тэгээд шар ноорог маань гараас гарахаар хааж тавиад долоо хоног, сар, заримдаа бүр түүнээс ч урт хугацаагаар нээж хардаггүй. Тэгээд дараа нь аль болох хөндлөнгийн хүний нүдээр ахин нэг уншиж, ганц хоёр найздаа чангаар дуудан сонсгоно. Тэгэж байж л юуг нь нэмж засах вэ гэдгээ, ер нь тэр зохиолыг хэвлүүлэх эсэхээ шийддэг дээ.  Би чинь нилээд хэдэн өгүүллэг, нэг бүтэн роман, бас нэг тал романаа хогийн сав руу шидчихсэн хүн. Гэхдээ бүх зүйл нь болсон мэт санагдвал эцсийн хувилбараа цасан цагаан цаасан дээр буулгаад л хэвлэлтэнд шилжүүлдэг дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Та зохиолоо эхлээд тархиндаа боловсруулчихаад дараа нь бичдэг үү, эсвэл бичигдэх явцдаа зохиол чинь өөрөө өрнөлөө олоод, хувь заяагаа шийдээд явчихдаг уу?

КАПОТЕ:  Аль аль нь. Өгүүлэх түүхийн маань эхлэл, өрнөл, төгсгөл нэгэн зэрэг зурсхийгээд л ороод ирдэг шүү. Гэвч яг ажиллаад, бичээд эхлэхээр санаанд оромгүй гэнэтийн явдалууд тохиолдож эхэлнэ. Тэр л гэнэтийн тохиолдолууд, агшин зуур орж ирсэн өгүүлбэрүүд чинь таныг зохиолын төгсгөлд хүртэл хөтлөөд явчихна. Тийм л талархмаар багахан дэмжлэгүүдийн дэмээр бүхэл бүтэн зохиол гараас гарна шүү дээ.

Би нэг удаа зохиолдоо зориулж тэмдэглэл хөтлөж үзсэн. Гэвч тийм зүйл хийх нь өөрийнхөө төсөөллийн хүчийг бууруулахаас цаашгүй юм билээ. Үнэхээр авч хаяж боломгүй сайхан санаа ороод ирж гэмээнэ бичигдэх хүртэлээ арчигдаж мартагдахгүй нь мэдээж шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Таны зохиолуудын хэр их нь өөрийн тань намтар түүхээс улбаатай вэ?

КАПОТЕ: Үнэндээ тун бага хувь нь. Хэдийгээр зохиолч хүний бичиж буй бүхэн ямар нэг байдлаар түүний хувийн туршлагатай холбоотой байдаг ч миний хэлээд байгаа тун бага гэдэг нь бодит явдал, бодит туршлагатай маань илүү холбоотой юм. The Grass Harp бол миний бичсэн цорын ганц бодит зохиол. Гэвч уншигчид энэ зохиолыг бүхэлдээ зохиомол гээд харин “Өөр дуу хоолой, Өөр өрөөнүүд”-ийг л бодит амьдралаас сэдэвлэсэн гэж төсөөлөөд байдаг юм.

СУРВАЛЖЛАГЧ: Та ер нь шүүмжийг хэр тустай эд гэж боддог вэ?

КАПОТЕ: Хэвлэгдэж гарахаас нь өмнө, хэлэх зөвлөгөөнд нь бүрэн дүүрэн итгэдэг хүнээрээ шүүлгэвэл тустай байлгүй яахав. Харин хэвлэгдээд гарчихсаны дараа бол зохиолч миний унших, сонсохыг хүсэх цорын ганц зүйл бол магтаал. Хэрвээ гоочлохоос өөрийг мэддэггүй хоосон шүүмжлэгчид, өөд татах гэж ядсан хий магтаалчдын тусламжтай зохиолч болсон гээд шударгаар хэлчих хүн олоод ирвэл би таньд тавин доллар өгье. Ер нь бол би өөрийнхөө тухай элдэв гүтгэлгийг зүгээр л уншаад өнгөрч чадна. Гэвч шүүмжлэгчидтэй арцалдаж өөрийгөө доош нь хийгээд яах юм бэ. Тэдэнд илгээх захидлаа тархин дотроо биччих, харин цаасан дээр хэзээ ч бүү буулга.

СУРВАЛЖЛАГЧ: Таньд бусдаас онцгой, этгээд гэж болох зан араншин бий юу?

КАПОТЕ: Би тун мухар сүсэгтэй хүн. Энэ зан маань л этгээд гэгдэх байх. Жишээ нь би тоонд их анхаардаг. Зарим хүн рүү утасных нь дугаар ёозгүй харагддаг гэсэн ганц л шалтгаанаар огт утасддаггүй. Бас зочид буудалд муу ёрын дугаартай өрөөнд хэзээ ч буудаггүй. Нэг үнсний саванд тамхины гурван иш байлгах дургүй. Дотор нь хоёр гэлэнмаа суусан онгоцоор хэзээ ч нисэхгүй. Баасан гаригт юу ч эхлүүлж, юуг ч дуусгах дургүй. Ингээд тоочоод байвал дуусахгүй. Гэвч иймэрхүү энгийн зүйлсээс зайлсхийснээр өөртөө тун жигтэй тав тухыг олж авч чаддаг шүү.

ОРЧУУЛСАН: Б.БАЯСГАЛАН

Сэтгэгдэл хэсэг