"ҮЛДЭХ ҮГ" ПОДКАСТ: СГЗ, ЗОХИОЛЧ, ОРЧУУЛАГЧ, СЭТГҮҮЛЧ Ж.НЭРГҮЙ

 

Монголын нэрт орчуулагч, зохиолч, сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүйн амттай, дурсамжтай, сонсууштай хөөрөлдөөнийг та бүхэнд хүргэж байна. Ярилцлага бус яагаад чухам хөөрөлдөөн гэснийг та сонссоныхоо дараа мэдэх буй за. 

Тэрбээр өрнийн уран зохиол, баримтат бичлэгийн гол төлөөлөгч Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, М.Веллерийн “Авсанд хэвтээ хүн”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, М.Славины “Гильотины илдэн дорхи эберчүүд”, Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр”, Владимир Высоцкийн “Бухимдал” зэрэг 30 гаруй номыг эх хэлнээ хөрвүүлснийг хэн бүхэн мэдэх билээ. 

Түүнээс гадна Сергей Есенинийг монголчуудтай анх уулзуулсан, Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенкогийн түүврийг "Надаас та нар намайг булаагаад авчихжээ..." нэрээр  хэвлүүлсэн, англи хэлнээ бичигдсэн хамгийн ланжгар роман Айн Рэндийн "Атлантын нуруу тэнийв" зохиолыг уншигчдад хүргэсэн гээд олон зүйлийг онцолж болно. 

Уран бүтээлч, урлахуйн талаарх уран сайхны нийтлэл, улс төр, нийгмийн шинжтэй тэмдэглэлүүд, яруу найргийн номууд нь хэдийн уншигчдын танил болсон тул энд дурдах нь илүүц биз. Ийн нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч, сэтгүүлч Ж.Нэргүйн яруу найрагч Я.Баяраа, орчуулагч Б.Баясгалан нартай хөөрөлдсөн уртхан яриаг хүргэж байна. Таван цаг орчим үргэлжилсэн энэхүү ярианаас бид хамгийн сонирхолтой хэсгийг түүвэрлэн, таныг аль болох уйдаахгүй байхыг хичээн эмхэтгэн хүргэлээ. Таалан болгооно уу!


Сэтгэгдэл хэсэг