УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: ДАШЦЭРЭНГИЙН МӨНХХИШИГ

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Орчуулгын төрөлд дээр дурдсанчлан 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 6 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан орчуулагчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн орчуулагчдаас шилдэг ЗУРГААД багтсан дараагийн хүн бол Дашцэрэнгийн Мөнххишиг: Тэрбээр Орос-Америкийн зохиолч Кэт Гессений "Эмээгээ дурсахуй" өгүүллэгийг орчуулжээ. Кэт Гессен нь 2018 онд Үндэсний утга зохиолын сангаас шилдэг залуу зохиолчийн шагнал хүртэж байсан юм. 


ЭМЭЭГЭЭ ДУРСАХУЙ
(Англи хэлнээс орчуулсан Д.Мөнххишиг)

Нэг орой би гал тогоондоо имэйлээ шалгаад сууж байтал эмээ гарч салхилах юм болов. Цас уначихсан, халтиргаатай байгааг би мэдэж байсан л даа. Гэхдээ халтиргаа гулгаа арай ч тэшээд уначихаар тийм сүртэй байгаагүй юм даг. Түрүүхэн л эмээ маань хүйтэн жаврыг үл ажран ойр зуурын хүнс цуглуулахаар гараад ирэхдээ зүв зүгээр байсан юм чинь. Ер нь ингэе тэгье гэх болгонд нь эмээгээ дагаж гүйсээр насыг барах ёстой байсан уу? Тэгж амьдарна гэдэг бэрх. Би эмээ дээрээ очиж духан дээр нь үнсээд, гарч сайхан алхаж байгаад ир гэв.

Гучин хором ч өнгөрөөгүй байтал шатны тэртээгээс чанга орилох сонстов. Эхэндээ би нохой юм уу хүүхэд л байна гэж санатал тэрхэн мөчид хэн болохыг гэнэт ухаарлаа. Ухас хийн гартал шатны хөлд эмээ дээш хараад хэвтэж байх нь тэр. Нүд нь нээлттэй, толгойгоо барихчаа аядан над руу эмээсэн байртай харж байв. Бууж очоод өндийлгөтөл зузаан ягаан пальто нь унахад нь зөөлөвч болсон авч дагзнаас нь цус гарч байлаа. Эмээ “Андрюшенка минь. Би ямар тэнэг хүн бэ. Дүүрсэн тэнэг юм даа. Толгой эргээд байх юм” гэж халаглана.

Эмээг би дээд давхарт гаргаж, пальтогоо тайлахад нь дэмнэж, оронд хэвтүүлээд түргэн дуудахаар дугаарыг нь хайж гарав. 03 гэсэн дугаар байлаа. Даруй залгаж эмээ толгойгоо цохисныг учирлав. Утасны цаана байгаа эмэгтэй шарх нь хэр осолтойг лавлахад юу хэлэхээ мэдэхгүй гацаж орхилоо. “Ухаантай байна уу?” гэж өнөө эмэгтэй асуув. Биднийг хааш нь явуулахыг тодорхойлоход энэ асуулт тус болсон нь илт. Түргэн тусламж хорин минутын дараа ирнэ гэж хэлсэн нь ашгүй ёсоор болов.

Гарден тойргийн түгжээнд нэг зогтусаж, нэг урагшилсаар сажлах түргэний тэргийн арын цонхоор үзэгдэж асан Москвагийн үзэмжийг би лав энэ насандаа мартахгүй дэг ээ. Удсан ч үгүй түргэний орон дээр эмээ зүүрмэглэж эхлэхэд ард бидэнтэй цуг яваа, энэ бүх хугацаанд утсаа л оролдож суугаа сувилагчаас эмээ ингээд унтчих нь зүгээр эсэхийг шалгаахад зүгээр л гэв. Тармаг цас гадаах бүгдийг бүрхжээ. Хар хүрэм, хар малгай, хар гуталтай хүмүүс бүлээцэх гэсэндээ дэргэдэх барилгадаа наалдчих шахам алхална.

Гарден тойргийг арай гэж даваад Киевийн өргөн чөлөөнд орж явчихуйд хажууд суугаа сувилагчаасаа одоо ахиад хэр удахыг асуув.

“Цаг орчим” гэж хариулав.
“Цаг аа? Өөр ойрхон газар байхгүй юу?”
“Толгой нь гэмтсэн тул мэдрэлийн эмнэлэгт л аваач гэсэн шүү дээ. Санаа зоволтгүй. Сайн эмнэлэг” гэв.  

Үйлдвэрийн барилга сүндэрлэсэн дүүргүүдийг өнгөрч, цаашлаад хотын урд захаар хаяалсан ой мод дундуур яваад л байлаа.

Эмнэлэг модон дунд байв. Бид замаас гарч зогсоол руу ороход сүүмгэр гэрэлд дөрвөн давхар шар тоосгон байшин үзэгдэв. Хувьсгалаас өмнө тосгоны эмнэлэг байсан бололтой хуучны барилга байлаа. Түргэний тэргээс сувилагч нар эмээг маань аажуухан өргөж гаргаад эмнэлэгт оруулах үед эмээ хэдийн сэрчихсэн байв. Өргөж дайхад нь төвөгшөөж байгаа янзгүй, харин ч анхаарал халамж тавьж буйд маадгар байх шиг. Сүүлийн үед бие нь чилээрхүү байгаа эмээд хүмүүс сүйд майд болж байсан хойно арга ч үгүй биз. Өнөөх эмч сувилагч нарт эмээ “Баярлалаа. Гялайлаа та минь” гэж зай завсаргүй талархана.

***

Хэдхэн сарын өмнө, 2008 оны зун би эмээгээ асарч тойглохоор Москвад нүүж ирсэн юм. Эмээ бараг ер хүрч байв. Түүнд үлдсэн ураг төрөл нь гэвэл ердөө Дима бид хоёр. Эмээгийн маань ганц үр хүүхэд болох ээж маань намайг арван хэдтэйд өөд болчихсон юм. Баба Сева Кремлинээс нэг бээр зайд байрлах хотын төв дэх хуучин байшиндаа ганцаараа суудаг байв. Намайг анх утас цохиж очих болсноо хэлэхэд эмээ баярлаж байсан ч бас жаахан гайхсан аястай байж билээ. 

Аав, ээж, ах, бид дөрөв 1981 онд Зөвлөлт Холбоот Улсаас дүрвэн гарсан юм. Би зургаатай, Дима арван зургаатай байсан нь бид тэс өөр хүн болж өсөх шалтгаан болсон биз ээ. Би америк хүн болсон бол Димагийн уг үндэс нь орос хэвээрээ үлдэж билээ. Зөвлөлт Холбоот Улс задармагц ах хөрөнгө зоорь хураахаар Москва буцав. Тэрнээс хойш мань хүн алдаж оносон нь цөөнгүй боловч тухайн үед яг ямаршуу байсныг мэдэх юм алга. Гэв гэнэт нэг өдөр над руу Жи-чатаар бичиж, Лондонд тодорхойгүй хугацаагаар байх хойгуур нь намайг Москвад ирж Баба Севад хань болж чадах эсэхийг лавлав.

“Лондон руу ямар хэргээр явах юм?”
“Уулзахаараа тайлбарламз.”
“Хамаг бүхнээ орхиод бөмбөрцгийн талыг туулж ир гэчхээд ямар учиртайг нь хэлэхгүй хэрэг үү?”

Ахтай үг солих болгонд ингээд шазруун зан хөдөлчихдөг юм. Би хэдий ингэх дургүй ч өөрийгөө барьж чаддаггүй байв.

Дима “Чи ирмээргүй байвал зүгээр хэлчих. Харин энэ тухай би Жи-чатаар ярихгүй” гэдэг байгаа.

“Архивлагдаж үлдэхгүйгээр устгаж болдгийг та мэднэ дээ. Хэн ч харах боломжгүй.”
“Битгий маанагтаад бай.”

Тэрээр Жи-чатыг нь ухаад үзчихээс сийхгүй “их эвгүй хүмүүс”-тэй орооцолдсон ухааны юм цухуйлгав. Үнэн ч байж мэднэ, үгүй ч байж болно. Диматай ярилцана гэдэг үнэн худлын зааг дээр дэнчигнэнэ гэсэн үг хойно.

Би өөрийгөө тийм яадгаа алдсан маанаг амьтан гэж үздэггүй. Гэхдээ яг ч бас маанаг биш гээд хэлчих нь хаашаа юм. Би урт удаан дөрвөн жилийг коллежид сурч, бүр ч удаан найман жилийг их сургуульд Оросын уран зохиол, түүх судалж, исгэ шимж, Магистрын ангийн оюутнуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнд (бүр таван ч удаа!) түрүүлж дөнгөсөн юм даг. Дараа нь ажил хөдөлмөрийн талбарт ямар ч үр бүтээлгүй гурван жилийг үдсэн. Димаг над руу бичих үед би докторын зэрэг горилохоор байдаг бүхий л хөтөлбөрт өргөдлөө өгч дуусгаад байсан бөгөөд Нью Йоркт чүү чамай амь зуух ч аргагүй хоосорчихоод болчхоод байв. Товчхондоо намайг маанаг биш эсэхийг нотлох баримт аль аль талдаа бий гэсэн үг.

“Машиныг чинь унаж байж болох уу?”

“Зарчихсан.”

“Ах хүү. Та тэгээд яваад хэр удах юм бэ дээ?”

“Бүү мэд. Тэгээд ч би явчхаад байна” гэх нь тэр.

“Өө” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.

Үнэнийг хэлэхэд би Нью Йоркоос үтэр түргэн арилахын түүс болж байсан юм. Дээр нь Москва миний хувьд онцгой газар байсныг хэлэх үү. Тэр л хотод эцэг эх минь өсч торниж, хоёр биентэйгээ учирч, би гэж хүн хорвоод мэндэлсэн юм. Би тэнд очилгүй их удсан байв. Магистрын ангид сурч байхдаа хэдэн зуныг өнгөрүүлж, ядуу зүдүү, ядаж цөхсөн байдлаас нь баахан залхсан нь үнэн л дээ. Бүдүүлэг дээрэнгүй архичид, зөрсөн болгоныг эрээгүй гөлрөх бэлтгэлийн хувцас, арьсан хүрэмтэй дээрэмчид, эмээгийн гэрийн гадаах хогийн цэгээс хооллох зуураа “Муусайн лалрууд! Цус сорогчид!” хэмээн үе үе хашхичих эр гээд бүгдээс нь залхсан. Ийм л нүсэр, залхаг, аюултай хот ч гэлээ өөр хаанахаас ч илүүтэй сэтгэлд ойр дотно санагддаг байж билээ. 

Би “За” гэж бичив.

“За гэнэ ээ?”

“Тийм ээ. Болохгүй нь юу байх вэ” гэлээ.

Хэд хоносны дараа би Дээд Ийст-Сайдад байрлах Оросын консулын газар очиж, бүтэн цаг дараалалд зогссоны эцэст нэг жилийн виз авч дөнгөв. Тэгээд Нью Йорк дахь хамаг ажлаа зохицуулж, өрөөгөө түрээсэлж, номуудаа номын санд буцааж, мөсөн гулгуурын талбайн шүүгээнээс хоккейн хэрэгслээ ч авав. Энэ бүхэн ядаргаатай, зардал ихтэй ажил байсан ч тэр бүх хугацаанд айсуй учрах шинэ амьдрал, цоо шинэ хүн болох тухайгаа төсөөлж байлаа. Магад нэг өдөр эмээгийнхээ амьдралын түүхээр ажилд зуучилж дөнгөх чинээний өгүүлэл биччих ч юм билүү хэн мэдлээ.

Баба Сева - Сева Эфраимовна Гехтман 1919 онд Украйны нэг багахан тосгонд төржээ. Аав нь нэхмэлийн үйлдвэрт нягтлан, ээж нь сувилагч байв. Эцэг эх нь түүнийг багад ах нартай нь цуг дагуулаад Москва руу нүүсэн юмсанж. Хичээл номдоо толгой цохидог байсан тэрбээр Оросын ууган бас хамгийн сайн сургууль болох Москвагийн их сургуульд элсэж, түүх судалжээ. Германы дайралтын дараахан Москвагийн дээдэд хуулийн ангийн залуу хархүүтэй танилцсан нь манай өвөө байсан бөгөөд улмаар бие биедээ сэтгэлтэй болж ханилан суужээ. Тэгж байтал дайны хоёр дахь жилд ээж төрж нэг сар болоод байтал өвөө Вязмагийн ойролцоох тулаанд амь эрсдэв. Дайн дууссаны дараа эмээ Москвагийн дээдэд багшлах болж, Агуу Иваны (Орос орныг нэгтгэсэн) тухай кинонд зөвлөхөөр ажилласан юм байх. Чухамдаа эл түүх Иосеф Сталинд өөрийг нь санагдуулсан учир эмээд Москвагийн төвд орон сууц өгчээ. Гэсэн ч хэдэн жилийн дараа еврейчүүд тэргүүтэй “харь иргэдийн эсрэг” хөдөлгөөн ид өрнөж байх үед эмээг славян хэлээс орчуулга хийдэг, хэл заадаг нэрийдлээр Москвагийн дээдээс хөөсөн юм. Тэрээр хижээл насандаа бидний авга ах Лев гэж дууддаг болсон сайхан ааштай, уймраа геофизикчтэй нэг гэрт орж, хожим манай ахынх болсон Сталины өгсөн өнөө байрыг эцэг эхэд минь үлдээгээд, цөмийн судалгааны Дубна хотод суурьшсан ч намайг ирэхээс нэлээн хэдэн жилийн өмнө авга ах Левийг нойрон дундаа амьсгал хураасны дараа Москвад буцаж ирснийг нь би лавтайяа мэдэх юм.   

Гэвч миний мэдэхгүй олон юм бий. Дайны дараа, дайнаас өмнө, эсвэл цагаатгах үеэр амьдрал нь ямаршуухан байсныг, энэ улс оронд чухам юу болж буй талаар ер мэддэг байсан эсэхийг нь би огтхон ч гадарлахгүй байв. Энэ бүхний талаар мэддэггүй байсан бол яагаад тэр вэ? Мэддэг байсан юм гэхэд энэ бүхнийг дотроо тээн яаж тэсч амьдардаг юм бол? Би өрөөндөө амирлангуй гэгч нь төвлөрч суугаад эмээгийнхээ түүхийг хэвлэж гаргахаар эмхэлж байна гэж төсөөлөв.

Нэг л мэдэхэд би Шереметьево-2 олон улсын нисэх буудлын доод давхарт хилээр шалган нэвтрүүлэх цуваанд зогсож байв. Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагдана. Намайг анх нисэхэд л энэ доод давхар руу буулгаж, цүнх саваа авахын өмнө дараалалд зогсоодог байсан сан. Диваажинд очихын өмнөх ариусгалын үе шатыг дамжин өнгөрөх дайны юм болдог байв шүү. Идэр залуухан, хонгор шар үстэй, өчүүхэн ч үл инээмслэглэх гаалийн ажилтан эр миний үнгэгдэж гүйцсэн америк хөх паспортыг үл ялиг жигшсэн байртай авч, нэрийг маань алан хядагч нарын мэдээллийн сангаас шүүсний дараа намайг эсрэг талын хаалга руу шавдуулав.

Ингээд би Орос оронд эргээд ирэх нь тэр ээ.

***

Баба Севагийн гэр цэцэг навч алагласан цэцэрлэгтэй таван давхар цагаан барилгын хоёрдугаар давхарт байрлана. Би цэцэрлэгээр дамжиж, гол хаалганд хүрээд аанай санаж байсан нууц үгийг оруулж, ачаа тээшээ чирсээр дээд давхарт гарав. Эмээ үүд нээлээ. Бүр жаахан болчхож. Угийн намхан хүн ч одоо бүр агшиж жижигрээд, буурал үс нь ч улам шингэрсэн харагдана. Тэрхэн мөчид намайг танихгүй байх вий гэхээс эмээж зогсов. Эмээ ашгүй “Андрюшик. Хүрээд ирэх нь энэ үү” гэв. Эмээ яахаа мэдэхгүй самгардаж байх шиг санагдана.

Би орж явчихлаа.

Эмээ намайг хооллож ундлах юм болов. Алгуурхан, хянуур гэгч нь төмстэй шөл, котлет халааж, шарсан төмс зүсэв. Гал тогоондоо тэрээр мөсөн голын хурдаар нааш цааш хөдөлж, хөл дээрээ арай ядан тогтож байх шиг. Азаар өнөөх хуучин гал тогоонд нь барьж түших юм бишгүй их байсны дээр тэр бүхэн хаана байдгийг эмээ яг таг мэдэж байлаа. Намайг сүүлд ирснээс хойш сонсгол нь үлэмж муудсан байсан тул ажлаа дуусахыг нь хүлээж, хоол таваглахад нь туслав. Ингээд нэг юм суулаа. Эмээ Америк дахь амьдралын маань талаар асууж гарав аа. 

“Чи хаана амьдардаг вэ?”

“Нью Йорк.”

“Юу?”

“Нью Йорк.”

“Аан. Байшинд суудаг уу, эсвэл орон сууцанд уу?”

“Байшинд.”

“Юу гэнэ ээ?”

“Байшинд.”

“Өөрийнх чинь юм уу?”

“Би түрээсэлдэг юм аа. Хүмүүстэй хамтраад.”

“Юу?”

“Хувааж түрээсэлдэг. Нийтийн байр шиг гэх үү дээ.”

“Чи гэрлэсэн үү?”

“Үгүй.”

“Үгүй гэнэ ээ?”

“Үгүй.”

“Хүүхэдтэй юү?”

“Байхгүй.”

“Хүүхэдгүй юм уу?”

“Байхгүй. Америкт хүмүүс ер нь оройтож хүүхэдтэй болдог” гэж үнэн худлын дундуур хариулав.

Сэтгэл нь ханасан, эсвэл жаахан ч болтугай ханасан бололтой тэрээр хэр удаан байх санаатайг минь асуув.

“Димаг эргэж иртэл” гэлээ.

“Юу?”

“Димаг эргэж иртэл” гэж хариулав.

Эмээ ойлгох шиг болов.

“Андрюша, чи найз Мусяг маань таних билүү?”

“Танилгүй яахав”

“Миний дотны нөхөр байгаа юм. Яг одоо зуслангийн байшиндаа байгаа” гэж тайлбарлав. Муся буюу Эмма Абрамовна манай эмээгийн эсэнд мэнд байгаа ганц эртний найз нь юм л даа. Польшийн цагаач тэрээр жүүдүүдийн эсрэг өрнөсөн хөдөлгөөнийг үл ажран Москвагийн дээдэд үлдэж чадсан уран зохиолын профессор хүн байв. Чөлөөндөө суугаад удсан ч хуучны зохиолчдын эзэмшил болох Переделкинод зуслантай аж. Авга ах Лев танил судлаачидтайгаа хамсан байгуулсан геологийн хайгуулын компанийн хувьцаагаа луйвардуулсны дараа эмээ зуслангаа ерээд онд хураалгасан юм.

“Ирэх зун намайг хамт зусаач гэж урих байх” гэв.

“Тийм үү? Тэгж хэлсэн юм уу?”

“Үгүй л дээ. Гэхдээ л урих байх.”

“Сайхан л санаа байна” гэв. Наймдугаар сард Москвагийн ихэнх айл зусландаа гарч, эмээ харин тэдэнтэй адил явчхаж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаа нь илт байлаа.

Оройн хоолны дараа эмээ амандаа гараа хийж хиймэл шүдээ гаргаж тавьдаг байв. Тэрийгээ жижиг цайны аяганд хийгээд ширээн дээр орхино. “Буйлаа амраахгүй бол горгүй нь” хэмээн шүдгүй амаараа бувтнахад нь

“Тэгэлгүй яахав” гэлээ.

“Хэлээч. Чи зээ хүү Димаг маань таних уу?”  хэмээн өнөө л шалгаасан өнгөөр асуув.

“Мэдээж. Миний ах шүү дээ.”

“Аан” хэмээн Димаг таньдаг гэсэнд минь аанай л итгэхгүй байх шиг санаа алдав. “Хаана байгааг нь мэдэх үү?”

“Лондонд байгаа” гэж би хариулав.

“Намайг ер эргэж тойрч байгаагүй” гэх нь тэр.

“Тийм ч байх учиргүй дээ.”

“Ирдэггүй л байсан юм даг. Байраа нэр дээр нь шилжүүлснээс хойш намайг ер тоохоо больсон шүү.”

“Эмээ! Худал хэлэх юм.” Нэлээд хэдэн жилийн өмнө хотын төвийн барилгын үнэ тэнгэрт хадахад Дима байрыг нь нэр дээрээ болгуулсан нь үнэн ч Москвагийн хамгийн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшдэг настай хөгшчүүлд элдэв муу зүйл тохиолдох нь элбэг болоод байсан үе л дээ. Аюулгүй байлгах үүднээс ингэсэн нь ч зөв болсон юм. Харин одоо эмээгийн хэлснийг бодохноо нээрээ ч сэжигтэй санагдаж эхлэв.

“Андрюша. Чи надад эрхэм нандин хүн шүү. Манай гэр бүлд ч тэр. Гэхдээ би яг одоо сайн санаж өгөхгүй юм. Чамайг чинь бид яаж мэддэг болсон билээ?”

Хэсэгтээ хэл минь татчих шиг болов.

“Би таны зээ хүү шүү дээ.” Хоолойд минь гомдсон өнгө цухалзаж байлаа.

“Юу?”

“Би таны зээ хүү байна.”

“Миний зээ хүү гэнэ ээ” гэж давтав.

“Та нэг охинтой байсан даа. Санаж байна уу?”

“Тийм л дээ” гэж эргэлзэнгүй дуугараад эмээ сая нэг санав бололтой “Тийм ээ. Миний бяцхан охин” гэв. Жаахан бодолхийлснээ “Америк явсан шүү дээ. Америкт очоод тэндээ нас барсан” гэв.

“Тийм ээ.”

“Харин чи болохоор—” гэх нь тэр.

“Би хүү нь юм аа.”

Эмээ одоо л нэг ойлгов бололтой, “Тэгээд чи энд яах гэж ирсэн юм?” гэв.

Би юу ч ойлгосонгүй.

“Энэ чинь адгийн муухай орон. Миний Ёолка чамайг Америкт аваачиж байхад яагаад чи эргээд ирсэн юм?” Эмээ уурлаж байх шиг.

Ахиад л би хэлэх үггүй таг болов. Яагаад ирсэн бэ гэж үү? Дима надаас гуйсан шүү дээ. Би бас ч гэж эмээдээ тусалмаар байсан юм. Бас их сургуулийн ажилд ороход тусалж мэдэх ганц нэг өгүүллэгийн санаа ч олдоно гэж бодсон. Гэвч би амьдралд хамгийн ойр шалтгааныг хэлэхээр шийдэв. “Ажлын шугамаар. Бага сага судалгаа хийх санаатай” гэлээ.

“Аан. Тийм бий” гэв. Өнөө олиггүй муухай оронд эмээ ч бас ажиллах хэрэг гарч байсан тул ойлгох шиг боллоо.

Санаа нь түр ч болов амрав бололтой эмээ өрөөндөө очиж хажуулахаар явлаа. 

***

Эмнэлгийн дотор хуучирч муудсан харагдана. Ямбий цахилгаан шатаар бид дээд давхарт гарч, ёлтгор гэрэлтэй хонгилоор алхав. Онгорхой хаалган дээр очтол ногоон халаадтай, доод зовхинд нь хар хүрээ татсан залуу эр тамхилж суув. Гэтэл мань хүн мэдрэлийн ерөнхий эмч болж таарав шүү. “Сайн уу, Аркади Иванович” гэж сувилагч нарын нэг мэндлээд “Энэ эмэгтэй бүдэрч унаад толгойгоо цохьчихжээ. Бага зэрэг цус гарч байна лээ. Түргэнээс өвчтөнийг тань дээр аваач гэсэн юм.”

“410-р үзлэгийн өрөөнд оруулчих” гэж мэдрэлийн эмчийг хэлэхэд бид дагаж оров.

Ирснийхээ эхний хэдэн долоо хоног эмээгээ би хай сайгүй дагаж явдаг байлаа. Гэр дотроо нэг өрөөнөөс нөгөө өрөөнд ороход нь, хүнсээ цуглуулахаар нэг дэлгүүрээс нөгөө рүү эцэс төгсгөлгүй хэсэхэд нь, Эмма Абрамовнагийнд долоо хоногтоо нэг удаа очиж хуучнаа дурсан цайлж суухад нь хамт явна. Эмма Абрамовна цаг ямагт цовоо цолгиун байдаг бол эмээ харин дүнсгэр уйтай төрх гаргана. Эмээ юм л бол “Таньдаг болгон минь талийгаад одлоо. Би ч гань ганцаар үлдэж ээ” гэнэ. Түүнийг ийнхүү дагаж явах нь намайг ч бас сэтгэлээр унагаж, ганцаардуулах болов. Дээр нь бас золгүй явдал ч тохиолдох болов. Хэдэн гадаадтай гадуур зугаалж яваад бууны бөгсөөр тархиндаа буулгуулж, хэд хэдэн хоккейн багийн шалгаруулалтаас хасагдсанаас гадна эмээ саар муугаас өөр зүйл санаж дурсахаа ч болив оо. Гэхдээ ашгүй аз маань эргэж ирсэн юм. Хоккейн багт тэнцэж, найз нөхөдтэй ч болж, тэр бүү хэл уран зохиолын магистрын ангийн оюутан Юля хэмээх бүсгүйтэй болздог болсон билээ. Би энэ улс орон, энэ амьдралын учрыг сая нэг олж эхлэх шиг санагдаж байлаа. Тэгж байтал эмээ шатнаас уначихсан хэрэг.        

Үзлэгийн өрөөнд ормогц өөрийгөө би эмээ шигээ жаахан болчихсон мэт санав. Ингэж нэг юм эмээгээ, эрүүл мэндтэй нь цуг мэргэжлийн хүмүүсийн гарт даатгаж санаа амарсан боловч, бас л сэтгэл зовоод болох юм биш. Өнөө эмнэлэг бохир завааны дэрээ гэрээс дэндүү хол байв. Ийм хүмүүст итгэж болох эсэхэд ч эргэлзэж байлаа. Яагаад ч юм бүү мэд эмээг үзлэгийн орон дээр хэвтүүлж түргэний дамнуургаа чөлөөлчхөөд байгаа хэрнээ өнөө эмнэлгийн туслах ажилчид үзлэгийн өрөөний хаалганы дэргэд харуулдсаар зогсох аж. Үүнийг ажсан эмч над руу хараад, “Тэдний цалин өндөр биш шүү дээ” хэмээн аргадангуй шивнэв.

Би “Өө!” гээд, түрийвчнээсээ 500 рубль (16 доллар) гаргаж, ард цуг сууж ирсэн сувилагчид өгөв.

Тэр “Баярлалаа” гэчхээд алга боллоо.

Үзлэгийн өрөөнд эмч эмээгийн дагзыг үзэж, нүд рүү нь гэрэл тусгасны дараа хэдэн асуулт асуув. Үзлэгээ дуусгаад бид хоёрт эмээг одоохондоо зүгээр, гэхдээ ганц хоёр шинжилгээ хийлгэж, ажиж байх нь өлзийтэйг сануулав.

“Та юу гэж бодож байна, Сева Эфраимовна?” хэмээн эмч аядуухан хоолойгоор асуув.

Эмээ над руу хараад, “Андрюшагийн хэлснээр л болъё” гэв ээ.

Би ч шулуухан “Маргааш гэртээ харьж болох уу?” гэж асуув.

Эмч “Болохгүй. Долоо хоног хэвт” гэлээ.

“Долоо хоног оо?” Америкт байсан бол үнэ хөлсөнд нь санаа зовох сон, харин Орост өөр юм санааг минь зовоож байв. Энд эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй ч би өндөр тааз, халцарсан цэнхэр будагтай өрөөг ёозгүйхэн тойруулж харав.

Эмч харцыг минь дагуулж хараад, “Байр байдал нь базаахгүй ч, сайн эмнэлэг шүү. Таныг би заавал энд үлд гэхгүй. Гэхдээ ингэж унаснаас үүдэн гавлын ясан дотор цус алдсан бол заримдаа шууд илэрдэггүй. Мэдээж цус огт алдаагүй ч байж болно. Та хоёр л шийдэж дээ” гэв.

Анагаахын мэргэжилтний үг аргагүй л жин дарав. Эмээ нас барах юм уу тархи нь гэмтдэг юм гэхэд халцарч муудсан будаг эмчилж анагаах талаар юу ч мэдэхгүйг маань илтгэнэ гэж дүгнэсэн хойно миний биш чиний л буруу гэж эмч тойруу утгаар надад сануулах шиг болов.

“Эмээ, та энд хэд хоног байж, ганц хоёр шинжилгээ өгвөл яасан юм?” гэв.

“За. Тэгвэл дээр гэж бодож байгаа бол хэлснээр чинь болъё” гэж эмээ хэлэв.

Яг үнэндээ юу бодохоо ч би мэдэхгүй байлаа. Гэвч өөр сонголт үгүй юм шиг санагдав. Би “Тэгье” л гэлээ.

“Тийм бол тэгье.”

“За. Эргэлтийн цаг үд дундаас оройн найм хүртэл. Би сувилагч дуудаж, өрөөнд нь оруулъя” гэж хэлчхээд эмч арилаад өглөө. Хэдэн хормын дараа сувилагч тэргэнцэр түрж ирээд, эмээг суулгаж, хонгилын цаад булангийн саруулхан өрөөн дэх орны дэргэд аваачив. Сувилагчийн заавраар эмээг тэргэнцрээс өргөж оронд нь хэвтүүлэхэд хариугүй хөнгөхөн байлаа.

Би утасны дугаараа бичиж үлдээгээд, “Би маргааш ирнэ” гэж эмээд хэлэв.

“За. Гэрийн түлхүүр бий юу?”

“Байгаа.”

“Сайн байна. Ахиад жаахан шөл үлдсэн шүү. Идэхээ мартуузай.”

“За” гээд би эмээгийн духан дээр үнсчихээд, гарч явлаа.

***

Эмнэлгээс гарахад метро зогсчихсон байсан тул өндөр үнэтэй хөлсний тэргээр гэртээ харив. Төмстэй шөлөө гал дээр тавьчхаад, компьютероо асаалаа. Жи-чатанд Димагийн бяцхан ногоон гэрэл асаатай байв.

“Эмээ эмнэлэгт хэвтсэн” гэж бичив.

Гэтэл тэр даруй “Юу??” гэсэн хариу ирлээ.

“Шатнаас унаад толгойгоо цохьчихсон. Эмч гэхдээ аюулгүй гэж байна лээ.”

“Ийм юм болоход чи хаана байсан юм?”

“Гэрт л байсан.”

 “Тэр шатны талаар чамд би сануулсан биз дээ!”

Би хариу юу ч хэлсэнгүй. Хормын дараа гэрийн утас дуугарав. Дима байлаа.

 “Аль эмнэлэгт байгаа юм?”

“Мэдрэлийн 8-р эмнэлэг. Киевийн өргөн чөлөөний төгсгөлд, хол байдаг юм билээ.” Би картаа биедээ авч явсан юм.

“Новш гэж!” Дима хамаг хараалаа урсгав. “Тэр чинь улсын эмнэлэг. Аятайхан сувилчих хувийн эмнэлгүүд өчнөөн болсон шүү дээ.”

Би юу ч хэлсэнгүй. Би яаж мэдэх билээ дээ. Тэр дор нь л Дима руу залгадаг байж. Бүх зүйл нүд ирмэхийн зуур болсон юм чинь.

“Эмээг шилжүүлж чадах уу?” гэж Дима асуув.

“Гайгүй л эмнэлэг байна лээ. Муу биш. Мэдрэлээр мэргэшсэн эмнэлэг шүү дээ.”

“Америк Клиник рүү шилжүүлчих. Проспект Мирагийн баруухан талд бий. Хэд алхаад л оччихно.”

“Хэр үнэтэй бол?”

“Би төлчихнө” гэж Дима хэлэв.

“Бодож үзье.”

Толгой нь шархтай эмээгээ түргэний тэргэнд ахиад бүтэн хоёр цаг явуулмааргүй байлаа. Дээр нь Димагаар эмээгийн зардлыг төлүүлмээргүй байв.

“Наад газраа байлгах юм бол эмчид нь ядаж хэдэн цаас өг. 3000 рубль өгчих.” Зуун доллар гэсэн үг. “Сувилагчид нь таван зууг. Нэмэртэй шүү.”

Би за л гэлээ.

“Ганц юм гуйж байхад. Ганцхан юм даатгаж байхад шүү” хэмээн Дима утсаа тавихаасаа өмнө үглэж байв.

Хайруулын тавган дахь шөлний тал нь ширгэжээ. Үлдсэнийг нь идчихээд орондоо орлоо. Амьдралдаа анх удаа гэртээ гав ганцаараа байгаа минь энэ байв. Тавгүй унтлаа.

Эмээг би шилжүүлэхгүй байхаар шийдэв. Өрөөндөө хэдийн тухалчихсан, эмнэлгийн ажилчдын ч анхаарал халамж чамлахааргүй байв. Эмчид мөнгө өгөхөөс цэрвэж байсан ч яаж ийгээд болгов. Эмээгийн байрнаас дугтуй олоогүй тул дэвтрийнхээ цааснаас нэг хуудсыг урж дунд нь гурван мянган рублиэ хавчуулсанд ёстой болхи харагдаж байлаа. Эмчийг умгар өрөөндөө сууж байхад нь очиж уулзаад өнөөдхөө сарвайтал авахаас татгалзав. Би ч “Та авчих л даа” гэж гуйж гувшлаа. Эмч нэг юм зөвшөөрч ширээнийхээ дээд шургуулгыг онгойлгоод гараар хийсэн дугтуйг шургуулж орхив. “Ингэх хэрэггүй л дээ. Гэхдээ баярлалаа” хэмээн их л ихэмсэг царайлан хэлэв.

Ингээд болох нь тэр. Элдэв бичиг цаас, эд бараа авч өгөлцөхгүй. Би эмээгийнхээ өрөөнд оров. Төлбөр үр дүнгээ өгч эхэлсэн байлаа. Эмнэлгийн нэг бага шиг буланг худалдаад авчихсан ч юм шиг санагдана. Тэнд би гадны хүн байхаа болив. Сувилагч нарт ч бас хэдэн цаас атгуулсан юм. Эмээ маань илүү хөнжилтэй, өрөөнд нь зурагт хүртэл оруулж тавив.

Эмээгийн хажуу орны хүн нь Владленна хэмээх яриа эмэгтэй. Эмээгээс хэдэн насаар дүү боловч эмээг бодвол биерхүү, чанга дуутай хүн байв. Намайг анх очдог өглөө Владленна эмээд эрүүл мэндийнхээ талаар ам хуурайгүй ярьж байлаа. “Өө, Владленна Викторовна, энэ миний зээ Андрей” гэв.

“Уулзахад таатай байна, Андрюша!” хэмээн Владленна орноосоо хашхирав. “Сева, танай энэ гэрлэсэн үү?”

“Үгүй дээ.”

“Тийм байж. Хоёулаа учрыг нь олно оо! Би олон охин танина шүү!” гэж Владленна олзуурхав. Би эелдгээр инээмсэглэлээ. Үнэнийг хэлэхэд Юлятай саяхан учраагүйсэн бол Владленнагаас хэдэн утасны дугаар асуух л байлаа.

Эмээг дуг хийх юм уу Владленнатай яриа хөөрөө болж байх зуур би зөөврийн цахимбар дээрээ нэг ажиллаж нэг амсхийсээр орой хүртэл тэнд байв. Тэгээд гэр хүрэх өнө удаан, жиндүү хүйтэн замдаа гарлаа.

Өдөр хоног иймэрхүү маягтай өнгөрч байлаа. Өглөө нь жаал жуул ажил амжуулчхаад, метро, автобус дамжсаар эмнэлэг ороод, эмээтэй үлдсэн өдрийг өнгөрүүлнэ. CT шинжилгээгээр дотуур цус алдалт байхгүй нь илэрсэн ч эмч нарын хэлснээр “эмээг энд байгаа дээр нь” мэдрэлийн өч төчнөөн шинжилгээ нэмж хийв. Бүх хариу сөрөг гарав. Эмээ эрүүл саруул байлаа.

“Та итгэлтэй байна уу? Тэр байнга л юм мартаж байдаг. Бүр энгийн зүйлсийг хүртэл” гэж сүүлийн өдөр шинжилгээний үр дүнг өгөхөд нь эмчээс би нягтлав.

“Эмээ чинь хэдтэй билээ?”

“Наян ес.”

“Тийм байж. Дунд шатны алцхаймер (зөнөгрөл) боловч түүний насан дээр, өдий насалсан хүний хувьд сайн байна. Дунджаас дээгүүр.”

“Уулгах эм байхгүй юу? Сэтгэлээр их унадаг хүн шүү дээ.”

“Чи Америкт амьдардаг байх аа?” эмч асуув.

Би толгой дохилоо.

“Ийм зүйлд Америкт эм бичиж өгдөгийг мэдэх юм байна. Тэгэх нь зөв ч биз. Гэхдээ эд нар чинь их хүчтэй эм шүү дээ. Сөрөг нөлөөтэй. Энд бид илүү хянуур болгоомжтой ханддаг. Миний өгөх зөвлөгөө бол эмээгийнхээ оюун ухааныг аль болох ажиллуул. Ой тогтоолт нь муудна л даа. Гэхдээ үүнийг удаашруулж болно. Гэрийнхнээ танина. Гадуур гарахад ч зүгээр. Ийм эмнүүд зарим үйл явцыг удаашруулдаг ч тархи юм уу биеийнх нь өөр нэг хэсгийг гэмтээх аюултай. Би бол ийм эмнээс зайлсхийнэ” гээд эмч санаа алдав. Тэр хэзээ ч өмнө нь ийм их үг нэг дор хэлж байгаагүй учир би гайхахын сацуу талархаж байлаа. “Вот так” гэж тэр хэлэв. Ингээд гүйцээ. “Амжилт хүсье” гээд гар барив.

Энэ бүхэн зуун долларын хариу гээд бод доо.

Гэртээ харих цаг иржээ. Би хөлсний тэрэг дуудчихаад эмээг өрөөнөөс нь авахаар явлаа. Орноосоо босоход нь туслахын хооронд эмээ тэвэрт минь хариугүй шургаж унангаа алдав. “Долоо хоног орондоо хэвтсэн шүү дээ. Эргээд эрч хүчтэй болох гэж жаахан азнах байх” гэж сувилагч хэлэв.

Гэвч олиггүй юм болов. Гэр дотроо ч болтугай нааш цааш холхисоор өдөрт хэдэн бээр газар алхчихдаг настай хүнийг ийм удаан хэвтүүлнэ гэдэг ёстой сүрхий аюултай хэрэг байжээ. Мэдээж тэд муу юм санаагүй л дээ! Гэвч эмээ маань толгойндоо жаахан шархтай ирсэн бол доголдог болоод гарав. Буцах замдаа эмнэлгийн дэлгүүрээс таяг худалдаж авлаа.

***

Юмс аажмаар цэгцэрч байлаа. Хоол хийлгэж байх нэг эмэгтэй хөлсөлж, эмээ гэр дотроо ахиад алхдаг боллоо. Бид хоёр ердийн горимондоо оров. Хамтдаа үдшийн мэдээ үзэж, анаграм тоглож, үдийн хоолны дараа цай ууж суудаг болов. Эмээ сая нэг намайг байгааг бодит жинхэнэ зүйл гэж үздэг болсныг мэдрэв. Би ямар нэг онцгой зүйл хийснээс бус зүгээр л өдөр бүр дэргэд нь байсных юм. Намайг кафед суух юм уу хүнс худалдаж авахаар гарахаар хувцаслаж байхад бахдаж буйгаа хэлэхээ ер мартддаггүй байв.

“Андрюша, чи ёстой сүр бараатай харагдаж байна. Бузгай өндөр юм” гэнэ.

Уул нь миний өндөр ердөө таван тохой долоон ямх (170 см). Эмээ маань өөрөө хариугүй жаахан болохоор би өндөр харагддаг байсан хэрэг.

Бидэнд үе үе жир бус ганц нэг үйл явдал тохионо. Эмээг унасны дараахан Эмма Абрамовна эргэж ирсэн нь ёстой л ховор хэрэг байлаа. Хүү Аркади нь хэд хоног хамт байж, хөл дүүжлэх унаатай болсон тул эмээг яаж байгааг мэдэхийг хүсчээ. Эмээ хөл хөөр болж, зочин хүлээж авахаар хичээнгүйлэн бэлтгэв. Намайг ирснээс хойш л хөргөгчинд байсан тал лонх улаан дарсыг одоо уухад зүгээр эсэхийг, дэмий гэвэл юугаар орлуулбал зүйтэйг намайг суулган байж хэрэг болгон асуув. Зочин ирдэг өглөө эмээ эртээ гэгч нь хамгийн өөдтэй гэсэн амны алчуур, тавгаа гаргаж, нэг лонх шинэ дарс зэхэв. Бэлдсэн юмсаа муухай болгочихгүй гэсэндээ бид хоёр арын өрөөнд өглөөний цайгаа уулаа.

Ингээд нэг юм үдийн цайны цаг болохтой зэрэгцэн Эмма Абрамовна, Аркади хоёр ирэв. Аркади бол тавь дөнгөж гарч яваа, дуу цөөтэй компьютер программист бөгөөд манайд байсан ихэнх хугацааг утас руугаа ширтэж өнгөрөөлөө. Эмээ, Эмма Абрамовна хоёр энэ айлчлалын гол нь байсан тул энэ ч яамай. Тэр хоёрын яриа сурсан зангаараа Эмма Абрамовнагийн (мундаг!) хүүхдүүдийн тухай  яриагаар эхэлж, эмээ харин зээ нарынхаа (надаас бусад нь хайхардаггүй!) талаар хэдэн үг унагаж, (ихэнх нь Израйльд байдаг) танил нөхдөө дурсаж, цаг агаарын ёозгүйг гайхна. Аркади бид хоёр үе үе шинэ сэдвийн сэжүүр өгөх гэж чармайвч бүтэлтэй болох нь ховор. Тэгж байтал эмээ үдийн цайны дараах улиг болсон яриагаа эхэлнэ. “За даа. За” гээд л унана шүү дээ. Намайг болиулахаас аль урьтаад “Ер нь байна шүү, хүн бүр л талийгаад өглөө дөө. Таньдаг бүхэн минь хадан гэртээ харьсан байна. Хамаг ах дүү, анд нөхөд минь. Бүгд бурхан болоод намайгаа орь ганцааранг нь орхиж дээ.”

 “Боль доо, Сева” гэж Эмма Абрамовна хэлэв.

“Гэхдээ л үнэн!” гэж эмээ гөжүүдлэв.

“Би амьд мэнд л байна шүү дээ” гэж Эмма Абрамовнаг хариу барихад

“Тэр ч тийм. Чи бол байна. Гэхдээ өөр хэн байгаа юм?”

“Би яаж мэддэг юм?” гэж Эмма Абрамовна унтууцав. “Надаас гадна өөр хүмүүс байж л таарна!”

“Тийм дээ. Магад ч үгүй” гэж эмээ гунигтайхан хэлэв. Эмээгийн уй гуниг өрөөг нэлэнхүйд нь нөмрөөд авлаа.

Аркади Эмма Абрамовнаг аваад явахад нь би тэссэнгүй хэлээд тавьчхав.

“Эмээ, та Эмма Абрамовнаг хань татах дуртай биз дээ. Цагийг аятайхан өнгөрөөгөө болов уу яагаа бол гэж санаа ч зовдог. Гэтэл хүрээд ирэхээр нь ярьдаг ганц юм чинь ямар их ганцаардаж, сэтгэлээр унаж байгаа тухай л байх юм” гэв.

“Тэгээд юу гэж? Үнэн л юм хэлээ биз дээ?” гээд эмээ над руу сүрхий харав.

“Тэр гол нь биш ээ. Таныг хэр их сэтгэлээр унаж байгааг чинь хүмүүс сонсохыг хүсэхгүй! Өөрсдийнх нь сэтгэлийг тавгүйтүүлдэг юм шүү дээ!”

“Орилох ямар хэрэгтэй юм” гээд цайны аягаа угаалтуурт хийчхээд эмээ гал тогоог орхив. Би уул нь өөрийгөө орилоогүй л гэж бодож байна. Гэхдээ яг бас орилоогүй ч юм биш л дээ. Эмээг унтлагын өрөөндөө орж хаалгаа хаахыг нь харж зогслоо. Гоочилж шүүмжлээд эмээгийнхээ зан авирыг засчихна гэж яагаад бодсоноо мэдэхгүй юм. Гэхдээ хүнтэй хамт амьдарна гэдэг чинь ийм л байдаг хойно. Үгүй ядахад миний хувьд бусадтай амьдрах ийм л байж ирсэн. 

***

Тавдугаар сарын эхээр эмээ нас сүүдэр ер хүрэв. Харин тэр өөрийгөө зуу хүрч байгаа гэдэгт бат итгэлтэй байлаа. Тооны талаар бид хоёр удаан маргалдсан сан. Гэхдээ л баяр наадам зохиолоо. “Энэ хэний баяр юм?” гэж эмээг шалгаахад, “Таных шүү дээ!” гэж бид хариулав. “Тийм үү?” гээд эмээ өөрт нь их л аятайхан байгаа бололтой байлаа.

Зун цаг айсуй авч зуслангийн байшингийн талаар эмээ Эмма Абрамовнатай ганц үг солиогүй л байлаа. Гэхдээ хэд хэдэн удаа энэ санаагаа цухуйлгасан боловч Эмма Абрамовна өнөөхийг нь ухаж ойлгосонгүй гэвэл зөвдөх байх. Эцэст нь би өөрөө хүрч очоод шулуухан асуухаар шийдэв.

Эмма Абрамовна сүрдмээр хүн байсан юм. Гучин есөн онд Гитлерээс зугтаж, Польш хүн тул Сибирь рүү цөлөгдөж байсан агаад аль хэдийн хагас зуун илүүтэй өнгөрчхөөд байхад толиогоо алдалгүй сайхнаараа байв. Намайг очиход буйдан дээрээ хагас хэвтэж, хөлөө хөнжлөөр хулдсан байв. Нас сүүдэр өндөр болж, намайг ийм байдалтай угтаж авсан ч ааш зан яхир сүрдэм хүн дээр очиж буйгаа би мэдэж байлаа.

“Тэгээд чи Москвад юу хийж байна даа?” гэв.

Үнэн хариулт гэвэл хоккей маш их тоглож байгаа. Бас ч үгүй Октябрийн хувьсгалаас санаа авч Октябрь хэмээн нэрийдсэн улс төрийн жижиг бүлгэмийн ажилд идэвхтэй оролцож байв. Уг бүлгэмийхэнтэй Юля намайг танилцуулсан юм. Эхэндээ би гишүүдийг нь өнөө хүсч мөрөөдсөөр ирсэн академик нийтлэлийн сэдэв болж юуны магад хэмээн шохоорхож байсан ч тэдний үзэл бодол, Зөвлөлт засгийн дараа тогтсон, олон сая хүн, эмээг минь хүртэл өмч хөрөнгүй болгосон харгис тонуулч капитализмыг шүүмжлэхтэй нь санал нийлэх болж, бүр бүлэгт нь хүртэл элсэж орсон билээ. Эмма Абрамовнад энэ талаар би цухас дурдав.

“Тэд нар чинь тэгээд юу юм, коммунистууд уу?” гэж байна.

“Социалистууд” гэлээ.

“Маанагууд! Социализм байгуулах гэж энэ улс орон үздэгээ үзсэн. Би өөрөө туулаад гарсан юм. Үүнээс дор ганц юм гэвэл фашизм л байх шив.”

“Тэд өөр санаа дэвшүүлж байгаа.”

“Бүгд л өөр юм хэлдэг ч эцэстээ ялгаагүй төгсдөг. Хятад, Куба, Камбожийг хар. Аль ч социалист улсад очсон хөдөлмөрийн лагерь, бүр тэрнээс ч долоон дор юм байгуулчихсан байх вий. Үгүй дээ, баярлалаа.”

Одоо л яг асуудаг цаг. “Эмма Абрамовна, та мэднэ дээ. Баба Сева ерээд онд зуслангийн байшингаа алдсан. Очих газаргүй болохоор зун болгон л гуниглах юм” гэв.

“Мэднэ ээ. Надад бүгдийг нь хэлсэн” гэж Эмма Абрамовна хэлэв.

“Тэгээд би бодлоо л доо. Переделкинод тантай хэсэгтээ цуг байж болох юм болов уу? Тэгвэл зуныг тун дажгүй давчихна даа.”

“Сайхан санаа биш шиг байна” гэж Эмма Абрамовна жишим ч үгүй хариулав. Саналыг маань сонсоод өчүүхэн ч гайхсангүй. Эмээгийн маань цухуйлгасан санааг анзаараагүй хэрэг огтхон ч биш нь илт байлаа. Зүгээр л үл тоохыг илүүд үзжээ. 

Харин би л баахан гайхав. “Нээрэн үү?” гэж асуулаа. Эмээг бодвол Эмма Абрамовнад эргэж тойрдог хүн цөөнгүй байдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ арай ч хүн хар өдөр шөнөгүй увж цувдаг биш байлтай. “Яагаад болохгүй гэж?” гэж асуув.

“Боря, Аркади хоёр гэр бүлтэйгээ байнга ирдэг юм. Илүү зай гэх юм үнэндээ байхгүй” гэж Эмма Абрамовна хариулав.

“Зайтай болох долоо хоног ч байхгүй гэж үү? Та түүний сайн найз шүү дээ!” хэмээн би асуух биш гуйж байлаа.

“Тийм байж” гээд Эмма Абрамовна ам нь өөрийнх нь биш юм шиг мурийж тахийж байснаа “Гэхдээ боломж алга” гэх нь тэр.

Ингээд яриа дууслаа. Би чимээгүй болов. Эмма Абрамовна ярианы сэдвээ өөрчлөхийг санал болгож, туслах нь гэх Валя хэмээх Молдав эмэгтэй цай, жигнэмэг авчрав. Би ч гарахын түүс болж өнөөхийг нь бушуухан үмхэлж орхиод, аль болох эелдгээр салах ёс гүйцэтгэв. Элэг минь эмтэрч байлаа. Эмээгийн маань амьдралд нэг хаалга хаагдчих шиг болж, харин тэрийг нь мань хүн өөрөө ч мэдэхгүй явж байв. 

***

Гэртээ харих замдаа Юляд болсон явдлыг хэлэв.

“Яасан тоогүй юм бэ” гэлээ.

“Харин тийм ээ. Зуслантай хүн танихгүй биз?”

“Нээрээ Коля удахгүй бариад дуусчихна байх.”

Октябрь бүлгэмийн найз Николай гэгч хотын гадна зуслангийн байшин барьж байсан бөгөөд байнга туслуулах хүн хайж явдаг байлаа. Юля тоглоомоор шахуу хэлсэн ч муугүй санаа байв.

“Наадах чинь санаанд ороогүй юм байна.”

“Мань хүн байшингаа бариад дууссан ч гэлээ тэр хавьд үзэж харах юм ховор доо. Сэлэх газар ч байхгүй” гэж Юля хэлэв.

“Манай эмээ ямар сэлэх биш дээ. Асуугаад үзвэл ер яадаг бол?”

“Болохгүй нь юу байна. Үгүй гэвэл тэр л биз.”

Би Николай руу залгав. “Аан гээч. Энэ зун эмээг долоо хоног хотоос гаргах санаатай. Тэгээд танай зусланд аваачвал болох уу?” гэж асуув.

“Мэдээж! Ичгүүргүй муусайн капиталистуудад зуслангаа булаалгасан хүнд орон гэрээ хуваалцах нь нэр төрийн хэрэг” гээд хэсэг чимээгүй болов. “Гэхдээ байшинг зун гэхэд дуусгая гэвэл тусламж хэрэгтэй” гэлээ.

Хагас бүтэн сайныг би чамгүй хол зам туулан тэднийд очиж, будаг хийж, элс шавар зуурч, арын цэцэрлэгт ургасан зэрлэг зулгааж, узбек барилгачин залууст жижиг тэрэгнийхээ ачааг буулгах, угаалгын өрөө, гал тогоог засаж сэлбэхэд тусалж өнгөрөөдөг болов. Ингээд надад долоон сарын дундуур долоо хоног зусланд нь байхыг зөвшөөрлөө.

Энэ хооронд эмээгийн ганьхарч суудаг нь улам л олшров. Бие хаа нь хариугүй жижгэрч, нүднийх нь гал ч бөхөж байлаа. Дотор нь улам л эзгүйрч хоосорч байв.  

Нэг мэдэхнээ ямар нэг анхааруулга сануулгагүйгээр үдшийн мэдээ ч үзэж чадахаа болив. Улс төрчид, улс орны удирдагчдыг хараад ой нь гутаж огиж бөөлжих нь холгүй болсон тул оройдоо бид хоёр Зөвлөлтийн хуучны кинонууд л үздэг болов. Юу үзэхийг бидэн хоёрт зааж чиглүүлэгч гол хүн болох Юля заримдаа манайд ирж хамт үздэг байлаа. Бусад үед би дараа нь түүнтэй уулздаг байв. Юля манайд хонож өнждөг болсон бөгөөд эмээ ч энэ явдалд уриалган байлаа. Гэр бүлээ шинэ хүнээр тэлж байгаад баярлаж байх шиг байв.

Тийм боловч үдийн цайны дараа үхлийн тухай ярьсаар л байлаа. Нэг өдөр цай ууж суухдаа тэр “Би нэг эмийн санчаас хор өгөхийг гуйсан юм. Мөнгө хүртэл өгсөн. Гэтэл одоо хүртэл байдаггүй шүү.”

 “Юу? Хэн?”

“Эмийн санч.”

“Хаана?”

“Тэрүүхэнд” гэж гадагшаа заав. Хөнгөлөлтийн карттай өнөө эмийн сан л байх даа, хэн мэдлээ.

“Ямар хор?” гэж асуув.

“Намайг хөнөөчхөж дөнгөхөөр л хор асуусан юм. Уул нь тиймэрхүү юм бий гэсэн.”

Ийм зүйл яг таг болсон эсэхэд эргэлзэж л суулаа. Би өөрийгөө өнөөх эмийн санд очоод, шилэн цонхоор нь шагайж, хэн эмээд минь хор өгнө гэж амласан талаар шалгааж байна гэж төсөөлөв.

“Европт нэг газар байдаг гэнэ лээ. Нэг байшинд ороод л, үхмээр байвал тэд тусална.”

Эмээ эмчийн тусламжтай амиа егүүтгэл буюу эйтаназийн тухай ярьж байв. “Сайхан биш гэж үү? Явмаар байвал чинь явуулж л орхино” гэх нь тэр.  

Ийм юмны талаар би түүнтэй маргахаа болиод удаж байв. Аятайхан гэдэгтэй нь ч санал зөрсөнгүй. Харамсалтай нь энд тэгэх боломжгүйг санууллаа.

 “Харин тийм ээ. Боломжгүй” гэж эмээ толгой дохив.

Орой болж орондоо орохоосоо өмнө эмээ намайг хааяа хамт жаахан суугаач гэдэг байв. Удаан юм уншиж чадахаа больсны дээр нуруу нь өвддөг болжээ. Орондоо хэвтээд барьж уншихад дөхөм байдгийг нь бодож номыг бүлэг бүлгээр нь тасдаж авдаг болов. Нэрмээд ой тогтоолт нь муудсан тул урт юм уншаад ойлгоход бэрхтэй болов. Хоёр хүний давжаа орон дээр хамар дээрээ нүдний шилээ тохчихоод, нимгэн багц хуудсыг ахин дахин эргүүлж хэвтэхэд нь би хажуугийнх нь буйдан дээр суудаг байлаа. Ингэж байгаад нойрондоо дийлдэхээр нь шилийг нь сэмхэн авч, хөнжлөөр нь хучиж, гэрлийг нь унтраадаг байв. Хаврын тэр нэг өдөр эмээг унтсаны дараа хийх хэрэгтэй эсэхийг эргэцүүлж сандал дээрээ би хэсэг суулаа. Эмээ минь зовж шаналж байв. Уйдаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт мэдэрч, гуниглаж байлаа. Ээжийн минь ээж амаа ангайж, шүдээ цухуйлгаад, аяархан хурхирна. Тахиман доороо ивсэн дэрийг нь би сэрээлгүйхэн сугалж аваад нүүрийг нь алгуур таглахад эмээ сэрэх ч үгүй биз. Эмээ өөрөө ингэхийг хүссэн шүү дээ. Сэрэхгүй байхыг! Гэхдээ дэрээр бүтээх гэвэл мэдээж сэрнэ л дээ. Төгсгөл ирэхийг хэдий оюун ухаандаа мөрөөсөж байвч зөнгөөрөө тэмцэлдэж буйгаар би ургуулан бодов. Тэгээд би цагдаа нарт юу гэж хэлэх вэ? Надаас ингэхийг өөрөө гуйсан гэх үү? Хүүхэд шиг нялх царайтай цагдааг дотроо төсөөлөв. Тэр үүнийг ойлгоно гэж үү? Түүнийг хахуульдах гэж үздэг юм билүү? Ингэвэл харин ч гэм буруутай гэдгээ битүүхэндээ хүлээчхэж буй хэрэг биш үү? 

Энэ бүхэн хамаагүй. Би ийм зүйл хийх гээгүй. Надад тийм зүрх зориг ч байхгүй. Надаас дөнгүүр хүн л ийм юм хийж чадах биз ээ.

***

Зуны хамгийн зугаатай сайхан үе Николайн зусланд өнгөрөв. Хойшилж саатсан, үнэ өртөг нь хэтэрсэн явдал мэр сэр гарсан ч долоодугаар сарын дунд гэхэд ажлаа дуусгалаа. Николай ялсан баатрын дүрээр өөрөө тэнд долоо хоносны дараа бидэнд шилжүүлж өгөв.

Зуслан хүрэх зүдэргээт замыг эмээ нийтийн тээврээр туулж барна гэдэг бүтэхгүй санаа байсан тул Юля бид хоёр найзынхаа зэвэрч муудсан хуучин Ладаг түр зээлэв. Би Москвад ер тэрэг жолоодож үзээгүй байсныг хэлэх үү сүнс зайлахаа шахав. Дан ганц том хот байгаад зогсохгүй эмх замбараагүй нь дэндсэн газар билээ л. Туслах зам нь давчуу нарийхан, төв зам нь асар өргөн, зарим өргөн хэсэгт гэрлэн дохио байхгүй тул зүүн эргэх боломжгүй байв.

Ямартай ч бид аваар осолд орчихолгүй шиг зусланд ирлээ. Миний эзгүй хэдэн долоо хоногт Николай нэлээд юм засаж сайжруулжээ. Цэцэрлэгийг цэвэрлээд дуусгачихсан нь хамгийн олзуурхууштай хэрэг байв. Зэрлэг, илүү гарч ургасан өвс ногоо бүгдийг түүчихсэн, бут сөөг нь ч жаал хэлбэр дүрс орсон байх аж. Эмээ нэгийг нь ажиж хараад “Бөөрөлзгөнө!” гэж дуу алдав. Түүний зөв байлаа. Эмээ хүрч очоод бөөрөлзгөнө түүгээд идэж эхлэв.

Иймэрхүү байдалтай тэнд долоо хонолоо. Нэг давхарт эмээ унтаж болохуйц нэг ор байсан нь шатаар авирна гэхгүй амар байсан ч хамгийн ойрын хүнсний дэлгүүрт алхаж хүрэхэд дэндүү хол байсан тул өглөө бүр машинаар очиж төмс, хүрэн манжин, байцай, талх авдаг байв. Николайн зөвлөснөөр нэг өдөр Юля бид хоёр тосгон орж айлуудын хаалга тогшин өндөг худалдаж авах юм болов. Нэг хүнээс бид хамгийн ихдээ хоёр л өндөг худалдаж авч байлаа. Тэдэнд байгаа нь л тэр бололтой байв. Тийм боловч бид хоёр хорин өндөгтэй болтлоо амсхийсэнгүй. Юля бид хоёрын хэн нь ч хоол хийж чаддаггүй боловч эмээгээс заавар зөвлөгөө авсны ачаар ойр зуур хоол унд аялуулахтайгаа болж тэрхүүхэндээ хүн бүр сэтгэл хангалуун байлаа. 

Зуслангийн байшин эзгүй зэлүүд газарт байв. Бид горхины хоржигноон, шүүдэр буусан модод, өвс ногооны үнэр сэнгэнэсэн өглөөний цэнгэг агаарт сэрдэггүй байсан. Гэхдээ бид Москвад биш өөр газар байгаа нь л амралт гэсэн үг шүү дээ.

Юля бид хоёр өглөө нь ажиллаж, үдээс хойш нь хаягдаж хоцорсон ойролцоох хайрга бэлтгэх газар руу алхдаг байв. Эмээ далбагар хүрээтэй нарны хуучин малгайгаа өмсөөд арын цэцэрлэгт нарлах бөгөөд үе үе босч шавхагдашгүй гэмээр үр жимстэй бутнаас бөөрөлзгөнө авч үмхэлнэ. Нэг өглөө Юля бид хоёр гал тогоонд ортол эмээ аль хэдийн гадаа гарчихсан бөөрөлзгөнө түүж байлаа. Таяг тулалгүй ганц алхаж хүчрэхгүй байсан хүн чинь хамаг байдгаараа суначихсан бөөрөлзгөнө түүж байв. Юля “Эмээ яг л бяцхан байвгай шиг харагдаж байна” гэв.

Би хайрцаг дүүрэн Зөвлөлтийн үеийн киноны хуурцаг авчирснаа орой нь хамтдаа үздэг байлаа. Яхир эмэгтэй дарга номын боловч нүдэнд дулаахан нэг ажилтандаа сэтгэл алдарч буй тухай өгүүлэх “Ийм нэгэн явдал” гэж кино, нэгэн эр үл мэдэх газраас эргэн ирж хуучны амраг болон дайнд ээж нь амь үрэгдсэн өсвөр насны дүүтэй нь цуг таван оройг өнгөрүүлж байгаа тухай Никита Михалковын “Таван үдэш” гэдэг кино үзэв. Уг кинонд 1950-аад оны тухай гарах бөгөөд гол дүрийн эр Саша шоронд хоригдож байсан, аль эсвэл зүгээр л орхиод явчихсан ч юм уу, чухам яагаад эзгүй байсан нь тодорхойгүй. Хуучин найз бүсгүй Тамара нь түүнээс цэрвэж хөндийрхөх авч арай ч өсөрхөж нүд үзүүрлэхгүй бол жаалхүү түүнийг нэг нүдээрээ ч үзэхгүй. Киноны төгсгөлд Саша хүүгийн итгэлийг бага ч атугай олж авч тэр гурав хамтдаа цагийг өнгөрөөнө. Гэхдээ л аз жаргалтай кино биш ээ. Сүүлийн үзэгдэл дээр Тамара Сашад эргэлзэж байснаа больж, өвдгийг нь дэрлэж унтахыг зөвшөөрдөг. Тухайн үеийн Зөвлөлтийн үзэгч нарт амраг хосын салсан шалтгаан нь анхнаасаа л ойлгомжтой байсныг бид сүүлд ухаарсан юм. Дайны гал хос хоёрыг улс орны өөр өөр булан руу түлхэж орхисон бөгөөд Саша сая л нэг арайхийн эргэж ирсэн нь тэр байж. Өвдгийг нь дэрлэн нойрсож байх зуур Тамара ирээдүйгээ ахин хамтдаа төлөвлөж эхлэх агаад ийнхүү залбирдаг. “Дайн дахин бүү дэгдээсэй. Дайн дахин бүү дэгдээсэй.”     

Кино дуусахад эмээ “Тийм шүү. Дайн дахин бүү дэгдээсэй” хэмээн бувтнаж байлаа.

Энэ л үг Зөвлөлтийн үед уриа лоозон болж, гүн гүнзгий утга агуулж байжээ. Эмээгийн минь авааль нөхөр, миний өвөө галын шугам дээр амь үрэгдэж, эцгийнх нь эрүүл мэнд тааруу байсан ч эцэг эхийг нь Москвагаас хүчээр нүүлгэж, энэ бүхний завсар өөрөө хөл хүнд болж ээжийг минь төрүүлж байж шүү дээ. Дайн дахин бүү дэгдээсэй. Энэ л үгэнд айдас хүйдэс, итгэл найдвар сүлэлдэх авай.

Шөнөдөө эмээгийн ор болдог буйдан дээр бид зэрэгцээд сууж байлаа. Өвөө дайнаас эсэн мэнд үлдсэн бол эмээ маань ахиад үрийн зулай үнэрлэх байжээ. Аль эсвэл шалавхан ахиад гэрлэсэн бол. Өөр хүүхэдтэй болсон бол яг одоо тэд энд дэргэд нь байж, Дима бид хоёроос гадна өчнөөн олон ач зээ нараа тойруулаад сууж байхсан даа.

“Гэхдээ амьдрал хаашаа эргэхийг хэлж ямар мэдэх биш дээ” гэж эмээ гэнэтхэн хэлэв. Эрхгүй үнэн үг байв. Би яагаад ч юм эмээгийнхээ гарыг атгалаа. Хариугүй жаахан хэрнээ эмээ маань гайхмаар том гартай байв. 

Сэтгэгдэл хэсэг