Ц.ЭНХ-ОД: "ХАЙР БИЙ!" ГЭЖ ХАШХИРЧ БУЙ ХҮМҮҮС


Бараг л хүн бүхний амьдралд утга учир, хүч өгдөг хайр хэмээгч нь учирч болох аливаа эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр ирдэг бэлэг байж таарахгүй. Аюулгүй байдлаа нэгд тавьсан, бүх эрсдэлээс бүрэн дүүрэн хамгаалагдсан, тав тухыг л чухалчилсан, нөхцөлт, болзолт хайрыг эрхэмлэх орчин үеийн хүмүүсийн хэт өөртөө төвлөрсөн нарциссист хүсэл нь санамсаргүй учралаар учирч, ялгаатай талуудаараа орчлон ертөнцийг шинээр нээн, амьдралыг туулах учиртай хайр сэтгэлийн үнэ цэн, жинхэнэ мөн чанарыг гутаан, үхэшгүй мөнхийн гэж бидний сэтгэлдээ сүлдлэн төсөөлж байсан хайр сэтгэлийг үхүүлж мөхөөхөд хүргэж байна.

Нийгмийн үнэт зүйлийн төлөөнөө эрэг шураг болгон зүтгэгч байхаа болиод, хэзээ ч ханаж эс цадах эгоныхоо буулган дор талхиулагч болсон орчин үеийн хүмүүсийн хэт нарциссист мөн чанарт улам бүр шахагдсаар буй хайр сэтгэл хэмээгч нь өөрөөсөө гарч, өрөөлийн нүдээр хорвоо ертөнцийг харж, өрөөлийн хамт ертөнцийг танин мэдэх хамтын үйл, хоёрын үзэгдэлд уриалан дууддагаараа биднийг улам бүр томрон хүчирхэгжсээр буй эгоны дарлалаас минь суллан чөлөөлөх сүүлчийн аврал болж чадах уу? Хайр хэмээх энэ дэврүүн хийсгэлэн, барьцгүй юм шиг атлаа бодит ертөнцөд л боломжтой, тун нухацтай ойлголтыг Францын философич Ален Бадью философийн үүднээс задлан шинжилж, оношлон хэлэлцсэн нь "Хайрын магтуу" хэмээх ном болон уншигчдад маань хүрээд удаагүй буй. Подкастынхаа энэ дугаараар "Хайрын магтуу" номын орчуулагч Цэрэнбалжирын Энх-Одтой хамт хайр сэтгэл, түүний өмнө тулгарч буй сорилтууд, хайрыг ойлгох, таних бидний ойлголт, танин мэдэхүйн алдаануудын талаар ярилцлаа. 

Сэтгэгдэл хэсэг