УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРЧУУЛАГЧ: Г.ХОНГОРЗУЛ

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Орчуулгын төрөлд дээр дурдсанчлан 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 орчуулагчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан орчуулагчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн орчуулагчдаас шилдэг ТАВД багтсан дараагийн орчуулагч бол Ганболдын Хонгорзул. Тэрбээр Хятадын зохиолч Үй Хуагийн "Бүрэнхийн хөвгүүн" өгүүллэгийн англи хэлнээ буулгасан эхийг хятад хувилбартай нь харьцуулан орчуулжээ. 


БҮРЭНХИЙН ХӨВГҮҮН
(Англи, хятад хэлнээс орчуулсан Ганболдын Хонгорзул)

Намрын нэгэн өдөр үд дунд Сун Фү, жимс зардаг тавцангийнхаа дэргэд нарны гялтганах туяанд нүдээ онийлгон сууна. Урагш тонгойсхийн гараа өвдгөн дээрээ тавиад тухлан суухуйяа түүний буурал үс нарны туяанд өмнөх зам лугаа мөнгөрч харагдана. Энэ зам өргөн энтэй, ганц чиглэлтэй маш хол үргэлжилдэг билээ. Сун Фү энэ л нийтийн тээврийн зогсоолын дэргэд гурван жилийн турш жимс зарж байгаа юм. Тэр шинэхэн жимсээ гялалзтал арччихаад байтал, хажуугаар нь машин тоос манаруулан шунгинан өнгөрчээ.

Манарсан тоос арилахад мухлагийнх нь өмнө муухан хувцасласан өрөвгөр жаал гялалзсан хар нүдээрээ түүнийг ширтэж байлаа. Жаал хиртэж саарьтсан гараараа гялалзтал арчсан алимыг барьсныг Сун Фү хараад яв хэмээн дохиод "Арилж үз" гэж хэлэв.

Хүү саарьтай гараа татаж, цааш сажлав. Гараа унжуулан, хөлөө зөөж ядан алхахыг нь харахад турьхан биедээ толгой нь томдсон уу гэлтэй.

Сун Фүг эргэж харахад зорчигчид мухлагийн дэргэд зогсоод “Алим хэд вэ?”, “Гадил хил нь хэд вэ?” гэхчлэн асууна.

Сун Фү босч жимсээ жинлэж өгөөд, мөнгөө авчихаад дахин гараа өвдөг дээрээ тавин суухад мөнөөх хүү хажуу талаас жимс рүү нь ширтсээр ирж явааг Сун Фү нүднийхээ булангаар ажиж байв. Жимснээс нүдээ салгаад Сун Фү рүү харж "Би өлсөөд байна" гэж бувтнав. Тэр чимээгүй байсанд хүү дахин “Би өлсөж байна” хэмээн хэлэхэд хоолой нь чичирч байлаа. Сун Фү хүүг эндээс холд хэмээн хөмсөг зангидан хэллээ. Жаалын салганан буй нь их л эвгүй санагдсан тул даруй “Эндээс холд” хэмээн дуугаа өндөрсгөв. Хүү овсхийн цочсоноо хөлөө дааж ядан цааш эргэв. Су Фү түүнээс харцаа салгаад, замаар ирж буй хот хоорондын автобусыг харвал хаалга хүртэл хүмүүс мөрлөн цуварсан нь цонхоор харагдав. Тэгтэл нүднийх нь буланд өнөөх хүү нэг бөөрөнхий зүйл  барьчихаад гүйж явааг хараад алимаа алдсанаа сая л сэхээрч “Хулгайч...Хулгайчийг бариарай” хэмээн хашхичаад араас нь харайлгав.

Энэ үед хэдийн үд өнгөрсөн байлаа. Жаал хурдны замын дагуу тоос манарган зугатаж байв. Тэрээр хашхирсаар хойноос нь хөөн яваа Сун Фүг эргэж харчихаад цааш зугатсан ч багтарсандаа гуйван бүдчиж, ямар ч тамиргүй болж, сүүлдээ алхалж эхэллээ. Дахин эргэж харахад Сун Фү ч түүний яг хойхно нь хашхирч, гараа ууртайгаар савчин даллаж байлаа. Тиймээс жаал яах ч аргагүй болсноо ухааран, хүндээр амьсгаадсаар  зогсов. Сун Фүг барьж авахад өнөөх жаал алимнаас томхон хазаад амжив.

Сун Фү гараа далайн хүүг цохиж, алимтай гарыг нь дэлсэхэд, тэр алимаа зуусан чигээрээ газарт унав. Тэгээд гараараа толгойгоо хамгаалангаа алимаа идсээр л. Энэ нь мань эрийн уурыг улам дэвэргэж, заамдан босгож, хоолойг нь шахахад, хүүгийн нүд нь бүлтийн, хацар нь улайж, аман дахь алимаа зажлахаа болив. Хүүг заамдан, хүзүүг нь шахаад "Амнаасаа гаргаач", "Алив, нулим" хэмээн орилж байлаа. Шуугианаар хүмүүс цуглаж эхэллээ. "Тэр миний алимыг хулгайлж хазсан. Залгих гэж оролдож байна!" хэмээн хүмүүст хэлээд хүүг чангаар алгадав. Тэгээд "Алив, наадхаа нулим" хэмээн дүрсхийв. Гэвч хүү шүдээ улам зуужээ. Сун Фү дахиад л хүүг багалзуурдан "Наадхаа нулим" хэмээн хашгирав.

Хүүг ангайхад хазсан алимны хэсэг нь харагдаж байлаа. Тэр хөвгүүний хоолойг бахим гараараа улам шахахад нүд нь бүлтрэх шахаж байлаа. Хэн нэгэн  "Сун Фү, түүний нүд аяганаасаа бүлтэрлээ. Чи түүнийг боож алах нь уу!” хэмээн анхааруулав. "Тиймээ, тэр миний гарт үхэх болно" гэж хэлсэн ч хүүг тавьж, "Миний үзэж чаддаггүй ганц зүйл бол хулгайч ...Наад аман дахиа хаяач, хулгайч минь" гэж гараа занган хэлэв. Хүү шүдний оог шахаж буйтай адил алимаа бага багаар гаргаж хаясаар байв. Дууссаных нь дараа Сун Фү хүүгийн амыг хүчээр ангайлгаж хараад "Чи бүгдийг нь хаяагүй байх шив. Үлдсэн л байна даа" гэж анхааруулав. Хүү хэсэг зажилсан алимыг шүлстэйгээ нулимав. Жаал амаа хатаж хуурайших хүртэл нь зогсолтгүй нулимсаар ахуйд Сун Фү "Одоо болно оо" гэж  хэлэв.

Тэнд цугларсан хүмүүсийн дунд олон танил царай байв. Сун Фү "Хуучин цагт бид хэзээ ч хаалгаа түгждэггүй байсан, тийм үү? Энэ тосгоноос цоожтой айл хайгаад ч олддоггүй байсан биз? гэж асуухад хүмүүс ч хүлээн зөвшөөрөн толгой дохив. "Одоо хаалгаа түгжээд зогсохгүй, давхар давхар цоож ашиглах хэрэгтэй болсон. Яг түүн шиг хулгайч нараас болоод л тэр шүү дээ. Тийм учраас л би хулгайчдыг үзэн яддаг" хэмээн үргэлжлүүлэв.

Сун Фүгийн ярьж буй зүйлд үнэмшсэн мэт гайхан зогсох золгүй жаалын царайны хувирал нь түүнд сонин санагджээ. "Хэрвээ бид хуучны зарчмаа дагавал, юм хулгайлсан гарыг нь хугалах ёстой ..." гэж Сун Фү хүү рүү хараад "Аль гараараа хулгайлсан бэ?" гэж бархирав. Хүү чичирч, баруун гараа даруйхан ардаа нуув. Сун Фү гарыг нь шүүрэн авч, хүн бүрт үзүүлээд:  "Энэ гар нь байж ээ. Үгүй бол яагаад тэр даруй нуухыг хичээх билээ?" гэсэнд  "Биш ээ, энэ гар биш!" хэмээн хашгирав. "Тэгвэл энэ гар байсан юм бий вий?" гээд Сун Фү хүүгийн зүүн гарыг барьж авсанд "Үгүй, энэ биш!" хэмээн орилоод хөвгүүн гараа татаж авахыг оролдоход нь Сун Фү гуйвтал нь алгадаж орхив. Дахин цохиулсныхаа дараа ч гараа тавиулахыг оролдсоор л байсанд Сун Фү түүнийг үсдэж зуураад "Аль гараараа хулгай хийсэн?" хэмээн хашгираад нүд рүү нь ширтлээ. Хүү Сун Фүг хараад айсандаа нүд нь дүрлийж, баруун гараа сунгав. Сун Фү хүүгийн бугуйг барьж, зүүн гарын дунд хуруугаар нь баруун гарыг нь зааж, тойрсон хүмүүсээс: "Хэрвээ бид хуучны заншлаа дагавал, энэ гарыг чинь хугалах ёстой. Бид үүнээс илүүг хийж чадах ч үгүй. Бид чамд сургамж өгөхийг чухалчилж байна. Хэрхэн сургамж өгөх вэ?" гэж асуугаад хүүд хандан:  “Энэ л чамд сургамж болно” гээд хүүгийн хоёр гарыг хүчлэн дарж байснаа баруун гарын дунд хурууг нь нужигнуулан хугалж орхив. Хүү хоолой мэдэн часхийтэл хашгирав. Тэр гарынхаа ар тийш хөшигдөж гэмтсэн хуруугаа хараад цочирдон газар сөхрөн унав. "Энэ бол хулгайчдыг шийтгэх арга. Гарыг нь хугалж зүрхлэхгүй бол ядаж л хурууг нь гэмтээх хэрэгтэй" гэж Сун Фү хэлэв.

Тэгснээ Сун Фү бөхийгөөд хүүг босгов. Хүү өвдсөндөө нүдээ тас аньсан байхыг хараад "Нүдээ нээгээч! Алив, Хараатах" хэмээн хашгирлаа. Хүү нүдээ нээсэн боловч одоо ч өвдөж зовсондоо ам нь өмөлзөн мурчийж байлаа. Сун Фү түүний хөл рүү нь өшиглөж "Яваач!" хэмээн шаардав. Тэгээд хүүг заамдан жимсний тавцангийн урд руу түлхээд цаасан хайрцагнуудыг боож баглаж байсан олсоороо мухлагаасаа уяад, хүмүүст харуулаад "Би хулгайч байна! гэж орил, хашгираач" хэмээн шаардав. Хүү хэлсэн ёсоор нь хийх янзгүйгээр өөдөөс нь харсаар байсан тул түүний зүүн гарыг шүүрч аваад, дунд хурууг нь чангаар атгасанд "Би хулгайч!" гэж хүү уйлагнан хэлэв. "Хангалтгүй байна" гэж Сун Фү хэлээд "Бүр чанга" гэж шавдуулав. Тэр жаал Сун Фүг хараад, толгойгоо урагшлуулж, "Би хулгайч!" гэж хоолойныхоо хэрээр хашгирав. Сун Фү жаалын хүзүүний судас гүрвэлзэхийг харав. Тэгээд "Сайн байна. Чи хашгирах хэрэгтэй" хэмээн толгой дохилоо. Намрын үд хэвийх үесийн наран хүүг хурцаар ээж байв. Хоёр гар нь ардаа хүлээтэй төдийгүй хүзүүндээ олстой байгаа тул толгойгоо доошлуулж чадахгүй байлаа. Хүү тэндээ хөшөө мэт зогсож, зам ширтэхээс өөр аргагүй. Түүнээс гадна хүслэн болсон жимс нь байгаа боловч хүзүү нь хөшөөд хөдөлж болохгүй байгаа тул тийш хялайж ч чадахгүй л байв. Тэгээд хавь зуур хэн нэгэн өнгөрвөл, "Би хулгайч!" хэмээн заавал хашгирахыг Сун Фү шаардаж байлаа.

Сун Фү жимсний тавиурынхаа ард суугаад хүүг сэтгэл хангалуун харж байв. Тэр алим алдсандаа тийм ч удаан тавгүйрхсэнгүй харин ч алимны хулгайчийг барин шийтгэж буйдаа тун таатай сууж байлаа. Хавь орчмоор хүн явах бүрт хүүг хашгируулна. Хүүгийн хашгираан түүний жимсний мухлаг руу хүмүүсийг соронзон мэт татаж байгааг ч анзаарав.

Олон хүн "Би хулгайч" гэж хашгичин буй хүлээстэй хүүг хачирхан ирцгээж байлаа. Сун Фү тэдэнд хүүгийн алим хулгайлаад баригдсан, хэрхэн яаж шийтгүүлсэн тухай ярьж өгөөд "Энэ бол түүний өөрийнх нь сайн сайхны төлөө" хэмээн хэлж байлаа. Энэ бүхний эцэст “Хэзээ ч юуг ч хулгайлж болохгүй” гэдгийг л сайн ухаараасай гэж хүсч буйгаа ч илэрхийлж байв.

Дараа нь Сун Фү хүү рүү эргэж хараад "Чи дахиад хулгай хийх үү?" гэж ширүүхэн асуухад жаал толгойгоо сэгсрэв. Түүний хүзүү нь хөшиж гүйцсэн учраас тэр толгойгоо хүчтэй хөдөлгөөгүй  ч хурдан сэгсэрлээ. "Харав уу? Та минь ээ?" гэж Сун Фү ялгууснаар өгүүлэв. Хүү өдрийн турш хашхичсаар л байлаа. Түүний ам нь хатаж, уруул нь хуурайшин хагарч, хоолой нь сөөнгөтөв. Бүрий болоход хүүгийн дуу гарахаа больж, хоолой нь шивнэхээс давж гарахгүй байсан ч, "Би хулгайч" гэж байдаг тэнхээгээрээ хэлсээр байлаа. Хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс түүний хашгирах чимээг сонсож чадахааргүй болжээ. "Хүү "Би хулгайч" хэмээн хашгирч байгаа юм аа" хэмээн Сун фү чангаар дамжуулж байлаа.

Сун Фү олсыг тайлах үед бараг харанхуй болсон байлаа. Тэр жимсээ тэргэнцэртээ зөөж, цэгцэлж дуусаад жаалыг суллав. Сун Фү олсоо эвхэж тэргэн дээрээ тавих зуураа ард нь бөгтхөн түрхийх чимээ гарахыг сонсоод харвал хүү газар эвхрэн унасан байлаа. "Чамайг дахин юм хулгайлахгүй гэж итгэж болно биз?! гэж Сун Фү асуух, анхааруулахын хооронд хэллээ.

Тэгээд Сун Фү дугуйгаа тэргэнцрийн урд хэсэгт холбож, хурдны замаар явж одоход хөвгүүн газарт тэрийн хэвтсээр хоцров. Өлсөж цангасаар сул дорой болсон тэрээр олсноос тайлагдсан даруйдаа тамирдан унажээ.  Одоо хүү тэнд зам руу харж буй ч юм шиг, эсвэл юу ч харахгүй байгаа ч юм шиг сүүмийн хэвтэнэ. Хэсэг хөдөлгөөнгүй хэвтэж байснаа мод түшин хөл дээрээ тогтов. Тэгээд зам даган, баруунш чиглэн гэлдэрлээ.

Барууныг зүглэн бүрэнхий рүү аажмаар сажлах турьхан бие тосгоноос алхам алхмаар холдож байлаа. Зарим хүмүүс, Сун Фүгийн өдөр барьсан хулгайч гэдгийг мэдэж байсан ч тэд түүний нэр эсвэл хаанаас ирсэнийг нь мэдэхгүй байсан бөгөөд мэдээж тэд хаашаа явж буйг нь ч бас мэдэхгүй. Тэд хүүгийн баруун гарын дунд хуруу нь мултарч бүр ардаа гартлаа санжсаныг, мөн сажлан алсарсаар харанхуй руу уусан одож буйг л харж байлаа.

Харин Сун Фү тэр орой, урьдын адил, хажуугийн мухлагаас аяга цагаан будааны дарс аваад,  гэртээ орж ирээд хоёр таваг хоол хийгээд ширээнээ суув. Өдрийн яг энэ цагт нар цонхоор тусч өрөөг нь дулаацуулдаг билээ. Сун Фү энэ үдэш дарс ууж байлаа. Олон жилийн өмнө энэ өрөөнд тэрбээр үзэсгэлэнт эхнэр, таван настай хүүтэйгээ хамт амьдардаг байлаа. Тэр үед өрөө ямагт чимээ шуугиан, хөдөлгөөнтэй байдаг бөгөөд тэр гурвын ярилцах зүйл эцэс төгсгөлгүй мэт ундардаг байлаа. Заримдаа дотор сууж, гадаа эхнэр нь зуухаа галлахыг хардаг байв. Хүү нь хүрэмнээс чаргууцалдан, байнга шулганан ярьж,  юмсыг сониучирхан асуух нь Сун Фүд наалдамхай чихэр шиг л санагддаг байлаа.

Нэгэн зун үдийн хоолны үеэр хүүхдүүд Сун Фүгийн нэрийг дуудан хашгирсаар гүйлдэн ирэв. Тэд хүүг нь холгүй цөөрөмд уначихсаныг дуулгахад тэр сандчин гүйж, эхнэр нь цурхиран уйлсаар араас нь харайв.  Хүүгээ мөнхөд алдсан нь тодорхой болов. Тэр шөнө тэд харанхуйд хоёулхнаа сууж мэгшин гашуудаж, эхэр татан уйлцгааж байлаа.

Хожим нь тэд тайвширч урьдынх шигээ амьдарсаар хэдэн жил хурдан өнгөрлөө. Нэгэн өвөл хэрмэл үсчин тэдний гадна байрлажээ. Сун Фүгийн эхнэр гарч ирэн, үсчний сандал дээр сууж, нарны туяанд нүдээ аниад түүгээр үсээ угаалгаж, тайруулаад, чихээ цэвэрлүүлж, гар, мөрөндөө бариа хийлгэв. Тэрбээр өмнө нь хэзээ ч  ийм тайван амгалан байдлыг мэдэрч байгаагүй юм. Бараг л хайлж урсаж байлаа. Тэгээд бүрий болтол хүлээж байгаад хувцсаа хамаад үсчнийг дагаад явсан билээ.

Сун Фү одоо ганцаараа бөгөөд өнгөрсөн бүхэн нь хананд өлгөөстэй, бүдэгхэн хар-цагаан гэрэл зурагт л үлджээ. Энэ бол эхнэр, хүүтэйгээ авахуулсан гэр бүлийн зураг. Хүү томдсон даавуун малгай өмсөөд дунд нь зогсжээ. Зүүн талд нь үсээ сүлжсэн эхнэр нь жаргалтайгаар инээмсэглэнэ. Баруун талд нь амьдралдаа итгэл дүүрэн залуухан Сун Фү зогсож байлаа.

Сэтгэгдэл хэсэг