УРАЛДААНЫ ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: А.БӨХНЯМ

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.

Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цувралын дараагийн шүлэгч бол Авирмэд овогтой Бөхням.

1993 онд Завхан аймгийн Шилүүстэй Суманд төрсөн. Шилүүстэй сумын 11 жилийн сургууль, Утга Зохиол Нийгмийн ажилтны дээд сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2014 онд "Хэсэг хэсэг үүлс төрхөө эвдэх бас эвлэх эгшинд" шүлгийн ном хэвлүүлсэн. Одоо Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж амьдардаг. 


УЛИРЛУУД 

1

Царцаж байгаа өрөмний сүүн дээр
Царцаа үсрэхэд намар болдог
Цагийн далавчнаас эрвээхий зүүгдээд
Цамцны цэцэг шиг гоёл болдог

2

Өндөр ягаан ууланд цасан манан бууж
Өндөг цөөтэй шувуу хадан доогуур хярахад
Буурал ааваа учиргүй их санаж
Буруу товчилсон дээлээ ёс дагуулан заснам

3

Чөдөртэй морь гол гаталж
Чөмгөө шархиртал тэлгүүлсэн байх нь
Уриныг хадгалсан салхины түрүүчээс
Унаганы хөлс үнэртсэнд л байнам

4

Цүү хаяж, бүрэнхийг огтлон гүйх олноос зайдуу суухуй
Цүнхээл усанг товшуурдах борооны ховор дуслууд
Зуны гоо сайхныг ярина
Зуны гоо сайхныг..

 

         “ЧУДО”                                       Анд Т.А-д

Нигүүлсэнгүй, өршөөлгүй, час улаан хавар дуусаж байна
Нимбэгийн хальс шиг, эхнэрийнхээ ариун хэвлийг үнсээд...
Нээрээ хоёулаа том хүн болчихсон байна,
Энд үүл яг л нүүдгээрээ нүүж, амьдрал жирийнээрээ л...
Эл гуниг биеийн дотуур нүүж, гадагшаа намрын манан шиг үйж байна
Баруун зүгтээ зорчиж буй нарны сүүлийн гэгээг хараад
Бархирч уйлмаар сэтгэл  үймж, чамайг санаж байна
Залуу насанд заавал алдаа байх ёстойг
Зангуугаа буулгаж эрэг дээр зогсоод далайг ширтэх хөгшин эр шиг
Зангираад болохгүй хоолойгоо сонсоод л ухаарлаа
Зориг дүүрэн халаасаа ухаж, уралдан гаргасан архины мөнгө шиг
Золигийн өдрүүд хуучрах тусам чамайг ойлгож байна анд минь...

                                     НАР

Шугуйн гүнд хаягдсан дуу хоолой байгалийн идэш болж
Шувуудын сүүдэрт хиртсэн бараан тэнгэр нүдээ нээмүй
Модод шаналалаа даалгүй, салаа бүхнээрээ газар тулж
Мөөгний хүрээн дээр хоосон торх цайрч үлдэхэд
Сүв бүхнээрээ амьсгалах эх газрын голыг гогдон
Сүүлчийн хүний нулимс юүлэгдэж дуусахад салхи дуугармуй
Цэцэгт улирлын цээргүй мандагч хүрэн улаан нар
Цэрдгэр толгодоос гэрлээ татахад, уулс ниснэ.
Ясаа тулж амьдрах хүн болоод араатанг
Ясгүй дэлхий дааж ядан их удаан өнхөрнө.

А.Бөхнямын шүлгүүдийг СУИС-ийн багш, яруу найрагч Я.Баяраа ийн дүгнэжээ.

Шүлэг цэцэрхэл болчиход би дургүй. Шүлгээрээ цэцэрхээд унах ч дургүй. Тийм шүлэг биччихвэл өрөөлд аятай ч, өөрт аягүй мэдрэмж салдаггүй. Шүлэг гэдэг хүний сэтгэлд зайгаа олж ороод, шингэж үлддэг эд. Авирмэдийн Бөхнямын шүлгүүд ямартай ч миний сэтгэлд зайгаа олоод шингэлээ.

Түүний дүрслэл хоёр түвшинтэй байгаа нь юун  түрүүнд анзаарагдана. Эхнийх нь мэдрэмжийг шүүд гүтгэх чимгээр үзэгдэл, юмстай холбож уншигчийн сэтгэл рүү довтлох гэсэн оролдлого. Ийм оролдлого нь өнгөц харахад тун амжилттай болоод байгаа юм шиг. Гэхдээ яг сайхан зохицож амилав уу гэвэл нэг л дутуухан мэдрэгдэж байна. “Нар” хэмээх шүлгийн “Шугуйн гүнд хаягдсан дуу хоолой”, “Шувуудын сүүдэрт хиртсэн бараан тэнгэр”, “Модод шаналалаа даалгүй, салаа бүхнээрээ газар тулж”, “Сүв бүхнээрээ амьсгалах эх газар”, “Ясаа тулж амьдрах хүн” гэх хурц шадлал бүхий мөрүүдээс багтрал, бачимдлаа ямар нэг аргаар гадагшлуулах гэж ар араас нь тургилж буй үйл хөдлөл анзаарагдана. Маш эрчимлэг дүрслэлүүд эцэстээ уулын оройд хандсан зүгтээ орилсон мэт цуурай болон замхраад байна.

Энэ шүлгийг бичих үйл явц нь шүлэгчдээ таашаал байсан нь илт. Харин бичээд дууссан хойно нь хөндлөнгийн хүн уншихад хүчтэй таашаал төрүүлэх эсэх нь эргэлзээтэй: Өөрөөр хэлбэл төгс төгөлдөр бус гэсэн үг. Төгс төгөлдөр гэж юу юм гэж мөчөөрөлцөх хэрэг гарна. Яруу найргийн хувьд нэг өнгөөр харагдаад, нэг л өнгөөр сонсогдоод ирвэл үнэ цэнэ нь буурдаг. 

Дүрслэлийн дараагийн түвшин нь онолчдын ярьдгаар “Audition colorée” буюу “будагдсан сонсгол”-доо байна. Товчхондоо үгээр хүртсэн мэдрэмж өнгө, галбираар анхлан биеждэг гэсэн санаа. Энэ санаагаар яруу найргийг тайлбарлахад тун дөхөм. А.Бөхнямын шүлгүүд дэх үгсийн өрөлт тэсэж ядсан, жам ёстой тэрсэлдэх гэвч хүч чадлынхаа мөхөсийг мэдэрсэн бүүдгэр, дүнсгэр дүр төрх бий болгож байна. “Чудо” хэмээх хандал шүлгийн зүйрлэлүүд дунд олзуурхам гялсхийсэн мөрүүд байгаа ч цогц утгаар нь аваад харвал санагалзлаа илэрхийлсэн ерийн нэг захианаас өөрцгүй “цагаан шүлэг” санагдлаа. Будагдсан сонсгол нь “цагаан”. ”Нээрээ хоёулаа том хүн болчихсон байна”, “Залуу насанд заавал алдаа байх ёстой” гэсэн мөрүүд шүлгийн гялсхийсэн зүйрлэл, эрэмгий өнгө аясыг унагачихлаа.

Эхэнд өгүүлсэнчлэн, шүлэг гэдэг өөрөө хүний сэтгэлд зайгаа олж ороод, шингэж үлддэг эд. А.Бөхнямын шүлгүүд миний сэтгэлд ийм л янзаар зайгаа олов. 

Сэтгэгдэл хэсэг