ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС #2: НУЛИМС МИНЬ ГҮН ХОВИЛ БҮТЭЭЖ

 

ХЭТЭРХИЙ ОРОЙТОЖ ДЭЭ

Дөрвөн жил , дөрвөн намар урсан өнгөрчээ. Сэтгэлийнхээ хэдэн үгийг хэлэх гэж тэлчилсээр байтал бидэнд учрахын тавилан дутаж , уулзахын хувь үгүйрч одов, одоо яалтай вэ дээ. Гэвч , чи миний дэргэдээс нисэхэд чинь би сэтгэл дотроо мянгантаа уйлж тэгээд нулимс минь гүн ховил бүтээж түүн дотор би дөрвөн ч намрыг угтан энэхүү үгсийг тэрлэж буй. Ойлгоосой билээ. Тэр гашуун өдрийн ачаар л би жинхэнэ сэтгэлээ олсон юм шүү. Чамаас холдмоор санагдан байж гаргасан миний шийдвэр өдгөө чиний төлөө юуг ч хийж чадахаар болсон тэр жаахан охиныг бүтээсэн юм. Чамайг санаж өөрийгөө зовоомоор санагдсан үедээ би өнөөх л ногоон дэвтрээ гаргаад дурсамжаа тэрлэж суух нь чиний дэргэд байснаас хавь илүү санагдана. Гэвч одоо ч чиний бороонд хичнээн дуртайг бодоход цээжээр хүчтэй хатгуулж , гунигтайдаа цуг уншсан номоо гаргаж дэлгээд бүх хуудсыг нь уран уран галд хийчихмээр санагддаг. Тэр ном нь миний хамгийн хайртай ном байсан ч. Чамтай хамт суугаад ажсан тэр моддыг өнөөдөр харахад бүх мөчир нь дэлгэрэн салхи даган хийсээд " яагаад чи гунигтай байгаа юм бэ , маргааш дахиад л ганцаараа дэргэдүүр минь өнгөрөх үү" хэмээн ярьж тэртээд үлдсэн он цагийн урсгал руу бодлыг минь шидэж орхиод , тэгээд би тэнд очин нүд рүү чинь харж чадалгүй баахан уйлаад... 
Хэдийн дөрвөн жил , дөрвөн намар...
Надад ярьдаг байсан мөрөөдлөө биелүүлэхийн төлөө чи яг одоо дэвтэр шагайн сууж байгаа байх даа. Би чадахгүйнээ , шантраад байна хэмээн гуниглах бүртээ над руу цоо ширтээд хэлэх үгэнд минь чих тавин суудаг сонин зуршлыг чинь би дахин мэдэрч чадах сан болов уу. Анзааралгүй гаргадаг жижигхэн үйлдлүүд чинь яагаад миний сэтгэлд томоос том зай эзлээд хоногшчихсон юм бол оо. Гэвч одоо гэдэг цаг хугацааг бид өнгөрсөн гэгч харамслаар дүүрэн он жилүүдээр сольж чадахгүй. Болчихсон , болоод өнгөрчихсөн дурсамжуудын араас гуниглаж болохгүй. Нис дээ нис , шувуухай минь. Холын хол алсын алсад. Чи нисэх тавилантай. Иймийн тулд би чамайгаа тавьж явуулахаар шийдэв. Хамгийн эхний агаад эцсийн удаа чамд сэтгэлийн үгээ хэлмээр санагдавч , эргээд харахнаа бичсэн хэдэн үг маань сэтгэлийн тэр том дурсамжуудыг илэрхийлж чадахгүй байна аа , ойлгоорой.
Дахиж эргэж харахгүй , дахиж чамайг бодохгүй. Чи ч бас битгий өөдөөс ширтээрэй , харцанд чинь ооччих гээд байдаг.

Баяртай , намар минь.

Сэтгэгдэл хэсэг