АМЬ ТЭМЦЭХ СҮНСНИЙ ДУУ

Ямар ч үггүй хэрнээ дотор сэгсчих транс ая… нэг хэмнэлээ нэвштэл давтах нь залхмаар ч сонсоод л баймаар, сонсох тусам ховсдуулаад, бүр салж чадахгүй гүн рүү нь шунгасаар хөл алдан самгардахдаа хэн нэг нь энэ гайтай хөгжмийг унтраачихаасай гэж тэчьяадан хүсэх мөртлөө гэнэт тасалдчихвал гаслан харуусмаар тийм сонин, зовиуртай мэдрэмж…Үүнээс өөрөөр дүрслэх эвээ олсонгүй…Угаас би хэт шунан дурласан юмаа илэрхийлэхдээ үгсийнхээ санг самардаг. Самарч самарч хамгийн утгагүй, салангид үгсийг хааш яйш зүйж орхиод.. санаа амарна. Сэтгэлээ сийчүүлснийхээ хариуг тэгж л авдаг байх…Ойрын хэд хоног яг л ийм эмх цэгцгүй, салан задгай, эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй хачин орчилд “Амь тавих сарууд” ном намайг түлхээд оруулчихлаа. Гаръя аа гарч болохгүй гачлантай хэрнээ амттай. Унш гэж хэн ч албадаагүй байхад л уншмаар санагдах чинь донтолт биз дээ.

Муурын нүднээс амьдрах чин хүслийг олж хардаг тухай, биеийнхээ хаа нэг хэсгийг албаар эсгэж өвдөлтийг мэдэрдэг тухай, тэгээд тэр сорви нь эдгэрэхдээ хэр уддагийг ажигладаг тухай, дурлал нь бүтэлгүйтэж хаягдах болгондоо талархдаг тухай тийм солиотой мөрүүдэд яагаад тэгтлээ эзэмдүүлэв ээ

Хэзээ ч хайртай байгаагүй

Хэсэгхэн зуур л сэтгэл гаргасан

Чиний үлдээсэн орон зайд

Чимээгүй уйлж суусан сахалтай жаал

Одоо бол өөрөөсөө ч хатуу болсон

Орхигдож хаягдах бүртээ талархаж сурсан

Угаас сорвитой, тэр нь эдгэдэггүй

Уйланхай зүрх төрөхөөс минь л байсан.

Хүнийг зовлон биш ганцаардал л хатуужуулдаг юм шиг ээ. Тэнгэрлэг хаягдаад тэрэндээ шаналан шархирсаар, шархтайгаа өндийсөн тэр цэг дээр л хүн эгц гишгэдэг, цэгц зогсдог. Эргээд харахад нэг алхам урагшилсан байдаг. Аан, төрөлхийн сорви уу, мэдэхгүй юм даа… юухан дээр ч сэдэрдэг нэг тийм хөндүүр хүн бүрт л бий байх.

…Үг ерөөс амьгүйсэн бол шүлэг гэдгийг

Чиний нүд гэж өөртөө итгүүлэх байсан

Үйлдэл бүхэн ижил давтамжтай 

энэ ертөнцийн нэгээхэн чөлөөнд

Өөрийн чинь гэрэлтэхийг үзээгүй бол

Үхэх байсан…

Хар цамцан дээр нь цав цагаан сар зурмаар болтлоо гансарч үзэхсэн… Тэгээд тэр сарны бичил зай дээр амь тэмцэн чихцэлдэх үгсийг хайр найргүй асгамаар, тэр үгс яг л шоргоолж шиг шаваад эрвээхэй шиг шатаж байгааг харж бах таваа хангамаар.. үгүй ээ, би уг нь амьтан тамлахыг хүсдэггүй, гэхдээ энэ ном л ийм сэдэл төрүүлсэн шүү. Тэр ч байтугай зам гарч буй нохдын бодлыг уншиж, шарж идсэн тахианы яс руу тэд яаж өлөлзөхийг төсөөлж, амилсан үгс хирдхийн үхэхийг ч хүйт даан мэдэрч байна.

…Ярих хэлгүй, холхих хөлгүй уйтгар гуниг шигээ

Яг тийм үл үзэгдэх чимээгүй сэтгэлээр хайрлаж сурлаа

Нисэх жигүүргүй, хүрэх сарвуугүй

Орь дуугүй шаналан шигээН

эрийг чинь дуудалгүйгээр

Дотроо хашгирч үзлээ….Танил санагдав… Чимээгүй хашгираан… Чаддагсан бол тархиныхаа яг тэр хэсгийн мэдээллийг арччихмаар, гавал руугаа гараа шургуулж байгаад түүнтэй холбоотой бүх дурсамжийг базаж гаргаж ирээд түүдэг гал руу шидчихмээр… Тийм өдрүүдийн дэргэдүүр ёс суртахуун тээгээд өнгөрсөн бол өдгөө харамсах л байж. Тэр чигтээ ингээд шүлэгт буучихдаг, мэдрэмж л юм даа. Өрц цөмлөн нэвтлэх мэт хэрцгий шүлгүүдэд өм цөм идүүлж байгаа өөрийгөө хөндлөнгөөс харж энэлэв.

…Шарх бүрийг минь тэмтэрч үзсэн гар хурууд чинь

Шаналанг би тэвчиж сурсан гэх шиг намайг тэвэрнэ.

Элж мөлийсөөр хумхийн тоос болох бүхний хойно

Энэ шүлгийн мөрөнд хоёулаа хувирч орхивол

Нурж ганцаардах сэтгэлийг чинь би ойлгоно

Нуугдаж харин битгий уйлаасай гэж хүснэ…

Ирээдүйгээ ерөөсөн түүний хамгийн гэгээлэг шүлгээс ч би гунигийн мөр олсон, олзуурхсан. Цул шархтай зүрхийг нуль уучлалаар л цойлдох биз ээ. Тийм тэнүүн хайр хаа нэгтээ байж л таараа. Дурлалын карьер дуустал ч зай ч байна, лай ч байна...

Гэрэлтэж буусан цасны дуугүйхэн үхэл шиг

Гэмшил тээсэн ч эргэж харалгүй зоримог алхаарай

Толгойгоо гилжийлгэн ширтэж суугаа энэ перс муур адил

Томоогүй жаалын зүггүйтэлд хутгалдсанаа ойлгоорой…Дахиад л муурын нүд… Тийм нууцлаг гэнэхэн, сэтгэл татам гэж боддоггүй ээ… далдирмаар хурц, хүйтэн л санагддаг. Гэхдээ цас яаж бүүдийсээр үхдэгийг бол мэднэ. Бууралтан цоохортож байгаадаа харин гэмшил тээх нь илүүц…цасны буруу ч биш дээ ямар. Тойруулалгүй шууд хэлье, хэн нэгэнд сээтэгнэж дурлалын оч асаачихаад “томоогүй жаалын зүггүйтэл байлаа” гээд алга болж болдог юм уу?!!Жил сарууд нүдэн дээр минь энэ мэтээр амь тавьж, жирийн бус илэрхийллүүд амь тэмцсэн сүнсэнд даруулж тэлчилсээр байхуйд хамгийн таалагдсан хэдэн мөртөө сийрүүлэх үү

Эргэж ирэхгүйгээр талийгсад шиг

Энд хүрээд долдугаар сар бас амь тавилаа.

Цөхөртлөө ууж, үзэн ядуулсан алхаан дунд минь

Чимээгүйхэн үхэж чадлаа.


Хүүхэд шиг гэнэн үйлдэл, хөнгөн бодол, эмзэг зүрхгүй сэн бол

Хүн буйгаасаа өөр хүн байсан бол

Эргэж харах төдийд алдаагаар дүүрэн

Ийм зугаатай амьдарч чадахгүй байлаа…

Гоё… Угаасаа л долоогийн тоо бусад тоонуудаасаа хүчтэй. Тэгээд ч долдугаар сар бол хамгийн их алдаа гаргадаг мөчлөг, миний лав… Алдаа болгон эргээд харахад зугаатай дурсамж үлдээдэгийг тэр ойлгочихож. Арай эрт бишүү. Гэхдээ түүний хувьд цаг хугацаа “но”-той. Цэл залуухан атлаа эгээ л миний амьдралаар хоёронтоо амьдарчихсан юм шиг хэтэрхий хэрсүү, харах өнцөг нь хорь гарч яваа залуугийнх гэхээсээ олон төрөлдөө гэгээрлийг бэдэрсээр, орчлонг гүн гүнзгий таньсан өвгөжөөр хүний сүнслэг оршихуйтай… Өөрт нь ч хэлсэн санагдана…“Амь тавих сарууд” дандаа ч бас дурлалын шүлгүүдээр дүүрэн биш юм. Аавыгаа үгүйлж, нөмрийг нь хайж жиндсэн мөртүүд, ээждээ эрхэлж, сэтгэлийг нь зовоохгүй гэхдээ зарим үгсээ залгисан ухаарлууд

Оройн цагаар хоймор эзлэн суугаад

Омголон цагийн явдлаа гайхуулж хуучилдаггүй ч

Талын хүйтэн шөнөөр малгайгаа хулгавчлалгүй

Тавин өвлийн жаврыг ажралгүй туулаад морджээ…

Аав хоймор өгсөөд суухаар гэр дүүрдэгийг, оройн тэрхэн чөлөө малч айлын хувьд гэр бүлийн цаг байдгийг, малгай хулгавчлана гэж яадгийг магад одоогийн хүүхдүүд ойлгохгүй болов уу…

Бээрсэн гараа ханцуйлж алхдаг ээждээ

Бээлий явуулж байсан удаагүйгээ санаж

Өөртөө гэмших олон олон бодлын ард

Өө энэ л оршихуйд талархах шалтгаан үлдсэн байна…

Надад ч бас талархах шалтгаан мундахгүй ээ.. Уйлж, ганцаардаж туулсан олон шөнүүдийн ард урамших, урагшлах ядаж ганц сэжүүр олддог л юм.

Итгэлийн дөл минь унтраагүй цагт

Энэ амьдралд гомдох шалтгаан алга байна

Санаж хайрлаж яваагаа ч

Санаж хайрлаж яваа түүндээ хэлэхгүй

Гэнэн араншиндаа хууртаж уйтгарт дөрлүүлэхгүй

Гэрээ л хаяахан санан гэгэлзэх сайхан байна…Яруу юм аа яруу юм, яах аргагүй. Идэрхэн залуугийн дотор ийм агуу ертөнц орших гэж…Ядахад нуруулаг, царайлгийг нь мэдэх болохоор дурлахаас өөр сонголтгүй. Зохиогчийг нь таньдаггүйсэн бол, улбар номын нүүрэнд туссан харцыг судалбар зургийн санаа гээд бодцон байвал амар байхсан.

Дахин цас орох болов уу гэсэн горьдлого шиг

Дассан сэтгэлд чинь гэнэтхэн би бодогдвол

Хамаагүй ээ зүгээр л над руу залгаад

Хачин намуухан дуу хоолойг сонсоорой.

Хайрлах гэж хичээсэн сэтгэл л

Хайргүй болгосон.

Учрал бүхэн өөрийн хагацалтай

Уйтгар чинь хөнгөрсөн л бол эргэж харахгүй, баяртай.

Шүлэг бүрийг хүлхэж болдог бол энэ шүлгүүдийг зүгээр л хатуу чихэр шиг тачигнуулаад идчихмээр, тэгээд юу ч болоогүйм шиг цааш одмоор. Тиймээ, юухан дээр ч догдолж, татагдаж, тамшаалж, мансуурч ханачихаад… юу ч болоогүй юм шиг цэг тавиад орхихын төлөө би лав амьд явдаг. Харин та?!!

BY | Хэн нэгэн

Сэтгэгдэл хэсэг