ПИКАССО

 

ЦЕЗАРЬ АЙРА 
/өгүүллэг/

Би гэдэг хүн музей үзэж явахдаа ганц лонх “Шидэт Сүү” авч уулаа. Тэгтэл дотроос нь нэг бирд гарч ирээд “Та Пикассотой болмоор байна уу, эсвэл Пикассо болмоор байна уу?” гэж асуух нь тэр. Чухам үүнээс л энэ жигтэй хэрэг үүдсэн юм. Уг нь тэр бирд асуугаад буй зүйлээ өөрөө хоёуланг нь биелүүлчихэж өлхөн чадах авч зөвхөн нэгийг нь сонгохыг надад тулгалаа. Харин би сонголт хийхийн тулд нухацтай бодох хэрэгтэй болов. Өнөөх бирд гуай л намайг тийм дарамтанд унагав бололтой. Шидтэнүүдийн элдэв саналд ялгалгүй шунаснаас баахан яаруу шийдвэр гаргачихаад горыг нь амсаж яваа сувдаг амьтдын тухай үлгэр домог, бичиг зохиол бишгүй шүү дээ. Гэхдээ гэнэтхэн нэг бирд гарч ирээд хүслийг нь асуудаг иймэрхүү явдал үлгэр домог юм уу шог ярианд л гардагаас бус бодитоор тохиолдож байсан гэх бэлхэн жишээ үгүй тул хэн ч ийм явдлын талаар нухацтай бодож үздэггүй биз ээ. Тэгээд ч үлгэр домогт хүнийг хуурч, санаа бодлыг нь төөрүүлсэн зүйлс их шүү дээ. Эс бөгөөс хүний сэтгэлийг хөгжөөх шидгүй болж, сэтгэл хөгжөөхгүй аваас анхнаасаа үлгэр домог ч гэж байхгүйсэн билээ. Гэлээ ч бид ийм явдлын талаар зэрвэс ч болохнээ төсөөлөөд амжсан л байдаг. Би л гэхэд өөрт минь ийм явдал тохиолдож байна хэмээн бүрнээ мөрөөдөж үзсэн билээ. Гэхдээ зөвхөн гурван хүслийг биелүүлдэг сонгодог загвараар нь шүү дээ. Харин сайх бирд гарч ирээд гурван хүсэл асуух бус хоёр сонголт тулгасан нь ёстой гэнэтийн зүйл болсон юм. Тэгээд ч сонголтуудын нэг нь ер бусын өвөрмөц санагдсан тул шийдвэрээ гаргахын тул сайтар цэгнэж бодох хэрэгтэй боллоо.

Тулгалт нь хэдий хачирхалтай ч зохисгүй санагдсангүй. Харин  ч эсрэгээрээ, их нийцтэй санагдаж байлаа. Тухайн үед би Пикассогийн музейгээс нэн их биширч бахадсан сэтгэлтэй гарч явсан болохоор юу ч нэмж хүртэх бодолгүй, ямар ч юмнаас сонгох хүсэлгүй, ер нь бол намайг илүү хүчтэй ховсдон татах юунд ч шунах сэдэлгүйгээр сэтгэл дүүрчихээд байсан юм. Гарахдаа музейн гадна ахиад жаахан азнаж цэцэрлэгт нь хэсэг байзнаснаа ойрхи кафе руу орж жуулчдын хаа сайгүй ууж яваа харагдах “Шидэт Сүү”-нээс ганцыг худалдаж авсан минь тэр. Намрын налгар сайхан (ёстой л сайхан) өдөр байлаа: Нарны зөөлхөн туяа, орчмын сэнгэнэсэн агаар үдэш болтол хадгалагдав. Би цүнхнээсээ дэвтэр, үзгээ авч бичих гэсэн ч санаанд юм торсонгүй.

Чингээд бодол санаагаа цэгцлэх гэж жаахан оролдлоо. Тэгэхдээ “Пикассотой болох уу, эсвэл Пикассо болох уу?” гэсэн өнөөх бирдийн асуултыг өөртөө аяархан давтсаар байв. Пикассотой болохыг хэн эс хүсэх билээ? Үүн шиг том бэлгийг үл тоомсорлох хүн бий гэж үү? Гэвч нөгөө талаар, хэн Пикассо байхыг хүсэхгүй билээ? Орчин цагийн түүхэнд үүн шиг атаархал төрүүлэм цадиг бий билүү? Дэлхий дахиныг захирсан их эрх мэдэл ч түүний сүр хүчтэй ханьцашгүй билээ. Учир нь ийм эрх мэдэл улс төрийн байдал өөрчлөгдөх юмуу дайн дажин гарахад л арчигдчих магадтай бол энэ дэлхийн ямар ч хаан, ямар ч ерөнхийлөгчдийнхөөс хэтийдсэн Пикассогийн эрх сүр цагийн байдлыг ч үл ажран мөнхөд оршсоор байх бүлгээ. Миний оронд байсан хэн ч эхний сонголтоо өөртөө агуулсан хоёр дахь хувилбарыг л сонгох нь гарцаагүй. Учир нь жинхэнэ Пикассо бол өөрийнхөө хүссэн бүх Пикассог зурж чадна. Тэгээд ч тэр маш олон зургаа өөрөө эзэмшдэг байсан төдийгүй амьдралынхаа сүүл үед залуудаа зарж орхисон зургуудаа эргүүлэн худалдан авч байсан гэдэг. Түүний цуглуулгад өөрийнх нь хамгийн сор бүтээлүүдээс ч багтаж байжээ. Эдүгээ миний зочлон буй эл музей зураачийн хувийн цуглуулгыг дэлгэн тавьсан байлаа.

Пикассод хувирах сонголт нь нөгөө сонголтоо өөртөө агуулсанаараа л давуу талтай гэвэл худал. “Пикассо байх нь” бүтээн туурвихуйн цэнгэл жаргалын тэр олон хэлбэрийг амсах, хэний ч төсөөлөлд үл буух хязгааргүй орон зайд хүрээгээ тэлэх боломжуудыг агуулж буйгаараа “Пикассотай байх”-аас хамаагүй илүү л дээ.  Жинхэнэ Пикассогоос үүдсэн Пикассо байх нь амьдрал дээр түүний ямар хүн байснаас үл хамаарч ид шид, илбэ жатгын хүчийг эзэмшсэн Суперпикассо болно гэсэн үг. Пикассо болоод хувирчихсан би өөрийнхөө хичнээн агууг мэдэж байж таарна. Бас тийм суу билигт хүрэх амар бишийг ч мэдэрч таамаглаж байх нь гарцаагүй. Өөртөө эргэлзэх, хийж буй зүйлээсээ айж цочирдох хангалттай үндэслэлүүд ч гарч ирнэ. Тэс өөр нэгэн болохын тулд тухайн хүн өөрөөрөө байх боломжоо алдана гэсэн үг. Ийм зүйлийг дуртайяа хүлээн авах хүн үгүй шүү дээ. Өөрийгөө би амьдралтай нүүр тулахад Пикассогоос илүү бэлтгэгдсэн, эрч хүч, эрүүл мэндээрээ ч түүнээс давуу, олны дундах байр сууриараа ч түүнийг гүйцэх чухал хүн гэж тоож буй юм биш ээ. Пикассо ааш зангаараа тийм ч тогтвортой хүн байгаагүй гэдэг. Энэ тухай нь би түүний намтаруудаас зөндөө уншсан. Гэвч над шиг тогтворгүй ааштай байсан нь  юу л бол. Түүний дүрд хувирснаараа би өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг арай дээрдүүлж чадах байх. Амьдралынхаа туршид тэвчээр заан хичээсний ачаар би гэдэг хүн сэтгэц мэдрэл, айдас хүйдэс, уур бухимдалаа бас ч гэж түвшитгэж өөр олон дутагдлаа засч залруулж чадсан юм. Үгүйдээ л өөрт төрж буй мэдрэмжүүдээ тодорхой түвшинд хянаад байхтайгаа болсон гэсэн үг. Гэвч миний энэ хагас дутуу эдгэрэл Пикассогийн хувийн асуудлуудтай тулаад ирэхээрээ тайван байдлаа хадгалж чадна гэх ямар ч баталгаагүй шүү дээ. Пикассод хувирхуйн тухай миний эргэцүүллүүд нэг иймэрхүү байлаа. Үгээр илэрхийлэх аргагүй, ар араасаа төрсөн битүү зөн совингууд юм даа.

Хүн гэдэг бишрэн шүтэж үлгэрлэн дуурайдаг хүнтэйгээ өөрийгөө адилтгах дуртай байдаг. Тэр нь заавал Малагагийн мастер байх албагүй. Адилтгал гэдэг чинь хэзээ ч ерөнхийлж болдоггүй зүйлсийн нэг шүү дээ. Зарчмын хувьд ч энэ юм уу тэр зүйлтэй л адилсах боломж байхаас ерөнхий адилсал гэж ерөөс үгүй. Адилтгагдах зүйл нь миний энэ тохиолдол шиг Пикассо байлаа гэхэд давхцаад өөр хэн нэгэн байх ямар ч боломжгүй юм. Үүнийг бас урвуугаар нь ойлгож болно. Өөрийгөө “Пикассотой адилтгах” бус “Пикассочлон адилтгана” гэвэл хэдий болхи ч өгүүлж буй санааг минь илэрхийлж буй байх.

Урт бичвэрт дуртай хүн цөөн дөө; Пикассотой уулзаж байсан хүн бүр л тэр тухайгаа гэрчлэх ямар нэг зүйл юм уу хошин дурсамж, үгүй дээ л ганц таталбар зураг зураад үлдээсэн байдаг. Жишээ нь,  би түүнийг аж үйлийн бага сага асуудалтай байсан гэж уншиж байсан. Урлангийнх нь шалан дээр цаасны тасархай хэвтэж байхыг харвал тэр нилээд төвөгшөөж уцаарладаг ч аваад хаячихгүй, хэдэн сараар ч хамаагүй тэнд нь хэвтүүлдэг байна. Яг ийм зүйл надад ч бас тохиолддог. Энэ бол ялихгүй атлаа ойлгомжгүй цээр; хүссэнээ хийхээс минь ямагт намайг хойш нь татаж, тодорхойгүй удаан хугацаагаар үргэлжилдэг ад хүслийн саажилт юм. Гэвч Пикассо аж үйлийн энэ саатлаа уран бүтээлийн шавхагдашгүй эрч хүчээрээ хэтрүүлээд нөхчихдөг байлаа. Нэг зургаас нөгөөд шилжих тасралтгүй эрч хүч нь тэр цаасыг аяндаа шалнаас өөрөө өндийн арилж одохоос өөр аргагүй болгодог байх. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй ч тэрбээр уран бүтээлийнхээ олон үеүүдийн дунд нэгээхэн ч завсарлага авч байгаагүй нь гарцаагүй үнэн билээ. Зураач хүн байсан тулдаа л Пикассо чухамдаа Пикассо байсан юм. Тиймээс ч би Пикассо болчихвол өөрийнхөө таашаадаг бүх Пикассог зурж авчихаад тэднийгээ зарж хүссэнээрээ баяжина. Тэгтэл өөрийн хүслээс тэс хөндлөн амьдралын урхинд орчихсон мэт санагдаад эхлэвэл ахиад л Пикассо байхаа больчихно биз. Баячууд л болсон хойно юу хүссэнээ хийж болдог шүү дээ. Ийм учраас л би “Пикассо байх” нь “Пикассотой байх” гэдэг сонголтыг өөртөө агуулна гэж хэлсэн юм шүү дээ.

Пикассо нэгэнтээ “Би баян болохыг хүсч байна. Тэгж байж л би ядуус шиг амар амгалан амьдарч чадна шүү дээ,” гэж хэлсэн байдаг. Ядуус л ямар ч зовлонгүй амьдардаг гэх ташаа ойлголтыг нь сөргөвөл түүний энэ үг тун хачин санагдана. Ингэж хэлэх үедээ Пикассо хэдийнэ баяжихсан, бүр хэтийдсэн баян ч гэж болохоор хүн байсан юм шүү дээ. Нас барсанаас нь гучин жилийн дараах өдгөөгийнх шиг бүтээлүүдийнх нь үнэ улам бүр өссөн үед амьд байсан бол түүнээсээ ч илүү баян байх нь гарцаагүй. Зураачид үхэж байж л ахин бүтээл туурвихаа зогсож, нэгэнт гаргасан зургууд нь жинхэнэ үнэ цэнэд хүрдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр “Пикассо байх”, “Пикассотой байх” хоёрын хооронд үхэл амьдрал хоёрын дундах шиг эдийн засгийн том ангал оршиж буй биз? Хоосон суу билгийг нь түр хойш тавьбал, зүгээр л амар амгалан амьдрахуй хэмээгч нь мөнөөхөн бирдийн миний өмнө тулгасан нөхцөл болж таарах нь. Миний хамгийн эрхэм хүсэл бол үнэндээ ямар ч асуудалгүй, амар тайван амьдрах гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг нэгний гүний гүнээс илгээсэн сануулга гэдэг л тэр байх даа.

Пикассогийн эдүгээх үнэ ханш, миний даруухан хүсэл хоёр нийцэхүл санааны хэдэн романаа бичихийн сацуу аяар сууж ном зохиол уншсан шиг амьдархад шаардагдах хэмжээнд  баяжихад ердөө ганцхан зураг л хангалттай байлаа. Ингээд би шийдвэрээ гаргачихав. Пикассотой болдог хэрэг ээ.

Намайг ийн бодов уу үгүй юу, урдах ширээн дээр минь Пикассогийн нэгэн зураг гараад ирлээ. Хэн ч энэ явдлыг анзаарч харсангүй. Яг тэр үед хажуугийн ширээний хүмүүс явахаар суудлаасаа өндийжгөөж байсан юм. Кафе дахь бусад хүн бүгд над руу нуруугаа харуулчихсан сууцгааж байлаа. Зөөгч бүсгүйчүүл ч бас буруу хараад зогсоцгоож байв. Би вээр гүн амьсгал аваад “Энэ зураг одоо минийх,” гэж зүрхлэн бодлоо.

Гучаад онд зурагдсан, тосон будгийн, үнэхээр сайхан зураг байлаа. Би зургаа удаан гэгч нь ажиглан суув. Анх харахад хайш яайш татласан зураасууд, хамаа намаагүй боловч зохицлыг нь олж тавьсан өнгүүдээс тэр гэх тэмдэггүй элдэв дүрснүүдийн зодолдоон үүсгэсэн мэт харагдаж байв. Удсан ч үгүй би мөнхүү зургийн үзэгч рүүгээ үсчин гарч ирээд буцан хаа нэгтээ нуугдаж хэсэг азнаснаа бас өөр нэг газраас сэрдийн гарч ирчихээд анзаарч харав уу үгүй юу, ахиад л нэг өнгөнд уусан алдрах үзэсгэлэнт, тэгш бус хэмд нь үнэхээр татагдлаа. Будгийн нялалт, бийрийн ажиллагаа /тосон будгийн үл давхарлах аргаар зурсан зураг байлаа/ нь гагцхүү урлагт бүхий л зүрх сэтгэлээ зориулсан хүний л чадах гарамгай гүйцэтгэл байлаа.

Гэвч зургийн ур хийц дотоод өгүүлэмжийнх нь өнгөц хэсэг төдийхөн байжээ. Удаан ажиглах тусам тэр зургийн утга санаа ханз үсгийн дүрс тайлал шиг өмнө минь бага багаар тодрон хөвөрсөөр байлаа. Анх харахад зүгээр л нэг цэцэг, дэлбээнүүдийг нь кубист хавтгайнуудаар дүрсэлсэн улаан сарнай төдий зүйл санагдсан юм. Баруун тал руугаа өнцөглөн мушгирсан урт навчийг нь эс тооцвол Сэргэн мандлын үеийн хэв маягаар зурагдсан цагаахан мэлрэг цэцэг яг л толины тусгал мэт өөдөөс нь тосон зурагджээ. Пикассогийн үндсэн хэв маяг болох хүрээ ирмэгтэйгээ мөргөлдсөн олон дүрснүүдийн зай завсраар өдтэй малгай, шуумаг өмд, бариу хантааз өмсөж хуяг дуулга агссан жижигхэн эмгэн хумс-эрс, ямаан эрс дүрслэгджээ. Тэдэн дунд алиалагчдын өмсдөг олон эвэрт, хонхтой малгай өмссөн нэг эр байх бол одой хүн шиг намхан нуруутай, өтгөн сахалтай нүцгэн хүмүүс ч бас харагдана. Ордны аяг маягийг харуулсан энэхүү дүрслэлийг титмээс нь харвал хатан хаан бололтой ч эд эрхтэн бүр нь эвдэрхий тоглоом шиг санжиж энд тэндээ гарсан, харгис хүйтэн царайтай нэгэн эмэгтэйн дүрээр нэгтгэн зангиджээ. Эмэгтэй хүний бие цогцсыг тэгж эрэмдэглэж тоглодог нь Пикассогийн бас нэгэн таних тэмдэг болсон хойно, яая гэхэв. Энэ удаад ч мань эр тэр хачин хэв маягаа шигтгэж өгөхөөс буцсангүй. Эмэгтэйн гар хөл биеийнх нь энд тэндээс ямар ч учир замбараагүй сэрдийн хамар, хүйс хоёр нь нуруун дээр нь цувран байрлаж их бие нь даашинзныхаа алаг эрээн даавуун дунд зүгээр л шигтгэгдэж орхисон байх бөгөөд өндөр өсгийт аварга том шаахайнд зоогдсон хоёр хөлийнх нь нэг тэнгэр өөд гозойсон харагдана.

Гэнэтхэн би тэр зургийн утга учрыг бүрэн ойлгох шиг болов. Миний өмнө Испанийн нэгэн ёгт үлгэрийн.., ёгт үлгэр гэхээсээ илүү нилээд цэвэр, хольцгүй шинжээ хадгалан ирсэн шог ярианы тайлбар зураг байж байлаа. Пикассогийн хүүхэд насандаа сонссон зүйлсээс улбаатай нь гарцаагүй. Тэр нь өөрийнхөө тахир дутууг ер анзаарч мэддэггүй, албат шадрууд нь ч биеийнх нь согогийг хэлж зүрхэлдэггүй нэгэн хазгар хатны тухай шог юм л даа. Аргаа барсан Дотоод Хэргийн Сайд нь хатанд тэр тухай нь тун эвтэйхнээр хэлэх арга боловсруулна. Чингээд тэр улс орныхоо шилдэг цэцэрлэгчдийн дунд уралдаан зарлаж хамгийн сор болсон цэцгийг шалгаруулхаар болжээ. Шүүгчид уралдаанд ирсэн цэцгүүдээс шилж сонгосоор эцэст нь нэг сарнай, нэг мэлрэг цэцэг үлдээж гэнэ.  Чухам аль цэцэг нь тэргүүнээр шалгарах эцсийн шийдвэрийг хатантан гаргах ёстой байлаа. Чингээд мөнөөх сайд нэн сүртэй баяр найр үүтгээд хаан сэнтийний өмнө хоёр цэцгээ аваачин хатантандаа хандан цээл сайхан хоолойгоор “Эрхэм дээдэс ээ, сонсогтун!” гэх гэснээ “Эрхэм дээдэс, согогтон!” гээд хэлчихжээ. Элдэв дүрснүүдийн зай завсраар сүлжилдсэн ордны албат шадруудын олон өнгийн дүр төрх, долоовор хуруугаа гозойлгон зогсоо /бусдаасаа хамгийн урт хуруу нь болохоор ч тэр үү,/ давжаа биет сайд, тэдний дээр ямар ч цаасыг талтай нь тэнцтэл эвххэд хамгийн ихдээ есөн удаа нугаларна гэсэн санааг няцаахын тулд бараг зуунтаа эвхэж нугалсан хөзрийн дэлгэмэлтэй адил харагдах мөнхүү хатны хөндлөн огтлолт бие сэлт нь уран зургийн хэлнээ тийнхүү биежин хөрвүүлэгджээ.

Ёгт үлгэрийн далд битүү чанар нь Пикассод олон давхар утга санаа бүхий зураг зурах сэдэл төрүүлсэн биз ээ. Юун түрүүнд гол дүр маань тахир дутуу атлаа түүнийгээ мэддэггүй нэгэн баримт бидэнд байна.  Энэ нь хүн өөрийнхөө тухай өч төчнөөн зүйлийг мэдэхгүй байх боломжтойг сануулж буй юм. Жишээ нь хэн нэгэн сод хүн байлаа гэхэд түүний суу билиг тахир дутуу төрөх гэх мэт биеийн  чадамжийн тодорхой хязгаарлалтыг даван туулаад өөрийгөө тунхаглаж чадах эсэхийг хэлэх даанч хэцүү. Дээрх үлгэрт бол гол дүр маань улсын хатан хааны байр суурин дээр буйгаараа л онгой, цорын ганц болж буй юм. Энэ тохиолдолд түүнийг бие эрхтний гэх мэт эгэл жирийн хэмжигдэхүүнээр шүүх ямар ч боломжгүй.

Пикассо гэж хүн цор ганцтай адил хатантан ч бас цорын ганц гэсэн үг юм уу даа. Түүний эл зурганд, зургийг зурах сэдэлд нь ч зураачийн туулж өнгөрүүлсэн амьдрал ямар нэг хэмжээгээр шингэсэн нь мэдээж. Мань эр энэ зургаа эцэг эхээсээ юм уу, ангийнхнаасаа сонссон шог ярианаасаа санаа авч зурсан байх. Тиймгүйсэн бол ёж утга, егөө нь төрөлх хэлээрээ л мэдрэгдэх ийм үлгэрийг өөр хаанаас олж сонсох билээ. Эл зураг Пикассог Парист очоод гучин жил болчихсон, тэдний хэл, соёлд бүрмөсөн дасан зохицчихсон хойно зурагджээ. Бүтээлийнхээ түлхүүр санааг хангахын тулд зураач маань Испани хэл рүүгээ эргэн өнгийхөөс аргагүй болсон нэн сонирхолтой үйл явдал юм даа. Испанийн Иргэний дайн түүний доторхи эх оронч сэтгэлийн бяцхаан судлыг тасар татаж орхисон ч байж мэднэ. Гэвч эл зураг Пикассогийн хэдэн хэсэг болон тарж унасан эх орноо гэх нууцхан эмзэглэлийнх нь илрэл билээ. Уран бүтээлээрээ дамжин эрх чөлөө, сүр хүчинд хүрсэн хойноо эх орондоо эргүүлэн төлөхийг хүссэн хүүхэд насны сэтгэлийн өрөөс нь эл бүтээл төрсөн гэх урьдын таамгаа няцаах хэрэггүй биз. Тэгээд ч гучаад оны үед Пикассо тэгш бус хэмт эмэгтэйчүүдийг дүрслэх ур чадлаараа бусдаасаа хэтийдсэн зураач болчихсон байлаа шүү дээ: Хэдийгээр энд хатан хааны эн зэргийн тухай ярьж буй ч ганц зураг тайлж унших гэж хэлний тойруугаар тэнэж өгч буй нь бас л нэг гажуудлын тод жишээ юм даа.

Зургийн ер бусын мөн чанарыг ердөө л тоон утгад хөрвүүлчихвэл эхний хоёроосоо тэс өөр, гурав дахь тайлбар ч гарч ирж болохоор байлаа. Тэр зураг Душамп, Руссель хоёрт амиа тавьдаг, Испани хэлт, Аргентин зохиолч миний урд огт хөндөгдөөгүй анхны байдлаараа биежин гарч ирээгүй бол тийм зураг байдаг гэдгийг, ямар утга санаа, ямар нууц агуулсан бүтээл болохыг нь хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа.

Ямар ч тохиолдолд тэр бол ер бусын бүтээл гэдэг нь илэрхий байлаа. Бусдаас онцгой байдлыг гол дүрмээ болгосон хэн нэг зураачийн бүтээлүүд дунд тавьсан ч гойд шинжээ алдана гэж саналтгүй. Тиймээс үнийг нь дутуу дундуур тогтоолгочих вий гэж санаа зовох нь илүүц биз. Тийнхүү хэрхэн баяжих тухай зуршил шахуу болсон төсөөлөлдөө тааламжтайяа умбахаасаа өмнө би өнөөх зургаа ахиад сайтар ажлаа. Тэгээд инээмсэглэв. Салгаж сарвайлгасан үе мөчүүдийг нь байр байранд нь тавиад баахан засч орхивол таарсан  тэр бяцхан хатантны жигнэмэг шиг дугуй царай, шоколадны алтан цаасаар хийсэн юм шиг титэм, хүүхэлдэйнх шиг гар нь үнэхээр хайр хүргэм аж. Тэрээр ёстой л төвгүй орон зайн төв ажээ. Уран зургийн шидээр л амилах гайхамшигтай үзэсгэлэнт танхим ч, тойрч бүчсэн албатууд нь ч хатныхаа сонголтыг л хүлээнэ; цэцэгсийн байдал цаг хугацааг санагалзуулавч хатантны хувьд бол тэр нь цааш цохилон одох цаг хугацаа бус.., харин ч цахилан орж ирэх ухамсарын тодорхой агшин, насан туршийн төөрөгдлийн дараах эцсийн ухаарал болж байв.

Энэ егөөдлийн арай хүндхэн хувилбар ч бас төсөөлөгдөж байна: Хатантан өөрийнхөө тахир дутууг хэдийнээс мэднэ. Тийм зүйлийг анзаарахгүй хэн байх билээ? Гэхдээ албат зарц нарынх нь аялаг эерүү зан хатан хааны хамгийн ихээр халширдаг сэдвийг аль болох хөндөхгүй байхад туслажээ. Нэг өдөр сайд нар нь нэгнээрээ энэ тухай хатан хааныхаа нүүрэн дээр хэлүүлбэл таарна гэж зөвлөлджээ. Тэр нь ч илүү бодьтой байсан биз. Гэхдээ энэ бол зурагт өгүүлснээс тэс өөр түүх шүү. Хатан хааныгаа бусдын инээд маазрааны бай болгохыг хэн нь ч хүсээгүй болоод тэр.  Тэдний хэн нь ч хатнаа шоолохгүй. Албат зарц нар нь бүгдээрээ хатандаа хайртай, тэр сэтгэлээ ч мэдрүүлэхийг хүсч байв. “Сонгогтун” гэсэн халхавчтай зурвасын дорх “согогтон” гэх үг хатанд зориулагдахдаа мөнхүү үгийг сонссон даруйдаа хатан нь алхаж гишгэхэд нь газар яагаад онхолзож донхолзоод байдгийг,  яагаад даашинзных нь хормой дандаа ташуу загвартай байдгийг, шатаар буухад нь ордны ихэс дээдсүүд яагаад түүнийг дэмнэхээр яаран гараа сунгадгийг ойлгох ёстой байжээ. Тэд цэцэгсийн хэлэнд.., хайр элбэрлийг дамжуулах мөнхийн хэрэгсэл болсон цэцгэст итгэжээ. Харин хатантан гэнэтхэн гарч ирсэн бирдийн тулгасан хоёр сонголтын аль нэгийг нь сонгох ёстой болсон яг над шиг л хаант улсынхаа хамгийн сайхан цэцгийг олж сонгох хэрэгтэй болжээ.

Гэнэтийн энэ бодол маань миний нүүрэн дээрх инээмсэглэлийг ор мөргүй арччихлаа. Хичнээн эргэцүүлээд ч учрыг нь олж чадахгүй байсан зүйлээ яагаад одоо л би ухаарч буй юм бол оо? Магадгүй гагц одоо л ухаарч буй нь энэ бүхний учиг ч байж мэднэ. Яг л хар дарсан зүүдний явдал шиг шийдэлгүй нэгэн бэрх сүүмэлзэн биежсээр намайг түгшүүртэйгээр бүрхэн авлаа. Би музейгээс гарч амжаагүй л байв. Гэвч эрт ч бай орой ч бай эндээс гарах минь мэдээж. Баян чинээлэг эрийн амьдрал минь зөвхөн гадаа гарч байж л эхэлнэ. Пикассогийн музейгаас Пикассо сугавчлаад гарахгүй байж яахин болох билээ?

Орчуулсан: Батсуурийн Баясгалан

Сэтгэгдэл хэсэг