ӨРӨӨНИЙХӨӨ АГААРТ ҮГ БҮРИЙГ НЬ ЦАЦАН БАЙЖ ӨӨРТӨӨ УНШИНА (БИЛЛИ КОЛЛИНС)

Америкийн алдарт яруу найрагч Билли Коллинсийн шүлгүүдийг монголчлон уншигчиддаа хүргэж байна.


ЯПОН

Амтат, бяцхан усан үзмийг

Ахин дахин идэх шиг

Дуртай хайкуныхаа хэдхэн үгийг

Давтаж хэлсээр би өнөөдрийг барав.

Өрөөнүүдийнхээ агаарт

Үг бүрийг нь цацан байж

Гэртээ холхин уншив,

Өөртөө уншив.

Төгөлдөр хуурын дэргэдэх нам гүмийн дунд,

Тэнгисийн зургийн өмнө уншив.

Хоосон тавиур дээр

Хэмнэл бүрийг нь товшин байж уншив.

Сонсохгүйгээр уншив,

Уншихгүйгээр сонсов.

Өөдөөс ширтэх нохойныхоо өмнө

Өвдөглөж суугаад

Урт цагаан чихэнд нь шивнэв.

Сүмийн хонх хийгээд

Дээр нь унтах эрвээхийн тухай

Энэ шүлгийг унших бүрийд

Төмөр хонх тэсэхүйеэ бэрх цангинана.

 

Цонхны дэргэд уншихад

Энэ хорвоо хонх болж,

Эрвээхий нь би өөрөө болно.

 

Толины хажууханд уншихад

Хүнд хонх нь би болж,

Хэврэг далавчит амьдрал

Эрвээхий болно.

 

Үдэш нь харанхуйд чамдаа уншихад

Чи минь хонх болж,

Чиний доторх хонхны хэл би болно.

 

Өнөөх эрвээхий шүлгийн мөрөөс нисэж

Бидний орны дээр хаалганы нугас шиг бүжнэ.


 ЯРУУ НАЙРГИЙН УДИРТГАЛ

Шүлгийг өнгөт дуран шиг

Гэрэл өөд хандуул,

Эсвэл үүрэнд нь чихээ наа гэж

Хүмүүсээс хүсдэг, би.

 

Шүлэг рүү хулгана тавиад

Сүлжин сүлжсээр замаа олохыг нь хар гэж,

Урт хонгил, саруул өрөөгөөр нь холхингоо

Унтраалга эрж ханыг нь тэмтэр гэж захидаг.

 

Шүлгэн далайн

Мандал дээгүүр гулсаж,

Эрэг дээрх зохиогчийн нэр лүү

Элгэмсүүхэн далла гэж гуйдаг.

 

Харамсалтай нь тэдний ганц хүсэх нь

Шүлгийг сандалтай хүлээд эрүүдэх,

Утгыг нь олох гэж

Урт хоолойгоор ороолгох.


 Сүн гүрний үеийн Хятадын яруу найргийн эмхэтгэлийг уншаад гарчгуудынх нь ил тод хийгээд уртыг биширч зогтуссан минь

Элбэг ханцуйдаа юу ч нуудаггүй

энэ найрагчид

дэндүү эрт бүх хөзрөө

дэлгэчихэв.


Эхний мөрөөс өмнө шүлгийнхээ

нойтон, хуурай алин болохыг

шөнө, өдрийн хэдийд гэдгийг

найргийн баатрын буй улирал хийгээд

шимэх дарсных нь их, багыг хүртэл хэлчихэв.

 

Намар цаг бол тэр нь болжмор ширтэж зогсоог,

уярам сайхан нэртэй сууринд нь

цас бударч байгааг ч шивнэчихэв

 

“Сүмийн гадаа цээнэ цэцэг ажигласан минь” гэх

Сүн Түн Богийн шүлэг, түүний

“Голын усанд сэлэхүй хийгээд цай буцлахуй” эсвэл

“Нойр хулжсан шөнө, завин дээр”,

мөн Лү Юүгийн

“Зуны үдэш усны шувуу ганганахыг завинаасаа сонсоход гунигтай дуу нь ижил минь харгис гэх шиг дуулдсанаас энэ шүлгийг бичив” гэх шүлэг

будаатай жигнэмэг шиг.

 

“Эвэртэй гуниг”, “Чавхдасын долгион”...

ийм этгээд нэртэй шүлэгт төмөр хүрдэн хаалга ч,

эргэлзээ төрүүлэм эрээн дэвсгэр ч үгүй.

 

“Зуны өглөө шуугих хүрхрээ, шувуудын жиргээнээр сэрж зугаалсан минь”...

энэ шүлэг мөрийг минь шүргэх сувсан хөшиг шиг.

 

Харин “Арав хоног орсон хаврын бороо гадагш гаргасангүй намайг” гэдэг шүлэг

жүнзтэй дарс өмнөө тавиад

жихүүн салхи, үүлсийн тухай,

хагацаж салсан анд, хууч өвчний тухай

юу ч юм бувтнах

живэр сахалтай найрагчийн өрөөнд намайг хүргэх

шивэгчин шиг.

 

Намайг тэр, өрөөний буланд

өөр шиг нь завилан суугаад

найраг чагнахад минь хэчнээн тухтай болгов оо.


 ЭМИЛИ ДИКИНСОНЫГ ТАЙЧИХУЙ

 Эхлээд түүний торон юүдэнг

мөрнөөс нь эвтэйхэн татаад

модон сандлын түшлэг дээр тохов.

 

Уяаг нь хөнгөхөн тайлж

бүчтэй малгайг нь дараа нь авав.

 

Ар нурууг нь дагасан олон бяцхан сувдан товчтой

адармаатай урт, цагаан даашинзыг нь

тайлах гэж дэндүү удав.

Ус руу шунгагч давалгаа цуулах шиг

уулзварыг нь нэг юм ярав.

 

Түүнийг дээд давхрын унтлагын өрөөний

онгорхой цонхны дэргэд

хөдөлгөөнгүй, нүдээ ялигүй дүрлийлгээд

жимст цэцэрлэг рүү харж зогссоныг,

өргөн зүймэл хатуу модон шалан дээр

даашинз нь хөлд нь унасныг

хэлэх хэрэгтэй биз.

 

Арванесдүгээр зууны

америк бүсгүйчүүдийн дотуур хувцасны түвэгтэйг

дурсахгүй байхын аргагүй.

Яг л хадан хавцал, хурц тонгорог, арцат уул,

ан ав, олс бүслүүр, халимны биеийг анхлан мэдрэх

туйлын судлаач шиг би

түүний нүцгэн биеийн мөсөн уул руу хөвөв.

 

Хожим тэмдэглэлийн дэвтэртээ би

“шөнийн гүнд хун унах шиг байсан” гэж бичив.

 

Харин жимст цэцэрлэг рүү ширтэж байгаад нүдээ яаж

анисныг нь,

хатгуургүй үс нь хэрхэн сул асгарсныг,

хааяа нэг үг хэлэхдээ яаж цочисхийснийг нь

бүгдийг хэлж чадахгүй нь ээ.

 

Байшингийн урдуур өнгөрөх сүйх тэрэг,

цонхны шилэн дотор дүнгэнэх ялааг эс тооцвол

мөргөлийн тэр өдрийн үд дунд

Амхерстэд эвгүйцмээр нам гүм байсныг л

өчих байна.

 

Тэгээд л бэлхэвчнийх нь хамгийн дээд дэгээг сугалахад 

гүн амьсгаа авахыг нь би сонссон хэрэг.

 

Тэр дараа нь яг л

итгэл найдвар далавчтайг,

утга учир нарийн банз шиг гэдгийг,

амьдрал гэдэг шар нүдээр ширтэх

цэнэгтэй буу шиг болохыг

ухаарсан уншигчид санаа алддаг шиг

шүүрс алдсан.


АТЛАНТЫН ДАЛАЙН ЭРЭГТ 

 Давалгаа шүргэн алхахаар 

Далайн эрэгт бужигнах олныг явахыг хүлээв. 

Удалгүй Испани орны тухай бодон 

Усны цалгиан, халим ажин алхав. 

 

Далайн ус намайг өргөнө, 

Давалгаалах энэ гадаргуу дээр нь би өнөө шөнө нойрсоно. 

Нэг үзэгдэж, нэг далдрах хөл минь 

Дор байгаа загасанд ямар харагдана?


Орчуулсан: Г.Лхагвадулам

Сэтгэгдэл хэсэг