МӨ. БАТБАЯР: БУЦАХ УУ?

 

***

Хэзээ ч билээ нэг ийм яриа ч юм уу судалгаа ч билүү дуулсан юм. Ахимаг настануудаас Социализмийн талаар сэтгэгдэл асуухад “хүн бүр ажилтай, орлоготой үнэхээр сайхан цаг байв шүү” гэцгээх юм гэнэ. Та тэгвэл буцаад социализмын үедээ амьдармаар байна уу гэхэд. “ Үгүй дээ, наад асуудлаа надаас хойшоо бол” гэсэн гэдэг ч бил үү дээ. Социализм бидний хувьд нэн саяхны дурсамж. Саяхны гэдэг нь эцэг эх маань социалист үзэл суртлаар хүмүүжиж,  өвөө, эмээ маань социализм байгуулахын төлөөнөө өдөр шөнөгүй зүтгэж нэгэн насны амьдрал нь хачин утопи үзэл санаанд итгэж дууссан бол. Өвөөгийн аав хэлмэгдэж буудуулсан 30000 монголын нэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд социализм гэдэг салаад удаагүй “амраг” шиг байн байн бодогдож, баруун чих хангинуулж байдаг зүйл. Ган бат найрамдлын гагнаас хаанаас тийм амар салах билээ дээ. Улаанбаатар хотод  УИД, энх тайвны гүүрээс эхлээд тэр үеийн бүтээн байгуулалт захаас аваад замаар нэг. Ингэхээр бид социализмын үеийн монголоос, их эзэн Чингис хааны үеийнх шиг  их хол төсөөрчихөөгүй байна л гэсэн үг. “Буцах уу” гэсэн санал асуулга явуулвал магадгүй социалист үеийн удирдагчид шигээ 99 хувийн санлаар биш ч олонхийн санал “буцъя” гэдэг дээр буух магадлалтай. Хэрэв танд ийм хэдүүлээ буцаад социализмийн замдаа орох тухай санал ирвэл та хэрхэн хүлээж авах вэ? Шашин шүтэх эрхгүй, хаанаа дурсах эрхгүй, хагартлаа баяжих, үгүйртлээ хоосрох эрхгүй дундад дулдуйдсан, мах сүүнд гэр бүлээрээ оочерлосон, масло талх, хаа нэг молоко, орос дэлгүүрийн үүд сахиж эргэлдсэн, хэрэг нь байхад тохох эзэн нь олддог нийтээрээ энэ л миний агуу социалист эх орон гэж итгэж явсан тэр эх орноос тань таныг дуудвал яах вэ? Танд ямар санагдах вэ? Яах вэ дээ,  социализмын үед монголчууд оо саван, орны цагаан даавуу хэрэглэж, оочер дараалалд зогсож, бөөснөөс салж бичиг үсэг тайлагдаж, паартай байшин, паалантай жорлонд амьдарч үзэж, үзвэр үйлчилгээ, бүжиг жүжиг, дуурь балеттай танилцаж, адгийн наад зах нь монгол эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирэхээр гэрийн цагаан бүрээснээсээ шуу татаж салтаандаа чихэж, гутлын эсгий улавчаа суга татаж аваад дэвсэхээ больсон нь үнэн. Монгол эхнэрүүд аяга таваг, тогоо шанагаа дээлийнхээ ханцуй хормойгоор арчихаа больсон нь үнэн. Тэгвэл таныг ийм их юм сургасан социалист монголдоо ирж амьдар гэвэл та яах вэ? Буцах уу?

 Эдгээрийг эс өгүүлэн өгүүлэх нь  өнөө цагийн өмнөд солонгосын нэрт зохиолч Ким Ионгха-гийн “Эх орон чинь дуудаж байна” роман ямар нэгэн сэжмээр дээр би танд тавьсан “Буцах уу” хэмээх асуулттай холбоотой юм.  



Тус романд Өмнөд Солонгост хорь гаран жил амьдарч буй хойд солонгосын “гатнуул” Киёний нэг өдрийн амьдрал үйл явдал гарна. Арван таван жил мартсан юм шиг таг чиг байснаа гэнэтхэн Киёнд буцаж ирэх даалгавар ирдэг. Буцаж ирнэ гэдэг Ким Эр Синий хөшөөгөөр дүүрсэн, холливүд кино үзэснийхээ төлөө цаазлуулдаг, хүчирлийлэл дарангуйлалын хорт хавдар болсон эх орон болох социалист Хойд Солонгос руугаа буцах даалгавар ирдэг. Даалгавар Мацу Башёгийн “Акашигийн шөнө” нэртэй хайкугаар ирнэ.

“Зуны шөнийн саран доор

Зэрвэсхэн зүүдлэх

Лонхтой наймалжууд”  энэ юу гэсэн үг вэ гэхээр загасчид наймалжийг бага орон зай сонгож нуугддагийг нь бодолцож, шөнийн цагаар  шавар лонхнуудыг далайд хаядаг агаад өглөө нь өнөөх лонхуудаа татаж гарган дотор нь орж нуугдсан наймалжийг гарагж авдаг. Наймаалж хамгийн сүүлчийн зүүдээ ийнхүү лонхон дотор зүүдлэдэ гэдэг. Энэ үнэндээ романыг цаашаа хөтлөн хөврөх учиртай хөвөрхий уяаны сэжүүр болсон хайку юм. Киён үнэндээ сүүлчийн зүүдээ лонхонд зүүдэлж байгаа наймаалж юм.  Ингээд түүнд хорин жил амьдарсан өмнөд солонгостоо сүүлчийн шөнийн зүүдээ зүүдлэх хорин дөрвөн цаг л үлдсэн байгааг мэднэ. Түүнийг улаанаар эргэсэн хаалттай улс эх орон нь дуудаж байлаа. Очих уу? эс очих уу? гэдэг энэ асуудал түүний хувьд бол орших уу? эс орших уу? гэсэнтэй дүйх асуулт гээд ойлгочих. Уран зохиол ухаалаг хариулт гэхээсээ ухаалаг асуулт л гэж би боддог. Энэхүү роман тэр ухаалаг асуултыг тавьж чадсан гэж надад санагдсан. Дүр бүр нь гол дүр мэт зохиол. Нарийхан  утас шиг нэгэн зүйл хоолойгоор давж дотор оруутаа дэлгэгдчих шиг зохиол. Дурангаар холтгож харагдуулдаг, ойртуулж харагдуулдаг хоёр талаар нь сэлгэн тоглож суух шиг тийм гайхалтай зохиол. Ойртуулж нааш татдаг талаар нь харвал алганы хээ, навчны судал, эрвээхийн далавчны ширхэглэг шинж харагдмаар, хол талаар нь харвал хойд, өмнөд хоёр солонгосын хорь гучин жилийн нийгмийн амьдрал харагдах тийм зохиол. Гайхалтай гэхээс юу гэхэв. Эх орон гэгч хичнээн хий хоосон ойлголт болохыг, улс орны хувь заяа гэгч хичнээн өрөвдөм зүйл байдгийг мэдрүүлж өглөө. 1980 он гэхэд  хоорондоо ялгагдах юмгүй шахуу байсан хойд, өмнөд хоёр солонгос 2000 он гарахад тэнгэр газар, тэмээ ямаа хоёр шиг болчихсон даажинтай гэмээр хувь заяа. Яг л ӨвөрМонголчуудтайгаа уулзах шиг тийм мэдрэмж амсав.  Орчуулагч Б.Дэлгэрмаад халуун баяр хүргэе. 

Мө.Батбаяр

Сэтгэгдэл хэсэг